Дахин амилах найдвар таны хувьд ямар утга учиртай вэ?
«Та мутраа дэлгэн, бүх амьтны хүслийг хангадаг» (ДУУЛАЛ 145:16).
1-3. Зарим хүн ирээдүйн ямар найдвартай вэ? Жишээ татна уу.
АНГЛИД амьдардаг есөн настай Кристофер төрсөн ах, нагац ах, эгч, хоёр үеэлтэйгээ цуг Манчестер хотын ойролцоо айлаар дэлгэрүүлж өглөөг өнгөрөөжээ. «Сэрцгээ!» сэтгүүлд бичсэнээр, тэр зургаа үдээс хойш далайн эргийн Блэкпул хотын дурсгалт газрыг үзэхээр явжээ. Гэтэл автын осол болж, 12 хүн газар дээрээ нас барсны 6 нь тэд байв. Энэ ослыг цагдаагийнхан «олон хүний амийг авсан аймшигт сүйрэл» гэж тодорхойлжээ.
2 Энэ эмгэнэлт явдал болохын өмнөх орой Кристофер аав ээжтэйгээ ном судлалын цуглаанд очиж, үхлийн тухай сэдэвтэй материал үзсэн байжээ. Аав нь: «Манай Кристофер юмыг айхтар ухаж боддог хүүхэд байсан. Тэр орой хүү маань шинэ ертөнцийн тухай, ирээдүйн найдварынхаа тухай их итгэлтэй ярьж билээ. „Еховагийн Гэрч байхын нэг сайн тал нь үхэл биднийг хагацаасан ч, нэг л өдөр эргээд бие биетэйгээ уулзана гэдгээ бид мэддэг“ гэж хариулсан юм. Энэ үг нь бидний сэтгэлд хоногшин үлдэх юм гэж тэгэхэд яаж мэдэх билээ» хэмээн дурсжээ.a
3 Түүнээс олон жилийн өмнө, 1940 онд Австрийн Фрэнц гэдэг Гэрч залуу Еховад үнэнч байдлаа хадгалснаас болж цаазаар авах ял сонсжээ. Тэрбээр Берлин дэх урьдчилан хорих нэгэн төвөөс ээждээ бичсэн захидалдаа: «Миний л мэдэхийн, хэрэв би [цэргийн] тангараг өргөсөн бол үхвэл зохих нүгэл үйлдэх байсан. Ингэвэл Еховад үнэнч бус байсан хэрэг болж, би дахин амилахгүй байх байв. [...] Хайрт ээж, ах, эгч, дүү нар минь, өнөөдөр би ямар ял авахаа сонслоо. Та нар минь битгий айгаарай. Үхлийн ял. Маргааш өглөө намайг цаазална. Бурхан өнгөрсөн үеийн бүх жинхэнэ христианд цаг үргэлж хүч өгч байсан шигээ надад ч бас хүч өгч байна. [...] Хэрэв та нар үхэн үхтэлээ үнэнч байвал бид дахин амилж, эргээд бие биетэйгээ учран золгоно. [...] Дахин уулзталаа баяртай» гэжээ.b
4. Дээр тэмдэглэсэн түүхэн баримтыг уншаад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Энэ өгүүллээр юун тухай ярилцах вэ?
4 Кристофер Фрэнц хоёрын хэн хэнд нь дахин амилах найдвар их утга учиртай байсан. Тэд амилна гэдэгтээ эргэлздэггүй байжээ. Хэчнээн сэтгэл хөдөлгөм түүх вэ! Еховад талархах сэтгэлээ лавшруулж, нас барагсад амилна гэдэгт улам бат найддаг болохын тулд хүмүүс яаж дахин амилах тухай болон энэ талаарх мэдлэг бид бүгдэд ямар ач холбогдолтой байхыг ярилцъя.
Хүмүүс дэлхий дээр амилах тухай үзэгдэл
5, 6. Илчлэлт 20:12, 13-т элч Иоханы тэмдэглэсэн үзэгдлээс юу мэдэж болох вэ?
5 Есүс Христийн Мянган жилийн засаглалын үед дэлхий дээр юу болохыг элч Иохан үзэгдлээр үзжээ. Тэр үзэгдэлд нас барагсад дахин амилж байжээ. Тэрбээр: «Үхсэн их бага хүмүүсийг... би харлаа. [...] Тэнгис дотроо байсан үхэгсдийг гаргаж өгөв. Үхэл ба Үхэгсдийн орон [хадес] өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв» хэмээжээ (Илчлэлт 20:12, 13). Ямар зэрэг зиндаа, байр суурьтай байх нь хамаагүй, хадес (шеол) буюу хүн төрөлхтний нийтийн булшинд байсан «их бага» бүх хүн чөлөөлөгдөх аж. «Тэнгист» амиа алдсан хүмүүс ч бас тэр үед амилна. Энэ гайхамшигтай үйл явдал бол Еховагийн санаа зорилгын нэг хэсэг билээ.
6 Христ Мянган жилийн засаглалаа эхлэхдээ Сатаныг «хүлж, ...ёроолгүй гүнд хаяна». Тийм ээ, тэр үед Сатан идэвхгүй байдалд байх учраас агуу их гай гамшгийг эсэн мэнд давсан болон дахин амилсан хүмүүсийн хэнийг нь ч мэхэлж чадахгүй (Илчлэлт 20:1—3). Мянган жил гэхлээр танд их урт хугацаа шиг санагдаж байгаа байх. Харин Еховагийн хувьд «нэг өдөр мэт» байдаг (2 Петр 3:8).
7. Христийн Мянган жилийн засаглалын үед хүмүүсийг юунд үндэслэн шүүх вэ?
7 Үзэгдэлд тэмдэглэснээр, Христийн Мянган жилийн засаглал нь шүүх цаг байх аж. Элч Иохан: «Үхсэн их бага хүмүүс сэнтийн өмнө зогсож байхыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном мөн. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв. [...] Тэдний нэг бүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв» хэмээн бичжээ (Илчлэлт 20:12, 13). Гэхдээ хүнийг үхэхээсээ өмнө хийсэн болон хийгээгүй зүйлд нь үндэслэн шүүхгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй (Ром 6:7). Харин ирээдүйд дэлгэгдэх «номуудад» үндэслэх юм. Тэдгээр номын утга агуулгыг мэдсэнийхээ дараа хийсэн ажил үйлс нь тухайн хүний нэр «амийн номд» бичигдэх эсэхийг шийдэх үндэс болно.
«Амийн амилалт» ба «ялын амилалт»
8. Дахин амилсан хүмүүст ямар хоёр боломж байх вэ?
8 Ио хан үзэгдлийнхээ эхэнд Есүст «үхэл ба Үхэгсдийн орны [хадесийн] түлхүүр» байдаг гэжээ (Илчлэлт 1:18). Есүс бол «амьд ба үхэгсдийг» шүүх эрх мэдлийг Еховагаас авсан «амийн Зохиолч» билээ (2 Тимот 4:1; Үйлс 3:15). Шүүх ажиллагааг яаж гүйцэтгэх вэ? Үхлийн нойроор нойрсож байгаа хүмүүсийг дахин амилуулна. Тэрбээр өөрийг нь сонсож байсан олон хүнд: «Үүнд бүү гайхагтун. Учир нь, булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон, гарч ирэх цаг ирж байна. Сайн үйлийг үйлдсэн хүмүүс нь амийн амилалт уруу, муу үйлийг үйлдсэн хүмүүс нь ялын амилалт уруу гарч ирнэ» гэж хэлжээ (Иохан 5:28—30). Тэгвэл Еховагийн эртний үнэнч үйчлэгчдийг ямар ирээдүй хүлээж байна вэ?
9. а) Дахин амилсан олон хүн юуны тухай гарцаагүй мэдэх вэ? б) Гэгээрлийн ямар ажил явуулах вэ?
9 Эрт цагт амьдарч байсан үнэнч хүмүүс амилсан даруйдаа, итгэж найдаж байсан амлалтууд нь биелснийг үзнэ. Эхлэл 3:15-д бичсэн Библийн анхны зөгнөлд хэлсэн Бурхны «эмэгтэйн үрээр» (ШЕ) хэн тодорсныг мэдэх гэж хэчнээн шимтэн сонирхох бол оо! Амласан Мессиа буюу Есүс үхэн үхтэлээ үнэнч байж, амиа золих тахил болгон өгснийг сонсоод яасан их баярлах бол! (Матай 20:28). Дахин амилагсдыг угтан авах хүмүүс, золиосны арга хэмжээ бол Еховагийн нигүүлсэл, өршөөлийн илэрхийлэл гэдгийг ойлгоход нь тэдэнд дуртайяа тусална. Дахин амилсан хүмүүс Бурхны Хаанчлал дэлхийн талаарх Еховагийн санаа зорилгыг биелүүлж байгааг мэдээд, Еховаг магтан алдаршуулахыг хүсэх нь гарцаагүй. Бас тэнгэрийн халамжит Эцэгтээ болон Хүүд нь үнэнчээ харуулах олон сайхан боломж тэдэнд олдоно. Дахин амилсан олон тэрбум хүн золих тахилын арга хэмжээг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Тэднийг сургах өргөн хүрээтэй гэгээрлийн ажилд бүх хүн баяр хөөртэй оролцоно.
10, 11. а) Христийн Мянган жилийн засаглал бүх хүнд ямар ямар боломж олгох вэ? б) Үүнийг бид хэрхэн хүлээж авах нь зүйтэй вэ?
10 Дахин амилсан Абрахам хүсэн хүлээж байсан «хотынхоо» засаглал дор амьдрал ямар сайхан болсныг үзээд үнэхээр тайвширна даа (Еврей 11:10). Үлдээсэн үлгэр жишээ нь сорилттой тулгарч байсан Еховагийн олон олон үйлчлэгчийн итгэлийг бэхжүүлж байсныг мэдээд эрт цагийн үнэнч хүн Иов хэчнээн догдлох бол! Бас Даниел онгодоор хөтлүүлэн бичиж байсан зөгнөлүүдээ яаж биелснийг мэдэх гэж их л сонирхоно доо!
11 Тийм ээ, дахин амилсан, агуу их гай гамшгийг эсэн мэнд давсан хоёрын аль нь ч бай, шинэ ертөнцөд амьдрах бүх хүн дэлхий болон хүн төрөлхтний талаарх Еховагийн санаа зорилгын тухай ихийг мэдэж авна. Мөнх амьдарч, Еховаг үүрд магтан алдаршуулах нь мянган жилийн боловсролын ажлыг үнэхээр баяр хөөртэй болгоно. Гэхдээ, хамгийн гол ажил бол дэлгэгдэх «номуудын» утга агуулгатай танилцаад бид бүхний хийх ажил байх юм. Бид сурч мэдсэнээ хэрэгжүүлэх үү? Үнэнээс гажуудуулах гэсэн Сатаны эцсийн оролдлогыг эсэргүүцэхэд маань биднийг бэхжүүлэх тэр амин чухал мэдээллийг эргэцүүлэн бодож, зүрх сэтгэлээрээ хүлээж авах болов уу?
12. Юуны ачаар хүн бүр сургалтын болон дэлхийг диваажин болгон хувиргах ажилд бүрэн дүүрэн оролцох вэ?
12 Христийн золих тахилын үрээр ямар ивээл хүртэхээ бид мартах учиргүй. Дахин амилсан хүмүүс өмнөх шигээ бие эрхтний эмгэг согогоос болж шаналахгүй (Исаиа 33:22). Ирээдүйд шинэ ертөнцийн оршин суугчид бүгдээрээ чийрэг биетэй, төгс эрүүл болно. Үүний ачаар тэд дахин амилсан олон тэрбум хүнийг амь уруу хөтлөх замд сургах ажилд бүрэн дүүрэн оролцоно. Түүнээс гадна, дэлхий дээр урьд нь хэзээ ч гарч байгаагүй хамгийн агуу өөрчлөлт буюу Еховаг алдаршуулахын төлөө дэлхийг диваажин болгон хувиргах ажилд оролцоно.
13, 14. Эцсийн сорилтын үед Сатаныг ямар зорилгоор суллах вэ? Хүн болгонд ямар боломж олдох вэ?
13 Сатан эцсийн удаа хүн төрөлхтнийг сорихоор «ёроолгүй гүн»-ээс суллагдаад дахин мэхлэх гэж оролдоно. Илчлэлт 20:7—9-д бичсэнээр, Сатаны ёс бус нөлөөнд уруу татагдаж, мэхлэгдсэн «үндэстнүүд» устгалын шүүхээр орно. «Тэнгэрээс гал бууж тэднийг залгина». Тэдний дунд Мянган жилийн засаглалын үед дахин амилсан хүмүүс байвал, «ялын амилалтаар» амилсан байжээ гэсэн үг. Харин дахин амилаад, Бурханд үнэнч байсан хүмүүс мөнхийн амийн бэлэг авна. Тийм ээ, тэдний дахин амилсан нь үнэхээр «амийн амилалт» болно (Иохан 5:29).
14 Дахин амилах найдвар одоо биднийг яаж тайвшруулдаг вэ? Дахин амилахын ач тусыг баттай хүртэхийн тулд, хамгийн гол нь, бид юу хийх ёстой вэ?
Одоо авах сургамж
15. Дахин амилах найдвар одоо ч яаж тусалдаг вэ?
15 Таныг саяхан дотнын хүнээ алдаад, уй гашуугаа давах гэж их хичээж байна гэж бодъё. Үнэнийг мэддэггүй хүмүүсийг бодвол, та дахин амилах найдварын ачаар тайвширч, сэтгэлийн тэнхээтэй байгаа. Паул Тесалоник хотын христиануудад: «[Үхлийн нойроор] нойрссон хүмүүсийн талаар та нарын мэдэхгүй байхыг би хүсдэггүй. Эс тэгвээс та нар ямар ч найдваргүй бусад хүмүүсийн адил гашуудах вий» хэмээн хэлжээ (1 Тесалоник 4:13). Та шинэ ертөнцөд нас барагсдын амилахыг нүдээрээ үзэж байна гэж төсөөлдөг үү? Хайртай хүнтэйгээ дахин уулзана гэдгээ эргэцүүлэн бодож, тайвшраарай.
16. Нас барагсад дахин амилахад танд ямар санагдах бол?
16 Адам самуун дэгдээсний уршгаар бид бүгд одоо ч зовдог. Та үхлийн аюултай өвчнөөс болж шаналж байж болох юм. Энэ зовлонгоос болж, дахин амилахыг биеэрээ үзэх сайхан завшаан, шинэ ертөнцөд эрүүл саруул, эрч хүчтэй амьдрах найдвараа битгий алдаарай. Таныг нүдээ нээхэд, амилсанд тань баяр хөөр болсон хүмүүс элэгсэг дотноор угтан авч, та ч Бурханд хайр энэрлийнх нь төлөө талархах нь лавтай.
17, 18. Ямар хоёр чухал зүйлийг санаж явах ёстой вэ?
17 Тэр болтол, санаж явах ёстой хоёр зүйлийг ярилцъя. Нэгдүгээрт, яг одоо Еховад чин сэтгэлээсээ үйлчлэхийн чухлыг санаарай. Эзэн Есүс Христээ дуурайн, өөрийгөө золиослох сэтгэлгээтэй амьдарвал Еховаг болон бусдыг хайрладгаа харуулна. Эсэргүүцэл, хавчлагад өртөн ажил алба, эрх чөлөөгөө алдах гэх мэтээр ямар ч сорилттой тулгарсан, бид итгэлээ бат хадгалах шийдвэр төгс байдаг. Амь насанд заналхийлсэн сорилттой тулгарлаа ч, дахин амилах найдвар биднийг тайвшруулж, Еховад болон Хаанчлалд нь үнэнч үлдэх хүч өгдөг. Тийм ээ, Хаанчлалын тухай дэлгэрүүлж, шавь бэлдэх ажилд хичээл зүтгэлтэй оролцдог учир Ехова бидэнд зөвт хүмүүст бэлдсэн мөнхийн шагналаа өгнө.
18 Хоёрдугаарт, төгс бус махан биеэсээ болж хорхой хүргэм зүйлтэй тулгарвал тэвчихийн тулд яах ёстойгоо санаж явах нь зүйтэй. Дахин амилах найдварын тухай мэдлэг, нигүүлслийнх нь төлөө Еховад талархах сэтгэлийн ачаар итгэлээ бат хадгалах шийдвэр маань бэхэждэг. «Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцгийн хайр байхгүй. Учир нь ертөнцөд байгаа бүхэн, тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм. Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурхны хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог» хэмээн элч Иохан сэрэмжлүүлжээ (1 Иохан 2:15—17). Өнгө мөнгөний ертөнцийн гял цал байдлыг жинхэнэ амьдралтай харьцуулж үзвэл сэтгэл маань тэгтлээ их татагдаад байхгүй (1 Тимот 6:17—19). Бид садар самуун явдлыг цээрлэдэг. Еховад үл таалагдах байдлаар амьдарч байгаад Армагеддоноос өмнө үхвэл дахин амилах найдваргүй хүмүүсээс өөрцгүй болно гэдгээ ойлгодог.
19. Ямар хосгүй завшаанаа мартаж болохгүй вэ?
19 Хамгийн гол нь, Еховагийн зүрхийг одоо хийгээд өнө мөнхөд баярлуулах үнэлж баршгүй завшаанаа хэзээ ч мартаж болохгүй (Сургаалт үгс 27:11). Бид үхэн үхтэлээ юм уу энэхүү ёс бус тогтолцооны төгсгөл хүртэл үнэнч байвал Сатаны дэгдээсэн маргаантай асуудлаар хэний талд зогсож буйгаа Еховад харуулна. Тэгээд агуу их гай гамшгийг эсэн мэнд давчихаад, эсвэл дахин амилаад диваажин дэлхийд амьдрах хэчнээн сайхан байх бол оо!
Бидний хүслийг хангадаг
20, 21. Дахин амилах тухай бүх асуултын хариуг мэдэхгүй ч, Еховад үнэнч байхад юу туслах вэ? Тайлбарлана уу.
20 Бид нас барагсад дахин амилах тухай дэлгэрэнгүй ярилцлаа. Гэхдээ хэдэн асуулт хариултгүй үлдэж байна. Тухайлбал, нас барахдаа гэр бүлтэй байсан хүмүүст зориулж Ехова ямар арга хэмжээ авах бол? (Лук 20:34, 35). Хүмүүс үхсэн газраа эргээд амилах уу, эсвэл гэрийнхнийхээ ойр орчим амилах уу? гэх мэтийн цөөнгүй асуултын хариуг бид мэдэхгүй. Гэхдээ Иеремиагийн үгийг санацгаая. Тэрбээр: «Түүнийг хүлээгсдэд, Түүнийг хайсан хүнд ЭЗЭН сайн ажээ. ЭЗЭНий авралыг тэр чимээгүйхэн хүлээх нь сайн болой» хэмээжээ (Иеремиагийн гашуудал 3:25, 26). Еховагийн товлосон цаг болоход бид бүх асуултын хариуг бүрэн дүүрэн мэддэг болно. Үүнд итгэлтэй байж болохын учир юу вэ?
21 Онгодоор хөтлүүлэн, Еховагийн тухай дуулсан дуулалчийн үгийг бодоод үз л дээ. «Та мутраа дэлгэн, бүх амьтны хүслийг хангадаг» хэмээжээ (Дуулал 145:16). Нас ахихын хэрээр хүний хүсэл сонирхол өөрчлөгддөг. Бага залуудаа хүсэн хүлээж байсан зүйл маань одоо нэгэнт өөрчлөгджээ. Үзэж туулсан бүхэн, итгэл найдвар маань амьдралыг үзэх үзлийг төлөвшүүлдэг. Гэхдээ шинэ ертөнцөд Ехова бидний зөв хүсэл бүрийг заавал биелүүлнэ.
22. Еховаг магтан алдаршуулахын учир юу вэ?
22 Бидний хувьд хамгийн чухал асуудал бол одоо үнэнч байх явдал юм. «Итгэмжит [буюу үнэнч] байхыг нярвуудаас шаарддаг» (1 Коринт 4:2). Бид Бурхны Хаанчлалын тухай гайхамшигт сайн мэдээний «нярвууд» билээ. Уулзаж учирсан бүх хүндээ энэ мэдээгээ тунхаглах гэсэн хичээл зүтгэлийнхээ ачаар бид амь уруу хөтлөх замаасаа гаждаггүй. Бидний хэнд ч «цаг үе хийгээд санамсаргүй тохиолдол» (ШЕ) тулгарч болохыг үргэлж санах хэрэгтэй (Номлогчийн үгс 9:11). Өнөөгийн амьдралын бэрхшээлээс болж дэмий санаа зовохгүйн тулд дахин амилах гайхамшигт найдвараа хадгалах хэрэгтэй. Христийг Мянган жилийн засаглалаа эхлэхээс өмнө үхэх боллоо ч, амилна гэж тайвширч болно. Еховагийн товлосон цаг ирэхэд та Бүтээгчдээ хандан: «Та дуудах бөгөөд би Танд хариулах болно» хэмээсэн Иовын үгийг давтан хэлэх болно. Ой санаанд нь байгаа бүх хүнийг дахин амилуулахаар «тэмүүлж буй» Еховаг бүгд магтах болтугай! (Иов 14:15).
[Зүүлт]
a Еховагийн Гэрчүүдийн эрхлэн гаргадаг «Сэрцгээ!» сэтгүүлийн 1988 оны 7-р сарын 8-ны дугаарын 10-р хуудсыг үзнэ үү (англи).
b Еховагийн Гэрчүүдийн эрхлэн гаргасан «Еховагийн Гэрчүүд Бурхны Хаанчлалыг тунхаглагчид» номын 662-р хуудсыг үзнэ үү (англи).
Та санаж байна уу?
• Мянган жилийн засаглалын үед хүмүүсийг юунд үндэслэн шүүх вэ?
• Дахин амилсан зарим хүн «амийн амилалт уруу», зарим нь «ялын амилалт уруу гарч ирнэ» гэж юу гэсэн үг вэ?
• Дахин амилах найдвар одоо биднийг хэрхэн тайвшруулдаг вэ?
• Бид Дуулал 145:16-гийн тусламжтайгаар, хариу нь тодорхойгүй зарим асуултыг хэрхэн үздэг вэ?