Зовлон даах хүчтэй болох нь
«Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна» (ФЛП. 4:13).
1. Еховагийн ард түмэн олон янзын зовлон амсдагийн учир юу вэ?
ЕХОВАГИЙН ард түмэн янз бүрийн бэрхшээлээс ангид байдаг хүмүүс биш ээ. Бид төгс бусаасаа болоод, эсвэл Сатаны ертөнцөд амьдардаг учраас зовлон эдэлдэг. Бурханд үйлчилдэг ба үйлчилдэггүй хүмүүсийн хоорондох дайсагналцлаас болж сорилтод орох нь ч бий (Эх. 3:15). Бурхан хүн төрөлхтний түүхийн эхнээс үнэнч үйлчлэгчдэдээ шашин шүтлэгээр хавчигдах, үе тэнгийнхэндээ дарамтлагдах гэх мэтийн зовлонг тэвчихэд нь тусалсаар иржээ. Бурхны ариун сүнс бидэнд ч бас тусалж, хүч тэнхээ өгнө.
Хавчлагыг тэвчихэд ариун сүнс тусалдаг
2. Хүмүүсийг шашин шүтлэгээр нь хавчдагийн зорилго юу вэ? Ийм хавчлага ямар хэлбэрээр илэрч болох вэ?
2 Хүмүүсийг итгэл үнэмшлээс нь болоод хавчиж хяхан, амгалан тайван байдлыг нь зориуд алдагдуулах, биед нь халдах явдал байдаг. Энэ нь итгэл үнэмшлийг нь нухчин дарах, түгэн дэлгэрэхээс урьдчилан сэргийлэх, итгэгчдийн үнэнч байдлыг эвдэн бусниулах зорилготой. Ийм хавчлага нь янз бүр байдаг. Зарим хавчлага илэрхий харагддаг байхад, зарим нь далд шинжтэй байх жишээтэй. Библид Сатаны довтолгоог залуу арслан, наж могойн аль алиных нь довтолгоотой зүйрлэдэг (Дуулал 91:13-ыг уншина уу).
3. Арслан болон наж могойнх шиг довтолгоо гэж юу вэ?
3 Сатан ихэнхдээ хүч хэрэглэх, шоронд хийх, хориг тавих гэх зэргээр зэрлэг арслан шиг шууд дайрдаг (Дуу. 94:20). Орчин үеийн Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг тайлагнадаг «Жил тутмын ном»-д Гэрчүүд рүү энэ мэтээр довтолсон тухай олон тооны баримт дурдсан байдаг. Олон улс оронд лам хувраг, улс төрийн хэнээтнүүдээр удирдуулсан бүлэг этгээд Бурхны ард түмэнтэй хууль бусаар харьцдаг. Арслангийнх шиг ийм довтолгоонд цөөхөн хүн бүдэрдэг. Диавол бас хүмүүсийн ухаан санааг хордуулж, тэднийг мэхлэн, хүслээ гүйцэлдүүлэхийн тулд наж могой адил далд газраас довтолдог. Энэ нь биднийг сүнслэгээр сулруулж, завхруулах зорилготой. Гэхдээ бид Бурхны ариун сүнсний тусламжтайгаар ил, далд аль ч хавчлагыг тэвчиж чадна.
4, 5. Хавчлагад бэлдэх хамгийн сайн арга юу вэ? Яагаад? Жишээ хэлнэ үү.
4 Ирээдүйд тулгарч болзошгүй хавчлагыг янз бүрээр төсөөлөх нь үүнд бэлдэх хамгийн сайн арга биш юм. Үнэндээ яг ямар хавчлагад өртөхөө хэн ч мэдэхгүй. Тийм учраас, тулгарахгүй ч байж болох зүйлийн төлөө тэгтлээ их зовох хэрэггүй. Гэхдээ бидэнд хийж чадах нэг зүйл бий. Хавчлагыг амжилттай давж чадсан хүмүүсийн ихэнх нь Библид тэмдэглэгдсэн үнэнч хүмүүсийн түүх болон Есүсийн заасан сургаал, үзүүлсэн жишээг эргэцүүлэн бодсоны үрээр Еховад улам хайртай болсон байдаг. Амьдралд нь тохиолдсон ямар ч сорилтыг давахад энэ хайр нь тэдэнд тусалжээ.
5 Малавид амьдардаг хоёр Гэрч эмэгтэйн жишээг авч үзье. Намын батлах худалдан авахыг тулган шаардсан бүлэг этгээдүүд тэднийг зодож, нүцгэлээд, хүчиндэнэ хэмээн сүрдүүлжээ. Түүнчлэн, Бетелийн гэр бүлийн гишүүд хүртэл намын батлах худалдан авсан хэмээн худал хэлсэн. Мөнөөх Гэрчүүд юу гэж хариулсан бэ? «Бид Ехова Бурханд л үйлчилдэг. Салбарын ах нар намын батлах авсан уу, үгүй юү гэдэг нь бидэнд хамаагүй. Та нар биднийг ална гэсэн ч бууж өгөхгүй!» гэжээ. Итгэл үнэмшлийнхээ төлөө эр зориг гаргасан тэднийг суллан явуулсан байна.
6, 7. Хавчлагатай тулгарсан үйлчлэгчдээ Ехова хэрхэн хүчтэй болгодог вэ?
6 Тесалоникийн христианууд «үлэмж зовлон гамшиг» амсаж байсан хэр нь «Ариун Сүнсний баяр хөөртэйгөөр» үнэний тухай мэдээ хүлээн авсныг элч Паул тэмдэглэжээ (1 Тес. 1:6). Үнэхээр, хавчлагатай тулгарч, даван туулж чадсан эрт, эдүгээгийн олон христиан дээд зэргээр соригдохдоо ч Бурхны ариун сүнсний үр жимсний нэг хэсэг болох сэтгэлийн амар тайвныг амсдаг ажээ (Гал. 5:22). Тэр амар тайван нь тэдний зүрх сэтгэл, оюун санааг хамгаалж байсан. Тийм ээ, Ехова үйлдэх хүчээрээ үйлчлэгчдээ хүчтэй болгодог учир тэд сорилтыг даван туулж, гай зовлон тохиолдох үед ухаалаг байж чаддаг.
7 Хатуу ширүүн хавчлагад өртлөө ч үнэнч хэвээрээ байх гэж хичээж мэрийж байгаа Бурхны ард түмнийг хөндлөнгийн ажиглагчид хараад гайхаж хоцордог. Гэрчүүд хэр чадлаасаа хэтэрсэн хүчтэй юм шиг харагддаг. Үнэхээр ч тийм л байдаг. Элч Петр: «Та нар Христийн нэрээс болж зүхэгдвэл ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог» хэмээн батлан хэлсэн (1 Петр 4:14). Бид зөвт хэм хэмжээ баримталдгийнхаа төлөө хавчигдвал Бурхны талд байгаагийн шинж юм (Мат. 5:10–12; Иох. 15:20). Еховагийн сайшаалыг хүлээдэг гэж бодохлоор хэчнээн их баярламаар вэ!
Үе тэнгийнхний дарамт шахалтад автахгүй байхад ариун сүнс тусалдаг
8. а) Бусдын нөлөөнд автахгүй байхад нь Иошуа Калеб хоёрт юу тусалсан бэ? б) Иошуа Калеб хоёроос юу сурч болох вэ?
8 Христиануудын тэвчих ёстой эсэргүүцлийн өөр нэг далд хэлбэр бол үе тэнгийнхний дарамт шахалт юм. Еховагийн сүнс ертөнцийн сүнснээс хамаагүй хүчтэй учир биднийг доромжилдог, бидний тухай худал хуурмагийг тараадаг, өөрсдийнхөө хэм хэмжээнд нийцүүлэхийг оролддог хүмүүсийг бид эсэргүүцэж чадна. Жишээ нь, Иошуа Калеб хоёр Канаан нутгийг тандахаар явсан бусад арван туршуулыг аялдан дагалгүй, өөрсдийнхөө санал бодлыг зоригтой хэлж чадсаны учир юу вэ? Тэд ариун сүнсээр удирдуулсныхаа ачаар өөр «сүнс» буюу хандлагатай болсон ажээ (Тооллого 13:30; 14:6–10, 24-ийг уншина уу).
9. Христианууд бусдаас ялгарахаас айдаггүйн учир юу вэ?
9 Түүнчлэн, ариун сүнс Есүсийн элч нарыг олны хүндэтгэлийг хүлээсэн, жинхэнэ шашны багш гэгддэг хүмүүст бус, Бурханд дуулгавартай байх хүчтэй болгосон (Үйлс 4:21, 31; 5:29, 32). Ихэнх хүн зөрчил маргаанаас зайлсхийх гэж олныг аялдан дагадаг. Гэтэл жинхэнэ христиануудад зөв юмны төлөө бат зогсох хэрэг гардаг. Тэд Бурхны ариун сүнсний нөлөөгөөр хүчтэй болдог учир бусдаас ялгарахаас айдаггүй (2 Тим. 1:7). Үе тэнгийнхний дарамт шахалтад бууж өгч болохгүй нэг нөхцөлийг ярилцъя.
10. Зарим христиан юунаас болоод хүнд байдалд ордог вэ?
10 Зарим залуус найзыгаа Библид буруушаадаг үйл хэрэгт оролцдогийг мэдээд яах ч учраа олохгүй, хүнд байдалд ордог. Хэрэв ахлагчид хандан сүнслэг тусламж хүсвэл найзаасаа урваснаас өөрцгүй юм шиг санагддаг байж болох юм. Үнэнч байх гэдгийг буруу ойлгодгоосоо болоод дуугүй байсан нь дээр гэж тэд боддог. Нүгэл үйлдсэн хүн өөрийнхөө талаар хэнд ч хэлүүлэхгүйн тулд найзуудаа ятган, дарамталж болох юм. Мэдээж энэ нь зөвхөн хүүхэд залууст тулгардаг бэрхшээл биш ээ. Томчууд ч бас найз нөхөр, гэр бүлийнхээ гишүүний хийсэн алдааг хурлын ахлагчдад хэлэхээс зүрхшээх нь бий. Гэхдээ жинхэнэ христианууд ийм дарамтад орвол яах ёстой вэ?
11, 12. Хурлын хэн нэг гишүүн нүглийг нь илчлэхгүй байхыг ятгавал яах нь зөв бэ? Яагаад?
11 Дараах нөхцөл байдлыг төсөөлөөд үз дээ. Амраа гэдэг Гэрч залуу хурлынхаа найз Сүхээг порно үзэх зуршилтайг нь анзаарчихжээ гэж бодъё. Амраа найзынхаа энэ үйлдэлд маш их санаа зовж байгаагаа хэлжээ. Тэгсэн ч Сүхээ үгийг нь тоосонгүй. Амраа Сүхээд ахлагчидтай уулзахыг зөвлөсөнд, жинхэнэ найз л юм бол битгий хэлээрэй гэв. Амраа найзыгаа алдахаас айх болов уу? Хэрэв өөрийнх нь ярьсныг Сүхээ мэлзээд байвал ахлагч хэнд нь итгэх юм бэ гэж Амраа зовж магадгүй. Гэхдээ дуугүй байлаа гээд байдал сайжрахгүй. Харин ч Сүхээ Еховатай тогтоосон харьцаагаа алдахад хүрнэ. Тиймээс Амраа «Хүний айдас болбоос занга юм. Харин ЭЗЭНд итгэдэг хүн өргөмжлөгдөнө» гэдэг үгийг санах хэрэгтэй (Сур. 29:25). Тэгвэл одоо яах вэ? Сүхээ дээр дахин очоод үйлдсэн нүглийнх нь талаар аядуу зөөлөн боловч илэн далангүй ярилцаж болох юм. Ингэхийн тулд зүрх зориг хэрэгтэй. Энэ удаа Сүхээ өөрийнхөө тухай ярьж магадгүй. Амраа Сүхээг ахлагчидтай уулзахыг дахин ятгаж, хэрэв тодорхой хугацааны дотор хэлэхгүй бол өөрөө мэдэгдэнэ гэдгээ сануулах хэрэгтэй (Лев. 5:1).
12 Хэрэв танд иймэрхүү асуудал тулгарвал туслах гэсэн сэтгэлийг найз тань эхэндээ ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ яваандаа өөрийнх нь л тусын тулд ийм алхам хийсэн юм байна гэдгийг ухаарах биз ээ. Нүгэл үйлдсэн хүн тусламж хэрэгтэйгээ хүлээн зөвшөөрч, таны тусламжийг авбал зоригтой, үнэнч байсны тань төлөө үргэлж талархах болно. Хэрэв тэр хүн тантай эвлэрэхийг хүсэхгүй байвал жинхэнэ анд тань мөн гэж үү? Хамгийн сайн Найз Еховад таалагдах нь бүхнээс илүү чухал биз дээ. Хэрэв та Еховаг эхэлж боддог бол үнэнч байсны тань төлөө бусад хүн таныг хүндэтгэж, тантай жинхэнэ анд нөхөд болно. Бид христиан хурал дотор Диаволд байр тавьж өгч хэрхэвч болохгүй. Эс тэгвээс Еховагийн ариун сүнсийг гомдооно. Харин христиан хурлын цэвэр ариун байдлыг үргэлж хадгалах гэж шаргуу хөдөлмөрлөвөл ариун сүнсээр удирдуулж байгаа хэрэг юм (Еф. 4:27, 30).
Ямар ч зовлонг тэвчих хүчтэй байх нь
13. Еховагийн ард түмэн ямар ямар зовлон амсдаг вэ? Зовлон тийм их байдгийн учир юу вэ?
13 Мөнгө төгрөгөөр гачигдах, ажлаас халагдах, байгалийн гаймшигт нэрвэгдэх, хайртай хүнээсээ хагацах, эрүүл мэнд муудах гэх мэтийн гай зовлон хүний амьдралд бишгүй тохиолддог. Бид бүгд «хэцүү цагт» амьдардаг учир эрт орой хэзээ боловч аль нэг зовлонг амсах нь зайлшгүй (2 Тим. 3:1). Тийм үед сандарч тэвдэхгүй байх нь чухал. Ариун сүнс биднийг ямар ч зовлонг тэвчих хүчтэй болгоно.
14. Иов ямар учраас зовлонгоо тэвчсэн бэ?
14 Иов ар араасаа цуварсан их зовлон эдэлсэн. Амьжиргааны эх үүсвэр, үр хүүхэд, найз нөхдөө алдаж, хүнд өвчин тусаж, эхнэр нь хүртэл Еховад итгэхээ больсон (Иов 1:13–19; 2:7–9). Гэсэн хэдий ч Иов Елихугийн хэлсэн үгийг сонсоод үнэхээр тайвширчээ. Елиху: «Зогсоод, Бурханы гайхамшгуудыг эргэцүүл» гэж хэлсэн. Энэ нь Иовд хэлсэн Еховагийн үгийн гол утга юм (Иов 37:14). Иов ямар учраас сорилтыг давж чадсан бэ? Бид сорилтыг хэрхэн давж чадах вэ? Еховагийн ариун сүнс хийгээд хүч чадал олон янзаар илэрдгийг санаж, эргэцүүлэн бодоорой (Иов 38:1–41; 42:1, 2). Бурхан танд санаа тавьдгийн нотолгоог өөрийн биеэр амсаж үзсэн тэр үеүдээ эргэн санаарай. Ехова одоо ч таныг анхаарч байдаг.
15. Элч Паул юуны хүчээр сорилтыг давж чадсан бэ?
15 Элч Паул итгэл үнэмшлийнхээ төлөө амь насанд нь заналхийлсэн олон сорилттой тулгарсан (2 Кор. 11:23–28). Тийм хүнд нөхцөлд яагаад сэтгэлийн тэнхээтэй байсан бэ? Еховад найдан залбирч байжээ. Паул: «Эзэн надтай хамт зогссон бөгөөд тунхаглалыг надаар дамжуулан дэлгэрүүлж бүх харь үндэстэнд сонсгохын тулд намайг тэнхрүүлэв. Би арслангийн амнаас аврагдлаа» хэмээн бичихдээ соригдон зовж байжээ. Дараахан нь цаазлагдсан бололтой (2 Тим. 4:17). Ингэж өөрийн биеэр зовлон амссан учраас итгэл нэгтнүүддээ: «Юунд ч бүү санаа зов» гэж баттай хэлж чадсан юм (Филиппой 4:6, 7, 13-ыг уншина уу).
16, 17. Ехова зовлон туулж буй үйлчлэгчдээ хүч тэнхээтэй болгодгийг харуулах жишээ хэлнэ үү.
16 Ехова ард түмнийхээ хэрэгцээг яаж хангадгийг үзсэн хүмүүсийн нэг нь Роксана гэдэг эхлэгч эмэгтэй юм. Тэрбээр чуулганд суухын тулд чөлөө гуйтал дарга нь ихэд уурлан, ажлаа хийхгүй бол хална гэж хариулжээ. Гэсэн ч Роксана чуулгандаа суухаар явсан байна. Ажилгүй болчих вий гэж санаа зовж байсан ч Еховад шаргуу залбирсны дараа тайвширчээ. Гэтэл чуулганы дараах даваа гаригт ажилдаа иртэл дарга нь хэлсэн ёсоороо ажлаас нь халчихжээ. Энэ ажил нь цалин багатай ч гэсэн гэр бүлээ тэжээхэд нь их нэмэртэй байсан учир халагдсандаа сэтгэл нь түгшиж байв. Тэгээд дахин залбираад, Бурхан чуулганаараа сүнслэг хэрэгцээг минь хангасан юм бол материаллаг хэрэгцээг минь ч хангана гэж боджээ. Гэртээ харьж явахдаа «Үйлдвэрт туршлагатай оёдолчин авна» гэсэн зар олж хараад, бүртгүүлжээ. Тэр үйлдвэрийн менежер Роксанаг туршлагагүй гэж мэдсэн боловч ажилд авсан байна. Өмнөхөөсөө бараг хоёр дахин их цалин авахаар болсон Роксана энэ бол залбирлынх нь хариу гэдгийг ойлгожээ. Гэхдээ хамгийн том ивээл гэвэл, хамт ажилладаг хүмүүстээ сайн мэдээ дэлгэрүүлж чадсан явдал юм. Таван хүн, түүний дотор өнөөх менежер ч үнэнийг хүлээн авч баптисм хүртжээ.
17 Заримдаа залбиралд маань тэр даруй, эсвэл яг хүссэнээр хариулахгүй байгаа юм шиг санагдаж магадгүй. Хэрэв тийм бол хүндэтгэх шалтгаан байгаа гэсэн үг. Үүнийг Ехова л мэднэ. Харин бид яваандаа ойлгож магадгүй. Гагцхүү Бурхан үнэнч үйлчлэгчдээ орхихгүй гэдэгт итгэх хэрэгтэй (Евр. 6:10).
Сорилтыг давж, хорхой хүргэм зүйлд татагдахгүй байхад ариун сүнс тусалдаг
18, 19. а) Сорилт, хорхой хүргэм зүйл тулгарахад гайхах ёсгүйн учир юу вэ? б) Яавал сорилтыг амжилттай давах вэ?
18 Еховагийн ард түмэн хорхой хүргэм зүйлтэй тулгарч, сэтгэлээр унаж, хавчигдаж, үе тэнгийнхэндээ дарамтлагдвал гайхаж цочирддоггүй. Ертөнц бидэнд ихэнхдээ дайсагнаж ханддаг (Иох. 15:17–19). Гэхдээ Бурханд үйлчилж байх үед тулгарч болох ямар ч бэрхшээлийг даван туулахад ариун сүнс тусална. Ехова хэрээс маань хэтэрсэн сорилт учрахыг зөвшөөрөхгүй (1 Кор. 10:13). Тэрбээр биднийг яасан ч орхихгүй, хэзээ ч мартахгүй (Евр. 13:5). Бурхны сүнсний удирдлагаар бичигдсэн Үгийг дуулгавартай сахивал хамгаалагдаж, хүч тэнхээтэй болно. Түүнээс гадна, тусламж хамгийн их хэрэгтэй үед Бурхны сүнс итгэл нэгтнүүдээр маань туслуулдаг.
19 Бүгдээрээ ариун сүнс авахыг үргэлж хичээцгээе. Үүний тулд шаргуу залбирч, Библи судалцгаая. Бурхны «цог жавхлант чадлын дагуу бүх хүчээр хүчтэй болгогдон, баяр хөөртэйгөөр бүхий л тэсвэр, тэвчээрт хүр[цгээе]» (Кол. 1:11).
Хариулна уу
• Хавчлагад хэрхэн бэлдэх вэ?
• Нүглийнх нь тухай хэлэхгүй байхыг хэн нэг нь ятгавал яах хэрэгтэй вэ?
• Гай зовлон тохиолдоход юунд итгэлтэй байж болох вэ?
[28-р хуудасны зураг]
Иошуа Калеб хоёроос юу сурч болох вэ?
[29-р хуудасны зураг]
Нүгэл үйлддэг найздаа яаж туслах вэ?