Та хэнтэй адилхан боддог вэ?
«Өнөө үеийн хэвэнд цутгуулахаа боль» (РОМ 12:2).
1, 2. а) Есүс Петрт юу гэж хэлсэн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Яагаад тэгж хэлсэн бэ?
ЕСҮСИЙН шавь нар чихэндээ ч итгэсэнгүй. Тэд Есүсийг Израйлын хаант улсыг сэргээнэ гэж бодож байжээ. Гэтэл Багш нь удахгүй зовж тарчлан амиа алдана гэж хэлэх нь тэр! Элч Петр шууд л «Эзэн, та өөрийгөө бодооч. Ийм юм танд хэзээ ч тохиолдохгүй» гэхэд Есүс: «Надаас холд, Сатан аа! Чи надад саад болж байна. Яагаад гэвэл чи Бурхныхаар бус, хүний боддогоор бодож байна» гэж хэлэв (Мат. 16:21–23; Үйлс 1:6).
2 Есүс ийн хэлснээрээ, Еховагийн үзэл бодол Сатаны эрхшээлд байдаг энэ ертөнцийнхөөс тэс ондоог тодорхой харуулжээ (1 Ёох. 5:19). Петр Есүст ертөнцийнхөн шиг хувиа бодохыг зөвлөсөн. Харин Ехова өөр бодолтойг Есүс мэдэж байлаа. Эцэг нь түүнийг зовж үхэхэд бэлэн байгаасай гэж хүсэж байв. Есүс Эцгийгээ дэмждэг тул энэ ертөнцийнхнөөс өөр бодолтой явдгаа эрс шулуун хэлсэн.
3. Еховатай адилхан бодох нь яагаад хэцүү вэ?
3 Тэгвэл бид яадаг вэ? Бурхантай адилхан боддог уу эсвэл ертөнцийнхөн шиг боддог уу? Бид Бурхны шаардлагад нийцүүлэн биеэ авч явахыг хичээдэг нь үнэн. Гэхдээ дотроо юу боддог вэ? Еховатай адилхан бодож, үзэл бодлыг нь баримталдаг уу? Үүний тулд маш их хичээх хэрэгтэй. Харин ертөнцийнхөн шиг бодъё гэвэл өчүүхэн төдий ч хичээх шаардлагагүй. Яагаад гэвэл ертөнцийнхний хандлага агаар мэт тархсан (Эф. 2:2). Түүнээс гадна аминч байхыг уриалдаг ертөнцийнхний үгэнд ормоор санагдаж болох юм. Үнэндээ Еховатай адилхан бодох маш хэцүү, ертөнцийнхөнтэй адилхан бодох дэндүү амархан.
4. а) Ертөнцийн хэвэнд цутгуулбал бид ямар болох вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?
4 Хэрэв ертөнцийн хэвэнд цутгуулбал аминч үзэлтэй, зөв бурууг өөрөө шийдэх хүсэлтэй болно (Марк 7:21, 22). Тийм учраас «хүний боддогоор» биш, «Бурхныхаар» боддог болох нь амин чухал. Аливаад Еховагийн үзэл бодлоор хандаж сурах нь яагаад тустайг энэ өгүүллээр авч үзье. Түүнчлэн ертөнцийнхөнтэй адилхан бодохгүйн тулд яах хэрэгтэйг ярилцъя. Дараагийн өгүүллээр, Еховагийн үзэл бодлоор хандах ёстой зарим асуудлыг авч үзээд, яавал Бурхантай адилхан бодож сурахыг ярилцана.
ЕХОВАГИЙН ҮЗЭЛ БОДОЛ АЧ ТУСТАЙ
5. Зарим хүн яагаад хэний ч нөлөөнд автахыг хүсдэггүй вэ?
5 Зарим хүн хэний ч нөлөөнд авталгүй өөрийнхөө бодсоноор явахыг хүсдэг. «Өөрийн бодол өөртөө зөв» гэж ярьдаг. Өөрөө л шийдье, ингэх ч эрхтэй гэсэн санаа байх л даа. Тэд бусдад толгойгоо мэдүүлэхийг юм уу бусдыг дуурайхыг хүсдэггүй.a
6. а) Бид хэр их эрх чөлөөтэй вэ? б) Энэ нь хязгааргүй эрх чөлөө мөн үү?
6 Еховагийн боддогоор бодох гэдэг нь өөрийн гэсэн бодолгүй байх биш юм. 2 Коринт 3:17-д бичсэнчлэн, «Еховагийн агуу хүч хаана байна, тэнд эрх чөлөө байна». Ямар хүн болохоо өөрөө шийдэх эрх чөлөөг Ехова бидэнд өгсөн. Юуг эрхэмлэж, юуг сонирхож сонгох нь бидний дур. Ехова биднийг тийм л байхаар бүтээсэн шүү дээ. Гэхдээ бид хязгааргүй эрх чөлөө эдэлж, дур зоргоороо аашилна гэсэн үг биш (1 Петр 2:16-г уншина). Зөв бурууг ялгаж салгах хэрэг гарсан үед Үгээр минь удирдуулаарай гэж Ехова захидаг. Эрх чөлөөг маань хязгаарлаад байна уу? Эсвэл бидэнд тустай юу?
7, 8. Еховатай адилхан боддог болбол эрх чөлөөгүй болох уу? Жишээгээр тайлбарлана уу.
7 Жишээ авъя. Эцэг эх нь хүүхдэдээ сайн л юм заахыг хичээдэг. Үнэнч шударга, ажилсаг, бусдад санаа тавьдаг байхыг зааж болох юм. Энэ нь хүүхдийнхээ эрх чөлөөг хязгаарлаж байгаа хэрэг мөн үү? Үгүй. Харин ч сайн сайхан амьдраасай гэсэндээ ирээдүйд бэлтгэж байна. Хүүхэд нь том болоод гэрээсээ явахаараа бүх л асуудлыг бие дааж шийдэх болно. Хэрэв эцэг эхийнхээ зөв, сайн гэж заасныг баримталбал хэзээ ч харамсахааргүй зөв шийдвэр гаргана. Тэгээд сэтгэлийн зовлон шаналал, гай түйтгэрээс хол явна.
8 Ехова сайн Эцэг учраас үр хүүхэд биднийгээ сэтгэл хангалуун амьдруулахыг хүсдэг (Ис. 48:17, 18). Тийм учраас бусадтай харьцах, биеэ авч явах үндсэн зарчмыг хэлж өгдөг. Ёс суртахууны иймэрхүү асуудалд хандахдаа надтай адилхан бодож, заасан зарчмыг минь баримтлаарай гэж уриалдаг. Энэ нь эрх чөлөөг хязгаарлаж байгаа хэрэг биш ээ. Харин ч аливаа зүйлийг зөв бодоход тусалдаг (Дуу. 92:5; Сур. 2:1–5; Ис. 55:9). Тиймээс бид зөв шийдвэр гаргаад жаргалтай амьдарна, дуртай юмаа сонгож чадна (Дуу. 1:2, 3). Еховатай адилхан бодох нь олон талын ач тустай байх нь ээ!
ЕХОВАГИЙН ҮЗЭЛ БОДОЛ АГУУ
9, 10. Еховагийн үзэл бодол ертөнцийнхтэй харьцуулшгүй агуу гэдгийг батлах ямар баримт байна вэ?
9 Бид үзэл бодлоо Еховагийнхтай нийцүүлэхийг хүсдэгийн бас нэг шалтгаан бий. Еховагийн үзэл бодол бол ертөнцийнхтэй харьцуулшгүй агуу юм. Биеэ авч явах, гэр бүлээрээ жаргалтай амьдрах, ажилдаа амжилт гаргах зэргийн олон асуудлаар энэ ертөнцийнхний өгдөг ихэнх зөвлөгөө Еховагийн үзэл бодолтой зөрчилддөг. Жишээ нь өөрийгөө сурталчлахыг, садар завхай явдал бол байх л ёстой зүйл гэж үзэхийг, онцын шалтгаан байхгүй ч эхнэр эсвэл нөхрөөсөө салахыг зөвлөж, ингэвэл жаргалтай амьдарна гэдэг. Иймэрхүү зөвлөгөө Библийнхтэй зөрчилддөг. Гэхдээ ертөнцийнхний зөвлөгөө амьдралд илүү ойр биш үү?
10 «Мэргэн ухаантай нь үйлсээс нь харагддаг» гэж Есүс хэлсэн (Мат. 11:19). Энэ ертөнцийнхөн техник технологийн салбарт үсрэнгүй амжилт гаргадаг ч аз жаргалыг үгүй хийдэг дайн, арьс өнгөөр ялгаварлах үзэл, гэмт хэрэг гэх мэтийн томоохон асуудлыг шийдэж чаддаггүй. Бас садар самуун явдалд хүлцэнгүй хандаж байна. Энэ нь гэр бүлүүдийг сүйрүүлж, өвчин зовлон гэх мэтийн үр дагаварт хүргэж байгааг олон хүн хүлээн зөвшөөрдөг. Харин Еховагийнхтай адилхан үзэл бодолтой болсон хүмүүс гэр бүлээрээ жаргалтай, эрүүл саруул, амар тайван амьдарч, дэлхий даяар буй итгэл нэгтнүүдтэйгээ эв нэгдэлтэй байдаг (Ис. 2:4; Үйлс 10:34, 35; 1 Кор. 6:9–11). Еховагийн үзэл бодол ертөнцийнхтэй харьцуулшгүй агуу биш гэж үү?
11. Мосе үзэл бодлоо хэнийхтэй нийцүүлсэн бэ? Үр дүн нь юу байсан бэ?
11 Эртний үнэнч үйлчлэгчид Еховагийн үзэл бодол агуу гэдгийг хүлээн зөвшөөрдөг байжээ. Жишээ нь Мосе «египетчүүдийн бүх эрдмийг эзэмшсэн» хэр нь Ехова л жинхэнэ мэргэн ухаан өгдгийг хүлээн зөвшөөрсөн (Үйлс 7:22; Дуу. 90:12). Бас «Өөрийнхөө замуудыг надад мэдүүлээч» гэж Еховагаас гуйсан (Ег. 33:13). Мосе үзэл бодлоо Еховагийнхтай нийцүүлсэн учраас Ехова санаа зорилгоо биелүүлэхдээ түүнийг оролцуулсан. Мөн гайхалтай бат итгэлтэй хүн хэмээн Сударт бичүүлж хүндэтгэл үзүүлжээ (Евр. 11:24–27).
12. Элч Паул юунд үндэслэн шийдвэр гаргадаг байсан бэ?
12 Элч Паул хурц ухаантай, боловсролтой, наад зах нь хоёр хэл мэддэг хүн байсан (Үйлс 5:34; 21:37, 39; 22:2, 3). Гэсэн ч зөв бурууг ялгаж салгах хэрэг гарахад ертөнцийн мэргэн ухаанд бус, Бурхны Үгэнд үндэслэн шийдвэр гаргадаг байжээ (Үйлс 17:2; 1 Коринт 2:6, 7, 13-ыг уншина). Тийм учраас Бурхандаа үйлчлэх ажилд амжилт олж, мөнхийн шагналаа хардаг байсан (2 Тим. 4:8).
13. Хэн биднийг Бурхантай адилхан боддог болгох вэ?
13 Бурхны үзэл бодол өнөөгийн ертөнцийнхтэй харьцуулшгүй агуу гэдэг нь илэрхий байна. Бид Бурхны хэм хэмжээг баримталбал жинхэнэ ёсоор жаргалтай амьдарна. Гэхдээ Ехова үзэл бодлоо баримтлуулах гэж хүчилдэггүй. «Итгэмжит, ухаалаг боол» ч, ахлагчид ч бодол санааг маань захирдаггүй (Мат. 24:45; 2 Кор. 1:24). Бид үзэл бодлоо Бурхныхтай нийцүүлэхийг дор дороо хичээх ёстой. Яаж?
«ӨНӨӨ ҮЕИЙН ХЭВЭНД ЦУТГУУЛАХААС» БОЛГООМЖИЛ
14, 15. а) Еховатай адилхан боддог болохын тулд юуг эргэцүүлэн бодох шаардлагатай вэ? б) Ертөнцийнхний үзэл бодлыг ухаан санаандаа нэвтрүүлэхээс сэрэмжлэх ёстойн учир юу вэ? Жишээгээр тайлбарлана уу.
14 Ром 12:2-т «Өнөө үеийн хэвэнд цутгуулахаа боль. Харин Бурхны сайн, тааламжтай, төгс төгөлдөр хүслийг сайн мэдэж авахын тулд үзэл бодлоо өөрчилснөөр өөрийгөө өөрчил» гэсэн зөвлөгөө бий. Үнэнийг мэдэхээсээ өмнө ямар ч хэвэнд цутгуулсан бай, Бурхантай адилхан бодож сурах боломжтойг энэ зүйлээс мэдэж болно. Удамшил, амьдралын туршлага бидний сэтгэхүйд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байдаг нь үнэн. Гэлээ ч үзэл бодлыг өөрчилж болдог. Энэ нь юу боддогоос ихээхэн шалтгаална. Еховагийн үзэл бодлын талаар эргэцүүлэн бодвол зөв гэдэгт нь бат итгэнэ. Тэгээд аяндаа Бурхантай адилхан боддог болно.
15 Гэхдээ Еховатай адилхан бодохын тулд «өнөө үеийн хэвэнд цутгуулахаа болих» шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Бурхныхтай зөрчилддөг үзэл бодлыг хөхүүлэн дэмждэг аливаа бүхнийг үзэх, унших, сонсохоо болино гэсэн үг. Энэ нь хэчнээн чухал болохыг жишээгээр тайлбарлая. Нэг хүн биеэ эрүүлжүүлье гээд шимтэй хоол идэж эхэлжээ. Тэгсэн хэр нь хор болдог хоол хүнсийг идэхээ болихгүй бол ямар ч ашиггүй биз дээ? Үүнтэй адил, бид ертөнцийнхний үзэл бодлыг ухаан санаандаа шингээгээд байвал Еховатай адилхан боддог болох гэсэн хүчин чармайлт маань талаар болно.
16. Бид өөрсдийгөө юунаас хамгаалах шаардлагатай вэ?
16 Ертөнцийнхний үзэл бодлоос бүрэн ангид байх боломжтой юу? Боломжгүй. Ертөнцөд амьдарч байгаа цагт ертөнцийнхний үзэл бодол бидэнд тодорхой хэмжээгээр нөлөөлнө (1 Кор. 5:9, 10). Дэлгэрүүлж явахдаа ч хүмүүсийн буруу үзэл бодол, худал итгэл үнэмшлийг сонсдог. Буруу үзэл бодлоос бүрмөсөн ангид байх аргагүй ч байнга бодож болохгүй. Бас тийм үзэл бодолтой эвлэрэх учиргүй. Бид Есүсийг дуурайн Сатаны үзэл бодлыг нэн даруй няцаах ёстой. Ингэвэл ертөнцийнхний үзэл бодлын нөлөөнд автахаас өөрийгөө хамгаална (Сургаалт үгс 4:23-ыг уншина).
17. Ертөнцийнхний үзэл бодлын нөлөөнд автахгүйн тулд яах вэ?
17 Жишээ нь найз нөхрөө сонгохдоо хянамгай байх учиртай. Еховаг шүтдэггүй хүмүүстэй дотно байвал тэдэнтэй адилхан боддог болно шүү гэсэн анхааруулга Библид бий (Сур. 13:20; 1 Кор. 15:12, 32, 33). Үзэх сонсох зүйлээ сонгохдоо ч болгоомжтой байх нь чухал. Эволюцийн онол, хүчирхийлэл, садар самуун явдлыг хөхүүлэн дэмжсэн зүйлийг үзэж сонирхохгүй байвал «Бурхны тухай мэдлэгтэй зөрчилддөг» үзэл бодлоор ухаан санаагаа хордуулахгүй (2 Кор. 10:5).
18, 19. а) Өнгөц харахад аюулгүй юм шиг үзэл бодол халдварлахаас өөрийгөө хамгаалах ёстойн учир юу вэ? б) Өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ? Яагаад?
18 Түүнчлэн өнгөц харахад аюулгүй юм шиг үзэл бодлыг олж мэдээд, нөлөөнд нь автахаас сэрэмжлэх ёстой. Жишээлбэл мэдээгээр улс төрийн үзэл баримтлалыг дэмжсэн шинжтэй зүйлийг ярьж болох юм. Бас ертөнцийнхний хөхүүлэн дэмждэг зорилго, бахархдаг амжилтын тухай нэвтрүүлэг гардаг. «Би л», «манайх л» гэсэн үзлийг ухаалаг, сэтгэл татам, тэр ч бүү хэл зөв мэтээр харуулдаг кино, ном зохиол бий. Иймэрхүү үзэл бодол нь Библид бичсэн үзэл бодолтой зөрчилддөг. Еховаг бүхнээс илүү хайрлавал бид ч, гэр бүл маань ч жаргалтай болно гэж Библид байдаг (Мат. 22:36–39). Түүнээс гадна хүүхдийн зарим зохиол хал балгүй гэмээр харагддаг боловч цаагуураа садар самуун явдалтай эвлэрэх суурийг тавьдаг.
19 Ашиг тустай юмыг үзэж харах, уншиж сонсох нь буруу биш л дээ. Гэхдээ дараах асуултыг өөрөөсөө асууя. «Ертөнцийнхний үзэл бодлыг далдуур сурталчилж байгааг би анзаардаг уу? Зурагтын зарим нэгэн нэвтрүүлэг юм уу сонин сэтгүүлийг үзэж сонирхон нөлөөнд нь автахаас хүүхдээ, бас өөрийгөө хамгаалдаг уу? Хүүхдээ ертөнцийн үзэл бодлын нөлөөнд автахаас сэргийлж Еховагийн үзэл бодолтой болоход нь тусалдаг уу?». Бурхны болон ертөнцийнхний үзэл бодлын ялгааг мэдвэл «өнөө үеийн хэвэнд цутгуулахаас» сэргийлж чадна.
ТА ОДОО ЯМАР ХЭВЭНД ЦУТГУУЛЖ БАЙГАА ВЭ?
20. Бурхантай адилхан бодох уу, ертөнцийнхөнтэй адилхан бодох уу гэдэг маань юунаас шалтгаалах вэ?
20 Мэдээллийн хоёрхон эх сурвалж байдгийг санаарай. Нэг нь Ехова, нөгөө нь Сатаны эрхшээлд байдаг энэ ертөнц юм. Та алиных нь хэвэнд цутгуулж байгаа вэ? Аль эх сурвалжаас мэдээлэл авч байна, түүний хэвэнд цутгуулж байна гэсэн үг. Ертөнцөөс мэдээлэл авбал ертөнцийн хэвэнд цутгуулна. Тэгээд ертөнцийнхөн шиг боддог, хийдэг болно. Тийм учраас үзэх харах, унших сонсох, бодох эргэцүүлэх бүхнээ сонгохдоо хянамгай байх нь чухал.
21. Дараагийн өгүүллээр ямар чухал зүйлийн тухай ярилцах вэ?
21 Еховатай адилхан бодохын тулд аливаа муу юмны нөлөөнд автахаас сэргийлээд зогсохгүй, түүнээс илүү их юм хийх хэрэгтэйг энэ өгүүллээр үзлээ. Бурхны үзэл бодлын талаар эргэцүүлэн бодох хэрэгтэй. Чухам яаж гэдгийг дараагийн өгүүллээр үргэлжлүүлэн ярилцъя.
a Үнэн хэрэгтээ, өөрийн эрхээр явах дуртай хүн ч бусдын нөлөөнд автчихдаг. Жишээ нь юу өмсөх гэх мэтийн энгийн асуудлаас өгсүүлээд амьдралын үүсэл гэх мэтийн нарийн түвэгтэй асуудлыг шийдэхдээ бусдын нөлөөнд жаахан ч гэсэн автчихдаг. Гэхдээ хэнийг дагахаа өөрөө шийдэх боломжтой.