Тэд Мессиаг хүлээж байсан
«Ард олон Христийг хүлээн, Иоханы тухай бүгд зүрх сэтгэлдээ түүний Христ [буюу Мессиа] мөн болох эсэхийг бодож байлаа» (ЛУК 3:15).
1. Тэнгэр элч хоньчдод ямар мэдээ дуулгасан бэ?
ШӨНӨ болжээ. Хоньчид хонио манаад хээр хонож байлаа. Гэнэт Еховагийн тэнгэр элч ирж тэдний эргэн тойрныг гэрэлтүүлсэнд тэд ихэд айв. Тэгтэл тэнгэр элч: «Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр ... Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ» хэмээн сэтгэл хөдөлгөм мэдээ дуулгав. Тэнгэр элч Мессиа болох хүүхдийн тухай ярьжээ. Хоньчид ойролцоох хотод очвол тэр хүүхдийг тэжээлийн тэвшинд байхад нь олж харах байлаа. Гэнэт олон тэнгэр элч гарч ирэн, «Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай» хэмээн Еховаг магтаж эхлэв (Лук 2:8–14).
2. «Мессиа» гэдэг нь ямар утгатай вэ? Мессиаг яаж таних вэ?
2 «Мессиа» нь Бурхны «Тосолсон Нэгэн» гэдгийг хоньчид мэдэж байсан нь лавтай (Ег. 29:5–7). Гэхдээ тэнгэр элчийн хэлсэн энэ хүүхэд Бурхны тосолсон Мессиа мөн гэдэгт хэрхэн итгэх вэ? Еврей Сударт байдаг зөгнөлүүдийг нягтлан үзэж, тэдгээрийг энэ хүүхдийн амьдралд яаж биелснийг магадлах хэрэгтэй.
Хүмүүс Мессиаг хүлээж байсны учир
3, 4. Даниел 9:24, 25-д байдаг зөгнөл хэрхэн биелсэн бэ?
3 Олон жилийн дараа Баптисм хүртээгч Иоханыг дэлгэрүүлэх ажлаа эхлэхэд үг яриа, үйл хэргийг нь харсан зарим хүн түүнийг Мессиа байх гэж бодож байсан (Лук 3:15-ыг уншина уу). Библид байдаг «далан долоон хоногийн» тухай зөгнөлийг зөв ойлговол Мессиагийн ирэх цагийг тогтоож болох байв. Зөгнөлд: «Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоон хоног болон жаран хоёр долоон хоног байх болно» гэжээ (Дан. 9:24, 25). 7 хоног нь 7 жил юм гэдгийг олон эрдэмтэн зөвшөөрдөг. Даниел 9:24-ийг Библийн өөр нэг орчуулгад: «Дал дахин долоон жил тогтоогдсон» гэж бичсэн байдаг («Revised Standard Version»).
4 Өнөөдөр Еховагийн үйлчлэгчид Даниел 9:25-д гардаг 69 долоон хоног буюу 483 жил нь МЭӨ 455 оноос эхэлснийг мэддэг. Тэр онд Персийн хаан Артаксеркс Нехемиад Иерусалимыг сэргээн босгох үүрэг өгчээ (Нех. 2:1–8). МЭ 29 онд Назарын Есүсийг баптисм хүртэж, ариун сүнсээр тослогдон Мессиа болоход 483 жил дуусгавар болсон (Мат. 3:13–17).a
5. Одоо ямар зөгнөлийн тухай ярилцах вэ?
5 Библид байдаг Мессиагийн тухай олон зөгнөл Есүсийг төрөхөд, хүүхэд байхад, үйлчилж байхад нь биелсэн байдаг. Цөөн хэдэн зөгнөлийг энэ өгүүллээр ярилцъя. Эдгээр нь Библид бат итгэхэд тус болох нь дамжиггүй. Түүнчлэн, Есүс бол удаан хүлээлгэсэн Мессиа мөн байсныг нотолдог.
Есүсийн бага насны тухай зөгнөл
6. Эхлэл 49:10-т гардаг Шило гэдэг нь хэн байсан бэ? Яагаад?
6 Мессиа Израилийн Иуда овгоос гарна. Иаков нас барахынхаа өмнө хөвгүүдээ ерөөхдөө: «Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно» хэмээн хэлжээ (Эх. 49:10). Иаков Мессиагийн тухай ярьсныг Иудейн олон эрдэмтэн ойлгодог байсан. Иуда гаралтай хаан Давидыг төр барьж эхэлсэн цагаас хааны таяг (хааны бүрэн эрх), захирагчийн шийдэм (тушаал буулгах эрх мэдэл) Иуда овгоос салаагүй. Шило гэдэг нь «Тэр ийм юмтай; энэ бол Түүнийх» гэсэн утгатай. Иудагийн хаадын угсаа мөнхийн Өв залгамжлагч Шилогоор дуусах ёстой байв. Учир нь Бурхан хууль ёсны эрхтэй нэгэнд хааны эрх мэдлийг өгнө гэдгээ Иудейн сүүлчийн хаан Зедекиад айлджээ (Езе. 21:26, 27). Зедекиагаас хойш, тэрхүү эрх мэдлийг авах эрхтэй, Давидын удмын цорын ганц хүн нь Есүс байсан. Есүсийг төрөхөөс өмнө тэнгэр элч Габриел: «Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно. Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд Түүний хаанчлалд төгсгөл байхгүй» гэж Мариад хэлжээ (Лук 1:32, 33). Тэгэхлээр, Иудагийн овгийн, Давидын удмын Есүс Христ л Шило байж таарах нь (Мат. 1:1–3, 6; Лук 3:23, 31–34).
7. Мессиа төрөх тухай зөгнөл хэрхэн биелсэн бэ?
7 Мессиа Бетлехемд төрнө. Зөнч Мика: «Бетлехем Ефрата аа, хэдийгээр чи Иудагийн бүлүүдийн дунд өчүүхэн авч, Миний төлөө Израилийг захирах Нэгэн нь чамаас төрөн гарах болно. Энэ нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй» хэмээн бичжээ (Мика 5:2). Нэгэн цагт Ефрата гэгддэг байсан Иудейн Бетлехем хотод Мессиа төрөх учиртай байв. Есүсийн эх Мариа өсгөсөн эцэг Иосеф нар Назар хотод суудаг байсан ч Ромын захирагчийн зарлигаар хүн амын тооллогод бүртгүүлэхээр Бетлехемд очжээ. Есүс МЭӨ 2 онд тэнд мэндэлсэн юм (Мат. 2:1, 5, 6). Тийнхүү зөгнөл яг таг биелсэн!
8, 9. Мессиа төрөх тухай ямар зөгнөл байдаг вэ? Мессиаг төрсний дараа юу болсон бэ?
8 Мессиа онгон бүсгүйгээс төрнө (Исаиа 7:14-ийг уншина уу). Исаиа 7:14-т «онгон бүсгүй» хүү төрүүлэх тухай зөгнөжээ. Энэ зөгнөл Есүсийг төрөхөд биелснийг Матай Бурхны сүнсээр удирдуулан бичсэн байдаг. Евангели бичигч Матай Лук хоёрын аль аль нь Мариаг онгон байсныг болон Бурхны ариун сүнсний нөлөөгөөр бие давхар болсныг бичжээ (Мат. 1:18–25; Лук 1:26–35).
9 Мессиаг төрсний дараа бага насны хүүхдүүдийг хөнөөнө. Үүнтэй төстэй явдал хэдэн зууны өмнө болсон юм. Тэр үед Египетийн фараон еврей эмэгтэйгээс хүү төрмөгц Нил мөрөнд хаях зарлиг гаргажээ (Ег. 1:22). Иеремиа 31:15, 16-д Рахелыг «дайсны нутагт» аваачигдсан хүүхдүүдийнхээ хойноос гашуудан уйлж байгаагаар дүрсэлдэг. Түүний гашуудал Иерусалимын хойд зүгийн Бениамины нутагт орших Рамад хүртэл сонсогддог. Херод хаан Бетлехем болон түүний ойр орчимд байгаа бага насны эрэгтэй хүүхдүүдийг хөнөөх зарлиг гаргаснаар Иеремиагийн энэ зөгнөл биелснийг Матай бичжээ (Матай 2:16–18-ыг уншина уу). Ямар их уй гашуу болсон бол оо!
10. Хосеа 11:1-д бичсэн зөгнөл хэрхэн биелсэн бэ?
10 Мессиаг израильчуудын адил Египетээс дуудан гаргана (Хос. 11:1). Иосеф Мариа хоёр Херодын гараас хүү Есүсээ аврахын тулд тэнгэр элчийн заавраар Египет рүү зугтсан. Тэгээд тэнд Херодыг нас бартал байж, дараа нь Есүсийг аваад Израильд буцаж ирсэн. Ингэж, «Би Хүүгээ Египетээс дуудан гаргав» хэмээн Хосеагаар хэлүүлсэн Еховагийн зөгнөл биелжээ (Мат. 2:13–15). Есүс өөрийнхөө төрөх үе, хүүхэд ахуй үед болсон үйл явдлыг өөрөө хянаж удирдаагүй нь ойлгомжтой.
Мессиа үйлчлэлээ эхэлсэн нь
11. Мессиагийн замыг хэн бэлдсэн бэ?
11 Бурхны Тосолсон Нэгний өмнө зам бэлтгэгдэнэ. Малахийн зөгнөснөөр «эш үзүүлэгч Елиа» энэ ажлыг хийн, Мессиаг хүлээж авахад нь хүмүүсийг бэлдэх учиртай байв (Малахи 4:5, 6-г уншина уу). Энэхүү «Елиа» нь Баптисм хүртээгч Иохан болохыг Есүс хэлсэн (Мат. 11:12–14). Иохан Исаиагийн зөгнөлийг яг таг биелүүлэн зам бэлдэж байсныг Марк бичжээ (Ис. 40:3; Марк 1:1–4). Есүс замыг минь бэлдэж өгөөч гэж Иоханд хэлээгүй. Бурхан хүмүүст Мессиаг таниулахыг хүссэн тул Иоханыг сонгож, энэ ажлыг хийлгэжээ.
12. Бурхан Мессиад ямар тусгай даалгавар өгсөн бэ?
12 Бурхан Мессиад тусгай даалгавар өгнө. Есүс өссөн хот Назарынхаа синагогт ороод Исаиагийн хуйлмал номыг дэлгэн: «Эзэний Сүнс Над дээр байна. Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж Тэр Намайг тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу, мөн Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой» гэж уншаад өөрт нь хамаатай болохыг тайлбарлажээ. Тэрбээр үнэхээр Мессиа байсан учраас: «Энэхүү Судар өнөөдөр сонсголд тань биеллээ» хэмээн хэлсэн юм (Лук 4:16–21).
13. Есүсийг Галилд үйлчлэх тухай юу гэж зөгнөсөн бэ?
13 Мессиа Галилд үйлчилнэ. Исаиа «Зебулун болон Нафталийн нутаг, ... харь үндэстнүүдийн Галилын» талаар: «Харанхуйд алхаж яваа хүмүүс агуу их гэрлийг үзнэ. Харанхуй газарт амьдарч байгаа хүмүүс дээр гэрэл тусна» гэж бичжээ (Ис. 9:1, 2). Есүс Галилын Капернаум хотоос үйлчлэлээ эхэлсэн. Тэгэхэд тэнд байсан Зебулун, Нафталийн хүмүүс дээр Есүсийн заасан үнэний гэрэл туссан (Мат. 4:12–16). Галилд байхдаа Есүс алдарт номлолоо айлдаж, элч нараа сонгон, анхны гайхамшгаа үйлдсэн. Бас амилсныхаа дараа 500 гаруй шавьдаа үзэгдсэн (Мат. 5:1–7:27; 28:16–20; Марк 3:13, 14; Иох. 2:8–11; 1 Кор. 15:6). Тийнхүү Исаиагийн зөгнөл биелж, Есүс «Зебулун болон Нафталийн нутгаар» дэлгэрүүлжээ. Түүгээр зогсохгүй Израилийн бусад нутгаар явж Хаанчлалын тухай сайн мэдээ тунхагласан.
Мессиагийн тухай бусад зөгнөл
14. Дуулал 78:2 хэрхэн биелсэн бэ?
14 Мессиа сургаалт зүйрлэл буюу ёгт үлгэр ярина. Дуулалч Асаф: «Би сургаалт зүйрлэл ярин амаа нээнэ» гэж дуулжээ (Дуу. 78:2). Энэ зөгнөл хэрхэн биелснийг Матай бидэнд хэлж өгдөг. Есүс Хаанчлалыг гичийн үр, талхны хөрөнгөтэй зүйрлэн ярьсныг тэрбээр дурдаад, «Есүс ... сургаалт зүйрлэлгүйгээр юу ч ярьсангүй. Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд байсан бөгөөд ингэхдээ „Би сургаалт зүйрлэлээр ам нээнэ. Би дэлхийн сууриас эхлэн нууцлагдсан зүйлсийг хэлэх болно“ гэсэн байна» хэмээн бичжээ (Мат. 13:31–35). Есүс сургаалт зүйрлэл хэлж Еховагийн тухай үнэнийг олон хүнд ойлгуулдаг байсан.
15. Исаиа 53:4-т байдаг зөгнөл хэрхэн биелсэн бэ?
15 Мессиа хүмүүсийг эдгээнэ. Исаиа: «Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав» гэж зөгнөжээ (Ис. 53:4). Есүс Петрийн хадам эхийг эдгээснийхээ дараа өөр олон хүнийг илааршуулжээ. «Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар „Бидний сул дорой байдлыг Тэр Өөртөө авч, бидний өвчнийг үүрсэн“ гэж хэлүүлсэн нь биелэхийн тулд байлаа» (Мат. 8:14–17). Есүс хүмүүсийг эдгээж байсан олон тохиолдлын нэг нь энэ юм.
16. Исаиа 53:1-д Есүсийн тухай зөгнөснийг элч Иохан хэрхэн баталсан бэ?
16 Мессиа гайхамшигт үйлс бүтээсэн ч олон хүн түүнд итгэхгүй (Исаиа 53:1-ийг уншина уу). Энэ зөгнөл биелснийг элч Иохан батлан: «Хэдийгээр Есүс тэдний өмнө өдий олон тэмдгийг үйлдсэн боловч тэд Түүнд итгэхгүй байлаа. Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн „Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзэний мутар хэнд илчлэгдсэн бэ?“ гэж хэлсэн үг биелэгдэхийн тулд ажээ» хэмээн бичжээ (Иох. 12:37, 38). Элч Паулыг сайн мэдээ дэлгэрүүлж байх үед ч Есүсийг Мессиа гэж итгэсэн хүн олон байгаагүй (Ром 10:16, 17).
17. Дуулал 69:4-т байдаг зөгнөл хэрхэн биелсэн бэ?
17 Мессиаг шалтгаангүйгээр үзэн ядна (Дуу. 69:4). Элч Иохан Есүсийн үгийг иш татаж: «Хэрэв Би өөр хэний ч хийгээгүй ажлуудыг [хүмүүсийн] дунд хийгээгүйсэн бол, тэд гэм буруугүй байх байсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь үзээд, хоёуланг минь үзэн ядаж байна. Харин „Тэд шалтгаангүйгээр Намайг үзэн ядсан“ гэж тэдний Хуульд бичигдсэн үг биелэгдэхийн тулд тэд үүнийг үйлдсэн» хэмээжээ (Иох. 15:24, 25). «Хууль» гэсэн нь тэр үед байсан Судрыг хэлжээ (Иох. 10:34; 12:34). Есүсийг олон хүн, ялангуяа иудейн шашны удирдагчид үзэн ядаж байсныг Евангели баталдаг. Түүнээс гадна Христ: «Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин намайг үзэн яддаг. Яагаад гэвэл ертөнцийн үйлс бузар гэж Би гэрчилдэг» гэж хэлсэн байдаг (Иох. 7:7).
18. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
18 I зууны дагалдагчид нь Есүсийг Мессиа гэдэгт огт эргэлздэггүй байсан. Учир нь Еврей Сударт байдаг Мессиагийн тухай зөгнөлүүд Есүсийн амьдралд үнэхээр биеллээ олжээ (Мат. 16:16). Назарын Есүсийн бага нас хийгээд үйлчлэлийн тухай зарим зөгнөл яаж биелснийг энэ өгүүллээр үзлээ. Бусдыг нь дараагийн өгүүллээр ярилцъя. Тэдгээрийг сайтар эргэцүүлэн бодвол Есүс Христ бол Тэнгэрийн Эцэг Ехова Бурхны маань томилсон Мессиа үнэхээр мөн гэдэгт бат итгэх нь дамжиггүй.
[Зүүлт]
a «Далан долоон хоногийн» талаар дэлгэрэнгүй мэдье гэвэл «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 198, 199-р хуудасны хавсралтаас үзнэ үү.
Хариулна уу
• Есүс төрөх тухай ямар зөгнөл биелсэн бэ?
• Мессиагийн замыг хэн бэлдсэн бэ?
• «Исаиа» номын 53-р бүлэгт байдаг зөгнөл Есүсийн амьдралд хэрхэн биелсэн бэ?