Танд «Христийн санаа» бий юү?
«Хатуужил ба тайтгарлыг өгдөг Бурхан та нарыг... Христ Есүст байсан шиг тийм оюун санааны хандлагатай байлгах болтугай» (Ром 15:5, ШЕ).
1. Христосын шашны ертөнцийн олон уран зурагт Есүсийг хэрхэн дүрсэлсэн байдаг вэ? Есүсийн тэдгээр дүрслэлийг ямар учраас зөвд тооцож болохгүй вэ?
«ХҮМҮҮС түүний инээж байхыг нэг ч удаа үзээгүй» хэмээн Есүсийн талаар эртний Ромын түшмэлийн бичсэн гэх нэгэн хуурамч баримтад тэмдэглэжээ. XI зууны үеэс одоо байгаагаараа мэдэгдэх болсон уг баримт нь олон зураачид нөлөөлсөн ажээ.a Олон уран зурагт Есүсийг инээддэггүй, бодол болсон, гунигт хүн болгон дүрсэлсэн байдаг. Харин эдгээр зургууд Есүсийн дүрийг зөв гаргасан нь юу л бол. Евангелид түүний халуун бөгөөд нинжин сэтгэлтэй, сэтгэлийн нарийн мэдрэмжтэй болохыг харуулдаг.
2. «Христ Есүст байсан шиг тийм оюун санааны хандлагыг» хэрхэн хөгжүүлж болох вэ? Үүнд юу туслах вэ?
2 Жинхэнэ Есүсийг мэдэхийн тулд дэлхий дээр амьдарч байхдаа ямар хүн байсныг нь оюун ухаан, зүрх сэтгэлээрээ нарийн ойлгох хэрэгтэй. Иймийн тул, «Христийн санаа» буюу, өөрөөр хэлбэл, түүний мэдрэмж, ухамсар, бодол санаа, эргэцүүлэл гэж юу болохыг ойлгуулдаг Евангелийн зарим нэг мэдээллийг авч үзэцгээе (1 Коринт 2:16). Тийн хэлэлцэх явцдаа «Христ Есүст байсан шиг тийм оюун санааны хандлагыг» хэрхэн хөгжүүлэхээ бодоцгооё (Ром 15:5, ШЕ). Энэ нь бидэнд өөрийнхөө амьдралд болон бусадтай харьцахдаа түүний жишээг яг таг дагахад маань тусална (Иохан 13:15).
Хүрэхэд түвэггүй
3, 4. а) Марк 10:13—16-д ямар үйл явдал тэмдэглэгдсэн бэ? б) Шавь нар нь хүүхдүүдийг өөр уруу нь ирүүлэхгүй байгааг мэдээд Есүс яасан бэ?
3 Хүмүүс Есүст татагджээ. Нас хүйс, нийгмийн байдлаараа янз бүрийн хүмүүс түүнтэй чөлөөтэй харьцдаг байв. Марк 10:13—16-д тийм нэгэн тохиолдлыг тэмдэглэжээ. Энэ нь Есүсийг тарчлан үхэхээр Иерусалимд сүүлчийн удаа очоод байсан эцсийн үйлчлэлийнх нь үед болсон явдал юм (Марк 10:32—34).
4 Үйл явдал хэрхэн болж буйг төсөөлцгөөе. Хүмүүс бага балчир, нялх хүүхдүүдээ ивээлгэхээр Есүс дээр авчирч байлаа.b Гэвч шавь нар нь тэднийг Есүс уруу ирэхийг нь болиулах гэж хичээж байна. Энэ шийдвэрлэх долоо хоногт хүүхдүүд түүнд төвөг удаж магадгүй гэж бодсоноос зайлахгүй. Гэвч тэд эндүүрчээ. Есүс шавь нарынхаа юу хийж байгааг мэдээд дурамжхан байв. Тэрбээр: «Хүүхдүүдийг над уруу ирэхийг зөвшөөр. Тэднийг бүү хорь» гээд охид, хөвгүүдийг дуудаж авчрав (Марк 10:14). Тийнхүү түүний хийж буй зүйлээс нинжин сэтгэл, хайр нь илэрч байв. Евангелид: «Есүс хүүхдийг тэвэрч, тэдэн дээр гараа тавиад ерөөв» гэжээ (Марк 10:16). Есүсийн элбэрэлт гарт тэврүүлж байсан хүүхдүүд түүнтэй байхдаа тайван байсан нь мэдээж.
5. Марк 10:13—16-д бичигдсэн зүйл бидэнд Есүсийн ямар хүн байсан тухай юу хэлж өгдөг вэ?
5 Энэхүү товчхон мэдээлэл бидэнд Есүсийн ямар хүн байсан тухай их зүйлийг хэлж өгдөг. Түүнд хүрэхэд түвэггүй хүн байсныг анхаараарай. Хэдийгээр Есүс тэнгэрт өндөр байр суурьтай байсан ч төгс бус хүмүүсийг айлгаа ч үгүй, дорд үзээ ч үгүй (Иохан 17:5). Тэр байтугай хүүхдүүд хүртэл түүнтэй хамт байхдаа амар тайван байсан нь гайхалтай биш гэж үү? Тэд, огтхон ч инээж хөхөрдөггүй, хүйтэн цэвдэг, баяр баясалгүй хүнд татагдах уу даа? Янз бүрийн насны хүмүүс Есүстэй чөлөөтэй харьцаж байв. Учир нь тэд түүний халуун дулаан сэтгэл, хайр халамжийг нь мэдэрч байсан бөгөөд өөрсдөөс нь нүүр буруулахгүй гэдэгт итгэлтэй байсан.
6. Яавал ахлагч нар ойртоход илүү түвэггүй болж болох вэ?
6 Энэ мэдээллийг сайтар тунгаасныхаа дараа «Надад „Христийн санаа“ бий юү? Би хүнд ойрхон хүн мөн үү?» хэмээн асууж ч болно. Энэ «хэцүү цагт» Бурхны хонинуудад «салхины хамгаалалт»-тай зүйрлэм хүрэхэд түвэггүй хоньчид хэрэгтэй (Исаиа 32:1, 2; 2 Тимот 3:1). Ахлагч нар аа, хэрэв та нар ах дүү нараа чин сэтгэлээсээ, үнэн санаанаасаа сонирхож, тэдэнд цаг зав, хүч хөдөлмөр гаргахад бэлэн байвал тэд та нарын сэтгэлийг ойлгоно. Тэд та бүхний нүүр царайг харна, дуу хоолойны өнгийг сонсоно, биеэ авч яваа байдлыг ажиглах болно. Тийм үнэн сэтгэлийн халуун дулаан байдал, хайр халамж нь итгэлцэх орчинг бий болгож, ингэснээр бусдад, тэр дундаа, хүүхдүүдэд та нартай харьцахад амар байх болно. Христосын шашинтан нэгэн эмэгтэй нэг ахлагчтай илэн далангүй ярилцахад нь ямар учраас амархан байсныг ийн тайлбарласан байна. «Тэр надтай аядуу зөөлөн, өрөвдөн хайрласан байдалтайгаар ярьж байсан. Хэрэв тэгээгүй бол би нэг ч үг дуугарахгүй байх байсан. Тэр намайг итгүүлж чадсан» гэжээ.
Бусдын сэтгэлийг ойлгох
7. а) Есүс бусдын сэтгэлийг ойлгодог байснаа яаж баталсан бэ? б) Есүс нэгэн сохор хүнийг ямар учраас аажуухан эмчилсэн бэ?
7 Есүс бусдын сэтгэлийг ойлгож, мэдрэмжийг нь нарийн мэдэрдэг байв. Зовж шаналсан хүмүүсийг харуут л зовлонгоос нь ангижруулах хүсэлд автаж байв (Матай 14:14). Түүнээс гадна тэр хүмүүсийн хэмжээ хязгаар, хэрэгцээ шаардлагыг ойлгодог байсан (Иохан 16:12). Нэгэн удаа хүмүүс нэг сохор хүнийг Есүс дээр авчраад эдгээж өгөхийг гуйжээ. Есүс мөнөөх хүнд аажуухан хараа оруулав. Эхлээд тэр хүн «мод юм уу гэтэл харин тэд явж байна» гэж хэлтлээ тийм бүдэг харж байсан. Дараа нь Есүс түүнд бүрэн хараа оруулсан. Есүс тэр сохор хүнийг яагаад аажуухан эмчилсэн бэ? Харанхуйд байгаад дасчихсан хүн нар туссан, хэцүү ертөнцийг гэнэт хараад цочирдохоос сэргийлсэн байх бүрэн боломжтой юм (Марк 8:22—26).
8, 9. а) Есүс шавь нарын хамт Декаполд очсон даруйд юу болсон бэ? б) Есүс дүлий хүнийг хэрхэн эдгээсэн талаар ярина уу.
8 МЭ 32 оны Өнгөрсний баярын дараа Есүс шавь нартайгаа Галилийн тэнгисийн зүүн талд байдаг Декапол дүүрэгт очиход нэг явдал болжээ. Тэнд олон түмэн тэр даруйдаа Есүсийг олоод өвчтэй, тахир дутуу олон хүнийг авчрахад Есүс тэднийг бүгдийг нь эмчилж эдгээв (Матай 15:29, 30). Сонирхолтой нь тэр, нэг хүнийг илүү их анхаарч байжээ. Евангелийг бичигчдээс ганцхан Марк л уг болсон явдлыг бичиж тэмдэглэсэн байна (Марк 7:31—35).
9 Тэр хүн нь дүлий, бараг ярьж чаддаггүй хүн байв. Есүс энэ хүний маш их догдолж, сандарч байгааг мэдэрсэн ч байж болох юм. Тэгээд Есүс ер бусын хэдэн үйлдэл хийсэн. Есүс тэр хүнийг цугласан олноос зайдуу газар аваачив. Дараа нь, хийх гэж буй зүйлээ тэмдгээр үзүүлсэн. Тэрбээр «хуруугаа чихэнд нь хийж, нулимаад хэлэнд нь хүргэв» (Марк 7:33). Дараа нь тэнгэр өөд ширтээд, залбиран санаа алдсан. Хийж буй эдгээр үйлдлээрээ «Чиний төлөө хийх гэж байгаа зүйл маань Бурхны хүчээр л болох юм шүү» гэж хэлсэнтэй адил байв. Эцэст нь Есүс: «Нээгд» гэж хэлсэн (Марк 7:34). Тэгтэл мөнөөх хүний сонсгол хэвийн болж, чөлөөтэй ярих болжээ.
10, 11. Хурал болон гэр бүлд бусдынхаа сэтгэлийг ойлгож буйгаа хэрхэн үзүүлж болох вэ?
10 Есүс бусдад ямар их анхаарал тавьдаг байв аа! Тэрбээр тэдний бодол санааг тун мэдрэг хүлээн авдаг байсан бөгөөд энэ нь орчныхоо хүмүүсийг өрөвдөн хайрлахад хүргэдэг байсан. Христосын шашинтан бид нар ч бас «Христийн санааг» хөгжүүлэн биеэрээ үзүүлж, Есүсийг дуурайх хэрэгтэй. Библи: «Бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд сүнс дотор даруу байцгаа» хэмээн биднийг уриалдаг билээ (1 Пэтр 3:8). Энэ нь ярих хэлэх, хийх үйлдэхдээ бусдын сэтгэлийг анхаарч үзэхийг биднээс шаардаж байгаа нь лавтай.
11 Хуралд бол, бид бусдыг өөртнйгөө тэгж харьцаасай гэж хүсдэг шигээ бусадтай тийн харьцан, сайн талыг нь хүндэлснээрээ тэдний сэтгэлийг ойлгож байгаагаа харуулах юм (Матай 7:12). Энэ нь өөртөө юуг, яаж ярих вэ гэдгийг бодох хэрэгтэйг багтаадаг (Колоссай 4:6). «Бодлогогүй үгс илдээр дүрэхтэй адил» гэдгийг санаж яваарай (Сургаалт үгс 12:18). Тэгвэл гэр бүлд яах вэ? Бие биедээ үнэхээр хайртай нөхөр эхнэр хоёр бол бие биеийнхээ сэтгэлийг мэдэрдэг (Эфэс 5:33). Тэд эвгүй үг хэлэх, байнга шүүмжлэх, хорон үг хэлэхээс зайлсхийдэг. Энэ бүхэн сэтгэл зүрхийг эдгэршгүй болтол нь шархлуулж болно шүү дээ. Хүүхдүүдэд ч гэсэн сэтгэл мэдрэмжтэй. Хайртай ээж аав бол тэдний сэтгэлийг анхаарч үздэг. Засан хүмүүжүүлэх шаардлагатай үед тийм эцэг эх, хүүхдүүдийнхээ сайн талыг хүндэтгэж, тэднийг ичих гэдэг хэрэггүй зангаас хамгаалдаг (Колоссай 3:21). Ийм маягаар бусдад анхаарал тавьснаараа «Христийн санаатай» гэдгээ үзүүлэх болно.
Бусдад итгэхэд бэлэн байхуй
12. Есүс шавь нартайгаа хэрхэн голы нь барьж, бодитой харьцдаг байсан бэ?
12 Есүс дагалдагч нартаа хандахдаа төлөв түвшин, бодитой ханддаг байжээ. Тэднийг төгс биш гэдгийг сайн мэддэг байсан бөгөөд түүний хувьд хүний зүрх сэтгэл гэдэг дэлгээд тавьсан номтой адил байжээ (Иохан 2:24, 25). Гэлээ ч дагалдагч нарынх нь төгс бус байдал сайн талыг нь олж харахад саад тотгор болоогүй. Түүнчлэн, тэрбээр Еховагийн өөрт нь татаж өгсөн хүмүүсийн боломж бололцоог ч харгалзан үздэг байв (Иохан 6:44). Есүс шавь нарынхаа сайн талыг хардаг байсан нь түүний тэдэнтэй хэрхэн харьцаж, тэдэнд яаж ханддаг байснаар илэрдэг. Тухайлбал тэрбээр тэдэнд итгэдэг гэдгээ нуугаагүй юм.
13. Есүс дагалдагч нартаа итгэдгээ хэрхэн харуулсан бэ?
13 Есүс тэдэнд итгэдэг байснаа хэрхэн харуулсан бэ? Дэлхийг орхин явахдаа тэрээр тослогдсон дагалдагч нартаа туйлын хариуцлагатай үүрэг оноосон. Хаанчлалынх нь үйл хэргийг дэлхий дахинд явуулахыг тэдэнд итгэн хариуцуулжээ (Матай 25:14, 15; Лүүк 12:42—44). Есүс үйлчлэлийнхээ үед дагалдагч нартаа аар саар зүйлд, тэр байтугай хөндлөнгийн асуудал дээр ч итгэдэг болохоо харуулсан. Тэрбээр олон түмэнд зориулан гайхамшгаар хоол хүнсийг олшруулахдаа түүнийг тарааж өгөхийг элч нарт даалгажээ (Матай 14:15—21; 15:32—37).
14. Марк 4:35—41-д бичигдсэн тохиолдлыг товчхон ярина уу.
14 Марк 4:35—41-д бичигдсэн нэг тохиолдлыг авч үзье. Есүс шавь нарынхаа хамт завинд суун, Галилийн тэнгисийн зүүн буюу нөгөө эрэг уруу явжээ. Тэд тэнгисээр хөвж эхлээд удаагүй байтал Есүс онгоцны хитэгт хэвтэн бөх гэгч нь унтаад өгчээ. Гэтэл «хүчтэй салхи үүсчээ». Галилийн тэнгист ийм хүчтэй салхи гарах нь олонтаа. Галилийн тэнгис далайн түвшнээс харьцангуй доор (200 метрт) байсан бөгөөд иймээс тэр хавийн салхи нь орчин тойрныхоо сав нутгийнхаас хамаагүй дулаан байжээ. Энэ нь цаг агаар эрс өөрчлөгдөх үндэс болдог байв. Тэрчлэн, Галилийн тэнгисээс хойд зүгт байдаг Хермон уулнаас Иордан голын хөндийгөөр хүчтэй салхи салхилдаг байлаа. Харин энэ хүчтэй салхи нь хормын төдийд маш хүчтэй шуурга болж болдог байв. Тэгэхээр, Галилд өсөж торнисон Есүс энэ тухай мэддэг байсан гэж үзэж болно. Гэсэн хэдий ч тэрээр зарим нэг нь загасчин хүртэл байсан дагалдагч нарынхаа чадвар туршлагад итгэн, тайван гэгч нь унтсан нь тэр байв (Матай 4:18, 19).
15. Есүсийн бусдад итгэхэд бэлэн байсныг хэрхэн дууриаж болох вэ?
15 Есүсийн дагалдагч нартаа итгэхэд бэлэн байсан байдлыг хэрхэн дууриаж болох вэ? Зарим хүнд хариуцлагыг бусадтай хуваах нь хэцүү бадаг. Тийм хүмүүсийг ямагт залуур дээр байх хэрэгтэй гэж хэлж болно. Тэд асуудалд: «Хэрэв бүх зүйлийг зүй ёсоор нь хийе гэвэл өөрөө л хий» гэж хандах жишээтэй. Гэхдээ бид бүхнийг өөрсдөө хийх хэрэгтэй болбол туйлдаж ядрахаас өгсүүлээд гэр бүлийнхнийхээ цаг завыг ч дэмий үрж болох юм. Үүний зэрэгцээ, бусдад тэдний хүч хүрэх үүрэг оноохгүй, хариуцлага хүлээлгэхгүй бол эзэмшвэл зохих дадал чадвар болон туршлага суулгахгүйд хүрнэ гэсэн үг юм. Бусдад ямар нэгэн ажил үүрэг оноож, улмаар тэдэнд итгэж сурах нь зөв юм. Ингэхдээ: «Христийн санаа» хэрхэн шаарддаг шиг энэ асуудалд би зөв хандаж чадаж байна уу үгүй юу? Бусад хүмүүс хичээнэ гэж итгэн тэдэнд үүрэг даалгавар дуртайяа оноодог уу? гэдгээ шударгаар өөрөөсөө асуух нь зөв.
Тэрээр дагалдагч нартаа итгэдэг байв
16, 17. Есүс дагалдагч нар нь өөрийг нь орхино гэдгийг мэдэж байсан хэдий ч дэлхий дээрх амьдралынхаа сүүлчийн шөнө элч нартаа юуг батлан өгүүлсэн бэ?
16 Есүс дагалдагч нартаа эерэг ханддаг байсан нь өөр нэг чухал асуудал дээр илэрдэг. Тэр тэдэнд итгэдэг гэдгээ ойлгуулсан. Есүс дэлхий дээрх амьдралынхаа сүүлчийн шөнө элч нартаа хандан хэлсэн найдвар төрүүлэм үгнээс энэ нь илүү ойлгомжтой. Тэгэхэд юу болсныг нэхэн санацгаая.
17 Есүсийн хувьд олон үйл явдал тэр үдэш өрнөсөн билээ. Элч нарынхаа хөлийг угаан, даруу байхын жишээ үзүүлсэн. Дараа нь Оройн зоогийг санаачлан бий болгосон бөгөөд хожим нь үүнийг түүний үхлийг дурсан санаж тэмдэглэдэг болжээ. Гэтэл үүний дараа элч нарын дунд хэн нь хамгийн агуу болох талаар маргаан ахин дэгдэхэд тэсвэр тэвчээртэй Есүс тэднийг загнасангүй харин тэдэнтэй зөвлөлджээ. Есүс болох гэж буй үйл явдлын талаар: «Та нар энэ шөнө Надаас болж бүгд бүдрэх болно. Учир нь „Би хоньчинг цохиж унагахад хонин сүрэг тарж бутарна“ гэж бичигдсэн билээ» хэмээн хэлжээ (Матай 26:31; Зехариа 13:7). Тэрээр хамгийн дотно нөхөд нь юунаас ч илүү хэрэгтэй цагт өөрийг нь орхино гэдгийг мэдэж байсан. Гэсэн ч тэрээр тэднийг буруушаагаагүй. Харин ч: «Би амилуулагдсаныхаа дараа, та нараас өмнө Галилд очно» хэмээжээ (Матай 26:32). Хэдийгээр тэд өөрийг нь орхих байлаа ч тэр тэднийг орхихгүй гэдгээ батлан хэлсэн. Хамгийн аймшигтай сорилтууд ард үлдсэн хойно тэр тэдэнтэй дахин уулзана.
18. Есүс Галилд дагалдагч нартаа ямар хариуцлагатай даалгавар өгсөн ба элчүүд үгийг нь хэрхэн дагасан бэ?
18 Есүс үгэндээ хүрсэн билээ. Хожим нь дахин амилсан Есүс Галилд үнэнч 11 элчдээ үзэгдсэн бөгөөд тэдэнтэй хамт өөр олон хүн байсан бололтой (Матай 28:16, 17; 1 Коринт 15:6). Тэнд Есүс тэдэнд тун хариуцлагатай үүрэг оноож: «Иймээс яв, бүх үндэстнийг дагалдагч болго. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээ. Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заагтун» гэж хэлсэн (Матай 28:19, 20). «Үйлс» номоос үзвэл элч нар түүний өгсөн даалгаврыг ёсчлон биелүүлжээ. Тэд нэгдүгээр зуунд сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг үнэнчээр удирджээ (Үйлс 2:41, 42; 4:33; 5:27—32).
19. Есүс дахин амилснаасаа хойш биеэ хэрхэн авч явнаас бид «Христийн санааны» тухай юу мэдэж болох вэ?
19 Библийн энэхүү утга төгөлдөр мэдээллээс «Христийн санааны» талаар бид юу мэдэж авдаг вэ? Есүс элч нарынхаа хамаг муу муухайг харж байсан хэрнээ «тэднийг эцэст нь хүртэл хайрлав» (Иохан 13:1). Тэр тэдний алдаа дутагдлыг үл хайхран өөрсдөд нь итгэдэг гэдгээ тэдэнд мэдүүлсэн. Есүсийн итгэл талаар болоогүй гэдгийг анхаарагтун. Урьд нь Есүсийн тэдэнд итгэж байсан нь даалгаж өгсөн ажлыг хийж гүйцэтгэе хэмээн хатуу шийдэхэд нь эрч хүч хайрласан гэдэг нь эргэлзээгүй.
20, 21. Бид итгэл нэгтнүүддээ хэрхэн сайнаар хандаж болох вэ?
20 «Христийн санаа» биднээс ах дүүсийнхээ итгэлийн асуудлаар хэрхэн хандахыг шаарддаг вэ? Итгэл нэгт нөхдийнхөө тухайд гутрангуй үзэлтэй байх хэрэггүй. Хэрэв та тэдний тухайд тааруу бодолтой байдаг бол энэ нь үг яриа болон үйл хэргээр тань илрэх болно (Лүүк 6:45). Хайр «бүгдэд итгэдэг» гэж Библи бидэнд өгүүлдэг (1 Коринт 13:7). Хайр бол өөрийн мөн чанараар сөрөг бус харин эерэг чанар юм. Хайр нь бүтээн бий болгодог болохоос устган сүйтгэдэггүй. Хүмүүс хайр болон урамшуулалыг айлган сүрдүүлэхээс илүүтэй хүлээн авч хариу өгдөг. Бид хүмүүст итгэдэг гэдгээ харуулан, тэдний сэтгэлийг засаж, урамшуулан зоригжуулж болно (1 Тэсалоник 5:11). Хэрэв бид Христийн адилаар ах дүү нартаа сайнаар хандах аваас тэднийг бэхжүүлж мөн зүтгэл гаргах хүсэлтэй болгоно.
21 «Христийн санааг» хөгжүүлж, түүгээр бусдад хандана гэдэг бол зөвхөн ямар нэг зүйлд Есүсийг дууриахаас илүү өргөн утгатай юм. Өмнөх өгүүлэлд дурьдсаны дагуу Есүсийг үнэхээр дууриана гэдэг бол юуны түрүүнд бүхнийг түүний нүдээр харж сурах явдал юм. Түүний өөр нэг чанарыг олж харахад, түүнд оноон өгсөн ажлын талаар юу боддог байсныг, тэр ажил нь түүнд ямар сэтгэгдэл төрүүдэг байсан талаар улам ихийг мэдэхэд Евангели бидэнд тусалдаг. Энэ тухай дараах өгүүлэлд буй.
a Хуурамч баримтын зохиогч, Есүсийн гадаад төрх болох үс, сахал, нүдний өнгийг тодорхойлон бичжээ. Библийн орчуулагч Эдгар Ж. Гүүдспид үүнийг тайлбарлахдаа, энэ хуурамч баримт нь «зураачдад зориулсан гарын авлагад байдаг Есүсийн гадаад төрхийг дүрсэлсэн дүрслэлийг нийтэд дэлгэрүүлэх зорилготой» байсан гэжээ.
b Хүүхдүүд янз бүрийн насных байсан бололтой. «Хүүхдүүд» гэж орчуулагдсан үг нь Иайрын 12 настай охинд хэрэглэгддэг (Марк 5:39, 42; 10:13). Харин «Лүүк» номын ижил зүйлд мөн адил балчир хүүхдүүдэд хамаардаг үгийг авч ашиглажээ (Лүүк 1:41; 2:12; 18:15).
Та тайлбарлах уу?
• Шавь нар нь хүүхдүүдийг өөр уруу нь ирүүлэхгүй байхад Есүс яасан бэ?
• Есүс бусдын сэтгэлийг хэрхэн ойлгодог байсан бэ?
• Есүс дагалдагч нартаа итгэхэд бэлэн байсныг бид хэрхэн дууриаж болох вэ?
• Есүс элч нартаа итгэдэг байсныг бид яаж дууриаж болох вэ?