«Та нар миний нөхөд мөн»
«Хэрэв та нар Миний тушаасныг хийвэл, та нар Миний нөхөд мөн» (ИОХ. 15:14).
1, 2. а) Есүсийн нөхөд ямар хүмүүс байсан бэ? б) Есүсийн анд нөхөр байх нь яагаад чухал бэ?
ЕСҮСТЭЙ хамт дээд давхрын өрөөнд янз бүрийн хүмүүс байв. Ах дүү Петр Андрей хоёр загасчид байсан бол Матай иудейчүүдийн дунд үнэ хүндгүй татвар хураагчийн ажил хийдэг байжээ. Иаков Иохан хоёр Есүсийг багаас нь мэддэг байсан биз ээ. Харин Натанаел нарын хүмүүс Есүстэй хэдхэн жилийн өмнө танилцсан байв (Иох. 1:43–50). Гэхдээ түүхэнд мартагдашгүй Дээгүүр өнгөрөх баярыг Есүстэй хамт тэмдэглэсэн тэр хүмүүс бүгдээрээ түүнийг амласан Мессиа, амьд Бурхны Хүү гэдэгт бүрэн итгэлтэй байлаа (Иох. 6:68, 69). Есүс тэдэнд: «Би та нарыг анд нөхөд хэмээн дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ» гэж хэлэхэд хэчнээн таатай байсан бол оо! (Иох. 15:15).
2 Есүсийн үнэнч элч нартаа хэлсэн энэ үг нь зарчмын хувьд орчин үеийн тослогдсон христиануудад, илүү өргөн хүрээнд авч үзвэл, тэдний хамтрагч «өөр хонинуудад» ч хамаатай юм (Иох. 10:16, ШГ). Бид нийгмийн янз бүрийн давхаргаас гаралтай ч Есүсийн анд нөхөр байх хосгүй завшаан эдэлдэг. Есүсийн анд нөхөр байх нь туйлын чухал юм. Учир нь Есүстэй анд нөхөр болж байж л Еховагийн анд нөхөр болдог. Үнэндээ, Христтэй дотно харьцаа тогтоохгүйгээр Еховатай ойр дотно харьцаа тогтоох аргагүй (Иохан 14:6, 21-ийг уншина уу). Тэгвэл Есүсийн анд нөхөр болохын тулд, бас анд нөхөр нь байхын тулд яах хэрэгтэй вэ? Энэ чухал сэдвийг авч үзэхээсээ өмнө Есүс сайн нөхөр байхын жишээг хэрхэн үзүүлснийг ярилцъя. Бас элч нар өөрсөдтэй нь нөхөрлөсөн Есүст хэрхэн хандаж байснаас юу сурч болохыг мэдэж авцгаая.
Есүс сайн анд нөхөр байхын жишээ үзүүлсэн
3. Хүмүүс Есүсийг юугаар нь мэддэг байсан бэ?
3 «Баян хүнд олон найз нөхөд байдаг» гэж мэргэн ухаант Соломон хаан бичжээ (Сур. 14:20). Энэ үг нь төгс бус хүний нэг муу талыг харуулдаг. Хүн бусдад өгөхөө бус, авахаа бодож найз нөхөр болох нь бий. Харин Есүс тийм дутагдалгүй хүн байсан. Тэрбээр бусдын хөрөнгө мөнгө, нэр хүндэд нь татагдан дотносож байгаагүй. Есүс нэгэн баян удирдагч залууг хайрласандаа дагалдагчаа болохыг уриалсан нь үнэн. Гэхдээ түүнд эд хөрөнгөө зарж, ядууст өгөхийг зөвлөсөн юм (Марк 10:17–22; Лук 18:18, 23). Үнэндээ, олон түмэн Есүсийг баян чинээлэг, нэр алдартай хүмүүстэй нөхөрлөдгөөр нь бус, харин ядуу дорд, ад үзэгдсэн хүмүүстэй нөхөрлөдгөөр нь мэддэг байсан (Мат. 11:19).
4. Есүсийн нөхдийг алдаж энддэг байсан гэж хэлж болохын учир юу вэ?
4 Есүсийн нөхөд алдаж энддэг хүмүүс байсан нь үнэн. Жишээ нь, Петр зарим асуудалд хүний үзлээр хандчихдаг байв (Мат. 16:21–23). Иаков Иохан хоёр нэр хүндэд дурласандаа Хаанчлалд дээгүүр байр суурь өгөхийг Есүсээс гуйж бусдынхаа дургүйг хүргэсэн удаатай. Бас элч нар хэн нь хамгийн агуу вэ гэж байнга маргадаг байв. Гэхдээ Есүс тэвчээр гарган, уурлаж цухалдахгүйгээр нөхдийнхөө үзэл бодлыг засахыг хичээж байсан (Мат. 20:20–28).
5, 6. а) Есүс ямар учраас 11 элчтэйгээ анд нөхрийн харьцаатай байсан бэ? б) Есүс ямар учраас Иудасаас анд нөхрийн холбоогоо тасалсан бэ?
5 Есүс төгс бус хүмүүстэй нөхөрлөж байсан нь хэтэрхий зөөлөн зантайнх юм уу дутагдлыг нь нүдээ аниад өнгөрүүлдэг байсных биш ээ. Харин тэдний чин сэтгэл, сайн талыг нь голлон хардаг байсных юм. Жишээ нь, Есүсийн хувьд хамгийн хэцүү үед Петр Иаков Иохан гурав тусалж дэмжихийн оронд унтаад өгдөг. Тэгэхэд нь Есүсийн урам хугарсан нь мэдээж. Гэсэн ч тэдний чин сэтгэлийг ойлгож байсан учир «Сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой юм» гэж хэлсэн (Мат. 26:41).
6 Харин Искариотын Иудасаас Есүс анд нөхрийн холбоогоо тасалсан юм. Иудас гаднаа нөхрийн дүр эсгэж байсан ч зүрх сэтгэл нь хувирч, урьдынх шигээ дотнын анд нь байхаа больсныг Есүс мэдсэн. Иудас ертөнцтэй найзалсны гайгаар Бурхны дайсан болжээ (Иак. 4:4). Тиймээс Есүс Иудасыг явуулсныхаа дараа үнэнч 11 элчдээ анд нөхрийн харьцаатайгаа батлан хэлсэн билээ (Иох. 13:21–35).
7, 8. Есүс нөхдөө хайрладгаа хэрхэн харуулсан бэ?
7 Есүс үнэнч нөхдийнхөө алдаа дутагдлыг хэтэрхий их анхаардаггүй байсан бөгөөд тэднийхээ сайн сайхны төлөө чадах бүхнээ хийсэн. Тухайлбал, сорилттой тулгарахад нь хамгаалахыг Эцгээсээ гуйж залбирсан (Иохан 17:11-ийг уншина уу). Тэдний хэр чадлыг ч харгалзан үздэг байв (Марк 6:30–32). Бас өөрөө л яриад байдаггүй, харин тэдний үгийг сонсдог, сэтгэлийг нь хуваалцахаас төвөгшөөдөггүй байсан (Мат. 16:13–16; 17:24–26).
8 Есүс нөхдийнхөө төлөө амьдарч байснаар үл барам тэдний төлөө амиа зориулсан юм. Тэрбээр Эцгийнхээ тогтоосон шударга ёсны шаардлагыг хангахын тулд амиа зориулах ёстойгоо мэдэж байсан (Мат. 26:27, 28; Евр. 9:22, 28). Гэхдээ хайранд хөтлөгдөн амиа өгсөн билээ. Есүс: «Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй» гэж хэлсэн (Иох. 15:13).
Есүсийг дотносон нөхөрлөхөд шавь нар нь хэрхэн хандсан бэ?
9, 10. Хүмүүс Есүсийн өгөөмөр сэтгэлд хэрхэн ханддаг байсан бэ?
9 Есүс хүмүүсийн төлөө цаг зав, сэтгэл зүрх, эд хөрөнгөө харамгүй зориулдаг хүн байв. Тийм учраас хүмүүс ч түүнд татагдаж, юу байгаагаа өгдөг байсан (Лук 8:1–3). Есүс өөрийн туршлагад тулгуурлан: «Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно» гэж хэлсэн юм (Лук 6:38).
10 Зарим хүн ашиг харсандаа л Есүсийн анд нөхөр болохыг оролдож байжээ. Ийм хуурамч найзууд нэгэн сургаалыг нь ойлгоогүйгээс болж Есүсийг орхисон юм. Уг нь тэд Есүст эргэлзэхгүй байж болох байсан ч тэр даруй буруу дүгнэлт хийгээд түүнийг орхиод явсан. Харин элч нар нь түүнд үнэнч хэвээрээ байсан. Тэд Христтэй нөхөрлөдгөөсөө болж олон удаа соригдож байсан ч сайн муу аль ч үед түүнийг дэмжихийн тулд чадах бүхнээ хийж байжээ (Иохан 6:26, 56, 60, 66–68-ыг уншина уу). Есүс дэлхийд өнгөрүүлсэн сүүлийн үдэш анд нөхдөдөө: «Намайг сорилтод байх үед Миний хажууд зогсож байсан нь та нар мөн» хэмээн тэднийг үнэлдгээ хэлсэн (Лук 22:28).
11, 12 Есүс шавь нартайгаа анд нөхдийн харьцаатай гэдгээ хэрхэн баталсан бэ? Тэгэхэд нь шавь нар нь яасан бэ?
11 Үнэнч хэмээн магтуулж байсан шавь нар нь ч бас Есүсийг тун удалгүй орхиод явжээ. Гэхдээ ингэсэн нь Христийг хайрлахаа бүр больсон хэрэг биш байв. Харин хүнээс айх айдаст хэсэгхэн зуур автсан ажээ. Гэлээ ч Есүс тэднийг дахиад уучилсан. Тэрбээр үхээд амилсныхаа дараа шавь нартаа үзэгдэж, тэдэнтэй урьдынх шигээ анд нөхдийн харьцаатай гэдгээ баталсан. Бас тэдэнд «бүх үндэстнийг дагалдагч болгож», «дэлхийн хязгаар хүртэл» өөрийг нь гэрчлэх чухал даалгавар өгсөн (Мат. 28:19; Үйлс 1:8). Тэгэхэд шавь нар нь яасан бол?
12 Есүсийн шавь нар Хаанчлалын мэдээ дэлгэрүүлэх ажилд зүрх сэтгэлээ зориулж, чадах бүхнээ хийсэн. Тэд Еховагийн ариун сүнсний дэмжлэгтэйгээр Иерусалимыг сургаалаараа булж орхив (Үйлс 5:27–29). Амь насанд нь аюул тулгарч байхад ч тэд хүмүүсийг шавь болго хэмээсэн Есүсийн тушаалыг дуулгавартай биелүүлсээр байсан. Элч Паулын бичсэнээр, Есүсийг тийн тушааснаас хойш хэдхэн арван жилийн дараа гэхэд сайн мэдээ нь «тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагджээ» (Кол. 1:23). Тэгэхлээр, шавь нар Есүстэй тогтоосон анд нөхрийн харьцаагаа хэр зэрэг үнэлдэг байсан нь харагдаж байна.
13. Есүсийн шавь нар сургаалыг нь амьдралдаа хэрхэн хэрэгжүүлсэн бэ?
13 Есүсийн шавь бологсод заасан сургаалыг нь бас хувийнхаа амьдралд хэрэгжүүлсэн. Үүний тулд тэдний олонхид нь биеэ авч явах байдал, зан чанараа эрс өөрчлөх шаардлага гарчээ. Шинээр христиан болсон зарим хүн өмнө нь ижил хүйстэнтэйгээ нөхцөгч, завхай, архичин, хулгайч байжээ (1 Кор. 6:9–11). Зарим нь өөр үндэстэн ястанд хандах хандлагаа өөрчлөх ёстой болсон байна (Үйлс 10:25–28). Гэсэн ч тэд Есүст дуулгавартай байж, хуучин хүнээ хойш тавьж, шинэ хүнийг өмссөн аж (Ефес 4:20–24). Өөрөөр хэлбэл, «Христийн оюун ухааныг» өөрийн болгох буюу Христийн үзэл бодол, үйл хэргийг ойлгож, дуурайхыг хичээдэг болжээ (1 Кор. 2:16).
Өнөөдөр Христтэй нөхөрлөх нь
14. Есүс «үеийн төгсгөлд» юу хийхээ амласан бэ?
14 І зууны христиануудын олонх нь Есүсийг таньдаг юм уу дахин амилсных нь дараа харсан хүмүүс байв. Бидэнд тийм хосгүй боломж олдоогүй нь үнэн. Тэгвэл Христтэй яаж анд нөхөр бололцох вэ? Нэг арга нь одоо дэлхийд байгаа Христийн тослогдсон ах дүүсээс бүрддэг итгэмжит ухаалаг боолын ангийн удирдлага зааврыг дуулгавартай дагах явдал юм. Есүс «үеийн төгсгөлд» «хамаг эзэмшил хөрөнгөө» энэхүү боолд даатгахаа амласан билээ (Мат. 24:3, 45–47). Өнөөдөр Христтэй нөхөрлөхийг хүсдэг хүмүүсийн дийлэнх олонх нь боолын ангид багтдаггүй хүмүүс юм. Итгэмжит боолын ангийн удирдлага зааврыг хүлээж авах, Христтэй нөхөрлөх хоёр ямар холбоотой вэ?
15. Хүнийг «хонь» уу «ямаа» юу гэдгийг тодорхойлохдоо юуг голлон анхаарах вэ?
15 Матай 25:31–40-ийг уншина уу. Есүс итгэмжит боолын ангид багтах хүмүүсийг өөрийнхөө ах дүүс гэсэн байдаг. Есүс ах дүүст нь хэрхэн хандана, өөрт нь тийн хандсан хэрэг гэж үзэхээ хонь ямааг ялгах тухай жишээгээр тодорхой хэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хүнийг «хонь» уу «ямаа» юу гэдгийг тодорхойлохдоо Есүсийн «ах дүүсийн ... хамгийн дордод нь» хэрхэн хандаж байсныг нь голлон анхаарах ажээ. Тиймээс дэлхийд амьдарна гэж найддаг хүмүүс Христтэй нөхөрлөх хүслээ, гол нь, итгэмжит боолын ангийг дэмждэгээрээ харуулж болно.
16, 17. Христийн ах дүүстэй нөхөрлөдгөө хэрхэн харуулж болох вэ?
16 Хэрэв та Бурхны Хаанчлалын удирдлага дор дэлхийд амьдарна гэж найддаг бол Христийн ах дүүстэй нөхөрлөдгөө юугаар харуулах вэ? Гурван аргыг л авч үзье. Нэгдүгээрт, дэлгэрүүлэх ажилд чин сэтгэлээсээ оролцох хэрэгтэй. Христ сайн мэдээг дэлхий даяар дэлгэрүүлэхийг ах дүүстээ тушаасан билээ (Мат. 24:14). Гэхдээ эдүгээ дэлхийд үлдээд байгаа ах дүүсийнх нь хувьд энэ даалгаврыг хамтран зүтгэгч өөр хонинуудын тусламжгүйгээр биелүүлнэ гэдэг амаргүй. Үнэхээр ч өөр хонинуудын тоонд багтдаг хүмүүс дэлгэрүүлэх бүрдээ Христийн ах дүүсийг ариун даалгавраа биелүүлэхэд нь тусалдаг. Итгэмжит ухаалаг боолын анги Христийн адилаар нөхдийнхөө тусыг өндөр үнэлдэг.
17 Христийн ах дүүсийг дэмжих хоёр дахь арга нь дэлгэрүүлэх ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх явдал юм. Есүс дагалдагчдадаа «шударга [«бус», ШЕ] эд баялгаараа» анд нөхөдтэй болохыг уриалсан байдаг (Лук 16:9). Мэдээж, мөнгө төгрөг л байвал Ехова Есүс хоёртой дотносон нөхөрлөж болдог гэсэн үг биш ээ. Харин Хаанчлалын үйл хэргийг өргөжүүлэн тэлэхэд хөрөнгө мөнгөө зориулбал андын холбоо болон хайрын сэтгэлээ дан ганц «үг хэлээр бус, харин ажил үйлс, үнэнээр» батлан харуулна гэсэн үг (1 Иох. 3:16–18). Дэлхий даяар дэлгэрүүлэх үйл хэрэг болон танхим барих, засаж тохижуулах ажилд хандив өргөх, бас дэлгэрүүлэх ажилд оролцох зэрэг нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх аргад багтдаг. Бидний хандив их ч бай, бага ч бай, баяртайгаар өгдгийг маань Ехова Есүс хоёр өндөр үнэлдэг (2 Кор. 9:7).
18. Ахлагчдын өгдөг Библид үндэслэсэн удирдлага зааврыг дагах ёстойн учир юу вэ?
18 Христийн нөхөд гэдгээ батлах гурав дахь арга бол хурлын ахлагчдын удирдлага зааврыг хүлээж авах явдал юм. Хурлын ахлагчид Христийн удирдлага дор ариун сүнсээр томилогддог (Ефес 5:23). Элч Паул: «Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун» гэж захисан (Евр. 13:17). Ахлагчдыг Библид үндэслэсэн зөвлөгөө өгөхөд заримдаа хүлээж авах нь амаргүй санагдаж болох юм. Тэдний алдаа дутагдлыг мэддэгээсээ болоод ч тэр үү, зөвлөгөөг нь ойшоож үзэхгүй байж мэднэ. Гэсэн ч хурлын Тэргүүн Христ тийм төгс бус хүмүүсийг хуралдаа дуртайяа үйлчлүүлдэг шүү дээ. Тиймээс Христийн анд нөхөд байх эсэх маань ахлагчдын эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, тэдэнд захирагддаг эсэхээс шууд шалтгаална. Ахлагчдын дутагдлыг анхаарахын оронд заавар зөвлөгөөг нь дуртайяа дагавал Христийг хайрладгаа батлан харуулна.
Сайн найзыг олох нь
19, 20. Христиан хурлаас ямар найзыг олж болох вэ? Дараагийн өгүүллээр юун тухай үзэх вэ?
19 Есүс өнөөдөр ч биднийг анхааран халамжилдаг учир хуралд халамжит хоньчдыг төдийгүй сүнслэг эх, ах дүү, эгч дүү өгдөг (Марк 10:29, 30-ийг уншина уу). Таныг Еховагийн Гэрчүүдтэй анх харьцаж эхлэхэд хамаатан садангууд тань яаж хандсан бэ? Бурхан болон Христтэй дотно харьцаа тогтоох гэж хичээж байсан таныг дэмжсэн болов уу. Гэхдээ Есүсийн анхааруулснаар, заримдаа «хүний дайсан нь ... гэр бүлийнхэн нь болдог» аж (Мат. 10:36). Тэгвэл төрсөн ах дүүгээс ч дотно байж чадах анд нөхрийг христиан хурлаас олж болдог гэж бодохлоор сэтгэл уужирдаг (Сур. 18:24).
20 Паул Ром дахь хуралд бичсэн захидлынхаа төгсгөлд мэнд дамжуулсныг нь үзвэл олон сайн найзтай байсан нь харагддаг (Ром 16:8–16). Бас элч Иохан гурав дахь захидлаа: «Анд нөхдөд нэрээр нь мэнд хүргээрэй» гэж төгсгөсөн байдаг (3 Иох. 15). Тэгэхлээр, Иохан ч он жилийн уртад нөхөрлөж явсан дотно андуудтай хүн байж. Сүнслэг ах дүүстэйгээ сайн найзууд болж, андын холбоогоо зузаатгая гэвэл Есүс болон эртний христиануудын жишээг хэрхэн дуурайх вэ? Энэ асуултын хариуг дараагийн өгүүллээр үзье.
Хариулна уу
• Есүс хэрхэн сайн найз байхын жишээ үзүүлсэн бэ?
• Есүсийг дотносон нөхөрлөхөд шавь нар нь хэрхэн хандсан бэ?
• Христийн нөхөд гэдгээ яаж батлан харуулах вэ?
[14-р хуудасны зураг]
Есүс нөхдийнхөө үгийг сонсдог, сэтгэлийг нь хуваалцдаг байсан
[16-р хуудасны зураг]
Христтэй нөхөрлөхийг хүсдэгээ хэрхэн харуулж болох вэ?