Еховагийн өгдөг жинхэнэ эрх чөлөөг эдлээрэй
«Эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үз» (ИАК. 1:25).
ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?
Ямар хуулийг сахивал жинхэнэ эрх чөлөөтэй болох вэ? Энэ хууль хэнд ач тустай вэ?
Жинхэнэ эрх чөлөөтэй болохын нууц нь юу вэ?
Амийн замаар явдаг хүмүүс ямар эрх чөлөөтэй болох вэ?
1, 2. а) Хүмүүсийн эрх чөлөө ямар болж байна вэ? Яагаад? б) Еховагийн үйлчлэгчид ямар эрх чөлөө эдлэх вэ?
ӨНӨӨ үед сувдаг шунахай явдал, хууль бус байдал, хүчирхийлэл улам гаарч байна (2 Тим. 3:1–5). Үүний улмаас янз бүрийн хууль гаргаж, цагдаагийн хүчийг зузаатгаж, хяналтын камерыг өргөн хэрэглэдэг болжээ. Зарим улсад гэртээ дохиоллын систем суурилуулдаг, хаалгандаа давхар давхар цоож хийдэг, тэр бүү хэл, хашаандаа цахилгаан хамгаалалт тавьдаг айл олширсон. Хүүхдээ хараа хяналтгүй гадаа тоглуулах юм уу шөнийн цагаар гадагшаа гарах дургүй хүн олон. Тэгэхлээр хүмүүсийн эрх чөлөө хумигдаж байгаа нь илт. Цаашдаа ч үргэлжлэх биз ээ.
2 Эрт үед Еден цэцэрлэгт юу болсныг саная. Еховагаас хараат бус байсан цагт жинхэнэ эрх чөлөө эдэлнэ гэж Сатан мэдэгджээ. Ор үндэсгүй худал байсныг түүх гэрчилдэг! Бурхны тогтоосон хэм хэмжээг үл тоомсорлохын хэрээр хүн төрөлхтөн тэр чигээрээ зовлон амсдаг. Улам дордож буй энэ байдлаас болоод Еховагийн үйлчлэгчид бид бас зовдог. Гэхдээ бидний ирээдүй гэрэл гэгээтэй. Хүн төрөлхтөн нүгэл хилэнц, ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Библид бичсэнээр, «Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдах болно» (Ром 8:21). Ехова тийм эрх чөлөөг эдлүүлэхийн тулд үйлчлэгчдээ одооноос бэлдэж байна. Яаж тэр вэ?
3. Ехова Христийн дагалдагчдад ямар хууль өгсөн бэ? Ямар ямар асуултыг авч үзэх вэ?
3 Ехова тэрхүү эрх чөлөөг үйлчлэгчдэдээ эдлүүлэхийн тулд, Иаковын бичсэнээр, «эрх чөлөөний хууль болох төгс хуулийг» өгсөн (Иаков 1:25-ыг уншина уу). Библийн өөр орчуулгад «биднийг чөлөөлдөг хууль» («The New English Bible»), «эрх чөлөөг олгох төгс хууль» (ШГ) гэж бичсэн байдаг. Ер нь хүмүүс хууль гэдэг үгийг сонсоод хориг саадын тухай бодохоос бус, эрх чөлөөний тухай боддоггүй. Тэгвэл «эрх чөлөөний хууль болох төгс хууль» гэж юу вэ? Яаж эрх чөлөөтэй болгодог вэ?
БИДНИЙГ ЧӨЛӨӨЛДӨГ ХУУЛЬ
4. «Эрх чөлөөний хууль болох төгс хууль» гэж юу вэ? Хэнд тустай вэ?
4 «Эрх чөлөөний хууль болох төгс хууль» гэдэг нь Мосегийн хууль биш юм. Ехова нүгэлтэйг нь мэдүүлэх гэж Мосегийн хуулийг израильчуудад өгсөн бөгөөд Христ энэ хуулийг гүйцэлдүүлсэн (Мат. 5:17; Гал. 3:19). Тэгвэл Иаков ямар хуулийн тухай бичсэн юм бол? «Христийн хуулийг» бодож байжээ. Үүнийг бас «итгэлийн хууль» гэдэг (Гал. 6:2; Ром 3:27). Тийм учраас, «төгс хууль» гэдэг нь Еховагийн бүх шаардлага юм. Тослогдсон христианууд болон «өөр хонинуудын» хэн хэнд нь энэ хууль тустай (Иох. 10:16, ШГ).
5. Эрх чөлөөний хууль нь ямар учраас биелүүлэхэд хэцүү биш вэ?
5 «Төгс хууль» нь ойлгомжгүй, дагаж мөрдөхөд хэцүү зүйл биш юм. Харин ч энгийн тушаал, үндсэн зарчмаас бүрддэг учир улс орнуудын хуулиас ялгаатай (1 Иох. 5:3). «Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн» гэж Есүс хэлсэн (Мат. 11:29, 30). Дүрэм журмын урт жагсаалт «төгс хуульд» байдаггүй. Хайрыг үндэс болгодог энэ хууль чулуун хавтан дээр бус, харин хүний оюун ухаан, зүрх сэтгэлд сийлээстэй байдаг (Еврей 8:6, 10-ыг уншина уу).
«ТӨГС ХУУЛЬ» БИДНИЙГ ХЭРХЭН ЧӨЛӨӨЛДӨГ ВЭ?
6, 7. Еховагийн шаардлагуудын талаар юу хэлж болох вэ? Эрх чөлөөний хууль бидэнд ямар боломж олгодог вэ?
6 Ехова ямар нэг юм хийхийг хориглодог нь оюун ухаант бүтээлүүдийнхээ тусын тулд бөгөөд тэднийгээ хамгаалах зорилготойнх юм. Жишээ нь, энерги ба материйг захирдаг физикийн хуулиудыг аваад үзье. Эдгээр хуулийг дарамт болдог гэж гомдоллодог хүн байдаггүй шүү дээ. Харин ч өөрт нь тустайг хүлээн зөвшөөрч, сайшаадаг. Үүнтэй адилаар, Христийн «төгс хуульд» тусгагдсан Еховагийн шаардлагууд хүний сайн сайхны төлөө байдаг.
7 Эрх чөлөөний хууль нь биднийг хамгаалаад зогсохгүй, зөв зохистой бүх хүслээ хангах боломж олгодог. Ингэхдээ өөрөө хохирохгүй, бусдын эрх, эрх чөлөөнд халдахгүй байх ёстой. Тэгэхлээр, жинхэнэ эрх чөлөөтэй байх буюу хүссэн бүхнээ чөлөөтэй хийхийн нууц нь зөв зүйтэй юм хүсдэг болох юм. Үүний тулд Еховагийн таалалд нийцдэг, биднээс шаарддаг зүйлийг хүсдэг болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Еховагийн хайрладгийг хайрлаж, жигшдэгийг нь жигшиж сурах шаардлагатай. Эрх чөлөөний хуулийг сахивал ийм хүсэлтэй болно (Ам. 5:15).
8, 9. Эрх чөлөөний хуулийг сахихын ач тус юу вэ? Жишээ хэлнэ үү.
8 Бид төгс бус учраас буруу юм хийх хүсэлтэйгээ тэмцэх нь тийм ч амар биш. Гэхдээ эрх чөлөөний хуулийг чанд сахивал одоо ч эрх чөлөө эдэлж болно. Жишээ нь, Жей гэдэг хүн архаг тамхичин байжээ. Библи судлаад, тамхи татах нь Бурханд таалагдахгүйг ойлгосон гэнэ. Тэгээд яасан бэ? Махан биедээ захирагдсан уу, Еховаг дагасан уу? Тамхиа хаях хэцүү байсан ч ухаалаг байж Бурханд үйлчлэхээр шийдсэн. Муу зуршлаа хаясны дараа ямар санагдсан бол? «Жинхэнэ эрх чөлөөтэй байхын баяр жаргалыг биеэрээ амссан» гэж тэрбээр хожим нь дурсжээ.
9 Махан биеийн хүслээ ханган эрх дураараа амьдардаг энэ ертөнцийн хүмүүс үнэн чанартаа нүглийн боол байдаг. Харин Еховагийн сүнсээр удирдуулдаг хүмүүс эрх чөлөөтэй байж, «амь ба амар тайван» руу хөтлөгддөг. Жей энэ үнэнийг биеэрээ ойлгожээ (Ром 8:5, 6). Тэрбээр муу зуршлаасаа яаж салсан бол? Өөрийн хүчээр биш, Бурхны хүчээр салжээ. «Библи тогтмол судалж, ариун сүнс гуйн залбирдаг байсан. Бас хурлын ах дүү нар маань надад тусалсан» хэмээн Жей ярьсан юм. Бид ч гэсэн энэ бүхний ачаар жинхэнэ эрх чөлөөтэй болно.
БУРХНЫ ҮГИЙГ НЯХУУР ҮЗ
10. Бурхны хуулийг «няхуур үзэх» гэж яахыг хэлдэг вэ?
10 Иаков 1:25-д «Эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үздэг бөгөөд түүгээр байдаг хүн нь үйлс дотроо ерөөгдөх болно» гэж бичжээ. «Няхуур үзэх» гэж орчуулсан грек үг нь «ямар нэг зүйлийг сайн харахаар тонгойх» гэсэн утгатай. Нэлээд хүчин зүтгэл гаргана гэсэн үг. Тэгэхлээр эрх чөлөөний хуулийг оюун ухаан, зүрх сэтгэлдээ хоногшуулъя гэвэл Библийг хичээнгүйлэн судалж, уншсан зүйлээ сайтар эргэцүүлэн бодох учиртай (1 Тим. 4:15).
11, 12. а) Үнэнийг өөрийн болгож, тэр дагуу амьдрах хэрэгтэйг Есүс хэрхэн онцолсон бэ? б) Дээрх жишээг харвал, ялангуяа хүүхэд залуучууд ямар аюулаас зайлсхийх ёстой вэ?
11 Мөн, «түүгээр байх» хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Бурхны Үгийн зөвлөгөөг тууштай хэрэгжүүлэн, үнэний дагуу амьдрах шаардлагатай. Есүс өөрт нь итгэдэг хүмүүст бас иймэрхүү утгатай үг хэлсэн. Тэрбээр: «Хэрэв та нар Миний үгэн дотор байвал үнэхээр Миний дагалдагчид байна. Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө» гэжээ (Иох. 8:31, 32). Нэгэн тайлбар тольд бичсэнээр «ойлгох» гэдэг үг нь бас үнэлэн эрхэмлэх гэсэн утгатай аж. Учир нь «ойлгож мэдсэн тэр зүйл нь тухайн хүнд үнэ цэнэтэй, чухал байдаг». Тэгэхлээр үнэнийг өөрийн болгож, тэр дагуу амьдардаг болсон цагт бүрэн «ойлгох» юм. Тэр үед «Бурханы үг» бидний дотор «ажлаа хийн» зан чанарыг маань төлөвшүүлж, тэнгэрийн Эцгээ илүү сайн дууриах чадвартай болгоно (1 Тес. 2:13).
12 Та өөрөөсөө дараах асуултыг асуугаарай. «Би Библийн үнэнийг жинхэнэ ёсоор мэддэг үү? Үнэнийг өөрийн болгож, тэр дагуу амьдарч байгаа юу? Эсвэл ертөнцийнхний „эрх чөлөөг“ хүсдэг хэвээрээ юү?». Христиан эцэг эхийн гар дээр өссөн нэг Гэрч эмэгтэй өсвөр насаа дурсан, «Гэрч айлын хүүхэд хар багаасаа л Еховагийн тухай сонсож өсдөг. Гэвч үнэндээ би Еховаг мэддэггүй байсан юм билээ. Үзэн яддаг юмыг нь үзэн ядаж сураагүй. Миний хийсэн зүйл Еховад хамаатай гэж ерөөсөө бодож байгаагүй. Ямар нэгэн юм болбол Бурханд биш, өөртөө л найддаг байлаа. Юугаа ч мэдэхгүй, мөн ч тэнэг байж дээ» хэмээн бичжээ. Тэрбээр буруугаа хожим нь ухаараад өөрийгөө өөрчилсөн нь сайшаалтай. Бүр байнгын эхлэгч болжээ.
АРИУН СҮНС ТАНЫГ ЧӨЛӨӨЛНӨ
13. Эрх чөлөөтэй болоход маань ариун сүнс хэрхэн тусалдаг вэ?
13 2 Коринт 3:17-д «[Еховагийн] Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг» хэмээн бичжээ. Эрх чөлөөтэй болоход маань ариун сүнс хэрхэн тусалдаг вэ? «Хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал» гэх мэтийн чанаруудыг бий болгодог (Гал. 5:22, 23). Эдгээр чанар, ялангуяа хайр байхгүй бол хүмүүс жинхэнэ ёсоор эрх чөлөөтэй болж чадахгүй. Өнөөгийн ертөнц үүнийг баталж байна. Сонирхолтой нь элч Паул сүнсний үр жимсийг дурдсаныхаа дараа «Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй юм» хэмээн бичсэн. Юу хэлэх гэсэн юм бол? Бурхны сүнсний үр жимсийг ургуулахад саад болдог ямар ч хууль байдаггүй ажээ (Гал. 5:18). Энэ сайхан чанаруудыг өөртөө бий болгоод, үүрд мөнх илэрхийлээсэй гэж Ехова биднээс хүсдэг.
14. Ертөнцийн сүнсэнд эзэмдүүлсэн хүнийг боолчлогддог гэхийн учир юу вэ?
14 Ертөнцийн сүнсэнд эзэмдүүлсэн болон юу хүссэнээ хийдэг хүмүүс өөрсдийгөө эрх чөлөөтэй гэж бодож болох юм (2 Петр 2:18, 19-ийг уншина уу). Гэвч үнэн хэрэгтээ боол гэдгээ ойлгодоггүй. Ийм хүмүүсийн хүсэл сонирхол, биеэ авч явах байдлыг хянаж хязгаарлахын тулд өчнөөн олон хууль дүрэм тогтоох зайлшгүй шаардлага гардаг. «Хууль нь зөв хүнд зориулагдаагүй, харин хуульгүй болон тэрслүү хүмүүст» зориулагдсан гэж Паул бичжээ (1 Тим. 1:9, 10). Бас тэр хүмүүс нүгэлт махан биеийнхээ боол нь юм. Учир нь тэд махан бие хэмээх харгис захирагчийнхаа «хүслүүдийг» гүйцэлдүүлдэг (Еф. 2:1–3). Балын амтанд дурласаар балтайгаа наалдаад савнаас гарч чадахаа больсон хорхойтой адил, тэд буруу хүсэлдээ хөтлөгдсөөр нүглийн урхинд ордог (Иак. 1:14, 15).
ХРИСТИАН ХУРАЛ ДОТОРХ ЭРХ ЧӨЛӨӨ
15, 16. Христиан хуралтай нягт холбоотой байх нь яагаад чухал бэ? Бид ямар эрх чөлөө эдэлдэг вэ?
15 Христиан хурлын гишүүн болохыг ямар нэг клубийн гишүүн болохтой адилтгаж болохгүй. Ехова таныг татсан учраас та ард түмнийх нь дунд байгаа (Иох. 6:44). Ямар учраас татсан юм бол? Бурхнаас эмээдэг, зөв хүн болохоор тань уу? «Яалаа гэж дээ!» гэж та хариулах байх. Тэгвэл яагаад татсан бэ? Эрх чөлөөний хуулийг сахиж, зааврыг нь дуртайяа дагах хүн гэж үзсэн учраас тэр шүү дээ. Ехова таныг ард түмэнтэй нь нэгдсэн цагаас эхлээд сүнслэгээр тэжээж, шашны худал хуурмаг, мухар сүсгээс ангижруулан, христиан зан чанарыг өөртөө хэрхэн бий болгохыг зааж сургаж байгаа (Ефес 4:22–24-ийг уншина уу). Үүний ачаар та жинхэнэ эрх чөлөөтэй хүмүүсийн нэг байх завшаан эдэлж байна (Иак. 2:12).
16 Бодоод үз дээ. Та Еховаг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрладаг хүмүүстэй хамт байхдаа айж түгшдэг үү? Байн байн ийш тийш сэрэмжлэн хардаг уу? Хаанчлалын танхимд итгэл нэгтнүүдтэйгээ ярьж хөөрч байхдаа юмаа алдахгүйн тулд цүнхээ бариад явдаг уу? Огтхон ч үгүй! Санаа амар байж болдог. Өөр газар байвал тэгж чадах уу? Яасан ч чадахгүй! Гэтэл өнөөдөр Бурхны ард түмний дунд эдэлж байгаа эрх чөлөөг ирээдүйд эдлэх эрх чөлөөтэй харьцуулахад хэлтэрхий төдий юм шүү дээ.
«БУРХАНЫ ХҮҮХДҮҮДИЙН АЛДРЫН ЭРХ ЧӨЛӨӨ»
17. Хүн төрөлхтөн эрх чөлөөтэй болох нь «Бурханы хөвгүүдийн илчлэгдэхтэй» ямар холбоотой вэ?
17 Дэлхий дэх үйлчлэгчдэдээ Еховагийн өгөх эрх чөлөөний талаар элч Паул: «Бүтээлийн тэсэн ядаж хүлээдэг нь Бурханы хөвгүүдийн илчлэгдэх юм» гээд цааш нь «Бүтээл нь өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдах болно гэсэн найдварын улмаас юм» хэмээн бичжээ (Ром 8:19–21). «Бүтээл» гэдэг нь дэлхий дээр мөнх амьдрах найдвартай хүн төрөлхтөн юм. Бурхны тослогдсон хөвгүүдийг «илчлэгдэх» үед тэд ашиг тусыг нь хүртэнэ. Хэзээнээс «илчлэгдэж» эхлэх вэ? Тэнгэрт амилсан тослогдогсод Христтэй хамтарч дэлхийг ёс бус бүхнээс цэвэрлэх, «үй олон хүнийг» авран шинэ ертөнцөд амьдруулах тэр үеэс эхлэн илчлэгдэх юм (Илч. 7:9, 14).
18. Дуулгавартай хүмүүс яаж аажим аажмаар эрх чөлөөтэй болох вэ? Эцэстээ ямар эрх чөлөө эдлэх вэ?
18 Дараа нь хүн төрөлхтөн цоо шинэ эрх чөлөө эдэлнэ. Тэд Сатан болон чөтгөрүүдийн нөлөөнөөс ангижирна (Илч. 20:1–3). Тэр үед хэчнээн амар амгалан байх бол оо! 144 000 хаан, тахилч нар золиосны ач тусыг хүн төрөлхтөнд зугуухан хүртээсээр, Адамаас үүдэлтэй нүгэл, төгс бус байдлыг ул мөргүй арилгана (Илч. 5:9, 10). Дуулгавартай хүмүүс сорилтын үед ч үнэнч гэдгээ баталсны эцэст Еховагийн санаж зорьсон төгс эрх чөлөөг эдлэн «Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдах болно». Бурхны нүдэнд зөв харагддаг зүйлийг хийхэд хэцүү санагдахаа болино гээд бодоод үз дээ! Яагаад гэвэл, таны бие махбод, зүрх сэтгэл, оюун ухаан тэр чигээрээ төгс болж, та Бурхны зан чанарыг төгс тусган харуулж чаддаг болно.
19. «Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөө» эдэлье гэвэл цаг ямагт юу хийх ёстой вэ?
19 Та «Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөө» эдлэхийг хүсэж байна уу? Тэгвэл «эрх чөлөөний төгс хуулийг» оюун ухаан, зүрх сэтгэлдээ хоногшуулах хэрэгтэй. Библийг хичээнгүйлэн судлаарай. Үнэнийг өөрийн болгож, тэр дагуу амьдраарай. Ариун сүнс гуйн залбираарай. Христиан хуралтай нягт холбоотой байж, Еховагийн өгдөг сүнслэг хоолыг цадталаа идэж байгаарай. Сатанд Ева шиг мэхлүүлж, Бурхныг хэтэрхий хатуу гэж бодуузай. Диавол зальтай ч түүнд ялагдахгүй байх боломж бий. «Учир нь түүний хөнөөх санааг бид ямар мэдэхгүй биш». Энэ тухай дараагийн өгүүллээр үзье (2 Кор. 2:11).
[9-р хуудасны зураг]
Би ертөнцийнхний «эрх чөлөөг» хүсэн тэмүүлдэг хэвээрээ юү?
[9-р хуудасны зураг]
Би үнэний дагуу амьдардаг уу?