Ехова бидэнд өдрүүдээ тоолохыг зааж өгдөг
«Бид Танд мэргэн зүрхийг өргөхийн тулд өөрсдийнхөө өдрүүдийг тоолохыг бидэнд зааж өгөөч» (ДУУЛАЛ 90:12).
1. Бурхнаас «өөрсдийнхөө өдрүүдийг тоолохыг» зааж өгөхийг гуйх нь яагаад зөв бэ?
ЕХОВА Бурхан бол биднийг Бүтээгч бөгөөд бидэнд Амь Өгөгч юм (Дуулал 36:9; Илчлэлт 4:11). Тийм учраас амьдралын жилүүдээ мэргэн ухаалгаар ашигладаг болоход бидэнд түүнээс илүү заах нэгээхэн ч үгүй. «Бид Танд мэргэн зүрхийг өргөхийн тулд өөрсдийнхөө өдрүүдийг тоолохыг бидэнд зааж өгөөч» хэмээн Бурхнаас дуулалчийн гуйсан нь зөв юм (Дуулал 90:12). Энэхүү гуйлт бүхий 90 дүгээр дууллыг анхааралтай авч үзэх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ эхлээд Бурхны онгод оруулан бичүүлсэн энэ дуутай товч танилцъя.
2. а) 90 дүгээр дууллыг зохиогч нь хэн бэ? Уг дууллыг хэзээ бичсэн байж болох вэ? б) 90 дүгээр дуулал амьдралд хандахад маань хэрхэн нөлөөлөх ёстой вэ?
2 90 дүгээр дууллын эхэнд «Бурхны хүн Мосегийн залбирал» гэж байдаг. Энэ дуулалд хүний амьдрал богинохон болохыг онцлон тэмдэглэсэн болохоор уг дууллыг израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлөгдсөний дараа, олон мянган хүн үхэж, үнэнч бус үеийнхэн дуусах хүртэл цөлөөр 40 жилийн турш хэрэн хэсүүчилсэн тэр үед зохиосон бололтой (Тооллого 32:9–13). Ямар ч л гэсэн 90 дүгээр дуулал төгс бус хүний амьдрал богинохон гэдгийг хэлдэг. Тэгэхлээр бид амьдралынхаа үнэтэй өдрүүдийг мэргэн ухаалгаар ашиглах хэрэгтэй.
3. 90 дүгээр дууллын гол санаа юу вэ?
3 90 дүгээр дууллын 1–6-р зүйлд Еховаг бидний мөнхийн орших газартай адилтгажээ. 7–12-р зүйлд нисэх мэт өнгөрч байгаа амьдралын жилүүдээ Еховад таалагдахаар ашиглахын тулд яах хэрэгтэйг заадаг. Харин 13–17-р зүйлд Еховагийн хайр энэрэл, ивээл хишгийг хүртэх гэсэн чин хүслийг маань тусгажээ. Уг дуулалд Еховагийн үйлчлэгчдийн амьдрал дор бүрнээ хэрхэн өрнөхийг зөгнөн хэлээгүй ч гэсэн бид бүгдээрээ энэ залбирлаар илэрхийлсэн бүхнийг зүрхээрээ хүлээн авах хэрэгтэй. Тиймд одоо 90 дүгээр дууллыг Бурханд өөрийгөө зориулсан хүмүүсийн нүдээр анхааралтай авч үзье.
Ехова бол «бидний жинхэнэ орших газар» мөн
4-6. Ехова яаж «бидний жинхэнэ орших газар» болдог вэ?
4 90 дүгээр дуулал: «Өө, Ехова, Та үеийн үед бидний жинхэнэ орших газар болохоо баталсан. Уулс төрөхөөс, дэлхий болон үржил шимтэй газрыг зовж төрүүлэхээс өмнө, тодорхойгүй цагаас ч тодорхойгүй цаг хүртэл Та бол Бурхан юм» хэмээсэн үгээр эхэлдэг (Дуулал 90:1, 2, ШЕ).
5 «Мөнх Бурхан» Ехова бол «бидний жинхэнэ орших газар» буюу сүнслэг хоргодох газар юм (Ром 16:26). Бид өөрсдийгөө аюулгүй байдалд байгааг мэдэрдэг. Яагаад гэвэл тэр «залбирлыг сонсдог Нэгэн» учраас бидэнд туслахад хэзээд бэлэн байдаг (Дуулал 65:2). Бид айдас зовнилоо тэнгэрийн Эцэгтээ үүрүүлдэг болохоор хайрт Хүүгээр нь дамжин «бүх оюун ухаанаас дээгүүрх Бурхны амар тайван нь... зүрх болон бодлыг маань хамгаална» (Филиппой 4:6, 7; Матай 6:9; Иохан 14:6, 14).
6 Үлгэрлэн хэлбэл, Ехова «бидний жинхэнэ орших газар» учраас бид сүнслэг талаараа аюулгүй юм. Тэрбээр биднийг «өрөөгөөр» хангадаг бөгөөд энэ нь түүний ард түмний хурлуудтай нягт холбоотой бололтой. Энэ нь халамжит хоньчид аюулгүй байдалд маань асар их тусламж дэмжлэг үзүүлдэг сүнслэг хоргодох газар юм (Исаиа 26:20; Исаиа 32:1, 2; Үйлс 20:28, 29). Түүнээс гадна зарим христиан гэр бүл хэдэн үе дамжин Бурханд үйлчилсэн байдаг бөгөөд тийм гэр бүлийн тухайд Ехова үнэхээр «үеийн үед... жинхэнэ орших газар» нь болдог.
7. Уулс «төрж», дэлхийг «зовж төрүүлсэн» гэдэг нь ямар утгатай вэ?
7 Ехова, уулс «төрж», дэлхийг «зовж төрүүлэхээс» өмнө байсан. Хүний үүднээс аваад үзэх юм бол дэлхийг түүний бүх онцлог, химийн бүтэц болон нарийн механизмтай нь бүтээхэд маш их хүчин чармайлт шаардагдана. Дуулалч уулс «төрж», дэлхийг «зовж төрүүлсэн» гэж хэлэхдээ энэ бүхнийг бүтээхдээ Еховагийн гаргасан нөр их хөдөлмөрийг маш ихээр хүндэтгэж байгаагаа харуулсан. Бид ч гэсэн Бүтээгчийн гарын бүтээлүүдийг мөн адил хүндэтгэж, тэдгээрийг үнэлж болохгүй нь юу билээ?
Ехова бидэнд туслахад ямагт бэлэн байдаг
8. Ехова бол «тодорхойгүй цагаас ч тодорхойгүй цаг хүртэл Бурхан юм» гэсэн нь юу гэсэн үг вэ?
8 Дуулалч: «Тодорхойгүй цагаас ч тодорхойгүй цаг хүртэл Та бол Бурхан юм» хэмээн дуулсан. «Тодорхойгүй цаг» гэж орчуулсан энэ үг нь эцэс төгсгөлтэй зүйлст хамаатай байж болох хэдий ч үргэлжлэх хугацаа нь тодорхойгүй билээ (Египетээс гарсан нь 31:16, 17, ШЕ; Еврей 9:15, ШЕ). Гэвч Дуулал 90:2 болон Еврей Судрын өөр зарим зүйлд байдаг «тодорхойгүй цаг» гэдэг үг нь «мөнх» гэсэн санааг илэрхийлдэг юм (Номлогчийн үгс 1:4, ШЕ). Бурхан мөнхөд оршин байдгийн учрыг бидний оюун ухаан хүрч ойлгох аргагүй бөлгөө. Тэглээ ч Еховад эхлэл байгаагүй ба төгсгөл ч байхгүй юм (Хабаккук 1:12, ШЕ). Тэрбээр үүрд мөнх орших бөгөөд бидэнд туслахад хэзээ ямагт бэлэн байх болно.
9. Дуулалч хүний амьдралын мянган жилийг юу гэж хэлсэн бэ?
9 Бурхны ариун сүнсээр хөтлүүлсэн дуулалч, хүний амьдралын мянган жил бол мөнх Бүтээгчийн нүдээр харахад маш богино хугацаа юм гэж хэлсэн. Тэрээр Бурханд хандан: «Та хүнийг тоос шороо уруу нь буцаан, айлдахдаа „Хүний хүүхдүүд ээ, буцагтун“ гэдэг. Учир нь Таны мэлмийд мянган жил бол өнгөрөн одож буй өчигдөр мэт, эсвэл шөнийн манаа мэт буюу» хэмээн бичсэн (Дуулал 90:3, 4).
10. Бурхан хүнийг хэрхэн «тоос шороо уруу нь буцаадаг» вэ?
10 Хүн үхдэг ба Бурхан түүнийг «тоос шороо уруу нь буцаадаг». Өөрөөр хэлбэл хүн «газар шороо» болон хувирдаг ажээ. Ехова «Бүтээгдсэн газар шороо уруугаа буц» гэж хэлсэнтэй адил юм (Эхлэл 2:7; 3:19). Энэ бол хүчтэй сул, баян ядуу ялгаагүй бүх хүнд хамаатай. Учир нь төгс бус нэг ч хүн «ах дүүгээ мөнх амьдруулахын тулд ямар ч аргаар зольж авч чадахгүй, эсвэл түүний төлөө Бурханд золиос өгч чадахгүй» (Дуулал 49:6–9, ШЕ). «Хүүд нь итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болохын тулд Бурхан цорын ганц Хүүгээ өгсөнд» нь чин сэтгэлээсээ талархах учиртай! (Иохан 3:16; Ром 6:23).
11. Бидэнд удаан мэт санагддаг хугацаа Бурхны хувьд маш богинохон гэж хэлж болохын учир юу вэ?
11 Еховагийн нүдээр бол 969 жил амьдарсан Метусела хүртэл нэг өдөр хүрэхгүй хугацаагаар амьдарсан аж (Эхлэл 5:27). Бурхны тухайд мянган жил бол «өнгөрөн одсон өчигдөр» буюу ганцхан хоног мэт ажээ. Тэрчлэн дуулалч Бурхны хувьд мянган жил нь шөнийн цагаар хуаранг манадаг дөрвөн цагийн «манаа» мэт юм хэмээн тэмдэглэсэн (Шүүгчид 7:19). Тэгэхлээр бидэнд удаан мэт санагддаг хугацаа мөнх Бурхан Еховагийн хувьд маш богинохон юм гэдэг нь тодорхой байна.
12. Бурхан хүмүүсийг хэрхэн «хамдаг» вэ?
12 Өнөөдрийн хүний амьдралыг мөнх оршин байдаг Бурхныхтай харьцуулбал үнэндээ богинохон билээ. Дуулалч: «Та тэднийг үерийн ус шиг хамсан бөгөөд тэд нойронд автжээ. Өглөөд тэд шинээр соёолон буй өвс мэт байдаг. Өглөө тэр нь цэцэглэж, шинээр соёолдог. Үдэш дөхөхөд тэр нь хагдран хатдаг» гэж хэлсэн (Дуулал 90:5, 6). Бурхан үерийн усаар «хамсан» мэт олон мянган израиль хүн цөлд үхэхийг Мосе харсан. Энэ өгүүлбэрийг өөр орчуулгад: «Та хүмүүсийг үхлийн нойр уруу шүүрдэн хаядаг» гэж орчуулсан буй («New International Version»). Нөгөө талаас төгс бус хүний амьдрал бол богинохон хугацаанд үргэлжлэх «нойр» буюу ганцхан шөнийн амралттай зүйрлэм бөлгөө.
13. Бид «өвс мэт» гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь бидний бодол санаанд хэрхэн нөлөөлөх ёстой вэ?
13 Бид «өглөөд... шинээр соёолон буй», харин үдэш болохоор нарны хурц гэрэлд хатаж хорчийдог өвс мэт юм. Тийм ээ, бидний амьдрал ганцхан өдрийн дотор хатаж хорчийдог өвс лугаа адил дэндүү богинохон билээ. Тийм учраас тэрхүү үнэт зүйлээ дэмий хоосон үрэн таран хийхгүй байцгаая. Түүний оронд бид энэхүү эд юмсын тогтолцоонд амьдрах үлдсэн хугацаагаа хэрхэн ашиглах талаар Бурхны удирдлагыг хайх ёстой.
«Өөрсдийнхөө өдрүүдийг тоолоход» Ехова бидэнд тусалдаг
14, 15. Дуулал 90:7–9-ийн үг израильчууд дээр хэрхэн биелсэн бэ?
14 Дуулалч, Бурхны тухай цааш нь: «Бид Таны уур хилэнгээр шатаагдаж, Таны уур хилэнгээс бид айсан. Та бидний гэм бурууг Өөрийнхөө өмнө, бидний нууцыг Өөрийнхөө оршихуйн гэрэлд байрлуулсан. Учир нь бүх өдрүүд маань Таны хилэнгийн дунд өнгөрсөн. Бид санаа алдах мэт он жилүүдээ дуусгасан» хэмээн хэлжээ (Дуулал 90:7–9).
15 Үнэнч бус израильчууд «Бурхны уур хилэнгээр шатаагдсан». Тэд түүний «уур хилэнгээс айсан» буюу «эгдүүцлээс мэгдсэн» («New International Version»). Тэдний заримыг Бурхан шийтгэж, «цөлд унагасан юм» (1 Коринт 10:5). Ехова тэдний «гэм бурууг Өөрийнхөө өмнө... байрлуулсан». Тэр тэднийг бүхний нүдэнд муу юм хийснийх нь төлөө тооцоо хийх гэж дуудсан төдийгүй тэдний «нууцыг» буюу далдуур үйлдсэн нүглийг хүртэл «Өөрийнхөө оршихуйн гэрэлд байрлуулсан» (Сургаалт үгс 15:3). Үл гэмшсэн израильчууд Бурхны уур хилэнгээс болж «санаа алдах [«шивнэх», ШЕ] мэт он жилүүдээ дуусгасан». Үнэндээ бидний богинохон амьдрал шивнэх үед амнаас гардаг амьсгал шиг ажээ.
16. Хүн нууцаар нүгэл үйлддэг бол яах хэрэгтэй вэ?
16 Хэрэв бидний хэн нэг нь бусдад мэдэгдэлгүйгээр нүгэл үйлдлээ гэхэд түүнийгээ хэсэг хугацаанд хүнээс нуугаад явж болох юм. Гэвч тэр нууц нүгэл маань Еховагийн «оршихуйн гэрэлд» байх бөгөөд тэр үйлдлээрээ бид Еховатай тогтоосон харьцаагаа эвдэн бусниулна. Тийм харьцаагаа сэргээхийн тулд түүнээс хүлцэл өчин залбирч, нүгэл үйлдэхээ болихын зэрэгцээ хурлын ахлагч нарын сүнслэг тусламжийг талархалтайгаар хүлээн авах хэрэгтэй (Сургаалт үгс 28:13; Иаков 5:14, 15). Ингэх нь мөнх амьдрах найдвараа эрсдэлд оруулж, «он жилүүдээ шивнэх мэт дуусгаснаас» хавьгүй дээр билээ!
17. Хүмүүсийн дундаж нас хэд вэ? Амьдралын маань он жилүүд юугаар дүүрэн байдаг вэ?
17 Төгс бус хүний амьдралын үргэлжлэх хугацааны талаар дуулалч: «Бидний амьдралын өдөр хоногууд далан жил юм. Эсвэл хэрэв хүч чадалтай бол наян жил, гэвч тэдгээрийн оргил нь зүдгүүр, уй гашууд өнгөрдөг. Учир нь удалгүй энэ нь ч өнгөрч, бид нисэн оддог» хэмээн бичсэн (Дуулал 90:10). Хүмүүс дунджаар 70 насалдаг. Харин 85 насалсан Калеб ер бусын хүч тэнхээтэй байгаагаа дурджээ. Аарон 123, Мосе 120, Иошуа 110 насалсан гэх мэтээр онцгой тохиолдол байсан л даа (Тооллого 33:39; Дэд хууль 34:7; Иошуа 14:6, 10, 11; 24:29). Гэвч Египетээс гарч ирсэн үнэнч бус үеийнхнээс тэр үед 20 ба түүнээс дээш настай байж «тоологдсон» бүх хүн 40 жилийн хугацаанд өөд болсон (Тооллого 14:29–34). Өнөөдөр олон оронд хүний амьдрах дундаж нас дуулалчийн хэлсэн тэр л хэмжээнд байна. Бидний амьдралын он жилүүд «зүдгүүр, уй гашуугаар» дүүрэн билээ. Он жилүүд маань хурдан өнгөрч, «бид нисэн оддог» (Иов 14:1, 2).
18, 19. а) «Мэргэн зүрхийг өргөхийн тулд өөрсдийнхөө өдрүүдийг тоолох» гэж юу гэсэн үг вэ? б) Мэргэн ухаан бидэнд юу гэж уриалдаг вэ?
18 Дуулалч цааш нь: «Таны уурын хүч чадлыг болон Танаас эмээх хэр хэмжээгээр Таны хилэнг хэн ойлгодог вэ? Иймээс бид Танд мэргэн зүрхийг өргөхийн тулд өөрсдийнхөө өдрүүдийг тоолохыг бидэнд зааж өгөөч» хэмээн дуулсан (Дуулал 90:11, 12). Бидний хэн нь ч Бурхны уурын хүч буюу хилэнгийнх нь хэмжээг бүрэн төгс мэдэхгүй. Энэ нь Еховагаас сүсэглэн эмээх сэтгэлийг маань нэмэгдүүлэх ёстой. Үнэндээ, энэ бол биднийг «Танд мэргэн зүрхийг өргөхийн тулд өөрсдийнхөө өдрүүдийг тоолохыг бидэнд зааж өгөөч» гэж түүнээс гуйхад хүргэдэг.
19 Дуулалчийн үг бол үлдсэн насаа Бурханд таалагдахуйц мэргэн ухаалаг үнэлж, ашиглахад нь үйлчлэгчдэдээ зааж өгөхийг Еховагаас гуйсан залбирал юм. Хүн 70 наслахдаа ойролцоогоор 25 500 өдөр амьдардаг ажээ. Гэхдээ бид хэдэн настайгаасаа үл хамааран «амь [маань] маргааш ямар байхыг... мэдэхгүй. Учир нь [бид] хэсэг зуур үзэгдээд дараа нь алга болох уур манан шүү дээ» (Иаков 4:13–15). Бидний хэнд ч «цаг үе хийгээд санамсаргүй тохиолдол» байх учраас хэдэн жил амьдрахаа мэддэггүй. Тийм болохоор яг одоо буюу өнөөдрөөс аливаа сорилтыг даван туулж, бусадтай зөв зохистой харьцан, Еховад бүх чадлаараа үйлчлэхэд хэрэгтэй мэргэн ухаан гуйн залбирцгаая! (Номлогчийн үгс 9:11, ШЕ; Иаков 1:5–8). Ехова биднийг Үгээрээ, сүнсээрээ, байгууллагаараа дамжуулан удирддаг (Матай 24:45–47; 1 Коринт 2:10; 2 Тимот 3:16, 17). Мэргэн ухаан бидэнд «эхлээд Түүний [Бурхны] хаанчлалыг... хайж», өдрүүдээ Еховаг алдаршуулж, зүрхийг нь баярлуулахад ашиглахыг уриалдаг (Матай 6:25–33; Сургаалт үгс 27:11). Түүнийг хамаг зүрх сэтгэлээрээ шүтлээ гээд бүх зовлон бэрхшээлээс ангижрахгүй нь мэдээж хэдий ч энэ нь бидэнд асар их баяр баясгалан авчирдаг юм.
Еховагийн ивээл бидэнд баяр баясгалан авчирдаг
20. а) Бурхан хэрхэн «өрөвддөг» вэ? б) Хэрэв бид ноцтой нүгэл үйлдсэн ч гэсэн чин сэтгэлээсээ гэмших аваас Ехова бидэнд яаж хандах вэ?
20 Амьдралын маань үлдсэн хугацаа баяр баясгалангаар дүүрэн байвал юутай сайхан бэ! Мосе энэ тухай: «Өө, ЭЗЭН, буцаж ирээч. Хэдий болтол вэ? Өөрийн зарц нарыг өрөвдөөч. Биднийг баясгалантайгаар дуулж, насан туршид баярлан байхын тулд өглөөд биднийг Өөрийн хайр энэрлээр хангаач» хэмээн гуйсан (Дуулал 90:13, 14). Бурхан алдаа гаргадаггүй. Тэглээ ч гэсэн тэрбээр нүгэлтнүүд гэмшин, бодол санаа, явдал үйлээ өөрчлөхөд сануулга нь нөлөөлсөн бол шийтгэлээ эргэн харж, «өрөвдөн», уур хилэнгээ «намдаадаг» (Дэд хууль 13:17). Тийм учраас бид ноцтой нүгэл үйлдсэн ч гэсэн чин сэтгэлээсээ гэмшвэл Ехова биднийг «хайр энэрлээр хангах» ба бид «баясгалантайгаар дуулах» үндэстэй болно (Дуулал 32:1–5). Зөв шударгын замаар замнах аваас бид Бурхны энэрэл хайрыг хүртэж, «насан туршдаа» буюу амьдралынхаа үлдсэн хугацаанд «баярлан байх» боломжтой болно.
21. Мосе Дуулал 90:15, 16-д бичсэн үгээрээ юу гуйсан байж болох вэ?
21 Дуулалч: «Биднийг зүдрээсэн өдрийнхөө тоогоор болон бидний хор хохирол үзсэн жилүүдийн тоогоор биднийг баярлуулаач. Өөрийнхөө үйлсийг зарц нартаа, Өөрийнхөө сүр жавхланг хүүхдүүдэд нь үзүүлээч» хэмээн шаргуу залбирсан (Дуулал 90:15, 16). Мосе Бурхнаас Израилийг гай зовлон эдэлсэн өдөр хоног, он жилийнх нь тоогоор баярлуулан ивээхийг гуйсан байж болох юм. Тэрээр израильчуудыг ивээсэн Бурхны «үйлс» үйлчлэгчдэд нь ил тод мэдэгдэж, алдар суу нь тэдний хөвгүүд буюу үр удамд дуурсаасай гэж гуйсан. Бурхны амласан шинэ ертөнцөд дуулгавартай бүх хүн дээр ивээл хишиг арвин ихээр асгарахыг гуйн залбирах бүрэн үндэс бидэнд бий (2 Петр 3:13).
22. Дуулал 90:17-д бичсэнээр юун тухай залбирах нь зөв бэ?
22 90 дүгээр дуулал: «Бидний Бурхан ЭЗЭНий ивээл бидэн дээр байх болтугай. Бидний гарын үйлсийг бидний төлөө бат тогтоогооч. Тийм ээ, бидний гарын үйлсийг бат тогтоогооч» гэсэн гуйлтаар төгсдөг (Дуулал 90:17). Эдгээр үг нь Бурханд үйлчлэх гэсэн хүчин чармайлтаа ивээлгэхийг гуйн залбирах нь зөв болохыг харуулдаг. Тослогдсон христианууд болон тэдний анд нөхөд буюу «өөр хонинууд» болох бидний аль алины дээр «ЭЗЭНий ивээл» байдагт бид бүгдээрээ баяртай байдаг (Иохан 10:16, МБОХ, 1996 он). Бурхан Хаанчлалын тухай мэдээ тунхаглах болон бусад ажилд «бидний гарын үйлсийг... бат тогтоосонд» бид юутай их баярладаг вэ!
Өөрсдийнхөө өдрүүдийг үргэлжлүүлэн тоолцгооё
23, 24. 90 дүгээр дууллыг эргэцүүлэн бодох нь ямар ашиг тустай вэ?
23 90 дүгээр дууллыг сайтар эргэцүүлэн бодох аваас бид «орших газар» маань болсон Еховагаас хамааралтайгаа улам илүү мэдрэх болно. Хүний амьдрал богинохон байдгийг сануулсан үгсийг эргэцүүлэх аваас өөрсдийнхөө өдрүүдийг тоолоход Бурхны удирдлага хэрэгтэй гэдгийг бид бүр тод ухаарах ёстой. Хэрэв бид Бурхны мэргэн ухааныг шаргуу хайж, түүнийг амьдралдаа хэрэгжүүлбэл Еховагийн хайр энэрэл, ивээлийг хүртэх нь эргэлзээгүй.
24 Өөрсдийн өдрүүдийг хэрхэн тоолохыг Ехова бидэнд цаашид ч зааж өгнө. Хэрэв бид түүний сургаалд анхаарлаа хандуулах аваас өөрсдийн өдрүүдийг үүрд мөнх тоолох чадвартай болно (Иохан 17:3). Гэхдээ мөнх амьдрах найдвараа бат бэх байлгахын тулд бид Еховаг хоргодох газраа болгох ёстой (Иуда 20, 21). Энэ санааг 91 дүгээр дууллын урам хайрласан үгс улам баяжуулж, тодорхой болгодгийг бид дараагийн өгүүллээс үзнэ.
Та хэрхэн хариулах вэ?
• Ехова хэрхэн «бидний жинхэнэ орших газар» болдог вэ?
• Ехова бидэнд туслахад ямагт бэлэн байдаг гэж хэлж болохын учир юу вэ?
• «Өөрсдийнхөө өдрүүдийг тоолоход» Ехова бидэнд хэрхэн тусалдаг вэ?
• «Насан туршдаа баярлан байх» боломжийг бидэнд юу олгодог вэ?