Еховад таалагддаг зарцыг харагтун!
«Миний сэтгэлд таалагддаг Миний [Зарцыг] харагтун» (ИС. 42:1).
1. Еховагийн үйлчлэгчид Дурсах арга хэмжээ ойртох тусам ямар уриалгыг дагах нь зүйтэй вэ? Яагаад?
ХРИСТИЙН үхлийг дурсах цаг ойртох тусам Бурхны үйлчлэгчид бид «Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч болох Есүс рүү хараагаа чиглүүлье» хэмээсэн Паулын уриалгыг дагах нь зүйтэй. Паул цааш нь: «Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүйн тулд Түүнийг санагтун. Тэрбээр Өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг тэвчсэн ажээ» хэмээн зөвлөжээ (Евр. 12:2, 3). Бурханд үнэнч амьдарч, эцэст нь амиа золиосолсон Христийн амьдралын замналыг анхааран судалбал Еховад үнэнч үйлчилж, «сэтгэлээр унахгүй» байхад тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгч өөр хонинуудын хэн хэнд нь тустай (Галат 6:9-тэй харьцуулна уу).
2. Бурхны Хүүгийн тухай Исаиагийн зөгнөлөөс бид юу мэдэж болох вэ?
2 Ехова Хүүдээ шууд хамаатай олон зөгнөлийг зөнч Исаиагаар бичүүлжээ. «Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч болох Есүс рүү хараагаа чиглүүлэхэд» тэдгээр зөгнөл бидэнд тус болно.a Учир нь тэнд Есүсийн хувийн зан чанар, амсаж байсан зовлон, Золигч Хаан болон хэрхэн өргөмжлөгдсөнийг нь дэлгэрэнгүй бичсэн байдаг. Энэ оны дөрөвдүгээр сарын 9-ний пүрэв гаригийн орой, нар жаргасны дараа зохиох Дурсах арга хэмжээний утга учрыг илүү сайн ойлгодог болоход уг зөгнөлүүд тусална.
Зарц гэж хэн бэ?
3, 4. а) «Исаиа» номд хэнийг «зарц» гэдэг вэ? б) «Исаиа» номын 42, 49, 50, 52, 53-р бүлэгт дурдсан Зарц гэж чухам хэн болох талаар Библи өөрөө юу хэлдэг вэ?
3 «Исаиа» номд «зарц» гэдэг үг олон тааралддаг. Зарим тохиолдолд зөнчийг өөрийг нь хэлсэн байдаг (Ис. 20:3; 44:26). Заримдаа Иаков буюу Израилийн ард түмнийг бүхэлд нь «зарц» гэдэг (Ис. 41:8, 9; 44:1, 2, 21). Тэгвэл «Исаиа» номын 42, 49, 50, 52, 53-р бүлэгт гардаг Зарц гэж хэн бэ? Тэдгээр бүлэгт дүрслэгддэг Еховагийн Зарц гэж чухам хэн болохыг Христиан Грек Судар тодорхой болгож өгдөг. «Үйлс» номд дурдсан Етиопын түшмэл, сайн мэдээ дэлгэрүүлэгч Филипийг сүнсээр хөтлөгдөн өөр дээр нь ирэх үед уг зөгнөлөөс уншиж байжээ. Исаиа 53:7, 8-д байдаг хэсгийг уншиж явсан мөнөөх түшмэлийг: «Энэ эш үзүүлэгч хэний тухай яриад байна вэ? Өөрийнхөө тухай ярьж байна уу, аль эсвэл өөр хэн нэгний тухай ярьж байна уу?» гэж асуухад, зөнч Исаиа Есүс хэмээх Мессиагийн тухай ярьсныг Филип тэр дор нь тайлбарлаж өгдөг (Үйлс 8:26–35).
4 Есүсийг нялх байхад Симеон гэгч зөв шударга хүн «Хүү Есүсийг» Исаиа 42:6 болон 49:6-д зөгнөснөөр «харь үндэстэнд илчлэлийн гэрэл» болно хэмээн ариун сүнсээр удирдуулан хэлжээ (Лук 2:25–32). Түүнээс гадна, Есүс шүүгдэх шөнөө хэрхэн гутаан доромжлогдохыг Исаиа 50:6–9-д зөгнөсөн байдаг (Мат. 26:67; Лук 22:63). МЭ 33 оны Пентекостын өдөр өнгөрсний дараа элч Петр Еховагийн «Зарц» бол Есүс гэдгийг тодорхой хэлсэн (Ис. 52:13; 53:11; Үйлс 3:13, 26-г уншина уу). Мессиагийн тухай тэдгээр зөгнөлөөс бид юу мэдэж болох вэ?
Ехова Зарцдаа заадаг
5. Зарц хэнээр, юу заалгасан бэ?
5 Ууган Хүү нь хүн болохоосоо өмнө Эцэг Еховатайгаа хэчнээн дотно харьцаатай байсныг Бурхны зарцын тухай зөгнөсөн Исаиагийн нэг зөгнөл тодорхой харуулдаг (Исаиа 50:4–9-ийг уншина уу). Ехова өөрт нь үргэлж зааж сургадаг байсан тухай Зарц: «Намайг сэрээн, шавь мэт сонсгохын тулд Тэр Миний чихийг нээнэ» гэж хэлсэн байдаг (Ис. 50:4). Тэр бүх хугацаанд Еховагийн Зарц Эцгийгээ сонсож, Эцгээсээ суралцдаг дуулгавартай шавь нь байжээ. Орчлонт ертөнцийг Бүтээгч Бурхнаар заалгана гэдэг хосгүй завшаан байсан нь ойлгомжтой!
6. Эцэгтээ бүрэн захирагддагаа Зарц хэрхэн харуулсан бэ?
6 Энэ зөгнөлд гардаг Зарц Эцгийгээ «Эзэн БУРХАН [«Хэмжээгүй эрхт Эзэн Ехова», ШЕ]» гэж хэлдэг. Үүгээрээ Еховаг орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн гэдгийг хүлээн зөвшөөрдгөө харуулжээ. Эцэгтээ бүрэн захирагддагийг нь «Эзэн БУРХАН Миний чихийг нээв. Би ч татгалзсангүй, гэдрэг ухарсангүй» гэж хэлсэн үгнээс нь мэдэж болно (Ис. 50:5). Орчлонт ертөнц хийгээд хүнийг бүтээх үед Бурхны Хүү «[Еховагийн] хажууд уран дархан мэт» байж, «Түүний өмнө үргэлж баярлаж байв. Түүний газар болох дэлхийд баярлан, хүмүүсийн хөвгүүдээр бахдан байв» (Сур. 8:22–31, МБОХ, 2000).
7. Сорилттой тулгарах үед Эцэг нь тусална гэдэгт Зарц итгэж байсан нь юунаас харагддаг вэ?
7 Зарц Эцгээсээ сурч боловсорсноос гадна, хүн төрөлхтөнд хайртай байсан учир дэлхийд ирээд хатуу ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан ч бууж өгөөгүй юм. Харгис хавчлагад өртөхдөө ч Эцгийнхээ хүсэл тааллыг үргэлж баяртайгаар гүйцэлдүүлж байв (Дуу. 40:8; Мат. 26:42; Иох. 6:38). Зовлон эдэлж байхдаа Эцгийнхээ сайшаалыг хүлээж, тусламж дэмжлэгийг нь авна гэдэгтээ итгэлтэй байлаа. Исаиагийн зөгнөснөөр Есүс: «Намайг Зөвтгөгч ойрхон байна. Хэн Надтай тэмцэлдэх вэ? ... Үзэгтүн, Эзэн БУРХАН Надад тусалдаг» гэж хэлж чадсан юм (Ис. 50:8, 9). Исаиагийн өөр нэг зөгнөлд бичсэнчлэн, Ехова дэлхийд байх хугацаанд нь үнэнч Зарцдаа үнэхээр тусалдаг байсан.
Зарцын дэлхий дэх үйлчлэл
8. Исаиа 42:1-д зөгнөсөн, Еховагийн «сонгосон нэгэн» нь Есүс байсныг юу баталдаг вэ?
8 МЭ 29 онд Есүсийг баптисм хүртэх үед юу болсон тухай Библид: «Ариун Сүнс ... Түүн дээр тагтаа мэт буун иртэл тэнгэрээс дуу гарч, „Чи Миний хайртай Хүү. Чамд Миний таалал оршдог“ гэв» хэмээн бичжээ (Лук 3:21, 22). Ехова тийнхүү, Исаиагийн зөгнөлд гардаг, өөрийнх нь «сонгосон нэгний» хэн болохыг хэлж өгсөн (Исаиа 42:1–7-г уншина уу). Есүс дэлхийд байхдаа энэ зөгнөлийг яг таг биелүүлсэн. Евангели бичигч Матай Исаиа 42:1–4-т байдаг үгийг Есүст хамааруулан иш татжээ (Мат. 12:15–21).
9, 10. а) Есүс дэлхийд байхдаа Исаиа 42:3-ын зөгнөлийг хэрхэн биелүүлсэн бэ? б) Христ дэлхийд байхдаа шударга ёсыг хэрхэн «түрэн авчирсан» бэ? Дэлхий даяар хэзээ «шударга ёсыг тогтоох» вэ?
9 Иудейн шашны удирдагчид энгийн ардыг хавчин гадуурхдаг байв (Иох. 7:47–49). Тэдэнтэй ширүүн харьцаж, «бяцлагдсан хулс», унтрах шахсан «зул» мэт үздэг байлаа. Харин Есүс ядуу, дарлагдсан олныг өрөвддөг байв (Мат. 9:35, 36). Тийм хүмүүсийг энэрэн, «Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над руу ир. Би та нарыг амраая» хэмээн хэлж байжээ (Мат. 11:28). Бас Еховагийн тогтоосон зөв, буруугийн хэм хэмжээг зааж сурган, «шударга ёсыг ... түрэн авчирсан» (Ис. 42:3). Түүнчлэн, Бурхны хуулийг хэрэгжүүлэхдээ ухаалаг, өршөөнгүй байх хэрэгтэй гэдгийг үзүүлсэн (Мат. 23:23). Баян, ядуу хэнийг ч ялгалгүй дэлгэрүүлж, шударга чанараа баталсан (Мат. 11:5; Лук 18:18–23).
10 Еховагийн «сонгосон нэгэн» «дэлхийд шударга ёсыг тогтоох» тухай Исаиа бас зөгнөжээ (Ис. 42:4). Есүс удахгүй Бурхны Хаанчлалын Хааны хувьд бүх засгийн газрыг устгаж, оронд нь өөрийн зөв шударга засаглалыг тогтоохдоо дээрх зөгнөлийг биелүүлж, «зөвт байдал оршдог» шинэ ертөнцийн үүдийг нээнэ (2 Петр 3:13; Дан. 2:44).
«Гэрэл» ба «Гэрээ»
11. Есүс І зуунд хэрхэн «үндэстнүүдийн гэрэл» болж байсан бэ? Өнөө үед яаж гэрэл болдог вэ?
11 Есүс Исаиа 42:6-д зөгнөснөөр, үнэхээр «үндэстнүүдийн гэрэл» гэдгээ баталсан. Дэлхийд байхдаа гол нь иудейчүүдэд сүнслэг гэрэл тусгаж байв (Мат. 15:24; Үйлс 3:26). Гэхдээ Есүс өөрийгөө: «Би бол ертөнцийн гэрэл» хэмээн хэлсэн байдаг (Иох. 8:12). Тэрбээр иудейчүүд болон бусад үндэстнийг сүнслэгээр гэгээрүүлээд зогсоогүй, бүх хүн төрөлхтний төлөө төгс амиа золиослон, гэрэл болжээ (Мат. 20:28). Амилсныхаа дараа шавь нартаа өөрийг нь «дэлхийн хязгаар хүртэл» гэрчлэхийг даалгасан (Үйлс 1:8). Паул Барнаб хоёр даалгавраа биелүүлж явахдаа «үндэстнүүдийн гэрэл» гэдэг үгийг иш татаж, энэ нь иудей биш хүмүүст дэлгэрүүлэхтэй холбоотой болохыг хэлсэн (Үйлс 13:46–48; Исаиа 49:6-тай харьцуулна уу). Тэр ажлыг Есүсийн тослогдсон ах дүүс болон тэдний хамтран зүтгэгчид одоо ч хийж байгаа бөгөөд сүнслэг гэрлийг түгээж, «үндэстнүүдийн гэрэл» болох Есүст итгэхэд нь хүмүүст тусалж байна.
12. Ехова Зарцаа хэрхэн «ард түмний гэрээ» болгосон бэ?
12 Тэр зөгнөлд Ехова сонгосон Зарцдаа: «Би ... чамайг хамгаална. Би чамайг ард түмний гэрээ болгоно» гэж хэлдэг (Ис. 42:6). Сатан Есүсийг устгаж, дэлхий дэх ажил үүргээ биелүүлэхэд нь саад болох гэж шаргуу оролдож байсан ч Ехова Хүүгээ үхэх цаг нь болтол хамгаалсан (Мат. 2:13; Иох. 7:30). Дараа нь түүнийг амилуулж, хүн төрөлхтөнд «гэрээ» буюу баталгаа болгон өгсөн. Бурхны үнэнч Зарц «үндэстнүүдийн гэрэл» хэвээрээ байж, хүмүүсийг сүнслэг харанхуйгаас чөлөөлнө гэдгийг тэр ариун гэрээ баталдаг (Исаиа 49:8, 9-ийг уншина уу).
13. Есүс дэлхийд байхдаа «харанхуйд суугчдыг» хэрхэн аварсан бэ? Одоо хэрхэн аварч байна вэ?
13 Энэ гэрээ ёсоор, Еховагийн сонгосон Зарц «сохрын нүдийг нээн», «гяндангаас хоригдлуудыг чөлөөлж, харанхуйд суугчдыг» аврах учиртай байлаа (Ис. 42:7). Есүс дэлхийд байхдаа хуурамч шашны үнэн нүүр царайг илчлэхийн зэрэгцээ Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглан, уг гэрээг биелүүлсэн (Мат. 15:3; Лук 8:1). Тийнхүү, өөрийнх нь шавь болсон иудейчүүдийг сүнслэг хүлээснээс чөлөөлжээ (Иох. 8:31, 32). Олон сая иудей биш хүмүүсийг ч бас сүнслэг утгаар аварсан. Тэрбээр «явж, бүх үндэстнийг дагалдагч болгохыг» дагалдагчдадаа даалгахдаа «үеийн төгсгөл хүртэл... үргэлж хамт байхаа» амласан (Мат. 28:19, 20). Христ Есүс дэлхий даяар явагдаж буй дэлгэрүүлэх ажлыг тэнгэрээс хянаж байдаг.
Ехова «Зарцаа» өргөмжилсөн
14, 15. Ехова Зарцаа өргөмжилсний учир юу вэ? Яаж өргөмжилсөн бэ?
14 Ехова Мессиа-Зарцынхаа тухай өөр нэг зөгнөлд: «Үзэгтүн, Миний зарц ухаалгаар үйлдэнэ. Тэр өргөмжлөгдөж, хүндэтгэгдэн, үлэмж магтагдана» хэмээн айлджээ (Ис. 52:13). Ехова хэмжээгүй эрх мэдэлд нь захирагдан, хамгийн хүнд сорилтыг үнэнчээр давсан Хүүгээ өргөмжилсөн.
15 Элч Петр Есүсийн тухай: «Тэрээр тэнгэрт очоод Бурхны баруун гарт байж, тэнгэр элчүүд, эрх мэдлүүд болон хүчнүүд Түүнд захирагдаж байгаа билээ» гэж бичжээ (1 Петр 3:22). Бас элч Паул: «Тэрээр үхэлд ч төдийгүй загалмайн үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгов. Тиймээс ч Бурхан Түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов. Энэ нь Есүсийн нэрд тэнгэрт байгаа, газар дээр байгаа, газрын доор байгаа бүх юм өвдөг сөгдөж, мөн бүх хэл Бурхан Эцгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хүлээн зөвшөөрөх ёстойн учир ажээ» хэмээн бичсэн байна (Флп. 2:8–11).
16. 1914 онд Есүс хэрхэн үлэмжийн дээдээр өргөмжлөгдсөн бэ? Тэр үеэс юу юу хийсэн бэ?
16 1914 онд Ехова Есүсийг Хаанчлалынхаа Хаан болгож, үлэмжийн дээдээр өргөмжилсөн (Дуу. 2:6; Дан. 7:13, 14). Тэр үеэс Христ «өөрийн дайснуудын дунд захирч» эхэлсэн (Дуу. 110:2). Тэрбээр эхлээд Сатан болон чөтгөрүүдийг дийлж, дэлхийн орчимд хаясан (Илч. 12:7–12). Дараа нь Их Корешийн хувьд, дэлхийд үлдсэн тослогдсон ах дүүсээ «Агуу их Вавилоны» савраас чөлөөлсөн (Илч. 18:2; Ис. 44:28). Одоо «бусад» сүнслэг ах дүүсээ болон өөр хонинуудыг цуглуулах дэлхий дахины дэлгэрүүлэх ажлыг удирдаж байна (Илч. 12:17; Иох. 10:16, ШГ; Лук 12:32).
17. Та «зарцын» тухай Исаиагийн зөгнөлүүдийг судлаад ямар сургамж авсан бэ?
17 «Исаиа» номд бичсэн энэ гайхалтай зөгнөлүүдийг судлахад бидний төлөө амиа золиосолсон Хаан Христ Есүст талархах сэтгэл улам гүнзгийрдэг. Есүс дэлхийд байхдаа Эцэгтээ дуулгавартай байсан нь тэнгэрт байхдаа Эцгээрээ сайн заалгасны илрэл юм. Тэрбээр өөрөө дэлгэрүүлж байсан төдийгүй, дэлгэрүүлэх ажлыг өнөөдрийг хүртэл хянаж, «үндэстнүүдийн гэрэл» гэдгээ баталдаг. Дараагийн өгүүллээр, Мессиа-Зарц зовлон эдэлж, бидний сайн сайхны төлөө амиа өгөх тухай өгүүлдэг өөр нэг зөгнөлийн тухай ярилцана. Христийн үхлийг Дурсах арга хэмжээ ойртож байгаа учраас энэ бол бидний «санах» ёстой асуудал юм (Евр. 12:2, 3).
[Зүүлт]
a Эдгээр зөгнөлийг Исаиа 42:1–7; 49:1–12; 50:4–9; 52:13–53:12-оос үзээрэй.
Давтах асуулт
• Исаиагийн зөгнөлд гардаг «зарц» гэж хэн бэ? Үүнийг бид хаанаас мэддэг вэ?
• Зарц Еховагаар заалгаад юу сурсан бэ?
• Есүс яаж «үндэстнүүдийн гэрэл» болдог вэ?
• Зарц хэрхэн өргөмжлөгдсөн бэ?
[21-р хуудасны зураг]
Исаиагийн дурдсан «зарц» гэдэг нь Мессиа Есүс болохыг Филип тодорхой хэлсэн
[23-р хуудасны зураг]
Еховагийн сонгосон Зарц Есүс ядуу, дарлагдсан хүмүүсийг өрөвддөг байсан
[24-р хуудасны зураг]
Эцэг нь Есүсийг Хаанчлалынхаа Хаан болгон өргөмжилсөн