Ехова танд санаа тавьдаг
«[Бурхан] та нарын төлөө санаа зовдог [«тавьдаг», ШЕ] учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл» (1 ПЕТР 5:7).
1. Ехова Сатан хоёр ямар чухал тал дээр эрс ялгаатай вэ?
ЕХОВА Сатан хоёр хоорондоо эрс тэс ялгаатай. Еховад татагддаг хэнд ч болов Диаволыг жигших л сэтгэл төрдөг. Энэхүү ялгааны тухай нэр хүндтэй нэгэн нэвтэрхий тольд тэмдэглэжээ. Сатаны үйлдлийн тухай Библийн «Иов» номд бичсэнийг үндэслэсэн тэр тольд: «Сатаны зорилго бол муулаад хэлчихэж болохоор үйл хэрэг болон хүмүүсийг хайн дэлхийгээр „хэсүүчлэх“ явдал мөн. Тиймээс түүний үйл хэрэг, сайн сайхан бүхнийг дэмжихийн төлөө дэлхийгээр хэрдэг „ЭЗЭНий мэлмийнээс“ тэс өөр юм (Шаст. дэд XVI, 9). Хувиа бодолгүй сайныг үйлдэх хүсэлтэй хүн байдаг гэдэгт Сатан ерөөсөө итгэдэггүй бөгөөд Бурхны зөвшөөрөл, хяналтан дор, мөн тогтоосон хязгаар дотор хүмүүсийн тэр хүслийг сорих эрхтэй байдаг» гэж тэмдэглэжээ («Encyclopædia Britannica», 1970 оны хэвлэл). Юутай эрс тэс ялгаа вэ! (Иов 1:6–12; 2:1–7).
2, 3. а) «Диавол» гэдэг үгийн утга Иовд тохиолдсон явдалтай хэрхэн нийцдэг вэ? б) Сатан Еховагийн дэлхий дэх үйлчлэгчдийг буруутгасаар байгааг Библи хэрхэн үзүүлдэг вэ?
2 «Диавол» гэдэг үг «худал буруутгагч», «гүтгэгч» гэсэн утгатай грек үгнээс гаралтай аж. Сатан: «Иов ямар ч шалтгаангүйгээр Бурхнаас эмээдэг гэж үү дээ?» гэж хэлснээрээ Еховагийн үнэнч үйлчлэгч Иов хувийн ашиг хөөсөндөө л Бурханд үйлчилдэг хэмээн буруутгасныг «Иов» ном илчилдэг (Иов 1:9). Иов олон сорилтод орж, их зовлон туулсан ч Еховад улам ойр болсныг «Иов» номд өгүүлдэг (Иов 10:9, 12; 12:9, 10; 19:25; 27:5; 28:28). Хүнд сорилтод орсныхоо дараа тэрээр Бурханд: «Би Таны тухай чихээрээ сонслоо. Харин одоо миний нүд Таныг хардаг» гэж хэлсэн билээ (Иов 42:5).
3 Сатан Иовоос хойш Бурхны үнэнч үйлчлэгчдийг буруутгахаа больсон уу? Үгүй ээ. Эцсийн энэхүү цаг үед Сатан Христийн тослогдсон ах дүү нар болон тэдний үнэнч хамтран зүтгэгчдийг буруутгасаар байгааг «Илчлэлт» ном харуулдаг (2 Тимот 3:12; Илчлэлт 12:10, 17). Иймээс жинхэнэ христианууд бидэнд санаа тавьдаг Ехова Бурхандаа захирагдан, чин сэтгэлээсээ түүнд үйлчилж, Сатаны буруутгал худлаа гэдгийг батлах нь туйлын чухал юм. Ингэвэл Еховагийн зүрхийг баярлуулна (Сургаалт үгс 27:11).
Ехова бидэнд туслах арга хайдаг
4, 5. а) Ехова дэлхийгээс юу хайдгаараа Сатанаас ялгаатай вэ? б) Еховагийн сайшаалыг хүлээе гэвэл яах шаардлагатай вэ?
4 Диавол хэн нэгнийг буруутгаж, «залгихаар» хайн дэлхийгээр «хэсүүчилдэг» (1 Петр 5:8; Иов 1:7, 9). Харин Ехова өөрийнх нь дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүст туслахаар хайдаг. Зөнч Ханани Аса хаанд: «Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм» гэж хэлсэн (Шастирын дэд 16:9). Сатаны хорон санаа Еховагийн хайр халамж хоёрын хооронд ямар их ялгаа байна вэ!
5 Ехова бидний алдаа дутагдал бүрийг илрүүлэх гэж танддаггүй ээ. Дуулалч: «ЭЗЭН, хэрэв Та гэм бурууг тэмдэглэвээс, өө, ЭЗЭН, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?» гэж асуусан байдаг (Дуулал 130:3). Хэн ч чадахгүй гэж хариулж болно (Номлогчийн үгс 7:20). Хэрэв чин зүрхээрээ Еховад ойртвол, түүний «мэлмий» биднийг буруушаах гэсэндээ бус харин хүчин чармайлтыг маань анзаарч, өршөөл тусламж гуйсан залбиралд маань хариу өгөхийн тулд харах болно. Элч Петр: «Эзэний [«Еховагийн», ШЕ] мэлмий зөвт хүмүүс дээр байдаг. Түүний чих тэдний залбиралд анхаарал тавьдаг. Харин Эзэний [«Еховагийн», ШЕ] царай бузар мууг үйлдэгчдийн эсрэг байдаг» гэжээ (1 Петр 3:12).
6. Давидад тохиолдсон явдал биднийг хэрхэн тайвшруулдаг вэ? Бас юу сануулдаг вэ?
6 Давид төгс бус байсан бөгөөд ноцтой нүгэл үйлдсэн (2 Самуел 12:7–9). Гэсэн ч тэрээр зүрх сэтгэлээ Еховагийн өмнө уудалж, чин сэтгэлээсээ залбиран түүнд ойртсон (Дуулал 51:1–12). Ехова Давидын залбирлыг сонсож, өршөөсөн. Гэхдээ тэрээр үйлдсэн нүглийнхээ таагүй үр дагаврыг үүрсэн (2 Самуел 12:10–14). Энэ түүх биднийг тайвшруулдаг. Нөгөөтэйгүүр бидэнд сануулга болдог билээ. Хэрэв бид нүглээ үнэхээр гэмшвэл Ехова дуртайяа уучилдаг гэдгийг мэдэхээр сэтгэл тайвширдаг. Гэхдээ алив нүгэл араасаа таагүй үр дагавар дагуулдгийг бас ухааруулдаг (Галат 6:7–9). Еховад ойртох хүсэлтэй бол түүнд таалагддаггүй алив бүхнээс аль болох хол байх хэрэгтэй (Дуулал 97:10).
Ехова ард түмнээ өөртөө татдаг
7. Ехова ямар хүмүүсийг хардаг вэ? Тэднийг өөртөө хэрхэн татдаг вэ?
7 Давид нэгэн дуулалдаа: «ЭЗЭН хэдийгээр өргөмжлөгдсөн боловч дорд хүнийг харж ханддаг, харин бардамнагчийг Тэр холоос л мэддэг юм» гэж бичжээ (Дуулал 138:6). Үүнтэй ижил санааг өөр нэг дуулалд: «Бидний Бурхан ЭЗЭНтэй хэн нь адил байж, өндөрт заларч, тэнгэр болоод газрыг үзэхээр Өөрийгөө даруу болгодог вэ? Тэрээр ядуусыг шороо тоосноос өргөдөг» гэж илэрхийлжээ (Дуулал 113:5–7). Тийм ээ, орчлонт ертөнцийн төгс хүчит Бүтээгч газар дэлхий уруу харахын тулд «өөрийгөө даруу болгодог» бөгөөд мэлмий нь «хамаг жигшүүрт хэргээс болж санаа алдаж, ёолон буй» «дорд хүнийг», «ядуусыг» хардаг (Езекиел 9:4). Ехова тийм хүмүүсийг Хүүгээрээ дамжуулан татдаг. Есүс дэлхий дээр байхдаа: «Намайг илгээсэн Эцэг хэн нэгийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй. [...] Энэ нь Эцгээс түүнд өгөгдөөгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй» гэж хэлсэн (Иохан 6:44, 65).
8, 9. а) Ямар учраас хүн бүр Есүс уруу «ирэх» хэрэгтэй вэ? б) Бурхан золиосын арга хэмжээ авсан нь юугаараа гайхалтай вэ?
8 Хүн бүхэн төрөлхийн нүгэлтэйн дээр Бурхнаас хөндийрсөн тул Есүс уруу «ирж», золих тахилд нь итгэх ёстой (Иохан 3:36). Бурхантай эвлэрэх хэрэгтэй (2 Коринт 5:20). Бурхан нүгэлт хүмүүстэй эвлэрэх арга хэмжээ авахдаа тэдний гуйж ирэхийг хүлээж суугаагүй юм. Элч Паул: «Биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Учир нь хэрэв бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрүүлэгдсэн юм бол, тэр тусмаа бид Түүний амиар аврагдах болно» гэж бичсэн байдаг (Ром 5:8, 10).
9 Бурхан хүмүүсийг өөртэйгөө эвлэрүүлдэг гэдэг чухал үнэнийг элч Иохан ч мөн батлан бичжээ. Тэрээр: «Бурхан Өөрийнхөө цорын ганц Хүүг ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурхны хайр бидэнд илэрхийлэгдсэн юм. Бид Бурхныг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн төлөө Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэн билээ. Үүнд хайр байгаа юм» гэж тэмдэглэжээ (1 Иохан 4:9, 10). Анхны алхмыг хүн биш, харин Бурхан хийсэн. «Нүгэлтнүүдийг» битгий хэл «дайснуудыг» хүртэл ингэж их хайрласан Бурханд ойртохыг хүсэхгүй гэж үү, та? (Иохан 3:16).
Еховаг «эрж хайх» хэрэгтэйн учир
10, 11. а) Еховаг «эрж хайхын» тулд юу хийх ёстой вэ? б) Сатаны эд юмсын тогтолцоонд яаж хандах хэрэгтэй вэ?
10 Ехова хүмүүсийг өөр уруугаа ирүүлэх гэж хүчилдэггүйг бид мэддэг. «Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй хэдий ч хүмүүс Түүнд хүрч, Түүнийг олохоор» «эрж хайх» ёстой (Үйлс 17:27). Ехова биднээс өөрт нь захирагдахыг шаардах эрхтэйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Шавь Иаков: «Тиймээс Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна. Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт хүмүүс, та нар гараа цэвэрлэ. Хоёр санаатай хүмүүс, та нар зүрхээ ариусга» хэмээн бичсэн (Иаков 4:7, 8). Бид Диаволыг хатуу эсэргүүцэж, Еховагийн талд тууштай зогсох ёстой.
11 Энэ нь Сатаны эд юмсын ёс бус тогтолцооноос хол хөндий байх хэрэгтэй гэсэн үг. Иаков: «Ертөнцтэй найзлах нь Бурхны эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурхны дайсан болгож байгаа хэрэг юм» гэж бас бичсэн билээ (Иаков 4:4). Иймээс Бурхны найз байхыг хүсдэг бол Сатаны ертөнц биднийг үзэн ядна гэдгийг ойлгох ёстой (Иохан 15:19; 1 Иохан 3:13).
12. а) Давид сэтгэл тайвшруулам ямар үг бичсэн бэ? б) Ехова зөнч Азариагаар дамжуулан юу сануулсан бэ?
12 Сатаны ертөнц ямар нэг онцгой байдлаар биднийг эсэргүүцвэл тусламж гуйн залбирч, Еховад ойртох нь туйлын чухал юм. Ехова авардгийг олон удаа биеэрээ үзсэн Давид биднийг тайвшруулан: «ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг. Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ. Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна. ЭЗЭН Өөрийг нь хайрладаг бүгдийг сахин хамгаалдаг, харин бүх хорон муу хүнийг Тэр устгана» гэж бичжээ (Дуулал 145:18–20). Энэ дуулал биднийг ганцаараа сорилтод орсон үед Ехова аварч чаддагийг, мөн «агуу их гай гамшгийн» үед ард түмнээ хамтад нь аварна гэдгийг харуулдаг (Илчлэлт 7:14, ШЕ). Бид л ойр байвал Ехова бидэнд ойр байна. «Бурхны Сүнсээр» удирдуулсан зөнч Азариа: «Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг умартах аваас Тэр та нарыг умартах болно» гэж хэлсэн нь амьдрал дээр үнэн байдаг (Шастирын дэд 15:1, 2).
Ехова бидний хувьд бодитой байх ёстой
13. Ехова бидний хувьд бодитой байдгийг хэрхэн харуулж болох вэ?
13 Элч Паул Мосегийн тухай: «Тэр үзэгдэхгүй Түүнийг харж байгаа мэт тэвчсэн» гэж бичсэн байдаг (Еврей 11:27). Мосе Еховаг хэзээ ч хараагүй нь лавтай (Египетээс гарсан нь 33:20). Гэхдээ Ехова Мосегийн хувьд харсан юм шиг үнэхээр бодитой байжээ. Үүний адилаар Иов ч гэсэн соригдсоныхоо дараа Ехова үнэнч үйлчлэгчдээ соригдохыг зөвшөөрдөг боловч хэзээ ч хаяж орхидоггүй Бурхан гэдгийг итгэлийн нүдээр ялган хардаг болжээ (Иов 42:5). Енох Ноа нарыг «Бурхантай хамт явсан» гэдэг билээ. Энэ нь тэд Бурхны тааллыг олж, түүнд дуулгавартай байхыг хичээж байсан гэсэн үг юм (Эхлэл 5:22–24; 6:9, 10, 22; Еврей 11:5, 7). Хэрэв Ехова, Енох Ноа Иов Мосе нарт бодитой байсан шиг бидний хувьд ч бас тийм бодитой байдаг бол бид бүх замаараа «түүнийг анхаарч» (ШЕ), тэр бидний «замыг шулуун болгоно» (Сургаалт үгс 3:5, 6).
14. Еховагаас «зуурах» гэж юу гэсэн үг вэ?
14 Израильчуудыг Амласан газарт орохоос өмнөхөн Мосе: «Та нар ЭЗЭН Бурхныхаа хойноос дагаж, Түүнээс айн эмээж, Түүний тушаалыг мөрдөж, Түүний дуу хоолойг сонсон дагаж, Түүнд зарагдаж, Түүнээс зуур» гэж тэдэнд захисан (Дэд хууль 13:4). Тэд Еховаг дагаж, түүнд дуулгавартай байж, түүнээс эмээж, зуурах ёстой байлаа. «Зуурах» гэдэг үг нь «[Еврей] хэлэнд маш ойр, дотно харьцаа илэрхийлдэг» гэж нэгэн Библи судлаач тэмдэглэжээ. Дуулалч: «Еховагаас эмээдэг хүмүүс түүнтэй дотно харьцаатай байдаг» хэмээжээ (Дуулал 25:14, ШЕ). Хэрэв Ехова бидний хувьд бодитой байдаг бөгөөд бид түүнд таалагдахгүй ямар нэг юм хийчих вий дээ гэсэн сэтгэлийн гүнээс хайрладаг бол Бурхантай эрхэм, ойр дотно харьцаатай болно (Дуулал 19:9–14).
Ехова санаа тавьдгийг та мэддэг үү?
15, 16. а) Ехова бидний төлөө санаа тавьдгийг 34-р дуулал хэрхэн харуулдаг вэ? б) Еховагийн бидний төлөө хийсэн сайхан сэтгэлийн үйлсийг санах хэцүү байвал яах хэрэгтэй вэ?
15 Сатаны олон заль мэхний нэг нь Ехова Бурхан үнэнч үйлчлэгчдэдээ үргэлж санаа тавьдаг гэдгийг мартуулах явдал юм. Израилийн хаан Давид маш том аюултай тулгараад байхдаа ч Ехова аварна гэдэгт ердөө ч эргэлзэхгүй байжээ. Тэрээр Гатын хаан Ахишийн өмнө галзуу хүний дүр эсгэхээс өөр аргагүй болчихоод байхдаа нэг сайхан дуу зохиосон билээ. Тэрээр: «Надтай хамт ЭЗЭНийг дээдэлж, хамтдаа Түүний нэрийг өргөмжилцгөөе. Би ЭЗЭНийг хайсан бөгөөд Тэр надад хариулж, бүх айдсаас минь намайг аварсан. ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж, тэднийг авардаг. ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз. Түүний дотор хоргоддог хүн юутай ерөөлтэй [«жаргалтай», ШЕ] вэ! ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд сүнсээрээ гэмшигчдийг авардаг. Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг, харин ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг» гэсэн сайхан мөрүүдээр итгэлээ илэрхийлсэн билээ (Дуулал 34:3, 4, 7, 8, 18, 19; 1 Самуел 21:10–15).
16 Ехова авардаг гэдэгт та итгэдэг үү? Тэнгэр элчүүдээ илгээн хамгаалдгийг нь мэддэг үү? Ехова «сайн» гэдгийг та биеэрээ мэдэрч «амсаж үзсэн» үү? Ехова танд «сайн» гэдгийг та хэзээ хамгийн сүүлд онцгой мэдэрсэн бэ? Санахыг хичээ дээ. Дэлгэрүүлж явсаар ихэд ядарч, өнөөдрийн сүүлийн айл энэ болог гээд хаалгыг нь тогштол яг тэр айлын хүнтэй сайхан яриа өрнүүлсэн ч юм бил үү? Хүч чадал өгч, таныг ивээсний төлөө Еховад талархсан уу? (2 Коринт 4:7). Эсвэл таны төлөө Еховагийн хийсэн сайхан сэтгэлийн үйлсийг тэр болгон санахгүй байж ч магадгүй юм. Долоо хоног, сар, жил магадгүй түүнээс ч өмнөх явдлыг санах хэрэгтэй болж мэднэ. Хэрэв тийм бол Еховад улам илүү ойртохыг хичээж, таныг хэрхэн удирдаж, чиглүүлж байгааг ойлгохын тулд зориуд хичээл зүтгэл гаргаж болохгүй нь юу билээ? Элч Петр: «Бурхны хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. [...] Тэр та нарын төлөө санаа зовдог [«тавьдаг», ШЕ] учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл» гэж христиануудад сануулжээ (1 Петр 5:6, 7). Бурхан таны төлөө хичнээн их санаа тавьдгийг мэдээд та үнэхээр гайхна даа! (Дуулал 73:28).
Еховаг үргэлж эрж хайгтун
17. Еховаг үргэлж эрж хайя гэвэл яах шаардлагатай вэ?
17 Еховатай тогтоосон харьцаагаа хадгалахын тулд байнгын хүчин чармайлт гаргах шаардлагатай. Есүс Эцэгтээ хандан залбирахдаа: «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн» гэж хэлсэн (Иохан 17:3). Ехова болон Хүүгийнх нь тухай мэдлэгтэй болохын тулд байнга чармайх шаардлагатай. «Бурхны гүн юмсыг» ойлгоход бидэнд залбирал болон ариун сүнсний тусламж хэрэгтэй (1 Коринт 2:10; Лук 11:13). Түүнээс гадна оюун ухаанаа сүнслэг хоолоор «цагт нь» хооллохын тулд «итгэмжит ухаалаг боолын» удирдлага авах шаардлагатай (Матай 24:45). Энэ сувгаар дамжуулан Ехова бидэнд Үгийг нь өдөр бүр уншиж, цуглаанд тогтмол очин, «Хаанчлалын [тухай] сайн мэдээг» дэлгэрүүлэх ажилд идэвх зүтгэлтэй оролцохыг уриалдаг (Матай 24:14). Энэ бүхнийг хийж байвал бидэнд санаа тавьдаг Ехова Бурхнаа үргэлж эрж хайдгаа харуулна.
18, 19. а) Юу хийх шийдвэр төгс байх ёстой вэ? б) Диаволыг хатуу эсэрүүцэж, Еховаг үргэлж эрж хайвал ямар ивээл хүртэх вэ?
18 Сатан Еховагийн ард түмнийг бүх талаас нь хавчиж, эсэргүүцэж, дарамтлахын тулд чадах бүхнээ хийдэг. Бидний амар тайвныг, Бурхантай тогтоосон сайн харьцааг эвдэн бусниулахыг оролддог. Чин сэтгэлтэй хүмүүсийг олж, хэмжээгүй эрх мэдлийн тухай маргаантай асуудлаар Еховагийн талд ороход нь туслах ажлаа хийхийг маань болиулахыг хүсдэг. Гэвч Ехова биднийг Диаволаас хамгаална гэдэгт итгэн, үнэнч үлдэх шийдвэр төгс байх ёстой. Бурхны Үгээр удирдуулж, дэлхий дэх байгууллагатай нь идэвхтэй хамтран ажилладаг бол Ехова биднийг үргэлж дэмжинэ гэдэгт итгэлтэй байж болно (Исаиа 41:8–13).
19 Иймээс бүгдээрээ Диаволыг, түүний заль мэхийг хатуу эсэргүүцэж, биднийг «бататгаж, бэхжүүлэн байгуулах» Ехова Бурхнаа үргэлж эрж хайцгаая (1 Петр 5:8–11). Ингэж бид «мөнх аминд хүргэх бидний Эзэн Есүс Христийн өршөөлийг хүлээн Бурхны хайран дотор өөрсдийгөө сахих» юм (Иуда 21).
Та яаж хариулах вэ?
• «Диавол» гэдэг грек үг ямар утгатай вэ? Нэрийнх нь утга өөрт нь хэрхэн тохирдог вэ?
• Ехова болон Сатан хүмүүсийг ямар зорилгоор хардаг вэ?
• Еховад ойртохын тулд золиосыг хүлээн зөвшөөрөх ёстойн учир юу вэ?
• Еховагаас «зуурах» гэж юу гэсэн үг вэ? Түүнийг яаж үргэлж эрж хайх вэ?