Зөнчдийг дууриагтун —Амос
1. Амосын жишээ бидэнд урам зориг хайрладаг гэхийн учир юу вэ?
1 Боловсрол багатай, эгэл жирийн хүн гэдгээсээ болоод та өөрийгөө дэлгэрүүлэх ажилд тэнцэхгүй гэж бодож байсан уу? Тийм бол Амосын жишээ таныг зоригжуулна. Тэрбээр хонь хариулж, газар тариалангийн ажил хийдэг жирийн хүн байсан ч Ехова түүнд чухал мэдээ тунхаглах ажил даалгасан (Ам. 1:1; 7:14, 15). Орчин үед ч түүн шиг эгэл жирийн хүмүүсээр ажлаа хийлгэдэг (1 Кор. 1:27–29). Зөнч Амосоос дэлгэрүүлэх ажилтай хамаатай өөр юу сурч болох вэ?
2. Дэлгэрүүлэхэд биднийг эсэргүүцлээ ч тууштай байж болохын учир юу вэ?
2 Эсэргүүцэл тулгарахад ч тууштай байх нь: Арван овогт хойд хаант улсын, тугал шүтдэг тахилч Амазиа, Амосын зөгнөхийг сонсоод, уурлан «Явж үз, бид өөрийн гэсэн шашин шүтлэгтэй!» гэх маягийн юм хэлжээ (Ам. 7:12, 13). Амосын хийж байгаа ажлыг зогсоохын тулд Амазиа үгийг нь Иеробоам хаанд айлтгахдаа мушгин гуйвуулдаг (Ам. 7:7–11). Гэхдээ Амос айж хулчийгаагүй. Өнөөдөр ч зарим лам хувраг Еховагийн үйлчлэгчдийг хавчиж эсэргүүцэх гэж төр засгаас дэмжлэг эрдэг. Тэглээ ч бидний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг үүрдийн хохирол учруулахгүй гэж Ехова батлан хэлдэг (Ис. 54:17).
3. Өнөөдөр бид ямар хоёр чухал мэдээ тунхагладаг вэ?
3 Еховагийн шийтгэлийг болон ирээдүйд хүртээх ивээлийг тунхаглагтун: Ехова Израилийн арван овогт хаант улсыг шийтгэх гэж байгааг Амос зөгнөсөн. Гэхдээ Израильчуудыг нутагт нь буцааж, арвин их ивээл хүртээх тухай Еховагийн амлалтыг номдоо бичсэн байдаг (Ам. 9:13–15). Бид ч бас ойртож буй «сүйрлийн өдрийг» тунхагладаг. Харин энэ бол бидний тунхаглах хэрэгтэй «Хаанчлалын ... сайн мэдээний» зөвхөн нэг хэсэг нь юм (2 Петр 3:7; Мат. 24:14). Ехова Хармагедоноор хорон муу бүхнийг устгаад дэлхийг диваажин болгоно (Дуу. 37:34).
4. Еховагийн хүслийг биелүүлж чадна гэдэгтээ яагаад итгэлтэй байж болох вэ?
4 Эсэргүүцэгч олонтой энэ ертөнцөд бид Хаанчлалын мэдээг тунхагладаг учир Еховад өөрийгөө зориулсны дагуу амьдарч, хүсэл тааллыг нь тууштай биелүүлэхэд амаргүй байдаг (Иох. 15:19). Гэхдээ Ехова Амост тусалсан шигээ бидэнд ч бас туслан хүсэл тааллыг нь биелүүлэх чадвартай болгоно гэдэгт бид итгэдэг (2 Кор. 3:5).