Зүрхийг шалгагч Еховаг хайгтун
«Амьдрахын тулд Намайг хай» (АМОС 5:4).
1, 2. Ехова «зүрхийг хардаг» гэж Сударт бичсэн байвал энэ нь юу гэсэн үг вэ?
ЕХОВА БУРХАН зөнч Самуелд: «Хүн гаднах төрхийг хардаг бол ЭЗЭН зүрхийг нь хардаг» хэмээн айлджээ (1 Самуел 16:7). Ехова зүрхийг яаж хардаг вэ?
2 Сударт «зүрх» гэдгээр дотор хүн буюу хүсэл эрмэлзэл, бодол санаа, сэтгэл мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөнийг төлөөлөн, бэлэгдлийн утгаар хэрэглэх нь олонтаа. Тэгэхлээр, Библид Бурхан «зүрхийг хардаг» гэж бичсэн бол энэ нь хүний доторхыг харж, цаанаа чухам ямар хүн болохыг анхаардаг гэсэн үг юм.
Бурхан Израилийг шалгасан нь
3, 4. Амос 6:4–6-д бичсэнээр, Израилийн арван овогт хаант улсын амьдрал ямар байсан бэ?
3 Хүмүүсийн зүрхийг Шалгагч Ехова, Амосын үеийн Израилийн арван овогт хаант улсыг ажиглаж байхдаа юу харсан бэ? Амос 6:4–6-д «зааны ясан орнуудад хажуулж, буйдан дээрээ сунан хэвтэгчдийн» тухай өгүүлдэг. Тэд «сүргээс хургануудыг, хашаан дундаас тугалуудыг» иддэг байсан. Тийм хүмүүс «өөрсдөдөө зориулан дуу бичиж», «аяганаас дарс уудаг» байжээ.
4 Эхлээд харахад, сэтгэл татам дүр зураг бууж болох юм. Баячуул өвч тавилгатай тохилог гэртээ тухлаад, хоолны сайныг идэж, ундааны дээдийг хүртэн, тансаг хөгжмийн аялгуунд өөрсдийгөө зугаацуулна. Бас «зааны ясан орон дээр» хажуулах аж. Археологчид Израилийн хаант улсын нийслэл Самари хотоос нарийн сийлбэртэй зааны ясан эдлэл олжээ (Хаадын дээд 10:22). Эдгээр эдлэлийн олонх нь тавилга болон ханын чимэглэл байсан бололтой.
5. Бурхан Амосын үеийн израильчуудыг яагаад таалаагүй вэ?
5 Израильчууд тохь тухтай амьдарч, амттай хоол тамшаалж, сайн дарс ууж, гоё хөгжим сонсож байсан нь Ехова Бурханд таалагдаагүй хэрэг үү? Мэдээж, үгүй! Чухамдаа бол, Ехова өөрөө хүмүүсийг баясаж цэнгэх бүх зүйлээр элбэг дэлбэг хангадаг шүү дээ (1 Тимот 6:17). Түүнд юу таалагдаагүй вэ гэвэл, тэдний буруу хүсэл тачаал, зүрхний нь ёс бус байдал, Бурхныг үл хүндэтгэсэн хандлага, бие биеэ үл хайрлах сэтгэл таалагдаагүй.
6. Амосын үед Израилийн сүнслэг байдал ямар байсан бэ?
6 «Буйдан дээрээ сунан хэвтэж», «сүргээс хургануудыг» идэж, «дарс ууж», «дуу бичигч» тэр хүмүүсээс: «Та нар гай гамшгийн өдрийг хойшлуулж байна уу?» гэж асуухад хачирхан гайхжээ. Тэд Израилийн байдлыг хараад асар их шаналах ёстой атал харин ч «Иосефын балгаснуудын [«сүйрлийн», ШЕ] төлөө харж гашууддаггүй» байжээ (Амос 6:3–6). Бурхан «Иосеф» буюу Израилийн эдийн засгийн өсөлтийг бус, харин сүнслэгээр сүйрснийг нь харжээ. Гэтэл хүмүүс өдөр тутмын ажил төрлөө ажиггүй үргэлжлүүлсээр байв. Өнөөдөр ч гэсэн олон хүн яг ийм л хандлагатай байна. Тэд хэцүү цагт амьдарч байгаагаа зөвшөөрдөг байж болох ч өөрсдөө биеэрээ амсахаас нааш бусдын гачигдал зовлонг хайхардаг ч үгүй, сүнслэг асуудлыг огтхон ч сонирхдоггүй.
Израилийн нийгэм завхарсан
7. Хэрэв Израилийн ард түмэн Бурхны сэрэмжлүүлгийг анхаарахгүй бол юу болох байсан бэ?
7 Зэрвэсхэн харахад, Израилийн нийгэм хөгжин цэцэглэсэн мэт боловч хэрэг дээрээ завхарсан байсныг «Амос» номд дүрсэлжээ. Бурхны сэрэмжлүүлгийг анхаарч, үзэл бодлоо засахгүй бол Ехова тэднийг дайснуудаас нь хамгаалахаа болих байв. Тэгэхлээр нь, ассиричууд тэднээс зааны ясан орыг нь булааж, өөрсдийг нь олзлон авч явах байлаа. Тохь тухтай амьдрал ингээд дуусах байв!
8. Израилийн сүнслэг байдал юунаас болоод муудсан бэ?
8 Израильчууд яаж яваад тийм байдалд орчихов оо? Соломон хааныг хүү Рехобоам нь залгамжилж, Израилийн арван овог Иуда Бениамин хоёр овгоос салсан МЭӨ 997 онд энэ явдал эхэлжээ. Израилийн арван овогт хаант улсын анхны хаан нь «Небатын хүү» І Иеробоам байлаа (Хаадын дээд 11:26). Тэрбээр Еховад мөргөл үйлдэхийн тулд Иерусалим уруу явах нь төвөгтэй гэдгийг харьяат албатууддаа итгүүлжээ. Гэвч, үнэн чанартаа, тэдний сайн сайхны төлөө санаа зовсон хэрэг биш байсан. Тэрбээр эрх мэдлээ хадгалахыг хичээж байв (Хаадын дээд 12:26). Израильчууд Еховад зориулсан баяр тэмдэглэхээр Иерусалим дахь сүмд жил бүр очсоор байгаад эцэстээ Иудагийн хаант улсад зүрх сэтгэлээ урвуулчих вий гэхээс Иеробоам айж байлаа. Үүнээс сэргийлж хоёр алтан тугал хийн, нэгийг нь Данд, нөгөөг нь Бетелд тавьжээ. Тийнхүү тугал шүтэх шүтлэг Израилийн хаант улсын шашин болсон байна (Шастирын дэд 11:13–15).
9, 10. а) І Иеробоам хаан шашны ямар ямар зан үйл зохиосон бэ? б) Бурхан ІІ Иеробоам хааны үед Израильд хийдэг баяруудыг юу гэж үзэж байсан бэ?
9 Иеробоам шинэ шашнаа жинхэнэ мэт харагдуулахыг оролдсон. Тэрбээр уг шашныхаа зан үйлийг, Иерусалимд хийдэг баяруудтай ямар нэг хэмжээгээр адилхан байхаар зохицуулжээ. Хаадын дээд 12:32-т: «Иудад хийдэг баяртай адил баярыг Иеробоам наймдугаар сарын арван тавны өдөр товлож, [Бетелд байдаг] тахилын ширээн дээр очдог байв» гэж бичжээ.
10 Хуурамч шашны иймэрхүү баяруудыг Ехова хэзээ ч таалж байсангүй. Үүнийгээ зуу гаруй жилийн дараа Амосоор дамжуулан мэдэгджээ. Энэ бол МЭӨ 844 оны орчим Израилийн арван овогт хаант улсын хаан болсон ІІ Иеробоамын засаглалын үе байлаа (Амос 1:1). Амос 5:21–24-т тэмдэглэснээр, Бурхан: «Би та нарын найр наадмуудаас татгалзаж, тэднийг үзэн ядаж байна. Би та нарын ёслолын чуулгануудыг чинь таалахгүй байна. Та нар Надад шатаалт тахилууд, идээн өргөлүүдийг өргөсөн ч Би хүлээн авахгүй. Түүгээр ч барахгүй та нарын тарган малын эвийн тахилууд уруу ч харахгүй. Өөрсдийнхөө дуунуудын чимээг Надаас зайлуул. Би та нарын ятгын эгшгийг ч сонсохгүй. Харин шударга ёс нь ус мэт, зөв шударга нь мөнх урсах урсгал мэт хуйлран бууг» хэмээн хэлсэн байдаг.
Орчин үеийн адил төстэй талууд
11, 12. Эртний Израиль болон христ шашны ертөнцийн хооронд адил төстэй ямар ямар тал байдаг вэ?
11 Ехова Иерусалимд болдог баяр наадамд оролцдог хүмүүсийн зүрхийг шалгаад, тэдний зан үйл, өргөлийг хүлээн авахаас татгалзсан нь тодорхой. Бурхан өнөөдөр ч бас христ шашны ертөнцийн хийдэг Христийн мэндэлсний баяр, Улаан өндөгний баяр гэх зэрэг Библийн үндэслэлгүй баяр наадмыг үл зөвшөөрдөг. Еховагийн үйлчлэгчдийн хувьд «зөвт байдал ба ёс бус нь» хамтрах аргагүй, «гэрэл ба харанхуйн хооронд» ямар ч нөхөрлөл байдаггүй (2 Коринт 6:14–16).
12 Тугал шүтэгч израильчууд болон христ шашны ертөнцийн хооронд адил төстэй өөр тал бас ажиглагддаг. Тэдний зарим нь Бурхны Үгийн сургаалыг хүлээн зөвшөөрдөг хэдий ч христ шашны ертөнц бүхэлдээ Бурхныг жинхэнэ ёсоор хайрладаггүй. Хэрэв тийм байсан бол Еховаг «сүнс ба үнэнээр» шүтэх байсан билээ. Учир нь ийм л шүтлэг Бурханд таалагддаг (Иохан 4:24, МБОХ, 1996 он). Түүнээс гадна, христ шашны ертөнцөд «шударга ёс нь ус мэт, зөв шударга нь мөнх урсах урсгал мэт хуйлран буудаггүй». Харин ч, Бурхны ёс суртахууны хэм хэмжээг байнга алдагдуулж байдаг. Тэнд садар самуун болон бусад ноцтой нүглийг хэлтрүүлж, тэр байтугай ижил хүйстэнтэйгээ гэрлэх явдлыг зөвшөөрдөг.
«Сайныг хайрла»
13. Амос 5:15-д бичсэн үгийг яагаад хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?
13 Ехова өөрт нь таалагдахуйц шүтэхийг эрмэлздэг бүх хүнд: «Мууг үзэн яд, сайныг хайрла» хэмээн хэлдэг (Амос 5:15). Хайрлах, үзэн ядах гэдэг бол бэлэгдлийн зүрхнээс гардаг хүчтэй мэдрэмж юм. Зүрх «хуурамч» учраас бид зүрхээ хамаг чадлаараа хамгаалах ёстой (Сургаалт үгс 4:23; Иеремиа 17:9). Зүрхэндээ төрсөн буруу хүсэл тачаалаа өөгшүүлээд байвал мууг хайрлаж, сайныг үзэн яддаг болж магадгүй юм. Хэрэв нүгэл үйлдэн хүсэл тачаалаа хангадаг бол Еховад хэчнээн идэвх зүтгэл гаргаж үйлчилдэг дүр үзүүллээ ч, Бурхны сайшаалыг эргүүлэн олж авч чадахгүй. Тиймээс «мууг үзэн ядаж, сайныг хайрлахад» туслахыг Бурхнаас гуйн залбирч байцгаая.
14, 15. а) Израильд ямар хүмүүс сайныг үйлдэж байсан бэ? Тэдэнд хэрхэн ханддаг байсан бэ? б) Өнөөдөр бүрэн цагаар үйлчилдэг нэгэндээ хэрхэн урам хайрлаж болох вэ?
14 Израильчууд толгой дараалан Еховагийн нүдэнд муу юм хийж байсан уу гэвэл бас тийм биш ээ. Жишээ нь, Хосеа Амос хоёр «сайныг хайрладаг», Бурхны үнэнч зөнчид байсан. Зарим хүн «назир» болох тангараг өргөдөг байв. Назирууд усан үзмээр хийсэн бүтээгдэхүүн, ялангуяа, дарсыг цээрлэдэг байжээ (Тооллого 6:1–4). Сайн үйлс хийдэг, өөрийгөө золиослох сэтгэлгээтэй ийм хүмүүст израильчууд хэрхэн ханддаг байсан бэ? Энэ асуултын хариулт аймшигтай бөгөөд Израилийн ард түмнийг сүнслэгээр хэр зэрэг завхарсныг илчилдэг. Амос 2:12-т: «Та нар назир хүмүүст дарс уулгаж, эш үзүүлэгчид: „Та нар эш үзүүлж болохгүй“ гэж тушаасан» хэмээн бичжээ.
15 Израильчууд үнэнч назирууд болон зөнчдийн үлгэр жишээг хараад ичиж, амьдралынхаа хэв маягийг өөрчлөх хүсэлтэй болох учиртай байв. Гэтэл тэд Бурхныг алдаршуулах гэсэн тэр үнэнч үйлчлэгчдийн зоригийг хайр найргүй мохоодог байжээ. Харин та бид бүгдээрээ эхлэгч, миссионер, явуулын харгалзагч, Бетелийн гэр бүлийн гишүүн зэрэг итгэл нэгтнүүдээ Еховад бүрэн цагаар үйлчлэхээ больж, «жирийн» гэж нэрлэгддэг амьдралд буцаж очихыг хэзээ ч зөвлөхгүй байцгаая. Түүний оронд, энэ сайхан ажлаа үргэлжлүүлэх урам хайрлацгаая.
16. Мосегийн үеийн израильчуудын сүнслэг байдал Амосын үеийнхээс хавьгүй илүү байсны учир юу вэ?
16 Амосын үед олон хүн хөрөнгө чинээтэй, хангалуун амьдарч байсан ч «Бурхны өмнө баян биш» байжээ (Лук 12:13–21). Израильчуудын өвөг дээдэс цөлд 40 жил амьдрахдаа маннагаар л хооллож байсан билээ. Тэд тарган шарын мах идэх юм уу зааны ясан орон дээр налайж байсангүй. Гэсэн ч Мосе тэдэнд: «Бурхан ЭЗЭН чинь чиний хийсэн бүхэнд чамайг ивээж байсан. ...Өнгөрсөн дөчин жилийн турш ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байснаар чи юугаар ч дутаагүй» хэмээн хэлсэн (Дэд хууль 2:7). Тийм ээ, цөлд байсан израильчууд зайлшгүй шаардлагатай юмаар огтхон ч дутаж байгаагүй. Хамгийн гол нь, Бурхан тэднийг хайрладаг, хамгаалдаг, ивээдэг байсан!
17. Ехова ямар учраас эртний израильчуудыг Амласан газарт аваачсан бэ?
17 Ехова өвөг дээдсийг нь Амласан газар аваачиж, тэр нутгаас бүх дайснаа сөнөөн устгахад нь тусалж байсан тухайгаа Амосын үеийн израильчуудад сануулжээ (Амос 2:9, 10). Гэвч Бурхан ямар учраас израильчуудыг Египетээс гаргаж, тэр сайхан нутагт аваачив аа? Тосонд умбаж, торгонд хөлбөрч, Бүтээгчээ мартаг гэж аваачсан хэрэг үү? Үгүй ээ! Тэднийг эрх чөлөөтэй, сүнслэгээр цэвэр байлгаж, өөрийг нь шүтэх боломж олгохын тулд тэнд аваачсан юм. Гэтэл Израилийн арван овогт хаант улсын ард түмэн мууг үзэн ядаж, сайныг хайрлаж байсангүй. Тэд Ехова Бурхныг бус, хиймэл шүтээнүүдийг алдаршуулдаг байжээ. Ямар шившигтэй юм бэ!
Ехова хариуцлага тооцдог
18. Ехова бидэнд яагаад сүнслэг эрх чөлөө өгсөн бэ?
18 Бурхан израильчуудын гутамшигт явдлыг анхаарахгүй байж чадаагүй. Тэрбээр: «Та нарын бүх гэм буруугийн төлөө Би та нарыг шийтгэнэ» хэмээн хэлж, байр сууриа тодорхойлсон (Амос 3:2). Энэ үг бидэнд орчин үеийн Египет буюу эд юмсын энэхүү ёс бус тогтолцооны боолчлолоос ангижирсныг маань бодуулах учиртай. Ехова биднийг амин хувийн хүсэлдээ хөтлөгдөн яваасай гэсэндээ сүнслэгээр чөлөөлсөн юм биш ээ. Харин үүний оронд, сүнслэгээр цэвэр, эрх чөлөөт хүмүүсийн үүднээс өөрийг нь чин зүрхнээсээ алдаршуулаасай гэж чөлөөлсөн хэрэг. Тиймээс, бид Бурхны өгсөн эрх чөлөөг хэрхэн ашигласнаа дор бүрнээ тайлагнах болно (Ром 14:12).
19. Амос 4:4, 5-д бичсэнээр, израильчуудын ихэнх нь юуг хайрладаг болсон бэ?
19 Израильчуудын ихэнх нь Амосын хүргэсэн чухал мэдээг үл тоомсорлосон нь харамсалтай. Амос 4:4, 5-д: «Бетел уруу нэвтрэн орж, гэм зөрчлөө үйлд. Гилгалд гэм зөрчлөө олшруул! [...] Учир нь Израилийн хөвгүүд та нар ийнхүү хийх дуртай» хэмээн тэмдэглэсэн нь тэдний зүрх сүнслэгээр өвдсөнийг илчилсэн хэрэг байлаа. Израильчууд зөв хүслээ хөгжүүлдэггүй, зүрхээ хамгаалдаггүй байсан. Үүний уршгаар, тэдний ихэнх нь мууг хайрлаж, сайныг үзэн яддаг болжээ. Тугал шүтэгч тэр зөрүүд хүмүүс өөрчлөгдөөгүй. Нүгэлт тэднийг Еховагийн шийтгэл, үхэл хүлээж байлаа!
20. Яавал Амос 5:4-т бичсэний дагуу амьдарч болох вэ?
20 Тэр үеийн Израильд Еховад үнэнч үлдэх гэдэг урсгал сөрж сэлэхтэй адил амаргүй байсныг өнөөгийн христианууд хөгшин залуугүй ойлгодог. Гэхдээ Бурхныг хайрлах хайр, түүнд таалагдах гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн зарим хүн жинхэнэ шүтлэгийг баримталсаар байсан юм. Ехова ч тэднийг халуун сэтгэлээр урьсныг Амос 5:4-т: «Та нар амьдрахын тулд Намайг хай» хэмээн бичсэн байдаг. Өнөөдөр ч гэсэн Бурхан гэмшиж, өөрийнх нь Үгийн тухай нарийн зөв мэдлэг олж, тэр дагуу явж, өөрийг нь хайдаг хүмүүсийг өршөөдөг. Энэ бол амархан биш ч мөнхийн аминд хүргэдэг зам юм (Иохан 17:3).
Сүнслэг өлсгөлөнгийн үеийн хөгжил цэцэглэлт
21. Жинхэнэ шүтлэгийг дэмждэггүй хүмүүс ямар өлсгөлөнд нэрвэгдсэн бэ?
21 Жинхэнэ шүтлэгийг дэмжээгүй хүмүүсийг юу хүлээж байсан бэ? Хамгийн аймшигтай өлсгөлөн буюу сүнслэг өлсгөлөн! «„Би газар дээр өлсгөлөнг илгээх өдрүүд ирж байна“ гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. „Талхаар өлсөх, усаар цангах бус, харин ЭЗЭНий үгийг сонсохын төлөө өлсгөлөн байх юм“» (Амос 8:11). Христ шашны ертөнц яг ийм сүнслэг өлсгөлөнд нэрвэгджээ. Гэхдээ тэр дотор байдаг чин сэтгэлтэй хүмүүс Бурхны ард түмнийг сүнслэгээр цэцэглэн хөгжиж байгааг хараад, Еховагийн байгууллага уруу ирдэг. Христ шашны ертөнц болон жинхэнэ христиануудын нөхцөл байдлын хоорондох эрс ялгааг Еховагийн үгэнд: «Үзэгтүн, Миний зарц нар идэх боловч, та нар өлсөнө. Үзэгтүн, Миний зарц нар уух боловч, та нар цангана. Үзэгтүн, Миний зарц нар баясах боловч, та нар ичнэ» хэмээн тун онож бичжээ (Исаиа 65:13).
22. Бидэнд баярлах ямар шалтгаан байдаг вэ?
22 Еховагийн үйлчлэгчид бид сүнслэг хоол унд, ивээл хишиг хүртдэгээ дор бүрнээ үнэлдэг бил үү? Зүрх маань зөв хандлагатай учраас Библи болон түүнд үндэслэсэн ном хэвлэл судлахдаа, цуглаан, чуулганд очихдоо баярлан хашгирмаар санагддаг. Бурхны Үгийг, тэр дундаа түүний онгодоор бичигдсэн Амосын зөгнөлийг сайн ойлгож байгаадаа бид баяртай байна.
23. Бурхныг алдаршуулдаг хүмүүс юу хүртдэг вэ?
23 Бурханд хайртай, түүнийг алдаршуулахыг хүсдэг бүх хүнд зориулсан найдварын мэдээ Амосын зөгнөлд бий. Еховаг хайрладаг бид санхүүгийн ямар ч байдалд байсан, энэ зовлонт ертөнцөд ямар ч бэрхшээлтэй учирсан, Бурхны өгдөг ивээл хишиг, хамгийн чанартай сүнслэг хоол ундыг хүртэн жаргадаг билээ (Сургаалт үгс 10:22; Матай 24:45–47). Биднийг сайн сайхан байлгах бүх зүйлээр элбэг дэлбэг хангадаг Бурхныг хамгийн дээдээр алдаршуулах нь зохистой. Тийм учраас, бүгдээрээ Бурхныг үүрд мөнхөд чин сэтгэлээсээ магтан алдаршуулах шийдвэр төгс байцгаая. Хэрэв бид зүрхийг Шалгагч Еховаг хайдаг бол ингэж чадна.
Та юу гэж хариулах вэ?
• Амосын үеийн Израильд нөхцөл байдал ямар байсан бэ?
• Израилийн арван овогт хаант улсын болон орчин үеийн нөхцөл байдалд адил төстэй ямар талууд байна вэ?
• Одоо болж байгаа ямар өлсгөлөнг Библид зөгнөсөн байдаг вэ? Гэхдээ ямар хүмүүс энэ өлсгөлөнд нэрвэгдээгүй вэ?