СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 48
«Та нар ариун байх ёстой»
«Бүх талаар үргэлж ариун бай» (1 ПЕТР 1:15).
ДУУ 29 Үнэнч явъя
ТОЙМa
1. Элч Петр итгэл нэгтнүүддээ ямар зөвлөгөө өгсөн бэ? Яагаад хэрэгжүүлэх боломжгүй мэт санагдаж магадгүй вэ?
ТЭНГЭР газрын хаана ч амьдрах найдвартай бай бүх хүн Христийн тослогдсон дагалдагчдад өгсөн элч Петрийн зөвлөгөөнөөс хэрэгтэй юм мэдэж авна. Петр: «Та нарыг сонгосон Ариун Нэгнийг дуурайж, бүх талаар үргэлж ариун бай. Яагаад гэвэл “Би ариун учир та нар ариун байх ёстой” гэж бичсэн байдаг» хэмээжээ (1 Петр 1:15, 16). Эндээс бид хамгийн ариун нэгэн болох Еховаг дуурайх боломжтой нь харагддаг. Тийм ээ, бид ариун байх боломжтой, ариун байх ч ёстой. Гэхдээ төгс бус учраас энэ нь боломжгүй мэт санагдаж болох юм. Петр өөрөө олон удаа алдаа гаргасан ч «ариун байж» болдгийг амьдралаараа баталсан.
2. Энэ өгүүллээс юу мэдэж авах вэ?
2 Энэ өгүүллээс бид дараах асуултуудын хариуг мэдэж авна. Ариун байх гэдгийг юу гэж ойлгох вэ? Еховагийн ариун байдлын талаар Библид юу гэж байдаг вэ? Яаж ариун байх вэ? Ариун байх Еховатай дотно байх хоёр ямар холбоотой вэ?
АРИУН БАЙХ ГЭДГИЙГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ?
3. Ариун гэхээр ямар хүн төсөөлөгддөг вэ? Хаанаас зөв ойлголттой болох вэ?
3 Ариун гэхээр л хүмүүст баяр баясгалангүй царайтай, шашны өмсгөлтэй хүн төсөөлөгддөг. Гэхдээ ингэж ойлгох нь буруу. Ариун нэгэн болох Ехова «жаргалтай Бурхан» (1 Тим. 1:11). Үйлчлэгчид нь ч «ерөөлтэй» буюу жаргалтай хүмүүс (Дуу. 144:15). Зөв юм хийхдээ хүнд харуулах зорилго өвөрлөдөг, тусгай өмсгөлтэй хүмүүсийг Есүс буруушаасан (Мат. 6:1; Марк 12:38). Бид ариун байх гэж яахыг хэлдгийг Библиэс мэдэж авдаг. Хайр халамжтай, ариун Бурхан биелүүлэх боломжгүй тушаал өгнө гэж байхгүй. Ехова: «Та нар ариун байх ёстой» гэж хэлсэн учраас ингэх нь боломжгүй юм биш ээ. Эхлээд ариун байх гэдгийг юу гэж ойлгох ёстойг мэдэж авцгаая.
4. «Ариун байх» гэдгийг Библийнхээр юу гэж ойлгох вэ?
4 Ариун байх гэдгийг юу гэж ойлгох вэ? Библид «ариун байх» гэдгээр голдуу ёс суртахуун, шашин шүтлэгийн хувьд цэвэр ариун байхыг хэлдэг. Бас Бурхны төлөө тусгаарлагдах гэсэн санааг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл Бурхны тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг баримталж, таалалд нь нийцүүлэн шүтэж, түүнтэй дотно байдаг бол ариун байна гэсэн үг. Бурхан төгс ариун, харин бид төгс бус. Гэсэн ч тэрбээр бидэнтэй анд нөхөр болохыг хүсдэг гэж бодохлоор үнэхээр биширмээр.
ЕХОВА «АРИУН, АРИУН, АРИУН»
5. Үнэнч тэнгэрийн элчүүдээс Еховагийн талаар юу мэдэж авах вэ?
5 Ехова бүх талаар цэвэр ариун. Үүнийг сэнтийнх нь хажуудах тэнгэрийн элчүүд буюу серафуудын хэлсэн үг баталдаг. Тэд: «Түмэн цэргийн ЭЗЭН ариун, ариун, ариун» гэсэн (Ис. 6:3). Еховатай ойр дотно байхын тулд тэнгэрийн элчүүд ариун байх ёстой, ариун ч байдаг. Тэнгэрийн элчийн зогсож буй газар нь хүртэл ариунд тооцогддог. Шатаж буй бутны дэргэд Мосе тэнгэрийн элчтэй ярилцсан тэр газрыг ариун гэж Библид бичсэн байдаг (Ег. 3:2–5; Иош. 5:15).
6, 7. а) Египетээс гарсан нь 15:1, 11-ийг үзэхэд Ехова ариун гэдгийг Мосе хэрхэн онцолсон бэ? б) Бүх израйл хүн Бурхан ариун гэдгийг хэрхэн санадаг байсан бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).
6 Мосе израйлчуудыг удирдан Улаан тэнгисийг гаталсныхаа дараа өөрсдийнх нь Бурхан Ехова ариун гэдгийг онцолжээ (Египетээс гарсан нь 15:1, 11-ийг уншина). Харин хуурамч бурхдыг шүтдэг египетчүүд ариун биш байсан. Канаанчууд ч мөн адил. Тэд бурхнаа шүтэхдээ хүүхдээ тахил болгон өргөж, садарлан самуурдаг байжээ (Лев. 18:3, 4, 21–24; Д.хууль 18:9, 10). Ехова тийм бузар юм хийхийг үйлчлэгчдэдээ хэзээ ч тушаахгүй. Тэрбээр төгс ариун билээ. Үүнийг тэргүүн тахилчийн малгайн шижир алтан пайзан дээрх «Ариун байдал Еховагийнх» гэсэн бичээс баталдаг (Ег. 28:36–38, ШЕ).
7 Энэ бичээсийг харсан хэн боловч Ехова туйлын ариун гэдгийг санадаг байв. Тэгвэл тэргүүн тахилчтай уулзаж, шижир алтан пайзыг нь ойроос хараагүй хүн энэ чухал үнэнийг ор тас мартчихдаг гэсэн үг үү? Үгүй. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд гээд бүх израйл хүний өмнө Хуулийг уншиж сонсгодог байсан (Д.хууль 31:9–12). Иймд «Би бол та нарын Бурхан ЭЗЭН. Тиймээс ... ариун бай. Учир нь Би ариун билээ», «Та нар надад ариун хүмүүс байх ёстой. Учир нь ЭЗЭН Би ариун» гэдэг үгийг тэнд байсан бүх хүн сонссон нь лавтай (Лев. 11:44, 45; 20:7, 26).
8. Бид яагаад Левит 19:2; 1 Петр 1:14–16-д байдаг тушаалыг анхаарах учиртай вэ?
8 Бүх хүнд уншиж сонсгодог байсан Хуулийн дотроос Левит 19:2-ыг анхааръя. Ехова Мосед «Израилийн хөвгүүдийн бүх цуглаантай ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Та нар ариун байгтун. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН Би ариун болой”» гэсэн. Петр Христийн дагалдагчдад «ариун байхыг» захихдаа энэ үгийг эш татсан бололтой (1 Петр 1:14–16-г уншина). Бид Мосегийн хуулийг сахих шаардлагагүй нь үнэн. Гэхдээ Левит 19:2-т байдаг Ехова бол ариун, түүнийг хайрладаг хүмүүс ч ариун байх гэж хичээх учиртай гэдэг нь өөрчлөгдөөгүйг Петр баталсан. Энэ нь тэнгэрт амьдрах ч бай, дэлхийд амьдрах ч бай бүх хүнд хамаатай (1 Петр 1:4; 2 Петр 3:13).
«БҮХ ТАЛААР ҮРГЭЛЖ АРИУН БАЙ»
9. «Левит» номын 19-р бүлгээс юу мэдэж авах вэ?
9 Бид ариун Бурхандаа таалагдахыг хүсдэг учраас яавал ариун байхыг мэдэхийг хичээдэг. Энэ талаар Ехова олон чухал зүйлийг зааж өгсөн. Заримыг нь «Левит» номын 19-р бүлгээс мэдэж болно. Еврей судлаач Маркус Калиш: «Энэ бүлэг бол “Левит” ном дотроос, тэр бүү хэл Библийн эхний таван ном дотроос хамгийн өргөн хүрээг хамарсан, зарим талаараа хамгийн чухал бүлэг юм» гэжээ. «Левит» номын 19-р бүлэгт байдаг Бурхны хууль «Та нар ариун байгтун» гэж эхэлдэг. Тэгвэл одоо, яавал ариун байх талаар үнэлж баршгүй сургамжтай хэдэн зүйлийг энэ бүлгээс үзье.
10, 11. Левит 19:3-т бичсэнээр ариун байхын тулд бид яах ёстой вэ? Энэ нь яагаад чухал вэ?
10 Ехова израйлчуудыг ариун байх ёстой гэснийхээ дараа «Та нар хүн нэг бүр өөрийн эх, эцгийг хүндэтгэ[гтүн]. ... Би бол ЭЗЭН, та нарын Бурхан» гэжээ (Лев. 19:2, 3).
11 Эцэг эхээ хүндэл гэсэн Бурхны тушаалыг дагах нь маш чухал юм. Нэг залуу: «Мөнх амьтай болохын тулд би ямар сайн үйл хийх ёстой вэ?» гэж Есүсээс асуудаг. Есүс олон зүйл тоочсоны нэг нь эцэг эхээ хүндлэх тухай байсан (Мат. 19:16–19). Эцэг эхээ хүндлэхгүй байх шалтаг хайдаг фарисайчуудыг тэрбээр буруушаасан. Тэд тийнхүү «Бурхны үгийг хүчингүй болгосон» (Мат. 15:3–6). «Бурхны үг» гэдэгт Арван тушаал ордог. Левит 19:3 тав дахь тушаалтай нь адилхан (Ег. 20:12). Дахин хэлэхэд, «Та нар ариун байгтун. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН Би ариун болой» гэсний яг ард нь уг тушаал байдаг.
12. Левит 19:3-т байдаг тушаалыг дагахын тулд юу гэж бодох хэрэгтэй вэ?
12 Еховагийн өгсөн энэ тушаалыг дагахын тулд «Би яадаг билээ?» гэж бодож үзээрэй. Эцэг эхийнхээ төлөө хангалттай их юм хийж чадаагүй юм шиг санагддаг бол өнгөрснийг өөрчилж чадахгүйгээс хойш, одооноос хичээгээрэй. Тэдэндээ цаг заваа зориулж, боломжоороо хамт байгаарай. Мөн хэрэгтэй юмыг нь авч өгөх, итгэлийг нь батжуулах, сэтгэл санааг нь дэмжих талаар илүү их анхаарч болно шүү дээ. Ингэдэг бол Левит 19:3-т байдаг тушаалыг дагаж байна гэсэн үг.
13. а) Левит 19:3-т өөр ямар тушаал байдаг вэ? б) Лук 4:16–18-д тэмдэглэн үлдээсэн Есүсийн жишээг хэрхэн дуурайх вэ?
13 Левит 19:3-т ариун байхад хэрэгтэй өөр нэг зүйл буюу Амралтын өдрийг сахих тухай байдаг. Христийн дагалдагчид Мосегийн хуулийг сахих шаардлагагүй учраас Амралтын өдрийг сахидаггүй. Гэхдээ израйлчуудад өгсөн энэ тушаалаас ихийг мэдэж болно. Израйлчууд тэр өдөр ажил хийлгүй, Бурхныг шүтэхэд хамаг анхаарлаа хандуулдаг байсан.b Ийм ч учраас Есүс Амралтын өдөр нутгийнхаа синагогт очиж Бурхны Үгнээс уншиж өгдөг байжээ (Ег. 31:12–15; Лук 4:16–18-ыг уншина). Левит 19:3-т байдаг уг тушаал өдөр бүр Бурхныг шүтэхэд цаг зав гаргах учиртайг сануулдаг. Та энэ талаар илүү их анхаарах хэрэгтэйгээ анзаарч болох юм. Бурхныг шүтэхэд цаг зав гаргадаг бол түүнтэй дотносно, улмаар ариун байна.
ЕХОВАТАЙ УЛАМ ДОТНОСООРОЙ
14. «Левит» номын 19-р бүлэг ямар хөдөлшгүй үнэнийг онцолдог вэ?
14 4-р зүйлийн сүүлд «Би бол ЭЗЭН [«Ехова», ШЕ], та нарын Бурхан» гэж бий. Энэ хөдөлшгүй үнэн болон үүнтэй төстэй үг «Левит» номын 19-р бүлэгт 16 удаа гардаг. Үүнийг уншихлаар «Би бол ... чиний Бурхан ЭЗЭН [«Ехова», ШЕ] байна. Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй» гэсэн Арван тушаалын эхнийх санаанд ордог (Ег. 20:2, 3). Христийн дагалдагч хүн хэнийг ч, юуг ч Бурхнаас дээгүүрт тавих учиргүй. Түүнээс гадна бид Еховагийн нэрээр овоглодог Гэрчүүд нь учраас ариун нэрийг нь бузарлах, гутаах аливаа бүхнээс зайлсхийхээр бат шийдсэн (Лев. 19:12; Ис. 57:15).
15. «Левит» номын 19-р бүлэгт байдаг тахил өргөх тухай тогтоолыг уншихлаар яах хүсэл төрдөг вэ?
15 Израйлчууд Еховаг Бурхнаа гэж хүлээн зөвшөөрсөн учраас хуулийг нь сахих учиртай байлаа. Левит 18:4-т «Та нар Миний шүүлтийг хэрэгжүүлэн, Миний тогтоолыг сахин тэдгээрийн дотор явагтун. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан» гэж байдаг. 19-р бүлэгт тогтоолынх нь зарим нь бий. Жишээ нь 5–8, 21, 22-р зүйлд амьтнаар тахил өргөх тухай гардаг. Израйлчууд тахил өргөхдөө Еховагийн ариун зүйлийг бузарлах ёсгүй байлаа. Эдгээр зүйлийг уншихлаар Еховад сайшаагдаж, Еврей 13:15-д бичсэний дагуу түүнд таалагдах магтаалын тахил өргөх хүсэл төрдөг.
16. Бурхны үйлчлэгчид бусдаас ялгарах ёстойг ямар тушаал сануулдаг вэ?
16 Хэцүү байсан ч ариун байхын тулд бусдаас ялгарах учиртай. Заримдаа ажлынхан, ангийнхан, итгэгч бус гэрийнхэн Еховаг таалалд нь нийцүүлэн шүтэхэд маань саад болох юм хийлгэх гэдэг. Ийм үед зөв шийдвэр гаргахын тулд ямар зарчмыг бодох хэрэгтэй вэ? Левит 19:19-д «Хоёр төрлийн эдийг хольж хийсэн хувцсыг бүү өмс» гэж бий. Израйлчууд энэ тушаалыг дагаснаар бусад үндэстнээс ялгардаг байжээ. Өнөөдөр бид энэ тушаалыг дагах шаардлагагүй. Харин ажлынхан, ангийнхан, гэрийнхэн зэрэг Библийн зарчмыг баримталдаггүй хүмүүстэй адилхан байж болохгүй. Мэдээж бид тэдэндээ хайртай. Гэхдээ Еховад дуулгавартай байх эсэх маань соригдох үед тэднээс ялгарахад бэлэн байдаг. Ариун байхын тулд бусдаас ялгарах зайлшгүй шаардлагатай (2 Кор. 6:14–16; 1 Петр 4:3, 4).
17, 18. Левит 19:23–25-д байдаг тушаалаас ямар чухал сургамж авах вэ?
17 Израйлчууд «Би бол ЭЗЭН, та нарын Бурхан» гэдэг үгийг сонсоод Еховад итгэж, түүнийг бүхнээс дээгүүрт тавих учиртайгаа санадаг байв. Бүхнээс дээгүүрт тавих нэг аргыг Левит 19:23–25-д бичжээ (уншина). Тэд Амласан газар ороод яах ёстой байсан билээ? Жимсний мод таривал үр жимсийг нь эхний гурван жил идэж болохгүй. Дөрөв дэх жилд Бурхны ариун газар өргөх ёстой. Тав дахь жилээс л өөрөө иднэ. Энэ тушаал эрх ашгаа эн тэргүүнд тавьж болохгүйг израйлчуудад ойлгуулдаг байлаа. Ехова хэрэгцээг нь хангана гэдэгт итгэж, цэвэр шүтлэгийг бүхнээс дээгүүр тавих ёстой байсан. Ехова тэднийг идэж уух юмаар юу гэж дутаах вэ дээ! Тийм болохоор цэвэр шүтлэгийн төв болсон ариун газарт өгөөмрөөр өргөл өргөхийг уриалжээ.
18 Левит 19:23–25-д байдаг тушаалыг уншихлаар Есүсийн уулан дээр айлдсан сургаал санаанд ордог. Тэрбээр: «Юу идэж уух билээ гэж ... санаа зовохоо боль» гээд «Тэнгэрийн Эцэг тань энэ бүхэн та нарт хэрэгтэйг мэддэг» гэж заасан (Мат. 6:25, 26, 32). Шувуудыг хүртэл тэжээдэг Бурхан таныг тэжээхгүй гэж үү? Иймээс зайлшгүй хэрэгцээг тань хангана гэдэгт итгээрэй. Эд юмаар гачигдаж яваа нэгэндээ туслаарай. Хурлын зардлыг нөхөхөд хувь нэмрээ оруулаарай. Ехова өгөөмөр сэтгэлтэй таныг анзаарахгүй өнгөрөхгүй, заавал хариу барина (Мат. 6:2–4). Хэрэв бид өгөөмөр байдаг бол Левит 19:23–25-д байдаг тушаалын зарчмыг ойлгоод хэрэгжүүлж байна гэсэн үг.
19. Та «Левит» номоос ямар сургамж авсан бэ?
19 «Левит» номын 19-р бүлгийн хэдэн зүйлээс ариун Бурхныг хэрхэн дуурайхыг мэдэж авлаа. Түүнийг дуурайвал «бүх талаар үргэлж ариун байна» (1 Петр 1:15). Еховад үйлчилдэггүй хүмүүсийн зарим нь биеэ зөв зохистой авч явааг маань хараад түүнийг алдаршуулдаг (1 Петр 2:12). «Левит» номын 19-р бүлгээс сурах юм үүгээр дуусахгүй. Дараагийн өгүүллээр өөр хэдэн зүйлийг үзээд Петрийн уриалснаар «ариун байхын» тулд бас яах ёстойг мэдэж авцгаая.
ДУУ 1 Еховагийн бахдам чанарууд
a Бид Еховад маш их хайртай. Түүнд таалагдахыг хүсдэг. Ехова бол ариун. Үйлчлэгчдээсээ ч ариун байхыг шаарддаг. Тэгвэл төгс бус хүмүүс ариун байх боломжтой юу? Боломжтой. Итгэл нэгтнүүддээ өгсөн элч Петрийн зөвлөгөө болон эртний израйлчуудад өгсөн Еховагийн тушаалуудыг нарийвчлан судалбал бүх талаар хэрхэн ариун байхыг мэдэж авна.
b Амралтын өдрийн хуулийг судлах нь ямар ач холбогдолтойг илүү дэлгэрэнгүй мэдье гэвэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2019 оны 12-р сарын дугаарт гарсан «Ажиллах хийгээд амрах цаг» гэсэн өгүүллийг үзээрэй.
c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Өрх тусгаарласан хүү нь эхнэр хүүхдээ аваад аав ээж дээрээ ирж байна. Мөн тэдэнтэйгээ тогтмол холбоотой байдаг.
d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Тарьсан модныхоо жимсийг харж буй израйл хүн.