СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 48
«Эхэлсэн ажлаа ... дуусгаарай»
«Эхэлсэн ажлаа ... дуусгаарай» (2 КОР. 8:11).
ДУУ 42 «Сул дорой нэгэндээ тус болъё»
ТОЙМa
1. Ехова бидэнд ямар эрх өгсөн бэ?
ЕХОВА бидэнд амьдралынхаа замыг өөрөө сонгох эрх өгсөн. Яавал зөв шийдвэр гаргахыг заадаг. Хэрэв таалалд нь нийцэх шийдвэр гаргавал амжилт олоход маань тусалдаг (Дуу. 119:173). Бурхны Үгэнд байдаг мэргэн ухаанаар удирдуулах тусам зөв шийдвэр гаргаж сурна (Евр. 5:14).
2. Шийдвэр гаргасны дараа ямар асуудал тулгарч болох вэ?
2 Зөв шийдвэр гаргалаа ч хэрэгжүүлэх нь тэр бүр амаргүй. Хэдэн жишээ татъя. Гэрч залуу Библийг уншиж дуусгахаар шийджээ. Эхний хэдэн 7 хоног хуваарийнхаа дагуу уншиж байснаа гэнэт больчихов. Гэрч эмэгтэй байнгын эхлэгч болохоор шийдсэн ч хойшлуулаад л байлаа. Ахлагчдын зөвлөл хоньчны эргэлтийг аль болох олон удаа хийж байхаар санал нэгтэй шийджээ. Гэвч нэлээн хэдэн сар өнгөрсөн хэр нь ажлаа эхлээгүй л байв. Энд гарч буй гурван жишээ нэг юмаараа адилхан. Шийдвэр гаргасан ч бүрэн хэрэгжүүлээгүй. Нэгдүгээр зууны Коринт дахь Христийн дагалдагчдад бас иймэрхүү асуудал тулгарчээ. Тэднээс юу сурч болохыг ярилцъя.
3. Коринтынхон ямар шийдвэр гаргасан бэ? Юу болсон бэ?
3 МЭ 55 оны орчим Коринтынхон нэг чухал шийдвэр гаргажээ. Иерусалим, Иудей дэх итгэл нэгтнүүд нь гай зовлон амсаж, үгүйрэн хоосроод байгаа бөгөөд бусад хурлынхан тэдэнд туслахаар мөнгө цуглуулж байгаа сураг дуулдав. Өгөөмөр, сайхан сэтгэлтэй Коринтынхон бас хувь нэмрээ оруулахаар шийдсэн бөгөөд хэрхэн тусалж болохыг элч Паулаас асуужээ. Паул тэдэнд заавар өгч, хандив цуглуулах ажилд нь туслаг гээд Титийг томилсон (1 Кор. 16:1; 2 Кор. 8:6). Гэхдээ хэдэн сар өнгөрсөн ч Коринтынхон хандиваа цуглуулж дуусаагүйг Паул олж мэдэв. Хурлуудын бэлгийг нийлүүлээд Иерусалимд аваачих цаг болоход Коринтынхны хандив бэлэн биш байх байлаа (2 Кор. 9:4, 5).
4. Паул Коринтынхонд юу гэж зөвлөснийг 2 Коринт 8:7, 10, 11-д бичсэн байдаг вэ?
4 Коринтынхон зөв шийдвэр гаргасан учир Паул тэднийг гайхалтай итгэлтэй, өгөөмөр гэж магтсан. Гэхдээ бас эхэлсэн ажлаа дуусгахыг зөвлөжээ (2 Коринт 8:7, 10, 11-ийг уншина). Гаргасан шийдвэрээ биелүүлэх нь Христийн үнэнч дагалдагчдад ч амаргүй байдаг нь тэдэнд тохиолдсон явдлаас харагддаг.
5. Ямар асуултыг ярилцах вэ?
5 Шийдсэн зүйлээ хэрэгжүүлэх нь бидэнд бас амаргүй байж болох юм. Яагаад? Төгс бусын гайгаар хойшлуулж магадгүй. Эсвэл гэнэтийн явдлаас болоод хийхээр шийдсэн юмаа хийх боломжгүй болж мэднэ (Ном. 9:11; Ром 7:18). Гаргасан шийдвэрээ дахин нягталж, өөрчлөх эсэхээ хэрхэн шийдэх вэ? Эхэлсэн ажлаа хэрхэн дуусгах вэ?
ШИЙДВЭР ГАРГАХААСАА ӨМНӨ
6. Ямар үед шийдвэрээ өөрчлөх хэрэгтэй болдог вэ?
6 Огт өөрчилж болдоггүй шийдвэр гэж байдаг. Жишээлбэл бид Еховад болон ханьдаа үнэнч байна гэж эргэлт буцалтгүй шийдсэн (Мат. 16:24; 19:6). Гэхдээ зарим шийдвэрийг өөрчилж болдог. Яагаад? Нөхцөл байдал өөрчлөгддөг. Хамгийн зөв шийдвэрийг гаргахын тулд яах хэрэгтэй вэ?
7. Еховагаас юу гуйх хэрэгтэй вэ? Яагаад?
7 Мэргэн ухаан гуйж залбираарай. Ехова: «Та нарын нэг нь мэргэн ухаанаар дутвал Бурхнаас гуйж бай. Учир нь ... бүгдэд өгөөмөр сэтгэлээр өгдөг Бурхан түүнд өгнө» гэж Яаковаар бичүүлжээ (Яак. 1:5). Заримдаа бид «мэргэн ухаанаар дутдаг». Тиймээс шийдвэр гаргахдаа ч, гаргасан шийдвэрээ өөрчлөхдөө ч Еховагаас тусламж гуйгаарай. Зөв шийдвэр гаргахад тань Ехова тусална.
8. Шийдвэр гаргахаасаа өмнө яах хэрэгтэй вэ?
8 Сайтар судалж, эрэл хайгуул хийгээрэй. Бурхны Үг, байгууллагын ном хэвлэл болон итгэж найдаж болох хүмүүсээс зөвлөгөө аваарай (Сур. 20:18). Ялангуяа ажлаа солих, нүүх эсвэл Еховадаа идэвхтэй үйлчлэнгээ өөрийгөө тэжээхэд тустай боловсрол сонгох гэх зэргийн чухал шийдвэр гаргахаасаа өмнө энэ алхмыг хийгээрэй.
9. Өөртөө үнэнч байх нь ямар ашигтай вэ?
9 Шийдвэр гаргах болсон шалтгаанаа бодож үзээрэй. Яагаад гэвэл тэр шалтгаан Еховад маш чухал (Сур. 16:2). Бүх юманд үнэнч байгаарай гэж Ехова хэлдэг. Тийм учраас бид шийдвэр гаргахдаа өөртөө болон бусдад үнэнч байх ёстой. Үнэнч биш бол шийдвэрээ ажил хэрэг болгож чадахгүй. Жишээлбэл Гэрч залуу байнгын эхлэгч болохоор шийдсэн гэж бодъё. Гэтэл хэсэг хугацааны дараа цагийн нормоо биелүүлэх нь амаргүй санагдаж, баяр хөөртэй үйлчлэхээ больжээ. Еховаг баярлуулахыг хүсээд энэ шийдвэрийг гаргасан гэж бодож байсан чинь үнэн хэрэгтээ эцэг эхдээ эсвэл өөр хүнд таалагдах гээд эхлэгч болсон ч юм уу?
10. Өөрчлөгдөхийн тулд яах хэрэгтэй вэ?
10 Тамхиа хаяхаар шийдсэн суралцагч байна гэж бодъё. Хэчнээн хэцүү байсан ч тамхи таталгүй нэг хоёр 7 хоног болсон ч хүсэлдээ дийлдэн дахиад татчихав. Гэхдээ эцэст нь тамхиа хаяжээ! Еховаг улам их хайрладаг болж, баярлуулах юм сан гэсэн хүсэл нь муу зуршлаа хаяхад тус болсон байна (Кол. 1:10; 3:23).
11. Яагаад тодорхой зорилго тавих ёстой вэ?
11 Тодорхой зорилго тавиарай. Зорилго тодорхой байх тусам эхэлсэн ажлаа дуусгахад илүү амар байна. Жишээ нь та Библийг урьдынхаасаа олон удаа уншиж байхаар шийдлээ гэж бодъё. Гэхдээ тодорхой хуваарь гаргаагүй бол зорилгодоо хүрэхгүй байж магадгүй.b Эсвэл хурлын ахлагчид хоньчны эргэлтийг аль болох олон удаа хийхээр шийдсэн ч дараа нь тэр шийдвэрээ хэрэгжүүлж чадаагүй бол яах вэ? Дараах асуултыг бодож үзэх хэрэгтэй. «Хурлынхаа хэн хэнтэй эхний ээлжид уулзаж ярилцах шаардлагатай вэ? Нэрсийн жагсаалт гаргасан уу? Цагаа товлосон уу?».
12. Бид яах хэрэгтэй вэ? Яагаад?
12 Бодит байдлыг харгалзан үзээрэй. Хүссэн бүхнээ хийх цаг, мөнгө, хүч хэнд маань ч байхгүй. Тиймээс бодит байдлыг харгалзан ухаалаг байгаарай. Биелүүлж чадахааргүй шийдвэр гаргасан бол өөрчлөх хэрэг гарч болох юм (Ном. 3:6). Та шийдвэрээ дахин нягталж, өөрчлөөд, ажил хэрэг болгож чадна гэсэн дүгнэлтэд хүрлээ гэж бодъё. Тэгвэл эхэлсэн ажлаа дуусгахын тулд яах вэ? Тус болох таван зүйлийг авч үзье.
ШИЙДВЭРЭЭ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХЫН ТУЛД
13. Шийдвэрээ ажил хэрэг болгох хүчийг хэрхэн авах вэ?
13 Хүч гуйж залбираарай. Бурхан танд «бүх юмыг хийх ... хүч чадал хайрлаж», шийдвэрээ ажил хэрэг болгоход тусална (Флп. 2:13). Тиймээс агуу хүчийг нь гуйгаарай. Тэгвэл танд хэрэгтэй хүчийг Ехова өгнө. Залбиралд тань хариулахгүй удаад байх шиг санагдсан ч залбираад л байгаарай. Есүс: «Гуйгаад бай, тэгвэл танд [агуу хүч] өгнө» гэж хэлсэн (Лук 11:9, 13).
14. Шийдвэрээ ажил хэрэг болгоход Сургаалт үгс 21:5-д бичсэн зарчим ямар ач тустай вэ?
14 Төлөвлөгөө зохиогоорой (Сургаалт үгс 21:5-ыг уншина). Ямар нэг төсөл хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөө гаргаад, түүнийхээ дагуу ажилладаг. Үүнтэй адил, ямар нэг асуудлыг шийдэхийн тулд юу хийхээ ерөнхийд нь төлөвлөөрэй. Хэрэв төлөвлөсөн зүйл ярвигтай бол нарийвчилсан төлөвлөгөө гаргаарай. Тэгвэл хэр зэрэг ахицтай яваагаа мэдэхэд хялбар болно. Паул Коринтынхонд «Намайг очсоны дараа цуглуулахын оронд долоо хоног бүрийн эхний өдөр ... цааш нь хийж бай» гэж захисан шүү дээ (1 Кор. 16:2). Нарийвчилсан төлөвлөгөө гаргахын бас нэг сайн тал нь төлөвлөснөө биелүүлж чадахгүй нь гэж түгшихгүй.
15. Төлөвлөгөө гаргасны дараа юу хийдэг вэ?
15 Төлөвлөсөн зүйлээ жагсааж бичих нь шийдвэрээ ажил хэрэг болгоход тустай (1 Кор. 14:40). Жишээ нь ахлагчдын зөвлөл хуралдахдаа протокол хөтлөх ахлагчийг томилдог. Тэр ахлагч хурлаар хэлэлцсэн асуудлыг нэг бүрчлэн тэмдэглэж, хэн ямар ажил хариуцахыг, хэзээ дуусгахыг жагсааж бичнэ. Ахлагчид энэ жагсаалтын дагуу хариуцсан ажлаа цалгардуулахгүй хийх боломжтой (1 Кор. 9:26). Хувийн ажлыг ч ийм аргаар зохицуулж болно. Жишээлбэл, өдөр тутмын ажлыг хамгийн түрүүнд хийх зүйлээс нь эхлээд жагсааж бичнэ. Ингэвэл эхэлсэн ажлаа дуусгаж чадна. Бас богино хугацаанд их ажил амжуулна.
16. Төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд яах шаардлагатай вэ? Ром 12:11-оос юу мэдэж болох вэ?
16 Зүтгэл гаргаарай. Төлөвлөгөөгөө биелүүлж, эхэлсэн ажлаа дуусгая гэвэл чармайх хэрэгтэй (Ром 12:11-ийг уншина). Сайн багш болохын тулд өөрийгөө «анхаарч», «туйлбартай байхыг» Паул Тимотод зөвлөжээ. Бурхантай дотно болгох ямар ч ажлыг хийхэд энэ зөвлөгөө тустай (1 Тим. 4:13, 16).
17. Төлөвлөснөө биелүүлэхдээ Эфэс 5:15, 16-г хэрхэн хэрэгжүүлэх вэ?
17 Цагаа зөв ашиглаарай (Эфэс 5:15, 16-г уншина). Төлөвлөснөө хэзээнээс биелүүлэхээ шийдээрэй. Тогтоосон хугацаагаа бүү өөрчлөөрэй. Хамгийн тохиромжтой цаг гарахыг хүлээх хэрэггүй. Тийм цаг гарахгүй л болов уу (Ном. 11:4). Илүү чухал зүйлд зарцуулах цаг хүчээ ач холбогдол багатай зүйлд бүү зарцуулаарай (Флп. 1:10). Хэн ч саад болохооргүй үеийг сонгоорой. Анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байгаагаа бусдад хэлээрэй. Мөн утсаа унтрааж, цахим шуудан, олон нийтийн сүлжээ гэх мэтийг хожуу шалгаарай.
18, 19. Саад тотгор учирсан үед яавал бууж өгөхгүй вэ?
18 Ямар сайн үр дүнд хүрэхийг бодоорой. Гаргасан шийдвэрийнхээ үр дүнг үзэхийг аялагч зорьсон газраа хүрэхтэй зүйрлэж болно. Зорьсон газраа хүрэхийг үнэхээр их хүсэж байгаа бол зам хаагдсанаас болж тойруу замаар явах байлаа ч аяллаа зогсолтгүй үргэлжлүүлнэ. Үүн шиг, сайн үр дүнд хүрэхийг анхаараад байвал саад тотгор учирсан ч, «тойруу замаар явах» хэрэгтэй болсон ч амархан бууж өгөхгүй (Гал. 6:9).
19 Зөв шийдвэр гаргах ч хэцүү, гаргасан шийдвэрээ ажил хэрэг болгох ч амаргүй. Гэхдээ Ехова таныг мэргэн ухаантай, хүч тэнхээтэй болгож, эхэлсэн ажлаа дуусгахад тусална.
ДУУ 45 Урагшаа тэмүүлцгээе!
a Шийдвэр гаргасныхаа дараа харамсаж байсан удаа танд бий юү? Зөв шийдвэр гаргах нь хэр хэцүү вэ? Тэр шийдвэрээ биелүүлэхэд амаргүй санагддаг уу? Иймэрхүү бэрхшээлийг давж, эхэлснээ дуусгахад энэ өгүүлэл тустай.
b Библи унших хуваарь гаргахдаа jw.org® сайтад байгаа «Библи унших хуваарь»-ийг ашиглаж болох юм.