«Диаволыг эсэргүүц»
«Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна» (ИАКОВ 4:7).
1. Өнөөгийн ертөнцийг хэрхэн тодорхойлж болох вэ? Ямар учраас тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгчид сонор сэрэмжтэй байх хэрэгтэй вэ?
«БУРХАН алга болсон ч Диавол байж л байна». Францын зохиолч Андре Малрогийн хэлсэн энэ үг та бидний амьдарч буй энэхүү ертөнцийг тун оновчтой дүрсэлжээ. Учир нь хүмүүний үйл хэрэгт Бурхны хүсэл таалал бус, Диаволын ов мэх илүүтэй тусдаг нь илэрхий харагдаж байна. Сатан «мөхөж буй хүмүүст зориулсан зүсэн бүрийн хорон муу мэх, хуурамч тэмдэг болон гайхамшиг, хүчирхэг үйлээр» хүмүүсийн замыг алдуулж байна (2 Тесалоник 2:9, 10, ШЕ). Энэхүү «эцсийн өдрүүдэд» Сатан «Бурхны хуулиудыг болон Есүсийн гэрчлэлийг сахидаг» тослогдсон христиануудад дайн зарлан, Бурхны үйлчлэгчид дээр хамаг хүчээ төвлөрүүлж байна (2 Тимот 3:1; Илчлэлт 12:9, 17). Тиймээс тослогдсон христианууд болон дэлхий дээр амьдрах найдвартай тэдний хамтран зүтгэгчид сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.
2. Сатан Еваг хэрхэн мэхэлсэн бэ? Элч Паул яагаад сэтгэл зовж байсан бэ?
2 Сатан хуурч мэхлэхдээ их гарамгай. Могойг халхавч болгон ашиглаж, Бурхнаас хараат бус байвал их жаргана гэж бодуулан Еваг мэхэлсэн билээ (Эхлэл 3:1–6). Үүнээс хойш 4 000 орчим жилийн дараа элч Паул Коринт хотын тослогдсон христиануудад захидал бичихдээ тэднийг Сатаны заль мэхийн золиос болчих вий гэж сэтгэл зовж явдгаа илэрхийлжээ. Тэрээр: «Могой залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ уруу хандсан цэвэр, энгийн байдлаас та нарын санаа бодлуудыг төөрүүлчих вий гэхээс би айж байна» гэжээ (2 Коринт 11:3). Сатан хүмүүсийн ухааныг самууруулж, бодлыг төөрүүлдэг. Еваг мэхэлсэн шигээ христиануудыг мэхэлж, Ехова болон түүний Хүүд таалагддаггүй юм хийчихвэл жаргана гэсэн буруу ойлголт тэдэнд төрүүлж чадна.
3. Ехова үйлчлэгчдээ Диаволаас яаж хамгаалдаг вэ?
3 Сатаныг сэрэмжгүй амьтныг гэнэ алдуулж барихаар урхи тавьдаг анчинтай зүйрлэж болно. Сатаны урхинаас зайлсхийхийн тулд «Хамгийн Дээд Нэгний халхавчинд орших» хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг үйл хэргээрээ хүлээн зөвшөөрдөг хүмүүсийг хамгаалахаар бий болгосон бэлэгдлийн газар хоргодох шаардлагатай (Дуулал 91:1–3). «Диаволын заль мэхийн эсрэг бат зогсох чадвартай байхын тулд» бидэнд Бурхны Үгээрээ, ариун сүнсээрээ, байгууллагаараа дамжуулан өгдөг хамгаалалтын «бүрэн хуяг дуулга» хэрэгтэй (Ефес 6:11). Энд гарсан «заль мэх» гэдэг грек үгийг бас «башир арга», «ов мэх» гэх зэргээр орчуулж болно. Диавол Еховагийн үйлчлэгчдийг урхидахын тулд янз бүрийн ов мэх, башир арга хэрэглэдэг нь гарцаагүй.
Эртний христиануудад Сатаны тавьсан урхи
4. Эртний христианууд ямар нийгэмд амьдардаг байсан бэ?
4 Манай эриний нэг, хоёрдугаар зууны христианууд Ромын эзэнт гүрний хөгжлийн оргил үед амьдарч байлаа. Эзэнт гүрний харьцангуй тайван байдал худалдаа наймаа хөгжихөд хүчтэй нөлөөлжээ. Энэхүү хөгжил цэцэглэлийн дүнд эрх мэдэлтнүүд чөлөөт цаг ихтэй болж, ард олныг үймээн самуун гаргах вий гэсэндээ өргөнөөр зугаацуулж цэнгүүлэхийг хичээдэг байлаа. Баяр наадам нь ажлын өдөр шиг олон байх үе ч байв. Эрх баригчид хүмүүсийг идэх хоолтой гэдэс цатгалан байлган, үзэх юмаар оюун санааг нь сатааруулах гэж олон нийтийн сангаас хөрөнгө гаргадаг байжээ.
5, 6. а) Христианууд Ромын театр, амфитеатрт очихгүй байх нь яагаад зөв байсан бэ? б) Сатан ямар урхи ашигладаг байв? Христианууд түүнээс хэрхэн зайлсхийдэг байсан бэ?
5 Тэр байдал эртний христиануудад аюултай байв уу? Есүсийн элч нарын дараах үеийн Тертуллиан гэх мэтийн зохиолчдын бичсэнээс үзвэл тэр цагийн зугаа цэнгэлийн арга хэмжээний ихэнх нь жинхэнэ христиануудын хувьд сүнслэг тал болоод ёс суртахуунд ихээхэн аюул учруулдаг байжээ. Тухайлбал, баяр ёслол, тоглоом наадмын ихэнх нь харь үндэстний бурхдыг алдаршуулахад зориулагдсан байлаа (2 Коринт 6:14–18). Театрт гэхэд л сонгодог жүжгийн ихэнх нь эх захаа алдсан садар самуун явдал юм уу, цус асгаруулсан хүчирхийллийг үзүүлдэг байжээ. Яваандаа хүмүүс сонгодог жүжиг тоохоо болиод садар самуун явдлыг харуулсан үггүй жүжиг сонирхох болжээ. «Эртний Ромын аж байдал» гэдэг номдоо түүхч Жером Каркопино: «Ийм жүжигт эмэгтэй жүжигчдийг чармай нүцгэлэхийг зөвшөөрдөг байжээ... Цус асгаруулдаг байжээ. [...] Нийслэл хотынхныг байлдан дагуулсан эрээ цээргүй явдал [үггүй жүжигт] туйлдаа хүрсэн байна. Хүмүүс ийм жүжгийг жигшдэггүй байв. Учир нь амфитеатрын аймшигт алаан хядааныг үзсээр мөс чанараа, мэдрэл сэрлээ бүрмөсөн гээчихсэн ажээ» гэж бичжээ (Матай 5:27, 28).
6 Амфитеатрт гладиаторууд бие биетэйгээ, эсвэл зэрлэг амьтантай үхэх сэхэхээ үзэн тулалддаг байв. Тийм тулаанд нэг бол алдаг, нэг бол алуулдаг байжээ. Ялтнуудыг, мөн хожим нь олон христиан хүнийг зэрлэг амьтанд хаяж өгчээ. Тэр дээр үед хүртэл Сатаны урхи садар самуун явдал, хүчирхийллийг жигших сэтгэлийг мохоож, тэдгээрийг ердийн үзэгдэл, энгийн ардын хүсэл шаардлага болтол нь өөгшүүлэх зорилготой байжээ. Театрт ч, амфитеатрт ч очихгүй байх нь тэр урхинаас зайлсхийх ганц арга байлаа (1 Коринт 15:32, 33).
7, 8. а) Христиан хүн морин тэрэгний уралдаанд очих нь ямар учраас ухаалаг бус байсан бэ? б) Сатан христиануудыг урхидахдаа халуун усны газрыг яаж ашиглаж болох байв?
7 Тэр үед «цирк» гэж нэрлэдэг байсан тэгш өнцөгт хэлбэрийн том дэвжээн дээр болдог морин тэрэгний уралдаан аазгай хөдөлгөм байсан нь гарцаагүй. Гэхдээ тэмцээн үзэгчид ихэнхдээ ухаанаа алдан догширдог байсан тул христиануудын хувьд үзэх зүйл биш байв. ІІІ зууны үеийн нэгэн зохиолч зарим үзэгчийн хоорондоо зодолддог тухай тэмдэглэжээ. Циркийн барилгын нуман хаалган доор «зурхайчид болон янхнууд ажил хэргээ явуулдаг байв» гэж түүхч Каркопино бичжээ. Ромын морин уралдааны талбай христиануудад тохирох газар биш байсан нь илэрхий байна (1 Коринт 6:9, 10).
8 Тэгвэл Ромын алдарт халуун усны газрын тухай юу хэлж болох вэ? Цэвэр байхын тулд усанд ороход буруу юм огт байхгүй. Гэхдээ олон халуун усны газар дэргэдээ иллэг, биеийн тамир, мөрийтэй тоглоомын өрөө болон хоолны газартай том цогцолбор байжээ. Уг нь, хүмүүсийг хүйсээр ялган өөр өөр цагт усанд орж байхаар тогтоосон боловч эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хамтдаа орохыг гол төлөв зөвшөөрдөг байв. Александрийн Климент: «Халуун усны газар нь эрэгтэй эмэгтэй хүнийг хүйсээр ялгаварлахгүй үйлчилдэг бөгөөд тэнд хүмүүс садар самууныг дэвэргэн нүцгэлж шалдалдаг байжээ» гэж бичжээ. Энэ мэтээр Сатан албан ёсны олон нийтийн үйлчилгээг христиануудад урхи тавихдаа амархан ашиглаж болохоор байв. Ухаалаг христианууд тиймэрхүү газар очдоггүй байсан.
9. Эртний христианууд ямар ямар урхинаас зайлсхийх хэрэгтэй байсан бэ?
9 Ромын эзэнт гүрний ид цэцэглэлтийн үед хамгийн зугаатай зүйл бол мөрийтэй тоглоом байжээ. Христианууд морин уралдааны мөрийнөөс зайлсхийхийн тулд уралдааны газар огт очдоггүй байсан. Дэн буудал болон хоолны газруудад хууль бусаар мөрийтэй тоглодог нууц өрөө байдаг байв. Тоглогчид өөр тоглогчийн гарт байгаа жижиг чулуу юм уу шагайг сондгой болон тэгш тоотой гэж мөрий тавин тоглодог байжээ. Мөрийтэй тоглоом нь хялбар аргаар мөнгө олох боломж байсан учир хүмүүс дурладаг байлаа (Ефес 5:5). Түүнээс гадна, тийм газрын зөөгч хүүхнүүд голдуу янхан байсан учраас садар самуунд орооцолдох аюул их байжээ. Ромын эзэнт гүрний хот сууринд амьдарч байсан христиануудад Сатан энэ мэтийн урхи тавьдаг байжээ. Тэгвэл өнөөдөр байдал ямар байна вэ?
Сатаны орчин үеийн урхи
10. Өнөөгийн байдал Ромын эзэнт гүрэнд үүссэн нөхцөлтэй юугаараа адил бэ?
10 Олон зуун жил өнгөрсөн ч Сатаны ов мэх ерөнхийдөө өөрчлөгдөөгүй байна. Завхралд автсан Коринт хотын христиануудыг «Сатан мэхэлж далимдуулах вий» гэж элч Паул тэдэнд хатуу сануулаад: «[Сатаны] хөнөөх санааг бид ямар мэдэхгүй биш» гэж бичжээ (2 Коринт 2:11). Өнөөдөр өндөр хөгжилтэй олон оронд байдал Ромын эзэнт гүрний оргил үеийнхтэй адил байна. Урьд өмнөх үетэй харьцуулбал олон хүн чөлөөт цаг ихтэй болсон. Засгийн газраас явуулдаг хонжворт сугалаа ядуу хүнд хүртэл сүүмгэр ч гэлээ найдвар төрүүлдэг. Хүмүүсийн оюун санааг хямдхан зугаа цэнгэл эзэмдсэн байна. Үзэгчээр дүүрсэн цэнгэлдэх хүрээлэнд хүмүүс хоорондоо мөрий тавьж, заримдаа зодоон цохион болно. Ийм байдал тоглогч тамирчдын дунд ч байнга гардаг болжээ. Чанаргүй дуу хөгжим хангинаж, эрээ цээрээ алдсан үзвэр театрын тайз, кино, телевизийн дэлгэцнээс салахаа больжээ. Зарим улсад эрэгтэй эмэгтэй хүмүүс хамтдаа ордог халуун рашаан, саун түгээмэл байдаг бөгөөд зарим наран шарлагын газар хүмүүс чармай нүцгэн байдгийг дурдаад ч хэрэггүй биз ээ. Сатан христ шашны түүхийн эхэн үед Бурхны үйлчлэгчдийг уруу татахаар оролддог байсан шигээ өнөөдөр ч ертөнцийн зугаа цэнгэлээр уруу татахыг хичээдэг.
11. Амарч алжаалаа тайлах гэсэн хүслийн цаана ямар урхи байдаг вэ?
11 Стресс их болсон өнөө үед амарч, алжаалаа тайлах нь зүйн хэрэг. Гэхдээ Ромын халуун усны газар эртний христиануудад аюул учруулж тун болзошгүй байсны адилаар Сатан өнөөдөр зарим амралт, сувиллын газрыг христиануудыг садар самуун, архидан согтуурах явдалд уруу татах урхи болгон ашигладаг нь тодорхой болоод байна. Элч Паул Коринтын христиануудад: «Бүү мэхлэгд. „Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг“. Та нар ямар байх ёстой шиг эрүүл ухаантай бай. Нүгэл үйлдэхээ боль. Учир нь заримд нь Бурхны тухай мэдлэг байхгүй байна» гэж бичжээ (1 Коринт 15:33, 34).
12. Сатан өнөөдөр Еховагийн үйлчлэгчдийг урхидахын тулд юу юу ашигладаг вэ?
12 Бид Евад тохиолдсон явдлаас Сатан «залиараа» бодол санааг нь төөрүүлснийг мэдсэн билээ (2 Коринт 11:3). Өнөөдөр Диаволын ашигладаг нэг урхи бол, Еховагийн Гэрчүүдийг бусадтай л адил хүмүүс гэж харуулахын тулд боломжтой бүхнийг хийвэл зарим хүнийг үнэний замд оруулж чадна гэсэн бодлыг христиануудад төрүүлэх явдал юм. Заримдаа тэд ертөнцийн хүнтэй хэтэрхий адил болж, бүх юм буруугаар эргэдэг (Хаггаи 2:12–14). Сатаны өөр нэг урхи бол хөгшин залуу гэлтгүй христиануудыг хоёрдмол амьдрал уруу түлхэж, улмаар «Бурхны Ариун Сүнсийг гомдоох» явдал юм (Ефес 4:30). Зарим хүн Интернэтийг ухаалаг бус ашиглан ийм урхинд оржээ.
13. Диаволын заль мэхүүдийн нэг нууц занга юу вэ? «Сургаалт үгс» номын ямар зөвлөгөө үүнд тохирох вэ?
13 Оккультизм бол Сатаны ашигладаг бас нэг нууц занга юмa. Жинхэнэ христиан хүн сатанизм юм уу спиритизмд мэдээж санаатайгаар хутгалдахгүй. Гэтэл зарим хүн кино, телевизийн олон ангит кино, видео тоглоом, тэр байтугай хүүхдийн ном, шог зураг зэргээс хүчирхийлэл юм уу, далдын хүчтэй холбоотой адал явдал үзэхээрээ өөрийн мэдэлгүй сэрэмж алддаг. Оккультизмтэй холбоотой ямар ч юмнаас зайлсхийх хэрэгтэй. «Замаасаа гажсан хүний замд үүргэнэ ба занга бий. Өөрийгөө хамгаалдаг хүн тэдгээрээс холуур явдаг» гэдэг мэргэн үг байдаг шүү дээ (Сургаалт үгс 22:5). Сатан бол «энэ үеийн бурхан» учраас олонд түгээмэл алив зүйл нь түүний ямар нэг зангыг нууж байж болох юм (2 Коринт 4:4; 1 Иохан 2:15, 16).
Есүс Диаволыг эсэргүүцсэн
14. Есүс Диаволын анхны сорилтыг хэрхэн эсэргүүцсэн бэ?
14 Есүс Диаволыг эсэргүүцэж, өөрөөсөө зайлуулах сайхан жишээ үзүүлсэн. Түүнийг баптисм хүртэж, цөлд 40 хоног мацаг барьсных нь дараа Сатан сорив (Матай 4:1–11). Мацаг барьж өлссөн байхад нь эхний сорилт болсон. Сатан Есүсийг анхны гайхамшгаа махан биеийнхээ хэрэгцээг хангахын төлөө л үйлдээсэй гэж хүсэж байлаа. Харин Есүс Дэд хууль 8:3-ыг иш татан хүчээ амин хувийн зорилгоор ашиглахаас татгалзан, сүнслэг хоолыг ердийн хоолноос илүүд үздэгээ харуулсан билээ.
15. а) Сатан Есүсийг сорихдоо төрөлхийн ямар хүслийг нь ашигласан бэ? б) Бурхны орчин үеийн үйлчлэгчдийн эсрэг Диаволын ашигладаг нэг гол заль мэх юу вэ? Түүнийг хэрхэн эсэргүүцэж болох вэ?
15 Диавол Есүсийг ийн сорихдоо садар самуунд уруу татаагүйг тэмдэглэх хэрэгтэй. Тэр үед Есүс өлссөн байсан учир хоол идэх хүслийг нь хамгийн түрүүнд ашиглан сорьж болох байлаа. Тэгвэл өнөөдөр Бурхны үйлчлэгчдийг урхидахын тулд Диавол ямар ямар сорилт ашигладаг вэ? Элдэв янзын олон сорилт байдгийн дотроос Сатан Еховагийн ард түмний үнэнч байдлыг эвдэн бусниулахын тулд садар самуунд уруу татах аргыг голлон ашигладаг. Есүсийг дуурайвал Диаволыг эсэргүүцэж, хорхой хүрэм зүйлээс зайлсхийж чадна. Есүс Библийн зүйлүүдийг санаж байгаад Сатаны сорилтыг давсан шиг бид ч гэсэн хорхой хүрэм зүйлтэй тулгарвал Эхлэл 39:9; 1 Коринт 6:18 гэх зэргийн зүйлүүдийг санах хэрэгтэй.
16. а) Сатан Есүсийг хоёр дахь удаагаа хэрхэн сорьсон бэ? б) Сатан ямар арга ашиглан биднээр Еховаг сориулж болох вэ?
16 Дараа нь Диавол, Бурхан хүүгээ тэнгэр элчүүдийнхээ тусламжтайгаар хамгаалж чадах эсэхийг сорих зорилгоор Есүсийг сүмийн оройгоос үсрэхийг өдөв. Есүс Дэд хууль 6:16-г иш татан, Эцгээ сорихоос татгалзав. Сатан биднийг сүмийн дээврээс үсэргэж чадахгүй ч Еховаг сориход хүргэж болно. Бид ахлагч нарын зөвлөгөөг үл хайхран хувцас хунар, зүс царайгаараа ертөнцийн маягт хэр зэрэг дөхөж чадахаа үзэх хүсэл төрдөг үү? Олиггүй зугаа цэнгэлд дурлан соригддог бил үү? Тийм бол Еховаг сорьж байж болох юм. Хэрэв бидэнд тийм хандлага байдаг бол Сатан биднээс зайлах биш, харин ч талдаа оруулах гэж тасралтгүй оролдоно.
17. а) Диавол Есүсийг гурав дахь удаа хэрхэн сорьсон бэ? б) Иаков 4:7-гийн үг бидний хувьд хэрхэн үнэн байж болох вэ?
17 Сатан, өөрт нь ганц л мөргөхөд ертөнцийн бүх хаанчлалыг өгнө гэхэд Есүс бас л Судраас иш татан, зөвхөн Эцгээ үнэнчээр шүтэх байр сууриа хатуу баримталсан (Дэд хууль 5:9; 6:13; 10:20). Сатан бидэнд ертөнцийн хаанчлалыг санал болгох нь юу л бол. Гэхдээ өнгө мөнгөөр, тэр байтугай өөрийн гэсэн бяцхан «хаанчлалтай» болох мөрөөдлөөр байнга сорьж мэднэ. Ингэхэд бид Еховад чин үнэнч байж, Есүс шиг хариу өгдөг бил үү? Хэрэв тийм бол, Есүст тохиолдсон шиг явдал бидэнд бас тохионо. Матай: «Тэгээд диавол Түүнийг орхив» гэж бичсэн байдаг (Матай 4:11). Хэрэв бид Библийн зарчмуудыг санаж, амьдралдаа хэрэгжүүлэн Сатаны эсрэг хатуу зогсвол тэр биднийг орхино. Иаков: «Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна» хэмээн бичсэн (Иаков 4:7). Нэг ах Еховагийн Гэрчүүдийн Франц дахь салбарт: «Сатан үнэхээрийн зальтай. Би өөрөө хичнээн сайхан санаатай байлаа гээд сэтгэл санаа, хүсэл эрмэлзлээ захирах их хэцүү юм. Гэлээ ч гэсэн эр зориг, тэсвэр тэвчээр, хамгийн гол нь Еховагийн тусламжтайгаар бэрхшээлээ амжилттай давж, үнэнээс зуурч явдаг» гэж бичжээ.
Диаволыг эсэргүүцэх «бүрэн хуяг дуулга» бидэнд бий
18. Диаволыг эсэргүүцэхэд ямар сүнслэг «хуяг дуулга» туслах вэ?
18 Ехова биднийг «диаволын заль мэхийн эсрэг бат зогсох чадвартай» байг гэж сүнслэг «бүрэн хуяг дуулга» өгсөн билээ (Ефес 6:11–18). Библийн үнэнийг хайрлах хайрыг «бэлхүүсээрээ... бүсэлбэл» христиан үйл хэрэгт бэлэн болно. Еховагийн зөв хэм хэмжээг баримтлахаар шийдвэр төгс байвал энэ нь зүрхийг маань хамгаалах «хуяг» юм. «Хөлдөө [сайн мэдээг] өмсөх» аваас дэлгэрүүлэх ажилд байнга оролцдог болно. Энэ нь биднийг сүнслэгээр бэхжүүлж, хамгаална. Бат итгэл бол том «бамбайтай» адил бөгөөд биднийг «муу нэгний бүх галт сум» буюу Сатаны хар санаат довтолгоон, сорилтоос хамгаална. Еховагийн амлалтууд биелнэ гэдэгт бат найдах нь оюун санааг маань амар тайван байлгаж, бодох чадварыг маань хамгаалах «дуулгатай» адил юм (Филиппой 4:7). Хэрэв бид Бурхны Үгийг чадварлаг ашиглаж сурвал Библи нь хүмүүсийг Сатаны сүнслэг боолчлолоос чөлөөлөхөд ашиглах «сэлэм» болно. Түүнээс гадна, Есүс сорилтод орохдоо Бурхны Үгийг ашигласан шиг бид ч бас өөрсдийгөө хамгаалж чадна.
19. «Диаволыг эсэргүүцэхээс» гадна өөр яах шаардлагатай вэ?
19 Хэрэв бид «Бурхны бүрэн хуяг дуулгыг» үргэлж өмсөн, байнга залбирдаг бол Сатаныг довтлоход Ехова хамгаална гэдэгт итгэлтэй байж болно (Иохан 17:15; 1 Коринт 10:13). Гэхдээ «Диаволыг эсэргүүцсэнээр» бүх юм болчихгүйг Иаков тэмдэглэсэн. Юуны түрүүнд бидний төлөө санаа тавьдаг «Бурханд захирагдах» ёстой (Иаков 4:7, 8). Бурханд яаж захирагдаж болдгийг дараагийн өгүүллээс үзнэ.
[Зүүлт]
a Оккультизм — шинжлэх ухааны судалгаагаар нээж мэдэж үл болох үзэгдэл, хүч зэрэг зүйл ертөнцөд байна гэж зөвшөөрөн хүлээж, тэдгээрийн харилцан үйлдлийн «практик» арга боловсруулах тухай сургаалыг тэмдэглэсэн нэр томьёо («Философийн толь», УБ, 1990).
Та хэрхэн хариулах вэ?
• Сатаны ямар ямар урхинаас эртний христианууд зайлсхийх ёстой байсан бэ?
• Сатан өнөөдөр Еховагийн үйлчлэгчдийг урхидахын тулд ямар ямар заль мэх хэрэглэдэг вэ?
• Есүс Диаволын сорилтыг хэрхэн эсэргүүцсэн бэ?
• Диаволыг эсэргүүцэхэд ямар сүнслэг хуяг дуулга туслах вэ?