СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 34
Ехова «сайн гэдгийг амсаж үз»
«ЭЗЭН [Ехова] сайн гэдгийг амсаж үз. Түүний дотор хоргоддог хүн юутай ерөөлтэй вэ!» (ДУУ. 34:8).
ДУУ 19 Бурхны амласан Диваажин
ТОЙМa
1, 2. Дуулал 34:8-аас үзэхэд бид яавал Ехова сайн гэдгийг мэдрэх вэ?
ТА УРЬД НЬ идэж үзээгүй хоолыг идэх боллоо гэж бодъё. Харж, үнэрлэж, жорыг нь асууж, идэж үзсэн хүнээс асуугаад ямар гэдгийг нь гадарлах боломжтой. Гэхдээ үнэхээр таалагдах эсэхээ мэдье гэвэл өөрөө амсаж үзэх шаардлагатай.
2 Библи болон байгууллагын ном хэвлэлийг уншиж, Еховагийн ивээлийг хүртсэн хүний яриаг сонсоод Ехова сайн гэдгийг гадарлах боломжтой. Гэхдээ Ехова хэр сайн гэдгийг өөрөө «амсаж үзэхээс» нааш бүрэн ойлгохгүй (Дуулал 34:8-ыг уншина). Өөрөө «амсаж үзэх» нэг нөхцөлийг авч үзье. Та Еховад бүрэн цагаар үйлчлэх зорилго тавилаа гэж бодъё. Зорилгоо биелүүлэхийн тулд энгийн амьдрах хэрэг гарна. Хаант төрийг эн тэргүүнд тавьж амьдардаг хүнд Ехова зайлшгүй хэрэгтэй зүйлийг нь өгнө гэж Есүс амласан. Энэ үгийг та сайн мэддэг ч үнэн гэдгийг нь биеэрээ мэдэрч байгаагүй (Мат. 6:33). Гэсэн хэдий ч Есүсийн амлалтад итгэн зардлаа, ажлаа багасгаж дэлгэрүүлэх ажлыг голлон анхаарна. Тэгвэл Ехова хэрэгтэй бүхнээр үнэхээр хангадгийг өөрийн биеэр мэдэрнэ. Ийнхүү Ехова сайн гэдгийг өөрөө «амсаж үзнэ».
3. Дуулал 16:1, 2-т бичсэнээр Ехова хэнийг бүр их ивээдэг вэ?
3 Ехова «бүгдэд сайн». Тэр байтугай өөрийг нь таньж мэддэггүй хүнд ч сайн (Дуу. 145:9; Мат. 5:45). Гэхдээ өөрийг нь хайрладаг, өөрт нь үйлчлэхэд бүхий л амь амьдралаа зориулдаг хүмүүсийг бүр их ивээдэг (Дуулал 16:1, 2-ыг уншина). Одоо Еховагийн бидэнд өгдөг сайн зүйлээс хэдийг нь үзье.
4. Өөрт нь ойртох гэж хичээдэг хүмүүст Ехова сайн гэдгээ мэдрүүлэхийн тулд яасан бэ?
4 Бид Еховагаар заалгаснаа ажил болгох бүрдээ ач тусыг нь мэдэрдэг. Анх Еховаг таньж мэдээд хайрладаг болсон тэр үед маань сайн гэдгээ мэдрүүлэхийн тулд яасан бэ? Жигшдэг зүйлийг нь бодохоо, хийхээ болиход тусалсан (Кол. 1:21). Өөрийгөө зориулж баптисм хүртэхэд маань сайн гэдгээ улам бүр мэдрүүлэхийн тулд яасан бэ? Бидэнтэй дотно харьцаа тогтоож анд найзаа болгосон (1 Петр 3:21).
5. Дэлгэрүүлэхлээр Ехова сайн гэдгийг амсаж үздэг гэхийн учир юу вэ?
5 Түүнээс хойш ч дэлгэрүүлэх ажилд оролцохоороо Еховагийн сайныг мэдэрдэг. Та ичимхий хүн үү? Еховагийн ард түмний дунд ичимхий хүн олон. Та Гэрч болохоосоо өмнө танихгүй айлын хаалгыг тогшоод хүмүүсийн таашаадаггүй зүйлийг ярина гэж төсөөлж ч байгаагүй биз ээ. Харин одоо та байнга дэлгэрүүлдэг. Түүгээр барахгүй Еховагийн ачаар дуртай болсон. Ехова олон аргаар тусалдгийг мэдэрдэг байх. Жишээ нь эсэргүүцсэн хүнтэй тааралдах үед тайван байхад, мөн сонирхсон хүнд үзүүлэх оновчтой зүйлийг Библиэс олоход тусалдаг. Түүнээс гадна хэсгийн хүмүүс тунхагладаг мэдээг тань сонирхохгүй байсан ч Ехова сэтгэлийн тэнхээ хайрладаг учраас та дэлгэрүүлсээр байдаг (Иер. 20:7–9).
6. Ехова сайн гэдгээ мэдрүүлэхийн тулд хэрхэн сургадаг вэ?
6 Ехова дэлгэрүүлэх ажилд биднийг сургаж сайн гэдгээ мэдрүүлдэг (Ёох. 6:45). Ажлын өдрийн цуглаан дээр сайтар бодож боловсруулсан ярианы жишээг үзүүлж дэлгэрүүлэхдээ хэрэгжүүлэхийг уриалдаг. Эхэндээ шинэ арга туршина гэхээр зориг дутаж магадгүй. Гэхдээ зориглоод үзэхээр их сайн үр дүнтэйг мэдэрдэг. Мөн ерөөсөө үзээгүй аргаар маань дэлгэрүүлэхийг цуглаан, чуулган дээр уриалж болох юм. Энэ нь бас л бэрхшээмээр санагдана. Гэхдээ оролдоод үзвэл Еховагийн ивээлийг хүртэх юм хийж байна гэсэн үг. Одоо, ямар ч нөхцөлд байсан Еховад итгэн үйлчлэлээ өргөжүүлсэн хүмүүсийн хүртэх ивээлийг үзье. Тэгээд үйлчлэлээ яаж өргөжүүлэхийг бас мэдэж авъя.
ЕХОВАД ИТГЭДЭГ ХҮНИЙ ХҮРТДЭГ ИВЭЭЛ
7. Үйлчлэлээ өргөжүүлэх гэж хичээвэл ямар ивээл хүртэх вэ?
7 Еховатай улам дотносдог. Колумбид эхнэртэйгээ амьдардаг Самуэлb гэдэг ахлагчийг жишээ болгон үзье. Тэд нутгийнхаа хуралд эхлэгчээр үйлчлээд сайхан байсан ч хэрэгцээ ихтэй хуралд очиж үйлчлэлээ өргөжүүлэхийг хүсэж байлаа. Зорилгоо биелүүлье гэвэл амьдралаа энгийн болгох шаардлагатай байв. Самуэл: «Бид хоёр Матай 6:33-т байдаг уриалгыг дагаад зардлаа танасан. Гэхдээ сайхан байраа орхих нь хамгийн хэцүү байв. Бидэнд яг тохирсноос гадна өөрийн болгочихсон байлаа» гэж ярьсан юм. Тэд шинэ хуралд очоод өмнөх орлогынхоо зургааны нэгтэй тэнцэх мөнгөөр амьдарч чадахаа ойлгожээ. Нөхөр нь: «Ехова алхам бүрийг маань удирдаж, залбиралд хариулж байгааг бид ойлгосон. Ехова биднийг сайшааж, хайрлаж байгааг хэзээ ч мэдэрч байгаагүйгээрээ мэдэрч байна» гэж ярьсан юм. Та үйлчлэлээ өргөжүүлье гэж боддог уу? Еховатай улам дотносно, хэрэгцээг тань хангана гэдэгт итгэлтэй байгаарай (Дуу. 18:25).
8. Иван Виктория хоёр үйлчлэлээ өргөжүүлээд яасан бэ?
8 Баяр хөөр эдэлдэг. Киргиз улсад эхлэгчээр үйлчилдэг Иван Виктория хоёрын тухай сонирхуулъя. Тэд барилгын гэх мэт сайн дурын ажилд оролцохын тулд амьдралаа энгийн болгожээ. Нөхөр нь ийн ярьсан юм. «Бид төсөл бүр дээр өөрсдийгөө бүрэн зориулж ажилласан. Орой нь ядарсан байдаг ч Хаант төрийн ажилд хүч чадлаа зориулсан болохоор амар тайван, сэтгэл ханамжтай байдаг байв. Олон найзтай, сайхан дурсамжтай болсон учраас баяр хөөртэй байсан» (Марк 10:29, 30).
9. Амаргүй байсан ч нэг Гэрч үйлчлэлээ хэрхэн өргөжүүлсэн бэ? Ямар ивээл хүртсэн бэ?
9 Амаргүй байсан ч үйлчлэлээ өргөжүүлбэл баяр хөөр эдэлдэг. Жишээ нь Баруун Африкт амьдардаг Мира гэдэг нас дээр гарсан бэлэвсэн эмэгтэйн тухай үзье. Эмч байсан тэрбээр тэтгэвэртээ гараад эхлэгч болжээ. Мира үе мөчний архаг өвчтэй учраас айлаар дэлгэрүүлэхдээ нэг цагаас илүү явж чаддаггүй. Гэхдээ нийтэд бол арай олон цаг дэлгэрүүлж чаддаг. Олон давтан уулзалт, Библийн хичээлтэй. Заримтай нь утсаар холбогддог. Мира Еховад яагаад илүү их үйлчлэхийг хүссэн юм бол? «Би Ехова, Христ Есүст дэндүү их хайртай. Өөрийнх нь төлөө аль болох ихийг хийхэд туслаач гэж залбирдаг» хэмээжээ (Мат. 22:36, 37).
10. 1 Петр 5:10-т бичсэнээр үйлчлэлээ өргөжүүлбэл ямар ивээл хүртэх вэ?
10 Еховагаар илүү их заалгах завшаантай. Маврикид эхлэгчээр үйлчилдэг Кенни яг ийм завшаан эдэлжээ. Үнэнийг мэдээд их сургуулиасаа гарсан байна. Баптисм хүртээд бүрэн цагаар үйлчилж эхэлжээ. Кенни: «“Би энд байна. Намайг явуулаач” гэсэн зөнч Исаиа шиг байхыг би хичээдэг» гэсэн юм (Ис. 6:8). Тэрбээр хэд хэдэн барилгын төсөл дээр ажилласнаас гадна Библид үндэслэсэн ном хэвлэлийг төрөлх хэлээрээ орчуулахад хувь нэмэр оруулжээ. «Би Еховагаар заалгасны ачаар үүрэг даалгавраа биелүүлэх ур чадвартай болсон» гэж ярьсан юм. Гэхдээ Кенни ажлаа яаж хийхийг л мэдэж аваад зогсоогүй. Тэрбээр цааш нь «Хэр чадлаа мэдэж, Еховад илүү сайн үйлчлэхийн тулд ямар зан чанар төлөвшүүлэх хэрэгтэйгээ ойлгосон» гэж хэлжээ (1 Петр 5:10-ыг уншина). Та ч гэсэн Еховагаар илүү их заалгахын тулд үйлчлэлээ өргөжүүлж болохгүй нь юу билээ?
11. Солонгос гурван Гэрч дэлгэрүүлэхийн тулд юу сурсан бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).
11 Туршлагатай Гэрчүүд хүртэл Еховагаар заалган шинэ аргаар дэлгэрүүлээд ач тус хүртдэг. КОВИД-19 цар тахлын үед Өмнөд Солонгосоос ирүүлсэн нэг тайланд «Бие муутайгаасаа болоод гадуур явж дэлгэрүүлж чаддаггүй байсан итгэл нэгтнүүд маань одоо цахимаар дэлгэрүүлж байгаа. 80 гарсан гурван Гэрч эгч компьютер ашиглаж сураад одоо бараг өдөр бүр дэлгэрүүлэх ажилд оролцож байна» гэж бичжээ (Дуу. 92:14, 15). Та үйлчлэлээ өргөжүүлж Ехова сайн гэдгийг илүү их амсаж үзмээр байна уу? Яах хэрэгтэйг одоо үзье.
ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
12. Ехова өөрт нь найддаг хүнд юу гэж амласан бэ?
12 Еховад найдаж сураарай. Ехова өөрт нь найдаад өөрийнх нь төлөө чадах бүхнээ хийдэг хүн дээр ивээлийг хальтал асгахаа амласан (Мал. 3:10). Ехова энэ амлалтаа биелүүлдгийг Колумбид амьдардаг Фабиола гэдэг Гэрч эмэгтэй биеэрээ үзжээ. Баптисм хүртсэнийхээ дараахан байнгын эхлэгч болохыг хүссэн байна. Гэвч ажил хийж гэр бүлээ тэжээдэг байлаа. Тэтгэвэртээ гарах болоход Еховагаас тусламж гуйн шаргуу залбирчээ. Фабиола: «Ер нь хүмүүс тэтгэврээ хөөцөлдөөд их уддаг. Харин минийх сарын дотор л бүтсэн. Ёстой гайхамшиг байсан» гэж ярьжээ. Тэрбээр тэтгэвэрт гараад хоёр сарын дараа эхлэгч болов. Одоо 70 гарсан бөгөөд 20 гаруй жил эхлэгчээр үйлчилж байна. Энэ хугацаанд найман суралцагч нь баптисм хүртжээ. Тэрбээр: «Ядрах үе байдаг ч Ехова надад өдөр бүр тусалдаг учраас эхлэгчээр үйлчилж чадаж байна» гэж ярьсан юм.
13, 14. Хэнээс суралцвал Еховад найдаж үйлчлэлээ өргөжүүлэх вэ?
13 Еховад найддаг хүмүүсээс суралцаарай. Еховагийн төлөө өөрийгөө бүрэн дайчилсан хүмүүсийн жишээ Библид олон гардаг. Еховагийн тэр үйлчлэгчид онцгой ивээл хүртэхээсээ өмнө өөрсдөө эхний алхмыг хийсэн тохиолдол бишгүй бий. Жишээлбэл, Абрахам «хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй» байсан. Гэвч гэр орноо орхисных нь дараа л Ехова ивээсэн (Евр. 11:8). Иаков тэнгэрийн элчтэй барилдсаныхаа дараа л онцгой ивээл хүртсэн (Эх. 32:24–30). Израйлчуудыг Амласан газрын босгон дээр байхад тахилчид ширүүн урсгалтай Иордан голд орсны дараа л ард түмэн гатлах боломжтой болсон (Иош. 3:14–16).
14 Еховад найдаж үйлчлэлээ өргөжүүлсэн, орчин үеийн хүмүүсээс ч суралцаарай. Жишээ нь Пэйтон Диана хоёр «Тэд сайн дураараа үйлчилдэг» зэрэг өгүүллээс үйлчлэлээ өргөжүүлсэн Гэрчүүдийн тухай унших дуртай байжээ.c Пэйтон: «Тэдний түүхийг уншихлаар амттай хоол идэж байгаа хүнийг харах шиг санагддаг. Харах тусам Ехова сайн гэдгийг өөрсдөө амсмаар санагдсан» гэжээ. Тэгээд Пэйтон Диана хоёр хэрэгцээ ихтэй газар луу нүүсэн. Та энэ цуврал өгүүллийг уншсан уу? «Алслагдсан газар дэлгэрүүлэх нь—Австралид» гэдэг видеог jw.org сайтаас үзсэн үү? Үйлчлэлээ хэрхэн өргөжүүлэхийг тэндээс мэдэж аваарай.
15. Найзаа зөв сонгох нь яагаад чухал вэ?
15 Найзаа зөв сонгоорой. Идэж үзээгүй хоолыг тань амтархан идэж байгаа хүний хажууд байгаад л байвал идэж үзмээр санагдахгүй гэж үү? Үүнтэй адилаар Еховад үйлчлэхийг амьдралынхаа гол зорилго болгодог хүмүүстэй найзалж нөхөрлөдөг бол үйлчлэлээ өргөжүүлэх хүсэлтэй болно. Кент Вероника хоёрт яг ийм зүйл тохиолджээ. Нөхөр нь: «Найз нөхөд, гэрийнхэн маань Еховад идэвх санаачилгатай үйлчлэхийг уриалдаг байсан. Хаант төрийг эн тэргүүнд тавьдаг хүмүүстэй ойр дотно байсан учраас Еховад идэвх санаачилгатай үйлчлэх зоригтой болсон» гэж хэлжээ. Одоо тэд Серби улсад тусгай эхлэгчээр үйлчилж байна.
16. Лук 12:16–21-д байдаг Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлээс үзэхэд Еховагийн төлөө эрх ашгаа хойш тавих нь яагаад зөв бэ?
16 Еховагийн төлөө эрх ашгаа хойш тавиарай. Еховад таалагдъя гэвэл дуртай бүхнээсээ татгалзах ёстой гэсэн үг биш (Ном. 5:19, 20). Гэхдээ дуртай юмнаасаа болоод Еховагийн төлөө илүү ихийг хийхээс хойш суувал Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлд гардаг хүний алдааг давтаж байна гэсэн үг. Тэр хүн тав тухтай амьдрахын тулд нөр их хөдөлмөрлөсөн хэрнээ Бурханд үйлчлэхийг бодоогүй (Лук 12:16–21-ийг уншина). Францад амьдардаг Кристиан гэдэг Гэрч: «Би хангалттай цаг хүчийг Ехова болон гэрийнхэндээ зориулдаггүй байсан» гэжээ. Эхнэртэйгээ хоёулаа эхлэгч болохоор шийдээд ажлаасаа гарсан байна. Тэгээд хоолныхоо мөнгийг олохын тулд цэвэрлэгээний жижиг бизнес эрхэлж бага мөнгөөр өөрсдийгөө болгож сурчээ. Ийм шийдвэр гаргасан нь зөв байсан болов уу? Кристиан: «Бид дэлгэрүүлэхийн амтанд орсон. Еховагийн тухай заагаад аз жаргалтай байна» гэж хэлжээ.
17. Яагаад шинэ аргыг туршихад хэцүү байдаг вэ?
17 Еховад үйлчлэх шинэ аргыг дуртайяа туршаарай (Үйлс 17:16, 17; 20:20, 21). КОВИД-19 цар тахлын улмаас бид өөр аргаар дэлгэрүүлэх шаардлагатай болсон. АНУ-д эхлэгчээр үйлчилдэг Ширли анхандаа утсаар дэлгэрүүлэхээс бэрхшээдэг байжээ. Гэхдээ дүүрэг хариуцагчийн эргэлтийн үеэр утсаар хэрхэн дэлгэрүүлэхийг заалгаад тогтмол дэлгэрүүлдэг болов. Ширли: «Эхэндээ айж байсан ч одоо бүр дуртай болсон. Айлаар дэлгэрүүлдэг байснаасаа илүү олон хүнтэй ярилцдаг» гэсэн юм.
18. Үйлчлэлээ өргөжүүлэхээс шантрахгүйн тулд яах хэрэгтэй вэ?
18 Төлөвлөгөө гаргаж биелүүлэхийг чармайгаарай. Саад бэрхшээл учрахад Еховагаас тусламж гуйн залбирч яах ёстойгоо сайн бодоорой (Сур. 3:21). Европт байдаг румын хэлний бүлэгт байнгын эхлэгчээр үйлчилдэг Соня: «Би төлөвлөгөө гаргаж цаасан дээр бичээд ил тавьчихдаг юм. Ямар нэг шийдвэр гаргах боллоо гэхэд ширээн дээрээ байдаг салаа замын зургаа харангаа аль замаар нь явбал төлөвлөгөөгөө биелүүлэх бол гэж боддог» хэмээн ярьсан юм. Соня бэрхшээл тохиолдоход өөдрөг байхыг хичээдэг ажээ. Тэрбээр цааш нь «Нөхцөл байдал өөрчлөгдлөө гэхэд замд хөндөлсөх хана гэж үзэх үү, эсвэл зорьсонд маань хүргэх гүүр гэж үзэх үү гэдэг нь надаас л шалтгаална» гэж хэлжээ.
19. Та яахаар шийдсэн бэ?
19 Ехова биднийг өгөөмрөөр ивээдэг. Хэр их талархдагаа харуулъя гэвэл түүнийг магтан алдаршуулахын тулд чадах бүхнээ хийгээрэй (Евр. 13:15). Нэг арга нь үйлчлэлээ өргөжүүлэх билээ. Ингэвэл Еховагаас бүр ч их ивээл хүртэнэ. Ехова сайн гэдгийг өдөр бүр амсахыг хичээцгээе. Тэгвэл «Миний хоол бол намайг явуулсан нэгний хүсэл таалалд нийцүүлж, даалгасан ажлыг нь бүрэн гүйцэд хийх юм» хэмээсэн Есүсийг дуурайж байгаа хэрэг болно (Ёох. 4:34).
ДУУ 1 Еховагийн бахдам чанарууд
a Ехова бол сайн сайхан бүхний Эх булаг билээ. Тэрбээр бүх хүнд, тэр байтугай хорон муу хүмүүст ч сайн сайхан зүйлсийг өгдөг. Гэхдээ ялангуяа үнэнч үйлчлэгчдэдээ өгөх дуртай. Энэ өгүүллээр, Ехова сайн гэдгээ үйлчлэгчдэдээ мэдрүүлдгийг үзнэ. Мөн үйлчлэлээ өргөжүүлбэл ямар ивээл хүртэхийг мэдэж авна.
b Энэ өгүүлэлд гарсан зарим хүний нэрийг өөрчлөв.
c Энэ өгүүллүүд «Харуулын цамхаг» сэтгүүлд гардаг байсан.