ХОРИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Тэрээр сорилт тулгарахад үнэнч байсан
1, 2. Есүс Капернаум хотынхонд сургаалаа айлдахад Петр юунд найдаж байсан бэ? Гэвч юу болсон бэ?
ЕСҮСИЙГ сонсож суугаа хүмүүсийг Петр санаа зовсон байртай ажиглана. Тэд Капернаум хотын синагогт Есүсийн яриаг сонсож байжээ. Петр энэ хотод амьдарч байсан бөгөөд Галил нуурын хойд эрэг хавиар загас барин амьдардаг байжээ. Найз нөхөд, хамаатан садан, ажлын хамтрагчид нь энд амьдардаг. Хотынхон нь Есүсийг Бурхны илгээсэн Мессиа гэж таниад хамгийн агуу багшаар Бурхны Хаант төрийн тухай заалган өөр шиг нь баяр хөөр болно гэдэгт Петр найдаж байлаа. Гэвч энэ найдвар талаар болов.
2 Олон хүн Есүсийн яриаг сонсохоо больжээ. Зарим хүн ярьсныг нь хүлээж авч чадахгүй, дургүйцлээ ил хэлж байлаа. Есүсийн зарим шавь хүртэл эгдүүцсэн нь Петрийн сэтгэлийг хамгийн их зовоож байв. Үнэнийг мэдээд баярлан баясаж, олзуурхан догдолж байсан тэд одоо урам хугарч, бүр уурлаж бухимдсан янзтай байна. Зарим нь: «Юу ярих нь энэ вэ?» гэцгээв. Тэгээд яриаг нь дуусгалгүй синагогоос гарч, Есүсийг дагахаа больжээ (Ёохан 6:60, 66-г уншина).
3. Петр бат итгэлтэй байсан учраас яаж чадсан бэ?
3 Тэр өдөр Петр болон бусад элчид амаргүй байлаа. Есүсийн яриаг Петр бүрэн гүйцэд ойлгоогүй байв. Хэлсэн үгийг нь шууд утгаар ойлговол хэнд ч эвгүй санагдах байсан биз ээ. Тэгвэл Петр яасан бол? Багшдаа үнэнч байх эсэх нь өмнө ч соригдож байсан, хойшид ч соригдох байлаа. Бат итгэлтэй Петр хэрхэн сорилтыг давж, үнэнч хэвээрээ байсныг мэдэж авъя.
Хүмүүс үнэнч бус болсон ч үнэнч хэвээрээ байсан нь
4, 5. Есүсийн үг, үйлдэл хүмүүсийг хэрхэн гайхшируулдаг байсан бэ?
4 Есүсийн үг, үйлдэл Петрийн гайхлыг төрүүлэх үе цөөнгүй байжээ. Заримдаа Есүс хүмүүсийн бодсоноос тэс өөр юм хийнэ, ярина. Өчигдөр нь л гэхэд Есүс хэдэн мянган хүнийг гайхамшгаар хоолложээ. Тэгтэл олон түмэн түүнийг хаан болгох гэж оролдов. Харин Есүс шавь нараа завинд суулган Капернаум руу яв хэмээн тушаагаад өөрөө ч явж одсон нь олны гайхлыг төрүүлжээ. Завинд суусан шавь нар шөнө Галил нуураар явж байлаа. Гэтэл хүчтэй салхинаас болж давалгаалах нуурын усан дээгүүр Есүс явж тэднийг гайхшируулсан. Энэ явдал бат итгэлтэй байхын чухлыг Петрт ойлгуулсан билээ.
5 Өглөө болов. Хүмүүс завинд суугаад араас нь хүрээд ирснийг Есүс болон шавь нар мэджээ. Тэд үнэнийг мэдэх гэсэндээ биш, харин Есүсийн гайхамшгаар өгөх хоолыг идэх хүсэлдээ хөтлөгдсөн нь илэрхий байлаа. Үнэнийг мэдэх гэсэн сэтгэлгүй тэднийг Есүс зэмлэдэг (Ёох. 6:25–27). Тэрээр энэ яриагаа Капернаум хотын синагогт үргэлжлүүлж, чухал боловч ойлгоход амаргүй сургаал заасан. Гэвч энэ сургаал дахиад л хүмүүсийг гайхшируулжээ.
6. Есүс ямар жишээ татсан бэ? Сонссон хүмүүс яасан бэ?
6 Өөрийг нь гайхамшгаар хоол өгдөг хүн төдийхнөөр биш, харин Бурхны санаа зорилгод чухал үүрэг гүйцэтгэх буюу хүмүүст мөнх амьтай болох боломж олгохын тулд амиа өгөх ёстой нэгэн гэдгийг нь ухаарч ойлгоосой гэж Есүс хүсэж байсан. Тиймээс Мосегийн үед тэнгэрээс буудаг байсан талх буюу маннатай өөрийгөө зүйрлэжээ. Үүнд зарим хүн дургүйцэхэд амьтай болохын тулд өөрийнх нь мах цуснаас хүртэх шаардлагатайг Есүс тайлбарлан хачирхалтай жишээ татдаг. Энэ мөчид хүмүүс бүр ч их дургүйцэж зарим нь: «Юу ярих нь энэ вэ? Яаж ийм үг сонсох юм бэ?» гэцгээлээ. Есүсийн олон шавь түүнийг дагахаа больжээa (Ёох. 6:48–60, 66).
7, 8. а) Петр Есүст хамаатай юуг ойлгоогүй байсан бэ? б) Элчүүддээ тавьсан Есүсийн асуултад Петр юу гэж хариулсан бэ?
7 Петр яах бол? Есүсийн хэлсэн ярьсан Петрийн ухаан санаанд буугаагүй нь лавтай. Бурхны таалалд нийцүүлэхийн тулд Есүс үхэх ёстойг Петр ойлгоогүй л яваа. Есүсийг орхиод явсан туйлбаргүй шавь нартай адил Багшийгаа дагахаа болих болов уу? Петр болон тэдний хооронд нэг том ялгаа байв.
8 Есүс элчүүддээ хандан «Та нар бас явмаар байна уу?» гэж асуулаа (Ёох. 6:67). Бүгдээс нь асуусан боловч хариу хэлсэн хүн бол Петр юм. Ер нь, Петр л түрүүлж ярьдаг байв. Элчүүдийн дундаас хамгийн ахмад нь байсан бололтой. Юутай ч, бусад элчийг бодоход Петр санасан бодсоноо шууд хэлчихдэг, илэн далангүй хүн. Дуугүй өнгөрье гэж бодох нь бараг үгүй. Энэ удаад ч бодлоо шууд хэлэв. «Эзэн, бид хэн рүү явах юм бэ? Мөнх амьдруулах чадалтай үг танд бий» гэсэн ой тойнд үлдэхээр сайхан үг хэллээ (Ёох. 6:68).
9. Петр Есүст үнэнчээ хэрхэн баталсан бэ?
9 Энэ үг таны сэтгэлийг хөдөлгөдөг үү? Петр Есүст итгэдэг учир үнэнч байх гэдэг хосгүй чанарыг бий болгож чадсан. Есүс бол Еховагийн явуулсан цорын ганц Аврагч бөгөөд аврагдъя гэвэл Есүсийн үг буюу Бурхны Хаант төрийн тухай сургаалд итгэх учиртайг тэрээр сайн ойлгожээ. Бурхны таалалд нийцэж, мөнх амьтай болъё гэвэл ойлгомжгүй юм гарлаа ч Есүсийг л дагах ёстой гэдгээ Петр мэдэж байв.
Есүст үнэнч байя гэвэл сургаал нь ойлгомжгүй, сэтгэлд нийцэхгүй байсан ч ажил хэрэг болгох учиртай
10. Үнэнч Петрийг хэрхэн дуурайх вэ?
10 Та бас тэгж боддог уу? Христийг хайрладаг гэдэг ч үнэнч байж чаддаггүй хүн олон байдаг нь харамсмаар. Христэд чин үнэнч байя гэвэл зааж сургасныг нь Петр шиг хүлээж авдаг байх хэрэгтэй. Есүсийн сургаалыг мэдэж аваад утга учрыг нь ойлгож, амьдралдаа ажил хэрэг болгох учиртай. Гэхдээ ойлгохгүй юм уу сэтгэлд нийцэхгүй байсан ч ажил хэрэг болгох хэрэгтэй. Үнэнчээ баталдаг хүн л Есүсийн бидэнд зориулж бэлдсэн мөнх амь гэдэг шагналыг хүртэнэ (Дуулал 97:10-ыг уншина).
Зэмлүүлсэн ч үнэнч
11. Есүс дагалдагчдаа дагуулж хаашаа явсан бэ? (Зүүлт үзнэ үү).
11 Удалгүй Есүс элчүүд болон шавь нараа дагуулан хойд зүгийг чиглэн аян замд гарав. Амласан газрын хойд хил дээр байх цасан малгай духдуулсан Хермон уулын оргил, хөхрөн долгиолох Галил нуурын эргээс ч харагдах нь бий. Тэд Цезариа Филипийн нутгаар дайран өнгөрч өгсүүр газраар явав. Ууланд ойртох тусам уул бүр ч сүрлэг өндөр болж байх шиг санагдана.b Амласан газрын ихэнх нь харагдах энэ сайхан газар яваа Есүс дагалдагчдаасаа нэг чухал асуулт асуув.
12, 13. а) Хүмүүс өөрийнх нь талаар юу гэж байгааг Есүс яагаад асуусан бэ? б) Петр Есүсийн асуултад хариулахдаа бат итгэлтэйгээ хэрхэн харуулсан бэ?
12 «Хүмүүс намайг хэн гэж байна вэ?» гэж Есүс сонирхон асуув. Сайхан сэтгэлтэй, саруул ухаантай Багшийнхаа нүд рүү Петр харсан биз ээ. Хүмүүс үзэж харсан, сонсож дуулсандаа үндэслээд юу гэж дүгнэж цэгнэж байгааг Есүс мэдэх хүсэлтэй байв. Есүсийг андуу ташаа ойлгосон хүмүүс юу гэж ярьж байгааг шавь нар хэлж өгөв. Гэхдээ Есүс дотнын дагалдагчдаа ямар бодолтой явааг мэдэхийг илүүтэй хүсэж байлаа. Тиймээс «Харин та нар намайг хэн гэх вэ?» гэж асуулаа (Лук 9:18–20).
13 Энэ асуултад тэр дор нь хариулсан хүн бол Петр юм. Тэрээр: «Та бол Христ, амьд Бурхны Хүү» гэсэн нь тэнд байсан олон хүний бодож явааг тодорхой, зоригтой хэлсэн хэрэг байв. Тэгэхэд Есүс түүн рүү мишээн харж, магтсаныг төсөөлөхөд төвөггүй. Энэ чухал үнэнийг хүн биш, харин Ехова Бурхан чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүст илчилсэн гэдгийг Есүс онцлон хэлдэг. Тийм ээ, Ехова нэг чухал үнэнийг, тодруулбал эртнээс амласан Мессиа буюу Христ хэн болохыг Петрт ойлгуулжээ (Матай 16:16, 17-г уншина).
14. Есүс ямар чухал үүрэг гүйцэтгэх завшааныг Петрт олгосон бэ?
14 Христ бол эртний зөгнөлд чулуу гэгдсэн нэгэн бөгөөд барилгачид түүнийг голох ажээ (Дуу. 118:22; Лук 20:17). Петрийн «Христ» гэж дөнгөж саяхан хэлсэн тэр чулуун дээр Ехова нэгэн хурал байгуулна гэдгийг Есүс зөгнөлүүдтэй уялдуулан тайлбарлав. Тэгээд тэрхүү хуралд чухал үүрэг гүйцэтгэх завшааныг Петрт олгодог. Энэ нь зарим хүний боддог шиг, Петрт бусад элчээс дээгүүр эрх мэдэл олгосон хэрэг биш, харин хариуцлагатай үүрэг даалгасан хэрэг юм. Тийм ээ, Петрт «Хаант төрийн түлхүүрүүдийг» өгсөн (Мат. 16:19). Энэ нь гурван бүлэг хүнд Бурхны Хаант төрд орох үүдийг нээх завшаан Петрт оногдсон гэсэн үг. Нэгдүгээр бүлэг нь иудейчүүд, хоёрдугаарх нь самаричууд, гуравдугаарх нь харь үндэстнүүд буюу иудей бус хүмүүс юм.
15. Петр Есүсийг яагаад зэмлэсэн бэ? Юу гэж хэлсэн бэ?
15 Есүс: «Хэнд ихийг өгсөн, түүнээс ихийг нэхнэ» гэж хожим хэлсэн билээ. Энэ үгийн үнэнийг Петр биеэрээ үзсэн (Лук 12:48). Мессиагийн тухай чухал үнэнийг Есүс илчилсээр байсан бөгөөд удахгүй Иерусалимд очиж тарчилж үхэхээ хэлдэг. Петр үүнийг сонсоод ихэд санаа зовов. Тэгээд Есүсийг хажуу тийш нь аваачаад «Эзэн, та өөрийгөө бодооч. Ийм юм танд хэзээ ч тохиолдохгүй» гэж зэмлэдэг (Мат. 16:21, 22).
16. Есүс Петрийн буруу үзлийг хэрхэн зассан бэ? Есүсийн үг бидэнд ямар тустай вэ?
16 Гэтэл Есүс Петрээс харц буруулж, бусад шавь нараа харлаа. Тэд ч Петртэй адилхан бодсон байж болох юм. Есүс: «Надаас холд, Сатан аа! Чи надад саад болж байна. Яагаад гэвэл чи Бурхныхаар бус, хүний боддогоор бодож байна» гэв. Петр Есүсийн сайн сайхныг бодоод л тэгж хэлсэн болохоор Есүсийг ингэж хариулна чинээ санаагүй биз ээ (Мат. 16:23; Марк 8:32, 33). Есүсийн үг бидэнд ч сургамжтай. Бид Бурхныхаар бус, хүнийхээр бодох гээд байдаг талтай. Хэрэв тэгж боддог бол хэдий сайхан сэтгэл өвөрлөсөн ч Бурхны биш, Сатаны санаа зорилгыг хэрэгжүүлэхэд өөрийн мэдэлгүй оролцож мэднэ. Гэхдээ Петр яасан бол?
17. Есүс Петрт «Надаас холд» гэж хэлсэн нь ямар учиртай вэ?
17 Есүс өөрийг нь Сатан Диавол гэж хэлээгүйг Петр ойлгоо биз ээ. Есүс Сатанд «Зайл» гэж хэлсэн бол Петрт «Надаас холд» гэж хэлсэн. Тэгэхээр Есүс Сатантай харьцсан шигээ Петртэй харьцаагүй байх нь (Мат. 4:10). Есүс хайрлаж хүндэлдэг элчээ хэрэггүй хүнд тооцсон бус, буруу үзлийг нь зассан. Петр Багшдаа «саад» болохоо больж, харин шавийн ёсоор түшиг тулгуур болох ёстойгоо ойлгож ухаарах хэрэгтэй байлаа.
Сахилга батын арга хэмжээг даруухан хүлээж аваад, алдаагаа засдаг хүн л Есүстэй, түүний Эцэг Еховатай улам дотносдог
18. Петр үнэнч хүн байсан нь хэрхэн батлагдсан бэ? Түүнийг хэрхэн дуурайх вэ?
18 Петр маргасан болов уу? Эсвэл уурлаж, гомдсон уу? Үгүй ээ, Багшийнхаа зэмлэлийг даруухан хүлээж авсан. Тиймээс үнэнч байж чадсан. Христийг дагадаг хэн бүхэнд зэмлэл хүртэх үе бий. Сахилга батын арга хэмжээг даруухан хүлээж аваад, алдаагаа засдаг хүн л Есүс Христтэй, түүний Эцэг Ехова Бурхантай улам дотносдог (Сургаалт үгс 3:11-ийг уншина).
Үнэнч байхын шагнал
19. Есүс гайхал төрүүлэм ямар үг хэлсэн бэ? Петрт юу бодогдсон бол?
19 Удалгүй Есүс гайхал төрүүлсэн бас нэг үг хэлэв. Тэрээр: «Хүний Хүүг Хаант төрдөө ирэхийг үзтэлээ энд байгаа зарим хүн үхэхгүйг би та нарт батлан хэлье» гэжээ (Мат. 16:28). Энэ үг Петрийн сонирхлыг тун их татав. Ямар учиртай үг юм бол оо? «Хатуу зэмлүүлсэн над шиг хүн ийм завшаан эдлэхгүй биз дээ» гэж Петр бодсон байх.
20, 21. а) Петр ямар үзэгдэл үзсэн бэ? б) Үзэгдэлд гардаг хүмүүсийн яриа буруу бодлоо засахад нь Петрт хэрхэн тус болсон бэ?
20 Гэхдээ хэд хоногийн дараа Есүс, Яаков Ёохан Петр гурвыг дагуулан «өндөр ууланд» гарчээ. Энэ нь тэдний байгаа газраас холгүй байх Хермон уул бололтой. Өнөөх гурав нойрондоо дийлдэж байсныг бодвол шөнө байсан бололтой. Есүсийг залбирч байтал ямар ч нойрмог хүнийг сэрээх нэг онцгой явдал боллоо (Мат. 17:1; Лук 9:28, 29, 32).
21 Тэднийг харсаар байтал Есүс өөрчлөгдөж эхлэв. Есүсийн царай хувирч нар мэт хурц гэрэлтэн, хувцас нь гэрэл цацарсан цагаан өнгөтэй болов. Тэгтэл Есүсийн дэргэд хоёр хүн гарч ирлээ. Нэг нь Мосег, нөгөө нь Елиаг төлөөлжээ. Тэд Есүстэй ярилцаж, «явах ёстойг [нь], энэ явдал Иерусалимд болохыг» хэллээ. Энэ нь Есүсийн үхээд амилахыг хэлсэн хэрэг бололтой. Тэгэхээр Есүсийг зовлон үзэх тухайгаа ярихад Петрийн үгүйсгэсэн нь буруу байжээ (Лук 9:30, 31).
22, 23. а) Петр чин сэтгэлтэй хүн байсан нь юунаас харагддаг вэ? б) Петр Яаков Ёохан гурав тэр шөнө ямар шагнал хүртсэн бэ?
22 Петрт энэ ер бусын үйл явдалд оролцохгүй байж боломгүй санагджээ. Тийм хурдан дуусгамааргүй санагдсан ч байж болох юм. Мосе Елиа хоёр Есүсийг орхиж явах гэж байгаа бололтой байв. Тиймээс Петр: «Багш аа, бид энд байгаа нь сайн хэрэг боллоо. Танд, Мосед, Елиад нэг нэг майхан барьж өгье» гэж хэлэв. Аль эрт нас барсан Еховагийн хоёр үйлчлэгчийг төлөөлж үзэгдэлд гарсан хүмүүст майхны хэрэг байхгүй шүү дээ. Петр юу ярьж байгаагаа ч ойлгохгүй байжээ. Гэхдээ л ийм сайхан чин сэтгэлтэй хүнд та татагдахгүй гэж үү? (Лук 9:33).
23 Петр Яаков Ёохан гурав тэр шөнө бас нэг шагнал хүртжээ. Үүл гарч, тэднийг бүрхэж эхлэв. Тэгснээ тэр үүлнээс дуу гарлаа. Энэ бол Еховагийн дуу байв! Ехова: «Энэ бол миний Хүү. Би түүнийг сонгосон юм. Түүний үгийг дагаж байгтун» гэж хэлжээ. Тэгээд үзэгдэл дуусаж, өнөөх гурав Есүстэй хамт уулан дээр байв (Лук 9:34–36).
24. а) Есүсийн хувирч өөрчлөгдөхийг үзсэн нь Петрт ямар тустай байсан бэ? б) Энэ үзэгдэл бидэнд ямар тустай вэ?
24 Есүсийн хувирч өөрчлөгдөхийг үзсэн нь Петрт тустай байсан. Энэ явдал бидэнд ч тустай. Есүсийг агуу Хаан болно гэдгийг Петр тэр шөнө мэдэж авч, «түүний сүр жавхланг ... нүдээрээ үзсэн» гэрч болох завшаан эдэлсэн. Үүнийгээ олон жилийн дараа тэмдэглэн үлдээжээ. Энэ үзэгдэл Бурхны Үгэнд бичигдсэн олон зөгнөлийг баталсан бөгөөд үүний ачаар Петр итгэлээ батжуулж, тулгарах сорилтыг давж чадахаар болжээ (2 Петр 1:16–19-ийг уншина). Бид ч бас Еховагийн томилсон Багшаар заалгаж, сахилга батын арга хэмжээ болон зэмлэлийг нь хүлээн авч, түүнийг өдөр бүр даруухан дагаж үнэнч байдаг бол итгэлээ батжуулж, сорилтыг давах чадалтай болно.
a Синагогт Есүсийн яриаг сонсоод дургүйцсэн хүмүүс ганцхан өдрийн өмнө түүнийг Бурхны зөнч хэмээн тунхаглаж байсныг бодвол тэд хэчнээн туйлбаргүй байсан нь илэрхий байна (Ёох. 6:14).
b Тэд далайн түвшнээс доош 210 метрт байх Галил нуурын эргээс 50 км замыг туулж, далайн түвшнээс дээш 350 метрт орших Хермон уул руу явжээ. Энэ нутаг байгалийн үзэсгэлэнт газар ажээ.