Юунд ч сатааралгүй Еховад үйлчилье
«Мариа ... [Есүсийн] хөлд суугаад үгийг нь сонсож байлаа. Марта үйлчлэх ажилдаа түүртсэн» (ЛУК 10:39, 40).
1, 2. Есүс яагаад Мартаг хайрладаг байсан бэ? Марта төгс бус хүн гэдэг нь юунаас харагддаг вэ?
ЛАЗАРЫН дүү Марта гэхлээр та ямар хүнийг төсөөлдөг вэ? Есүсийн хайртай хүмүүсийн дотор ганцхан эмэгтэйн нэрийг Библид бичсэн байдаг. Тэр нь Марта юм. Гэхдээ Есүс төрсөн эх Мариа, Мартагийн дүү Мариа гээд олон эмэгтэйг хайрлаж хүндэлдэг байсан (Иох. 11:5; 19:25–27). Тэгвэл Библид зөвхөн Мартагийн нэрийг дурдсан байдгийн учир юу вэ?
2 Есүс Мартаг найрсаг зочломтгой, ажилч хичээнгүй болохоор нь төдийгүй, хамгийн гол нь Бурханд хайртай, бат итгэлтэй хүн болохоор нь хайрладаг байв. Заасан сургаалыг нь Марта үнэн гэж чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрдөг, амласан Мессиа гэдэгт нь огтхон ч эргэлздэггүй байжээ (Иох. 11:21–27). Гэхдээ бидэн шиг л төгс бус хүн байв. Нэг удаа Есүс гэрт нь очжээ. Тэгтэл Марта дүү Мариадаа зөвлөгөө өгүүлэхийг хүсэн «Эзэн, дүү минь үйлчлэх ажилд намайг ганцаар орхисныг Та анзаарахгүй байна уу? Надад тусал гэж түүнд хэлээч» гэв (Лук 10:38–42-ыг уншина уу). Энэ явдал бидэнд юу хэлдэг вэ?
МАРТА АЖИЛДАА ТҮҮРТСЭН НЬ
3, 4. Есүс Мариаг яагаад магтсан бэ? Марта ямар сургамж авсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).
3 Есүс дайлуулж цайлуулсандаа Марта Мариа хоёрт талархан сүнслэг бэлэг өгөхийг хүсжээ. Мариа Агуу Багшаар заалгах боломжийг алдалгүй ашиглан «Эзэний хөлд суугаад үгийг нь сонсож байлаа». Мартад бас ийм боломж байв. Ажлаа хойш нь тавиад сонссон бол Есүсээс магтаал хүлээх байсан нь лавтай.
4 Гэхдээ Есүсийг баярлуулах гэж тусгай хоол хийн, аль болох тав тухтай байлгах гэсэндээ борви бохисхийлгүй хөдөлж байлаа. Харин дүү нь тусалсангүй. Үүнээс болоод Марта бухимджээ. Хэтэрхий их юм хийж байгааг нь Есүс анзаарч «Марта, Марта, чи мөн ч их зүйлд санаа тавьж зовох юм даа» гээд, ганц таваг хоол байхад л хангалттай гэж зөвлөв. Дараа нь Мариаг магтсан. Тэрбээр: «Мариа өөрөөс нь зайлуулагдашгүй сайныгаа л сонгон авчээ» гэлээ. Мариа энэ онцгой өдөр ямар хоол идсэнээ бус, харин Есүсийн юу заасныг, өөрийг нь хэрхэн магтсаныг насан туршдаа санаж явсан биз ээ. Түүнээс хойш 60 гаруй жилийн дараа элч Иохан: «Марта, түүний охин дүү[г] ... Есүс хайрладаг байлаа» хэмээн бичжээ (Иох. 11:5). Марта Есүсийн өгсөн зөвлөгөөг хэзээ ч мартаагүй бөгөөд Еховад эцсээ хүртэл үнэнч байсан нь энэ зүйлээс харагддаг.
5. Өнөө үеийг Библи бичигдэж байх үетэй харьцуулахад анхаарал сарниулах зүйл хэр их байна вэ? Эндээс үүдэн ямар асуулт гарч байна вэ?
5 Өнөө үеийг Библи бичигдэж байх үетэй харьцуулахад анхаарал сарниулах зүйл хэр их байна вэ? «Дэвшилтэт техник хэрэгсэл, асар хурдтай хэвлэлийн машин, гоё зурагтай сэтгүүлүүд, радио, телевиз, кино бол манай үеийн бахархал юм. ... Энэ бүхэн бидний анхаарлыг улам их сарниулж байна. ... Бид амьдарч буй цаг үеэ “Гэгээрлийн эрин зуун” гэж боддог байлаа. Харин одоо “Анхаарал сарниулах эрин зуун” болж байна». Энэ бол 60 жилийн өмнө нэг хүний хэлсэн үг юм. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1958 оны 9 дүгээр сарын 15-ны дугаарт «Ертөнцийн төгсгөл ойртох тусам анхаарал сарниулах зүйл ихсэх биз ээ» гэж бичжээ. Үнэхээр ч хүмүүсийг сатааруулах зүйл өнөөдөр тоймгүй олон болсон. Тэгвэл онцын шаардлагагүй зүйлийг анхаарахгүйн тулд яах вэ? Мариагийн адилаар сүнслэг зүйлийг байнга анхааръя гэвэл яах хэрэгтэй вэ?
ЕРТӨНЦИЙГ БҮРЭН ДҮҮРНЭЭР БҮҮ АШИГЛА
6. Еховагийн ард түмэн дэвшилтэт технологийг хэрхэн ашигладаг вэ?
6 Бурхны байгууллага цэвэр шүтлэгийг түгээн дэлгэрүүлэхийн тулд дэвшилтэт технологийг ашигласаар ирсэн. Үүний нэг жишээ нь өнгөт зургийг хөдөлгөөнт зурагтай хослуулан найруулж, хальсанд буулгасан «Бүтээлийн тухай фото драм» гэдэг дуутай кино юм. Есүс Христийн засаглалын үед дэлхий даяараа тайван амгалан болохыг энэ киноны сүүлийн хэсэгт дүрсэлсэн байдаг. Дэлхийн І дайны өмнө болон дайны ид үед орон орны сая сая хүн үүнийг үзээд тайвширсан гэдэг. Түүнээс гадна Хаанчлалын тухай сайн мэдээг радиогоор цацаж дэлхий дахинд буй олон сая хүний сонорт хүргэжээ. Өнөөдөр сайн мэдээг илүү өргөн далайцтай түгээж, хамгийн алс бөглүү нутагт амьдардаг хүмүүст хүртэл хүргэхийн тулд компьютер, интернетийг ашиглаж байна.
7. а) Энэ ертөнцийг бүрэн дүүрнээр ашиглах нь яагаад аюултай вэ? б) Бид юунаас болгоомжлох ёстой вэ? (Зүүлт үзнэ үү).
7 Энэ ертөнцийг бүрэн дүүрнээр ашиглахгүй байхыг Библи бидэнд анхааруулдаг. Ертөнцийн зүйлд хэтэрхий их цаг зарцуулах нь аюултай (1 Коринт 7:29–31-ийг уншина уу). Дуртай юмаа хийх, ном унших, зурагт үзэх, аялж зугаалах, дэлгүүр хэсэх, сүүлийн үеийн техник хэрэгсэл, үнэтэй чамин эд зүйлс сонирхох зэрэг нь буруу биш ээ. Гэхдээ үүнд хэтэрхий их цаг үрэх аюул байдаг. Олон нийтийн сүлжээ, мессеж, мэйл, сүүлийн үеийн мэдээ, спортын хөтөлбөр ч цаг их авдаг. Тэр байтугай, эдгээр зүйлд донтож болзошгүйa (Ном. 3:1, 6). Ач холбогдол багатай юманд хайран цагаа үрвэл хамгийн чухал зүйл буюу Еховаг шүтэх асуудалд хайнга ханддаг болно (Ефес 5:15–17-г уншина уу).
8. «Ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла» гэсэн зөвлөгөөг дагах нь яагаад чухал бэ?
8 Сатан эрхшээлдээ байдаг энэ ертөнцийг гял цал харагдуулж Бурхны үйлчлэгчдийн анхаарлыг сарниулахыг оролддог. Нэгдүгээр зуунд энэ аргыг хэрэглэж байсан. Өнөөдөр бүр ч их хэрэглэдэг (2 Тим. 4:10). Тиймээс бид «Ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла» гэсэн зөвлөгөөг дагадаг байх нь туйлын чухал. Энэ зөвлөгөөний дагуу амьдрахын тулд дутагдлаа байнга засаад явбал өөр юманд сатаарахгүй, Еховаг гэсэн хайр маань хөрөхгүй. Энэ хэрээр Бурхны хүсэл тааллыг биелүүлэхэд илүү хялбар болно. Мөн сайшаалыг нь хэзээ ч алдахгүй (1 Иох. 2:15–17).
ГОЛ ЮМАА АНХААР
9. Есүс дагалдагчдадаа юу гэж захисан бэ? Өөрөө хэрхэн хэрэгжүүлдэг байсан бэ?
9 Есүс Мартад өгсөн зөвлөгөөгөө шавь нартаа бас өгдөг байсан. Өөрөө ч ажил хэрэг болгодог байв. Хаанчлалын үйл хэрэгт хамаг анхаарлаа хандуулж, бэлгэдлийн нүдээ «цэвэр» байлгахыг дагалдагчдадаа захижээ (Матай 6:22, 33-ыг уншина уу). Тэрбээр эд хөрөнгө хурааж хэрэггүй ачаа үүрээгүй. Гэр орон, эдлэн газар ч түүнд байгаагүй (Лук 9:58; 19:33–35).
10. Есүс ямар сайхан жишээ үлдээсэн бэ?
10 Анхаарал сарниулах явдал олон тохиолддог байсан ч Есүс тэдгээрт сатааралгүй дэлгэрүүлэх ажилдаа хамаг анхаарлаа хандуулдаг байсан. Жишээ авъя. Үйлчлэлээ эхлээд удаагүй байхад нь Капернаум хотынхон Есүсийг явуулахыг хүсээгүй. Тэгэхэд нь Есүс: «Би Бурханы хаанчлалыг өөр хотуудад бас тунхаглах ёстой. Энэ зорилгын тулд Би илгээгдсэн билээ» гэжээ (Лук 4:42–44). Хэлсэн ёсоороо Палестины нутгаар хөндлөн гулд явж сургаалаа айлдсан. Хэдийгээр Есүс төгс байсан ч хүн л юм хойно, алжааж ядардаг байв. Бурханд үйлчлэхийн тулд бүх хүчээ дайчилдаг байсан болохоор тэр (Лук 8:23; Иох. 4:6).
11. Яриаг нь тасалсан хүнд Есүс юу гэж хэлсэн бэ? Дагалдагчдадаа юу гэж анхааруулсан бэ?
11 Нэг удаа Есүс эсэргүүцлийг хэрхэн давах тухай ярьж байв. Тэгтэл нэг хүн яриаг нь таслан «Багш аа, гэр бүлийн өвийг надтай хуваалц гэж ахад минь хэлээч» гэжээ. Харин Есүс: «Хүн гуай, хэн чинь Намайг та нарын шүүгч, хөрөнгө хуваагчаар томилчихдог билээ?» гээд тэр хүний хувийн хэрэгт оролцсонгүй. Харин яриагаа цааш нь үргэлжлүүлэв. Эд хөрөнгөтэй болох гэж хичээвэл Бурханд үйлчлэх гол зорилгоо мартах аюултайг дагалдагчдадаа анхааруулжээ (Лук 12:13–15).
12, 13. а) Есүс нас барахынхаа өмнө юу хийсэн бэ? б) Грекчүүд уулзъя гэхэд Есүс яасан бэ?
12 Есүсийн амьдралын сүүлчийн долоо хоног маш хүнд байв (Мат. 26:38; Иох. 12:27). Аймшигтайгаар тарчилж үхэхээ мэдэж байлаа. Амжуулах ажил ч их байв. МЭ 33 оны нисан сарын 9-ний ням гарагт юу болсныг авч үзье. Зөгнөл ёсоор, Есүсийг дудран унаж Иерусалимд орж ирэхэд ард олон: «Эзэний нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ!» хэмээн угтан авчээ (Лук 19:38). Маргааш нь Есүс сүмд очив. Элэг нэгтнүүдээ шулж байсан шунахай худалдаачдыг хараад сүмээс хөөн гаргажээ (Лук 19:45, 46).
13 Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэхээр Иерусалимд ирсэн иудей шашинтай грекчүүд энэ явдлыг хараад ихэд биширчээ. Тиймээс Есүстэй уулзуулж өгөхийг Филипээс гуйв. Гэвч Есүс нэр алдартай болохыг хүсээгүй. Дайснуудынхаа гарт орж амиа алдахгүйн тулд олон түмнээр хамгаалуулъя гэж ч бодоогүй. Түүний хувьд хамгийн чухал зүйл нь Еховагийн хүслийг биелүүлэх буюу амиа золиослох байв. Тийм учраас удахгүй үхнэ гэдгээ хэлээд Андрей Филип хоёрт «Өөрийн амийг хайрлагч хүн түүнийгээ алдана. Энэ ертөнцөд өөрийн амийг үзэн яддаг хүн түүнийгээ мөнх аминд хүртэл хамгаалах болно» гэсэн. Цааш нь «Хэрэв хүн Надад үйлчилбэл, тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ» гэж амласан. Урам зориг бадраасан энэ үгийг Филип тэдгээр грекчүүдэд уламжилсан нь дамжиггүй (Иох. 12:20–26).
14. Есүс дэлгэрүүлэхээс өөр юм боддоггүй хүн байсан уу? Тайлбарлана уу.
14 Есүс сайн мэдээ тунхаглах гол зорилгоосоо хазайж байгаагүй ч ажлын хэнээтэй хүн биш байсан. Тэрбээр хурим найрт очиж, баярлаж цэнгэдэг байв. Жишээлбэл, нэг удаа хуримд очоод баяр дээр нь баяр нэмж усыг дарс болгон хувиргаж өгчээ (Иох. 2:2, 6–10). Дотны найзууд болон шавь нь болох хүсэлтэй хүмүүсийн урилгаар гэрт нь очиж хамт хооллодог байсан (Лук 5:29; Иох. 12:2). Хамгийн гол нь залбирах, эргэцүүлэн бодох, амрах цаг зав тогтмол гаргадаг байжээ (Мат. 14:23; Марк 1:35; 6:31, 32).
«АЛИВАА СААД ТОТГОРЫГ ... ХАЖУУ ТИЙШ НЬ ТАВЬ»
15. Элч Паул юу гэж уриалсан бэ? Ямар жишээ үзүүлсэн бэ?
15 Элч Паул христиануудыг гүйлтийн тэмцээнд оролцож буй тамирчинтай зүйрлээд, барианд орохын тулд «аливаа саад тотгор[ыг] ... хажуу тийш нь тавихыг» уриалжээ (Еврей 12:1-ийг уншина уу). Өөрөө ч сайхан жишээ үзүүлсэн. Тэрбээр хөрөнгөжиж, Иудейн шашны удирдагч хэмээн алдаршиж болох байв. Гэвч Бурханд үйлчлэхийг илүү чухал гэж үзээд Сири, Бага Ази, Македони, Иудейн нутгаар явж сайн мэдээ дэлгэрүүлдэг болсон. Паул тэнгэрт амьдрах шагналаа бодож явдаг байжээ. «Ардахаа мартаж, урьдах зүйлс уруугаа зүтгэн тэмүүлж, ... шагналыг авахын төлөө бариа уруу урагшилдаг» хэмээн өөрийнхөө тухай бичжээ (Флп. 1:10; 3:8, 13, 14). Паул ганц бие байсан учраас энэ боломжоо ашиглан юунд ч сатааралгүй Еховад үнэнч үйлчилсэн (1 Кор. 7:32–35).
16, 17. Ганц бие болон гэр бүлтэй христианууд Паулыг хэрхэн дуурайх вэ? Жишээ хэлнэ үү.
16 Еховагийн зарим үйлчлэгч Паул шиг ганц бие байж, Хаанчлалын үйл хэрэгт өөрийгөө бүрэн зориулахаар шийддэг. Тэд гэрлэсэн хүмүүсийг бодвол гэр бүлд хүлээх үүрэг багатай байдаг (Мат. 19:11, 12). Гэхдээ ганц бие ч бай, гэр бүлтэй ч бай, христиан хүн бүр Еховад үйлчлэхэд саад болдог бүхнийг «хажуу тийш нь тавих» учиртай. Ингэхийн тулд шаардлагагүй зүйлд их цаг зарцуулдаг зуршлаа хаяж, Бурхандаа илүү олон цагаар үйлчлэх зорилго тавих хэрэгтэй.
17 Уэльст амьдардаг нөхөр эхнэр хоёрын тухай авч үзье. Хэн хэн нь сургуулиа төгсөөд эхлэгч болжээ. Гэрлэснийхээ дараа ч эхлэгчээрээ үйлчилсээр байв. «Бид хоёр олон улсын барилгын ажилд оролцохын тулд амьдралаа энгийн болгож, унтлагын гурван өрөөтэй хаусаа зараад, ажлаасаа гарсан» гэж нөхөр Марк нь ярьсан юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тэд Африкийн орнуудад очиж Хаанчлалын танхим барилцжээ. 15-хан доллартай болох үе байсан ч Ехова хэрэгцээг нь байнга хангадаг байв. Эхнэр Клаар нь: «Өдөр бүр Еховад үйлчлэхлээр үргэлж сэтгэл хангалуун байдаг. Бид олон найзтай болсон. Юугаар ч дутдаггүй. Бүрэн цагаар үйлчлэхийн тулд өчүүхэн юмаа золиосолсон ч маш их аз жаргалтай байна» гэжээ. Марк Клаар хоёрынхтой адилхан бодолтой хүн бүрэн цагийн үйлчлэгчдийн дунд олон бий.
18. Өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?
18 Та Хаанчлалын үйл хэрэгт идэвхтэй оролцож байгаа юу? Эсвэл онцын шаардлагагүй зүйлийг илүү анхаардаг болсон уу? Хэрэв тийм бол Библиэ тогтмол уншиж, нямбай судлахыг онцгой анхаараарай. Яаж? Хариуг нь дараагийн өгүүллээр үзье.
a «Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг» гэсэн өгүүллийг үзнэ үү.