«Одоо бол тааламжтай цаг»
«Харагтун, одоо бол „Тааламжтай цаг“ байна. Харагтун, одоо бол „Авралын өдөр“ байна» (2 КОР. 6:2).
1. Оногдсон цагтаа багтаан юу хийх ёстойгоо ухамсарлах хэрэгтэйн учир юу вэ?
«ТЭНГЭРИЙН доорх бүх юмс цаг хугацаатай бөгөөд бүх юм тогтоогдсон цаг мөчтэй ажээ» (Ном. 3:1). Соломон газар тариалан, мал аж ахуй эрхлэх, аялж жуулчлах, худалдаа наймаа хийх, хүмүүстэй харьцах гэх мэтэд хүчин чармайлт гаргавал зохих хамгийн тааламжтай цаг хэзээ болохыг мэдэхийн чухлыг бичжээ. Гэхдээ бид оногдсон цагтаа багтаан хийх ёстой аливаа ажлаас хамгийн чухал нь юу болохыг мэдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, юуг эн тэргүүнд тавихаа шийдэх ёстой.
2. Есүс дэлгэрүүлж байхдаа ямар цаг үед амьдарч буйгаа сайн ойлгож байсныг бид хаанаас мэддэг вэ?
2 Дэлхий дээр байхдаа Есүс амьдарч буй цаг үеэ, мөн юу хийх ёстойгоо сайн мэддэг байв. Тэрбээр юуг эн тэргүүнд тавихаа тодорхой ойлгож, удаан хүлээсэн Мессиагийн тухай олон зөгнөл биелэх цаг ирснийг мэдэж байжээ (1 Петр 1:11; Илч. 19:10). Амласан Мессиа гэдгээ хүмүүст мэдүүлэх нь түүний хийх ажил байв. Бас Хаанчлалын тухай үнэнийг сайтар гэрчилж, ирээдүйд өөртэй нь хамт Хаанчлалыг өвлөх хүмүүсийг цуглуулах учиртай байсан. Түүнчлэн дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээг тунхаглаж, шавь бэлдэх үүрэгтэй христиан хурлын суурийг тавих ёстой байлаа (Марк 1:15).
3. Есүс цаг үеэ мэдэж байсан нь үйл хэргээс нь хэрхэн харагддаг вэ?
3 Есүс амьдарч буй цаг үеэ, хийж гүйцэтгэх ёстой ажлаа сайн мэддэг байсан учраас Эцгийнхээ хүсэл тааллыг хичээл зүтгэлтэй биелүүлэх урам зориг нь бадарчээ. Тэрбээр шавь нартаа: «Ургац арвин, харин ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацыг нь хураах ажилчдыг илгээхийг ургацын Эзэнээс гуйцгаа» гэж хэлжээ (Лук 10:2; Мал. 4:5, 6). Есүс эхлээд 12, дараа нь 70 шавиа сонгож, тодорхой заавар өгөөд, «Тэнгэрийн хаанчлал ойрхон байна» гэсэн сэтгэл хөдөлгөм мэдээ тунхаглуулахаар явуулсан. «Есүс арван хоёр шавь нараа сургамжилж дуусаад, тэдний хотуудаар сургаал айлдан, номлохоор явав» гэж өөрийнх нь тухай бичсэн байдаг (Мат. 10:5–7; 11:1; Лук 10:1).
4. Паул Есүс Христийг хэрхэн дууриадаг байсан бэ?
4 Есүс бүх дагалдагчдадаа хичээл зүтгэлтэй, чин үнэнч байхын төгс жишээ үзүүлсэн. Тийм ч учраас, элч Паул итгэл нэгтнүүддээ: «Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа» хэмээн уриалжээ (1 Кор. 11:1). Тэрбээр Христийг хэрхэн дууриадаг байсан бэ? Сайн мэдээ тунхаглахдаа хүчээ нөөлгүй зүтгэдэг байсан. Паул хурлуудад илгээсэн захидалдаа: «Хичээл зүтгэлд бүү хойрго бай», «Эзэнд [Еховад] үйлчил», «Эзэний үйл хэрэгт үргэлж бялхсан бай», «Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний [Еховагийн] төлөө мэт чин сэтгэлээсээ хийгтүн» гэх зэргээр бичжээ (Ром 12:11; 1 Кор. 15:58; Кол. 3:23). Паул Дамаск орох замдаа Эзэн Есүс Христтэй учирснаа, бас Есүсийн: «Тэр бол харь үндэстнүүд, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө Миний нэрийг үүрэхийн тулд Миний сонгогдсон сав» хэмээн шавь Ананиагаар хэлүүлснийг хэзээ ч мартаагүй (Үйлс 9:15; Ром 1:1, 5; Гал. 1:16).
«Тааламжтай цаг»
5. Паул ямар учраас хичээл зүтгэлтэй үйлчилдэг байсан бэ?
5 Үйлс номыг уншвал, Паулын эр зоригтой, хичээл зүтгэлтэй үйлчилдэг байсныг анзаарахгүй байхын аргагүй (Үйлс 13:9, 10; 17:16, 17; 18:5). Паул ямар цаг үед амьдарч байгаагаа ойлгож байсан. Тэрбээр: «Харагтун, одоо бол „Тааламжтай цаг“ байна. Харагтун, одоо бол „Авралын өдөр“ байна» хэмээн хэлсэн (2 Кор. 6:2). МЭӨ 537 он Вавилонд олзлогдогсдын хувьд төрсөн нутаг руугаа буцах тааламжтай цаг байсан (Ис. 49:8, 9). Тэгвэл Паул ямар санаа илэрхийлэх гэсэн юм бол оо? Хам сэдвийг үзвэл ойлгож болно.
6, 7. Өнөөгийн тослогдсон христиануудад ямар агуу завшаан оногдсон бэ? Тэдэнтэй хэн хамтран ажилладаг вэ?
6 Паул өөрт нь болон тослогдсон итгэл нэгтнүүдэд нь оногдсон агуу завшааныг захидалдаа дурдсан байдаг (2 Коринт 5:18–20-ийг уншина уу). «Бурхантай эвлэрэ[хийг]» хүмүүсээс гуйх «эвлэрлийн үйлчлэл» гүйцэтгүүлэх тусгай зорилгоор Бурхан тэднийг дуудсаныг Паул тайлбарлажээ.
7 Еденд самуун дэгдсэн цагаас хүн төрөлхтөн тэр аяараа Еховагаас хөндийрчээ (Ром 3:10, 23). Үүний улмаас хүн төрөлхтнийг зовлон зүдүүр, үхэл хагацалд хүргэдэг сүнслэг харанхуй нөмөрсөн. Паул: «Өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлонг эдэлдгийг бид мэднэ» хэмээн бичжээ (Ром 8:22). Гэхдээ Бурхан хүмүүсийг буцаж ирээд өөртэй нь эвлэрэхийг уриалах, үнэндээ бол «гуйх» тодорхой алхам хийсэн. Тэр нь Паул болон бусад тослогдсон христианд даалгасан үйлчлэл байв. Тэр «тааламжтай цаг» нь Есүст итгэдэг хүмүүсийн хувьд «авралын өдөр» болох байжээ. Тослогдсон бүх христиан болон тэдний хамтран зүтгэгч «өөр хонинууд» «тааламжтай цаг»-ийн ач тусыг хүртэхийг хүмүүст уриалсаар байна (Иох. 10:16, ШГ).
8. Эвлэрэх уриалга юугаараа онцгой вэ?
8 Эвлэрэх уриалга юугаараа онцгой вэ? Хүн төрөлхтөн Еденд самуун дэгдээж, Бурхантай эв эвдсэний хариуцлагыг дангаараа хүлээх ёстой болсон ч найрсаг харилцаагаа сэргээх санаачилгыг хүмүүс биш, Бурхан гаргасан (1 Иох. 4:10, 19). Бурхан юу хийсэн бэ? Энэ асуултад Паул: «Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлж, хүмүүсийн гэм бурууг үл харгалзсан бөгөөд эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ» гэж хариулжээ (2 Кор. 5:19; Ис. 55:6).
9. Энэрэнгүй сэтгэлийнх нь төлөө Паул Бурханд хэрхэн талархсан бэ?
9 Бурхан Хүүгээ золиосолсноор уг золиосонд итгэх хүмүүст гэм нүглээ уучлуулж, өөртэй нь найрсаг харьцаа тогтоох боломж олгосон. Түүнээс гадна, төлөөлөгчдөө илгээн, боломж байгаа дээр нь эвлэрэхийг хүмүүст уриалдаг (1 Тимот 2:3–6-г уншина уу). Паул Бурхны хүсэл таалал юу болохыг ойлгож, ямар цаг үед амьдарч буйгаа мэдэж байсан учир эцэж цуцахыг үл тоон «эвлэрлийн үйлчлэл»-д өөрийгөө зориулсан юм. Еховагийн хүсэл таалал өөрчлөгдөөгүй. Тэрбээр мутраа дэлгэсээр байна. Паулын хэлсэн «одоо бол авралын өдөр», «одоо бол тааламжтай цаг» гэдэг үг өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Ехова хэчнээн өрөвч, энэрэнгүй Бурхан бэ! (Ег. 34:6, 7).
«Бүү дэмий хоосон аваарай»
10. I зууны тослогдсон христиануудын хувьд «авралын өдөр» гэдэг нь юу хийх хэрэгтэй цаг байсан бэ? Өнөөгийн тослогдогсдын тухайд юу хэлж болох вэ?
10 Нигүүлслийн энэ үгнээс ач тус хүртэх анхны хүмүүс нь «Христ дотор» байгсад юм (2 Кор. 5:17, 18). Тэдний хувьд «авралын өдөр» нь МЭ 33 оны Пентекостын өдрөөс эхэлсэн. Ийнхүү «эвлэрлийн үг» тунхаглах ажил тэдэнд даалгагдсан. Одоо амьд байгаа тослогдсон христианууд «эвлэрлийн үйлчлэл»-ийг гүйцэтгэсээр байна. Элч Иоханы үзэгдэлд гардаг дөрвөн тэнгэр элч «дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, газар дээр ... салхи салхилуулахгүйн тулд дэлхийн дөрвөн салхийг барьж» байгааг тэд мэддэг. Тэгэхлээр одоо бол «авралын өдөр», «тааламжтай цаг» мөн (Илч. 7:1–3). Тийм учраас тослогдсон үлдэгсэд XX зууны эхэн үеэс эхлэн «эвлэрлийн үйлчлэл»-ийг дэлхийн өнцөг булан бүрд гүйцэтгэх даалгавраа хичээл зүтгэлтэй биелүүлсээр иржээ.
11, 12. XX зууны эхэн үеийн тослогдсон христианууд цаг үеэ мэддэг байсан нь юунаас харагддаг вэ? (15-р хуудсан дахь зургийг үзнэ үү.)
11 Тухайлбал, «Еховагийн Гэрчүүд Бурхны Хаанчлалыг тунхагладаг» номд бичсэнчлэн, XX зууны эхээр «Ч. Т. Расселл, түүний хамтрагчид ургац хураах цагт амьдарч байгаадаа, эрх чөлөө авчрагч үнэнийг хүмүүст сонсгох хэрэгтэй гэдэгтээ бат итгэж байжээ». Тэд юу хийсэн бэ? Ургац хураах цаг буюу «тааламжтай цаг»-т амьдарч байгаагаа ойлгосон эдгээр ах дүүс маань хүмүүсийг цуглаанд явахыг уриалах төдийхөнд сэтгэл нь ханаагүй. Христ шашны ертөнцийн лам хуврагууд удаан хугацааны турш тийм байсан. Харин тослогдсон христианууд сайн мэдээг түгээн дэлгэрүүлэх янз бүрийн арга туршжээ. Түүний дотор хамгийн сүүлийн үеийн технологийг ухаалгаар ашиглах болсон.
12 Хичээл зүтгэлтэй энэ цөөн хэдэн хүн Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх зорилгоор танилцуулга, товхимол, сэтгүүл, ном гаргасан. Түүнчлэн өгүүлэл бэлтгэж, олон мянган сонинд өгч, нэгэн зэрэг хэвлүүлдэг байсан. Тэд бас үндэсний болон олон улсын радиогоор Библид үндэслэсэн хөтөлбөр нэвтрүүлж байв. Кино үйлдвэрлэгчдийг дуутай кино хийж, нийтийн хүртээл болгохоос бүр өмнө, тослогдсон ах дүүс маань дуу оруулсан хөдөлгөөнт зураг бүтээж, түүнийгээ дэлгэрүүлэх ажилдаа хэрэглэдэг байжээ. Тийм шаргуу хичээл зүтгэлийн үр дүн юу байсан бэ? Эдүгээ, «Бурхантай эвлэрцгээ» гэсэн мэдээг хүлээн аваад цааш нь түгээн дэлгэрүүлж буй долоон сая хүн бий. Еховагийн энэ үйлчлэгчид нөхцөл боломж нь хязгаартай ч хичээл зүтгэлтэй үйлчилж сайхан жишээ үзүүлсэн юм.
13. Бурхны ямар зорилгыг санах хэрэгтэй вэ?
13 Паулын «одоо бол тааламжтай цаг» хэмээсэн үг өнөөгийн бидэнд ч хамаатай. Еховагийн нигүүлсэлд багтсан бид эвлэрэх тухай мэдээ сонсоод хүлээн авах завшаан олгосонд нь талархаж явдаг. Ингэлээ гээд санаа амралгүй, «Бид та нараас хичээнгүйлэн гуйя. Бурханы нигүүлслийг бүү дэмий хоосон аваарай» хэмээсэн Паулын үгийг сахин биелүүлдэг (2 Кор. 6:1). Бурхны нигүүлслийн зорилго нь Христээр дамжуулан «Өөртэйгөө эвлэрүүлэх» явдал юм (2 Кор. 5:19).
14. Олон орны хүмүүст ямар боломж олдож байна вэ?
14 Сатанаас болж сохорсон хүн төрөлхтний дийлэнх нь одоо ч Бурхантай эвлэрээгүй бөгөөд Бурхны нигүүлслийн зорилгыг үл тоомсорлодог (2 Кор. 4:3, 4; 1 Иох. 5:19). Гэхдээ өнөөгийн гай зовлон, муу муухай бүхний үндэс нь хүн төрөлхтөн Бурхнаас холдож хөндийрсөн явдал гэдгийг Библиэс үзүүлэхэд хүлээн зөвшөөрдөг хүн олон болжээ. Учир нь тэд ертөнцийн нөхцөл байдал улам бүр уруудан доройтож байгааг харж байна. Ихэнх хүн нь бидний хүргэдэг мэдээг үл тоомсорлосоор ирсэн улс орнуудад хүртэл одоо Хаанчлалын тухай мэдээг хүлээн аваад, Бурхантай эвлэрэх алхам хийж буй хүн олширч байна. Одоо бол «Бурхантай эвлэрэ[хийг]» гуйх ажилд бүр ч илүү хичээл зүтгэлтэй оролцох цаг гэдгийг та зөвшөөрдөг үү?
15. Бид хүмүүсийн таалалд нийцүүлэхийн оронд юуны тухай хаа сайгүй мэдүүлэхийг хүсдэг вэ?
15 Бурхантай эвлэрвэл бүх асуудал нь шийдэгдэж, амьдрал нь сайжирна гэж хүмүүст хэлэх нь бидний даалгавар биш юм. Үүний л төлөө сүмд явдаг хүн олон байдаг бөгөөд сүмүүд тэр хүслийг нь биелүүлж өгөхийг хичээдэг (2 Тим. 4:3, 4). Энэ бол бидний зорилго биш ээ. Ехова хайрынхаа үүднээс, Христийн золиосонд үндэслэн хүмүүсийн нүглийг уучлахад бэлэн байдаг гэсэн сайн мэдээг бид тунхагладаг. Үүний дүнд хүмүүс Бурхнаас хол хөндий байхаа больж, эвлэрдэг (Ром 5:10; 8:32). Гэвч «тааламжтай цаг» дуусах тун дөхөж байна.
«Сүнс дотор шат»
16. Паулыг эр зоригтой, тэсвэр хатуужилтай байхад юу гол үүрэг гүйцэтгэсэн бэ?
16 Тэгвэл жинхэнэ шүтлэгийн төлөө улам хичээл зүтгэлтэй болоход юу туслах вэ? Бусадтай илэн далангүй харьцаж, нийтэч нөхөрсөг байх нь угийн ичимхий юм уу, үг дуу цөөтэй хүнд хэцүү санагддаг байж болох юм. Гэхдээ хичээл зүтгэлийг зүгээр л сэтгэл хөдөлж, хөөрч догдолсондоо гаргадаг юм биш. Энэ нь бас хүний зан чанартай ч холбоотой юм биш ээ. Паул итгэл нэгт христианууддаа «сүнс дотор шатахыг» уриалахдаа улам хичээл зүтгэлтэй болохын нууцыг хэлж өгсөн (Ром 12:11). Элч нарыг зоригтой, тэвчээртэй дэлгэрүүлэхэд Еховагийн сүнс гол үүрэг гүйцэтгэжээ. Паул Есүсээс даалгавар авсан цагаасаа эхлэн Ромын шоронд эцсийн удаа хоригдож, цаазаар авахуулах хүртэлх 30 гаруй жилийн хугацаандаа хичээл зүтгэлээ өчүүхэн ч сулруулаагүй. Тэрбээр цаг ямагт Бурханд найдаж, шаардлагатай хүчийг ариун сүнсээр нь дамжуулан авдаг байсан учир: «Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна» гэжээ (Флп. 4:13). Түүнийг дууриавал бидэнд тустай!
17. «Сүнс дотор шатахын» тулд яах хэрэгтэй вэ?
17 «Шатах» гэж орчуулсан үгийг үгчилбэл «буцлах» гэсэн утгатай («Kingdom Interlinear»). Данхтай усыг тасралтгүй буцалгая гэвэл галаа унтраахгүй байх хэрэгтэй. Түүнтэй адилаар, «сүнс дотор шатъя» гэвэл Бурхны сүнсийг тасралтгүй авах хэрэгтэй. Үүний тулд биднийг сүнслэгээр бэхжүүлэх зорилгоор Еховагийн өгсөн бүхнийг авч, ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бие даан судлах, гэр бүлээрээ судлах, залбирах, итгэл нэгтнүүдтэйгээ хамт цуглах зэрэгт нухацтай хандах учиртай. Ингэвэл «буцлах» буюу «сүнс дотор шатсаар» байхад тус болох «гал»-тай байна (Үйлс 4:20; 18:5-ыг уншина уу).
18. Баптисм хүртсэн христианууд бидний зорилго юу вэ?
18 Ямар нэг үйл хэрэгт өөрийгөө зориулсан хүн зорилгодоо анхаарлаа бүрэн хандуулдаг бөгөөд тэр зорилгынхоо төлөө явснаас болж сэтгэлээр унах юм уу анхаарлаа сарниулна гэж байдаггүй. Еховад өөрийгөө зориулсан христианууд бидний зорилго бол Ехова биднээс юу хүснэ, түүнийг нь Есүсийн адилаар биелүүлэх явдал юм (Евр. 10:7). Өнөөдөр Ехова аль болох олон хүнийг өөртэй нь эвлэрээсэй гэж хүсдэг. Тийм учраас, Есүс Паул нарыг дууриан, эдүгээ хийх ёстой хамгийн чухал, хамгийн хойшлуулшгүй ажилд хичээл зүтгэлтэй оролцоцгооё.
Та санаж байна уу?
• Паул болон тослогдсон бусад христианд даалгасан «эвлэрлийн үйлчлэл» нь юу байсан бэ?
• Дэлхий дээр үлдсэн тослогдогсод «тааламжтай цагийг» хэрхэн ашигласаар ирсэн бэ?
• Христианууд «сүнс дотор шатахын» тулд яах хэрэгтэй вэ?
[12-р хуудасны зураг]
Паул Эзэн Есүс Христтэй учирснаа хэзээ ч мартаагүй