«Тууштай бөгөөд чин зоригтой бай»
«Тууштай бөгөөд чин зоригтой бай. ... Бурхан ЭЗЭН чамтай хамт» (ИОШ. 1:7–9).
ХАРИУЛНА УУ
Енох Ноа хоёр хэрхэн зоригтой байсан бэ?
Эрт цагийн зарим эмэгтэйчүүд итгэл, зоригтой байхын ямар жишээ үзүүлсэн бэ?
Зоригтой байсан залуучуудаас хэний жишээ таны сэтгэлийг хөдөлгөсөн бэ?
1, 2. а) Зөв юм хийхэд заримдаа юу хэрэг болдог вэ? б) Юуны тухай үзэх вэ?
ЗОРИГТОЙ гэдэг үг аймхай, хулчгар, зүрх зориггүйн эсрэг утгыг илэрхийлдэг. Баатарлаг, эрэмгий дайчин, юунаас ч айдаггүй хүнийг бид зоригтой хүн гэж боддог. Бурханд үнэнч байхын төлөө зориг гаргаж байгаа нь гаднаа харагдахгүй үе бас байдаг.
2 Библид гардаг зарим хүн туйлын хэцүү нөхцөлд эр зориг гаргажээ. Харин зарим нь жирийн үед ч зоригтой байсан. Тэд эр зоригтойгоо хэрхэн харуулсан бэ? Тэднийг хэрхэн дууриах вэ?
БУРХАНЛАГ БУС ЕРТӨНЦӨД АМЬДАРДАГ ЗОРИГТ ГЭРЧҮҮД
3. Енох бурханлаг бус хүмүүсийн тухай юу гэж зөгнөсөн бэ?
3 Усан галаваас өмнө амьдарч байсан ёс бус хүмүүст Еховагийн мэдээг хүргэхэд эр зориг хэрэгтэй байжээ. «Адамын долоо дахь үеийн» хүн болох Енох: «Харагтун. Эзэн мянга мянган ариун нэгэнтэйгээ ирэв. Энэ нь бүгдийн дээр шүүх ажиллагаа явуулж, бүх бурханлаг бусчуудыг бурханлаг бус замаар үйлдсэн бүх бурханлаг бус үйлээр нь болон бурханлаг бус нүгэлтнүүдийн Түүний эсрэг ярьсан бүх хатуу үгээр нь буруутгахын тулд юм» хэмээн зөгнөлийн мэдээгээ хэнээс ч айлгүй тунхаглаж байжээ (Иуда 14, 15). Енох энэ зөгнөлийг биелнэ гэдэгт итгэж байсан учраас хэдийнээ болж өнгөрсөн мэтээр ярьсан. Дэлхий нийтийг хамарсан Усан галаваар бурханлаг бус хүмүүс устгагдах байлаа!
4. Ноа ямар үед «Бурхантай хамт явсан» бэ?
4 МЭӨ 2370 онд Усан галав юүлжээ. Енохыг зөгнөснөөс хойш 650 гаруй жилийн дараа болсон гэсэн үг. Энэ хугацаанд юу болсон бэ? Ноа төрж, гэр бүл зохион, үр хүүхэд өсгөж, хөвгүүдтэйгээ хөвөгч авдар хийсэн. Хорон муу тэнгэр элчүүд махан биетэй болж, сайхан бүсгүйчүүдтэй гэрлэн, тэдний дундаас нефилимүүд төржээ. Бас хүмүүс бузар мууг үйлдэх нь гаарч, дэлхий хүчирхийллээр дүүрсэн (Эх. 6:1–5, 10, 11). Гэлээ ч гэсэн «зөвт байдлыг тунхаглагч» Ноа «Бурхантай хамт явж», зоригтой дэлгэрүүлж байсан (2 Петр 2:4, 5-ыг уншина уу). Эцсийн өдрүүдэд амьдарч буй бид ч зоригтой байх шаардлагатай.
ИТГЭЛТЭЙ, ЗОРИГТОЙ ХҮМҮҮС
5. Мосе итгэл, зоригтойгоо хэрхэн харуулсан бэ?
5 Мосе итгэл, зоригоороо бидэнд үлгэр дууриал болдог (Евр. 11:24–27). МЭӨ 1513–1473 онд Бурхан түүнд израильчуудыг Египетээс гаргаж, цөлөөр дагуулан явахыг тушаажээ. Мосе энэ даалгаврыг биелүүлж чадахгүй гэж бодож байсан ч хүлээж авсан (Ег. 6:12). Тэрбээр ах Аароны хамт Египетийн түрэмгий фараонд дахин дахин бараалхаж, Ехова Арван гамшиг учруулан Египетийн бурхдыг гутааж, ард түмнээ аврах гэж байгааг зоригтойгоор тунхагласан (Ег. 7–12-р бүлэг). Бурхан үнэнчээр тусалж дэмжиж байсан учраас Мосе итгэлтэй, зоригтой байж чадсан. Бид ч бас чадна (Д.хууль 33:27).
6. Эрх мэдэлтнүүдэд байцаагдах үедээ зоригтой хариулахад бидэнд юу туслах вэ?
6 Бид Мосегийн адилаар эр зоригтой байх хэрэгтэй. Учир нь Есүс: «Та нар тэдэнд болоод харь үндэстнүүдэд гэрчлэл болж Миний төлөө захирагчид болон хаадын өмнө хүргэгдэх болно. Тэд та нарыг баривчлах үед яах билээ, юу хэлэх билээ гэж бүү санаа зов. Учир нь хэлэх зүйл чинь тэр цагт та нарт өгөгдөнө. Яригч бол та нар бус, та нарын дотор яригч Эцэгийн чинь Сүнс юм» гэж хэлсэн (Мат. 10:18–20). Засгийн газрын эрх бүхий хүмүүст байцаагдах үед итгэлтэй, зоригтой бөгөөд хүндэтгэлтэй хариулахад Еховагийн сүнс бидэнд тусална (Лук 12:11, 12-ыг уншина уу).
7. Иошуа ямар учраас зоригтой байж, амжилт олсон бэ?
7 Мосегийн залгамжлагч Иошуа Бурхны хуулийг тогтмол судалдгийн ачаар итгэлтэй, зоригтой байжээ. МЭӨ 1473 онд израильчуудыг Амласан газрын босгон дээр байхад нь Бурхан: «Тууштай бөгөөд чин зоригтой бай» хэмээн тушаадаг. Иошуа Бурхны хуулийг дагавал хөгжин дэвжиж, амжилт олох байлаа. Ехова түүнд «Хаана явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх учраас бүү чичирч айгтун» гэжээ (Иош. 1:7–9). Энэ үг Иошуад хэчнээн их сэтгэлийн дэм өгсөн бол оо! Үнэхээр ч Бурхан түүнтэй хамт байж, зургаахан жилийн дотор буюу МЭӨ 1467 он гэхэд Амласан газрын дийлэнх хэсгийг эзлэн авахад нь тусалсан.
ЗОРИГТ ЭМЭГТЭЙЧҮҮД
8. Рахаб бат итгэл, чин зоригтойгоо хэрхэн харуулсан бэ?
8 Еховад үйлчилдэг эмэгтэйчүүд олон зууны тэртээгээс байр сууриа зоригтой хамгаалж иржээ. Тухайлбал, Иерихо хотод амьдардаг янхан эмэгтэй Рахаб Бурханд итгэж байсан учраас Иошуагийн явуулсан хоёр туршуулыг зоригтой нууж, хааны албатуудыг өөр зүг рүү явуулдаг. Израильчууд Иерихог эзэлж авахдаа Рахабыг гэр бүлийнх нь хамт аварсан. Тэрбээр нүгэлт амьдралаа орхиж, Еховаг үнэнчээр шүтэж, Мессиагийн элэнц эх болжээ (Иош. 2:1–6; 6:22, 23; Мат. 1:1, 5). Ийнхүү итгэл, зоригтой байсныхаа ачаар ивээл хүртжээ!
9. Дебора Барак Иаел нар хэрхэн эр зориг гаргасан бэ?
9 МЭӨ 1450 оны үед Иошуаг нас барсны дараа Израилийг шүүгчид удирдах болжээ. Канааны хаан Иабин израильчуудыг эрхэндээ оруулаад 20 жил өнгөрөхөд Бурхан түүний эсрэг тэмц хэмээн шүүгч Баракт зөнч эмэгтэй Деборагаар хэлүүлсэн. Барак Табор ууланд 10 000 цэрэг цуглуулж, Иабины армийн жанжин Сисератай тулалдахад бэлэн болсон. Тэр үед Сисера 900 төмөр тэрэг бүхий цэрэгтэйгээ Кишон гол руу хүрч иржээ. Израильчуудыг уулнаас буун, хөндийд орж ирэх үед Бурхан үер буулгаж дайны талбарыг намаг болгож орхисонд канаанчуудын тэрэгнүүд шаварт зоогдсон. Баракийн цэргүүд тэднийг ялж, «Сисерагийн цэргүүдийг ... бүгдийг илдний ирээр цавчин унагаав». Сисера амь зулбан зугтаж Иаелын майханд ирдэг. Харин Иаел түүнийг унтаж байхад нь алдаг. Энэ ялалтаар Барак бус, харин Иаел бүсгүй алдаршиж, Деборагийн зөгнөл биелжээ. Дебора Барак Иаел нар зоригтой байсны ачаар Израиль «дөчин жилийн турш тайван байлаа» (Шүү. 4:1–9, 14–22; 5:20, 21, 31). Бурхнаас эмээдэг олон хүн ийм л итгэл, зоригтой байсан.
ҮГ ЯРИАГААРАА БУСДЫГ ЗОРИГЖУУЛАХ НЬ
10. Бид үг яриагаараа бусдыг зоригжуулж болдог гэхийн учир юу вэ?
10 Бид үг яриагаараа итгэл нэгтнүүдээ зоригжуулдаг. МЭӨ XI зуунд Давид хаан: «Тууштай бөгөөд зоригтой байж үйлдэгтүн. Миний Бурхан болох Бурхан ЭЗЭН чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг хаяхгүй, чамайг мартахгүй» хэмээн хүү Соломондоо захижээ (Ш.дээд 28:20). Соломон зоригтой байж, Иерусалимд Еховагийн сүрлэг сүмийг барьсан.
11. Израиль охин зоригтой ярьсан нь нэгэн хүнд хэрхэн нөлөөлсөн бэ?
11 МЭӨ Х зуунд болсон явдал. Нэгэн израиль охин зоригтой ярьж, уяман өвчтэй хүнд эдгэрэхэд нь тусалсан аж. Дээрэмчид түүнийг олзлон, Сирийн цэргийн ахмад Нааман хэмээх уяман өвчтэй хүний зарц болгожээ. Ехова Елишагаар гайхамшиг үйлдүүлдгийг мэддэг байсан тэр охин Нааманы эхнэрт нөхрийгөө Израиль руу явуулбал Бурхны зөнч эдгээж чадна гэж хэлдэг. Нааман Израиль руу явж, гайхамшгаар эдгэрэн, Еховаг шүтдэг болсон (Х.дэд 5:1–3, 10–17). Хүүхдүүд та нар Бурхныг тэр охин шиг хайрладаг бол Бурхны тусламжтайгаар багшдаа, ангийнхандаа, бусад хүнд зоригтой дэлгэрүүлнэ.
12. Хезекиа хааны албатууддаа хэлсэн үг ямар нөлөөтэй байсан бэ?
12 Аюул тохиох үед оновчтой хэдэн үг хэлбэл бусдыг зоригжуулж чаддаг. МЭӨ VIII зуунд ассиричууд Иерусалимын эсрэг тулалдахаар ирэхэд Хезекиа хаан ард иргэддээ «Тууштай бөгөөд зоригтой байгтун. Ассирийн хаанаас, түүнтэй хамт байгаа энэ бүх түмнүүдээс бүү эмээ, бүү зүрх алдагтун. Учир нь бидэнтэй хамт байгаа Нэгэн нь түүнтэй хамт байгаа нэгнээс агуу юм. Түүнтэй хамт зөвхөн махан гар, харин бидэнтэй хамт бидэнд туслах болон тулалдаанд минь байлдах бидний Бурхан ЭЗЭН байна» хэмээн хэлжээ. Албатууд нь яасан бэ? «Иудагийн хаан Хезекиагийн үгэнд найджээ» (Ш.дэд 32:7, 8). Хавчигчид амар заяа үзүүлэхгүй байх үед ийм урмын үгэнд бид ч, итгэл нэгтнүүд маань ч зоригжино.
13. Ахаб хааны гэрийн түшмэл зоригт Обадиагаас юу сурч болох вэ?
13 Заримдаа юу ч хэлэхгүй байх нь зоригтойн шинж байдаг. МЭӨ Х зуунд Ахаб хааны гэрийн түшмэл Обадиа зориг гарган Еховагийн зуун зөнчийг «тавь тавиар нь агуйд» нуужээ. Учир нь хорон санаат Иезебел хатан тэднийг алах тушаал буулгасан байв (Х.дээд 18:4). Еховагийн орчин үеийн үнэнч үйлчлэгчид Бурхнаас эмээгч Обадиаг дууриан итгэл нэгтнүүдээ зоригтой хамгаалдаг бөгөөд хавчигчдад тэдний тухай мэдээлэл өгдөггүй.
ЧИН ЗОРИГТ ЕСТЕР ХАТАН
14, 15. Естер хатан итгэл, зоригтой байсан нь юунаас харагддаг вэ? Үр дүн нь ямар байсан бэ?
14 Естер хатан агуу их итгэл, зоригтой эмэгтэй байв. МЭӨ V зуунд хорон санаат Хаман Персийн эзэнт гүрэн даяар иудейчүүдийг хоморголон устгах хуйвалдаан зохиожээ. Иудейчүүд гашуудан мацаг барьж, чин зүрхнээсээ залбирсан нь эргэлзээгүй! (Ест. 4:1–3). Хатан ихэд зовж шаналав. Үеэл ах Мордехаи нь иудейчүүдийг устгахыг тушаасан зарлигийн хуулбарыг Естерт явуулан элэг нэгт иудейчүүдийнхээ төлөө хаанд бараалхаж ивээлдээ багтаахыг гуй гэж тушаажээ. Гэвч дуудагдаагүй ямар ч хүн хааны ордонд орвол үхэх ял авдаг байв (Ест. 4:4–11).
15 Гэтэл Мордехаи Естерт «Хэрэв чи энэ үед чимээгүй байвал иудейчүүд өөр газраас аврал болоод тусламж олж болох ч, ... Чиний хааны эрх дарханд хүрсэн нь энэ цагийн төлөө ч юм билүү, хэн мэдэх вэ?» гэж хэлсэн. Естер Мордехаид «Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барь! ... Би ... мөн ийм байдлаар мацаг барина. ... хуулийн дагуу биш ч би хаан дээр орно. Хэрэв би үхэх бол үхнэ» гэж хариулдаг (Ест. 4:12–17). Естер зоригтой алхам хийсэн бөгөөд Бурхан ард түмнээ аварсныг «Естер» номд бичсэн байдаг. Өнөө үед тослогдогсод болон тэдний хамтран зүтгэгчид сорилтын үед бас тийм эр зориг гаргадаг. «Залбирлыг сонсдог Нэгэн» ч үргэлж тэдний талд байдаг (Дуулал 65:2; 118:6-г уншина уу).
«ЗОРИГТОЙ БАЙ»
16. Есүс охид хөвгүүдэд ямар жишээ үлдээсэн бэ?
16 МЭ I зуунд болсон явдал. 12 настай Есүс сүм дотор «багш нарын дунд суугаад тэднийг сонсож, мөн тэднээс асууж» байжээ. «Түүний ухаан болон хариултууд нь Түүнийг сонссон бүхний гайхлыг төрүүлж байв» (Лук 2:41–50). Есүс насаар бага байсан ч сүмд очиж, багш нараас итгэл, зоригтойгоор асуулт асуужээ. Христиан хурлын охид хөвгүүд Есүсийн жишээг санавал «найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөх» боломж бүрийг ашиглаж чадна (1 Петр 3:15).
17. Есүс шавь нартаа «зоригтой байхыг» уриалсны учир юу вэ? Бид яагаад зоригтой байх хэрэгтэй вэ?
17 Есүс хүмүүст «зоригтой байхыг» уриалдаг байсан (Мат. 9:2, 22). Тэрбээр шавь нартаа «Үзэгтүн, та нар тарцгааж, хүн бүр өөр өөрсдийн гэрт харьж Намайг ганцааранг минь орхих цаг ирж байна. Энэ цаг аль хэдийнээ иржээ. Гэсэн хэдий ч Би ганцаараа биш. Учир нь Эцэг Надтай хамт байдаг. Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан» гэж хэлжээ (Иох. 16:32, 33). Ертөнц Есүсийн I зууны дагалдагчдыг үзэн ядаж байсан шигээ биднийг ч бас үзэн яддаг. Гэвч ертөнцөд уусахгүй байцгаая. Бурхны Хүүгийн зоригт үйлсийг эргэцүүлэн бодвол энэ ертөнцөд бохирдолгүй үлдэх зоригтой болно. Есүс ертөнцийг ялсан, бид ч бас ялна (Иох. 17:16; Иак. 1:27).
18, 19. Элч Паул итгэл, зоригтойгоо хэрхэн баталсан бэ?
18 Элч Паул олон сорилтыг тэвчжээ. Нэгэн удаа Иерусалимын иудейчүүд түүнийг хэдэн хэсэг болгон тастах гэж байхад нь Ромын цэргүүд авардаг. Шөнө нь «Эзэн Паулын дэргэд зогсон „Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм“ гэжээ» (Үйлс 23:11). Паул ч хэлснийг нь дагасан.
19 Коринт дахь хурлыг завхруулахыг оролдож байсан «хамгийн эрхэм тэр элч нарыг» Паул зоригтойгоор зэмлэн буруушаасан байдаг (2 Кор. 11:5; 12:11). Паул элч гэдгээ баталж чадсанаараа тэднээс ялгаатай. Шоронд хоригдох, аз туршсан аялал хийх, зодуулж жанчуулах, өлсөж цангах, олон шөнө нойргүй хонох, итгэл нэгтнүүдийнхээ төлөө ихэд шаналах зэргээр зовлон үзсэн (2 Коринт 11:23–28-ыг уншина уу). Ямар их итгэлтэй, эр зоригтой хүн байж вэ! Энэ бол Бурхан тэнхрүүлж байсны баталгаа мөн!
20, 21. а) Зоригтой байх хэрэгтэйг харуулсан жишээ хэлнэ үү. б) Ямар ямар үед зоригтой байх хэрэгтэй вэ? Юунд итгэж болох вэ?
20 Христианууд бүгдээрээ хүнд хэцүү хавчлагад өртөхгүй. Гэхдээ амьдралд тулгарах бэрхшээлийг давахын тулд эр зоригтой байх хэрэгтэй. Жишээ авъя. Дээрэмчдийн бүлгийн гишүүн байсан нэг бразил залуу Библи судалж эхэлмэгцээ өөрчлөгдөх хэрэгтэйгээ ойлгожээ. Гэтэл тэр бүлгээс гарсан хүн алуулдаг байж. Тэрбээр залбирч байгаад, бүлгээс гарч байгаагийнхаа учрыг толгойлогчдоо Библиэс тайлбарлажээ. Тэгээд ямар ч цээрлэл амсалгүйгээр бүлгээсээ гарч, Хаанчлалыг тунхаглагч болсон.
21 Сайн мэдээг дэлгэрүүлэхэд эр зориг хэрэгтэй. Сургуульд сурдаг христианууд үнэнч байя гэвэл зоригтой байх шаардлагатай. Чуулганы бүх хөтөлбөрийг сонсохын тулд ажлаасаа чөлөө авахад ч зориг чухал үүрэгтэй. Ингээд яриад байвал барагдахгүй. Бидэнд ямар ч бэрхшээл тулгарсан Ехова «итгэлийн залбирлыг» маань сонсоно (Иак. 5:15). Бас ариун сүнсээ өгөх нь дамжиггүй. Тэгсэн цагт бид «тууштай бөгөөд зоригтой» байна!
[11-р хуудасны зураг]
Енох ёс бус ертөнцөд зоригтой дэлгэрүүлсэн
[12-р хуудасны зураг]
Иаел тууштай бөгөөд зоригтой байсан