Чадвараа бүрэн ашиглахад нь бусдадаа тусалъя
«Би чамайг ширтэн, чамд зөвлөнө» (ДУУ. 32:8).
1, 2. Ехова үйлчлэгч биднийгээ хэрхэн үздэг вэ?
ЭЦЭГ эхчүүд үр хүүхдийнхээ тоглож наадахыг хараад авьяас чадварыг нь биширдэг. Нэг хүүхэд нь спортод дуртай байхад нөгөө нь шатар даам сайн тоглодог эсвэл зураг зурах юм уу зохион бүтээх авьяастай байдаг. Үр хүүхэд нь ямар ч авьяас чадвартай байсан, эцэг эхчүүд түүнийг нь нээн илрүүлж, хөгжүүлэхийг хүсдэг.
2 Тэнгэрийн Эцэг Ехова маань ч хүүхэд биднийгээ харж анхаарч байдаг. Тэрбээр орчин үеийн үйлчлэгчдээ «бүх үндэстнээс үнэтэй нь» гэж үздэг (Хаг. 2:7, ШЕ). Өөрт нь үнэнч, итгэлтэй учраас тийнхүү үнэлж эрхэмлэдэг. Итгэл нэгтнүүдийн маань дунд янз бүрийн авьяас чадвартай хүмүүс байдгийг та анзаарсан байх. Зарим эрэгтэй уран илтгэгч байхад, зарим нь зохион байгуулах авьяастай. Хэл сурахдаа гаргууд, түүнийгээ дэлгэрүүлэх ажилдаа чадмаг ашигладаг эмэгтэйчүүд олон. Нөгөө хэсэг нь бусдыгаа урамшуулан зоригжуулах, өвдсөн нэгнээ асарч тойлохдоо үлгэр жишээч байдаг (Ром 16:1, 12). Ийм хүмүүстэй хамт Еховад үйлчилдэгтээ бид үнэхээр их баярладаг.
3. Энэ өгүүллээр ямар асуултуудыг авч үзэх вэ?
3 Зарим итгэл нэгтэн маань, ялангуяа хөвгүүд юм уу баптисм хүртээд удаагүй эрчүүд хуралд яаж хувь нэмэр оруулахаа мэдэхгүй байж болох юм. Чадвараа бүрэн ашиглахад нь тэдэнд яаж туслах вэ? Еховаг дууриан тэдний сайн талыг олж харахыг хичээхийн учир юу вэ?
ЕХОВА ҮЙЛЧЛЭГЧДИЙНХЭЭ САЙН ТАЛЫГ ОЛЖ ХАРДАГ
4, 5. Ехова Гидеоны юуг олж харсан бэ? Бид Еховаг хэрхэн дууриах вэ?
4 Ехова үйлчлэгчдийнхээ зөвхөн сайн талыг хараад зогсохгүй, ирээдүйд юу хийж чадахыг нь ч тооцдог. Үүнийг Библид гардаг үйл явдал харуулдаг. Жишээлбэл, Ехова ард түмнээ мидианчуудын дарлалаас чөлөөлөхөөр Гидеоныг сонгожээ. «Эрэмгий дайчин минь, ЭЗЭН чамтай хамт байна» гэж тэнгэр элчийг хэлэхэд Гидеон маш их гайхсан биз ээ. Учир нь тэрбээр Бурхны ард түмнийг аварч чадна гэж бодох нь битгий хэл, өөрийгөө «эрэмгий дайчин» ч гэж бодож байсангүй. Харин Ехова өөр бодолтой байсныг тэнгэр элч Гидеон хоёрын яриа тодорхой харуулдаг (Шүүгчид 6:11–16-г уншина уу).
5 Ехова Гидеоны чадал чадварыг мэдэж байсан учраас израильчуудыг чөлөөлнө гэдэгт нь бүрэн итгэж байсан. Жишээлбэл, хамаг чадлаараа тариа цайруулж байхыг нь харсан. Өөр нэг зүйл анхаарал татахаар байлаа. Библи бичигдэж байх үед тариачид үр тариагаа гадаа цайруулж аага хальсыг нь салхинд хийсгэдэг байжээ. Харин Гидеон хураасан жаахан буудайгаа мидианчуудаас нууж усан үзмийн шахуурга дотор цайруулж байв. Ехова Гидеоныг зүгээр л нэг хашир болгоомжтой тариачин бус, харин хэрсүү ухаалаг хүн гэж дүгнэсэн юм. Тийм ч учраас Гидеоны чадварыг тооцож үзээд, сургаж дасгалжуулжээ.
6, 7. а) Израильчууд Амосыг юу гэж үздэг байсан бэ? Харин Ехова юу гэж үзсэн бэ? б) Ехова Амосыг сонгосон нь зөв байсныг юу харуулдаг вэ?
6 Ехова бас зөнч Амосын чадавхыг олж харжээ. Харин хүмүүс Амосыг дуу цөөтэй, ноомой хүн гэж боддог байсан байж болох юм. Амос ч өөрийгөө «Би малчин бөгөөд инжрийн жимс хураагч» гэж хэлсэн байдаг. Инжир нь тэр үед ядуу хүмүүсийн хүнсэнд тооцогддог байв. Хуурамч шүтээн шүтэгч арван овогт Израилийн хаант улсад ял шийтгэл оноох зөнчөөр Ехова Амосыг сонгоход израильчууд түүнийг дорд үзэн басамжилсан биз ээ (Амос 7:14, 15-ыг уншина уу).
7 Амос хөдөөний хүн байсан хэдий ч тухайн үеийнхээ нийгэм, улс төрийн байдлыг сайн мэддэг байжээ. Нутгаар нь дайран өнгөрсөн наймаачдын ярианаас хөрш зэргэлдээх улс орнуудын тухай, Израиль дахь ёс бус явдлын тухай мэдэж авдаг байсан бололтой (Ам. 1:6, 9, 11, 13; 2:8; 6:4–6). Библи судлаач эрдэмтэд Амосыг бичгийн хүн байсан гэж үздэг. Энгийн ардад ойлгомжтой мөртлөө жинтэй үг сонгож бичдэг байжээ. Хээл хахуульд идэгдсэн тахилч Амазиаг зэмлэхдээ Амос ердөө ч айгаагүй. Бурхан үнэхээр зөв хүнээ сонгожээ. Хэний ч олж хараагүй чадварыг Ехова Амосоос олж харсан юм (Ам. 7:12, 13, 16, 17).
8. а) Ехова Давидад юу гэж амласан бэ? б) Өөрийгөө голдог хүмүүсийг Дуулал 32:8-д бичсэн үг хэрхэн урамшуулдаг вэ?
8 Ехова үйлчлэгч болгоныхоо чадварыг мэддэг нь тодорхой байна. Тэрбээр Давидыг удирдан чиглүүлж, заавар зөвлөгөө өгөхөө амласан байдаг (Дуулал 32:8-ыг уншина уу). Энэ нь бидэнд урам хайрладаг. Яагаад? Бид өөрийгөө голж чамладаг байж болох юм. Харин Ехова бидэнд хэрээс хэтэрсэн хүч өгч, бодож байснаас ч илүү зүйлийг хийхэд маань тусална. Хаданд авирах спортоор хичээллээд удаагүй байгаа хүнийг дасгалжуулагч нь хараад, хаанаас баривал илүү барьцтайг зааж өгдөг. Үүнтэй адилаар, Ехова бидэнд дуртайяа зааж зөвлөн чадвараа бүрэн ашиглахад тусалдаг. Ингэхдээ итгэл нэгтнүүдээр маань туслуулж болох юм. Яаж?
БУСДЫН САЙН ТАЛЫГ ХАРААРАЙ
9. Бусдын «ашиг сонирхлыг хар» гэсэн Паулын уриалгыг хэрхэн дагах вэ?
9 Итгэл нэгтнийхээ «ашиг сонирхлыг харахыг» Паул бүх христианд уриалсан байдаг (Филиппой 2:3, 4-ийг уншина уу). Бие биеийнхээ авьяас чадварыг олж харан, магтаж сайшаадаг бол Паулын уриалгыг дагаж байна гэсэн үг. Ахиж дэвшсэнийг тань хэн нэг нь анзаараад магтахад танд ямар санагддаг вэ? Урамшин зоригжиж, улам л ахиж дэвшихийн төлөө чадах бүхнээ хийнэ биз дээ. Үүнтэй адилаар, бид итгэл нэгтнүүдийнхээ хүчин зүтгэлийг үнэлдэг бол сүнслэгээр өсөхөд нь тус болно.
10. Ялангуяа хэнийг магтан сайшаах хэрэгтэй вэ?
10 Ялангуяа хэнийг магтан сайшаах хэрэгтэй вэ? Хөвгүүд эсвэл баптисм хүртээд удаагүй эрчүүдийг хурлын үйл хэрэгт оролцуулж, хуралд хэрэгтэй хүн гэдгийг нь мэдрүүлэх шаардлагатай. Тэгвэл тэд илүү хариуцлагатай үүрэг хүлээх эрмэлзэлтэй болно. Тэгээд ч Библид ингэхийг уриалдаг шүү дээ. Харин хийсэн зүйлийг нь үнэлдэггүй бол тэд ямар ч хүсэл эрмэлзэлгүй болж мэднэ (1 Тим. 3:1).
11. а) Нэг залууг сүнслэгээр өсөхөд нь ахлагч хэрхэн тусалсан бэ? б) Жулиенд тохиолдсон явдлаас та юу ойлгосон бэ?
11 Залуудаа ийм тусламж авч байсан Людовик гэдэг ахлагч: «Гэрч эрэгтэйд чин сэтгэлээсээ санаа тавивал илүү хурдан ахиж дэвшдэг» гэжээ. Жулиен гэдэг ичимхий залуугийн тухай Людовик: «Өөртөө итгэлгүй, заримдаа этгээд хачин үйлдэл гаргачихдаг байсан. Гэхдээ их сайхан сэтгэлтэй, хурлынхандаа туслах хүсэлтэйг нь би анзаарсан. Тийм болохоор түүнийг шүүмжлэхийн оронд сайхан чанарыг нь олж харж, урамшуулахыг хичээсэн» гэжээ. Үүний үр дүнд Жулиен туслах үйлчлэгч болжээ. Одоо байнгын эхлэгчээр үйлчилдэг аж.
ЧАДВАРАА БҮРЭН АШИГЛАХАД НЬ ТУСЛААРАЙ
12. Чадвараа бүрэн ашиглахад нь бусдад туслахын тулд ямар байх хэрэгтэй вэ? Жишээ татна уу.
12 Чадвараа бүрэн ашиглахад нь бусдад туслахын тулд ажигч гярхай байх хэрэгтэй. Хүний дутагдлыг анзаарахын оронд авьяас чадвар, сайхан чанарыг нь олж харахыг хичээгээрэй. Есүс элч Петрт хэрхэн хандсаныг авч үзье. Хэдийгээр Петр заримдаа юманд хөнгөн хуумгай хандчихдаг байсан ч Есүс түүнд хад гэдэг утгатай Кеф буюу Петр гэдэг нэр өгсөн. Үүгээрээ хад шиг бат тогтвортой, буурь суурьтай болохыг нь зөгнөжээ (Иох. 1:42).
13, 14. а) Барнаб Маркт хэрхэн хандсан бэ? б) Нэг ахлагч хурлынхаа залууд тусалсан нь ямар үр дүнтэй байсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).
13 Барнаб Марк хоёрын жишээг авч үзье (Үйлс 12:25). Паулыг Барнабтай хамт миссионерийн эхний аяллаа хийж байх үед Марк «тэдний хамт байж тусалжээ». Гэвч Памфулд очсоны дараа Марк тэднийг гэнэт орхиод явчихдаг. Паул Барнаб хоёр дээрэм тонуул ихтэй газраар хоёулхнаа явжээ (Үйлс 13:5, 13). Гэхдээ Барнаб Маркийг туйлбаргүй зан гаргалаа гэж хатуу хандаагүй. Сайхан чанарыг нь олж харсан бөгөөд дагуулж яван зааж сургажээ (Үйлс 15:37–39). Үүний ачаар Марк төлөвшсөн христиан болсон. Хэдэн жилийн дараа Паулыг Ромд хоригдож байхад Марк дэргэд нь байж тусалжээ. Паул Колоссай дахь хурлын итгэл нэгтнүүддээ захидал илгээхдээ Маркийн мэндийг дамжуулж түүнийг сайшаан бичсэн байдаг (Кол. 4:10). «Маркийг өөрийнхөө хамт аваад ирээрэй. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна» гэж Паулын бичсэнийг уншаад Барнабт хэчнээн сайхан санагдсаныг төсөөлөөрэй (2 Тим. 4:11).
14 Ажигч гярхай нэг ахлагч өөрт нь хэрхэн тусалсныг ахлагч болоод удаагүй Александр ийн дурсжээ. «Би өмнө нь олныг төлөөлж залбирахдаа их сандардаг байсан юм. Тэгэхэд нэг ахлагч надад яаж бэлтгэлтэй байхыг, хэрхэн тайвшрахыг зааж өгсөн. Намайг сандардаг гээд зөнд нь орхилгүй дэлгэрүүлэх ажлын цуглаан дээр тогтмол залбируулдаг байлаа. Би яваандаа өөртөө итгэлтэй болсон».
15. Паул итгэл нэгтнүүддээ талархаж явдгаа хэрхэн илэрхийлсэн бэ?
15 Та итгэл нэгтнийхээ сайхан чанарыг олж харахлаараа яадаг вэ? Магтдаг уу? Паул «Ром» номын 16 дугаар бүлэгт 20 гаруй итгэл нэгтнийхээ нэрийг дурдан мэнд дамжуулахдаа тэднийг яагаад хайрладгаа бичжээ (Ром 16:3–7, 13). Жишээ нь, Андроник Иуни хоёрыг өөрөөс нь өмнө Христийн дагалдагч болоод тууштай үйлчилж ирснийг нь магтсан байдаг. Бас Руфын ээжийг дурдаж, өөрийг нь хүү шигээ хайрлаж байсныг онцлон тэмдэглэжээ.
16. Хүүхэд залуусыг магтдаг бол ямар үр дүнтэй вэ?
16 Бусдыг чин сэтгэлээсээ магтдаг бол их үр дүнтэй. Францад амьдардаг Рико гэдэг хүүгийн тухай авч үзье. Аав нь баптисм хүртэхийг нь эсэргүүцсэнд Рико сэтгэл санаагаар унасан аж. Баптисм хүртэхийн тулд насанд хүртлээ хүлээхээс өөр аргагүй юм байна гэж боджээ. Бас сургууль дээр нь хүүхдүүд шоолдгоос болж ихэд гутардаг байв. Рикотой Библийн хичээл хийхээр болсон Фредрик гэдэг ахлагч: «Итгэл үнэмшлээ зоригтой илэрхийлсэн учраас л дарамт шахалттай тулгарч байгаа юм гэж хэлээд би Риког магтсан» гэжээ. Энэ үгийг сонсоод Рико урамшин зоригжсон учир бууж өгөхгүй байхаар шийджээ. Эцэгтэйгээ ч илүү дотно болсон байна. Тэгээд 12 настайдаа баптисм хүртсэн юм.
17. а) Ахиц дэвшил гаргахад нь эрчүүдэд хэрхэн туслах вэ? б) Залуу эрчүүдэд нэг миссионер хэрхэн тусалсан бэ? Үр дүн нь юу байсан бэ?
17 Ямар нэг ажлыг сайн хийх болгонд нь итгэл нэгтнүүдээ магтдаг бол тэд Еховагийн төлөө улам ихийг хийх хүсэл эрмэлзэлтэй болно. Францын Бетелд олон жил үйлчилж байгаа Силвиa гэдэг эмэгтэйн хэлснээр христиан эмэгтэйчүүд ч ах нарыг магтаж байх учиртай. Эмэгтэй хүн эрчүүдийн анзаараагүй юмыг олж харах нь бий гэж тэрбээр хэлжээ. «Эгч нарын хэлсэн урмын үг туршлагатай ах нарын хэлсэн магтаалын үгийг чимдэг» аж. Тэрбээр цааш нь «Итгэл нэгтнээ магтахыг би үүрэг гэж үздэг» гэжээ (Сур. 3:27). Францын Гайанад миссионерээр үйлчилдэг Жером олон залууд миссионер болох шаардлага хангахад нь тусалжээ. «Дэлгэрүүлэх ажилдаа тодорхой ахиц гаргахад нь эсвэл сайтар эргэцүүлэн бодоод цуглаан дээр хариулахад нь би тэднийг магтдаг юм. Тэгэхлээр тэд өөртөө илүү итгэлтэй болж, авьяас чадвараа улам хөгжүүлдэг» гэж Жером хэлсэн юм.
18. Залуу эрчүүдийг хурлын үйл хэрэгт оролцуулах нь ямар ач тустай вэ?
18 Түүнчлэн, итгэл нэгтнүүдээ хурлын үйл хэрэгт оролцуулбал сүнслэгээр ахиж дэвшихэд нь тусална. Жишээлбэл, өндөр настай христиануудад тустай мэдээлэл өгөхийн тулд jw.org сайтаас материал хэвлэхийг Гэрч залууд ахлагч даалгаж болох юм. Хаанчлалын танхимын цэвэрлэгээ юм уу засварын ажилд оролцохыг залуу эрчүүдэд уриалж болохгүй нь юу билээ? Ийнхүү санаачилга гаргадаг бол залуучуудыг магтаж урамшуулах, санал хүсэлтийг нь сонсох, авьяас чадварыг нь нээн илрүүлэх боломжтой болно (Сур. 15:23).
ИРЭЭДҮЙГ БОДОХ НЬ
19, 20. Чадвараа бүрэн ашиглахад нь бусдад яагаад туслах хэрэгтэй вэ?
19 Ехова израильчуудыг удирдуулахаар Иошуаг сонгохдоо «түүнд урам зориг, хүч чадал өгөхийг» Мосед тушаасан байдаг (Дэд хууль 3:28-ыг уншина уу). Эдүгээ Еховаг шүтдэг хүний тоо улам нэмэгдэж байна. Хөвгүүд болон баптисм хүртээд удаагүй эрчүүдэд чадвараа бүрэн ашиглахад нь ахлагчид гэлтгүй төлөвшсөн христианууд бүгдээрээ туслах хэрэгтэй. Ингэснээр улам олон хүн бүрэн цагаар үйлчлэх бөгөөд «бусдад заах чадвартай» эрчүүдийн тоо ч өснө (2 Тим. 2:2).
20 Төлөвшсөн христиан олонтой хурлын гишүүн ч бай, жижиг бүлгийн гишүүн ч бай, бид бүгдээрээ байгууллагынхаа ирээдүйд хувь нэмэр оруулж чадна. Үүний тулд Еховаг дууриан бусдын сайн талыг харж явцгаая.
a Нэрийг өөрчлөв.