-
Зовлонгийн дараа жаргалХаруулын цамхаг–2011 | 5 сарын 1
-
-
Зовлонгийн дараа жаргал
«Эцсийн өдрүүдэд илүү хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав» (2 ТИМОТ 3:1).
ТА ДАРААХ харамсалтай явдлыг сонсож эсвэл нүдээрээ үзэж байсан уу?
● Олон хүний аминд хүрсэн аюулт өвчин
● Зуу зуун хүний амийг авч одсон өлсгөлөн
● Мянга мянган хүний амийг авч одож, олон ч хүнийг орох оронгүй болгосон газар хөдлөлт
Дараа дараагийн өгүүллээр өвчин тахал, өлсгөлөн, газар хөдлөлт зэрэг хүмүүсийн санааг зовоодог асуудлуудын талаарх чухал баримтуудыг авч үзнэ. Бас «эцсийн өдрүүд» хэмээн нэрлэдэг тодорхой цаг үед юу юу болохыг Библид урьдаас зөгнөснийг та мэдэж авна.
Таныг муу муухай явдал газар авсан нийгэмд амьдардаг гэдэгт итгүүлэх нь энэ цуврал өгүүллийн зорилго биш ээ. Харин ч танд итгэл найдвар төрүүлэхийг зорьсон юм. Та одоо зовлон үзэж байж болох юм. Бидний нүдэнд дээр биелж байгаа зургаан зөгнөл эцсийн өдрүүд удахгүй дуусна гэдгийг баталж байгааг та эдгээр өгүүллээс мэдэж авна. Энэ баталгааг зарим хүн юу гэж няцаадгийг, бас биднийг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт яагаад итгэж болохыг авч үзнэ.
-
-
1. Газар хөдлөлтХаруулын цамхаг–2011 | 5 сарын 1
-
-
1. Газар хөдлөлт
«Хаа сайгүй газар хүчтэй хөдөлнө» (ЛУК 21:11).
● Хаити улсад Винни гэдэг ой дөрвөн сартай охиныг нурангин дороос аварчээ. Гамшиг болсон газар сурвалжлага хийж байсан телевизийн баг Виннигийн гинших дууг сонссон байна. Газар хөдлөлтийн үеэр Винни амьд үлдсэн ч эцэг эх нь амиа алджээ.
БАРИМТ ЮУ ХАРУУЛДАГ ВЭ? 2010 оны 1 дүгээр сард Хаити улсад 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 300 000 гаруй хүн амиа алджээ. Бас 1,3 сая хүн орон гэргүй хоцорсон байна. Ийм хүчтэй газар хөдлөлт ганцхан Хаитид болоогүй. 2009 оны 4 сараас 2010 оны 4 сарын хооронд дэлхий даяар дор хаяж 18 хүчтэй газар хөдлөлт болсон.
ХҮМҮҮС ЮУ ГЭЖ ЯРЬДАГ ВЭ? Бид орчин үеийн техник технологийн ачаар газар хөдлөлт хэр их болж байгааг мэдэж байгаа болохоос газар хөдлөлт угаасаа л болж байдаг.
ҮНЭХЭЭР ТИЙМ ГЭЖ ҮҮ? Эцсийн өдрүүдэд хэр их газар хөдлөлт болохыг Библид тодорхой бичээгүйг анхаараарай. Харин «хаа сайгүй газар хүчтэй хөдөлнө» гэж байдаг. Газар хүчтэй хөдөлнө гэсэн нь түүхэн дэх энэ онцгой цаг үе буюу эцсийн өдрүүдийн нэг чухал шинж тэмдэг юм (Марк 13:8; Лук 21:11).
ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ? Библид зөгнөсөн хүчтэй газар хөдлөлт одоо болж байгаа юу?
Газар хөдлөлт болж байгаа нь өнөө үе бол эцсийн өдрүүд гэдгийн дан ганц нотолгоо биш юм. Энэ нь одоо биелж байгаа зөгнөлүүдийн зөвхөн нэг нь юм. Өөр ямар ямар зөгнөл байдгийг авч үзье.
[4-р хуудасны товчлол]
«Бид [геофизикчид] иймэрхүү газар хөдлөлтийг хүчтэй газар хөдлөлт гэдэг. Харин бусад хүн аймшигтай газар хөдлөлт гэдэг».—КЕН ХАДНАТ, АНУ-ын ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН АЛБА
[4-р хуудасны зураг эзэмшигч]
© William Daniels/Panos Pictures
-
-
2. ӨлсгөлөнХаруулын цамхаг–2011 | 5 сарын 1
-
-
2. Өлсгөлөн
«Өлсгөлөн болно» (МАРК 13:8).
● Нэг залуу өлсгөлөнгийн улмаас Нижер улсын Куаратажи тосгонд орогнол хүсэж иржээ. Тэр залуугийн дүү нар, үеэлүүд нь ч бас Нижерийн өөр хотуудаас ирсэн байна. Харин нөгөө залуу ганцаараа гадаа гудас дэвсээд хэвтдэг байв. Яагаад ганцаараа гэж? Тосгоны дарга Сиди: «Тэр залуу [гэр бүлээ] тэжээж чадахгүйдээ санаа нь зовоод ах дүүгийнхээ нүд рүү нь ч эгцэлж харж чаддаггүй байсан» гэж тайлбарласан юм.
БАРИМТ ЮУ ХАРУУЛДАГ ВЭ? Дэлхий даяар бараг долоон хүн тутмын нэг нь өдөр бүр хангалттай хоол идэж чаддаггүй аж. Сахарын цөлөөс өмнөд зүгт оршдог, Африкийн улсуудад байдал бүр дор байдаг байна. 3 хүн тутмын нэг нь урт удаан хугацаанд өлсгөлөнд нэрвэгджээ. Үүнийг сайн ойлгохын тулд гурван ам бүлтэй айлыг бодоод үзье. Зөвхөн хоёрт нь л голоо зогоох хоол байвал хэн нь хоосон хонох вэ? Аав нь уу, ээж нь үү? Эсвэл хүү нь үү? Зарим гэр бүл өдөр бүр ийм шийдвэр гаргах хэрэгтэй болдог.
ХҮМҮҮС ЮУ ГЭЖ ЯРЬДАГ ВЭ? Хүн нэг бүр хангалттай идсэн ч илүү гарах хэмжээний хоол хүнс дэлхий дээр байдаг. Тийм учраас дэлхий дээрх элбэг дэлбэг хоол хүнсийг зөв хуваарилах л хэрэгтэй.
ҮНЭХЭЭР ТИЙМ ГЭЖ ҮҮ? Газар тариалан, аж ахуй эрхлэгчид хүн төрөлхтний түүхэнд урьд хожид байгаагүй их хэмжээний хоол хүнс үйлдвэрлэж, тээвэрлэх боломжтой болоод байна. Уг нь бол засгийн газрууд өлсгөлөнг зогсоохын тулд үүнийг зөв хуваарилж чадна гэлтэй. Гэхдээ хэдэн арван жил оролдсон ч чадаагүй.
ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ? Марк 13:8-д бичсэн зөгнөл биелж байна уу? Техник технологи хөгжиж байгаа ч хүн төрөлхтөн хоол хүнсний хомсдолд орж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?
Газар хөдлөлт, өлсгөлөнгийн уршгаар янз бүрийн өвчин гарах нь элбэг байдаг. Өвчин гарах нь эцсийн өдрүүдийн бас нэг шинж тэмдэг юм.
[5-р хуудасны товчлол]
«Хатгаа, суулгалт болон бусад өвчнөөр нас барсан хүүхдүүдийн гуравны нэгээс багагүй хувь нь шим тэжээлтэй хоол идэж байсан бол амьд үлдэх байв».—АНН М. ВЭНЭМАН, НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН
[5-р хуудасны зураг эзэмшигч]
© Paul Lowe/Panos Pictures
-
-
3. ӨвчинХаруулын цамхаг–2011 | 5 сарын 1
-
-
3. Өвчин
«Тахал гарна» (ЛУК 21:11).
● Иргэний дайнд хүнд нэрвэгдсэн Африкийн нэг орны эрүүл мэндийн ажилтан Бонзали, Марбург вирусийнa улмаас амь нас нь эрсдэлд ороод байсан хотынхоо уурхайчдыг эмчлэх гэж чадах бүхнээ хийжээ. Бонзали том хотын албаны хүмүүсээс тусламж эрсэн ч нэмэргүй байв. Эцэст нь 4 сарын дараа тусламж ирэхэд Бонзали нас барчихсан байв. Тэрбээр эмчилж байсан уурхайчдаасаа Марбург вирусийн халдвар авчээ.
БАРИМТ ЮУ ХАРУУЛДАГ ВЭ? Хамгийн хөнөөлтэй өвчний тоонд амьсгалын доод замын халдварууд (жишээлбэл хатгаа), суулгалт өвчнүүд, ХДХВ/ДОХ, сүрьеэ, хумхаа өвчин зэрэг нь ордог. Өнгөрсөн жилд энэ таван төрлийн өвчнөөс болж бараг 10,7 сая хүн нас барсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилд ойролцоогоор гурван секунд тутамд нэг хүн нас барсан гэсэн үг.
ХҮМҮҮС ЮУ ГЭЖ ЯРЬДАГ ВЭ? Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр янз бүрийн өвчин гарах нь тодорхой. Олон ч хүн халдвар авна.
ҮНЭХЭЭР ТИЙМ ГЭЖ ҮҮ? Дэлхийн хүн ам маш хурдтай өсөж байна. Түүний хажуугаар өвчнийг оношлох, хянах, эмчлэх чадвар сайжирч байна. Үүнийг бодож үзвэл өвчлөл улам бүр багасмаар. Гэтэл бодит байдал дээр өвчлөл улам ихсэж байна.
ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ? Библид зөгнөсөн тахлын улмаас хүмүүс одоо зовж байна уу?
Газар хөдлөлт, өлсгөлөн, өвчнөөс болж сая сая хүн асар их хохирол амсаж байна. Түүнээс гадна хэдэн сая хүн бусдын эрхэнд зовж байна. Тэр байтугай хайртай хүнийхээ гарт зовж байгаа хүн олон байна. Библид юу гэж зөгнөсөн байдгийг анхаараарай.
[Зүүлт]
a Марбургийн цусархаг чичрэг өвчин нь Эболатай нэг төрөлд багтдаг вирусийн гаралтай өвчин юм.
[6-р хуудасны товчлол]
«Арслан юм уу өөр араатны хоол болох нь аймшигтай. Аюулт өвчинд баригдах нь үүнээс дутахааргүй аймшигтай. Эргэн тойрны хүмүүст маань ийм юм тохиолдохыг харах бас аймшигтай».—ТАРХВАР СУДЛААЧ МАЙКЛ ОСТЭРХОЛМ
[6-р хуудасны зураг эзэмшигч]
© William Daniels/Panos Pictures
-
-
4. Хүнийг хайрлах сэтгэл хөрнөХаруулын цамхаг–2011 | 5 сарын 1
-
-
4. Хүнийг хайрлах сэтгэл хөрнө
«Хүмүүс ... гэр бүлээ ч үл өрөвдөнө» (2 ТИМОТ 3:2, 3, МБН, 2003).
● Крис Хойд Уэльс дэх гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багт ажилладаг. Тэрбээр: «Нэг эмэгтэйг хүн харахын эцэсгүй зодуулаад орж ирснийг би санаж байна. Сүүлд уулзсанаас шал өөр болчихсон байсан болохоор би таниагүй» гээд цааш нь «Зарим эмэгтэйчүүд сэтгэл зүйн маш их дарамттай, бүр хүн рүү ч эгцэлж харж чаддаггүй» гэж ярьсан юм.
БАРИМТ ЮУ ХАРУУЛДАГ ВЭ? Африкийн нэг оронд ойролцоогоор гурван эмэгтэй хүн тутмын нэг нь хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртдөг байна. Тэр оронд хийсэн судалгаагаар эрчүүдийнх нь гуравны нэгээс багагүй хувь нь эхнэрээ зодох нь байдаг л зүйл гэж үздэг нь тогтоогджээ. Гэхдээ зөвхөн эмэгтэйчүүд л гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг юм биш ээ. Жишээ нь Канадад арван эрэгтэй хүн тутмын гурав нь эхнэр эсвэл хамтран амьдардаг хүндээ зодуулах юм уу өөр ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг байна.
ХҮМҮҮС ЮУ ГЭЖ ЯРЬДАГ ВЭ? Гэр бүлийн хүчирхийллийг одоо л их анхаардаг болчихоод байгаа болохоос биш өмнө ч гэсэн байсан.
ҮНЭХЭЭР ТИЙМ ГЭЖ ҮҮ? Сүүлийн арван жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийг маш их анхаардаг болсон. Ингэж анхаардаг болсноор гэр бүлийн хүчирхийлэл буурсан болов уу? Буураагүй. Нэг нэгнээ хайрлахгүй байх явдал улам л газар авч байна.
ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ? 2 Тимот 3:2, 3-т бичсэн зөгнөл биелж байна уу? Өөрийн эрхгүй хайрлах ёстой гэр бүлийнхнийгээ хайрлаж, өрөвдөхөө больж байгаа хүн олон болж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?
Одоо биелж байгаа тав дахь зөгнөл бол бидний орон гэр болсон дэлхийтэй маань хамаатай. Энэ талаар Библид юу гэж байдгийг мэдэж авъя.
[7-р хуудасны товчлол]
«Нийгэмд мэдэгдэхгүй өнгөрчих гээд байдаг гэмт хэргүүдийн нэг нь гэр бүлийн хүчирхийлэл юм. Эмэгтэй хүн цагдаад хандахаасаа өмнө нөхөр юм уу хамт амьдардаг хүндээ дунджаар 35 удаа зодуулсан байдаг».—УЭЛЬС ДЭХ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУСЛАМЖИЙН УТАСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
-
-
5. Дэлхийгээ сүйтгэнэХаруулын цамхаг–2011 | 5 сарын 1
-
-
5. Дэлхийгээ сүйтгэнэ
«[Бурхан] дэлхийг устгагчдыг устга[на]» (ИЛЧЛЭЛ 11:18).
● Пирри Нигери улсын Кпор тосгонд дал модны шүүсээр дарс хийдэг аж. Нигер мөрөнд их хэмжээний газрын тос асгарснаас болж бизнес нь дампуурчээ. Тэрбээр: «Газрын тос асгарснаас болж загаснууд үхэж, арьс маань гэмтэж, гол горхинууд бохирдсон. Тэгээд би амьжиргааны эх үүсвэргүй болсон» гэж ярьсан юм.
БАРИМТ ЮУ ХАРУУЛДАГ ВЭ? Зарим мэргэжилтний хэлснээр, жил бүр далай тэнгист 6,5 сая тонн хог хаягддаг байна. Энэ хог хаягдлын 50 хувийг хуванцар хог эзэлдэг бөгөөд хэдэн зуун жил болж байж задардаг ажээ. Хүмүүс байгаль дэлхийгээ бохирдуулахаас гадна байгалийн нөөцийг хайр гамгүй ашиглаж байна. Энэ чигээрээ байвал байгалийн нөөц хомсдоно. Судалгаанаас харвал, байгаль дэлхий хүмүүсийн нэг жил ашигласан нөөцийг нөхөн сэргээхэд нэг жил таван сар шаардлагатай байдаг аж. «Дэлхийн хүн амын тоо болон хүмүүсийн хэрэглээ энэ эрчээрээ өсвөл 2035 он гэхэд дахиад нэг дэлхий хэрэгтэй болно» гэж Австралийн нэгэн сонинд нийтэлжээ («Sydney Morning Herald»).
ХҮМҮҮС ЮУ ГЭЖ ЯРЬДАГ ВЭ? Хүн ухаантай бас аливаа асуудлыг шийдэх чадвартай. Иймээс эдгээр асуудлыг шийдвэрлэж, дэлхийгээ авран хамгаалж чадна.
ҮНЭХЭЭР ТИЙМ ГЭЖ ҮҮ? Олон хөдөлмөрч хүн, бас байгууллагууд байгаль орчны асуудалд маш их анхаарал хандуулдаг болсон. Гэхдээ л дэлхий маань асар их бохирдсоор байна.
ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ? Бурхан амласан ёсоороо дэлхийг устгуулахгүйн тулд хөндлөнгөөс оролцож дэлхийг аврах шаардлагатай юу?
Библид энэ таван зөгнөлөөс гадна эцсийн өдрүүдэд ямар сайхан үйл явдал болохыг бас зөгнөсөн байдаг. Нэг үйл явдлыг нь зургаа дахь зөгнөлөөс мэдэж аваарай.
[8-р хуудасны товчлол]
«Миний амьдарч байсан газар диваажин шиг байсан ч одоо хортой хог хаягдлаар дүүрсэн овоо шиг болсон». (ЭРИН ТАМБЭР, МЕКСИКИЙН БУЛАНГИЙН ЭРГИЙН ОРШИН СУУГЧ, АНУ. 2010 ОНД МЕКСИКИЙН БУЛАНД ГАЗРЫН ТОС АСГАРСНЫ ХОР УРШГИЙН ТАЛААР ЯРЬСАН НЬ)
[8-р хуудасны хавсралт]
Бурхан буруутай юу?
Өнөө үед муу муухай явдал газар авахыг Библид зөгнөсөн байдагт Бурхан буруутай юу? Бурхан бидэнд зовлон бэрхшээл учруулдаг уу? Эдгээр асуултын үнэн зөв хариуг Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библиэс юу мэдэж авах вэ?» номын 11-р бүлгээс мэдэж аваарай.
[8-р хуудасны зураг эзэмшигч]
U.S. Coast Guard photo
-
-
6. Дэлхий даяар сайн мэдээ тунхагланаХаруулын цамхаг–2011 | 5 сарын 1
-
-
6. Дэлхий даяар сайн мэдээ тунхаглана
«Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг ... дэлхий даяар тунхаглана» (МАТАЙ 24:14).
● Ваяатиа Номхон далайн Туамоту Архипелаго хэмээх алслагдсан арлуудын нэгэнд нь амьдардаг. Туамоту арлууд ойролцоогоор 80 шүрэн арлаас бүрддэг бөгөөд 802 900 километр квадрат нутаг дэвсгэртэй. Гэсэн хэдий ч арван зургаахан мянган хүн амтай. Гэлээ ч Ваяатиа болон хөршүүд нь Еховагийн Гэрчүүдтэй таарчээ. Яагаад? Яагаад гэвэл Гэрчүүд хүмүүсийг хаана амьдардгаас нь үл хамааран бүх хүнд Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг тунхаглахыг хүсдэг.
БАРИМТ ЮУ ХАРУУЛДАГ ВЭ? Хаант төрийн тухай сайн мэдээ дэлхийн өнцөг булан бүрд тунхаглагдаж байна. 2010 онд л гэхэд Еховагийн Гэрчүүд сайн мэдээг 236 улс оронд 1,6 тэрбум цаг дэлгэрүүлсэн байна. Энэ нь дунджаар, Гэрч болгон өдөр бүр 30 минут дэлгэрүүлсэн гэсэн үг. Сүүлийн арван жилд Библийн боловсрол олгох ном хэвлэлийг 20 тэрбум гаруй хувь хэвлэж, түгээсэн байна.
ХҮМҮҮС ЮУ ГЭЖ ЯРЬДАГ ВЭ? Хүмүүс Библийн мэдээг хэдэн мянган жил ярьж л ирсэн шүү дээ.
ҮНЭХЭЭР ТИЙМ ГЭЖ ҮҮ? Олон хүн Библийн мэдээг тунхаглаж ирсэн нь үнэн. Гэхдээ ихэнх нь богинохон хугацаанд цөөхөн газар л тунхагласан. Үүнээс ялгаатай нь, Еховагийн Гэрчүүд зохион байгуулалттайгаар, дэлхий даяар дэлгэрүүлэх аян өрнүүлж хэдэн зуун сая хүнд сайн мэдээг тунхаглаж байна. Хүний түүхэн дэх хамгийн нөлөө бүхий, харгис хэрцгий зарим байгууллагын ширүүн хавчлага эсэргүүцэлтэй тулгарсан ч Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлэх ажлаа хийсээр ирсэн (Марк 13:13). Тэд сайн мэдээ тунхагласныхаа төлөө цалин хөлс авдаггүй. Харин ч цаг заваа дуртайяа зориулж, ном хэвлэлээ үнэ төлбөргүй өгдөг. Еховагийн Гэрчүүдийн бүх үйл ажиллагаа сайн дурын хандиваар санхүүждэг.
ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ? Хаант төрийн тухай сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж байгаа юу? Энэ зөгнөл биелж байгаа гэдэг нь тун удахгүй сайхан зүйл болно гэсэн үг үү?
[9-р хуудасны товчлол]
«Еховагийн товлосон цаг болтол бид Хаант төрийн тухай сайн мэдээг хүмүүст хүргэхийн тулд бүх боломжоо дайчлан идэвх зүтгэлтэй тунхаглана». 2010 ОНЫ «ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮДИЙН ЖИЛ ТУТМЫН НОМ»
-
-
Тун удахгүй сайхан цаг ирнэХаруулын цамхаг–2011 | 5 сарын 1
-
-
Тун удахгүй сайхан цаг ирнэ
«Тун удахгүй хорон санаатан үгүй болно. ... Харин даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана» (ДУУЛАЛ 37:10, 11).
ЭНЭ зөгнөл биелэхийг та өөрийн биеэр үзмээр байна уу? Мэдээж үзмээр байгаа байх. Энэ зөгнөл тун удахгүй биелнэ гэдэгт итгэх баттай үндэс бий.
Өмнөх өгүүллүүдээр, биднийг «эцсийн өдрүүдэд» амьдардгийг хөдөлгөөнгүй нотолдог Библийн зөгнөлүүдийн заримыг нь л авч үзлээ (2 Тимот 3:1–5). Бурхан Библи бичигчдийг агуу хүчээрээ удирдан энэ бүх зөгнөлийг бичүүлсэн учраас бид сайхан найдвар өвөрлөж явдаг (Ром 15:4). Эдгээр зөгнөл биелж байгаа нь одоо бидний үзэж туулж байгаа янз бүрийн зовлон бэрхшээл удахгүй дуусна гэдгийг харуулдаг.
Эцсийн өдрүүдийн дараа юу болох вэ? Бурхны Хаант төр хүн төрөлхтнийг захирна (Матай 6:9). Тэр үед дэлхий дээр амьдрал ямар байх вэ? Библид юу гэж бичсэн байдгийг авч үзье.
● Өлсгөлөн дахин хэзээ ч болохгүй. «Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байна» (Дуулал 72:16).
● Өвчин зовлон үгүй болно. «“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» (Исаиа 33:24).
● Дэлхий маань сайхан болно. «Зэлүүд газар, цөл баярлан, Араба ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ» (Исаиа 35:1).
Эдгээр нь тун удахгүй биелэх, Библид байдаг сэтгэл сэргээм зөгнөлүүдийн цөөн хэд нь л юм. Тун удахгүй сайхан цаг ирнэ гэдэгт Еховагийн Гэрчүүд огт эргэлздэггүй. Тэднээс яагаад тийм их итгэлтэй байдгийг нь та асууж үзээрэй.
-