СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 19
Зөв шударга хүнийг бүдрүүлэх юу ч байдаггүй
«Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөд Тэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй» (ДУУ. 119:165).
ДУУ 32 Тууштай, гуйвшгүй байя!
ТОЙМa
1, 2. Нэг зохиолч юу гэж хэлсэн бэ? Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?
ӨНӨӨДӨР сая сая хүн Есүст итгэдэг гэж ярьдаг боловч заасан сургаалыг нь хэрэгсдэггүй (2 Тим. 4:3, 4). Нэг зохиолч: «Өнөө үед бидний дунд яг Есүс шиг хүн гарч ирээд түүнтэй адилаар зааж сургавал ... 2 000 жилийн өмнөхтэй адилаар түүний үгийг үгүйсгэх болов уу? Хариулт нь, “Тийм ээ, үгүйсгэнэ”» гэж хэлжээ.
2 Нэгдүгээр зуунд олон хүн Есүсийн гайхамшиг үйлдэхийг харж, сургаалыг нь сонссон ч түүнд итгээгүй. Яагаад тэр вэ? Өмнөх өгүүллээр бид Есүсийн үг яриа, үйл хэргээс нь болоод хүмүүс бүдэрсний дөрвөн шалтгааныг ярилцсан. Одоо өөр дөрвөн шалтгааныг ярилцъя. Бас хүмүүс яагаад Есүсийн дагалдагчдаас болж бүдэрдгийг, бид бүдрэхгүйн тулд яах хэрэгтэйг мэдэж авна.
1) ЕСҮС ХҮМҮҮСИЙГ АЛАГ ҮЗДЭГГҮЙ
3. Есүсийн яаснаас болоод зарим хүн бүдэрсэн бэ?
3 Есүс дэлхий дээр байхдаа хүмүүсийг ялгаварлахгүй харьцдаг байв. Тэрбээр баян, нэр нөлөө бүхий хүмүүстэй хамт хооллож байсан ч, ядуу, дорой хүмүүст цаг заваа зориулдаг байсан. Түүнээс гадна, «нүгэлтнүүд» гэж тооцогдсон хүмүүст ч энэрэнгүй ханддаг байлаа. Зарим бардам хүн Есүсийн үйлдлээс болоод бүдэрсэн. Тэд Есүсийн шавь нараас «Та нар яагаад татвар хураагчид болон нүгэлтнүүдтэй хамт хоол иддэг юм бэ?» гэж асуужээ. Есүс хариуд нь «Эрүүл хүнд эмч хэрэггүй. Харин өвчтэй хүнд хэрэгтэй. Би шударга сайн хүнд бус, нүгэлтэнд гэмш гэж уриалахаар ирсэн юм» гэж хэлсэн (Лук 5:29–32).
4. Исаиа Мессиагийн талаар юу гэж зөгнөснийг иудейчүүд мэдэх ёстой байсан бэ?
4 Библид юу гэж байдаг вэ? Мессиаг ирэхээс олон жилийн өмнө зөнч Исаиа энэ ертөнцийнхөн түүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж бичжээ. Исаиа «Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. ... Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй» гэж зөгнөсөн (Ис. 53:3). Зөгнөлийн дагуу «хүмүүс» Мессиаг үгүйсгэнэ гэдгийг нэгдүгээр зууны иудейчүүд мэдэх ёстой байсан.
5. Өнөөдөр Есүсийн дагалдагчдыг хүмүүс хэрхэн үздэг вэ?
5 Өнөөдөр бас адилхан уу? Тийм ээ. Лам хуврагууд нэр хүндтэй, баян, ертөнцийнхний боддогоор ухаантай хүмүүсийг сүмийнхээ гишүүн болгохыг чармайдаг. Шинэ гишүүд ёс суртахууны гажуудалтай, амьдралын хэв маяг нь Бурхны хэм хэмжээтэй тохирохгүй байсан ч тоодоггүй. Харин ч ёс суртахууны хувьд цэвэр ариун, идэвх зүтгэлтэй Еховагийн үйлчлэгчдийг дорд үздэг. Яагаад гэвэл ертөнцийнхний хэмжүүрээр бол Еховагийн үйлчлэгчид нэр алдартай хүмүүс биш билээ. Паулын хэлснээр Бурхан энэ ертөнцийнхнөөс «дорд үзэгддэг» хүмүүсийг сонгосон (1 Кор. 1:26–29). Ехова бүх үнэнч үйлчлэгчээ үнэ хүндтэй гэж үздэг.
6. Матай 11:25, 26-г үзвэл Есүсийн хандлагыг хэрхэн дуурайх вэ?
6 Бүдрэхгүйн тулд яах вэ? (Матай 11:25, 26-г уншина). Бурхны ард түмний талаарх ертөнцийнхний үзэлд бүү автаарай. Ехова хүсэл тааллаа биелүүлэхийн тулд даруу хүмүүсийг сонгодгийг хүлээн зөвшөөрөөрэй (Дуу. 138:6). Энэ ертөнцийнхний ухаантай, боловсролтойг бус харин «дорд үзэгддэг» хүмүүсээр хэчнээн их юм хийлгэж амжуулсныг нь бодож үзээрэй.
2) ЕСҮС ХУДАЛ СУРГААЛЫГ ИЛЧИЛСЭН
7. Есүс яагаад фарисайчуудыг хоёр нүүртэй гэсэн бэ? Тэгэхэд нь тэд яасан бэ?
7 Есүс тухайн үеийнхээ хоёр нүүртэй шашны удирдагчдыг зоригтойгоор шүүмжилсэн. Учир нь тэд Еховаг хэрхэн зөв шүтэхийг заадаггүй байв. Жишээ нь фарисайчууд эцэг эхдээ санаа тавихаас илүү гараа яаж угаахыг анхаардгийг буруушаасан (Мат. 15:1–11). Есүсийн шавь нар хэлсэн үгийг нь сонсоод гайхсан байх. Тэгээд тэд Есүсээс «Фарисайчууд үгийг тань сонсоод дургүйцсэнийг та анзаарав уу?» гэж асуужээ. Есүс: «Тэнгэрийн Эцэг минь тариагүй бүхнээ үндэстэй нь зулгаана. Тэд тэгж л байг. Тэд бол сохор газарчид. Сохор хүн сохор хүндээ газарчилбал хоёулаа нүхэнд унана» гэж хариулжээ (Мат. 15:12–14). Хэдийгээр шашны удирдагчид хэлсэн үгээс нь болж уурласан ч Есүс үнэнийг ярихаа болиогүй.
8. Бүх шашны сургаалыг Бурхан хүлээн зөвшөөрдөггүйг Есүс хэрхэн ойлгуулсан бэ?
8 Есүс хуурамч шашны сургаалыг илчилсэн. Тэрбээр бүх шашны сургаалыг Бурхан хүлээн зөвшөөрдөг гэж хэлээгүй. Харин сүйрэлд хүргэдэг өргөн замаар олон хүн, аминд хүргэдэг нарийн замаар цөөн хүн явахыг хэлсэн (Мат. 7:13, 14). Зарим хүн Бурханд үйлчилдэг гэж ярьдаг боловч үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг Есүс ойлгуулсан. Тэрбээр «Хуурамч зөнчдөөс болгоомжлогтун. Тэд хонины арьс нөмрөн та нар дээр очдог ч үнэн хэрэгтээ хомхой чоно юм. Тэднийг та нар үйл хэргээр нь танина» хэмээн анхааруулсан (Мат. 7:15–20).
9. Есүс хуурамч шашны ямар ямар сургаалыг илчилсэн бэ?
9 Библид юу гэж байдаг вэ? Библид Мессиа Бурхны өргөөний төлөө маш их хичээл зүтгэл гаргана гэж зөгнөжээ (Дуу. 69:9; Ёох. 2:14–17). Зөгнөсний дагуу Есүс хуурамч шашны сургаал, ёс заншлыг илчилсэн. Жишээ нь фарисайчууд үхэшгүй мөнхийн сүнс байдагт итгэдэг бол Есүс үхсэн хүнийг унтаж байгаа хүнтэй зүйрлэсэн (Ёох. 11:11). Садукайчууд үхсэн хүн амилахгүй гэдэг бол Есүс найз Лазарыгаа амилуулсан түүхтэй (Ёох. 11:43, 44; Үйлс 23:8). Фарисайчууд бүхнийг хувь тавилантай юм уу Бурхантай холбодог байсан бол, Бурханд үйлчлэх эсэхээ хүн өөрөө сонгох боломжтойг Есүс зааж өгсөн (Мат. 11:28).
10. Яагаад олон хүн бидний заадаг сургаалаас болоод бүдэрдэг вэ?
10 Өнөөдөр бас адилхан уу? Тийм ээ. Бид хуурамч шашны сургаал буруу гэдгийг Библид үндэслэн илчлэхэд олон хүн бүдэрдэг. Бурхан хорон муу хүмүүсийг тамд шийтгэдэг гэж хуурамч шашин заадаг. Тэд энэ сургаалаа ашиглан хүмүүсийг хүссэнээрээ байлгах гэдэг. Харин хайрын Бурхан Еховаг шүтдэг бид энэ сургаалын худал гэдгийг нь илчилдэг. Лам хуврагууд бас үхэшгүй мөнхийн сүнс байдаг гэж сургадаг. Хэрэв энэ нь үнэн байсан бол нас барагсад амилах тухай ярих нь утгагүй болох байв. Бид ийм сургаал Библид байдаггүйг, хуурамч шашнаас гаралтайг илчилдэг. Мөн олон шашны сургадгаар хүн ямар ч сонголтгүйгээр хувь заяандаа л захирагддаг ажээ. Харин бид хүнд сонгох эрх байдаг бөгөөд Бурханд үйлчлэх эсэхээ өөрөө шийддэг гэж заадаг. Шашны удирдагчдыг хуурамч багш хэмээн илчлэхэд тэд яадаг вэ? Хилэгнэн уурладаг.
11. Ёохан 8:45–47-д бичсэн Есүсийн үгийг үзвэл Бурхан ард түмнээсээ юуг шаарддаг вэ?
11 Бүдрэхгүйн тулд яах вэ? Бид үнэнийг хайрладаг бол Бурхны үгийг хүлээн зөвшөөрөх ёстой (Ёохан 8:45–47-г уншина). Бид үнэн дотор бат зогсдогоороо Сатан Диаволаас ялгаатай. Итгэл үнэмшлээсээ хэзээ ч няцдаггүй (Ёох. 8:44). Бурхан ард түмнээсээ Есүсийн адилаар «мууг жигшиж», «сайнаас зуурахыг» шаарддаг (Ром 12:9; Евр. 1:9).
3) ЕСҮС ХАВЧИГДСАН
12. Есүс шонд хадагдаж тарчилж үхсэн нь яагаад иудейчүүдийг бүдрүүлсэн бэ?
12 Есүсийн үед иудейчүүд бас ямар шалтгаанаар бүдэрсэн бэ? Паул:«Бид шонд хадагдсан Христийг тунхагладаг. Энэ нь иудейчүүдийг бүдрүүлдэг» гэжээ (1 Кор. 1:23). Есүс шонд хадагдаж тарчилж үхсэн нь яагаад иудейчүүдийг бүдрүүлсэн бэ? Яагаад гэвэл тэдний хувьд Есүс Мессиа биш, гэмт хэрэгтэн, нүгэлтнээс өөрцгүй байжээ (Д.хууль 21:22, 23).
13. Бүдэрсэн хүмүүс Есүсийн тухай юуг ойлгоогүй вэ?
13 Бүдэрсэн иудейчүүд үнэндээ Есүсийг буруугүй, хилсээр гүтгэгдсэн, шударга бусаар шүүгдсэн гэдгийг ойлгоогүй. Есүсийг шүүгчид шударга ёсыг уландаа гишгэсэн. Иудейн Дээд шүүх яаруу сандруу хуралдаж, хэрэг шүүх үйл явц нь хуулийн дагуу явагдаагүй (Лук 22:54; Ёох. 18:24). Уг нь шүүгчид шударга байж Есүсийн эсрэг мэдүүлэг, нотолгоог сонсох ёстой атал «Есүсийг алахын тулд худал мэдүүлэг өгөх хүмүүсийг хайж байсан». Энэ оролдлого бүтэлгүйтэхэд тэргүүн тахилч яасан бэ? Есүсийг буруутгахын тулд үгээр нь ороохыг оролджээ. Энэ нь хууль бус үйлдэл байлаа (Мат. 26:59; Марк 14:55–64). Шударга бус шүүгчид Есүсийг амилсны дараа юу хийсэн бэ? Булшийг хамгаалж байсан Ромын цэргүүдээр булш хоосорсон талаар худал яриа тараалгахын тулд «их хэмжээний мөнгөн зоос» тэдэнд өгчээ (Мат. 28:11–15).
14. Сударт Мессиагийн талаар юу гэж зөгнөсөн бэ?
14 Библид юу гэж байдаг вэ? Есүсийн үед олон иудейчүүд Мессиаг үхэх ёстой байсныг ойлгоогүй ч Ариун Сударт «Тэр Өөрийн амийг үхэл уруу асгаж, хилэнцтэнүүдтэй хамт тоологдсон. Гэвч Тэр олны нүглийг Өөртөө тээж, хилэнцтэнүүдийн төлөө зуучлан залбирсан» гэж зөгнөсөн байв (Ис. 53:12). Тийм учраас Есүс нүгэлтэн мэт шийтгүүлсэн нь иудейчүүдэд бүдрэх шалтгаан болох ёсгүй байжээ.
15. Еховагийн Гэрчүүдийг юу гэж буруутгаснаас нь болоод зарим хүн бүдэрдэг бэ?
15 Өнөөдөр бас адилхан уу? Яг адилхан! Есүсийг шударга бусаар буруутгаж ялласан шиг өнөөдөр ч Еховагийн Гэрчүүдэд яг тэгж ханддаг. Зарим жишээг дурдъя. 1930–1950 оны хооронд АНУ-д Бурхныг шүтэх эрх чөлөөтэй маань холбоотой олон шүүх хурал болсон. Зарим шүүгч биднийг ичгүүр сонжуургүйгээр ялгаварлан гадуурхаж байсан. Канадын Кэбэк мужийн сүм хийд, орон нутгийн удирдлагууд нийлж бидний ажлыг эсэргүүцэж байсан. Хаант төрийн тухай сайн мэдээг хөршүүддээ ярилаа гээд олон дэлгэрүүлэгчийг шоронд хорьсон. Бас олон үнэнч Гэрч залуусыг нацист Герман цаазалсан. Сүүлийн жилүүдэд Орос дахь итгэл нэгтнүүдийг маань Библийн тухай ярьсан гэдэг шалтгаанаар буруутган хорьж байна. Тэднийг экстремист үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн аж. Тэр байтугай орос хэлээрх «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга»-д Ехова гэдэг нэр байгаа учир экстремист материал гэж үзээд хориглосон.
16. 1 Ёохан 4:1-д бичсэнээр бид Бурхны ард түмний тухай худал үгэнд яагаад автах ёсгүй вэ?
16 Бүдрэхгүйн тулд яах вэ? Баримт нотолгоог судлаарай. Есүс «Уулан дээр айлдсан сургаал»-даа зарим хүн дагалдагчдыг нь «элдвээр гүтгэнэ» гэж сэрэмжлүүлсэн (Мат. 5:11). Ийм гүтгэлэг Сатанаас гаралтай. Тэрбээр эсэргүүцэгчдэд нөлөөлж, тэднээр үнэнийг хайрладаг хүмүүсийн тухай хор хөнөөлтэй гүтгэлгийг тараалгадаг (Илч. 12:9, 10). Бид дайснуудын худал үгэнд автах ёсгүй. Иймэрхүү худал ярианаас болж айхгүй юм уу итгэлээ сулруулахгүй байцгаая (1 Ёохан 4:1-ийг уншина).
4) НЭГ НЬ УРВАЖ, БУСАД НЬ ХАЯЖ ЯВСАН
17. Есүсийг нас барахаас өмнө болсон ямар үйл явдлаас болоод хүмүүс бүдэрсэн байж болох вэ?
17 Есүсийг нас барахын өмнөхөн 12 элчийнх нь нэг урваж, нөгөө нь гурван удаа түүнийг үгүйсгэсэн. Эцэст нь бүх элч нар нас барахын өмнөх орой нь түүнийг хаяад зугтжээ (Мат. 26:14–16, 47, 56, 75). Харин Есүс энэ бүхнийг гайхаагүйгээр барахгүй ийм юм болохыг урьдаас хэлж байсан (Ёох. 6:64; 13:21, 26, 38; 16:32). Зарим хүн дээрх болсон явдлыг хараад бүдэрсэн байж болох юм. Тэд: «Есүсийн элч нар гэж ийм хүмүүс байдаг юм бол тэдэнтэй нэгдэхгүй» хэмээн бодсон байх.
18. Есүсийг нас барахаас өмнө ямар зөгнөлүүд биелсэн бэ?
18 Библид юу гэж байдаг вэ? Хэдэн зуун жилийн өмнө Ехова Үгэндээ Мессиаг 30 мөнгөн зоосоор барьж өгөхийг бичүүлжээ (Зех. 11:12, 13). Энэ урвагч Есүсийн дотнын андуудын нэг байх юм (Дуу. 41:9). Бас зөнч Зехариа «Хоньдыг нь тараан бутаргахын тулд Хоньчинг цохигтун» гэж зөгнөжээ (Зех. 13:7). Ийм явдлаас болоод чин сэтгэлтэй хүмүүс бүдрэх ёсгүй байсан. Харин ч эдгээр зөгнөлүүд Есүс дээр биелснийг хараад итгэл нь батжих ёстой байв.
19. Чин сэтгэлтэй хүмүүс юу мэддэг вэ?
19 Өнөөдөр бас адилхан уу? Тийм ээ. Нэр нөлөө бүхий зарим Гэрч үнэнийг орхиж тэрслэгч болоод зогсохгүй, зарим хүнийг араасаа дагуулахыг оролдсон. Тэд интернэт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Еховагийн Гэрчүүдийн тухай худал юм ярьж, гүтгэлгийг тараасан. Гэхдээ чин сэтгэлтэй хүмүүс үүнээс болж бүдрээгүй. Учир нь тэд ийм юм болохыг Библид зөгнөсөн байдгийг мэддэг (Мат. 24:24; 2 Петр 2:18–22).
20. Үнэний замаас гарсан хүмүүсээс болж бид бүдэрдэггүй гэхийн учир юу вэ? (2 Тимот 4:4, 5).
20 Бүдрэхгүйн тулд яах вэ? Бид Библийг тогтмол судалж, залбирч, Еховагийн даалгасан ажлыг идэвх зүтгэлтэй хийж итгэлээ бэхжүүлэх хэрэгтэй (2 Тимот 4:4, 5-ыг уншина). Итгэлтэй хүн Еховагийн Гэрчүүдийн талаар ташаа мэдээ сонссон ч айж сандардаггүй (Ис. 28:16). Бид Еховаг, Библийг, итгэл нэгтнүүдээ хайрладаг учраас үнэний замаас гарсан хүмүүсээс болж бүдэрдэггүй.
21. Ихэнх хүн бидний хүргэдэг мэдээг хүлээж авдаггүй ч бид юунд итгэлтэй байдаг вэ?
21 Нэгдүгээр зуунд Есүсээс болж бүдэрсэн хүн олон байсан ч түүнийг хүлээн зөвшөөрсөн хүн бас олон байсан. Тэдний дунд Иудейн Дээд шүүхийн нэг гишүүн болон олон тахилчид байсан (Үйлс 6:7; Мат. 27:57–60; Марк 15:43). Өнөөдөр ч гэсэн бүдрээгүй хүн сая саяараа байдаг. Яагаад гэвэл тэд Библид байдаг үнэнийг мэддэг бөгөөд хайрладаг. Библид «Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөд Тэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй» гэж бичсэн байдаг (Дуу. 119:165).
ДУУ 18 Бурхны хайр энэрэл
a Өмнөх өгүүллээр эрт үед хүмүүс Есүсээс болж, мөн өнөө үед Христийн дагалдагчдаас болж бүдэрдгийн дөрвөн шалтгааныг ярилцсан. Одоо өөр дөрвөн шалтгааныг ярилцана. Бас Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг хүн яагаад бүдэрдэггүйг мэдэж авна.
b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Есүс Матай болон бусад татвар хураагчидтай хамт хоол идэж байна.
c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Есүс худалдаачдыг сүмээс хөөж байна.
d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Есүс тарчлаах шонгоо үүрээд явах гэж байна.
e ЗУРГИЙН ТАЙЛБАР: Юудас Есүсийг үнсэж барьж өгч байна.