НАМТАР
Үлгэр дуурайлтай хүмүүсийн ачаар ивээл хүртсэн минь
БИ ХҮҮХЭД байхдаа дэлгэрүүлэх ажлыг хэцүү гэж боддог байлаа. Том болсны дараа ч оногдсон ажил үүрэг минь хэцүү санагддаг байсан. Би бүрэн цагаар 58 жил үйлчлэхдээ үлгэр дуурайлтай олон хүний ачаар айдсаа ялж, гайхалтай ивээл хүртэж явна. Энэ тухай ярьж өгье.
Би Канадад франц хэлтнүүдийн оршин суудаг Кэбэк мужийн Кэбэк хотод төрсөн. Аавыг Луи, ээжийг Зелиа гэдэг. Би тэднийхээ хайранд өлгийдүүлж өссөн. Аав маань бүрэг ичимхий хүн. Номын хорхойтон. Би юм бичих их дуртай байсан болохоор том болоод сэтгүүлч болно гэж мөрөөддөг байлаа.
Намайг 12-той байхад аавтай хамт ажилладаг Рудольф Суси гэдэг ах найзыгаа дагуулаад манайд ирсэн юм. Тэд Еховагийн Гэрчүүд байв. Би Гэрчүүдийг сайн мэддэггүй, тэдний шашин ч сонин биш байлаа. Гэхдээ бидний асуултад эелдэг бөгөөд их л уялдаа сайтай хариулж, тэгэх бүрдээ Библиэс үзүүлэх нь гайхалтай санагдаж билээ. Аав ээж хоёр ч биширсэн. Тэгээд бид Библи судлахаар болсон юм.
Тэр үед би католик сүмийн сургуульд сурдаг байв. Нэг удаа, Библийн хичээл дээр үзсэн юмаа ангийнхаа хүүхдүүдэд ярьж өгөв. Тэгтэл багш нар буюу санваартнууд мэдчихэж. Нэг багш миний ярьсныг Судраар няцаахын оронд намайг бүх хүүхдийн дэргэд эсэргүү гэж чичлэв. Аймшигтай байсан ч энэ явдал сайнаар дууссан юм. Манай сургуульд заадаг шашны номлол Библийнхтэй зөрчилддөг нь надад тодорхой болж, би сургуулиас гарах хэрэгтэйгээ ойлгов. Ингээд аав ээжийнхээ зөвшөөрлөөр өөр сургуульд шилжсэн.
ДЭЛГЭРҮҮЛЭХ ДУРТАЙ БОЛОВ
Би Библийн хичээл заалгадаг хэр нь айлаар дэлгэрүүлэхээс айдаг болохоор ахиц гаргахдаа удаан байв. Эрх мэдэл, нэр нөлөө ихтэй католик сүмийнхэн дэлгэрүүлэх ажлыг ширүүн эсэргүүцэж байлаа. Католик сүмийнхэн Кэбэкийн ерөнхий сайд Морис Дюплессигийн дэмжлэгээр хүмүүсийг турхирч Гэрчүүдийг айлган сүрдүүлнэ. Тэр байтугай биед нь халдана. Тийм учраас дэлгэрүүлэхэд маш их зориг шаардлагатай байсан.
Айдсаа ялахад минь тусалсан ахыг Жон Рэй гэдэг. Гилеад сургуулийн ес дэх ангийг дүүргэсэн тэрбээр маш их туршлагатай, дөлгөөн зантай, төлөв түвшин, харьцахад амар хүн байв. Тэг ингэ гэж шууд хэлэхээсээ илүү, биеэ үлгэр жишээч авч явна. Жон ах францаар ярихдаа маруухан болохоор би ихэнхдээ хамт дэлгэрүүлж, хэл сурахад нь тусална. Жон ахтай байнга хамт байсны ачаар үнэний талд бат зогсохоор шийдэж билээ. Гэрчүүдтэй анх уулзсанаас хойш 10 жилийн дараа буюу 1951 оны 5 дугаар сарын 26-нд баптисм хүртсэн дээ.
Кэбэк хотод байдаг манай жижигхэн хурлын гишүүдийн ихэнх нь эхлэгчид. Тэдний нөлөөгөөр би эхлэгчээр үйлчлэх хүсэлтэй болсон. Тэр үед бид айлаар дэлгэрүүлэхдээ Библиэс өөр ном хэвлэл авч явдаггүй байсан болохоор Библийг үр дүнтэй ашиглаж сурах хэрэгтэй байв. Тийм учраас би үнэнийг хамгаалахын тулд Библийн эшлэлүүдийг сайн мэддэг болох гэж мэрийнэ. Гэхдээ хүмүүс католик сүмээс зөвшөөрөөгүй Библийн орчуулгыг уншихаас татгалздаг байлаа.
Би 1952 онд нутгийнхаа Гэрч бүсгүй Симон Патритай гэрлэв. Тэгээд Монреал руу нүүлээ. Гэрлэснээс хойш жилийн дараа охин Лиз маань төрөв. Гэрлэснийхээ дараа би эхлэгчээр үйлчлэхээ больсон. Гэхдээ Симон бид хоёр хурлын бүх үйл хэрэгт чадлынхаа хэрээр оролцохыг хичээдэг байсан.
Эхлэгчээр дахин үйлчлэх талаар бодолгүй явсаар арван жил өнгөрчээ. Би 1962 онд Канадын Бетелд болсон Ахлагчийн сургуульд 1 сар сурах хугацаандаа Камил Вэлэтт гэдэг залуутай хамт нэг өрөөнд байв. Камил эхнэр, хүүхдүүдтэй атлаа ямар их хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдэг гэж санана! Тэр үед Кэбэкт хүүхэд өсгөхийн зэрэгцээ эхлэгчээр үйлчилдэг Гэрч тун ховор байв. Камил бас эхлэгч болох зорилготой байлаа. Тэрбээр надад үйлчлэлээ өргөжүүлэх талаар бодож үзэхийг зөвлөсөн юм. Би эхлэгчээр үйлчлэх боломжтойгоо хэдэн сарын дараа ойлгосон. Зөв шийдвэр гаргасан эсэхэд минь зарим хүн эргэлзэж байсан ч би дахиад эхлэгч болсон. Яагаад гэвэл дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцоход Ехова тусална гэдэгт итгэлтэй байв.
ТУСГАЙ ЭХЛЭГЧ БОЛЖ КЭБЭКТЭЭ БУЦАЖ ИРЭВ
Симон бид хоёр 1964 онд Кэбэк хотод буюу нутагтаа тусгай эхлэгчээр томилогдов. Тэнд нэлээд хэдэн жил үйлчилж билээ. Нөхцөл байдал овоо дээрдсэн боловч эсэргүүцэл тулгарсаар л байлаа.
Би нэгэн бямба гаргийн үдээс хойш Кэбэк хотын ойролцоох Сант-Мари гэдэг сууринд явж байгаад баривчлагдав. Нэг цагдаа намайг айлаар зөвшөөрөлгүй дэлгэрүүллээ гээд цагдаагийн газар аваачиж хорилоо. Дараа нь Байаржүн гэдэг шүүгчийн өмнө аваачив. Сүрдмээр хүн байлаа. Өмгөөлөгч чинь хэн бэ гэж асуув. Олны сайн мэдэх Глен Хау гэдэг Гэрчийн нэрийг хэлсэн чинь ихэд сандран «Арай ч үгүй байлгүй! Яахаараа тэр байдаг билээ!» гэж дуу алдав. Тэр үед Глен Хау Гэрчүүдийг сайн өмгөөлдөг алдартай өмгөөлөгч байсан юм. Удалгүй миний хэргийг хэрэгсэхгүй болгосныг шүүхээс мэдэгдэв.
Кэбэкт манай үйл ажиллагааг эсэргүүцдэг байсны улмаас цуглаан хийхэд тохиромжтой газар олж түрээслэхэд хүндрэлтэй байлаа. Жижиг хурал маань хайж хайж, халаалтгүй, хуучин гарааш олов. Хөхөө өвлийн хүйтэнд тосон халаагуур л аминд орно. Бид цуглаан эхлэхээс хэдэн цагийн өмнө ирж халаагуураа тойроод сэтгэл сэргээм яриа өрнүүлдэг сэн.
Дэлгэрүүлэх ажил жил өнгөрөх тусам улам бүр эрчимжиж байгааг харах сайхан. Тэртээ 1960-аад онд Кэбэк хот орчмын Кот-Нор болон Гаспэ хойг гэдэг газар хэдхэн жижиг хурал байсан бол өнөөдөр хоёроос илүү дүүрэгтэй болсон бөгөөд ах дүү нар маань гоё танхимуудад цуглаанаа хийж байна.
ЯВУУЛЫН ҮЙЛЧЛЭЛД УРИГДАВ
Симон бид хоёр 1970 онд дүүрэг хариуцах урилга авав. Дараа нь 1973 онд муж хариуцдаг боллоо. Энэ хугацаанд Лорие Сомю, Дэвид Сплэйнa нарын явуулын ажлын туршлагатай, чадварлаг ах нараас би их юм сурсан. Чуулган бүрийн дараа Дэвид бид хоёр заах арга барилаа хэрхэн сайжруулах талаар зөвлөлддөг байв. Нэг удаа Дэвид надад «Леонс, сүүлийн илтгэл чинь их сайхан байлаа. Гэхдээ би тэр бүх материалаар гурван илтгэл тавих байсан!» гэсэн юм. Би илтгэлдээ хэтэрхий их мэдээлэл оруулчихаж. Илүү товчхон ярьж сурах хэрэгтэй байв.
Намайг сайн мэддэг дэлгэрүүлэгчид Кэбэкт их олон байлаа. Эргэлтээр очих үед бүгд л надтай цуг дэлгэрүүлэх гэнэ. Уг нь би муж хариуцагчийн хувьд дүүрэг хариуцагчдыг урамшуулан зоригжуулах үүрэгтэй. Гэхдээ дэлгэрүүлэгчдийн хүсэлтийг хүлээгээд авчихлаар дүүрэг хариуцагчдаа санаа тавьж амждаггүй байв. Нэг дүүрэг хариуцагч: «Цаг заваа ах дүү нартаа зориулах нь сайхан байлгүй яах вэ. Гэхдээ та тэднийг биш, намайг эргэхээр ирснээ бүү мартаарай. Надад ч бас сэтгэлийн дэм хэрэгтэй шүү дээ!» гэж сайхан сэтгэлээр сануулж билээ. Дүн нуруутай байх талаар би их юм ойлгосон.
Гай газар дороос гэгчээр, 1976 онд хайртай эхнэр Симон минь гэнэт өвдөж, нас барлаа. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, Еховаг хайрладаг сайн хань байсан юм. Бурхандаа үйлчлээд завгүй байсны хүчинд би энэ хэцүү үеийг давсан даа. Хүнд хохирол амсаад гашуудаж байхад минь өмөг түшиг болж байсан Еховадаа талархдаг. Хожим нь би Кэролин Эллиотт гэдэг хичээл зүтгэлтэй эхлэгч бүсгүйтэй гэрлэсэн. Тэрбээр англиар ярьдаг бөгөөд хэрэгцээ ихтэй газар үйлчлэхээр Кэбэкт ирсэн байв. Кэролин хүн болгонтой найрсаг харьцдаг, ялангуяа ичимхий эсвэл ганцаардсан хүнд чин сэтгэлээсээ санаа тавьдаг эмэгтэй. Явуулын ажлаар явдаг надад сайн хань болж байсан.
ОНЦГОЙ ОН
1978 оны 1 дүгээр сард Кэбэк дэх Эхлэгчийн сургуулийн анхны ангид багшлах даалгавар авлаа. Би энэ сургуульд сурч байгаагүй, сурах бичгийг нь ч харж байгаагүй болохоор маш их сандарч байв. Ашгүй, тэр ангийн суралцагчдын дунд туршлагатай эхлэгч олон байсан. Би хэдийгээр багшилж байсан ч маш их зүйлийг суралцагчдаасаа сурсан!
Мөн онд Монреал дахь олимпын цэнгэлдэх хүрээлэнд «Ялгуусан итгэл» гэсэн сэдэвтэй олон улсын чуулган болов. Манай Кэбэкт урьд өмнө болж байгаагүй хамгийн том чуулган байлаа. Нийт 80 000 хүн хүрэлцэн ирсэн. Би чуулганы мэдээллийн албатай хамтран ажиллах үүрэгтэй байсан болохоор олон сэтгүүлчтэй ярилцсан. Бидний талаар дандаа сайн мэдээ гарсныг хараад сэтгэл хөдөлж билээ. Телевиз, радиогоор 20 гаруй цагийн нэвтрүүлэг цацагдаж, хэдэн зуун өгүүлэл нийтлэгдсэн. Гэрчлэх ажил гайхалтай сайхан болсон!
ӨӨР ХЭСЭГ РҮҮ ШИЛЖИВ
1996 онд амьдралд минь томоохон өөрчлөлт гарсан юм. Би баптисм хүртсэнээсээ хойш Кэбэкт франц хэлтнүүдэд дэлгэрүүлж байсан бол, одоо Торонто хавьд англи хэлтнүүдэд дэлгэрүүлэх томилолт авав. Энэ даалгаврыг биелүүлж чадахгүй юм шиг санагдаж, муруй хазгай англиар илтгэл тавина гэхээс зүрх алдаж байлаа. Еховад илүү олон удаа залбирч, илүү их найдах хэрэгтэй боллоо.
Эргээд бодоход, Торонто хавьд хоёр жил сайхан үйлчилжээ. Англиар чөлөөтэй ярьж сурахад Кэролин маань тэвчээртэй тусалсан. Итгэл нэгтнүүд ч маш их дэмжиж, зоригжуулж байсан. Бид хоёр богино хугацаанд олон шинэ найзтай болж билээ.
Би амралтын өдрүүдэд болох чуулганд бэлдэхийн зэрэгцээ баасан гаргийн орой нь айлаар 1 цаг дэлгэрүүлдэг байв. «Чуулган болох гэж байхад яагаад өмнөх өдөр нь дэлгэрүүлдэг юм бэ?» гэж зарим хүн гайхаж магадгүй. Миний хувьд сайн мэдээг хүмүүст дэлгэрүүлж, сайхан ярилцахаар урам зоригтой болдог юм. Дэлгэрүүлэхлээр одоо ч сэтгэл сэргэдэг.
1998 онд Кэролин бид хоёрыг Монреалд тусгай эхлэгчээр томилсон. Дэлгэрүүлэх тусгай аян зохион байгуулах, Еховагийн Гэрчүүдийн талаарх буруу ойлголтыг няцаахын тулд хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллах нь миний үүрэг даалгаврын нэгээхэн хэсэг байв. Кэролин бид хоёр одоо гадаад хүмүүст дэлгэрүүлж байна. Тэд Канадад нүүж ирээд удаагүй бөгөөд Библийн тухай илүү ихийг мэдэх хүсэлтэй хүмүүс юм.
Еховад үйлчилж ирсэн 68 жилийг эргээд харахад үнэхээр их ивээл хүртжээ гэж боддог. Дэлгэрүүлэх ажлын амтанд орох, олон хүнд үнэнийг мэдүүлэх нь жаргал юм. Охин хүргэн хоёр маань хүүхдүүдээ гараас гаргаад эхлэгч болсон. Дэлгэрүүлэх ажилд одоо ч хичээл зүтгэлтэй оролцдог охиныгоо харахаар магнай тэнийдэг. Түүнээс гадна, ахиц гаргаж, Еховад янз бүрийн аргаар үйлчлэхэд минь сайн үлгэр дуурайл, мэргэн зөвлөгөөгөөрөө тусалсан итгэл нэгтнүүддээ талархаж явдаг. Еховагийн агуу хүчинд найдсан цагт л даалгавраа үнэнчээр биелүүлдгийг ойлгосон (Дуу. 51:11). Нэрийг нь магтах хосгүй завшаан өгсөн Еховадаа үргэлж талархах болно! (Дуу. 54:6).
a Дэвид Сплэйн Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөлийн гишүүн.