Зоригтой бай, Ехова тантай хамт байна!
«Тууштай бөгөөд зоригтой бай! . . . Чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байна» (ИОШ. 1:9).
1, 2. а) Зовлон бэрхшээлийг давахад юу хэрэгтэй вэ? б) Итгэл гэдгийг та юу гэж тодорхойлох вэ? Жишээгээр тайлбарлана уу.
БИД Ехова Бурханд үйлчилдэг учир баяр хөөртэй байдаг. Гэлээ ч гэсэн хүн төрөлхтний амсдаг зовлонгоос ангид байдаггүй. Түүгээр ч барахгүй, «зөвт байдлын төлөө зовлон эдлэхийг» үгүйсгэх аргагүй (1 Петр 3:14; 5:8, 9; 1 Кор. 10:13). Энэ бүхнийг даван туулахад итгэл, зориг хэрэгтэй.
2 Итгэл гэж юу вэ? Элч Паул: «Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн» хэмээн бичжээ (Евр. 11:1). Итгэлийг өмчлөх эрхийн гэрчилгээтэй адилтгаж болно. Бурхан хэлсэн үгэндээ ямагт хүрдэгт бид итгэдэг учраас өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэсэн үг. «Бидний найддаг зүйлс» буюу Бурхны амласан бүхэн биелнэ, Үгэндээ бичүүлсэн бүхэн нь, тэр байтугай «харагдахгүй зүйлс» ч жинхэнэ үнэн гэдэгт бид туйлын их итгэдэг.
3, 4. а) Зориг гэж юу вэ? б) Яавал итгэл бэхжиж, зориг бадрах вэ?
3 Зориг гэдэг бол саад бэрхшээл, аюул занал тулгарахад ч итгэл найдвараа алдахгүй, сэтгэл хөдлөлдөө автахгүй, баримталдаг ёс суртахууны хэм хэмжээгээ зөрчихгүй байх эрэлхэг зан байдал юм. Зоригтой хүн шийдэмгий, дайчин, тэр байтугай итгэл үнэмшлийнхээ төлөө зовлон эдлэхэд ч бэлэн байдаг (Марк 6:49, 50; 2 Тим. 1:7).
4 Хүн болгон бат итгэлтэй, чин зоригтой байхыг хүсдэг. Заримдаа бүр ч илүү итгэлтэй, эр зоригтой байх шаардлага гардаг. Энэ талаар гайхалтай үлгэр дууриал үлдээсэн олон мянган хүний тухай Библид өгүүлдэг. Тэдэнд тохиолдсон явдлыг анхааралтай авч үзвэл итгэл бэхжиж, зориг бадрах нь дамжиггүй.
ЕХОВА ИОШУАТАЙ ХАМТ БАЙСАН
5. Үүрэг даалгавраа амжилттай биелүүлэхийн тулд Иошуа ямар байх хэрэгтэй байсан бэ?
5 Цаг хугацааг ухрааж, 35 зууны тэртээд очицгооё. Ехова олон сая израильчуудыг Египетийн дарлалаас чөлөөлснөөс хойш 40 жил өнгөрөөд байлаа. Зөнч Мосе тэднийг удирдсан юм. 120 насыг насалсан тэрбээр Небо уулын оройд гарч Амласан газрыг алсаас хараад, тэндээ нас эцэслэв. Залгамжлагч нь «мэргэн ухааны сүнсээр дүүрэн» Иошуа гэдэг хүн аж (Д.хууль 34:1–9). Иошуа тэргүүтэй Израилийн цэргүүд Канаан нутгийг эзлэн авахад бэлэн болоод байлаа. Тулалдаанд ялалт байгуулахын тулд Иошуа Бурхны мэргэн ухаанаар удирдуулж, итгэлтэй, зоригтой, тууштай байх хэрэгтэй байв (Д.хууль 31:22, 23).
6. а) Иошуа 23:6-г үзвэл, юу хийхэд зориг гаргах хэрэгтэй болдог вэ? б) Үйлс 4:18–20; 5:29-д бичсэнээс юу ойлгож болох вэ?
6 Канаан нутгийг эзлэн авахын төлөө олон жил тулалдахдаа израильчууд өөрсдийн удирдагч Иошуагийн мэргэн ухаан, эр зориг, бат итгэлийг хараад зоригжиж байсан биз ээ. Гэхдээ тулалдаанд оролцоход төдийгүй Бурхандаа дуулгавартай байхад тэд зориг гаргах хэрэгтэй байсан. Иошуа нас барахынхаа өмнө израильчуудтай салах ёс гүйцэтгэхдээ «Мосегийн хуулийн номд бичигдсэн бүхнийг сахиж хийхдээ маш тууштай [«зоригтой», ШЕ] байж, түүнээс баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй бай» хэмээн захижээ (Иош. 23:6). Еховад цаг ямагт дуулгавартай байхад бидэнд бас эр зориг хэрэгтэй. Бурхны хүсэл таалалд харшлах зүйл хийлгэх гэсэн дарам шахалтад автахгүй байя гэвэл зориг гаргах нь бүр ч чухал (Үйлс 4:18–20; 5:29-ийг уншина уу). Удирдлага заавар гуйн залбирч, өөрт нь найддаг хүнийг Ехова зоригжуулдаг.
«АМЖИЛТАД ХҮРЭХИЙН» ТУЛД
7. Зоригтой байж, амжилтад хүрэхийн тулд Иошуа яах ёстой байсан бэ?
7 Бурхны хүсэл тааллыг биелүүлэх зүрх зоригтой болохын тулд Үгийг нь судалж, сурснаа ажил хэрэг болгох ёстой. Мосегийн халааг авах үед нь Ехова Иошуад «Тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүлэхэд анхаарал тавь. ... Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй, харин түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр өдөр шөнөгүй түүнийг бясалгаж яв. Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтад хүрэх болно» хэмээн айлджээ (Иош. 1:7, 8). Иошуа энэ зөвлөгөөг дагаад «амжилтад хүрсэн». Бид бас Иошуаг дууриадаг бол илүү их зоригтой болж, Бурханд үйлчлэхдээ амжилт гаргана.
2013 оны уриа: «Тууштай бөгөөд зоригтой бай! ... Чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байна» (Иошуа 1:9).
8. Библийн ямар зүйлийг 2013 оны уриа болгосон бэ? Энэ уриа танд ямар ач холбогдолтой вэ?
8 Дараа нь Ехова: «Тууштай бөгөөд зоригтой бай! Хаана явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх учраас бүү чичирч айгтун» хэмээн хэлэхэд Иошуа улам их зоригжсон нь эргэлзээгүй (Иош. 1:9). Ехова бидэнтэй ч хамт байдаг. Тиймээс ямар ч зовлон амссан, айж сандрахгүй байцгаая. «Тууштай бөгөөд зоригтой бай! . . . Чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байна» гэдэг үгийг онцгой анхааръя. Иошуа 1:9-д байдаг энэ үгийг 2013 оны уриа болгон авлаа. Энэ уриа болон итгэл, зоригтой бусад хүний хэлсэн үг, хийсэн үйл хэрэг бидэнд урам зориг өгөх нь дамжиггүй.
ТЭД ЗОРИГТОЙ БАЙСАН
9. Рахабыг итгэл, зоригтой хүн байсан гэж хэлэх ямар үндэс байна вэ?
9 Иошуа Канаан нутгийг тандуулахаар хоёр туршуул илгээжээ. Янхан эм Рахаб тэднийг нууж, дайснуудыг нь өөр замаар явуулдаг. Израильчууд Иерихо хотыг устгахдаа итгэл, зоригтой энэ эмэгтэйг гэрийнхэнтэй нь хамт аварсан (Евр. 11:30, 31; Иак. 2:25). Рахаб ч Еховагийн таалалд багтахын тулд садар самуун явдлаа орхижээ. Бурхны тааллыг олохын тулд итгэл, зоригтой байж, Рахабын адилаар амьдралаа өөрчилсөн христиан олон байдаг.
10. Рут жинхэнэ шүтлэгийн төлөө яаж эр зориг гаргасан бэ? Ямар ивээл хүртсэн бэ?
10 Иошуагаас хойш амьдарч байсан Рут хэмээх бэлэвсэн моаб бүсгүй жинхэнэ шүтлэгийн төлөө эр зориг гаргажээ. Израиль нөхөртэй байсан учир Еховаг тодорхой хэмжээгээр мэддэг байсан болов уу. Моаб нутагт аж төрж байсан хадам эх Наоми нь Израилийн Бетлехем хот руу нүүхээр шийджээ. Замдаа Наоми ард түмэн рүүгээ буц гэж Рутийг ятгасан боловч «Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. ... Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан» хэмээн хариу өчдөг (Рут 1:16). Хэлсэндээ ч хүрчээ. Хожим нь Рут Наомийн садангийн Боаз гэдэг хүнтэй сууж, хүү төрүүлэн, Давид Есүс нарын элэнц хуланц болсон. Ехова өөрт нь итгэж, зориг гаргасан хүмүүсийг ивээдэг нь тодорхой (Рут 2:12; 4:17–22; Мат. 1:1–6).
ТЭД АМЬ НАСААРАА ДЭНЧИН ТАВЬСАН!
11. Иехоиада Иехошеба хоёр зоригтой хүмүүс байсан нь ямар үйл явдлаас харагддаг вэ? Ямар үр дүнд хүрсэн бэ?
11 Өөрийнх нь хүсэл таалал, бусдын эрх ашгийг дээгүүр тавьдаг хүмүүстэй Бурхан хамт байдаг. Үүнийг мэдэхлээр зориг орж, итгэл бэхэждэг. Жишээлбэл, тэргүүн тахилч Иехоиада, түүний эхнэр Иехошебагийн талаар ярилцъя. Ахазиа хааныг нас нөгчсөний дараа түүний эх Аталиа, хааны угсаа залгамжлагчдыг хөнөөж, хаан ширээг гартаа оруулжээ. Харин Иехоиада Иехошеба хоёр амь насаараа дэнчин тавин байж Ахазиагийн хүү Иоашийг зургаан жил нуудаг. Долоо дахь жилд нь Иехоиада Иоашийг хаанаар өргөмжилж, Аталиаг цаазалсан (Х.дэд 11:1–16). Дараа нь сүмийг сэргээн засварлахад нь Иоашид тусалжээ. Иехоиадаг 130-тайдаа нас барахад хаадын булшинд оршуулсан юм. «Учир нь тэрээр Израильд болон Бурхан ба Түүний өргөөнд сайныг үйлджээ» (Ш.дэд 24:15, 16). Иехоиада эхнэрийнхээ хамт зоримог алхам хийсний дүнд Давид хааны угсаа тасралгүй байсаар эцэст нь Мессиа төрсөн билээ.
12. Ебед-мелех зориглож юу хийсэн бэ?
12 Зедекиа хааны өргөөний тайган Ебед-мелех амь насаа үл хайрлан Иеремиаг аварчээ. Иудагийн түшмэд ард олныг үймээн самуунд өдөөн хатгасан хэрэгт Иеремиаг хилсээр буруутган, нөөцлүүрт хаяж алахыг хаанаар зөвшөөрүүлдэг (Иер. 38:4–6). Ебед-мелех Иеремиагийн амийг хэлтрүүлэхийг гуйхаар Зедекиа хаанд бараалхсан. Энэ нь Ебед-мелехийн аминд халтай байлаа. Учир нь олон хүн Иеремиаг үзэн ядаж байсан юм. Харин Зедекиа хаан хүсэлтийг нь хүлээж аван, түүнтэй хамт 30 хүнийг явуулж Иеремиаг авруулахаар болдог. Бурхан Ебед-мелех рүү өөрийн зөнч Иеремиаг илгээж, Иерусалимыг вавилончууд сүйтгэх үеэр амийг нь аврахаа мэдэгджээ (Иер. 39:15–18). Тийм ээ, хүсэл таалалд нь нийцүүлэхийн төлөө зориг гаргасан хүмүүсийг Ехова шагнадаг.
13. Гурван еврей залуу хэрхэн эр зориг гаргасан бэ? Тэдний түүх бидэнд ямар сургамжтай вэ?
13 МЭӨ VII зуунд Еховагийн гурван еврей үйлчлэгч итгэлтэй, зоригтой байсныхаа төлөө ивээл хүртсэн. Небухаднезар хаан Вавилоны ихэс дээдсийг цуглуулаад, аварга том алтан хөрөгт мөргөх зарлиг буулгажээ. Мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд хаях байлаа. Гурван еврей залуу Небухаднезар хаанд хүндэтгэлтэйгээр хариу өчихдөө: «Бидний үйлчилдэг Бурхан биднийг дүрэлзсэн галтай зуухнаас аварч чадах бөгөөд хаан минь, Тэр биднийг таны гараас аварна. Хэдийгээр тэгэхгүй байсан ч, хаан минь, бид таны бурхдад үйлчлэхгүй, мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдтүгэй» хэмээн хэлдэг (Дан. 3:16–18). Ехова тэр гурвыг хэрхэн аварсан тухай гайхалтай явдлыг Даниел 3:19–30-д яруу тод бичсэн байдаг. Галтай зууханд хаягдах аюул бидэнд тулгарахгүй биз ээ. Гэхдээ үнэнч байх эсэх маань соригдох үед итгэлтэй, зоригтой байвал Бурхан ивээх нь дамжиггүй.
14. «Даниел» номын 6-р бүлгээс үзвэл Даниел хэрхэн эр зориг гаргасан бэ? Үр дүн нь юу байсан бэ?
14 Даниелын дайснууд Дариус хааныг ятган «аль нэг бурханд, эсвэл хүнд гуйлтаа өргөсөн этгээд арслангийн нүхэнд хаягдах болно» гэсэн тушаал гаргуулжээ. Ийм үед Даниел итгэлтэй бөгөөд зоригтой байсан. Уг албан бичигт хаан гарын үсэг зурсныг Даниел мэдсэн ч гэсэн «гэртээ ороод, (дээд давхрын өрөөндөө тэрээр Иерусалимын зүг уруу харсан онгорхой цонхтой байлаа) урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн, Бурханыхаа өмнө залбиран, талархал өргөж байлаа» (Дан. 6:6–10). Үүнээс болоод арслангийн нүхэнд хаягдсан боловч Ехова түүнийг аварчээ (Дан. 6:16–23).
15. а) Акул Прискила хоёр итгэл, зоригтой байх талаар ямар үлгэр дууриал үзүүлсэн бэ? б) Иохан 13:34-т байдаг Есүсийн хэлсэн үг ямар утгатай вэ? Олон христиан ийм хайрыг хэрхэн илэрхийлсэн бэ?
15 Чухам юу болсныг Библид бичээгүй ч Акул Прискила хоёр Паулын «амийн төлөө өөрсдийгөө үхлийн аюулд оруулсан» (Үйлс 18:2; Ром 16:3, 4). Тэд зоригтой байж Есүсийн үгийг дагажээ. Есүс «Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна» хэмээн хэлсэн билээ (Иох. 13:34). Хөршөө өөрийн адил хайрла гэсэн заалт Мосегийн хуульд байсан (Лев. 19:18). Тийм заалт байсаар атал Есүс «шинэ тушаал өгч байна» гэж хэлсний учир юу вэ? Тэрбээр хүмүүст хайртай байсан учраас амиа өгсөн. Дагалдагчид нь бас бусдыгаа тэгж хайрлах ёстойг онцлохыг хүсжээ. Итгэл нэгтнүүдээ дайсны гарт тарчилган зовоохгүй, алуулахгүй гэсэндээ «өөрсдийгөө үхлийн аюулд оруулсан» зоригт христиан олон бий. Тэд хайраа ийнхүү илэрхийлжээ (1 Иохан 3:16-г уншина уу).
16, 17. Христийн эртний дагалдагчдад ямар сорилт тулгарсан бэ? Орчин үеийн христиануудад юу тохиолдсон бэ?
16 Эртний христианууд Есүсийн адилаар зөвхөн Еховаг шүтэхийн тулд эр зориг гаргасан (Мат. 4:8–10). Тэд Ромын эзэн хааныг хүндэтгэн утлага уугиулахаас татгалздаг байжээ (Зураг үзнэ үү). Д. П. Манникс: «Дугуй театрын тайзан дээр утлагатай тахилын ширээ байдаг байв. Шоронгийн хоригдол суллагдъя гэвэл утлаганаас чимхийг авч тахилын ширээ рүү цацаад л болох байлаа. Тэгэхлээр нь тахил өргөсөн гэсэн гэрчилгээ өгөөд чөлөөлдөг байж. Үүнийгээ эзэн хааныг шүтэж байгаа хэрэг биш, зүгээр л Ромын эзэнт гүрний тэргүүнийх нь хувьд дээд заяатай нэгэн гэдгийг нь хүлээн зөвшөөрч байгаа хэрэг мэтээр тайлбарладаг байжээ. Гэсэн хэдий ч бараг нэг ч христиан суллагдахын тулд ийм боломжийг ашиглаагүй юм» хэмээн бичжээ («Those About to Die»).
17 Орчин үеийн христиануудын тухай авч үзье. Нацистын бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан христиануудад амь мултрах боломж удаа дараа гарч байв. Еховаг шүтэхээ болино гэсэн баримт бичигт гарын үсгээ зурахад л суллагдах байлаа. Гэсэн ч цөөн хэдхэн хүн гарын үсгээ зурсан юм. Руандад болсон аймаглан устгах дайны үед тутси, хуту Гэрчүүд итгэл, зоригтой байж, амь биеэ үл хайрлан нэг нэгнээ аварсан.
ЕХОВА ТАНТАЙ ХАМТ БАЙГААГ БҮҮ МАРТААРАЙ!
18, 19. Дэлгэрүүлэх ажлаа итгэлтэй, зоригтой хийхэд Библийн ямар жишээ тус болох вэ?
18 Бурхан хүмүүн үйлчлэгчдэдээ хамгийн агуу ажлыг даалгасан билээ. Бид Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх ажилд оролцох завшаан эдэлдэг (Мат. 24:14; 28:19, 20). Бидэнд гайхалтай үлгэр дууриал үзүүлсэн Есүст талархаад баршгүй! Тэрбээр «нэг хот, суурингаас нөгөөд хүрч, Бурханы хаанчлалыг тунхаглаж, дэлгэрүүлж байв» (Лук 8:1). Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэхэд Есүст итгэл, зориг хэрэгтэй байсан. Бидэнд ч бас хэрэгтэй. Бурхны дэмээр зоригтой байж чадна. «Зөвт байдлыг тунхаглагч» Ноад Бурхан тусалсан учир «бурханлаг бус хүмүүсийн ертөнц» усан галаваар устгагдах гэж байгааг зоригтой тунхаглажээ (2 Петр 2:4, 5).
19 Дэлгэрүүлэх ажлыг хийхэд залбирал нэн чухал. Христийн дагалдагчид хавчигдаж байхдаа Бурхны «үгийг ярих» эр зориг гуйн залбирчээ. Залбирлынхаа хариуг ч авсан (Үйлс 4:29–31-ийг уншина уу). Та айлаар дэлгэрүүлэхээс халширдаг бол илүү их итгэлтэй, зоригтой болгож өгөөч гэж залбирч байгаарай. Ехова залбиралд тань хариулна (Дуулал 66:19, 20-ийг уншина уу).a
20. Еховагийн үйлчлэгчид биднийг хэн хэн дэмждэг вэ?
20 Зовлон бэрхшээлээр дүүрсэн өнөөгийн ёс бус ертөнцөд Бурхны замаар явах амаргүй. Гэхдээ та ганцаараа биш гэдгээ санах хэрэгтэй. Бурхан тантай хамт байгаа. Хурлын Тэргүүн Есүс ч таныг дэмждэг. Бас дэлхий даяар 7 000 000 гаруй итгэл нэгтэн тань бий. Бүгдээрээ бат итгэлтэй байж, 2013 оны уриаг санангаа сайн мэдээ тунхаглацгаая. «Тууштай бөгөөд зоригтой бай! ... Чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байна» (Иош. 1:9).
a «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 2-р сарын 15-ны дугаарт нийтлэгдсэн «„Тууштай бөгөөд чин зоригтой бай“» гэсэн өгүүлэлд зоригтой хүмүүсийн жишээ олон бий.