«Та нар... хүлцэн тэвчихийг өмс»
«Та нар өрөвч зүрх... хүлцэн тэвчихийг өмс» (КОЛОССАЙ 3:12, ШЕ).
1. Хүлцэн тэвчихийн сайн жишээ дурдана уу.
ФРАНЦЫН баруун өмнөд хэсгээр нутагладаг Режис гэдэг хүн 1952 онд баптисм хүртэж, Еховагийн Гэрч болжээ. Эхнэр нь түүнийг Еховад үйлчлүүлэхгүйн тулд олон жилийн турш чадах бүхнээ хийжээ. Цуглаанд явуулахгүй гэж машиных нь дугуйг хагалахыг оролддог байсны дээр нэгэн удаа айлаар дэлгэрүүлэх үед нь бүр араас нь дагаж яваад, гэрийн эздэд Хаанчлалын тухай сайн мэдээ ярихад нь шоолон тохуурхаж байсан аж. Байнгын эсэргүүцэлтэй тулгардаг байсан хэдий ч Режис хүлцэн тэвчсээр байлаа. Ехова үйлчлэгчдээсээ бусадтай харьцахдаа хүлцэн тэвчихийг шаарддаг болохоор Режис тийнхүү хүлцэн тэвчсэн нь христиануудад сайн жишээ болсон.
2. «Хүлцэн тэвчих» гэж орчуулдаг грек үгийн махчилсан утга нь юу вэ? Уг үг ямар санаа илэрхийлдэг вэ?
2 «Хүлцэн тэвчих» гэж орчуулсан эртний грек үгийг махчлан орчуулбал «сүнсээрээ урт байх» гэсэн утгатай ажээ. Энэ үгийг англи хэлээр хэвлэсэн «Шинэ ертөнцийн орчуулга»-д арван удаа «хүлцэн тэвчих», гурван удаа «тэвчих», нэг удаа «тэвчээр гаргах» гэдэг үгээр орчуулсан байнаa. «Хүлцэн тэвчих» гэж орчуулдаг еврей болон грек хэллэгийн аль аль нь тэвчих, хүлцэх, уурлахдаа удаан гэсэн санааг иэрхийлдэг юм.
3. Хүлцэн тэвчих талаарх христиануудын үзэл бодол нэгдүгээр зууны грекүүдийн үзэл бодлоос ямар ялгаатай байсан бэ?
3 Нэгдүгээр зууны грекүүд хүлцэн тэвчихийг сайн чанар гэж үздэггүй байв. Стоикийн гүн ухаантнууд энэхүү үгийг хэзээ ч хэрэглэж байгаагүй юм. Библи судлаач Уильям Барклийнхаар бол «хүлцэн тэвчих» гэдэг нь «сайн чанарын талаарх грекүүдийн ойлголтын шууд эсрэг тал» юм. Грекүүд «аливаа доромжлол буюу хохирлыг тэвчихээс татгалзахыг» сайшаан магтдаг ажээ. Баркли: «Өшөө авахын тулд юу ч хийж чаддаг хүнийг грекүүд их сайн хүн гэж үздэг. Харин христиануудын хувьд өшөө авах боломжтой байсан ч түүнээсээ татгалзаж чаддаг хүн бол сайн хүн мөн» хэмээн бичжээ. Хэдийгээр грекүүд хүлцэн тэвчихийг сул доройн шинж гэж үздэг ч гэсэн «Бурхны мунхаглал нь хүмүүсээс илүү ухаалаг, Бурхны мөхөс байдал нь хүмүүсээс илүү хүчирхэг юм» гэдэг Библийн зарчим ямагт зөв байдаг (1 Коринт 1:25).
Хүлцэн тэвчих талаар Христийн үзүүлсэн жишээ
4, 5. Есүс хүлцэн тэвчих талаар ямар гайхамшигтай жишээ үзүүлсэн бэ?
4 Хүлцэн тэвчих талаар гайхамшигтай жишээг Еховагийн дараа Есүс Христ үзүүлсэн. Маш хүнд дарамтад байхдаа Есүс биеэ гайхалтай барьж байсан. Түүний тухай зөгнөж: «Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй. Алагдахаар хөтлөгдөх хурга шиг, хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй» хэмээн бичсэн байдаг (Исаиа 53:7).
5 Есүс дэлхий дээр үйлчлэх хугацаандаа хүлцэн тэвчих талаар гайхамшигтай жишээ үзүүлсэн! Тэрээр дайснуудынхаа хар санаат асуултууд болон эсэргүүцэгчдийнхээ доромжлолыг тэсвэрлэн давсан (Матай 22:15–46; 1 Петр 2:23). Хамгийн агуу нь хэн болох талаар байнга маргалддаг байсан шавь нартаа ч тэвчээртэй ханддаг байв (Марк 9:33–37; Марк 10:35–45; Лук 22:24–27). Баригдах шөнө нь «сэргэг бай» гэж хэлсээр байтал Петр Иохан хоёр унтчихаад байсан ч Есүс биеэ гайхамшигтайгаар барьсан билээ! (Матай 26:36–41).
6. Есүс хүлцэн тэвчдэг нь Паулд хэрхэн тус болсон бэ? Үүнээс бид ямар сургамж авч болох вэ?
6 Есүс үхээд, дахин амилсныхаа дараа ч хүлцэн тэвчсээр буй. Урьд нь христиануудыг мөрдөн хавчдаг байсан Паул үүнийг маш сайн ойлгосон. Паул: «Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит үг мөн. Тэр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна. Тиймээс мөнх амийн төлөө Өөрт нь итгэх хүмүүст үлгэр дуурайл болгон Есүс Христ Өөрийн төгс [«хүлцэл», ШЕ] тэвчээрээ эхлээд надад харуулахын тулд би өршөөлийг олж авсан юм» хэмээн бичсэн (1 Тимот 1:15, 16). Бидний урдын амьдрал ямар байсан нь хамаагүй, Есүст л тууштай итгэвэл тэрээр биднийг хүлцэн тэвчинэ. Тэгэхдээ биднийг «гэмшилд дүйцэх үйлс» хийгээсэй гэж хүсэх нь мэдээж (Үйлс 26:20; Ром 2:4). Есүсийн, Бага Ази мужийн долоон хуралд илгээсэн илгээлтээс нь үзвэл тэрээр биднийг хүлцэн тэвчдэг ч гэсэн сайжрахыг хүсэн хүлээдэг нь харагддаг (Илчлэлт 2, 3-р бүлэг).
Сүнсний үр жимс
7. Хүлцэн тэвчих, ариун сүнс хоёр ямар холбоотой вэ?
7 Галатын христиануудад бичсэн захидлынхаа тавдугаар бүлэгт Паул «махан биеийн үйлсийг» «сүнсний үр жимстэй» харьцуулжээ (Галат 5:19–23). Хүлцэл тэвчээр бол Еховагийн онцлог шинжүүдийн нэг бөгөөд тэрбээр үүний эх булаг учраас энэ нь түүний сүнсний үр жимс юм (Египетээс гарсан нь 34:6, 7). Үнэндээ, Паул сүнсний үр жимсийг «хайр, баяр баясгалан, амар тайван... энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал» хэмээн тоочин дурдахдаа «хүлцэн тэвчихийг» (ШЕ) дөрөвдүгээрт оруулжээ (Галат 5:22, 23). Тийм учраас Еховагийн үйлчлэгчид ариун сүнсний нөлөөгөөр Бурханд тааламжтайгаар тэвчих буюу хүлцэн тэвчдэг ажээ.
8. Хүлцэн тэвчих болон сүнсний бусад үр жимсийг хөгжүүлэх боломжийг бидэнд юу олгодог вэ?
8 Гэхдээ энэ нь Ехова хүнийг ариун сүнсэнд захирагдахыг тулган шаарддаг гэсэн үг биш юм. Харин бид түүний нөлөөнд сайн дураараа автах ёстой (2 Коринт 3:17; Ефес 4:30). Бид юу ч хийсэн ариун сүнсний үр жимсийг хөгжүүлснээр ариун сүнсийг өөртөө үйлчлэхийг зөвшөөрдөг. Паул махан биеийн үйлс ба сүнсний үр жимсний хэсгүүдийг тоочсоныхоо дараа: «Хэрэв бид Сүнс дотор амьд байгаа юм бол, мөн Сүнс дотор явцгаая. Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг. Яагаад гэвэл өөрийнхөө махан биед таригч нь махан биеэсээ ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна» хэмээн нэмж бичсэн (Галат 5:25; 6:7, 8). Хүлцэн тэвчдэг болохын тулд бид христиан хүмүүст ариун сүнсний бий болгодог бусад үр жимсийг хөгжүүлэх хэрэгтэй.
«Хайр хүлцэн тэвчдэг»
9. «Хайр хүлцэн тэвчдэг» гэж Паул ямар шалтгаанаар коринтчуудад бичсэн байж болох вэ?
9 Паул хайр ба хүлцэн тэвчих хоёрын хооронд нягт холбоо байдгийг зааж: «Хайр хүлцэн тэвчдэг» гэж бичсэн (1 Коринт 13:4, ШЕ). Альберт Барнз гэдэг нэгэн Библи судлаачийн хэлснээр Коринт хотын хуралд хэрүүл маргаан, санал зөрөлдөөн байсан учраас Паул үүнийг онцлон тэмдэглэсэн аж (1 Коринт 1:11, 12). Барнз: «Энд хэрэглэсэн [«хүлцэн тэвчих» гэсэн утгатай] үг нь уур уцаараар илэрдэг яарахын эсрэг утгатай. Энэ үг нь дарлан зовоох, өдөөн хатгах зэргийг УДААН ТЭВЧИЖ чаддаг оюун санааны төлөвийг заадаг» хэмээн бичжээ. Хайр болон хүлцэл тэвчээр өнөөдөр христиан хурлын эвсэг байдалд асар их тус дэм болж байгаа нь эргэлзээгүй.
10. а) Хүлцэн тэвчихэд маань хайр бидэнд хэрхэн тусалдаг вэ? Элч Паул үүнтэй холбоотой ямар зөвлөгөө өгсөн бэ? б) Бурхны хүлцэн тэвчих болон энэрлийн талаар нэгэн Библи судлаач юу хэлсэн бэ? (Зүүлтийг үзнэ үү.)
10 «Хайр бол хүлцэн тэвчдэг, сайхан сэтгэлтэй. Хайр... өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй». Тэгэхлээр олон зүйлийг хүлцэн тэвчихэд бидэнд хайр тусалдаг байнаb (1 Коринт 13:4, ШЕ, 5). Хайр бол бие биеэ ямагт тэвчиж, бид бүгдээрээ төгс бус бөгөөд дутагдал, сул талтай гэдгийг санах боломж олгодог. Энэ нь бусдад эелдэг хандаж, бусдыг хүлцэн уучилдаг болоход бидэнд тусалдаг. Элч Паул бидэнд «аливаа төлөв даруу байдлаар бөгөөд дөлгөөн сэтгэлээр хайр дотор бие биеэ хүлцэн тэвчиж, амар тайвны хүлээс дотор Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн» гэж уриалсан (Ефес 4:1–3).
11. Христиан хамт олон хүлцэн тэвчдэг байх нь яагаад онцгой чухал бэ?
11 Хурал дотор, Бетелд, миссионерийн гэрт, барилгын бригад дээр, христиан сургуулиуд дээр гэх мэт хаана л бол хаана хүн бүр хүлцэн тэвчвэл энэ нь христиан хамт олны эв найрамдал хийгээд аз жаргалд хувь нэмэр болдог. Хүн болгон ааш араншин, хүсэл сонирхол, хүмүүжлээрээ, мөн эелдэг зан хийгээд эрүүл ахуйн талаарх ойлголт төсөөллөөрөө ялгаатай байдгаас болоод үе үе таагүй нөхцөл байдал үүсэж болно. Ийм байдал гэр бүлд ч бас хамаатай. Хамгийн чухал нь уурлахдаа удаан байх явдал юм (Сургаалт үгс 14:29; 15:18; 19:11). Хүлцэн тэвчих гэдэг бол таагүй явдлыг сайжирна гэж найдан тэвчин өнгөрөөх явдал бөгөөд хүн болгон ийм байх шаардлагатай (Ром 15:1–6).
Хүлцэн тэвчих нь тэсвэрлэн давахад тусалдаг
12. Хэцүү нөхцөл байдалд хүлцэн тэвчих нь яагаад чухал бэ?
12 Хүлцэн тэвчих нь эцэс төгсгөлгүй үргэлжлэх юм уу амархан шийдвэрлэчихэж боломгүй юм шиг санагдсан таагүй нөхцөл байдлыг тэсвэрлэн давахад бидэнд тусалдаг. Өгүүллийн эхэнд дурдсан Режист тохиолдсон явдал тийм байлаа. Еховад үйлчлэх гэсэн түүний хүчин чармайлтыг эхнэр нь олон жилийн турш эсэргүүцсэн билээ. Гэвч нэгэн өдөр эхнэр нь нулимс асгаруулан байж: «Энэ бол үнэн мөн юм байна гэдгийг би ойлголоо. Библи судламаар байна, туслаач дээ» хэмээн гуйжээ. Эцэст нь тэрээр баптисм хүртэж, Еховагийн Гэрч болсон. «Энэ явдал тэмцэж, тэвчиж, тэсвэрлэсэн жилүүдийг минь Ехова ивээсний нотолгоо болсон юм» хэмээн Режис ярьсан билээ. Тэрээр хүлцэн тэвчсэнээрээ шагнал хүртжээ.
13. Тэсвэрлэн давахад нь Паулд юу тусалсан бэ? Тэсвэрлэн давахад түүний жишээ бидэнд хэрхэн тусалж болох вэ?
13 МЭ нэгдүгээр зуунд хүлцэн тэвчихийн гайхамшигтай жишээг элч Паул үзүүлсэн (2 Коринт 6:3–10; 1 Тимот 1:16). Амьдралынхаа төгсгөл хэсэгт Паул залуу найз Тимотдоо сургамжлан, христиан хүн бүр сорилттой тулгарна гэдгийг урьдчилан сануулсан. Паул өөрийн жишээг иш татан, тэсвэрлэн давахад шаардлагатай, христиан хүний гол чанаруудыг тоочсон. Тэрээр: «Чи миний сургаал, төлөв байдал, зорилго, итгэл, уужим сэтгэл, хайр, [«хүлцэл», ШЕ] тэвчээр, хавчлага, зовлонг дагасан. Антиох, Икониум, Лустрт надад тохиолдсон ямар хавчлагуудыг би тэссэн билээ. Эзэн намайг тэр бүгдээс аварсан юм. Үнэндээ, Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно» хэмээн бичжээ (2 Тимот 3:10–12; Үйлс 13:49–51; Үйлс 14:19–22). Тэсвэрлэн давахын тулд бид бүгдээрээ итгэж, хайрлаж, хүлцэн тэвчих хэрэгтэй.
Хүлцэн тэвчихийг өөртөө өмс
14. Хүлцэн тэвчих зэрэг Бурханд таалагддаг чанаруудыг Паул юутай зүйрлэсэн бэ? Колоссай хотын христиануудад Паул ямар зөвлөгөө өгсөн бэ?
14 Элч Паул хүлцэн тэвчих болон Бурханд таалагддаг бусад чанарыг христиануудын «хуучин хүндээ» байсан муу зуршлыг «хажуу тийш тавьж», өмсөх ёстой хувцастай зүйрлэсэн (Колоссай 3:5–10). Тэрээр: «Бурхнаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдсан хүмүүсийнхээ хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг [«хүлцэн тэвчихийг», ШЕ] өмс. Ингэхдээ нэг нэгнийгээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн [«Ехова», ШЕ] уучилсны адил та нар бас уучил. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм» хэмээн бичжээ (Колоссай 3:12–14).
15. Христианууд хүлцэн тэвчих болон Бурханд таалагддаг бусад чанарыг «өмсвөл» ямар үр дүнд хүрэх вэ?
15 Хурлын гишүүд «өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, хүлцэн тэвчих» болон хайрыг «өмсвөл» бэрхшээлийг шийдвэрлэж, Еховад нэгэн санаагаар үйлчлэх боломжтой болно. Ялангуяа хурлын ахлагч нар хүлцэн тэвчих чанарыг сайн эзэмших ёстой. Ахлагч нар хурлын хэн нэгэн гишүүнийг зэмлэх шаардлага гарлаа гэхэд түүнийгээ янз бүрийн аргаар гүйцэтгэж болно. Паул Тимотод бичихдээ хамгийн сайн аргыг тодорхойлж: «Сайтар хүлцэн тэвчиж, заах урлагийг ашиглан зэмлэ, сануул, ятга» хэмээн бичжээ (2 Тимот 4:2, ШЕ). Тийм ээ, Еховагийн хонинуудыг ямагт хүлцэн тэвчиж, хүндэтгэн, тэдэнтэй эелдэг зөөлөн харьцах хэрэгтэй (Матай 7:12; 11:28; Үйлс 20:28, 29; Ром 12:10).
«Бүх хүнийг хүлцэн тэвч»
16. Хэрэв бид «бүх хүнийг хүлцэн тэвчвэл» ямар үр дүнд хүрч болох вэ?
16 Ехова хүн төрөлхтнийг хүлцэн тэвчдэг учраас бид ч ёс зүйн хувьд «бүх хүнийг хүлцэн тэвчих» үүрэгтэй (1 Тесалоник 5:14, ШЕ). Энэ нь Гэрч биш садангийнхандаа, хөршүүддээ, хамт ажилладаг хүмүүстээ, ангийнхаа хүүхдүүдэд тэвчээртэй хандна гэсэн үг юм. Гэрчүүд ажил сургууль дээрээ ёжилж егөөдсөн зэмлэл болон улайм цайм эсэргүүцлийг олон жилийн турш тэвчсэнээр Еховагийн Гэрчүүдийн талаарх хүмүүсийн урьдын атгаг санааг өөрчлөх явдал цөөнгүй байдаг (Колоссай 4:5, 6). Элч Петр: «Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг хорон мууг үйлдэгчид хэмээн гүтгэвч, эцэст нь та нарын сайн үйлсийг хараад Түүнийг ирэх өдөр Бурхныг алдаршуулах болно» хэмээн бичжээ (1 Петр 2:12).
17. Хайрлаж, хүлцэн тэвчих талаар бид Еховаг хэрхэн дуурайж болох вэ? Бид ямар учраас ингэх ёстой вэ?
17 Ехова хүлцэн тэвчсэнээр олон сая хүн аврагдана (2 Петр 3:9, 15). Хэрэв бид Еховагийн хайр болон хүлцэн тэвчдэгийг дуурайх аваас Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, хүмүүсийг Христийн удирдлагад захирагдахад сургах ажлаа тэвчээртэйгээр үргэлжлүүлэх болно (Матай 28:18–20; Марк 13:10). Хэрэв бид дэлгэрүүлэхээ болих аваас энэ нь бид Еховаг хүлцэн тэвчихээ болиосой гэж хүсэж байгаагаа, мөн хүлцэн тэвчсэнээрээ тэрбээр хүмүүсийг гэмшүүлэх гэсэн зорилго өвөрлөдгийг нь ойлгохгүй байгаагаа харуулж байгаа хэрэг юм (Ром 2:4).
18. Колоссайн христиануудын төлөө залбирахдаа Паул юу гуйсан бэ?
18 Паул Бага Ази мужийн Колоссай хотын христиануудад бичсэн захидалдаа: «Тийм ч учраас бид энэ тухай сонссон өдрөөсөө та нарын төлөө залбирахаа, түүний бүрэн тааллыг олж, Еховад зохистойгоор яван, алив сайн үйлд үр дүн гаргаж, Бурхны тухай нарийн зөв мэдлэгээр өсөж, бүрэн тэсвэрлэн давж, баяртайгаар хүлцэн тэвчихийн тулд түүний алдарт хүчний дагуу бүхий л хүчээр хүчтэй болгогдоосой гэсэндээ та нарыг бүх мэргэн ухаан хийгээд сүнслэг ойлголт дотор түүний хүсэл тааллын тухай нарийн зөв мэдлэгээр бялхаасай гэж гуйхаа зогсоосонгүй билээ» хэмээжээ (Колоссай 1:9–11, ШЕ).
19, 20. а) Эдүгээ хүртэл үргэлжилсээр байгаа Еховагийн хүлцэл тэвчээрийг сорилт гэж үзэхээс бид хэрхэн зайлсхийж болох вэ? б) Бид хүлцэн тэвчих нь ямар ашиг тустай вэ?
19 Бид «бүх хүн аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй» гэсэн «түүний хүсэл тааллын тухай нарийн зөв мэдлэгээр бялхах» аваас өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа Еховагийн хүлцэл тэвчээр буюу тэвчээр нь бидний хувьд сорилт болохгүй ээ (1 Тимот 2:4). Бид «алив сайн үйлд», ялангуяа Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд «үр дүн гаргана» (Матай 24:14). Хэрэв бид энэ ажлыг үнэнчээр үргэлжлүүлэн хийх аваас Ехова биднийг «бүрэн тэсвэрлэн давж, баяртайгаар хүлцэн тэвчихийн тулд» «бүхий л хүчээр хүчтэй болгоно». Ингэвэл бид «Еховад зохистойгоор яван», «түүний бүрэн тааллыг олдгоо» ойлгон мэдэрч, амар тайвныг эдлэх болно.
20 Ехова хүлцэн тэвчдэг нь мэргэн ухаалаг хэрэг гэдэгт бүрэн төгс итгэх хэрэгтэй. Энэ нь бид өөрсдөө болон биднийг дэлгэрүүлж, заахад дуртайяа сонсдог хүмүүс аврагдахад нөлөөтэй (1 Тимот 4:16). Хэрэв бид хайр, энэрэл, сайхан сэтгэл, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал зэрэг сүнсний үр жимсийг хөгжүүлбэл баяртайгаар хүлцэн тэвчих боломжтой. Тэгвэл бид гэр бүлийнхэнтэйгээ, хурлын ах эгч, дүү нартайгаа илүү эв найртай харьцаатай байх болно. Хүлцэн тэвчих нь ажлын хамт олон болон ангийнхаа хүүхдүүдэд тэвчээртэй хандахад бидэнд тусална. Ер нь бидний хүлцэл тэвчээр бол ёс бусыг үйлдэгчдийг аварч, хүлцэн тэвчдэг Ехова Бурхнаа магтан алдаршуулах зорилготой байх болно.
[Зүүлт]
a «Ариун Библи» (МБОХ, 2000 он) орчуулгад нэг удаа «хүлцэн тэвчих», арван удаа «тэвчээр», хоёр удаа «уужим сэтгэл» гэж орчуулсан буй.
b «Хайр хүлцэн тэвчдэг ба сайхан сэтгэлтэй» гэж хэлсэн Паулын үгийг Библи судлаач Гордон Д. Фий тайлбарлан: «Элч Паулын номлолд тэдгээр [хүлцэн тэвчих ба сайхан сэтгэл] нь хүн төрөлхтөнд хандах Бурхны хандлагын хоёр талыг тусгадаг (Ром 2:4-тэй харьцуулна уу). Нэг талаас, хайраар хөлөглөсөн Бурхны тэвчээр нь самууран боссон хүн төрөлхтний эсрэг асах уураа барих байдлаар илэрдэг. Нөгөө талаас, түүний сайхан сэтгэл нь тоо томшгүй олон энэрэнгүй үйл хэргээс нь харагддаг. Тийм учраас Паул хайрыг тодорхойлон бичихдээ шийтгэлийг нь хүлээх ёстой хүмүүст Христээр дамжуулан тэвчээр ба сайхан сэтгэлээ үзүүлсэн Бурхны хоёр чанараас эхэлсэн» хэмээн бичжээ.
Та тайлбарлаж чадах уу?
• Есүс хүлцэн тэвчих талаар гайхамшигтай жишээ хэрхэн үзүүлсэн бэ?
• Хүлцэн тэвчдэг болоход бидэнд юу туслах вэ?
• Хүлцэн тэвчих нь гэр бүл, христиан хамт олон болон ахлагч нарт ямар ашиг тус авчирдаг вэ?
• Хүлцэн тэвчих нь бидэнд болон бусдад ямар ашиг тустай вэ?