Үр хүүхдээ Еховаг хайрладаг болгон сургагтун
«Дайчны гарт буй сумтай адил залуу хүний үр хүүхдүүд тийм байдаг билээ» (ДУУЛАЛ 127:4).
1, 2. Хүүхдийг «дайчны гарт буй сумтай» зүйрлэдгийн учир юу вэ?
СУМАА онилж, нумаа хөвчилж байгаа харваачийг бодъё. Нумыг чивчиртэл нь хөвчлөхөд хүч тэнхээ хэрэгтэй. Тэгээд анхаарлаа төвлөрүүлж, бай руу чиглүүлэн хэсэгхэн зуур хүлээгээд сумаа тавина. Байгаа онох болов уу? Энэ нь харваачийн ур чадвар, салхины чиг, сумны чанар гэх зэргийн нэлээд хэдэн зүйлээс шалтгаална.
2 Соломон хаан хүүхдийг «дайчны гарт буй сумтай» зүйрлэсэн байдаг (Дуулал 127:4). Ийн зүйрлэсний учрыг бодож үзье. Харваач байгаа онохын тулд сумаа түргэн тавьдаг. Үүнтэй адилаар, эцэг эхчүүд богинохон хугацаанд амжиж үр хүүхдээ Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг болгох учиртай. Хүүхэд, нас бие гүйцэхлээрээ эцэг эхээ орхиж, бие даан амьдардаг (Матай 19:5). Тэгвэл тэд байгаа онох болов уу? Өөрөөр хэлбэл, төрсөн гэрээ орхин явсан ч Еховаг хайрласан хэвээрээ, түүнд үйлчилсээр байх болов уу? Энэ асуултын хариу ч бас олон хүчин зүйлээс шалтгаална. Эцэг эхийн ур чадвар, хүүхдийн өссөн орчин, эцэг эхийн олгосон хүмүүжилд «сум» буюу хүүхэд хэрхэн хандах нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээрийг дэлгэрэнгүй үзье. Эхлээд, эцэг эхийн ур чадварын тухай ярилцъя.
Чадварлаг эцэг эх сайн жишээ үзүүлдэг
3. Эцэг эхчүүд үг яриагаа үйл хэрэгтэй хослуулах ёстойн учир юу вэ?
3 Есүс заасан сургаалаа амьдралдаа хэрэгжүүлдэг байсныг эцэг эхчүүд үлгэр жишээ болгох хэрэгтэй (Иохан 13:15). Фарисайчууд «ярьдаг ч түүнийгээ үйлддэггүй» байсан учир Есүс тэднийг буруушаасан байдаг. Үр хүүхдээ Бурханд хайртай болгоё л гэвэл эцэг эхчүүд үг яриагаа үйл хэрэгтэй хослуулах учиртай. Хэлж ярьдгаа ажил хэрэг болгохгүй бол хөвчгүй нумтай адил ямар ч ашиггүй (1 Иохан 3:18).
4. Эцэг эхчүүд ямар ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ? Яагаад?
4 Эцэг эхийн үлгэр жишээ ямар учраас тийм чухал байдаг вэ? Томчууд Есүсийг дуурайн Бурхныг хайрлаж сурдаг шиг хүүхэд эцэг эхийнхээ үлгэр жишээгээр Бурханд хайртай болдог. Хүүхдийн эргэн тойронд байдаг хүмүүс буюу найз нөхөд нэг бол сайн жишээ болдог, нэг бол «сайн зуршлуудыг [нь] эвддэг» (1 Коринт 15:33). Хүүхэд ахуй насанд, ялангуяа зан ааш нь төлөвших тэр чухал үед хамгийн ойр байдаг, хамгийн их нөлөө үзүүлдэг хүмүүс бол эцэг эх нь юм. Тиймээс эцэг эхчүүд: «Би хүүхдийнхээ хувьд ямар „найз“ вэ? Намайг хараад хүүхэд маань сайн зуршилтай болох уу? Бурханд залбирах, Библи судлах гэх мэтийн чухал асуудлаар ямар жишээ үзүүлдэг билээ?» гэдгийг бодож үзэх хэрэгтэй.
Чадварлаг эцэг эх хүүхэдтэйгээ хамт залбирдаг
5. Хүүхэд эцэг эхийнхээ залбирлаас юу мэдэж авдаг вэ?
5 Хүүхэд эцэг эхийнхээ залбирахыг сонсоод Еховагийн талаар ихийг мэдэж авдаг. Хоол идэхийн өмнө, гэр бүлээрээ Библи судлахын өмнө залбирдаг бол хүүхэд юу ойлгох вэ? Ехова бидний махан биеийн хэрэгцээг хангадаг бөгөөд үүнд нь талархаж байх хэрэгтэй юм байна, Ехова Библиэр дамжуулан үнэнийг зааж өгдөг юм байна гэдгийг ойлгодог болно. Залбирлын ачаар хүүхэд ийм чухал зүйлийг мэдэж авдаг (Иаков 1:17).
6. Ехова хүн нэг бүрд санаа тавьдаг гэж итгэдэг болоход нь хүүхдүүддээ хэрхэн тусалж болох вэ?
6 Гэхдээ бусад үед ч бас хүүхэдтэйгээ хамт залбирч, өөртөө болон хүүхдэд тань тулгарч байгаа бэрхшээлийг Еховад ярих нь зөв юм. Ингэвэл хүүхэд Бурхныг гэрийнхээ нэг гишүүн гэж үздэг, хүн нэг бүрд санаа тавьдаг гэж итгэдэг болно (Ефес 6:18; 1 Петр 5:6, 7). Нэг аав: «Бид охиноо төрснөөс нь хойш дандаа хамт залбирдаг байсан. Өсөж томрохынх нь хэрээр үерхэл нөхөрлөл гэх мэтийн охиныхоо хувьд чухал асуудлаар залбирдаг байсан. Охиноо гэрлэж, тусдаа гартал нь хамт залбираагүй өдөр ганц ч байгаагүй» гэж ярьсан юм. Та өдөр бүр хүүхдүүдтэйгээ хамт залбирдаг уу? Ехова бол махан биеийн болон сүнслэг хэрэгцээг хангадаг Тэжээгч төдийгүй хүүхдийн сэтгэл зүрхийг ойлгодог жинхэнэ Найз гэж үздэг болоход нь хүүхдүүддээ тусалдаг уу? (Филиппой 4:6, 7).
7. Залбирахдаа бүх юмаа тодорхой ярихын тулд эцэг эхчүүд юуны тухай мэддэг байх хэрэгтэй вэ?
7 Залбирахдаа бүх юмаа тодорхой ярихын тулд хүүхдэд тань юу тохиолдож байгааг мэдэх хэрэгтэй. Хоёр хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн нэг христиан эцэг: «„Энэ долоо хоног хүүхдүүд маань юунд санаа зовж байсан билээ? Тэднийг маань баярлуулсан ямар үйл явдал боллоо?“ гэсэн хоёр асуултыг би долоо хоног бүрийн эцэст боддог байлаа» гэж хэлжээ. Та ч бас иймэрхүү асуултыг бодож байгаад, хүүхдүүдтэйгээ хамт залбирахдаа энэ тухай дурдаж яагаад болохгүй билээ? Ингэж залбирдаг бол хүүхэд тань «залбирлыг сонсдог» Еховад залбирч сурах төдийгүй түүнд хайртай болно (Дуулал 65:2).
Чадварлаг эцэг эх хүүхдээ Библи судлах хэвшилд сургадаг
8. Үр хүүхдээ Бурхны Үгийг судлах хэвшилд сургах хэрэгтэйн учир юу вэ?
8 Эцэг эх нь Библийг сайн судалдаг бол үр хүүхдэд нь ямар ач тустай вэ? Сэтгэлээ нээж ярихаас гадна нэг нэгийнхээ үгийг сонсдог хүмүүс бат бэх, халуун дотно харьцаатай байдаг. Еховаг сонсох нэг арга бол «итгэмжит боолын» өгдөг хэвлэлийн тусламжтайгаар Библи судлах явдал юм (Матай 24:45–47; Сургаалт үгс 4:1, 2). Тэгэхлээр, үр хүүхдээ Еховатай халуун дотно, бат бэх харьцаатай болгохын тулд Бурхны Үгийг судлах сайн хэвшилд сургах хэрэгтэй.
9. Хүүхдийг Библи судалж хэвшүүлэх ямар арга байдаг вэ?
9 Тэгвэл Бурхны Үгийг нямбай судалж хэвшүүлэх ямар арга байна вэ? Хамгийн гол нь, эцэг эхчүүд өөрсдөө үлгэр дуурайл болох хэрэгтэй. Танай хүүхдүүд таныг Библиэ бие даан уншиж, судлах дуртайг мэддэг үү? Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг цаг наргүй ажил гэдэг нь үнэн. Тийм учраас зарим хүн: «Хэдийд нь Библи уншиж, судалж амжих юм бэ?» гэж бодож болох юм. Гэхдээ: «Би хүүхдүүдийнхээ нүдэнд үргэлж зурагт үзэж харагддаг юм болов уу?» гэж өөрөөсөө асуугаарай. Хэрэв тэгдэг бол, зурагт үздэг цагаа багасгаж, Библи судлахад зориулан, хүүхдүүддээ жишээ үзүүлбэл ямар вэ?
10, 11. Гэр бүлээрээ Библийг тогтмол судлах хэрэгтэйн учир юу вэ?
10 Еховаг сонсож сургах бас нэг сайн арга бол гэр бүлээрээ Библийг тогтмол судлах явдал юм (Исаиа 30:21). «Эцэг эх нь хүүхдүүдээ цуглаанд тогтмол авч явдаг бол заавал гэр бүлээрээ Библи судлах хэрэгтэй юм уу?» гэж зарим хүн асууж магадгүй. Гэр бүлийн хичээл хийх хэдэн чухал шалтгаан бий. Ехова хүүхэд хүмүүжүүлэх чухал үүргийг гол нь эцэг эхчүүдэд оноосон (Сургаалт үгс 1:8; Ефес 6:4). Еховаг шүтнэ гэдэг бол зөвхөн цуглаан гэх мэтийн олон нийтийн арга хэмжээнд очих төдий юм биш, харин амьдралын салшгүй хэсэг гэдгийг хүүхдүүд гэр бүлийн хичээлийн ачаар ойлгодог (Дэд хууль 6:6–9).
11 Түүнээс гадна, гэр бүлийн хичээлийг үр өгөөжтэй явуулдаг бол хүүхдүүд нь сүнслэг болон ёс суртахууны асуудлаар ямар бодолтой явдгийг мэдэх боломж гардаг. Жишээ нь, бага насны хүүхэдтэй айл гэр бүлийн хичээлээрээ «Библийн тухай өгүүлдэг миний ном»a гэх мэтийн хэвлэлийг үзэж болно. Энэ номыг судлах явцдаа үзэж байгаа сэдэвтэйгээ холбогдуулан хүүхдүүдийнхээ санал бодлыг асуух нь зүйтэй. Дараа нь тухайн бүлгийн үндэс болсон Библийн зүйлүүдийг ярилцаж, эргэцүүлэн бодуулах хэрэгтэй. Ингэвэл хүүхэд «сайн мууг ялгахад суралцаж», «мэдрэмжээ дадлагажуулдаг» (Еврей 5:14).
12. Гэр бүлийн хичээлээ хүүхдийн нас биеийн онцлогт тохируулан хэрхэн өөрчилж болох вэ? Танайд ямар арга үр өгөөжтэй байдаг вэ?
12 Хүүхэд өсөхийн хэрээр нас биеийнх нь онцлогт тохируулан гэр бүлийн хичээл хийх аргаа өөрчлөх нь зүйтэй. Нэг айлын жишээ үзье. Хоёр охин нь сургуулийнхаа бүжгийн үдэшлэгт очмоор байгаагаа хэлэхэд аав ээж нь гэр бүлийн хичээлээ ийм аргаар хийжээ. «Дараагийн хичээлээр хүүхдүүд маань аав ээж болж, харин эхнэр бид хоёр хүүхэд болохоор тохиролцсон юм. Хэн нь аав, хэн нь ээж болохоо тэд өөрсдөө шийдээд, хамтдаа тэр сэдвийг уншиж судлаад, зөвлөгөө өгөхөөр болсон» гэж аав нь ярьсан юм. Энэ арга нь ямар ач тустай байсан бэ? «Охид маань туйлын хариуцлагатай хандаж, үдэшлэгт очихгүй байх нь яагаад зөв бэ гэдгийг Библид үндэслэн тун сайн тайлбарлахыг нь сонсоод бид үнэхээр гайхсан. Бас үдэшлэгт явахын оронд өөр юу хийж болох санал гаргахад нь бүр биширч билээ. Үүний ачаар охидынхоо юу бодож, юу хүсэж явдгийг илүү сайн мэддэг болсон» гэж ярьжээ. Гэр бүлийн хичээлийг тогтмол, үр өгөөжтэй явуулах нь амаргүй боловч хичээл зүтгэл гаргаж, шинийг эрэлхийлж байвал эцэстээ үр дүнд хүрдэг (Сургаалт үгс 23:15).
Амар тайван орчныг бүрдүүлэх нь
13, 14. а) Эцэг эхчүүд амар тайван орчныг яаж бүрдүүлэх вэ? б) Эцэг эхчүүд алдаагаа хүлээн зөвшөөрдөг бол ямар сайн үр дүнд хүрэх вэ?
13 Цаг агаар тогтуун сайхан байвал харваачийн тавьсан сум байгаа онох нь илүү. Үүнтэй адилаар, эцэг эх нь гэр бүлдээ амар тайван орчныг бүрдүүлж чадвал хүүхдүүд Еховаг хайрлаж сурахад дөхөм байдаг. Иаков: «Зөвт байдлын үр жимсний үр нь амар тайвныг тогтоогчдын төлөө амар тайван нөхцөлд таригддаг» хэмээн бичжээ (Иаков 3:18, ШЕ). Тэгвэл эцэг эхчүүд амар тайван орчныг яаж бүрдүүлэх вэ? Юуны түрүүнд, өөрсдөө сайн харьцаатай байх ёстой. Эцэг эх нь бие иеэ хайрлаж, хүндэтгэдэг бол үр хүүхэд нь бусдыг, тэр дундаа Еховаг хайрлаж, хүндэтгэдэг болно (Галат 6:7; Ефес 5:33). Хайр, хүндэтгэл амар тайвныг хөгжөөдөг. Амар тайван орчныг бүрдүүлсэн нөхөр эхнэр хоёр тулгарсан бэрхшээлийг амжилттай давдаг.
14 Төгс нөхөр, эхнэр гэж байдаггүй шиг төгс эцэг, эх гэж байдаггүй. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харьцахдаа сүнсний үр жимсийг илэрхийлж чадахгүй үе бас байдаг (Галат 5:22, 23). Ийм үед яах нь зүйтэй вэ? Хэрэв алдаагаа хүлээн зөвшөөрвөл хүүхэд нь эцэг эхээ хүндэтгэхээ болих уу? Элч Паулыг санацгаая. Тэрбээр олон хүний хувьд сүнслэг эцэг нь байсан (1 Коринт 4:15). Гэсэн ч алдаагаа шударгаар хүлээн зөвшөөрдөг байв (Ром 7:21–25). Ийнхүү даруу, шударга байсан нь түүнийг дорд үзэх бус, харин ч хүндэтгэх сэтгэл төрүүлдэг. Паул алдаа дутагдал гаргадаг байсан хэдий ч Коринт хотын христиануудад: «Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа» хэмээн итгэлтэйгээр хэлж чадсан юм (1 Коринт 11:1). Та ч гэсэн алдаагаа хүлээн зөвшөөрдөг бол үр хүүхэд тань таны алдааг дөвийлгөөд байхгүй.
15, 16. Хүүхдийг итгэл нэгтнүүдээ хайрладаг болгож сургахын учир юу вэ? Яаж сургах вэ?
15 Үр хүүхдээ Еховаг хайрладаг болгохын тулд амар тайван орчныг бүрдүүлье гэвэл өөр яах хэрэгтэй вэ? Элч Иохан: «Хэрэв хэн нэгэн нь: „Би Бурхныг хайрладаг“ гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг бол тэр хүн худалч. Учир нь харж байгаа ах дүүгээ хайрладаггүй нэгэн, хараагүй Бурхныг хайрлаж чадахгүй шүү дээ» гэж бичсэн байдаг (1 Иохан 4:20, 21). Итгэл нэгтнүүдээ хайрлахыг эцэг эхээрээ заалгасан хүүхэд Бурхныг хайрлаж сурдаг. Эцэг эхчүүд ээ, та бүхэн өөрсдөөсөө: «Ер нь, би хурлынхныхаа тухай сайнаар ярьдаг уу, эсвэл муулдаг уу?» гэж асуугаарай. Хариуг нь мэдэхийн тулд хүүхдүүдийнхээ яриаг анхааралтай сонсоорой. Танай хүүхдүүд цуглаан болон хурлын гишүүдийн тухай юу ярьдаг вэ? Хүүхдийн тань амнаас гарч байгаа үг үнэндээ таных юм шүү.
16 Хүүхдийг итгэл нэгтнүүдээ хайрладаг болгохын тулд яах вэ? Өсвөр насны хоёр хүүтэй Петр гэдэг хүн: «Манайх хүүхдүүдээ бага байхаас нь төлөвшсөн христиануудыг гэртээ урьж, хамт хооллож, чөлөөт цагаа хамт өнгөрүүлдэг байсан. Энэ нь ч бидэнд их сайхан санагддаг байсан. Манай хүүхдүүд Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүстэй үерхэж нөхөрлөж өссөн учир Бурханд үйлчилж амьдрах нь хамгийн сайхан гэж боддог болсон» гэж ярьжээ. Таван охины эцэг Деннис: «Бид охидоо хурлынхаа туршлагатай эхлэгчидтэй нөхөрлөхийг уриалдаг байсан. Бас боломжтой үедээ явуулын харгалзагчдыг эхнэрийнх нь хамт гэртээ урьдаг байв» гэжээ. Хурлынхаа итгэл нэгтнүүдийг гэр бүлийнхээ гишүүн шиг үздэг болоход нь та хүүхдүүддээ тусалдаг уу? (Марк 10:29, 30)
Хүүхэд ч бас үүрэг хүлээдэг
17. Эцсийн эцэст, хүүхэд ямар шийдвэр гаргадаг вэ?
17 Харваачийн тухай жишээг эргэн саная. Харваач хэдий чадварлаг байлаа ч, харвасан сум нь тахир бол байгаа онох нь юу л бол. Эцэг эхчүүд тахийсан сум буюу буруу хандлагатай хүүхдийг засаж залруулах гэж ихээхэн хичээж мэрийх нь гарцаагүй. Гэхдээ ер нь, энэ ертөнцийн нөлөөгөөр «тахийх» уу, эсвэл Еховагаар «замаа шулуун болгуулах» уу гэдгийг эцсийн эцэст хүүхэд өөрөө шийддэг (Сургаалт үгс 3:5, 6; Ром 12:2).
18. Хүүхэд зөв шийдвэр гаргах нь ямар учраас чухал бэ?
18 Хүүхдийг «Эзний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүлэх» хариуцлагатай үүргийг эцэг эхчүүд биелүүлдэг нь үнэн боловч ямар хүн болохоо хүүхэд өөрөө шийдэх учиртай (Ефес 6:4). Хүүхдүүд ээ, та бүхэн: «Би аав ээжийнхээ хайр халамж, заавар сургаалыг үнэлдэг үү?» гэж бодож үзээрэй. Эцэг эхийнхээ сургаалыг хүлээн авч, зөв хүмүүжвэл жаргалтай сайхан амьдарч, тэднийгээ баярлуулна. Хамгийн гол нь, Ехова Бурхны «зүрхийг баярлуулна» (Сургаалт үгс 27:11).
[Зүүлт]
a Еховагийн Гэрчүүдийн хэвлэл
Санаж байна уу?
• Эцэг эхчүүд залбирах, Библи судлах тухайд хэрхэн сайн жишээ үзүүлж болох вэ?
• Эцэг эхчүүд амар тайван орчныг яаж бүрдүүлэх вэ?
• Хүүхэд ямар шийдвэр гаргах ёстой вэ? Зөв шийдвэр гаргах нь яагаад чухал бэ?