Албан тушаалтнуудын өмнө зогсоод сайн мэдээг хамгаалах нь
«ТЭР бол харь үндэстнүүд, хаад[ын] ... өмнө Миний нэрийг үүрэхийн тулд Миний сонгогдсон сав» (Үйлс 9:15). Эзэн Есүс нэгэн иудей хүнийг Христийн шашинд оруулж байгаа тухайгаа ийн хэлжээ. Тэр хүн нь элч Паул юм.
Тэдгээр «хаадын» нэг нь Ромын эзэн хаан Нерон байлаа. Та тийм том захирагчийн өмнө зогсоод итгэл үнэмшлээ хамгаалах болбол яах вэ? Паулын жишээг дагаарай (1 Кор. 11:1). Яаж? Тухайн үеийнхээ хуулийг Паул хэрхэн ашигласныг мэдэж аваарай. Тэгээд Паулыг дуурайгаарай.
Мосегийн хууль Израиль нутагт үйлчилдэг байсан. Гэхдээ ёс суртахууны энэ хуулийг сүсэг бишрэлтэй иудейчүүд хаана ч очсон сахин баримталдаг байжээ. Харин Еховаг жинхэнэ ёсоор шүтэгчид МЭ 33 оны Пентекостын өдрөөс хойш Мосегийн хуулийг сахихаа больсон (Үйлс 15:28, 29; Гал. 4:9–11). Гэсэн хэдий ч Паул зэрэг дагалдагчид энэ хуулийг басамжилсан өнгө аястай ярьж байсан удаагүй. Тийм учраас ямар ч саадгүйгээр иудейчүүдэд гэрчилдэг байв (1 Кор. 9:20). Паул олон удаа синагогт орж Абрахамын Бурхны тухай мэддэг хүмүүст дэлгэрүүлж, Еврей Сударт үндэслэн тайлбарлаж байжээ (Үйлс 9:19, 20; 13:5, 14–16; 14:1; 17:1, 2).
Элч нар анх Иерусалимыг төв болгон сонгоод дэлгэрүүлэх ажлыг тэндээс удирдах болсон. Тэд сүмд тогтмол очиж сургаал заадаг байв (Үйлс 1:4; 2:46; 5:20). Паул хааяа Иерусалимд очдог байсан. Тэгж яваад баривчлагдаж, сүүлдээ Ромд хүргэгджээ.
ПАУЛ БА РОМЫН ХУУЛЬ
Ромын эрх баригчид Паулын итгэл үнэмшлийг юу гэж үзсэн бол? Энэ асуултад хариулахын тулд ромчууд шашнуудын талаар ямар үзэлтэй байсныг мэдэх хэрэгтэй. Ромын эзэнт гүрний харьяанд янз бүрийн үндэстэн ястан байв. Үндэсний аюулгүй байдалд нь заналхийлээгүй эсвэл ёс суртахууны хувьд ноцтой аюул учруулаагүй л бол шашин шүтлэгийг нь хориглодоггүй байжээ.
Ромын эзэнт гүрэн иудейчүүдэд нэлээд эрх дарх олгожээ. Нэгэн номд «Ромын эзэнт гүрэнд иудаизм тодорхой байр суурь эзэлдэг байв. ... Жүүдүүд шашнаа чөлөөтэй шүтэх эрх эдэлж Ромын бурхдыг шүтэхгүй байж болдог байжээ. Ахуй амьдралаа өөрсдийнхөө хуулиар зохицуулж болдог байв» гэж бичжээ («Backgrounds of Early Christianity»). Бас цэргийн албанаас чөлөөлөгддөг байжээ.a Паул эрх баригчдын өмнө зогсоод Христийн шашныг өмгөөлж байхдаа Ромын хуулиар олгогдсон энэ л эрх дархаа эдэлсэн.
Эсэргүүцэгчид олон түмнийг болон эрх баригчдыг Паулын эсрэг турхирахыг янз бүрээр оролдож байлаа (Үйлс 13:50; 14:2, 19; 18:12, 13). Нэг явдлыг авч үзье. Паул «Мосег умартахыг сургаж» байна гэсэн цуурхал иудейчүүдийн дунд тарсан нь Иерусалим дахь ахлагчдын сонорт хүрчээ. Иймэрхүү яриаг сонссон шинэхэн иудей дагалдагчид Паулын талаар Бурхны хууль тушаалыг хүндэлдэггүй хүн гэж бодохоор байлаа. Түүнээс гадна Иудейн Дээд шүүх Христийн шашныг иудейн шашинд тэрсэлсэн гэж зарлан тунхаглаж мэдэхээр байв. Хэрэв тэгсэн бол Христийн дагалдагчидтай холбоо сүлбээтэй иудейчүүд шийтгэл хүлээх байлаа. Нийгмээс таслагдаж, сүм юм уу синагогт дэлгэрүүлэх эрхгүй болох байв. Тийм учраас энэ цуурхлыг худал гэж батлахын тулд хурлын ахлагчид Паулд нэгэн зөвлөгөө өгчээ. Тэр нь заавал хийх албагүй зүйл байсан (Үйлс 21:18–27).
Гэхдээ Паул сүмд очоод хэлснээр нь хийжээ. Үүний ачаар «сайн мэдээг батлан хамгаалах» боломж нээгдсэн (Флп. 1:7). Иудейчүүд сүмд үймээн дэгдээж Паулыг хөнөөх бодолтой байлаа. Ромын цэргийн захирагч ирж Паулыг авч яваад ташуурдах гэтэл Паул Ромын иргэн гэдгээ хэлэв. Ингээд Паул Кайсарид хүргэгджээ. Ромчууд тэндээс Иудей мужийг удирддаг байв. Паул энэ онцгой боломжийг ашиглан эрх баригчдын өмнө зогсоод зоригтой дэлгэрүүлсэн. Христийн шашны талаар мэдэх боломжгүй хүмүүст ийнхүү мэдүүлсэн юм.
Христийн дагалдагчид юунд итгэдэг талаар хэдийнээ дуулж мэдсэн Иудейн хэргийг захирагч Фелик элч Паулыг шүүсэн талаар «Үйлс» номын 24 дүгээр бүлэгт бичжээ. Иудейчүүд Паулыг наад зах нь гурван үндэслэлээр Ромын хуулийг зөрчсөн гэсэн ял тулгасан. Тэднийхээр бол Паул эзэнт гүрэн даяар буй иудейчүүдийн дунд үймээн дэгдээсэн, аюултай бүлэглэлийг толгойлдог, Ромын хамгаалалтад байдаг сүмийг бузарлах оролдлого хийсэн ажээ (Үйлс 24:5, 6). Эдгээр хэргийг хийсэн хүнд цаазаар авах ял оноодог байв.
Тэр үед Паул хэрхсэн нь орчин үеийн Христийн дагалдагчдад сургамжтай. Паул тайван байж, хүндэтгэлтэй ярьжээ. Мосегийн хууль, зөнчдийн бичсэн номуудын талаар дурдаад «эцэг өвгөдийнхөө Бурхныг» шүтэх эрхтэйгээ мэдэгдсэн. Ромын хуулийг сахидаг иудейчүүд ийм эрхтэй байв (Үйлс 24:14). Хожим нь Паул дараагийн захирагч Порк Фест болон Херод Антип хааны өмнө итгэл үнэмшлийнхээ тухай ярьж, өмгөөлөн хамгаалсан.
Эцэст нь эрхийнхээ дагуу тухайн цагийн хамгийн хүчирхэг, нөлөө бүхий удирдагч болох Цезарьт давж заалдахаар болсон (Үйлс 25:11).
ПАУЛ ЦЕЗАРИЙН ШҮҮХЭД ХҮРГЭГДСЭН НЬ
Нэг тэнгэр элч: «Чи Цезарийн өмнө зогсох ёстой» гэж Паулд хэлжээ (Үйлс 27:24). Ромын эзэн хаан Нерон төр барьж эхлэхдээ л бүх хэргийг өөрөө шүүхгүй гэдгээ хэлсэн байдаг. Засаглалынхаа эхний найман жилийн хугацаанд бусдад энэ үүргийг өгдөг байв. Нерон ордондоо аливаа хэргийг сонсоод туршлага ихтэй, нөлөө бүхий зөвлөхүүдээр туслуулдаг байсан тухай нэг номд бичжээ («The Life and Epistles of Saint Paul»).
Нерон Паулын хэргийг өөрөө сонсоод шүүсэн үү эсвэл өөр хүнд энэ үүргийг оноосон уу гэдгийг Библид бичээгүй. Ямар ч байсан, Паул иудейчүүдийн Бурхныг шүтдэг гэдгээ хэлсэн. Мөн засгийн газарт зохих ёсоор хүндэтгэлтэй хандахыг бүх хүнд уриалдаг тухайгаа тайлбарласан (Ром 13:1–7; Тит 3:1, 2). Өндөр албан тушаалтнуудын өмнө зогсоод сайн мэдээг өмгөөлөн хамгаалсан нь амжилтад хүрсэн бололтой. Учир нь Цезарийн шүүх Паулыг суллан явуулсан (Флп. 2:24; Флм. 22).
БИД САЙН МЭДЭЭГ ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ
Есүс шавь нартаа «Та нар тэдэнд болоод харь үндэстнүүдэд гэрчлэл болж Миний төлөө захирагчид болон хаадын өмнө хүргэгдэх болно» гэж хэлсэн (Мат. 10:18). Есүсийг ийм аргаар төлөөлнө гэдэг нэр төрийн хэрэг юм. Сайн мэдээг хамгаалах гэж хичээж мэрийвэл шүүх дээр ялалт байгуулж ч магадгүй. Мэдээж төгс бус хүмүүсийн гаргасан шийдвэр сайн мэдээг бүрэн утгаар «батлан хамгаалж» чадахгүй. Зөвхөн Бурхны Хаанчлал хавчлага дарамт, шударга бус явдлыг бүрмөсөн арилгана (Ном. 8:9; Иер. 10:23).
Гэхдээ Христийн дагалдагчид одоо ч итгэл үнэмшлээ хамгаалан Еховагийн нэрийг алдаршуулах боломжтой. Бид Паулыг дуурайн тайван байж, чин сэтгэлээсээ хандаж, итгүүлэн үнэмшүүлэхийг хичээх хэрэгтэй. Есүс дагалдагчдадаа «өөрийгөө хамгаалах гэж урьдаас бэлдэх» хэрэггүйг сануулаад «Учир нь та нарыг эсэргүүцэгчдээс нэг нь ч эсэргүүцэж, хориглож чадахааргүй үг болоод мэргэн ухааныг Би та нарт өгөх болно» хэмээн тайлбарласан (Лук 21:14, 15; 2 Тим. 3:12; 1 Петр 3:15).
Христийн дагалдагчид хаад, захирагчид, албан тушаалтнуудын өмнө зогсоод итгэл үнэмшлээ хамгаалахын зэрэгцээ тэр хүмүүст сайн мэдээ хүргэдэг. Өөр аргаар сонсох боломжгүй хүмүүс ийнхүү Библийн мэдээг сонсдог. Шүүхийн зарим шийдвэр хуулийн заалтуудыг боловсронгуй болгож үг хэлэх, шашин шүтэх эрх чөлөөг хамгаалдаг. Шүүхийн шийдвэр яаж ч гарсан, үйлчлэгчид нь хүнд хэцүү сорилтыг зоригтой сөрвөл Бурхан баярладаг.
a Зохиолч Жеймс Паркс бичихдээ «Жүүдүүд . . . өөрсдийн ёс заншлыг сахих эрхтэй байсан. Энэ нь ямар ч онцгой завшаан биш юм. Яагаад гэвэл ромчууд эзэнт гүрнийхээ харьяанд байдаг үндэстнүүдэд тодорхой хэмжээний эрх дарх өгч бие даан амьдрах боломж олгодог байсан» гэжээ.