СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 49
«Левит» номоос харилцааны талаар сургамж авах нь
«Хөршөө өөрийн адил хайрла» (ЛЕВ. 19:18).
ДУУ 25 Хайраар маань биднийг таниг
ТОЙМa
1, 2. Өмнөх өгүүллээр юу үзсэн бэ? Энэ өгүүллээр юу үзэх вэ?
БИД өмнөх өгүүллээр «Левит» номын 19-р бүлэгт байдаг чухал тушаалуудыг авч үзсэн. Жишээ нь, 3-р зүйлд Ехова эцэг эхээ хүндлэхийг израйлчуудад тушаасан. Бид эцэг эхдээ хэрэгтэй юмыг нь авч өгөх, сэтгэл санааг нь дэмжих, итгэлийг нь батжуулах зэргээр зарчмыг нь хэрхэн хэрэгжүүлж болохыг үзсэн. Мөн уг эшлэл Амралтын өдрийг сахихын чухлыг онцолдог. Бид Амралтын өдрийн тухай хуулийг сахидаггүй ч зарчмыг нь хэрэгжүүлэн өдөр бүр Бурхныг шүтэх цаг гаргах учиртайг үзсэн. Ингэдэг бол ариун байхыг уриалсан Левит 19:2; 1 Петр 1:15-ыг хэрэгжүүлэхийг хичээдэг гэсэн үг.
2 Энэ өгүүллээр «Левит» номын 19-р бүлгийг үргэлжлүүлэн судалъя. Уг бүлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүнд сайхан сэтгэл гаргах, бизнес эрхлэхдээ үнэнч шударга байх, бусдыг хайрлах тухай бас гардаг. Бид ариун Бурхнаа дуурайн ариун байхыг хүсдэг. Иймээс шимтэн судалцгаая.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД САЙХАН СЭТГЭЛ ГАРГАХ НЬ
3, 4. Левит 19:14-т бичсэнээр сонсголгүй, хараагүй хүнд хэрхэн хандах ёстой байсан бэ?
3 Левит 19:14-ийг уншина. Ехова хөгжлийн бэрхшээлтэй хүнд сайнаар хандахыг ард түмэндээ тушаасан. Жишээ нь израйлчууд сонсголгүй хүнийг хараах ёсгүй байжээ. Хараах гэдэгт айлган сүрдүүлэх, хэл амаар доромжлох орно. Сонсохгүй, өөрийгөө өмгөөлж хамгаалж чадахгүй хүнийг хараана гэдэг яасан муухай хэрэг вэ!
4 Түүнээс гадна 14-р зүйлд бичсэнээр Бурхны үйчлэгч хүн «сохор хүний урд бүдрүүлэх зүйл» тавих ёсгүй байсан. Нэг номд «Эртний Ойрх Дорнодод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг их дээрэлхдэг, дарладаг байжээ» гэж тэмдэглэсэн байна. Бусдыг боддоггүй зарим хүн хараагүй хүний зам дээр бүдрүүлэх юм тавьж хорлодог, шоглодог байсан бололтой. Ямар өөдгүй юм бэ! Харин Ехова ард түмэндээ ийм тушаал өгч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өрөвдөн хайрлах учиртайг ойлгуулжээ.
5. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өрөвдөн хайрладаг хүн яадаг вэ?
5 Есүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өрөвдөн хайрладаг байсан. Тэрбээр баптисм хүртээгч Ёоханд «Хараагүй нь харж, доголон нь явж, уяман өвчтэй нь эдгэж, дүлий нь сонсож, үхсэн нь амилж ... байна» гэж хэлүүлдэг. Есүсийн гайхамшиг үйлдэхийг үзсэн «бүх хүн Бурхныг магтан алдаршуулж байлаа» (Лук 7:20–22; 18:43). Христийн дагалдагч бид түүнийг дуурайн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст сайхан сэтгэл гаргаж, тэвчээртэй ханддаг. Бид гайхамшиг үйлддэггүй л дээ. Гэхдээ ирээдүйд бүх хүн цоо эрүүл, Бурхантай найз болно гэсэн сайн мэдээг харалган сохор болон харах нүдтэй ч үнэнийг мэддэггүй хүмүүст тунхагладаг (Лук 4:18). Энэ мэдээг сонссон хүмүүс Бурхныг алдаршуулж байна.
БИЗНЕС ЭРХЛЭХДЭЭ ҮНЭНЧ ШУДАРГА БАЙХ НЬ
6. «Левит» номын 19-р бүлэгт Арван тушаалыг тодорхой болгосон гэхийн учир юу вэ?
6 «Левит» номын 19-р бүлэгт Арван тушаалын заримыг тодорхой болгожээ. Жишээ нь найм дахь тушаал нь «Чи бүү хулгайл» гэж л байдаг (Ег. 20:15). Зарим хүн бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авдаггүй л бол өөрийгөө энэ тушаалыг дагадаг гэж бодож болох юм. Гэхдээ хулгай хийхгүй байна гэдэг нь үүгээр хязгаарлагдахгүй.
7. Худалдаачин яавал «Бүү хулгайл» гэсэн тушаалыг зөрчиж байна гэсэн үг вэ?
7 Худалдаачин бусдын юмыг зөвшөөрөлгүй авдаггүй учраас хулгай хийдэггүй гэж сайрхаж болох юм. Гэхдээ наймаа хийхдээ яадаг вэ? Левит 19:35, 36-д «Жин, багтаамж, хэмжээг шударга бусаар бүү шүү. Та нар зөв жинлүүр, зөв туухай, зөв ефа, зөв хинтэй байх ёстой» гэж тушаасан. Тэгэхээр ашиг олох зорилгоор зөрүүтэй жин хэрэглэж үйлчлүүлэгчдээ хуурвал хулгай хийж байгаатай адил юм. «Левит» номын 19-р бүлгийн өөр зүйлүүдэд энэ тухай тодорхой байдаг.
8. Найм дахь тушаалыг дагахад Левит 19:11–13-т бичсэн зүйл иудейчүүдэд хэрхэн тусалсан бэ? Бид юуг ойлгох хэрэгтэй вэ?
8 Левит 19:11–13-ыг уншина. Левит 19:11 «Та нар хулгай бүү хий» гэж эхэлдэг. 13-р зүйлд «Өөрийн хөршийг бүү дарла [«мөлж», ШЕ]» гэж бий. Тэгэхээр бусдыг хууран мэхлэх нь хулгай хийж байгаагаас өөрцгүй байх нь ээ. Найм дахь тушаалаар хулгай хийхийг хориглосон. Иудейчүүд энэ тушаалыг хэрхэн дагах талаар нарийн ширийн зүйлийг «Левит» номоос мэдэж авсан. Ехова бусдыг хуурч ашиг олохыг хулгай хийхтэй адилтган үздэгийг эндээс ойлгож болно. Ажил олгогч ч, ажилчин ч: «Би Левит 19:11–13-т байдаг хуулийн цаад зарчмыг амьдралдаа хэрэгжүүлдэг үү? Надад засах хэрэгтэй юм байна уу?» гэж бодоорой.
9. Левит 19:13-ын дагуу газрын эзэн яах ёстой байсан бэ?
9 Бизнес эрхэлдэг Христийн дагалдагч хүн үнэнч байх талаар бас нэг зүйлийг анхаарах учиртай. Левит 19:13-ын сүүлд «Хөлсний хүний цалин нь бүхэл шөнөжингөө, өглөөг болтол чамд байж болохгүй» гэж бий. Газар тариалан эрхэлдэг эртний Израйлд орой бүр хөлсний ажилчинд тэр өдрийнх нь цалинг өгөх ёстой байжээ. Өгөхгүй бол тэр айл хоосон хонох байв. Тиймээс Ехова: «Учир нь тэрээр ядуу бөгөөд сэтгэлдээ хөлсөө тэсэж ядан хүлээж байгаа» гэж учирласан (Д.хууль 24:14, 15; Мат. 20:8).
10. Левит 19:13-аас юу мэдэж авах вэ?
10 Өнөөдөр олон хүн цалингаа өдөр бүр биш, сард нэг удаа бөөнөөр нь юм уу хувааж авдаг. Гэхдээ Левит 19:13-ын цаад зарчим нь одоо ч хүчинтэй. Зарим ажил олгогч ажилчдаа маш бага мөнгөөр цалинжуулж хөдөлмөрийг нь мөлждөг. Бага цалин авдаг ч гэсэн ажлаасаа гарч чадахгүйг нь мэддэг. Тэд нэг ёсондоо «хөлсний хүний цалин[г] ... [өөртөө] байлгаж» байгаа юм. Бизнес эрхэлдэг Гэрч хүн ингэж болохгүй. Одоо «Левит» номын 19-р бүлгээс өөр юу сурч болохыг үзье.
ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАДАГ ШИГЭЭ БУСДЫГ ХАЙРЛАХ НЬ
11, 12. Есүс юуг онцлох гэж Левит 19:17, 18-ыг эш татсан бэ?
11 Бусдыг хохироодоггүй л бол боллоо гэсэн үг биш. Өөр яах ёстойг Бурхан Левит 19:17, 18-д тодорхой хэлсэн (уншина). «Хөршөө өөрийн адил хайрла» гэсэн. Бурханд таалагдахыг хүсдэг хэн боловч энэ тушаалыг дагах учиртай.
12 Левит 19:18-д байдаг уг тушаал хэр чухал болохыг Есүс онцолсон. Нэг фарисай Есүсээс «Хуулийн хамгийн чухал тушаал нь аль вэ?» гэж асуухад тэрбээр: «Эхний бөгөөд хамгийн чухал тушаал» нь бүхий л зүрх, бүхий л амь амьдрал, бүхий л оюун ухаанаараа Еховаг хайрлах гэж хэлдэг. Тэгээд Левит 19:18-ыг эш татан «Хоёр дахь нь “Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрла” гэсэн тушаал юм» гэж хэлсэн (Мат. 22:35–40). Хүмүүсийг хайрлах түмэн арга бий. Заримыг нь «Левит» номын 19-р бүлгээс мэдэж авъя.
13. Иосеф яасныг эргэцүүлбэл Левит 19:18-д бичсэнийг илүү сайн ойлгоно гэхийн учир юу вэ?
13 Бусдыг хайрлах нэг аргыг уг эшлэлийн эхэнд бичжээ. «Чи ... өс хонзонг бүү ав, аливаа зэвүүцлийг ч бүү хадгал» гэж байдаг (Лев. 19:18). Ажлынхан, ангийнхан, хамаатан садан юм уу гэрийнхэндээ уурлаад олон жил хорсол зэвүүцэл өвөрлөж явдаг хүмүүс бий. Эцэг нэгт арван ах нь Иосефт зэвүүцэж сүүлдээ үзэн ядаж хорлосон (Эх. 37:2–8, 25–28). Харин Иосеф тэдэнд тэс өөрөөр хандсан. Эрх мэдэлтэй болсон хойноо өшөө авч болох байсан ч өршөөдөг. Хорсол өвөрлөөгүй. Левит 19:18-д бичсэний дагуу үйлдсэн байгаа биз? (Эх. 50:19–21).
14. Левит 19:18-ын цаад зарчмыг одоо ч баримтлах ёстой гэхийн учир юу вэ?
14 Бурханд таалагдахыг хүсдэг Христийн дагалдагч хүн хорсол өвөрлөлгүй, өшөө авалгүй, харин уучилсан Иосефыг дуурайх ёстой. Есүс ч мөн хэрхэн залбирахыг заахдаа өөрсдийн маань эсрэг нүгэл үйлдсэн хүнийг уучил гэсэн (Мат. 6:9, 12). Элч Паул ч итгэл нэгтнүүддээ «Хайрт ах дүү нар минь, бүү өшөө ав» гэж захисан (Ром 12:19). Мөн «Гомдох шалтгаан байлаа ч, хүлээцтэй хандаж, бие биеэ дуртайяа уучилж байгаарай» гэж уриалсан (Кол. 3:13). Еховагийн зарчим өөрчлөгддөггүй. Иймээс бид Левит 19:18-ын цаад зарчмыг одоо ч баримтлах ёстой.
15. Хорсол өвөрлөж болохгүйн учрыг жишээгээр тайлбарлана уу.
15 Сэтгэлийн шархыг биеийн шархтай зүйрлэж болно. Хөнгөн шарх гэж байна, хүнд шарх гэж байна. Заримдаа бид цаасанд хуруугаа эсгэчихдэг. Эхэндээ өвдсөн ч удалгүй эдгэдэг. Ганц хоёр өдрийн дараа таг мартчихдаг шүү дээ. Үүнтэй адилаар найз маань бодлогогүй үг хэлж, үйлдэл хийхэд бид гомдож уурладаг. Гэхдээ уучлах амархан байдаг. Харин гүн шарх олбол эмчээр оёулж боолгуулах шаардлагатай. Шархаа оролдоод байвал эдгэх нь битгий хэл, идээлнэ. Үүнтэй адилаар тэр хүн яаж гомдоож, уурлуулж, шархлуулсныг бодоод байвал шархаа оролдож байгаатай адил юм. Хорсол өвөрлөөд явбал өөрт нь л муу. Тэгэхийн оронд Левит 19:18-ын зарчмыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
16. Левит 19:33, 34-ийг үзэхэд израйлчууд нутагт нь амьдардаг харийн хүнд хэрхэн хандах ёстой байсан бэ? Энэ нь бидэнд ямар сургамжтай вэ?
16 Ехова израйлчуудад хөршөө хайрлахыг тушаасан нь зөвхөн элэг нэгтнүүдээ хайрлахыг хэлсэн юм биш ээ. Нутагт нь байдаг харийнхныг хайрлахыг заасан тодорхой тушаал Левит 19:33, 34-т бий (уншина). Израйлчууд тэднийг «уугуул хүн мэт» үзэж өөрийгөө хайрладаг шигээ «хайрлах» учиртай байлаа. Жишээ нь ургацынхаа үлдэгдлийг түүхийг харийн хүнд ч, ядуу хүнд ч зөвшөөрөх ёстой байсан (Лев. 19:9, 10). Гадаад хүнийг хайрлах зарчим Христийн дагалдагчдад ч хамаатай (Лук 10:30–37). Яаж хэрэгжүүлэх вэ? Танай улсад гадаад хүмүүс амьдардаг биз дээ? Угсаа гарал, нас хүйсээр нь ялгалгүй тэдэнтэй хүндэтгэлтэй харьцах нь чухал.
ӨӨР ЯАХ ЁСТОЙ ВЭ?
17, 18. а) Левит 19:2 болон 1 Петр 1:15-д ямар байх ёстой гэж байдаг вэ? б) Элч Петр ямар чухал ажил хийхийг уриалсан бэ?
17 Левит 19:2 болон 1 Петр 1:15-ын аль алинд Бурхны ард түмэн ариун байх ёстой гэж байдаг. «Левит» номын 19-р бүлгийн бусад зүйлд Еховагийн сайшаалыг хүлээхийн тулд яах ёстой, яах ёсгүйг бичжээ. Бид заримыг нь авч үзсэн.b Эдгээрийн цаад зарчмыг Христийн дагалдагч бид ч баримтлах учиртайг Грек судраас мэдэж болно. Гэхдээ элч Петр нэг зүйл нэмж хэлжээ.
18 Бид Бурхнаа шүтэж бусдад сайныг үйлдэхийн тулд олон юм хийдэг. Гэхдээ Петр нэгийг нь бүр их онцолжээ. Бүх талаар ариун байхыг уриалахаасаа өмнө «Ихийг хийхийн төлөө оюун ухаанаа дайчил» гэсэн (1 Петр 1:13, 15). Юу хийх вэ? Тэрбээр Христийн тослогдсон ах дүү нар өөрсдийг нь дуудсан «тэр Нэгний “бахдам чанаруудыг газар бүрд тунхаглана”» гэсэн (1 Петр 2:9). Үнэндээ Христийн дагалдагч бүр хамгийн сайн энэ чухал ажлыг хийх хүндтэй завшаан эдэлдэг. Бурхны ариун ард түмэн бид тогтмол, идэвхтэй дэлгэрүүлдэг, заадаг (Марк 13:10). «Левит» номын 19-р бүлэгт байдаг хуулийн үндэс болдог зарчмыг чадлаараа хэрэгжүүлдэг бол Бурхныг болон бусдыг хайрладгаа батална. Мөн «бүх талаар үргэлж ариун байх» гэж хичээдэг гэсэн үг.
ДУУ 28 Шинэ дуу
a Христийн дагалдагчид Мосегийн хуулийг сахих шаардлагагүй. Гэхдээ бид яах ёстой, яах ёсгүйг Хуулийн үндэс болсон зарчмаас мэдэж авдаг. Тэдгээрийг судалж хэрэгжүүлбэл бусдыг хайрлаж, Бурхныхаа тааллыг олно. Энэ өгүүллээр «Левит» номын 19-р бүлгээс өөр ямар сургамж авч болохыг үзэцгээе.
b Энэ болон өмнөх өгүүллээр ярилцаагүй зүйлүүдэд бусдыг алагчлах, гүтгэх, цус хэрэглэх, ид шид үйлдэх, мэргэ төлөг буулгах, чөтгөрүүдтэй харьцах, садар самуун үйлдэх тухай гардаг (Лев. 19:15, 16, 26–29, 31). (Энэ дугаарт нийтэлсэн «Уншигчдын асуулт» буланг үзээрэй).
c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Эмчтэй харьцахад нь сонсголгүй итгэл нэгтэндээ тусалж буй Гэрч.
d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Байшин буддаг бизнес эрхэлдэг Гэрч ажилчиндаа цалинг нь өгч байна.
e ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хүн хуруугаа эсгэчихээд оролддоггүй. Харин мартдаг. Хүнд шарх олбол үүнтэй адилаар яах хэрэгтэй вэ?