БҮЛЭГ 5
Ертөнцөөс тусгаар байя
«Та нар ертөнцийнх биш» (ИОХАН 15:19, АББН).
1. Есүс нас барахынхаа өмнө юунд санаа зовж байсан бэ?
ЕСҮС удахгүй нас барах гэж байлаа. Шавь нараа орхиж явна гэдгээ мэдэж байсан Есүс тэднийхээ ирээдүйд санаа зовж байв. Тэгээд шавь нартаа «Та нар ертөнцийнх биш» гэж хэлдэг (Иохан 15:19, АББН). Дараа нь Эцэгтээ залбирахдаа шавь нарынхаа тухай «Би ертөнцийнх бишийн адил тэд ертөнцийнх биш юм» гэж хэлсэн (Ёохан 17:15, 16). Есүсийн энэ үг ямар утгатай вэ?
2. Есүсийн хэлсэн «ертөнц» гэдэг үг ямар утгатай вэ?
2 Энд бичсэн «ертөнц» гэдэг үгээр Бурхныг мэддэггүй, Сатаны удирдлага дор байдаг хүмүүсийг хэлжээ (Ёохан 14:30; Эфэс 2:2; Яаков 4:4; 1 Ёохан 5:19). «Ертөнцийнх биш байхын» тулд яах хэрэгтэй вэ? Бурхны Хаант төрд үнэнч байж, төвийг сахих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, улс төрийн асуудлаар аль ч талыг баримтлахгүй гэсэн үг. Бас ертөнцийн хандлагад авталгүй, даруу хувцаслаж, гадаад байдлаа анхаарах шаардлагатай. Мөнгөний талаар зөв үзэлтэй байх хэрэгтэй. Мөн Бурхны өгдөг хуяг дуулгыг өмсөж, зэр зэвсгийг агсах ёстой. Эдгээрийг энэ бүлгээс дэлгэрэнгүй үзье (Тайлбар 16-г үзнэ үү).
БУРХНЫ ХААНТ ТӨРД ҮНЭНЧ БАЙХ
3. Есүс улс төрийн асуудлаар ямар байр суурь баримталдаг байсан бэ?
3 Есүс дэлхийд байхдаа хүний амьдрал хэчнээн амаргүй байдгийг биеэрээ үзсэн. Есүс өрөвч сэтгэлтэй, хүнд тус болохыг хүсдэг хүн байсан. Тэглээ гээд төрийн хэрэгт оролцож, удирдагч болсон уу? Үгүй ээ. Хүн төрөлхтний бүх бэрхшээлийг Бурхны Хаант төр буюу Бурхны засгийн газар шийднэ гэдгийг мэдэж байсан. Есүс тэрхүү Хаант төрийн Хаан болох байв. Бас Хаант төрийн тухай голлон заадаг байлаа (Даниел 7:13, 14; Лук 4:43; 17:20, 21). Есүс улс төрийн асуудалд оролцдоггүй, үргэлж төвийг сахидаг байсан. Ромын амбан захирагч Понти Пилатад «Миний Хаант төр энэ ертөнцийнх биш» гэж хэлсэн (Ёохан 18:36). Есүсийн шавь нар ч төвийг сахидаг байсан. Нэг номд Христийн эртний дагалдагчид «улс төрийн алба хашдаггүй байсан» гэж бичжээ («On the Road to Civilization»). Өнөөдөр ч Христийн дагалдагчид ижил байр суурь баримталдаг. Бид Бурхны Хаант төрийг тууштай дэмжиж, ертөнцийн улс төрийн асуудлаар төвийг сахидаг (Матай 24:14).
4. Христийн жинхэнэ дагалдагчид Бурхны Хаант төрд үнэнч гэдгээ хэрхэн харуулдаг вэ?
4 Элчин сайд хүн улсынхаа засгийн газрыг төлөөлөн гадаад улсад суудаг. Ийм учраас байгаа улсынхаа төрийн хэрэгт оролцдоггүй. Ирээдүйд Христтэй хамт тэнгэрээс захирах тослогдсон дагалдагчид элчин сайдтай адил юм. Элч Паул: «Бид Христийн төлөөх элчин сайд» гэж тослогдсон хүмүүст бичжээ (2 Коринт 5:20). Тослогдогсод Бурхны Хаант төрийг төлөөлдөг учраас энэ ертөнцийн улс төр, төр засгийн асуудалд оролцдоггүй (Филиппой 3:20). Харин Бурхны Хаант төрийн тухай мэдэж авахад нь олон сая хүнд тусалдаг. Бурхны байгуулах шинэ ертөнцөд мөнх амьдрах ирээдүйтэй хүмүүс буюу «өөр хоньд» тослогдогсдод тус дэм болдог. Тэд ч бас төвийг сахидаг (Ёохан 10:16; Матай 25:31–40). Иймээс Христийн жинхэнэ дагалдагч энэ ертөнцийн улс төрийн асуудалд оролцдоггүй нь тодорхой байна (Исаиа 2:2–4-ийг уншина).
5. Христийн дагалдагчид дайнд явдаггүйн нэг шалтгаан юу вэ?
5 Христийн жинхэнэ дагалдагчид итгэл нэгтнүүдээ ах дүү шигээ үзэж, угсаа гарал, хэл соёл зэргээс нь үл хамааран эв нэгдэлтэй байдаг (1 Коринт 1:10). Хэрэв бид дайнд явбал итгэл нэгтнүүд буюу ах дүүгийнхээ өөдөөс буу шагайна. Гэтэл Есүс бидэнд итгэл нэгтнүүдээ хайрлахыг захисан шүү дээ (Ёохан 13:34, 35; 1 Ёохан 3:10–12). Тэр бүү хэл, дайснаа хайрлахыг захисан (Матай 5:44; 26:52).
6. Еховад өөрийгөө зориулсан хүн төр засагт яаж ханддаг вэ?
6 Христийн дагалдагч бид төвийг сахидаг боловч сайн иргэн байхыг хичээдэг. Жишээлбэл, хууль журмыг мөрдөж, татвар төлөх зэргээр төр засгийг хүндэлдэг. Гэхдээ «Бурхны юмыг Бурханд өгөхийг» үргэлж анхаардаг (Марк 12:17; Ром 13:1–7; 1 Коринт 6:19, 20). Бурхнаа хайрлах, дуулгавартай байх, Бурхнаа шүтэх нь «Бурхны юмыг» өгч байгаа хэрэг. Бид Еховад дуулгавартай байхыг аминаас чухал гэж үздэг (Лук 4:8; 10:27; Үйлс 5:29; Ром 14:8-ыг уншина).
«ЕРТӨНЦИЙН ХАНДЛАГАД» АВТАХГҮЙН ТУЛД ТЭМЦЭХ
7, 8. «Ертөнцийн хандлага» гэж юу вэ? Хүн энэ хандлагад автвал яадаг вэ?
7 Сатаны ертөнцөөс тусгаар байхын тулд «ертөнцийн хандлагад» автахаас сэргийлэх ёстой. Ертөнцийн хандлага гэж юу вэ? Хүний үзэл бодол, биеэ авч явах байдалд нөлөөлдөг, Сатанаас эхтэй хандлага юм. Еховад үйлчилдэггүй хүмүүс ийм хандлагад автдаг. Харин Еховагийн үйлчлэгчид автахгүйн тулд тэмцдэг. Паулын бичсэнээр «бид энэ ертөнцийн хандлагад авталгүй, Бурхны агуу хүчээр удирдуулдаг» (1 Коринт 2:12; Эфэс 2:2, 3; Тайлбар 17-г үзнэ үү).
8 Хүн ертөнцийн хандлагад автвал аминч, бардам, тэрслүү болдог. Улмаар Бурханд дуулгавартай байх албагүй гэсэн үзэлтэй болдог. Сатан хүмүүсийг үр дагаврыг нь бодохгүйгээр хүссэнээ хийгээсэй гэж хүсдэг. Бас «махан биеийн хүсэл, нүдний хүслээ» хангах нь хамгийн чухал гэж итгүүлэхийг оролддог (1 Ёохан 2:16; 1 Тимот 6:9, 10). Диавол Еховагийн үйлчлэгчдийг мэхэлж өөрийнхтэйгөө адилхан үзэлтэй болгох гэж улайран зүтгэдэг (Ёохан 8:44; Үйлс 13:10; 1 Ёохан 3:8).
9. Бурхны үйлчлэгч яавал ертөнцийн хандлагад автаж мэдэх вэ?
9 Ертөнцийн хандлага агаар шиг хаа сайгүй байдаг. Бид автахгүй байх гэж хичээхгүй л бол автана (Сургаалт үгс 4:23-ыг уншина). Ертөнцийн хандлагад автах нь хал балгүй мэт санагддаг юмнаас эхэлдэг. Тухайлбал, бид Еховаг шүтдэггүй хүмүүс шиг боддог, биеэ авч явдаг болж мэднэ (Сургаалт үгс 13:20; 1 Коринт 15:33). Эсвэл порно үзэх юм уу тэрслэгчдийг, хэтэрхий өрсөлдөөнтэй спорт гэх зэргийг сонирхож мэдэх юм (Тайлбар 18-ыг үзнэ үү).
10. Ертөнцийн хандлагад автахгүйн тулд яах хэрэгтэй вэ?
10 Тэгвэл ертөнцийн хандлагад автахгүйн тулд яах хэрэгтэй вэ? Ехова Бурхантай дотно байх хэрэгтэй. Мэргэн ухаантай Бурхнаараа удирдуулах нь зүйтэй. Агуу хүчийг нь гуйж тогтмол залбирах ёстой. Бас Еховад үйлчилж өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй. Ехова бол орчлонт ертөнцийн хамгийн хүчирхэг Нэгэн. Тиймээс ертөнцийн хандлагад автахгүй байхад маань туслах чадалтай (1 Ёохан 4:4).
ХУВЦАСЛАЛТ, ГАДААД БАЙДЛААРАА БУРХНЫГ АЛДАРШУУЛАХ
11. Ертөнцийн хандлагад автсан хүмүүс яаж хувцасладаг вэ?
11 Бид ертөнцийнх биш гэдгээ хувцаслалт, гадаад байдлаараа бас илтгэн харуулдаг. Олон хүн хувцаслалтаараа бусдын анхаарлыг татах, бусдад ёс журамгүй хүсэл төрүүлэх, нийгэмд эсэргүүцлээ илэрхийлэх эсвэл баян чинээлгээ харуулахыг оролддог. Зарим хүн хувцас хунар, гадаад байдлаа огт анхаардаггүй. Хааш яаш, бохир хувцаслах нь бий. Бид ийм хүмүүсийн нөлөөнд автаж болохгүй.
12, 13. Өмсөж зүүхээ шийдэхдээ ямар зарчмыг бодох хэрэгтэй вэ?
12 Еховад үйлчилдэг бид тухайн нөхцөл байдалдаа тохируулан цэвэр цэмцгэр, үзэмжтэй сайхан хувцаслахыг боддог. Бид «Бурхнаас эмээдэг» хүнийхээ хувьд «даруу, ухаалаг байн» аятайхан хувцасладаг (1 Тимот 2:9, 10; Юуда 21).
13 Хүмүүс бидний хувцас, гадаад байдлыг ажиглаад Ехова Бурхныг, ард түмнийг нь дүгнэдэг. Бид «Бурхныг алдаршуулахын төлөө бүхнийг хийхийг» хичээдэг (1 Коринт 10:31). Бусдын үзэл бодлыг хүндлэх нь даруу зантайн шинж юм. Иймээс гадаад байдлаа анхаарч, өмсөж зүүхээ шийдэхдээ хүмүүст ямар санагдахыг бодож үзээрэй (1 Коринт 4:9; 2 Коринт 6:3, 4; 7:1).
14. Хаант төрийн үйл хэрэгт оролцохдоо өмсөх хувцсаа яаж сонгох вэ?
14 Бид сайн мэдээ тунхаглахдаа, цуглаанд явахдаа ямар хувцас өмсдөг вэ? Өмссөн зүүснээрээ хүний анхаарлыг татдаг уу? Бусдыг эвгүй байдалд оруулдаг уу? Эсвэл миний яаж хувцаслах нь бусдад хамаагүй, энэ бол миний хэрэг гэж боддог уу? (Филиппой 4:5; 1 Петр 5:6). Хүн сайхан харагдахыг хүсэх нь зүйн хэрэг. Гэхдээ хүнийг хамгийн их чимдэг зүйл бол Христийн дагалдагчид байх ёстой зан чанар юм. Ийм зан чанартай эсэхийг маань Ехова их анхаардаг. «Бурхны хувьд асар үнэтэй» ийм зан чанарыг хэр их илэрхийлдэг маань «зүрх сэтгэл дэх нуугдмал хүнийг» буюу бид чухам ямар хүн бэ гэдгийг харуулдаг (1 Петр 3:3, 4).
15. Ехова яагаад хувцаслалт, гадаад байдлын талаар хатуу дүрэм журам гаргаагүй вэ?
15 Ехова ямар хувцас өмсөж болох, болохгүйг заасан жагсаалт гаргаагүй. Харин хувцас хунараа зөв сонгоход тустай зарчмуудыг Библид бичүүлж өгсөн (Еврей 5:14). Биднийг том жижиг ямар ч шийдвэр гаргасан, өөрийг нь болон бусдыг гэсэн хайрандаа хөтлөгдөөсэй гэж хүсдэг (Марк 12:30, 31-ийг уншина). Еховагийн ард түмэн ахуй соёл, дур сонирхлоосоо хамаараад нэг загварын биш боловч үзэмжтэй сайхан хувцасладаг.
МӨНГӨНИЙ ТАЛААР ЗӨВ ҮЗЭЛТЭЙ БАЙХ
16. Мөнгөний талаарх хүмүүсийн үзэл Есүсийн сургаалаас ямар ялгаатай вэ? Өөрөөсөө юу гэж асуух нь зүйтэй вэ?
16 Мөнгөтэй, эд хөрөнгөтэй л бол сайхан амьдарна гэж бодуулахыг Сатан хүсдэг. Харин Еховагийн үйлчлэгчид үүнийг худал гэж мэддэг. «Хүн баян чинээлэг байлаа ч амь нас нь эд баялгаас нь шалтгаалдаггүй» гэсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрдөг (Лук 12:15). Жинхэнэ аз жаргалыг худалдаж авах аргагүй. Жинхэнэ найз нөхөд, амар тайван амьдрал, мөнх амь бол мөнгөөр олддог юм биш ээ. Мэдээж, хүний амьдралд эд мөнгө хэрэгтэй нь үнэн. Ямар ч хүн сайхан амьдрахыг хүсдэг. Гэхдээ Бурхантай дотно байж, жинхэнэ шүтлэгийг амьдралынхаа эн тэргүүнд тавьсан цагт жаргалтай амьдарна гэж Есүс сургасан (Матай 5:3; 6:22). Тиймээс өөрөөсөө «Би мөнгөний талаар Бурхныг мэддэггүй хүмүүсийнхтэй адилхан үзэлтэй юү? Би үргэлж мөнгө бодож, мөнгөний тухай ярьдаг уу?» гэж асуугаарай (Лук 6:45; 21:34–36; 2 Ёохан 6).
17. Мөнгөний талаарх өнөөгийн нийгмийн үзэлд автахгүй байх нь ямар ач тустай вэ?
17 Еховад үйлчлэхийг эн тэргүүнд тавьж, мөнгөний талаарх өнөөгийн нийгмийн үзлийг баримталдаггүй бол илүү утга учиртай амьдарна. Санаа амар, сэтгэл хангалуун явна (Матай 6:31, 32; Ром 15:13). Мөнгө гэж хэт их санаа зовохгүй (1 Тимот 6:9, 10-ыг уншина). Бас өгөхийн жаргал эдэлнэ (Үйлс 20:35). Хайртай хүмүүстэйгээ хамт байх цаг гарна. Санаа зовох юмгүй унтаж амардаг болж болох юм (Номлогчийн үгс 5:12).
«БУРХНЫ ӨГДӨГ ХУЯГ ДУУЛГА»
18. Сатан яахыг оролддог вэ?
18 Сатан бидний Еховатай тогтоосон харьцааг үгүй хийхийг оролддог. Иймээс энэ харьцаагаа хамгаалахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Бид «чөтгөрүүдтэй тэмцдэг» (Эфэс 6:12). Сатан болон чөтгөрүүд биднийг сайн сайхан, мөнх амьдраасай гэж хүсдэггүй (1 Петр 5:8). Бид ийм хүчирхэг дайснуудтай тэмцдэг ч Еховагаар туслуулбал ялж чадна!
19. Эфэс 6:14–18-д гардаг «хуяг дуулга», «зэр зэвсэг» гэж юу вэ?
19 Эрт цагт цэргүүд тулаанд орохдоо биеэ хамгаалахын тулд хуяг дуулга өмсөж, зэр зэвсэг агсдаг байсан. Үүнтэй адилаар, бид Еховагийн өгдөг «хуяг дуулгыг өмсөж, зэр зэвсгийг бүрэн агсах» ёстой (Эфэс 6:13). Ингэвэл өөрсдийгөө хамгаална. Энэ «хуяг дуулга», «зэр зэвсгийн» тухай Эфэс 6:14–18-д «Тиймээс бат зогс. Үнэний бүсийг бүсэл. Шударга сайн явдлын хуягийг өмс. Амар тайвны сайн мэдээг тунхаглахад бэлэн байхын тулд шаахайгаа хөлдөө өмс. Хорон муу нэгний бүх галт сумыг унтрааж чаддаг байхын тулд итгэлийн том бамбайг үргэлж авч яв. Бас авралын дуулгыг өмсөж, Бурхны агуу хүчээрээ өгсөн илд буюу Бурхны үгийг ав. Тухай бүрд нь Бурхны агуу хүчээр удирдуулан янз бүрээр залбирч, шаргуу гуйж бай» гэж бичсэн байдаг.
20. «Хуяг дуулга», «зэр зэвсэг» юунд хэрэгтэй вэ? Бид яах ёстой вэ?
20 Цэрэг хүн хуяг дуулгынхаа аль нэгийг өмсөхөө мартвал дайсан биеийнх нь хамгаалалтгүй хэсэг рүү довтолно. «Хуяг дуулга» өмсөж өөрийгөө хамгаалъя гэвэл алийг нь ч орхиж болохгүй. Цаг үргэлж өмсөж, бас чанарыг нь шалгаж байх хэрэгтэй. Бурхан Сатаны ертөнцийг устгаж, Сатан болон чөтгөрүүдийг дэлхийгээс үгүй хийх цаг иртэл бид тэмцсээр байна (Илчлэл 12:17; 20:1–3). Тиймээс буруу хүсэл юм уу дутагдалтайгаа тэмцэж байгаа бол бууж өгч болохгүй! (1 Коринт 9:27).
21. Яавал ялах вэ?
21 Бид өөрсдийн хүчээр Диаволыг дийлэхгүй. Харин Еховагаар туслуулбал дийлнэ! Еховад үнэнч байхын тулд залбирч, Үгийг нь судалж, итгэл нэгтнүүдтэйгээ цуглах хэрэгтэй (Еврей 10:24, 25). Ингэвэл Бурханд үнэнч байж, итгэл үнэмшлээ хамгаалахад бэлэн байх юм.
ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭ ХАМГААЛАХАД БЭЛЭН БАЙ
22, 23. а) Итгэл үнэмшлээ хамгаалахад хэзээд бэлэн байхын тулд яах хэрэгтэй вэ? б) Дараагийн бүлгээс юуны тухай үзэх вэ?
22 Бид итгэл үнэмшлээ хамгаалахад хэзээд бэлэн байх хэрэгтэй (Ёохан 15:19). Еховагийн Гэрчүүд зарим асуудлаар бусад хүнээс өөр байр суурь баримталдаг. Өөрөөсөө ингэж асуугаарай. «Бид яагаад ийм байр суурь баримталдгийн цаад учрыг би ойлгодог уу? Библид бичсэн бүхнийг үнэн, итгэмжит, ухаалаг боолын зааврыг зөв гэдэгт бат итгэдэг үү?» (Матай 24:45; Ёохан 17:17). «Еховагийн Гэрч гэдгээрээ бахархдаг бил үү?» (Дуулал 34:2; Матай 10:32, 33). «Би итгэл үнэмшлээ хүнд тайлбарлаж чадах уу?» (1 Петр 3:15-ыг уншина).
23 Ертөнцийнх биш байхын тулд яах хэрэгтэй нь ихэнхдээ тодорхой байдаг. Харин заримдаа тодорхойгүй байж болох юм. Сатан янз бүрийн урхи тавьдаг. Нэг урхи нь үзэж харах зүйл юм. Үзэж харах зүйлээ яаж зөв сонгох вэ? Дараагийн бүлгээс үзье.