Есүс утга учиртай амьдрахын жишээ үзүүлэсэн
ЕСҮС шиг хүнийг утга учиртай амьдарсан гэж хэлж болох уу? Тэрбээр даржин амьдралтай айлын хүүхэд байсан бөгөөд эрийн цээнд хүрээд ч бэл бэнчин нимгэн явсан. «Толгой хоргодох ч газаргүй» гэдгээ хэлсэн нь бий (Лук 9:57, 58). Түүнээс гадна, олон түмэнд ад үзэгдэн гүтгүүлж яваад, эцэст нь дайснуудынхаа гарт амиа алдсан.
«Ийм хүнийг утга учиртай амьдарчээ гэхэд хэцүү л юм байна» гэж бодогдож болох юм. Гэхдээ Есүсийн амьдралыг дээр өгүүлснээр л төсөөлөх нь учир дутагдалтай. Амьдралд нь утга учир нэмсэн дөрвөн зүйлийг авч үзье.
1. БУРХНЫ ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛЭХИЙГ ЕСҮС АМЬДРАЛЫНХАА ЗОРИЛГО БОЛГОСОН
«Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэх ... явдал мөн» (Иохан 4:34).
Есүс үг яриа, үйл хэргээрээ тэнгэрийн Эцэг Еховагийнхааa хүсэл тааллыг биелүүлэхийг зорьж байсан. Тэрбээр Бурхны хүслийг биелүүлэн асар их баяр баясгалан эдэлдэг байснаа зүйрлэж хэлснийг дээрх зүйлд иш татжээ. Энэ үгээ чухам хэзээ хэлснийг нь сонирхъё.
Есүс энэ үгийг үдийн алдад хэлжээ (Иохан 4:6). Өглөөнөөс үд болтол Самарийн уулархаг газраар явган явсан учир өлсөж байсан нь лавтай. Шавь нар нь ч «Рабби, зооглооч» гэж хэлдэг (Иохан 4:31). Тэгэхэд нь Есүс Бурхны ажлыг хийн эрч хүч сэлбэж, сэтгэлийн тэнхээ нэмснээ ийнхүү хэлсэн. Тэрбээр амьдралынх нь утга учир юунд оршдогийг сайн мэддэг байжээ.
2. ЭЦГЭЭ ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАЙРЛАСАН
«Би Эцэгээ хайрладаг» (Иохан 14:31).
Есүс тэнгэрийн Эцэгтэйгээ онцгой дотно харьцаатай байжээ. Чин сэтгэлийн хайрандаа хөтлөгдөн хүмүүст Эцгээ таниулдаг буюу нэр, санаа зорилго, зан чанарыг нь тунхагладаг байсан. Үг яриа, үйл хэрэг, зан байдлаараа Эцгээ төгс дууриаж явсан Есүсээс бид, зүйрлэн хэлбэл, Эцгийг нь хардаг. Филип гэдэг шавь нь «Бидэнд Эцэгээ харуулаач» гэхэд Есүс: «Намайг харсан хүн Эцэгийг харсан» гэж тайлбарласан байдаг (Иохан 14:8, 9).
Есүс Эцгээ туйлын их хайрладаг учир Эцэгтээ дуулгавартай байж үхэхэд ч бэлэн байсан (Филиппой 2:7, 8; 1 Иохан 5:3). Бурхныг чин сэтгэлээсээ хайрладгийн ачаар амьдрал нь утга учиртай байжээ.
3. ХҮМҮҮСИЙГ ХАЙРЛАСАН
«Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй» (Иохан 15:13).
Төгс бус хүний амьдрал дэндүү харамсалтай төгсдөг. Үүнийг Библид «Нэг хүнээр [Адамаар] ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр үхэл нь ирсэн. Тиймээс, бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ» гэж тайлбарладаг (Ром 5:12). Нүглийн үр дагавар болсон үхлээс хэн ч зугтаж чаддаггүй (Ром 6:23).
Гэхдээ Ехова хүн төрөлхтнийг энэ зовлонгоос ангижруулах арга хэмжээ авсанд талархаад баршгүй. Төгс, нүгэлгүй Хүүгээ Есүс гэдэг хүн болгон дэлхий дээр төрүүлж, хүн төрөлхтнийг нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөхөд шаардлагатай золиосыг төлөхийн тулд зовж тарчлан, үхэхийг нь зөвшөөрсөн юм. Есүс ч Эцгээ болон хүн төрөлхтнийг гэсэн хайрандаа хөтлөгдөн энэ үүргийг дуртайяа биелүүлж, төгс амиа бидний төлөө өгсөн (Ром 5:6–8). Амин хувиа бодолгүй, хүмүүсийг ингэж хайрладгийнхаа ачаар утга учиртай амьдарсан.b
4. ЭЦГЭЭРЭЭ ХАЙРЛУУЛЖ, САЙШААЛЫГ НЬ ХҮЛЭЭДГЭЭ МЭДДЭГ БАЙСАН
«Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог» (Матай 3:17).
Ехова Есүсийг баптисм хүртэхэд нь ингэж хэлэн, хайрлаж, сайшаадгаа тодорхой мэдэгдсэн. Есүс ч «Эцэг Намайг хайрладаг» гэж итгэлтэй хэлсэн байдаг (Иохан 10:17). Эцгээрээ хайрлуулж, сайшаалыг нь хүлээдгээ мэддэг байсныхаа ачаар Есүс эсэргүүцэл хавчлагыг эр зоригтой давсан. Үхэлтэй нүүр тулахдаа ч сэтгэлийн тэнхээтэй байсан (Иохан 10:18). Тэгэхлээр, Эцгийнх нь хайр, сайшаал Есүсийн амьдралыг улам утга учиртай болгосон нь илэрхий байна.
Эндээс дүгнэхэд, Есүс үнэхээр утга учиртай амьдарчээ. Тэгэхлээр, яавал жинхэнэ ёсоор утга учиртай амьдрахыг Есүсийн туулсан амьдралаас мэдэж болно. Есүсийн дагалдагчдадаа өгсөн, амьдралд хэрэгтэй зөвлөгөөний хэдийг нь дараагийн өгүүллээр үзье.
a Библийн эх бичигт Бурхны оноосон нэрийг Ехова гэсэн байдаг.
b Есүс амиа золиос болгон үхсэн талаар Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 5-р бүлгийг үзнэ үү.