Еврейчүүдэд бичсэн захидал
13 Бие биеэ ах дүүгийн ёсоор үргэлж хайрлаарай. 2 Зочломтгой байхыг* мартаж болохгүй. Учир нь зочломтгой зарим хүн мэдэлгүйгээр тэнгэрийн элчүүдийг дайлсан юм. 3 Шоронд байгаа хүмүүстэй хамт байгаа юм шиг тэднийг санаж байгаарай. Та нар ч гэсэн махан биетэй учир ад үзэгддэг хүмүүсийг ч санаж байгаарай.* 4 Бүгд гэрлэлтийг хүндлэг. Гэрлэсэн хүмүүсийн ор бузартаагүй байг. Учир нь ганц бие ч бай, гэрлэсэн ч бай садар самуун* явдалтай бүх хүнийг Бурхан шүүнэ. 5 Мөнгийг бүү хайрла, харин байгаа юмандаа сэтгэл хангалуун бай. Учир нь тэрээр: «Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч хаяхгүй» гэж айлдсан билээ. 6 Тиймээс бид зоригтой байж, «Ехова* бол миний туслагч. Би айхгүй. Хүн намайг яах юм бэ?» гэж хэлдэг.
7 Та нарт Бурхны үгийг ярьдаг байсан, та нарыг удирдаж байгаа хүмүүсийг санаж бай. Биеэ зөв авч явдгийг нь санан итгэлийн жишээг нь дуурай.
8 Өөрчлөгдөшгүй Есүс Христ өчигдөр, өнөөдөр, үүрд мөнхөд хэвээрээ.
9 Янз бүрийн, хачин жигтэй сургаалуудад бүү хуурт. Зүрхээ идэх юмаар биш, нигүүлслээр тэнхрүүлэх нь сайн. Учир нь идэх юмыг* хэтэрхий их чухалчлах нь ач тусгүй.
10 Бидэнд тахилын ширээ бий. Сүмд* үйлчилдэг ариун үүрэгтэй хүмүүс түүнээс авч идэх эрхгүй. 11 Нүглийн төлөөх тахил болгон өргөхөөр нядалдаг амьтны цусыг тэргүүн тахилч аваад ариун газар ордог. Харин биеийг нь хуарангийн гадна шатаадаг. 12 Үүнчлэн Есүс хүмүүсийг цусаараа ариусгахын тулд хотын* гадна зовсон. 13 Тиймд Есүс шиг доромжлуулахыг тэвчиж, хуарангаас гарч түүн рүү очицгооё. 14 Учир нь үргэлж байх хот одоо бидэнд байхгүй. Харин бид ирээдүйд баригдах хотыг шаргуу хайж байгаа. 15 Тиймээс Бурхны нэрийг олон түмэнд тунхаглах уруулын жимс буюу магтаалын тахилыг Есүсээр дамжуулан үргэлж өргөж байя. 16 Бас сайн юм хийхийг, байгаагаа бусадтай хуваалцахыг бүү март. Яагаад гэвэл ийм тахил Бурханд таалагддаг.
17 Удирдаж байгаа хүмүүстээ дуулгавартай байж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд та нарыг үргэлж анхаарч байдаг бөгөөд үүнийхээ тайланг Бурханд өгнө. Тэдэнд захирагдаж, дуулгавартай байвал тэд үүргээ баяртайгаар, санаа алдалгүйгээр биелүүлэх юм. Харин санаа алдвал та нарт л муу.
18 Бидний төлөө залбирч байгаарай. Учир нь буруу юм хийдэг гэж доторх хүн маань биднийг буруутгадаггүй бөгөөд бид үргэлж шударга байхыг хүсдэг. 19 Ялангуяа, намайг та нартай удахгүй уулзуулж өгөхийг Бурхнаас гуйхыг аминчлан захья.
20 Мөнхийн гэрээний цусыг өргөсөн, хоньдын агуу хоньчин, бидний Эзэн Есүсийг амилуулсан амар тайвны Бурхан 21 таалалд нь нийцдэг бүхнийг хийхэд шаардлагатай бүхнээр та нарыг хангах болтугай. Таалалд нь нийцдэг зүйлийг хийх хүслийг Есүс Христээр дамжуулан төрүүлдэг Бурхан үүрд мөнх алдаршиг. Амен.
22 Ах дүү нар аа, та нарыг урамшуулах гэж бичсэн богино захидлыг минь тэвчээртэй сонсоорой. 23 Итгэл нэгт Тимот маань суллагдсаныг дуулгая. Тэр удахгүй ирвэл би түүнтэй хамт танай тэнд очно.
24 Та нарыг удирдаж байгаа хүмүүс болон бүх ариун хүнд миний мэндийг уламжлаарай. Италийн ах дүү нар та нарт мэнд хүргэж байна.
25 Бурхан та бүхнийг нигүүлсэх болтугай.