Еховад ойртоход нь бид хүмүүст тусалдаг
«Надаар дамжихаас өөрөөр хэн ч Эцэгт минь хүрэхгүй» (ИОХАН 14:6).
1. Дахин амилсан Есүс өөрийн дагалдагчдад юу гэж тушаасан ба Еховагийн Гэрчүүд энэ тушаалыг ямар үр дүнтэйгээр биелүүлж байна вэ?
ЕСҮС ХРИСТ: «Иймээс яв, бүх үндэстнийг дагалдагч болго. Эцэг, Хүү болоод Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээ» гэж өөрийн дагалдачдад тушаасан (Матай 28:19). Еховагийн Гэрчүүд сүүлийн арван жил Бурхныг таньж мэдэхэд нь гурван сая гаруй хүнд тусалсан бөгөөд дараа нь тэдэнд, өөрсдийгөө Еховад зориулан, түүний хүсэл тааллыг биелүүлэх хүсэлтэй байгаагийнх нь тэмдэг болгон усаар баптисм хүртээсэн. Бурханд ойртоход нь тэдэнд туслахдаа бид хэчнээн баяртай байдаг гээч! (Иакоов 4:8).
2. Олон хүн баптисм хүртэж байгаа ч гэсэн юу тохиолдож байгаа вэ?
2 Гэвч, олон шинэ шавь баптисм хүртсэн олон оронд Хаанчлалын дэлгэрүүлэгчдийн тоо зохих ёсоор өсөхгүй байгаа нь ажиглагдаж байна. Жилд нэг хувийн үхэл байдгийг тооцох хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ сүүлийн хэдэн жил янз бүрийн шалтгаанаар хангалттай олон тооны хүн үнэнээс холдон оджээ. Яагаад? Энэ удаагийн болон дараагийн нийтлэлээр Еховад ойртоход нь хүмүүст юу нөлөөлдөг ба зарим хүн түүнээс яагаад холдон оддог тухай хэлэлцэх болно.
Бидний дэлгэрүүлэх ажлын зорилго
3. а) Есүсийн шавь нарт өгөгдсөн ямар даалгавар Илчлэлт 14:6-д бичсэн тэнгэрэлчийн даалгавартай адил байдаг вэ? б) Хүмүүсийг Хаанчлалын тухай мэдээнд ямар аргаар сонирхолтой болгож болдог ба анхаармаар юу байдаг вэ?
3 Энэхүү «төгсгөлийн цаг үе»-д Есүсийн шавь нар «Тэнгэрийн Хаанчлалын сайн мэдээний» талаарх «мэдлэгийг» тараах даалгавар авсан юм (Даниел 12:4, ШЕ; Матай 24:14). Тэдний даалгавар нь «газар дээр нутаглагсдад ба бүх удам угсаа, бүх үндэстэн, бүх хэл, бүх ард түмэнд дэлгэрүүлэх мөнх сайн мэдээ» бүхий тэнгэрэлчүүдийн даалгавартай адил байдаг (Илчлэлт 14:6). Өөрсдийгөө хайрлан халамжлахад хэт анхаардаг болсон энэ дэлхийд хүмүүсийг Бурхны Хаанчлалыг сонирхдог болгож, Еховад ойртоход нь туслах илүү сайн арга бол диваажин дэлхийд мөнх амьдрах найдварын талаар ярих явдал юм. Энэхүү найдвар нь хэдийгээр сэтгэл гижигдэм сайхан ч гэсэн хэрэв хүн зөвхөн Диваажинд л хүрэх зорилготойгоор Бурхны ард түмэнтэй харилцаа тогтоовол энэ нь мөнхийн амь уруу хөтлөгч нарийхан зам дээр бат бэх зогслоо гэсэн хэрэг биш ээ (Матай 7:13, 14).
4. Есүс болон огторгуйгаар нисэгч тэнгэрэлчийн хэлснээр бидний дэлгэрүүлэх ажил ямар зорилготой вэ?
4 «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнх амь мөн» гэж Есүс хэлсэн (Иохан 17:3). Огторгуйгаар нисэж яваа тэнгэрэлч «мөнхийн сайн мэдээг» дэлгэрүүлж, дэлхийд байгаа хүмүүст хандан: «Бурхнаас айгтун. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны эх үүсвэрийг Бүтээгчид мөргөцгөө» гэж хэлдэг (Илчлэлт 14:7). Үүнээс харахад сайн мэдээг дэлгэрүүлэх бидний үндсэн зорилго бол Христ Есүсээр дамжин Еховад ойртоход нь хүмүүст туслах явдал юм.
Еховагийн үйл хэрэгт бидний үүрэг
5. Бид өөрсдийнхөө ажлыг бус харин Еховагийн ажил хэргийг гүйцэтгэдэг гэдгийг Паулын болон Есүсийн ямар үг илэрхийлдэг вэ?
5 Элч Паул итгэл нэгт тослогдсон христосын шашинтнуудад илгээсэн захидалдаа «эвлэрэлийн үйлчлэлийн» тухай болон Бурхан хүмүүсийг өөртэйгээ Есүс Христийн золиосын үндсэн дээр эвлэрүүлдэг тухай бичсэн. Тэрбээр: «Бурхан биднээр дамжуулж ятгаж байна. Бид Христийн төлөө та нараас гуйя. Бурхантай эвлэрэгтүн» гэж бичжээ. Ямар сайхан сэтгэл тайвшруулам санаа вэ! Бид «Христийн төлөө» тосллогдсон «элчин сайд» ч юм уу эсвэл дэлхийн найдвартай төлөөлөгч ч бай энэ үйл хэрэг биднийх биш, харин Еховагийнх гэдгийг хэзээ ч мартаж болохгүй (2 Коринт 5:18–20). Үнэн хэрэгтээ Бурхан л хүмүүсийг Христ уруу татаж, тэр л тэднийг сургадаг. «Хэрэв Намайг илгээсэн Эцэг хэн нэгийг татахгүй бол хэн ч Над уруу ирж чадахгүй. Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. „Бүх хүн Бурхнаар сургагдах болно“ гэж зөнчдийн бичигт бичигджээ. Эцэгээс сонсож сурсан бүх хүн над уруу ирдэг» гэж Есүс хэлсэн (Иохан 6:44, 45).
6. Ехова үндэстнүүдийг урьдчилж хэрхэн цочирдуулсан ба түүний мөргөлийн «гэрт» хэн аюулгүй байж болох вэ?
6 Энэхүү сүүлчийн өдрүүдэд хүмүүсийг өөр уруугаа ойртоход Ехова хэрхэн тусалж, тэдэнд «итгэлийн үүдийг» хэрхэн нээж байна вэ? (Үйлс 14:27; 2 Тимот 3:1). Үүний тулд тэрбээр үндсэндээ авралын тухай болон ёс бус хүмүүст оногдох шүүлтийн тухай мэдээ дэлгэрүүлдэг өөрийн Гэрчүүдийг ашигладаг (Исаиа 43:12; 61:2). Дэлхий даяар дэлгэрүүлж байгаа энэхүү мэдээ нь бүх үндэстнийг цочирдуулан гайхуулж, энэ нь сөнөөн устгах шийтгэлийн талаар дохио болж байгаа юм. Үүний сацуу Бурхны нүдэнд «үнэтэй» хүмүүс энэ дэлхийнхнээс салан гардаг ба Бурхны үнэн мөргөлийн «гэрт» аюулгүй байдалд ордог. Тийнхүү, Ехова: «Би бүх үндэстнийг цочирдуулна. Тэгээд бүх үндэстнээс үнэтэй нь наашаа ирж, энэ гэрийг алдраар дүүргэнэ» гэж Хаггай номд бичүүлсэн зөгнөлийн үгсээ биелүүлж байна (Хаггай 2:6, 7, ШЕ; Илчлэлт 7:9, 15).
7. Ехова хүмүүсийн зүрх сэтгэлийг хэрхэн нээдэг ба өөр уруугаа болон Хүү уруугаа ойртоход нь тэдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
7 Ехова Гэрчүүдийнхээ «ярьсанд анхаарлыг нь хандуулахын тулд» «бүх үндэстнээс үнэтэй нь» болох бурхнаас эмээгч эдгээр хүмүүсийн зүрхийг нээсэн юм (Хаггай 2:7, ШЕ; Үйлс 16:14). Ехова өөрөөс нь тусламж гуйгч, үнэнч зүрх сэтгэлтэй хүмүүс уруу Гэрчүүдийг чиглүүлэхийн тулд нэгдүгээр зууны үед тэнгэрэлчүүдээ хааяа ашигладаг байсан (Үйлс 8:26–31). Ехова өөрийн Хүү, Есүс Христийн тусламжтайгаар юу хийснийг хүмүүс мэддэг бөгөөд түүний хайр тэднийг өөр уруу нь ойртуулах хүчин зүйл болдог (1 Иохан 4:9, 10). Тийм ээ, Бурхны «таалал» болон «мөнхийн хайр» хүмүүсийг Ехова болон түүний Хүү уруу татдаг (Иеремиа 31:3, ШЕ).
Ехова ямар хүнийг ойртох хүсэлтэй болгодог вэ?
8. Ехова ямар хүмүүсийг Өөр уруу нь ойртох хүсэлтэй болгодог вэ?
8 Ехова, Бурхныг эрж хайж байгаа хүмүүсийг өөр уруугаа болон Хүү уруугаа ойртох хүсэлтэй болгодог (Үйлс 17:27). Энэ нь ямар хүмүүс байх вэ гэвэл, христосын шашны ертөнц хийгээд ер нь дэлхий дахинд байдаг, «дунд нь болж буй жигшин зэвүүцэм үйл хэргийг хараад, гаслан санаа алддаг» хүмүүс юм (Езекиел 9:4, ШЕ). Тийм хүмүүс «сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг» (Матай 5:3, ШЕ). Тэд бол диваажин дэлхий дээр мөнх амьдрах үнэхээрийн «дэлхийн номхон хүмүүс» билээ (Зефаниа 2:3, ШЕ).
9. Хүний мөнх амийн «зөв хүсэлтэй» эсэхийг Ехова хэрхэн мэддэг ба тийм хүмүүсийг яаж Өөр уруугаа ойртох хүсэлтэй болгодог вэ?
9 Ехова хүний зүрх сэтгэлийг уншиж чаддаг. Хаан Давид: «Ехова бүх зүрх сэтгэлийг шинждэг бөгөөд бодол санаа бүрийг гярхай ажигладаг. Хэрэв чи түүнийг хайх аваас тэр чамд олдох болно» хэмээн хүү Соломондоо хэлжээ (Судрын дээд 28:9, ШЕ). Ехова хүний зүрх сэтгэлийг, өөрөөр хэлбэл мөс чанары нь шинжиж хараад, уг хүнд нүглийг өршөөхөөр олгосон Бурхны арга хэмжээг хүлээн зөвшөөрч, Бурхны зөв шинэ ертөнцөд мөнх амьдрах найдлага байна уу, үгүй юү гэдгийг мэддэг (2 Пэтр 3:13). Еховагийн Үгийг Гэрчүүд нь дэлгэрүүлж, заадаг бөгөөд Тэрбээр энэ Үгээрээ дамжуулан «мөнх амийн зөв хүсэлтэй» бүх хүмүүсийг Өөр уруугаа болон Хүү уруугаа ойртох хүсэлтэй болгодог. Дараа нь тэр хүмүүс итгэлтэй болдог (Үйлс 13:48, ШЕ).
10. Ехова зарим хүний Өөрт нь ойртох хүслийг төрүүлдэг, зарим хүнийхийг төрүүлдэггүй гэсэн юм байдаггүй гэж яагаад хэлж болох вэ?
10 Ехова зарим хүний Өөрт нь ойртох хүслийг төрүүлдэг, зарим хүнийхийг төрүүлдэггүй гэсэн юм байдаг болов уу? Тийм юм огт байхгүй! Бурханд ойртох уу үгүй гэдэг нь тухайн хүний өөрийнх нь хүслээс хамаардаг. Бурхан хүмүүсийн сонгох эрх чөлөөг хүндэтгэдэг. Ехова 3 000 жилийн өмнө израильчуудад олгосон шигээ өнөөдөр дэлхий дээр амьдарч буй хүмүүст ч мөн адил сонгох боломж олгодог. Мосе израильчуудад хандан: «Би өнөөдөр чамд амь болоод сайн сайхныг, үхэл болоод муу муухайг санал болгож байна. Би өнөөдөр гэрч болгон та нарын өмнө тэнгэр газрыг дуудаж байна. Би чамд амь хийгээд үхлийг, ивээл хийгээд хараалыг санал болгож байна. Чи болоод чиний үр хүүхэд амьдрахын учир, Ехова Бурхнаа хайрлан, дуу хоолойг нь сонсож, Түүнд ойртохын учир чи амийг сонго. Юу гэвэл, түүнд амь чинь хийгээд өдөр хоногийн чинь урт байдаг» гэж хэлжээ (Дэд хууль 30:15–20, ШЕ).
11. Израильчууд амийг яаж сонгох ёстой байсан бэ?
11 Израильчууд Ехова Бурхнаа хайрлаж, дуу хоолойгий нь сонсон, Түүнд ойртож амийг сонгох ёстой байсныг анхаарна уу. Энэ үгсийг хэлэх үед израильчууд Амласан газар нутагт хараахан ороогүй байлаа. Тэд Моабын хөндийд цугларч, Иордан голыг гаталж, Канаанд очихоор бэлдэж байлаа. Тэдний хувьд удахгүй хүлээн авах гэж байсан «сүү балаар урсдаг газар, сайхан уудам нутгийн» тухай бодох нь хэвийн зүйл байсан боловч тэдний хүсэл мөрөөдөл биелэх эсэх нь тэдний Еховаг хэрхэн хайрлах, Түүнд хэрхэн дуулгавартай байх болон Түүнд хэрхэн ойртон дотносохоос шалтгаалах байлаа (Египетээс гарсан нь 3:8). Үүнийг Мосе: «Хэрэв чи миний өнөөдөр чамд дамжуулж буй Ехова Бурхнаа хайрлан, Түүний бүх л замаар явж, Түүний сургаалыг, Түүний тогтоолыг, Түүний хуулиудыг биелүүлэх тухай Эзэн Бурхныхаа зарлигийг дагах аваас чи амьд байж, үржин олшрох бөгөөд чиний Бурхан Ехова эзэмшил болгон авах гэж байгаа газар дээр чинь чамайг ивээх болно» гэж хэлсэн үгээрээ тов тодрхой харуулсан (Дэд хууль 30:16, ШЕ).
12. Израильчуудын үлгэр жишээ нь дэлгэрүүлэх ажил болоод сургалтын тухайд юунд сургадаг вэ?
12 Энэ нь төгсгөлийн цаг үеийн дэлгэрүүлэх ажил болоод сургалтын тухайд бидэнд ямар нэгэн зүйлийг хэлэхгүй байна гэж үү? Бид ойртон ирж байгаа Диваажин дэлхийн талаар бодож, үйлчлэлдээ ч энэ тухай ярьдаг. Хэрэв бид нар болоод бэлтгэж буй шавь нар маань аминч үзлийн үүднээс Бурханд үйлчилдэг бол хэн маань ч амлалт хэрхэн биелэхийг үзэхгүй. Бид хийгээд бидний сургаж буй хүмүүс маань израильчуудын адилаар «Еховаг хайрлан, түүний дуу хоолойг сонсож, түүнд ойртон дотносож» сурах ёстой. Хэрэв бид үйлчлэх үедээ энэ тухай санадаг бол өөрсдийгөө хүмүүсийг Бурханд ойртоход нь тусалдаг Бурхны хамтран зүтгэгчид мөн гэж үзэж болно.
Бурхны хамтран зүтгэгчид
13, 14. а) 1 Коринт 3:5–9 дагуу бид яаж Бурхны хамтран зүтгэгчид болдог вэ? б) Аливаа өсөлт нь хэний ачаар болдог ба ямар учраас ийм байдаг вэ?
13 Бурхантай хамтран ажиллах гэдгийг Паул тариа тарихтай зүйрлэжээ. «Тэгвэл Апоол гэж хэн юм бэ? Паул гэж хэн юм бэ? Тэд бол Эзэнээс хүн бүрт өгсний дагуу үйлчлэгчид бөгөөд та нар тэр хүмүүсээс болж итгэсэн. Би тарьсан. Апоол усалсан. Харин Бурхан ургуулсан юм. Тиймээс таригч ч, услагч ч юу ч биш, харин Бурхан ургуулдаг аж. Таригч, услагч нь нэг юм. Тэд тус бүрдээ хөдөлмөрийнхөө дагуу шагналаа авах болно. Учир нь бид Бурхны хамтран зүтгэгчид бол, та нар Бурхны тариан талбай мөн» гэж Паул бичжээ (1 Коринт 3:5–9).
14 Бурхны хамтран зүтгэгчдийн хувьд бид «Хаанчлалын тухай үгийг» хүмүүсийн зүрх сэтгэлд үнэнчээр тариад, дараа нь тэдэнд бий болсон алив сонирхлыг сайтар бодож бэлтгэсэн давтан уулзалт болон библи судлалаар услах ёстой. Хэрэв хөрс буюу зүрх сэтгэл сайн бол Ехова библийн үнэний үрийг үр өгөөжтэй ургамал болгон ургуулах өөрийн оноолт ажлыг хийнэ (Матай 13:19, 23). Тэрбээр хүнийг Өөр уруугаа болон Хүү уруугаа ойртоход нь тусладаг. Тэгэхлээр, Хаанчлалыг дэлгэрүүлэгчдийн тоо нь эцсийн дүнд үнэний үрийг хүмүүсийн зүрх сэтгэлд ургуулж, хүмүүст Өөр уруугаа болон Хүү уруугаа ойртох хүсэл төрүүлдэг Еховагийн ажлын үр дүнд өсч байдаг юм.
Нурахааргүй баригдсан барилга
15. Итгэлээ бэхжүүлэхэд нь хүмүүст хэрхэн тусалж болохыг Паул ямар жишээгээр үзүүлсэн бэ?
15 Үнэнийг хүлээж авсан хүмүүсийн тоо өсөхөд бид баярлахдаа Еховагаа цаашид хайрлаасай, түүнд дуулгавартай байж, ойртон дотносоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг билээ. Хэн нэгний сонирхол буурч, үнэнийг орхих цагт бидэнд хэцүү байдаг. Ийм юм байлгахгүйн тулд бид ямар нэг зүйл хийж болох уу? Хүмүүст итгэлээ бэхжүүлэхэд нь хэрхэн тусалж болохыг Паул өөр нэгэн жишээндээ үзүүлсэн. Тэр: «Учир нь тавигдсанаас өөр суурийг хэн ч тавьж чадахгүй. Тэр бол Есүс Христ мөн. Хэрэв хэн нэгэн хүн энэ суурин дээр алт, мөнгө, эрдэнийн чулуу, мод, өвс болон сүрлээр баривал, ажил болгон нь илэрхий болно. Учир нь тэр өдөр нь үүнийг харуулах аж. Яагаад гэвэл энэ нь галаар илэрхий болгогдох бөгөөд гал нь хүн бүрийн ажил ямар байхыг шалгах болно» гэж бичжээ (1 Коринт 3:11–13).
16. а) Паул ямар зорилготойгоор жишээ хэлсэн бэ? б) Бидний барилгын ажил ямар тохиолдолд хангалтгүй муу, галд тэсвэргүй болж болох вэ?
16 Тариалангийн талбайн тухай Паулын жишээнд үрийг сайн дураараа суулгаж, тогтмол услахаас болон Бурхны ивээлээс өсөлт хамаарахыг харуулсан байдаг. Барьсан барилгад нь тохиолдох зүйлийн төлөө христосын шашинтан ямар үүрэг хүлээдгийг элчийн хэлсэн нэгэн жишээ үзүүлдэг. Тэрбээр зөв суурин дээр чанартай материалаар барьсан болов уу? «Хүн бүр дээр нь яаж барихаа анхаарагтун» гэж Паул урьдаас сануулжээ (1 Коринт 3:10). Бид Диваажинд мөнх амьдрах найдварын тухай хүнд ярьж, тэнд амьдрах сонирхлыг нь төрүүлэхдээ сургалтаа зөвхөн библийн үндсэн сургааль дээр төвлөрүүлж, мөнх амьтай болохын тулд юу хийх ёстойг нь онцлон хэлж өгдөг үү? Хэрэв та Диваажинд мөнх амьдрахыг хүсэж байгаа бол Библи судалж, хурлын цуглаануудад явж, дэлгэрүүлэх ёстой гэх маягаар бид сургадаг байж ч болох юм. Хэрэвзээ ингэвэл бид хүний итгэлийг бөх суурьтайгаар биш харин ч галд тэсвэргүй, цаг хугацааны сорилтыг даахгүйгээр барьж байна гэсэн үг. Еховад хэдэн жил үйлчилснийхээ хариуд Диваажинд мөнх амьдарна гэсэн найдвараар л хүмүүсийг Еховад татах гэж оролдох нь «мод, өвс болон сүрлээр» байшин барьсантай адил юм.
Бурхан болон Христийг хайрах хайраа хөгжүүлэх нь
17, 18. а) Хүн итгэлээ батжуулахын тулд яах хэрэгтэй вэ? б) Христийг зүрхэндээ шингээхэд нь бид хүнд хэрхэн туслах вэ?
17 Есүс Христээр дамжуулан Ехова Бурхантай харьцах хувийн харьцаан дээр тулгуурлаж байх аваас итгэл бат бэх байна. Бид төгс бус хүмүүс учраас Бурхантай зөвхөн Хүүгээр нь дамжснаар найрамдалт харьцаанд хүрч чадна (Ром 5:10). Есүсийн: «Надаар дамжихаас өөрөөр хэн ч Эцэгт минь хүрэхгүй» гэж хэлснийг та бүхэн санаж байгаа. Итгэлийг барьж байгуулахад нь бусад хүмүүст туслахын тулд «тавигдсанаас өөр суурийг хэн ч тавьж чадахгүй. Тэр бол Есүс Христ мөн». Энэ нь юу гэсэн үг вэ? (Иохан 14:6; 1 Коринт 3:11).
18 Христийг суурь болгон Түүн дээр барих гэдэг нь Есүсийг Золигч, хурлын Тэргүүн, хайрт Ахлах тахилч, захирагч Хаан гэх мэт үүргийг нь мэдсэний ачаар түүнийг хайрлах хайраа гүнзгийрүүлэхэд хүмүүсийг сургана гэсэн үг (Даниел 7:13, 14; Матай 20:28; Колоссай 1:18–20; Еврей 4:14–16). Үүний тулд Есүсийг бодит байдлаар нь ойлгож, түүнийг зүрх сэтгэлдээ шингээхэд нь зориулж тэдэнд Есүсийн тухай мэдлэг өгөх хэрэгтэй. «Эцгийн өмнө би сөгтддөг. Та нар үндэс суурин дээр үндэслэгдэн батажсан байхын тулд Христ та нарын итгэлээр та нарын зүрхэнд хайраараа нутагласан» гэж Паул бичсэн юм (Эфэс 3:14–17, ШЕ).
19. Хэрэв бид Библи судалж буй хүмүүсийнхээ зүрхэнд Есүсийг хайрлах хайрыг нь гүнзгийрүүлбэл яах вэ? Тэдэнд юу заах хэрэгтэй вэ?
19 Хэрэв бид хамт судалж буй хүмүүсийнхээ зүрхэнд Христийг хайрлах хайрыг нь гүнзгийрүүлэх маягаар барилга баривал Еховаг хайрлах хайр нь ч мөн гүнзгийрэх нь зүйн хэрэг. Есүсийн хайр, ойлголт, өрөвдөх сэтгэл нь Еховагийн чанарыг үнэн зөв тусган харуулдаг (Матай 11:28–30; Марк 6:30–34; Иохан 15:13, 14; Колоссай 1:15; Еврей 1:3). Иймд, хүмүүс Есүсийг таньж мэдээд хайрлаж эхлэхдээ Еховаг танин мэдэж, хайрлаж эхэлдэг (1 Иохан 4:14, 16, 19). Хүн төрөлхтний төлөө Христийн хийсэн бүхий л зүйлийн цаана Ехова байдаг бөгөөд «бидний авралын Бурхан» тул баяр талархал, магтаал, шүтлэг мөргөлийг маань хүртвэл зохилтой гэдгийг Библи судалж байгаа хүмүүстээ зааж сургах хэрэгтэй (Дуулал 68:20, 21; Исаиа 12:2–5; Иохан 3:16; 5:19).
20. а) Бурхан болон Хүүд ойртоход нь хүмүүст яаж тусалж болох вэ? б) Дараагийн нийтлэлээр юу хэлэлцэх вэ?
20 Бурхны хамран зүтгэгчийн хувьд Бурханд болон түүний хүүд ойртоход нь хүмүүст тусалж, зүрхэндээ итгэл хайраа хөгжүүлэхэд нь тус нэмэр болцгооё. Тийнхүү Ехова тэдний хувьд бодитой болно (Иохан 7:28). Тэд Христээр дамжуулж Бурхантай дотно харьцаа тогтоож, хайрлаж түүнд ойртон дотносож чадна. Цаг тухайдаа биелэх Еховагийн гайхамшигт амлалтад итгэснээрээ тэд ямар нэг болзолгүйгээр хайрынхаа үүднээс Еховад цаашид үйлчлэх болно (Гашуудал 3:24–26; Еврей 11:6). Бид итгэл, найдвар, хайраа хөгжүүлэхэд нь бусад хүмүүст туслахын хамт өөрсдийнхөө итгэлийг ч бас догшин шуургыг тэсэж гардаг бат бөх усан онгоц шиг байлгахын тулд хөгжүүлэх ёстой. Энэ тухай дараагийн нийтлэлд гарах болно.
Давтах асуултууд
◻ Хаанчлалын тухай мэдээнд хүмүүсийг сонирхолтой болгохын тулд бид голдуу ямар арга хэрэглэдэг ба энд ямар аюул байдаг вэ?
◻ Ехова ямар хүмүүсийг Өөртөө болон Хүүдээ ойртох сонирхолтой болгодог вэ?
◻ Амласан газар уруу израильчуудын орох эсэх нь юунаас хамаарсан ба бид эндээс ямар сургамж авч болох вэ?
◻ Хүмүүсийг Ехова болон түүний Хүүд ойртоход нь тусалснаараа бид ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?