БҮЛЭГ 16
Дэлхий дахины ахан дүүгийн барилдлага
ИЗРАЙЛЧУУД 1500 орчим жилийн турш Еховагийн нэрээр овоглож байсан. Хожим нь Ехова «нэрийнхээ төлөөх ард түмнийг харь үндэстнүүдийн дундаас сонгож авсан» (Үйлс 15:14). Нэрээр нь овоглосон тэд дэлхийн хаана ч амьдардаг бай, Бурхнаа гэрчилж, үзэл бодол, үйл хэргээрээ нэгдмэл байдаг. Тэд Есүсийн шавь нартаа өгсөн дараах тушаалыг биелүүлсний үрээр ийнхүү нэгдсэн. Есүс: «Иймээс явж бүх үндэстнийг шавь болгогтун. Эцэг, Хүү, Бурхны агуу хүчний нэрээр баптисм хүртээ. Миний та нарт тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» гэжээ (Мат. 28:19, 20).
Үндэс угсаа, овог аймаг, нийгмийн давхаргын ялгаа зэргээс болж талцан хуваагддаггүй дэлхий дахины ахан дүүгийн барилдлагад та нэгдсэн
2 Та Еховад өөрийгөө зориулж баптисм хүртэн Есүс Христийн шавь болсон. Ингэснээр үндэс угсаа, овог аймаг, нийгмийн давхаргын ялгаа зэргээр хана босгож, талцан хуваагддаггүй дэлхий дахины ахан дүүгийн барилдлагад нэгдсэн (Дуу. 133:1). Тийм ч учраас итгэл нэгтнүүдээ өөрийн эрхгүй хайрлаж хүндэтгэдэг биз ээ. Та өмнө нь үндэс угсаа, арьсны өнгө, боловсролын ялгаанаас болоод зарим нэгтэй нь харьцахыг хүсдэггүй байсан байж болох юм. Харин одоо та хайраар гагнагдсан ахан дүүгийн барилдлагад нэгдсэн. Энэ гагнаас ямар нэгэн бүлгэм, шашин, ураг төрлийн холбооноос ч бат бөх билээ (Марк 10:29, 30; Кол. 3:14; 1 Петр 1:22).
ҮЗЭЛ БОДЛОО ӨӨРЧЛӨХ НЬ
3 Бусдыг арьс өнгө, нам эвсэл, зэрэг зиндаагаар ялгаварлах үзэл зарим хүнд нэвт шингэсэн байдаг. Энэ үзлээсээ салахын тулд I зууны иудей дагалдагчдын үлдээсэн жишээг бодох нь зүйтэй. Тэд бусад үндэстнийг ялгаварлан гадуурхдаг байсан иудейн шашны үзлээс ангижрахын тулд тууштай тэмцсэн. Ехова Петрт Ромын зуутын дарга Корнелын гэрт очих даалгавар өгөөд зогсохгүй сайхан сэтгэл гаргаж даалгавраа биелүүлэхэд нь бэлдсэн (Үйлс 10-р бүлэг).
4 Ехова иудейчүүдийн хувьд бузарт тооцогддог зарим амьтныг Петрт гайхамшгаар үзүүлж, тэдгээрийг нядлаад идэхийг тушаажээ. Петрийг идэхгүй гэхэд «Бурхны ариусгасан юмыг бузар гэхээ боль» гэх дуу тэнгэрээс гарав (Үйлс 10:15). Удахгүй хүлээн авах гэж байсан үүрэг буюу харь үндэстний гэрт очих даалгавраа биелүүлэхэд нь Ехова Петрийг бэлдсэн хэрэг байжээ. Тэрээр Еховагийн удирдамжийг даруухнаар хүлээн авч Корнелийн гэрт цугласан хүмүүст «Иудей хүн өөр үндэстэнтэй харьцах юм уу гэрт нь очихыг иудейчүүдийн хуульд хориглосон байдгийг та нар сайн мэднэ шүү дээ. Гэхдээ ямар ч хүнийг бузар гэж үзэх ёсгүйг Бурхан надад ойлгуулсан. Тиймээс намайг дуудахад би шууд ирлээ» гэж хэлэв (Үйлс 10:28, 29). Үүний дараа Корнел болон түүний гэрийнхнийг Ехова сайшааж байгааг Петр нүдээрээ үзжээ.
5 Тарсын Саул гэгч өндөр боловсролтой, фарисай хүн бардам зангаа ялж, гадуурхаж явсан хүмүүстэйгээ найзалж нөхөрлөх хэрэгтэй болжээ. Тэр ч байтугай тэднээс удирдамж заавар авах ёстой болов (Үйлс 4:13; Гал. 1:13–20; Флп. 3:4–11). Паулаас гадна Дионус, Дамар, Филемон, Серги Паул, Онесим зэрэг хүмүүс сайн мэдээг хүлээн авч, Есүс Христийн шавь болохын тулд үзэл бодлоо өөрчлөх шаардлагатай байсан нь лавтай (Үйлс 13:6–12; 17:22, 33, 34; Флм. 8–20).
ДЭЛХИЙ ДАХИНЫ АХАН ДҮҮГИЙН БАРИЛДЛАГАА БАТЖУУЛАХ НЬ
6 Хурлынхны тань илэрхийлсэн хайр таныг Еховатай дотносож, байгууллагад нь нэгдэхэд тус болсон нь дамжиггүй. Есүс шавь нартаа «Бие биеэ хайрла гэсэн шинэ тушаалыг би өгч байна. Би та нарыг яаж хайрласны адил та нар бие биеэ тийн хайрла. Та нар бие биеэ хайрладаг бол үүгээр тань бүх хүн та нарыг миний шавь гэж мэднэ» хэмээн захисан байдаг. Есүсийн жинхэнэ шавь гэдгийн тодоос тод баталгаа болсон тэрхүү хайрыг та биеэрээ амссан биз ээ (Ёох. 13:34, 35). Хуралдаа мэдэрсэн энэхүү хайр дэлхий дахины итгэл нэгтнүүдийн маань дунд ноёлдог хайрын нэг илрэл гэдгийг мэдээд Еховаг болон байгууллагыг нь улам их хайрладаг болсон нь лавтай. Мөн эцсийн өдрүүдэд хүмүүс хамтдаа цуглаад амар тайван, эв нэгдэлтэйгээр Еховаг шүтнэ гэсэн Библийн зөгнөл биелж байгааг та нүдээрээ үзэж байгаа (Мика 4:1–5).
7 Өнөөгийн тархай бутархай ертөнцөд «бүх үндэстэн, бүх овог, бүх ард түмэн, бүх хэлтнээс бүрдсэн» хүмүүсийг нэгтгэнэ гэдэг ямар ч боломжгүй зүйл мэт санагдах байх (Илч. 7:9). Техник технологи өндөр хөгжсөн улс орны хүмүүс болон эртний овгийн өв уламжлалаа сахиж амьдардаг хүмүүс хоорондоо эрс ялгаатайг бодоод үзээрэй. Угсаа гарал, яс үндэс нэгтэй хүмүүсийн хооронд хүртэл шашны мөргөлдөөн гардаг шүү дээ. Эх оронч үзэл газар авсны улмаас хүмүүс улс төрийн хувьд өмнөхөөсөө илүү талцан хуваагддаг болжээ. Бас баян ядуугийн ялгаа гээд хүмүүсийг хагалан бутаргадаг янз бүрийн хүчин зүйл байдгийг бодож үзвэл яс үндэс, хэл соёл, ахуй амьдралаараа ялгаатай хүмүүс бие биеэ ах дүү мэт хайрлаж, эв нэгдэлтэй байдаг нь зөвхөн Төгс хүчит Бурхны үйлдэж чадах гайхамшиг билээ (Зех. 4:6).
8 Үнэхээр ч ийм эв нэгдэлтэй хүмүүс байдаг. Та Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртээд тэдний нэг болсон. Дэлхий дахины ахан дүүгийн барилдлагын сайхныг мэдэрдэг биз ээ. Тийм учраас итгэл нэгтнүүдтэйгээ үргэлж эв нэгдэлтэй байхын тулд та бас хувь нэмрээ оруулах үүрэгтэй. Яаж? «Боломж байгаа л бол бүх хүнд, ялангуяа, итгэл нэгтнүүддээ сайныг үйлдье» хэмээн Галат 6:10-т бичсэн элч Паулын зөвлөгөөг дагах нь чухал. Бас «Юуг ч өрсөлдөх сэтгэлээр эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруу байж, бусдыг өөрөөсөө дээр гэж бодож бай. Зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүл» гэсэн зөвлөгөөг дагах хэрэгтэй (Флп. 2:3, 4). Бид итгэл нэгтнүүддээ хүний үзлээр бус, харин Еховагийнхтай адилхан үзлээр ханддаг бол тэдэнтэйгээ эв нэгдэлтэй, сайхан харьцаатай байна (Эф. 4:23, 24).
НЭГ НЭГЭНДЭЭ САНАА ТАВИХ НЬ
9 Элч Паулын татсан жишээг үзвэл хурлын хүмүүс талцан хуваагдах бус нэг нэгэндээ санаа тавьдгийг ойлгож болно (1 Кор. 12:14–26). Дэлхийн өнцөг булан бүрд буй ах дүү тань танаас алс хол амьдардаг байлаа ч тэдэндээ санаа тавих боломжгүй гэсэн үг биш ээ. Зарим итгэл нэгтнээ хавчлагатай тулгарч байгааг сонсоод бид тэднийхээ төлөө шаналдаг. Наад захын хэрэгцээтэй зүйлээр гачигдсан эсвэл байгалийн гамшиг, дайн дажин, бослого үймээнд өртсөн итгэл нэгтэндээ бид бодит тусламж үзүүлэхээс гадна Еховатай дотносоход нь туслахын тулд чадах бүхнээ хийдэг (2 Кор. 1:8–11).
10 Бид итгэл нэгтнүүдийнхээ төлөө өдөр бүр залбирах хэрэгтэй. Зарим маань хорхой хүргэм зүйлд автахгүйн тулд тэмцдэг. Итгэл нэгтнүүдэд маань тохиолддог зовлон бэрхшээл нүдэнд ил байх нь ч бий, нүднээс далд байх нь ч бий. Тэд маань ажлын газрынхан, шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлийнхнийхээ эсэргүүцэл дунд ганцаараа шаналж байж болох юм (Мат. 10:35, 36; 1 Тес. 2:14). Бид дэлхий дахины ахан дүүгийн барилдлагад нэгдсэн учраас ийнхүү зовлон үзэж буй итгэл нэгтнүүддээ санаа тавих учиртай (1 Петр 5:9). Еховагийн төлөө нөр их хөдөлмөрлөж, дэлгэрүүлэх ажил болон хурлыг удирдан чиглүүлдэг Гэрч эрчүүд бидний дунд олон бий. Бас дэлхий дахины үйл хэргийг хариуцах амаргүй үүрэг хүлээдэг эрчүүд ч байдаг. Бусдын залбирал хэрэггүй хүн гэж байхгүй. Бид дор бүрнээ бусдынхаа төлөө залбирдаг бол тэдэндээ хайртайгаа, чин сэтгэлээсээ санаа тавьдгаа баталж байна гэсэн үг. Тиймээс итгэл нэгтнүүдийнхээ төлөө өөр юу ч хийж чадахгүй үед ч залбирах нь туйлын чухал (Эф. 1:16; 1 Тес. 1:2, 3; 5:25).
11 Зовлон бэрхшээлээр дүүрэн эцсийн энэ өдрүүдэд Еховагийн ард түмэн бид бие биедээ тус дэм болоход хэзээд бэлэн байх хэрэгтэй. Газар хөдлөлт, үер ус зэрэг байгалийн гамшиг нүүрлэхэд итгэл нэгтнүүддээ тусалж, наад захын хэрэгцээтэй зүйлээр нь хангах ажлыг зохион байгуулах шаардлагатай болдог. Энэ талаар І зууны Христийн дагалдагчид сайхан жишээ үлдээсэн. Антиох хотын дагалдагчид Есүсийн зөвлөгөөг санаж, Иудейн ах дүүдээ тусламжийн бараа илгээжээ (Үйлс 11:27–30; 20:35). Элч Паул хожим нь, гамшигт нэрвэгдэгсдэд туслах ажлыг зохион байгуулалт сайтай хийж байхыг Коринт дахь итгэл нэгтнүүддээ уриалсан байдаг (2 Кор. 9:1–15). Өнөө үед ч гамшигт өртсөн, тусламж зайлшгүй шаардлагатай нэгэндээ итгэл нэгтнүүд маань цаг алдалгүй тусламжийн гараа сунгадаг. Бас байгууллага маань цаг тухайд нь туслах арга хэмжээ авдаг.
ЕХОВАГИЙН ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛЭХЭЭР СОНГОГДСОН АРД ТҮМЭН
12 Бид Ехова Бурхныхаа хүсэл тааллыг биелүүлэхийн тулд дэлхий дахины ахан дүүгийн барилдлагад нэгдсэн билээ. Өнөө үед Ехова Хаант төрийн тухай сайн мэдээг дэлхийн өнцөг булан бүрд буй янз бүрийн үндэстэнд тунхаглахыг биднээс хүсдэг (Мат. 24:14). Бас өөрийнх нь тогтоосон ёс суртахууны өндөр хэм хэмжээг дагаж биеэ зөв авч яваасай гэж хүсдэг (1 Петр 1:14–16). Бид бие биедээ дуртайяа захирагдаж, сайн мэдээ тунхаглах ажлыг урагшлуулахын тулд хичээл зүтгэлтэй байх учиртай (Эф. 5:21). Одоо бол, өөрийн тав тух, эрх ашгаа бодох бус, Бурхны Хаант төрийн үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавих цаг билээ (Мат. 6:33). Үүнийг үргэлж санангаа итгэл нэгтнүүдтэйгээ хамт сайн мэдээ тунхаглаж явцгаая. Ингэвэл одоо баяр хөөртэй, сэтгэл хангалуун амьдраад зогсохгүй ирээдүйд асар их ивээл хүртэнэ.
13 Еховагийн Гэрчүүд бид хосгүй ард түмэн. Яагаад гэвэл Ехова биднийг өөртөө үйлчлүүлэхийн тулд «хичээл зүтгэлтэй, тусгай ард түмнээ болгож цэвэршүүлсэн» (Тит 2:14). Бид Еховаг шүтдэг учраас бусдаас ялгардаг. Дэлхий дахинд буй итгэл нэгтнүүдтэйгээ мөр зэрэгцэн Бурхандаа үйлчлээд зогсохгүй Библийн үнэний «цэвэр хэлээр» ярьдаг. Хэлж ярьсныхаа дагуу ч амьдардаг. Энэ талаар Ехова зөнч Зефаниагаар дамжуулан ийн зөгнөсөн байдаг. «Дараа нь Би ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг [«цэвэр хэлийг», ШЕ] өгнө. Тэгснээр тэд бүгд мөр зэрэгцэн Түүнд үйлчлэхээр ЭЗЭНий нэрийг дуудах юм» (Зеф. 3:9).
14 Ехова дэлхий дахины ахан дүүгийн барилдлагын талаар цааш нь «Израилын үлдэгдэл ямар ч бурууг үйлдэхгүй, ер худал ярихгүй. Тэдний аманд мэхлэгч хэл олдохгүй. Учир нь тэднийг чичрүүлэх хэн ч байхгүй бөгөөд тэд хооллож, хэвтэх болно» гэж зөгнөсөн нь өнөөдөр биелж байна (Зеф. 3:13). Еховагийн Үгэнд буй үнэнийг ойлгож бодол санаандаа хоногшуулан, хэм хэмжээг нь баримталдаг бол бид нэгдмэлээр хамтран ажиллаж чадна. Хүний нүдээр харахад боломжгүй мэт санагдах зүйлийг ч хийж чадна. Бид үнэхээр Бурхны тусгай ард түмэн бөгөөд Бурхнаа дэлхий даяар алдаршуулдаг (Мика 2:12).