Ехова сайхан сэтгэлийн хамгийн агуу жишээг үзүүлдэг
«ЭЗЭН сайн... учраас түмэн цэргийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн» (ИЕРЕМИА 33:11).
1. Сайхан сэтгэлийнх нь төлөө Бурхныг магтахад хүрдгийн учир юу вэ?
ЕХОВА БУРХАН бол төгс сайн билээ. Зөнч Зехариа: «Түүний сайхан сэтгэл юутай агуу вэ!» хэмээн дуу алджээ (Зехариа 9:17, ШЕ). Үнэндээ, Бурхны сайхан сэтгэл биднийг дэлхий дээр баяр баясгалантай амьдруулах гэж хийсэн бүхэнд нь шингэсэн байдаг (Эхлэл 1:31). Орчлонт ертөнцийг бүтээхдээ Бурхны тогтоосон ээдрээтэй бүх хуулийг бид хэзээ ч ухан ойлгож чадахгүй (Номлогчийн үгс 3:11; 8:17). Гэвч орчлонт ертөнцийн талаар мэдэж байгаа өчүүхэн бага зүйл маань гэхэд л Бурхныг сайхан сэтгэлийнх нь төлөө магтахад хүргэдэг.
2. Сайхан сэтгэл гэдгийг та хэрхэн тодорхойлох вэ?
2 Сайхан сэтгэл гэж юу вэ? Энэ бол ёс суртахууны хосгүй чанар юм. Гэхдээ, сайхан сэтгэл гэдэг нь муу явдал байхгүй л бол болох нь тэр гэсэн үг хараахан биш ээ. Сайхан сэтгэл бол сүнсний үр жимсний нэг хэсэг бөгөөд эерэг сайн чанар юм (Галат 5:22, 23). Өөрөөр хэлбэл бусдад сайн үйл буюу тустай зүйл хийж байвал энэ нь сайхан сэтгэлийн илрэл мөн. Эд юмсын энэхүү тогтолцооны үед зарим хүмүүсийн сайн гэж үздэг зүйлийг нөгөө зарим нь муу гэж үздэг. Хэрэв хүмүүс бүгдээрээ энх амгалан, аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа бол сайн муугийн нэг л хэмжүүр байх ёстой. Энэ хэмжүүрийг хэн тогтоох эрхтэй вэ?
3. Сайн муугийн хэмжүүрийн талаар Эхлэл 2:16, 17-д юу гэж байдаг вэ?
3 Сайн муугийн хэмжүүрийг Бурхан тогтоодог. Хүн төрөлхтний түүхийн эхэнд Ехова анхны хүнд: «Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ!» хэмээн тушаажээ (Эхлэл 2:16, 17). Тийм ээ, сайн мууг мэдэхийн тулд хүмүүс Бүтээгчдээ хандах ёстой.
Албагүй мөртлөө үзүүлсэн сайхан сэтгэл
4. Адамыг нүгэл үйлдсэний дараа Ехова хүн төрөлхтний төлөө юу хийсэн бэ?
4 Адам нүгэл үйлдэн, сайн муугийн хэмжүүрийг тогтоох Бурхны эрхийг үл хэрэгссэнээр хүн төрөлхтөн төгс байж, мөнх аз жаргалтай амьдрах ирээдүйгүй болсон (Эхлэл 3:1–6). Гэвч нүгэл болоод үхэл өвлөсөн, Адамын үр удмыг бий болохоос өмнө Бурхан төгс Үр ирэх тухай зөгнөн хэлсэн. Ехова «эртний могой» болох Сатан Диаволд хандан: «Би чамайг эмэгтэйтэй дайсагнуулж, чиний үрийг эмэгтэйн үртэй дайсагнуулах болно. Эмэгтэйн үр чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно» хэмээн хэлжээ (Илчлэлт 12:9; Эхлэл 3:15, ШЕ). Өөрөөр хэлбэл нүгэлт хүн төрөлхтнийг зольж авах явдал бол Еховагийн зорилго байлаа. Тэрбээр хайртай Хүүгийнх нь золих тахилд итгэдэг хүмүүст аврагдах боломж олгосон. Энэ бол албагүй мөртлөө үзүүлсэн сайхан сэтгэл байсан юм (Матай 20:28; Ром 5:8, 12).
5. Бидний төрөлхийн «зүрхний хандлага» бузар муу хэдий ч бид сайхан сэтгэлийг ямар нэг хэмжээгээр илэрхийлж болдгийн учир юу вэ?
5 Адам нүгэл үйлдсэний улмаас бид бузар муу «зүрхний хандлага» өвлөн авсан нь ойлгомжтой (Эхлэл 8:21). Гэвч, ямар нэг хэмжээгээр сайхан сэтгэл илэрхийлэхэд маань Ехова тусалдаг нь завшаантай хэрэг билээ. Үнэт эрдэнэ болох Ариун Судраас «сурсан дотроо... байхдаа» бид зөвхөн «авралд хүргэх мэргэн ухаантай» болж, «аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байх» төдийгүй бас Еховад таалагддаг зүйлийг хийх чадвартай болсон (2 Тимот 3:14–17). Гэвч бид Библийн заавраас ач тусыг хүртэж, сайхан сэтгэл гаргахын тулд дуулалчийн: «Та [Ехова] бол сайн бөгөөд сайныг үйлддэг билээ. Өөрийн зарлигуудыг надад заагаач» хэмээн дуулсан шиг сэтгэлгээтэй байх ёстой (Дуулал 119:68).
Еховагийн сайхан сэтгэлийг магтан дуулсан нь
6. Давидын тушаалаар гэрээний авдрыг Иерусалимд авчрахад левичүүд ямар үгтэй дуу дуулсан бэ?
6 Эртний Израилийн хаан Давид Еховаг сайхан сэтгэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, түүний удирдлагыг хайдаг байсан. «ЭЗЭН бол сайн бөгөөд шулуун шударга юм. Тиймээс Тэрээр нүгэлтнүүдэд замыг зааварладаг» гэж Давид хэлжээ (Дуулал 25:8). Бурхны, израильчуудад өгсөн заавар дотор «гэрээний авдар» гэж нэрлэдэг хайрцагт хадгалдаг, хоёр чулуун хавтан дээр бичсэн, арван гол хууль буюу «Арван тушаал» ордог байсан. Давидын тушаалаар гэрээний авдрыг Израилийн нийслэл Иерусалимд авчирсны дараа левичүүд: «ЭЗЭН сайн учир Түүнд талархал өргөгтүн. Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх» хэмээсэн үгтэй дуудуулцгаасан (Шастирын дээд 16:34, 37–41). Дуучин левичүүдийн амнаас эдгээр үгийг сонсох юутай сайхан байсан бол оо!
7. Авдрыг Ариунаас ариун газар байрлуулж, сүмийг Еховад зориулах ёслолын үеэр Соломоныг залбирсны дараа юу болсон бэ?
7 Магтаалын тийм үгс Давидын хүү Соломоны барьсан сүмийг Еховад зориулах ёслолын үед тод цуурайтсан. Дөнгөж барьж дууссан сүмийн Ариунаас ариун газарт гэрээний авдрыг байрлуулсны дараа левичүүд «Түүний хайр энэрэл үүрдийнх учир Тэр үнэхээр сайн» хэмээн Еховаг магтаж эхэлсэн. Тэр үед Еховагийн гайхамшигтайгаар залран байгааг бэлэгдсэн үүл сүмийг ер бусаар дүүргэсэн (Шастирын дэд 5:13, 14). Сүмийг Еховад зориулах ёслолын үеэр Соломоныг залбирсны дараа «тэнгэрээс гал буун ирж, шатаалт тахил болон өргөлүүдийг шатаав». Үүнийг үзсэн «Израилийн бүх хөвгүүд чулуун зам дээр нүүрээрээ газар харан бөхийн, мөргөж, ЭЗЭНд магтаалыг өргөж, „Тэр үнэхээр сайн, Түүний хайр энэрэл үнэхээр үүрдийнх“ гэцгээв» (Шастирын дэд 7:1–3). 14 хоног үргэлжилсэн баярын дараа израильчууд «Өөрийн ард түмэн Израильд болон Давид, Соломон нарт үзүүлсэн ЭЗЭНий сайн сайханд баярлан хөөрч, сэтгэлдээ жаргалтайгаар» гэртээ харьцгаажээ (Шастирын дэд 7:10).
8, 9. а) Израильчууд Еховаг сайхан сэтгэлийнх нь төлөө магтан дуулсан хэдий ч эцэстээ ямар замаар замнасан бэ? б) Иерусалимын талаар Иеремиагаар дамжуулан юу гэж зөгнөсөн бэ? Энэ зөгнөл хэрхэн биелсэн бэ?
8 Харамсалтай нь цаашдаа израильчууд Бурхныг магтан дуулсныхаа дагуу амьдраагүй. Аажимдаа Иудагийн ард түмэн Еховаг зөвхөн «уруулаараа хүндэлдэг» болсон (Исаиа 29:13). Тэд Еховагийн тогтоосон сайн муугийн хэмжүүрийг дагаж мөрдөхийн оронд бузар мууг үйлдэж эхэлсэн. Ямар муу юм үйлддэг болсон бэ? Тэд хиймэл шүтээн шүтэж, садар самуун явдлаар завхарч, ядуусыг дарлан зовоох болон бусад ноцтой нүгэл үйлддэг болсон. Үүний үр дүнд МЭӨ 607 онд Иерусалим устгагдаж, Иудагийн оршин суугчид Вавилон уруу олзлогдон явсан.
9 Бурхан ард түмнээ тийн шийтгэсэн. Гэхдээ Ехова зөнч Иеремиагаар дамжуулан «ЭЗЭН сайн, Түүний хайр энэрэл үүрдийн учраас түмэн цэргийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн» гэх дуу Иерусалимд сонсогдох цаг ирнэ гэдгийг зөгнөн хэлсэн (Иеремиа 33:10, 11). Зөгнөсөн ёсоор л болсон. Нутаг нь хоосорсноос хойш 70 жилийн дараа МЭӨ 537 онд иудейчүүдийн үлдэгдэл Иерусалимд буцаж ирсэн (Иеремиа 25:11; Даниел 9:1, 2). Тэд Мориа уулан дээр урьд нь сүм байсан тэр газар тахилын ширээг сэргээн босгоод тахил өргөж эхэлжээ. Тэд буцаж ирснийхээ дараагийн жил сүмийн суурь тавьсан. Сэтгэл догдлуулсан цаг үе байлаа! Езра: «Барилгачид ЭЗЭНий сүмийн суурийг тавимагц, Израилийн хаан Давидын зааварласанчлан ЭЗЭНийг магтахаар тахилч нар нөмрөгөө өмсөн бүрээтэйгээ, левичүүд, Асафын хөвгүүд цан барин зогсоцгоов. Тэд ЭЗЭНийг магтан, талархал өргөн, „Тэр бол сайн. Түүний хайр энэрэл нь Израиль дээр мөнхөд байдаг“ гэж дуулцгаав» хэмээн бичжээ (Езра 3:1–11).
10. 118 дугаар дууллын эхэн ба төгсгөлд ямар чухал үг хэллэг байдаг вэ?
10 Еховагийн сайхан сэтгэлийг магтан дуулсан дээрхтэй төстэй үг хэллэг нилээд хэдэн дуулалд байдаг. Тэдгээрийн дотор 118 дугаар дуулал ордог бөгөөд израильчууд энэ дуугаар Дээгүүр өнгөрөх баярыг төгсгөдөг байлаа. Уг дуулал: «ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр сайн... Түүний хайр энэрэл мөнхийн юм» гэсэн үгээр эхэлж, мөн үгээр дуусдаг (Дуулал 118:1, 29). Эдгээр үг нь МЭ 33 онд Есүс Христийн, үхэхийнхээ өмнөх шөнө үнэнч элч нартайгаа хамт дуулсан магтаалын сүүлчийн үг байсан байж магадгүй юм (Матай 26:30).
«Өөрийнхөө цог жавхланг надад үзүүлээч»
11, 12. Бурхан Мосед алдрынхаа гялбааг харуулахдаа юу гэж хэлсэн бэ?
11 Еховагийн сайхан сэтгэл, хайр энэрэл хоёрын хоорондох холбоог анх, Езрагаас олон зууны өмнө тодорхойлжээ. Израильчууд цөлд алтан тугалд мөргөж, буруутай хүмүүсийг шийтгэсний дараахан Мосе Еховагаас: «Өөрийнхөө цог жавхланг надад үзүүлээч» хэмээн гуйжээ. Мосе царайг нь хараад амьд үлдэж чадахгүй гэдгийг Ехова мэдэж байсан учраас: «Би Өөрөө Өөрийнхөө бүх сайн сайхныг чиний өмнүүр өнгөрүүлье» хэмээн хэлсэн (Египетээс гарсан нь 33:13–20).
12 Маргааш өдөр нь Синаи уулан дээр Мосегийн өмнүүр Еховагийн «сайн сайхан» буюу сайхан сэтгэл өнгөрсөн. Тэр үед Мосе Бурхны алдрын гялбааг харахын зэрэгцээ: «ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба хайр энэрэл, үнэнээр бялхам билээ. Тэр хайр энэрлийг мянган үеийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр гэмтнийг шийтгэлгүй орхихгүй. Эцгүүдийн гэм бурууг гурав, дөрөв дэх үеийг хүртэл үр хүүхэд, ач нарт нь буулгадаг» гэж хэлэх үгийг сонссон (Египетээс гарсан нь 34:6, 7). Еховагийн сайхан сэтгэл нь түүний хайр энэрэл болон бусад чанартай холбоотой болохыг энэ үг харуулдаг. Энэ үгийг анхааралтай судлах нь сайхан сэтгэл гаргахад маань тустай. Эхлээд Бурхны сайхан сэтгэлийг тодорхойлсон энэхүү гайхамшигтай тунхагт хоёр удаа дурдсан чанарыг анхааралтай авч үзье.
«ЭЗЭН Бурхан... хайр энэрлээр... бялхам билээ»
13. Бурхны сайхан сэтгэлийг тунхаглан хэлэхэд ямар чанарыг хоёр удаа дурдсан байдаг вэ? Энэ нь яагаад зүйтэй вэ?
13 «ЭЗЭН Бурхан... хайр энэрлээр... бялхам билээ. Тэр хайр энэрлийг мянган үеийн турш хадгалдаг». «Хайр энэрэл» гэж орчуулсан эртний еврей үг бас «үнэнч хайр» гэсэн утгатай ажээ. Энэ бол Мосед хандан хэлэхдээ Бурхны хоёр удаа дурдсан цорын ганц чанар юм. Бурхны гол чанар бол хайр учраас энэ нь тун зүйтэй бөлгөө! (1 Иохан 4:8). Еховаг магтахад хэрэглэдэг алдартай үг болох «Тэр бол сайн, Түүний хайр энэрэл мөнхийнх юм» гэдэг энэ үг уг чанарыг онцлон тэмдэглэдэг.
14. Бурхан сайхан сэтгэл болон хайр энэрлээ онцгойлон хэнд үзүүлдэг вэ?
14 Ехова «хайр энэрлээр бялхам» байдаг нь түүний сайхан сэтгэлийн нэг илрэл юм. Ялангуяа энэ нь өөрсдийгөө өөрт нь зориулсан үнэнч үйлчлэгчдэдээ үзүүлдэг хайр халамжаас нь харагддаг (1 Петр 5:6, 7). Ехова, өөрийг нь хайрлаж, өөрт нь үйлчилдэг хүмүүст «хайр энэрлээ үзүүлдгийг» Еховагийн Гэрчүүд батлан гэрчилдэг (Египетээс гарсан нь 20:6). Хүүг нь хүлээн аваагүйгээсээ болоод Израиль үндэстэн цаашид Еховагийн хайр энэрэл буюу үнэнч хайрыг хүртэхээ больсон. Гэвч бүх үндэстний үнэнч христиануудад үзүүлдэг Бурхны сайхан сэтгэл болон үнэнч хайр цаг ямагт байсаар байх болно (Иохан 3:36).
Ехова бол өршөөнгүй бөгөөд нигүүлсэнгүй
15. а) Синаи ууланд Мосегийн сонссон тунхаг ямар үгээр эхэлдэг вэ? б) Өршөөнгүй зан юутай холбоотой вэ?
15 Синаи уулан дээр Мосегийн сонссон тунхаг: «ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч [«өршөөнгүй бөгөөд», ШЕ], нигүүлсэнгүй» гэсэн үгээр эхэлдэг. «Өршөөнгүй» гэж орчуулсан эртний еврей үг «дотор эрхтэн» гэдэг үгтэй, ялангуяа «умай» гэсэн үгтэй илүү ойр хамааралтай байж болох юм. Өөрөөр хэлбэл, өршөөнгүй зан нь хүний сэтгэл зүрхний гүнээс гарч ирдэг өрөвдөх сэтгэлтэй холбоотой. Гэхдээ өршөөнгүй зан нь зөвхөн чин сэтгэлээсээ өрөвдөн хайрлах төдий зүйл биш, харин бусдын зовлонг нимгэлэхэд тустай үйл хийхэд хүргэдэг хүч байх ёстой. Тухайлбал, ахлагч нар итгэл нэгтнүүддээ, шаардлагатай үед «өршөөл үзүүлж байгаа бол баяртайгаар хийгтүн» гэдгийн дагуу өршөөнгүй сэтгэлээр хандах хэрэгтэй гэж үздэг (Ром 12:8; Иаков 2:13; Иуда 22, 23).
16. Еховаг нигүүлсэнгүй гэж хэлж болохын учир юу вэ?
16 Тэрчлэн Бурхны сайхан сэтгэл түүний нигүүлсэнгүй сэтгэлээр илэрдэг. Нигүүлсэнгүй хүн «бусдын сэтгэлийг сайн ойлгодог» бөгөөд «ялангуяа дорд хүмүүст санаа тавимтгай байдаг». Ехова үнэнч үйлчлэгчидтэйгээ харьцдаг байдлаараа нигүүлсэнгүй сэтгэлийн хамгийн сайн жишээ үзүүлдэг. Жишээ нь: Бурхан нигүүлсэнгүй сэтгэлээсээ тэнгэр элчүүдээрээ дамжуулан нас өндөр болсон зөнч Даниелд хүч тэнхээ өгч байсан ба Есүсийг төрүүлэх хосгүй хувь тохиосныг нь онгон бүсгүй Мариад мэдэгдсэн (Даниел 10:19; Лук 1:26–38). Ехова Библийн хуудсаар дамжуулан нигүүлсэнгүй ханддагт нь Еховагийн үйлчлэгчид бид гүнээ талархдаг. Бид түүний сайхан сэтгэлийг магтдаг ба бусадтай харьцахдаа нигүүлсэнгүй байхыг хичээдэг. Сүнслэг талаараа төлөвшсөн ах нар итгэл нэгтнээ «дөлгөөн байдлын сүнс дотор» засахдаа зөөлөн, нигүүлсэнгүй байхыг хичээдэг (Галат 6:1).
Бурхан уурлахдаа удаан
17. Еховаг «уурлахдаа удаан» байдагт нь бид талархах ёстойн учир юу вэ?
17 «Бурхан... уурлахдаа удаан». Энэ үг нь Еховагийн сайхан сэтгэлийн өөр нэг талыг харуулдаг. Ехова бидний алдааг маш их тэвчиж, ноцтой дутагдлаа даван гарч, сүнслэг талаараа өсөхөд маань хугацаа олгодог (Еврей 5:12–6:3; Иаков 5:14, 15). Тэрчлэн Бурхны тэвчээр өөрийг нь хараахан шүтэж эхлээгүй байгаа хүмүүсийн хувьд ч ашигтай. Тэдэнд Хаанчлалын тухай сайн мэдээг хүлээн авч, гэмших цаг байгаа гэсэн үг юм (Ром 2:4). Гэхдээ Ехова тэвчээртэй ч сайхан сэтгэлээсээ болоод заримдаа уурладаг. Жишээ нь: Синаи ууланд алтан тугалд мөргөсөн израильчуудад Ехова хилэгнэн уурласан билээ. Бурхан удахгүй Сатаны ёс бус тогтолцоог төгсгөхдөө уур хилэнгээ бүр ихээр асгах болно (Езекиел 38:19, 21–23).
18. Ехова болон хүмүүний удирдагчид үнэний хувьд хоорондоо ямар ялгаатай вэ?
18 «ЭЗЭН Бурхан... үнэнээр бялхам». Ехова, сүржигнэн амлачихаад түүнийгээ биелүүлдэггүй хүмүүний удирдагчдаас асар их ялгаатай! Тиймээс ч Еховагийн үйлчлэгчид онгод оруулан бичүүлсэн Үгээрээ хэлсэн болгонд нь итгэдэг. Бурхан үнэнээр бялхам байдаг болохоор бид амлалтад нь ямагт итгэж болно. Биднийг сүнслэг үнэнийг гуйхад тэнгэрийн Эцэг маань сайхан сэтгэлийнхээ үүднээс цаг ямагт хариулж, түүнийг бялхам ихээр өгдөг (Дуулал 43:3; 65:2).
19. Ехова гэмшсэн нүгэлтнүүдэд сайхан сэтгэлээ хэрхэн харуулдаг вэ?
19 «Тэр [Ехова]... гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг». Ехова сайхан сэтгэлтэй болохоороо гэмшсэн нүгэлтнүүдийг уучлахад бэлэн байдаг. Есүсийн золиосоор дамжуулан нүглээ уучлуулах боломж олгосонд нь бид тэнгэрийн халамжит Эцэгтээ маш ихээр талархдаг билээ (1 Иохан 2:1, 2). Золиосонд итгэсэн бүхэн Еховатай сайн харьцаатай, мөн түүний амласан шинэ ертөнцөд мөнх амьдрах найдвартай болдогт бид үнэхээр баярладаг. Энэ бүхэн бол хүн төрөлхтөнд сайхан сэтгэлээр ханддагийнх нь төлөө Еховаг магтах туйлын шалтгаан биш гэж үү! (2 Петр 3:13).
20. Бурхан ёс бус явдлыг өөгшүүлдэггүй гэдэг нь юунаас харагддаг вэ?
20 «Тэр [Ехова] гэмтнийг шийтгэлгүй орхихгүй». Үнэн хэрэгтээ энэ бол сайхан сэтгэлийнх нь төлөө Еховаг магтах өөр нэг шалтгаан юм. Яагаад гэвэл сайхан сэтгэлийн нэг чухал тал бол ёс бус явдлыг ямар ч байдлаар өөгшүүлдэггүй. Түүнээс гадна «Эзэн Есүс хүчирхэг тэнгэр элч нарынхаа хамт дүрэлзэх гал дотор тэнгэрээс илчлэгдэх» үед «Бурхныг мэддэггүй ба... сайн мэдээг дагадаггүй хүмүүсээс өшөө авах» ба «тэд мөнх сүйрлийн төлөөсийг төлөх» болно (2 Тесалоник 1:6–9). Үүний дараа амьд үлдсэн, Еховагийн үйлчлэгчид дүүрэн жаргалтай амьдрах бөгөөд тэдэнд «сайныг үзэн ядагч» бурхангүйчүүд саад болохгүй ээ (2 Тимот 3:1–3).
Еховагийн сайхан сэтгэлийг дуурайгтун
21. Сайхан сэтгэл гаргаж байх ёстойн учир юу вэ?
21 Бидэнд, сайхан сэтгэлийнх нь төлөө Еховаг магтаж, талархал илэрхийлэх олон шалтгаан байх нь маргаангүй. Еховагийн үйлчлэгчид бид энэ чанарыг илэрхийлэхийн тулд илүү их зүйл хийж болохгүй юү? Тийм ээ, элч Паул итгэл нэгтнүүддээ: «Хайрлагдсан хүүхдүүд адил Бурхныг дуурайгчид болцгоо» хэмээн уриалсан (Ефес 5:1). Тэнгэрийн Эцэг маань цаг үргэлж сайхан сэтгэл гаргаж байдаг болохоор бид ч мөн тийм байх ёстой.
22. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
22 Хэрэв бид өөрсдийгөө Еховад бүрэн дүүрэн зориулсан бол түүний сайхан сэтгэлийг дуурайхыг хүсдэг нь эргэлзээгүй. Нэгэнт бид нүгэлт Адамын үр удам учраас энэ чанарыг илэрхийлэх амаргүй ээ. Гэхдээ дараагийн өгүүллээс яаж сайхан сэтгэл гаргаж болдгийг үзнэ. Тэрчлэн сайхан сэтгэлийн агуу жишээ болох Еховаг яагаад дуурайх ёстой хийгээд хэрхэн дуурайж болдог олон арга зам байдгийг үзэх болно.
Та хэрхэн хариулах вэ?
• Сайхан сэтгэл гэж юу вэ?
• Бурхны сайхан сэтгэлийг Библийн хаана онцлон тэмдэглэсэн байдаг вэ?
• Ехова сайхан сэтгэл хэрхэн гаргадаг вэ?
• Еховагийн үзүүлдэг сайхан сэтгэлийн жишээг дуурайхын учир юу вэ?