Хүн бол гайхамшигтай бүтээл
«Намайг биширмээр, гайхамшигтай бүтээсэн» (ДУУЛАЛ 139:14, ШЕ).
1. Юмны учрыг олохыг хүсдэг хүмүүс амьд байгалийг Бурхан бүтээсэн гэж үздэгийн учир юу вэ?
АМЬД байгалийн түмэн гайхамшгийг тоочиж баршгүй. Энэ бүхэн хаанаас бий болов? Санамсаргүй бий болсон гэж зарим хүн боддог байхад зарим нь оюун ухаант Бүтээгчийг хүлээн зөвшөөрөөгүй цагт амьд байгалийг бүрэн гүйцэд ойлгохгүй гэж үздэг. Тэднийхээр бол, амьд байгаль санамсаргүй үүссэн гэмээргүй уран нарийн бүтэцтэй, олон төрөл зүйлтэй, дэндүү гайхамшигтай ажээ. Олон хүн, тэр дундаа, зарим эрдэмтэн орчлонт ертөнцийг мэргэн ухаантай, хүч чадалтай, хайр халамжтай Бүтээгч бий болгосон гэж үзэх баримт байна гэдэг.a
2. Ямар учраас Давид Еховаг магтахыг хүссэн бэ?
2 Эртний Израилийн хаан Давид амьд байгалийг гайхамшигтай бүтээсэн Бурхныг магтах учиртай гэж үздэг байжээ. Тэрбээр шинжлэх ухааны эрин зуунаас олон мянган жилийн тэртээ амьдарч байсан хэдий ч, Бурхны гайхамшигт бүтээлүүд эргэн тойронд нь байгааг ойлгодог байсан. Давид биеийнхээ бүтцийг бодож үзээд л Бүтээгч Бурхныг гүнээ биширч, «Намайг биширмээр, гайхамшигтай бүтээсэн таныг магтъя. Таны үйлс гайхамшигтайг би үнэхээр сайн ойлгодог» хэмээн бичжээ (Дуулал 139:14, ШЕ).
3, 4. Еховагийн бүтээлийг дор бүрнээ нухацтай бодох нь ямар учраас чухал бэ?
3 Давид дээрх үгийг бат итгэлтэй хэлсэн нь Еховагийн бүтээлийг нухацтай эргэцүүлэн боддог байсных юм. Орчин үед, хүнийг Бурхан бүтээсэн гэдэг үзлийг үгүйсгэсэн олон янзын онол таамаглалыг сургуульд зааж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байна. Давидынх шиг үзэлтэй байхын тулд бид ч бас орчин тойрныхоо юмс үзэгдлийг нухацтай боддог байх учиртай. Бүтээгч байдаг уу, Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэх нь зөв үү гэх мэтийн чухал асуудлаар бусдын саналыг сохроор дагах нь аюултай.
4 Түүнээс гадна, бүтээлийг нь эргэцүүлж бодвол Еховад талархах сэтгэл лавширч, амласан бүхнээ биелүүлнэ гэдэгт нь итгэлтэй болдог. Улмаар Еховаг илүү сайн мэдэж, түүнд үйлчлэх хүсэл төрдөг. Энэ өгүүллээр, Бурхан хүнийг «гайхамшигтай бүтээсэн» гэж Давидын хэлсэн үг орчин үеийн шинжлэх ухаанаар хэрхэн батлагддагийг үзье.
Хүний биеийн хөгжлийн гайхамшиг
5, 6. а) Хүн эхийн хэвлийд анх хэрхэн бүрэлддэг вэ? б) Бөөр ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
5 «Та миний эрхтнүүдийг хэлбэртэй болгожээ [«бөөрийг бүтээсэн», ШЕ]. Та эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ» (Дуулал 139:13). Хүн эхийн хэвлийд анх бүрэлдэхдээ өгүүлбэрийн эцэст тавьдаг цэгээс ч жижигхэн, ганцхан эсээс үүсдэг гээд бод доо! Өчүүхэн жижиг боловч туйлын нарийн бүтэцтэй тэр эс бичил химийн үйлдвэр л гэсэн үг. Уг эс нь маш хурдан өсөж хөгждөг бөгөөд эхийн хэвлийд бий болсноос хойш хоёр дахь сарын эцсээр бөөр гэх мэтийн гол эрхтэн үүсдэг. Нярай хүүхдийн бөөр биед хэрэгцээгүй бодис, илүүдэл усыг гадагшлуулж, хэрэгтэй бодисыг үлдээх замаар цус шүүхэд хэдийнээ бэлэн болсон байдаг. Насанд хүрсэн эрүүл хүний хоёр бөөр 45 минут тутамд 5 литр цус шүүх чадвартай гээд бод доо!
6 Түүнчлэн, бөөр цусан дахь эрдэс бодис, хүчилшил, цусны даралтыг хянах үйл ажиллагаанд оролцдог. Өөр олон чухал үүрэг гүйцэтгэдэг энэ эрхтэнд ясны хэвийн хөгжилд чухал нөлөөтэй Д аминдэм идэвхжихийн зэрэгцээ, чөмөгт бий болдог улаан бөөмийг төлжүүлэх үүрэгтэй эритропоэтин гэдэг даавар үүсдэг. Тэгэхлээр, бөөрийг «хүний бие дэх гарамгай химич» гэж нэрлэдэгт гайхах хэрэггүй юм.
7, 8. а) Үр хөврөл яаж хөгждөг вэ? б) «Газрын гүнд... шаглагддаг» гэж Давидын хэлсэн үг ямар утгатай вэ?
7 «Намайг нууц дотор бүрэлдэж, газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч миний биеийн галбир [«яс», ШЕ] Танаас нууцлагдаагүй юм» (Дуулал 139:15). Анхны эс хуваагдахад үүссэн эсүүд цааш тасралтгүй хуваагдсаар мэдрэлийн, булчингийн, арьсны гэх мэтээр ялгаран хөгждөг. Ижил төрлийн эсүүд нэгдэхэд эхлээд эд, дараа нь эрхтэн үүсдэг. Жишээлбэл, үр хөврөлийн хөгжлийн гурав дахь долоо хоногт араг яс бий болж эхэлдэг. Долоон долоо хоногтой, 2,5 сантиметр урттай урагт хүний биед байх ёстой 206 яс бэхжээгүй хэр нь бүгд бий болчихсон байдаг.
8 Ураг эхийн хэвлийд ийнхүү гайхамшигтай өсөж хөгждөг нь хүний нүдэнд харагддаггүй тул, Давидын хэлснээр, «газрын гүнд... шаглагддаг» гэлтэй. Ураг хэрхэн хөгждөг нь одоо ч бараг нууц хэвээрээ байна. Жишээ нь, чухам юуны улмаас тодорхой генүүд эсүүдийг ялгаруулан хөгжүүлдгийн учир тайлагдаагүй байна. Шинжлэх ухаан үүнийг хэзээ нэгэн цагт олж нээж болох ч, Давидын бичсэнээр, хүнийг бүтээсэн Ехова Бурхан бүр анхнаас нь мэдэж байжээ.
9, 10. Үр хөврөлийн хэсгүүдийн үүсэл хөгжлийг Бурхан «номдоо бичсэн» гэж юу гэсэн үг вэ?
9 «Таны нүд миний үр хөврөлийг ч харсан. Үр хөврөлийн хэсгүүдийн нэг нь ч бий болоогүй байхад, та бүгдийг нь, бий болох өдрүүдийг нь номдоо бичсэн» (Дуулал 139:16, ШЕ). Хүн болж бүрэлдэхэд шаардлагатай удамшлын бүх мэдээлэл анхдагч эсэд байдаг. Эхийн хэвлийд бүрэлдэх есөн сар, төрснөөсөө хойш нас бие гүйцэх хүртэлх хорь гаруй жилийн хугацаанд хүний бие уг мэдээллийн дагуу хөгждөг байна. Энэ үед хүний биед гардаг шат дараалсан олон өөрчлөлт анхдагч эсэд байдаг тэр мэдээллийн дагуу явагддаг.
10 Давидын үед эс, генийн тухай ойлголт, бас микроскоп гэгч юм байгаагүй. Гэхдээ хүн урьдчилсан төлөвлөгөөний дагуу өсөж хөгждөгийг Давид зөв ойлгодог байжээ. Үр хөврөл яаж хөгждөгийг ч тодорхой хэмжээгээр мэддэг байсан бололтой. Тийм учраас, хөгжлийнх нь шат болгон урьдаас гаргасан схем, товлосон цаг хугацаатай явагдах ёстойг ойлгожээ. Энэхүү схемийг Бурхан «номдоо бичсэн» гэсэн нь бэлэгдлийн утгатай ажээ.
11. Хүний биеийн онцлогийг юу тодорхойлдог вэ?
11 Өвөө эмээ, эцэг эхээс өвлөж авдаг бүхэн, тухайлбал, нурууны өндөр, нүүрний төрх, нүд, үсний өнгө гэх зэргийн өөр олон мянган онцлог шинж хүний генд хадгалагдаж байдаг нь өнөөдөр нэгэнт тодорхой болжээ. Эс бүр хэдэн арван мянган ген агуулдаг бөгөөд ген тус бүр нь ДНХ буюу дезоксирибонуклеин хүчлийн гинжин хэлхээний хэсэг болдог. Хувь хүний ДНХ-ийн химийн бүтцэд тухайн хүний хэрхэн өсөж хөгжихийг удирддаг заавар «бичигдсэн» байдаг. Эс шинээр бий болох, эсвэл хуучнаа нөхөж хуваагдах тоолонд ДНХ заавар өгч, улмаар хүнийг амьд байлгаж, ерөнхий төрхийг нь хадгалдаг. Энэ бүхнээс Бүтээгчийн маань хүч, мэргэн ухаан харагддаг.
Хүн бодох сэтгэх хосгүй чадвартай
12. Хүн, амьтнаас юугаараа хосгүй бүтээл бэ?
12 «Өө, Бурхан, надад хандсан Таны бодлууд хэчнээн нандин бэ! Тэдний нийлбэр хэчнээн их вэ! Хэрвээ би тэдгээрийг тоолбол тэд элсний ширхгээс ч даван гарна» (Дуулал 139:17, 18а). Ер нь, амьтан ч гэсэн чадвар, мэдрэхүйн хувьд зарим талаараа хүнээс давуу, гайхамшигтай бүтээл юм. Гэхдээ Бурхан хүнийг оюуны чадавхиар ямар ч амьтнаас хол давуу бүтээжээ. Шинжлэх ухааны нэгэн номд: «Хүн амьтантай олон талаараа адил төстэй боловч ярих хэлэх, бодох сэтгэх чадвараараа хосгүй юм. Зөвхөн хүмүүс бид л биеийнхээ бүтцийг сонирхож, „Хүний бие яаж бүрэлддэг вэ? Хүн хэрхэн бий болсон бэ?“ гэсэн асуултыг бодож явдаг. Үүгээрээ бас хосгүй» гэж бичжээ. Давид ч эдгээр асуултыг эргэцүүлэн боддог байсан биз ээ.
13. а) Давид Бурхны «бодлуудыг» хэрхэн эргэцүүлэн боддог байсан бэ? б) Давидыг хэрхэн дуурайж болох вэ?
13 Хүн, хамгийн гол нь, «Бурхны бодлуудыг» эргэцүүлэх хосгүй чадвартайгаараа амьтдаас ялгардаг.b Ехова зөвхөн хүнийг «өөрийнхөө дүр төрхөөр» бүтээсэн учир ийм чадварыг бэлэглэжээ (Эхлэл 1:27). Давид энэ чадвараа сайн ашигладаг байв. Яаж? Бурхан байдгийн баталгаа болон бүтээлдээ шингээсэн сайхан зан чанарыг нь эргэцүүлэн боддог байсан. Түүнээс гадна, Бурхны тухай, үйлсийнх нь тухай бичсэн Еврей Судрын эхний номуудыг уншиж судалдаг байжээ. Үүний ачаар Еховагийн «бодлууд», зан чанар, санаа зорилгыг ойлгодог болсон. Давид Бурхны Үг, бүтээл, өөрт нь хэрхэн хандаж байгааг эргэцүүлэн боддог байсан учир Бүтээгчээ магтахыг хүсжээ.
Бурханд жинхэнэ ёсоор итгэх нь
14. Бурханд итгэдэг болохын тулд Бурхны тухай бүгдийг мэдэх шаардлагатай юу? Тайлбарлана уу.
14 Давид Бурхны Үг болон бүтээлийг эргэцүүлэн бодох тусам мэдлэг, чадварыг нь бүрэн дүүрэн ойлгож чадахгүйгээ ухамсарлажээ (Дуулал 139:6). Бид ч бас Бурхны үйлсийг хэзээ ч бүрэн гүйцэд ойлгож чадахгүй (Номлогчийн үгс 3:11; 8:17). Гэхдээ хүн үнэнийг чин сэтгэлээсээ эрж хайдаг бол амьдарч буй цаг үеэсээ үл хамааран, Ехова Бурхны Библи болон бүтээлээрээ «ил болгодог» мэдлэгт үндэслэн Бурханд итгэх бүрэн боломжтой (Ром 1:19, 20; Еврей 11:1, 3).
15. Бурханд итгэх, Бурхантай дотно харьцаатай байх хоёр ямар уялдаатайг жишээгээр тайлбарлана уу.
15 Бурханд жинхэнэ ёсоор итгэнэ гэдэг бол орчлонт ертөнц хийгээд амьд бүхэн оюун ухаант Бүтээгчийн ачаар бий болсон гэж үзэх төдий явдал биш ээ. Харин Бүтээгч бол бидэнд өөрийгөө мэдүүлж, дотно харьцаатай байхыг хүсдэг амьд Бурхан гэж итгэхийг хэлнэ (Иаков 4:8). Үүнийг жишээгээр тайлбарлая. Аавдаа ихэд итгэж найддаг хүүхдэд нэг хүн аавыг нь муулж, зовох цагт нь хүүхдэдээ туслах хүн биш гэж хэлжээ. Хүүхэд тэр хүний үгийг няцааж чадахгүй байж болох юм. Гэхдээ аавынхаа хайр халамжийг биеэрээ үзэж мэдэрсэн бол тэгж хэлснийх нь зоргоор итгэхгүй шүү дээ. Үүнтэй адилаар, Үгийг нь судлан, бүтээлийг нь эргэцүүлэн Бурхнаа таньж мэдвэл, залбирлынхаа хариуг аван тусламжийг нь мэдэрвэл Бурханд итгэдэг болно. Ийнхүү итгэдэг болбол түүний тухай илүү ихийг мэдэж, чин сэтгэлийнхээ хайранд хөтлөгдөн, үүрд үнэнчээр магтах хүсэл төрнө. Энэ бол хүн бүрийн өмнөө тавьж болох хамгийн эрхэм зорилго юм (Ефес 5:1, 2).
Бүтээгчдээ хандан, удирдлага гуйгтун!
16. Давид Еховатай дотно харьцаатай байсан нь бидэнд ямар ач тустай вэ?
16 «Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч. Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч. Миний дотор ямар нэгэн хөнөөлт үйл буй эсэхийг харж, мөнхийн зам руу намайг залаач» (Дуулал 139:23, 24). Санасан бодсон, хэлсэн ярьсан, хийсэн үйлдсэн бүхнийг нь Ехова нэгбүрчлэн мэддэг гэдгийг Давид сайн ойлгодог байв (Дуулал 139:1–12; Еврей 4:13). Бурхан өөрийг нь тийм сайн мэддэг байсан учраас эцэг эхийнхээ өвөр дээр байгаа хүүхэд шиг тайван байжээ. Еховатай тогтоосон дотно харьцаагаа эрхэмлэн нандигнадаг байсан тэрбээр Бүтээгчийнхээ үйлсийг гүнзгий эргэцүүлэн бодож, Бурхандаа залбиран, дотно харьцаагаа алдахгүй байхыг хичээдэг байв. Давидын бичсэн олон дуулал, тэр дундаа, 139-р дуулал үнэндээ бол залбирал юм. Бурхны үйлсийг эргэцүүлэн бодож, залбирдаг бол Еховатай дотно харьцаа тогтооход бидэнд ч бас ач холбогдолтой.
17. а) Давид ямар учраас Еховагаар зүрхээ шалгуулахыг хүссэн бэ? б) Сонгох эрх чөлөөг хэрхэн эдлэх нь амьдралд ямар ач холбогдолтой вэ?
17 Бурхан хүнийг дүр төрхөөрөө бүтээхдээ сонгох эрх чөлөө өгсөн. Өөрөөр хэлбэл, сайн, муугийн алийг хийхээ хүн өөрөө шийдэх эрхтэй. Гэхдээ сонгох эрх чөлөөг хариуцлага дагалддаг. Давид хорон муу хүнтэй адил байхыг хүсээгүй (Дуулал 139:19–22). Тэрбээр аливаа хөнөөлт үйл хэргээс зайлсхийдэг байсан. Тиймээс Еховагийн хязгааргүй, төгс мэдлэгийг эргэцүүлэн бодохдоо дотор хүнийг нь шалгаж, амийн зам руу залахыг даруухнаар гуйсан байдаг. Хүн болгон Бурхны тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах үүрэгтэй учир зөв шийдвэр гаргах шаардлагатай. Ехова бүх хүнийг өөрт нь дуулгавартай байгаасай гэж хүсдэг. Дуулгавартай байдаг бол сайшаалыг нь хүлээж, их ивээл хүртэнэ (Иохан 12:50; 1 Тимот 4:8). Өдөр бүр Еховатай хамт алхдаг бол хүнд сорилтын үед ч тайван байх болно (Филиппой 4:6, 7).
Гайхамшигт Бүтээгчээрээ удирдуулагтун!
18. Давид Бурхны бүтээлийг эргэцүүлж бодоод юу ойлгосон бэ?
18 Бага залуугаасаа хөдөө хээр хонь хариулж өссөн Давид хонио идээшлүүлж байх зуураа тэнгэр өөд ширтэн хардаг байсан биз ээ. Шөнийн харанхуйд огторгуйн уудмыг ажиглан харж, Бүтээгчийн тухай юу өгүүлж буйг боддог байжээ. Тийм ч учраас, «Тэнгэр нь Бурхны сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг» хэмээн бичсэн байдаг (Дуулал 19:1, 2). Тэрбээр бүхнийг бүтээсэн Нэгнийг танин мэдэж, түүгээр удирдуулах хэрэгтэйг ойлгожээ. Бид ч бас Давидыг дуурайх хэрэгтэй.
19. Биднийг «гайхамшигтай бүтээснийг» ойлгох нь ямар ач тустай вэ?
19 Давидын хүү Соломон: «Залуу насныхаа өдрүүдэд Бүтээгчээ санагтун. ...Бурхнаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна» хэмээсэн сайхан зөвлөгөөг залуучуудад өгсөн билээ. Давид үнэндээ тийм л хүн байсан (Номлогчийн үгс 12:1, 13). Ехова өөрийг нь «гайхамшигтай бүтээснийг» Давид багаасаа ойлгож мэджээ. Насан туршдаа энэ мэдлэгийнхээ дагуу амьдарч, их ивээл хүртсэн. Хэрэв бид хөгшин залуу гэлгүй, Бүтээгчээ магтан алдаршуулж, түүнд үйлчилдэг бол одоо ч, ирээдүйд ч дүүрэн жаргалтай амьдарна. Еховатай тогтоосон дотно харьцаагаа хадгалж, хууль тушаалынх нь дагуу амьдардаг хүмүүсийн тухай Библид: «Тэд хөгширсөн ч жимс гаргана. Тэд шүүслэг ба ногоон байна. Энэ нь ЭЗЭН шулуун шударга гэдгийг тунхаглахын тулд юм» хэмээн бичсэн байдаг (Дуулал 92:14, 15). Тийм хүмүүс Бүтээгчийнхээ гайхамшигт үйлсээс үүрд мөнх ач тус хүртэнэ.
[Зүүлт]
a Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Амьдралын утга учир юу вэ?» товхимлын 6−8-р хуудсыг үзнэ үү.
b Дуулал 139:18-ын сүүлийн хэсэгт бичсэн Давидын үг, Еховагийн «бодлуудыг» өглөөнөөс үдэш болтол тоолсон ч дуусашгүй тул маргааш нь үргэлжлүүлэн тоолох хэрэгтэй гэсэн санаа илэрхийлсэн бололтой.
Хариулна уу
• Хүн бол гайхамшигтай бүтээл гэдэг нь үр хөврөлийн хөгжлөөс хэрхэн харагддаг вэ?
• Еховагийн «бодлуудыг» эргэцүүлэн бодох ёстойн учир юу вэ?
• Бурханд итгэх, Бурхантай дотно харьцаатай байх хоёр ямар уялдаатай вэ?