Бурхны үг хүн бүхэнд тустай
«Би аливаа тогтоолуудыг зөвд тооцдог» (ДУУ. 119:128).
1. Бурхны Үгэнд бүрэн дүүрэн итгэх ёстойн учир юу вэ?
«БИБЛИЙГ ариун сүнсний удирдлагаар бичигдсэн Бурхны Үг мөн гэдэгт итгэдэг нь суралцагч хүний үг ярианаас харагддаг уу?». Дэлгэрүүлэгч болох шаардлага хангасан эсэхийг нь мэдэхийн тулд ахлагчид энэ асуултыг анхаардаг.a Үнэндээ бол, Бурханд үйлчилдэг бүх хүн Библийг Бурхны Үг гэж үзэх ёстой. Яагаад тэр вэ? Бурхны Үгэнд итгэдэггүй, дэлгэрүүлэхдээ чадмаг ашигладаггүй бол хүмүүсийг Еховатай танилцуулж, аврагдахад нь тусалж чадна гэж үү?
2. «Юу сурсан дотроо байнга байх» хэрэгтэйн учир юу вэ?
2 Элч Паул Тимотод «Юунд итгэсэн болон юу сурсан дотроо байнга бай» гэж бичихдээ Бурхны Үг хэчнээн чухал болохыг онцолжээ. Тимотын сурсан зүйл нь сайн мэдээнд итгэх итгэл төрүүлсэн Библийн үнэн байв. Бид ч бас Библийг судлаад үнэн гэдэгт итгэдэг болсон. Энэ нь «авралд хүргэх мэргэн ухааныг» одоо ч өгч байгаа (2 Тим. 3:14, 15). Үүний дараах зүйл буюу 2 Тимот 3:16 Библийг Бурхны Үг гэж нотолдог болохоор бид ихэнхдээ хүмүүст үзүүлдэг. Өөрсдөө ч ач тус хүртдэг (Уншина уу). Энэ зүйлийг нарийвчлан авч үзье. Ингэвэл Еховагийн сургаал бүхэн «зөв» гэдэгт улам итгэнэ (Дуу. 119:128).
«ЗААХАД ... ТУСТАЙ»
3-5. а) Пентекостын өдөр хэлсэн Петрийн үгийг хүмүүс яаж хүлээж авсан бэ? Яагаад? б) Тесалоникийн олон хүн итгэгч болсны учир юу вэ? в) Еховагийн Гэрчүүдийн дэлгэрүүлэх арга ямар онцлогтой вэ?
3 Есүс Израилийн ард түмэнд «Би та нар уруу эш үзүүлэгчид ба мэргэн хүмүүс, хуулийн багш нарыг илгээж байна» гэсэн (Мат. 23:34). Шавь нарынхаа тухай ийн хэлсэн аж. Дэлгэрүүлэхдээ Судраас иш татаж байхыг тэдэнд зааж өгчээ. МЭ 33 оны Пентекостын өдөр тэдгээр «хуулийн багш нарын» нэг болох элч Петр Иерусалимд цугласан олонд үг хэлэхдээ Еврей судраас иш татсан. Тэгээд түүнийгээ тайлбарласан нь олон хүний «зүрхийг хөндсөн». Нүглээ гэмшсэн 3 000 орчим хүн Бурхнаас өршөөл гуйн, христиан болцгоожээ (Үйлс 2:37–41).
4 Өөр нэгэн «хуулийн багш» буюу элч Паул сайн мэдээг Иерусалимаас хол газар дэлгэрүүлжээ. Тухайлбал, Македонийн Тесалоник хотод байдаг иудейчүүдийн синагогт гурван Амралтын өдөр очиж «Судраас ухуулав. Христ зовж, дараа нь үхэгсдээс амилах ёстой байсныг тайлбарлан нотлов». Ямар үр дүнд хүрсэн бэ? «Тэдний [иудейчүүдийн] зарим нь», мөн «үлэмж тооны грекчүүд ... итгэцгээжээ» (Үйлс 17:1–4).
5 Еховагийн орчин үеийн үйлчлэгчид зааж буй зүйлээ батлахын тулд Библиэс уншуулдгийг олон хүн мэддэг. Швейцарьт нэг Гэрч эмэгтэй айлаар дэлгэрүүлж яваад гэрийн эзэнд Библиэс уншиж өгчээ. Тэгтэл нөгөө хүн: «Та нар хаанаас явна вэ?» гэж асуув. «Еховагийн Гэрчүүд байна» гэж хариулахад нь «Нээрээ тийм л дээ. Еховагийн Гэрчүүдээс өөр хэн манайд ирээд, Библиэс уншиж өгөх вэ» гэжээ.
6, 7. а) Хурлын гишүүдэд зааж сургах даалгавар авсан хүн Библийг хэрхэн ашиглах нь зүйтэй вэ? б) Библийн хичээл заахдаа Судрыг үр өгөөжтэй ашиглах нь яагаад чухал бэ?
6 Хүмүүст зааж сургахдаа Библи хэмээх багажийг үр өгөөжтэй ашиглах хамгийн сайн арга юу вэ? Хэрэв та илтгэл тавих, цуглаан удирдах даалгавар авсан бол Библиэс иш татаарай. Ингэхдээ өөрийнхөө үгээр хэлэх юм уу илтгэлээсээ, эсвэл цахим хэрэгслээсээ унших биш, харин Библиэ нээгээд уншаарай. Сонсогчдод бас уриалаарай. Тухайн зүйлийнхээ утгыг тайлбарлаж, Еховатай улам дотносохын тулд яах хэрэгтэйг хэлж өгөөрэй. Ойлгомжгүй жишээ татах юм уу сонирхолтой явдал ярихын оронд Бурхны Үгийг тайлбарлахыг чухалчлаарай.
7 Библийн хичээл зааж байгаа бол юу санах хэрэгтэй вэ? Байгууллагын ном хэвлэлийг ашиглан хичээл заахдаа тухайн номд Библийн зүйлийг дурдсан хэр нь иш татаагүй бол ярилцахгүй өнгөрч болохгүй. Суралцагчаараа уншуулж, утгыг нь ойлгуулах хэрэгтэй. Яаж? Хэтэрхий их юм ярьж, удаан тайлбарлалгүй, санаа бодлыг нь өөрөөр нь хэлүүлээрэй. Юунд итгэж, юу хийхийг нь зааж өгөхийн оронд сайтар бодсон асуулт тавьж зөв дүгнэлтэд хүрэхэд нь туслаарай.b
«ЗЭМЛЭХЭД ... ТУСТАЙ»
8. Паул яадаг байсан бэ?
8 Ахлагчид «нүгэл үйлдсээр байгаа хүмүүсийг ... зэмлэх» үүрэг хүлээдэг (1 Тим. 5:20; Тит 1:13). Гэхдээ хүн өөрөө өөрийгөө зэмлэх нь бас чухал юм. Паул бусдад үлгэр дууриал үзүүлдэг, цэвэр мөс чанартай христиан байсан (2 Тим. 1:3). Тэглээ ч гэсэн «Миний эрхтнүүдэд өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг ... нүглийн хуулийн хоригдол болгодог» гэж бичжээ. Паул нүгэлт хандлагатайгаа тэмцэж юу хийснийг авч үзье (Ром 7:21–25-ыг уншина уу).
9, 10. а) Паул ямар дутагдалтайгаа тэмцэж байсан бэ? б) Яаж тэмцдэг байсан бэ?
9 Паул ямар дутагдалтайгаа тэмцэж байсан бэ? Тухайлж хэлээгүй ч «дээрэнгүй хүн байсныгаа» Тимотод бичжээ (1 Тим. 1:13). Христиан болохоосоо өмнө Христийн дагалдагчдад хатуу ширүүн ханддаг байв. «Тэдэнд хилэгнэн уурладаг» байсныгаа хүлээн зөвшөөрчээ (Үйлс 26:11). Паул уураа барьж чаддаг болсон ч биеэ захирч, үгээ бодож ярихад хэцүү үе заримдаа гардаг байсан нь лавтай (Үйлс 15:36–39). Юу тус болсон бол?
10 Коринтын христиануудад захидал бичихдээ өөрийгөө «зэмлэж» юу хийдэг байснаа тайлбарлажээ (1 Коринт 9:26, 27-г уншина уу). Тэрбээр дутагдлаа засъя л гэсэн бол хойш тавьж алгуурлалгүй шууд ажил хэрэг болгодог байв. Судраас зөвлөгөө хайж, түүнийгээ хэрэгжүүлэхэд туслахыг Еховагаас гуйж, засарч сайжрахын төлөө чадах бүхнээ хийдэг байсан нь эргэлзээгүй.c Бид ч гэсэн дутагдлаа засах гэж тэмцдэг учир Паулаас суралцах нь зүйтэй.
11. Үнэний замаар явж байгаа эсэхээ яаж «шалгах» вэ?
11 Энэ тэмцлийг зогсоож хэрхэвч болохгүй. Харин ч үнэний замаар явж байгаа эсэхээ үргэлж «шалгах» хэрэгтэй (2 Кор. 13:5). Колоссай 3:5–10 болон үүнтэй төстэй зүйлүүдийг уншаад дараах асуултыг өөртөө тавиарай. «Би нүгэл үйлдэх хандлагаа өөрчлөх гэж хамаг чадлаараа тэмцэж байна уу? Эсвэл ёс суртахууны хувьд доголдоод байна уу? Интернет хэрэглэх үед ёс журамгүй юм сурталчилдаг хуудас гарч ирвэл шууд хаадаг уу? Эсвэл тийм Вэб хуудсыг өөрөө хайдаг уу?». Бурхны Үгийн зөвлөгөөг яаж хэрэгжүүлэхээ ийм маягаар боддог бол «сэргэг бөгөөд эрүүл ухаантай байна» (1 Тес. 5:6–8).
«ЗАЛРУУЛАХАД ... ТУСТАЙ»
12, 13. а) Ямар зорилгоор «залруулах» ёстой вэ? Есүсийг яаж дууриах вэ? б) Бусдыг «залруулахдаа» яаж ярих ёсгүй вэ?
12 «Залруулах» гэж орчуулсан грек үг нь «сайныг хийх, засах, дахин зөв зохистой болгох» гэсэн утгатай. Заримдаа хэлсэн үг, хийсэн юмыг маань хүмүүс буруу ойлгодог. Тийм үед хэлж тайлбарлаж, засаж залруулах шаардлага гардаг. Жишээ нь, Иудейн шашны удирдагчид Есүсийг «татвар хураагчид болон нүгэлтнүүдэд» энэрэнгүй ханддаг хэмээн хэл ам хийжээ. Тэгэхэд нь Есүс: «Эмч эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст хэрэгтэй. Харин явж „Би тахилыг бус, энэрлийг хүсдэг“ гэсэн нь ямар учиртайг мэд» хэмээн хариулдаг (Мат. 9:11–13). Тэрбээр тэвчээртэй байж, энэрэнгүй сэтгэлийн үүднээс Бурхны үгийг бүх хүнд тайлбарладаг байв. Тийм учраас, даруу хүмүүс Еховаг «өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам» Бурхан гэдгийг ойлгожээ (Ег. 34:6). Бурхны Хүү хичээл зүтгэл гаргасны үрээр олон хүн сайн мэдээнд итгэсэн юм.
13 Хүмүүст туслахдаа Есүсийг дууриах хэрэгтэй. 2 Тимот 3:16-ийн дагуу бусдыг засаж залруулах гэдэг нь уурлаж загнан, хатуу ширүүн үг хэлнэ гэсэн үг биш юм. Хүний сэтгэл санаа ямар байгааг харгалзан үзэхгүйгээр ярих эрх бидэнд байхгүй. «Илдээр дүрэхтэй адил» хурцаар шүүмжиллээ гээд хүнд ерөөсөө тус болохгүй. Харин ч тэр хүнийг гомдоож, сэтгэлийг нь шархлуулна (Сур. 12:18).
14-16. а) Тусламж хүссэн хүмүүсийг ахлагчид яаж «залруулах» вэ? б) Үр хүүхдээ Библийн зарчмын дагуу «залруулах» нь яагаад чухал бэ?
14 Тэгвэл «залруулахдаа» яаж тэвчээртэй, энэрэнгүй байх вэ? Үг хэлээ ололцдоггүй эхнэр нөхөр хоёр маргаанаа таслахаар ахлагчаас тусламж хүсжээ гэж бодъё. Ахлагч яах бол? Хэнийх нь ч талд оролгүйгээр Библийн зарчмыг бодуулна. Ингэхдээ «Гэр бүлийн аз жаргалын нууц» номын 3-р бүлгээс ярилцаж болох юм. Үүний дүнд аль зөвлөгөөг яаж хэрэгжүүлэх хэрэгтэйгээ нөхөр эхнэр хоёр дор дороо ойлгож авна. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа нөгөө ахлагч тэднээс эв зүйгээ олсон эсэхийг асууж, шаардлагатай бол дахин тусламж үзүүлнэ.
15 Эцэг эхчүүд үр хүүхдээ яаж «залруулах» вэ? Өсвөр насны охин тань сайн хүүхэдтэй найзалдаггүй юм шиг санагджээ гэж бодъё. Яах вэ? Тэр найз нь ямар хүүхэд вэ гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Тэглээ ч гэсэн санаа зовоод байвал охинтойгоо ярилцах нь зүйтэй. «Залуучуудын асуулт. Ашигтай зөвлөгөө» номын 2-р дэвтэрт бичсэн Библийн зарчмуудыг ярилцаж болно шүү дээ. Цаашдаа охиндоо илүү их цаг зав гаргах хэрэгтэй. Бас дэлгэрүүлэхдээ, гэрийнхэнтэйгээ хамт байхдаа сэтгэл санаа нь ямар байгааг ажиглаарай. Хэрэв та тэвчээртэй, энэрэнгүй байвал охин тань таныг ойлгож, хайрыг тань мэдрэх биз ээ. Тэгээд таны үгэнд орж, зөв шийдвэр гаргана.
16 Түүнчлэн, эрүүл мэнддээ санаа зовдог, ажлаасаа халагдаад сэтгэлээр унасан, Библийн ямар нэг сургаалыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хүмүүст ч энэрэнгүй хандаж, тэвчээртэйгээр засаж «залруулах» хэрэгтэй. Бусдыг Бурхны Үгээр «залруулдаг» бол ихээхэн үр дүнд хүрнэ.
«ЗӨВТ БАЙДАЛ ДОТОР ЧИГЛҮҮЛЭХЭД ТУСТАЙ»
17. Сахилга батын арга хэмжээг тустай гэхийн учир юу вэ?
17 «Бүх сахилгажуулалт нь тухайн үедээ баяр хөөртэй бус, харин уй гашуутай мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр сургагдсан хүмүүст зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг төрүүлж өгдөг» (Евр. 12:11). Эцэг эх нь сахилга батын арга хэмжээ авдаг байсан нь үнэхээр тустай байсныг Гэрч айлд өссөн олон христиан хүлээн зөвшөөрдөг. Ахлагчид биднийг сахилгажуулбал хүлээж авах хэрэгтэй. Еховагийн авдаг энэ арга хэмжээний ачаар бид амийн замаас гарахгүй (Сур. 4:13).
18, 19. а) Сургаалт үгс 18:13-т байдаг зөвлөгөө «зөвт байдал дотор» сахилгажуулахад яагаад чухал бэ? б) Ахлагчид нүгэл үйлдсэн хүнтэй харьцахдаа «төлөв» байж, хайрын сэтгэлээр хандвал ямар үр дүнд хүрдэг вэ?
18 Сахилга батын арга хэмжээ авахад эв дүй хэрэгтэй. «Зөвт байдал дотор» сахилгажуулж байхыг Ехова бидэнд тушаасан (2 Тим. 3:16). Тиймээс Библийн зарчмыг удирдлага болгох шаардлагатай. Нэг зарчим Сургаалт үгс 18:13-т байдаг. Тэнд «Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь хүнд өөрт нь мунхаг хэрэг ба ичгүүр билээ» хэмээжээ. Тэгэхлээр ахлагчид ноцтой нүгэл үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүнтэй ярилцахдаа бүх баримтыг сайтар шалгаж мэдсэн байх ёстой (Д.хууль 13:14). Тэгсэн цагт тэр хүнийг «зөвт байдал дотор» сахилгажуулна.
19 Түүнээс гадна, «төлөв байдал дотор засаж бай» гэсэн ахлагчдад зориулсан заавар Бурхны Үгэнд бий (2 Тимот 2:24–26-г уншина уу). Нүгэл үйлдсэн хүнээс болоод бусад нь хохирох юм уу Еховад дургүйцэж мэдэх юм. Ахлагч нүгэл үйлдсэн тэр хүнд зөвлөгөө өгөхдөө уурлавал ус болно уу гэхээс тус болохгүй. Харин Бурхныг дууриан энэрэнгүй байвал алдсан хүнийг гэмшүүлэх биз ээ (Ром 2:4).
20. Эцэг эхчүүд хүүхэд хүмүүжүүлэхдээ ямар зарчим баримтлах хэрэгтэй вэ?
20 Эцэг эхчүүд үр хүүхдээ Еховагийн «дэг журам болон сургамж дотор хүмүүжүүлэхдээ» Библийн зарчмыг баримтлах хэрэгтэй (Еф. 6:4). Жишээ нь, хүүг нь буруу юм хийсэн гэж хүн хэлбэл аав нь яах вэ? Шууд л шийтгэхийн оронд асуудалд нухацтай хандана. Тэгээд ч уурлан хилэгнэх, зодоон цохион хийх гэдэг ойлголт христиан айлд байх ёсгүй. Эцэг эхчүүд Еховаг дууриан «энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй» байх гэж хичээх учиртай (Иак. 5:11).
ЕХОВАГИЙН ӨГСӨН ҮНЭТЭЙ БЭЛЭГ
21, 22. Еховагийн хуулийг хайрладгийг тань Дуулал 119:97–104-т байдаг ямар үг илэрхийлдэг вэ?
21 Бурхнаас эмээдэг нэг хүн хуулийг нь хайрладгийнхаа учрыг хэлсэн байдаг (Дуулал 119:97–104-ийг уншина уу). Тэрбээр Еховагийн хуулийг судлаад аливаа зүйлийг тодорхой, гүн гүнзгий ойлгодог, мэргэн ухаантай болжээ. Бурхны Үгийн зөвлөгөөг дагадаг байсны ачаар гай зовлон дагуулдаг бузар замаас хөлөө татсан аж. Судрыг судлах нь түүнд таатай сайхан, сэтгэл сэргээм байв. Тийм учраас, насан туршдаа Бурхны хуулийг сахиж амьдрахаар эргэлт буцалтгүй шийджээ.
22 Та Библийг үнэлж баршгүй бэлэг гэж үздэг үү? Энэ номыг судлаад л, Бурхан санаа зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэдэг болсон байх. Библид байдаг Бурхны зөвлөгөөг хэрэгжүүлбэл үхэлд хүргэх нүгэл үйлдэхгүй. Судрыг чадмаг ашиглан, зөв тайлбарладаг бол амь руу хөтөлдөг зам дээр гарч түүгээр зогсолтгүй явахад нь хүмүүст тусална. Бүхнээс мэргэн ухаантай, хайрын сэтгэлтэй Ехова Бурхандаа үйлчлэхдээ Библи хэмээх хосгүй багажийг бүрэн дүүрэн ашиглацгаая.
a Дэлгэрүүлэгч болох хүний хангавал зохих арван шаардлагын эхний асуулт.
b Есүс хүмүүст сургаал заахдаа «Та нар юу гэж бодож байна вэ?» гэж асуугаад, хариулахыг нь хүлээдэг байсан (Мат. 18:12; 21:28; 22:42).
c Паулын захидалд өөрөө өөртэйгөө тэмцэхэд туслах олон зөвлөгөө байдаг (Ром 6:12; Галат 5:16–18). Тэр зөвлөгөөгөө өөрөө хэрэгжүүлж байсан гэж дүгнэж болно (Ром 2:21).