«Ах дүүсийн хайраар хайрлахаа үргэлжлүүлье»
«Ах дүүсийн хайраар хайрлахаа үргэлжлүүлье» (ЕВР. 13:1).
1, 2. Паул яагаад еврей итгэл нэгтнүүддээ захидал бичсэн бэ?
МЭ 61 он. Израиль даяар буй Христийн дагалдагчдын хувьд харьцангуй тайван цаг. Элч Паул Ромд хоригдож байсан хэдий ч хамтран зүтгэгч Тимот нь дөнгөж саяхан шоронгоос гарсан болохоор өөрөө ч бас удахгүй суллагдана хэмээн найдаж байв. Дараа нь хоёулаа Иудейд байгаа итгэл нэгтнүүд дээрээ очихоор тохирчээ (Евр. 13:23). Гэтэл Есүсийн зөгнөсөн ёсоор Иерусалим таван жилийн дотор «дайчдад бүслэгдэх» учир Иудейд байгаа, ялангуяа Иерусалимд амьдардаг дагалдагчид шийдэмгий алхам хийх шаардлагатай байлаа. Энэ үйл явдал дөнгөж эхэлмэгц бушуухан зугтахыг Есүс сануулжээ (Лук 21:20–24).
2 Израильд амьдардаг үнэнч иудей дагалдагчид Есүсийг зөгнөснөөс хойших 28 жилийн хугацаанд маш их эсэргүүцэл, хавчлагыг амжилттай давжээ (Евр. 10:32–34). Гэхдээ итгэл сорьсон хамгийн хэцүү даваа тэднийг хүлээж байгааг Паул мэдэж байв (Мат. 24:20, 21; Евр. 12:4). Тиймээс итгэл нэгтнүүдэд нь юу ч тулгарсан бэлтгэлтэй байгаасай хэмээн хүссэн ажээ. Аюулыг эсэн мэнд давахын тулд тэсвэр хатуужилтай, бат итгэлтэй байх нь туйлын чухал байлаа (Еврей 10:36–39-ийг уншина уу). Тиймээс Еховагийн удирдлагаар итгэл нэгт ах дүүгийнхээ төлөө Паул нэгэн захидал бичжээ. Энэ захидал эдүгээ «Еврей» ном гэгдэх болсон.
3. «Еврей» номыг анхаарах ёстойн учир юу вэ?
3 І зууны еврей дагалдагчдад бичсэн Паулын захидлыг бид бас анхаарах учиртай. Яагаад гэвэл тэр үеийн нөхцөл байдал өнөөгийнхтэй төстэй. Бид «хэцүү цагт» амьдардаг учраас янз бүрийн сорилт бэрхшээл, эсэргүүцэл хавчлагатай тулгардаг (2 Тим. 3:1, 12). Гэлээ ч тууштай байж, итгэл үнэмшлээсээ ухарч няцдаггүй. Итгэл нэгтнүүдийн маань дийлэнх нь хатуу ширүүн хавчлагад өртөлгүй, харьцангуй тайван амьдарч байна. Гэхдээ І зууны Христийн дагалдагчдын адилаар бид сонор сэрэмжтэй байх ёстой. Тун удахгүй итгэлийг маань сорьсон хамгийн хүнд сорилт тулгарна! (Лук 21:34–36-г уншина уу).
4. 2016 оны уриа юу вэ? Яагаад цагаа олсон бэ?
4 Удахгүй болох үйл явдалд бэлэн байхын тулд яах хэрэгтэй вэ? Паул «Еврей» номд итгэл бэхжүүлэх олон зүйлийг онцлон бичсэн. Тэдгээрийн нэг нь сүүлийн бүлгийн эхний зүйлд байдаг сануулга юм. Тэнд «Ах дүүсийн хайраар хайрлахаа үргэлжлүүлье» гэж байдаг. Үүнийг 2016 оны уриа болголоо (Евр. 13:1).
2016 оны уриа: «Ах дүүсийн хайраар хайрлахаа үргэлжлүүлье» (Еврей 13:1)
АХ ДҮҮСИЙН ХАЙР ГЭЖ ЮУ ВЭ?
5. Ах дүүсийн хайр гэж юу вэ?
5 Ах дүүсийн хайраар хайрлана гэж яахыг хэлдэг вэ? Паулын бичсэн филаделфиа гэдэг грек үгийг үгчлэн орчуулбал «ах дүүгээ гэсэн дотно сэтгэл» гэсэн утгатай. Энэ нь гэр бүл, найз нөхдийн хооронд байдаг хүчтэй мэдрэмж юм (Иох. 11:36). Бид ах, эгч, дүү байх гэж дүр эсгэдэг биш, харин жинхэнэ ахан дүүс билээ (Мат. 23:8). Үүнийг Паулын хэлсэн дараах үг тодорхой харуулдаг. «Ах дүүсийн хайраар бие биеэ хайрла. Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл» (Ром 12:10). Энэ хайрыг зарчимд үндэслэдэг агапи хайртай хослуулдаг учир Бурхны ард түмэн ойр дотно, эв нэгдэлтэй байдаг.
6. Еховагийн үйлчлэгчид ах дүүсийн хайр гэдгийг юу гэж ойлгодог вэ?
6 Нэг эрдэмтний хэлснээр, «ах дүүсийн хайр» гэдэг хэллэг гол төлөв Христийн шашны ном хэвлэлд гардаг ажээ. Эрт цагт иудейчүүд «ах дүү» гэдэг үгээр хамаатнуудаа ч, хамаатан биш хүмүүсийг ч хэлдэг байжээ. Гэхдээ иудей биш хүнийг хэзээ ч ингэж дууддаггүй байв. Харин бид итгэл нэгтнүүдээ аль ч орны, ямар ч үндэстэн байсан ах дүүгээ гэж үздэг (Ром 10:12). Бие биеэ ах дүүгийн ёсоор хэрхэн хайрлахыг Ехова бидэнд зааж сургадаг (1 Тес. 4:9). Тэгвэл «ах дүүсийн хайраар хайрлахаа үргэлжлүүлэх» нь яагаад чухал бэ?
АХ ДҮҮСИЙН ХАЙРЫГ ИЛЭРХИЙЛСЭЭР БАЙХ НЬ ЯАГААД ЧУХАЛ БЭ?
7. а) Бие биеэ ах дүүгийн ёсоор хайрлах хамгийн чухал шалтгаан юу вэ? б) Нэг нэгнээ улам их хайрладаг болох бас нэг шалтгаан юу вэ?
7 Гол шалтгаан нь бие биеэ ах дүүгийн ёсоор хайрлаасай гэж Ехова биднээс хүсдэг. Ах дүүгээ хайрладаггүй бол Еховаг хайрладаг гэж хэлэх аргагүй (1 Иох. 4:7, 20, 21). Бас нэг шалтгаан нь бид нэг нэгэндээ хэрэгтэй. Зовох цагт бүр ч их хэрэгтэй. Итгэл нэгт еврей ах дүүгийнх нь зарим нь удахгүй орон гэр, эд хөрөнгөө орхихоос өөр аргагүй болно гэдгийг Паул мэдэж байсан учраас тэдэнд захидал бичжээ. Тэр цагт хэчнээн хэцүү байхыг Есүс хэлж өгсөн билээ (Марк 13:14–18; Лук 21:21–23). Тиймээс тэдгээр дагалдагчид бие биеэ урьдынхаасаа илүү их хайрладаг болох шаардлагатай байлаа (Ром 12:9).
8. Агуу их гай гамшиг эхлэхээс өмнө бид яах шаардлагатай вэ?
8 Агуу их гай гамшгийн хөнөөлт салхийг удахгүй сул тавина (Марк 13:19; Илч. 7:1–3). Тэр үед бид «Миний ард түмэн, ирцгээ. Өрөөндөө ороод хаалгаа хаагтун. Уур хилэн өнгөртөл түр зуур нуугдагтун» хэмээсэн Бурхны зааврыг дагах хэрэгтэй болно (Ис. 26:20). «Өрөө» гэдгээр хурлуудыг хэлсэн байж болох юм. Гэхдээ зүгээр л тогтмол цуглах хэрэгтэй гэсэн үг биш ээ. Харин тэр сайхан боломжийг ашиглаад «бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулах» шаардлагатайг Паул еврей итгэл нэгтнүүддээ сануулжээ (Евр. 10:24, 25). Бид одоо л ах дүүсийн хайрыг илэрхийлж сурах учиртай. Тэгвэл ирээдүйд ямар ч сорилт бэрхшээлийг давж чадна.
9. а) Ямар үед ах дүүдээ хайраа илэрхийлэх боломж гардаг вэ? б) Еховагийн үйлчлэгчид ах дүүдээ хайраа хэрхэн илэрхийлдгийг жишээгээр хэлнэ үү.
9 Агуу их гай гамшиг эхлээгүй байгаа энэ цаг үед бие биеэ ах дүүгийн ёсоор хайрлаж, халуун сэтгэлээр туслах янз бүрийн боломж гардаг. Газар хөдлөлт, үер ус, хар салхи, цунами гээд байгалийн гамшигт нэрвэгдэн зовж буй итгэл нэгтнүүд олон бий. Эсэргүүцэл хавчлагад өртөж буй ах дүү ч байдаг (Мат. 24:6–9). Бас өнөөгийн нийгэм завхран гажуудсан учраас бид эдийн засгийн хямралд өртөж өдөр бүр хор уршгийг нь амсдаг (Илч. 6:5, 6). Энэ мэтээр бэрхшээл зовлон нэмэгдэх тусам ах дүүдээ хайраа илэрхийлэх боломж олддог. «Олонх хүмүүсийн хайр хөрч» байгаа ч бид бие биеэ ах дүүгийн ёсоор хайрласаар байх ёстой (Мат. 24:12).[1]
АХ ДҮҮСИЙН ХАЙРЫГ ИЛЭРХИЙЛСЭЭР БАЙХЫН ТУЛД ...
10. Одоо юуны тухай авч үзэх вэ?
10 Бид өөрсдөө янз бүрийн бэрхшээл зовлон үздэг ч нэгнийгээ ах дүү шигээ хайрласаар байхын тулд яах хэрэгтэй вэ? Ах дүүгээ хайрладгаа хэрхэн харуулах вэ? Элч Паул «ах дүүсийн хайраар хайрлахаа үргэлжлүүлье» хэмээн бичсэнийхээ дараа хэрхэн илэрхийлэх аргуудыг жагсаажээ. Одоо зургаан аргыг авч үзье.
11, 12. Зочломтгой байна гэж яахыг хэлдэг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).
11 «Зочломтгой хандахаа бүү март» (Еврей 13:2-ыг уншина уу). «Зочломтгой» гэж орчуулсан грек үг нь «танихгүй хүмүүст сайхан сэтгэл гаргах» гэсэн утгатай. Энэ үг Абрахам Лот нарын үзүүлсэн жишээг санагдуулдаг. Танихгүй хүмүүсийг ирэхэд тэр хоёрын хэн хэн нь сайхан сэтгэлээр ханджээ. Гэтэл тэр хүмүүс нь тэнгэр элчүүд байсныг хожим нь мэджээ (Эх. 18:2–5; 19:1–3). Паул эдгээр жишээг татсаны учир нь зочломтгой байж, ах дүүсийн хайрыг илэрхийлээрэй хэмээн уриалах гэснийх ажээ.
12 Итгэл нэгтнүүдээ гэртээ урьж хамт хоол идэж, ярьж хөөрдөг бол зочломтгойн шинж юм. Гэхдээ зочломтгой харагдах гээд олон төрлийн, чамин тансаг, үнэтэй хоолоор дайлах юм уу хариу барьж чадах хүнийг л урих учиргүй (Лук 10:42; 14:12–14). Бидний зорилго бол бусдыг урамшуулах болохоос, гайхуулах биш ээ! Дүүргийн харгалзагч болон эхнэрийг нь сайн таньдаггүй байлаа ч дайлж зочилж болохгүй нь юу билээ? (3 Иох. 5–8). Бид өдөр тутмын ажил, амьдрал гээд завгүй байдаг ч «бусдад зочломтгой хандахаа» умартах учиргүй!
13, 14. «Хоригдогсдыг санаж явагтун» гэсэн зөвлөгөөг хэрхэн дагах вэ?
13 «Хоригдогсдыг санаж явагтун» (Еврей 13:3-ыг уншина уу). Паул ийн бичихдээ бүх хоригдлыг бус, харин итгэл үнэмшлээсээ болоод шоронд хоригдож буй ах дүүгийнхээ тухай хэлсэн. Еврей итгэл нэгтнүүддээ энэ үгийг бичиж байх үедээ шоронд дөрвөн жил болсон байв (Флп. 1:12–14). «Хоригдогсдод энэрэнгүй хандсан» гэж тэднийг магтжээ (Евр. 10:34). Паулыг шоронд байхад еврей дагалдагчид хол газар амьдардаг байсан учраас эргэж тойрч чадаагүй. Тэгвэл яаж тусалсан бэ? Паулын төлөө тасралтгүй залбирчээ (Евр. 13:18, 19).
14 Бурхны орчин үеийн үйлчлэгчдийн дунд ч шоронд байгаа ах дүүстэйгээ уулзах боломжгүй хүн олон бий. Тэд бусад итгэл нэгтнийхээ адилаар бодит тусламж үзүүлж чадахгүй ч шоронд буй ах дүүдээ энэрэнгүй хандаж, хайраа илэрхийлэх боломжтой. Яаж? Тэдний төлөө байнга залбирах хэрэгтэй. Жишээлбэл, Эритре улсад эрэгтэй эмэгтэй Гэрчүүд, тэр байтугай насанд хүрээгүй хүүхдүүд шоронд хоригдож байна. Паулос Ияасу, Исаак Могс, Нэгэдэ Тэклэмариам гурав шоронд 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Тэднийхээ төлөө залбирцгаая.
15. Гэрлэлтийг хэрхэн «хүндлэх» вэ?
15 «Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн» (Еврей 13:4-ийг уншина уу). Ёс суртахууны хувьд цэвэр ариун байдаг бол ах дүүсийн хайрыг илэрхийлж байна гэсэн үг (1 Тим. 5:1, 2). Хэрэв хүн «үүнийг зөрчиж» итгэл нэгтэнтэйгээ садар самуун үйлдвэл тэр хүнд ч, гэр бүлд нь ч хор болж, ах дүүгийнхээ итгэл найдварыг хөсөрдүүлнэ (1 Тес. 4:3–8). Бас нэг бодууштай зүйл бол порно юм. Нөхрийгөө порно үздэгийг мэдвэл эхнэрт нь ямар хэцүү байхыг төсөөлөөрэй. Тийм хүнийг эхнэрээ хайрладаг, гэрлэлтийг хүндэлдэг гэж хэлж болох уу? (Мат. 5:28).
16. Байгаа юмандаа сэтгэл хангалуун байх нь ах дүүсийн хайрыг илэрхийлэхэд тустай гэхийн учир юу вэ?
16 «Байгаа юмандаа сэтгэл хангалуун бай» (Еврей 13:5-ыг уншина уу). Еховад найддаг хүн жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун байж, эд материалын талаар зөв үзэлтэй байдаг (1 Тим. 6:6–8). Тийм учраас Еховатай болон итгэл нэгтнүүдтэйгээ дотно байхыг мөнгө төгрөг, эд зүйлээс хавьгүй чухал гэж үздэг. Байгаа юмандаа сэтгэл хангалуун байдаг хүн уурлаж дургүйцдэггүй, үглэж дуулдаггүй, өө сэв хайдаггүй. Бас ах дүүсийн хайрыг илэрхийлэхэд саад болдог атаархуу, шунахай зан гаргадаггүй. Харин ч өгөөмөр байдаг (1 Тим. 6:17–19).
17. Ах дүүсийн хайрыг илэрхийлэхийн тулд зоригтой байх нь яагаад чухал бэ?
17 «Зоригтой» бай (Еврей 13:6-г уншина уу). Еховад найддаг бол ямар ч бэрхшээл тулгарсан зоригтой байж чадна. Зоригтой байвал юмыг өөдрөгөөр харна. Ах дүүсийн хайр, өөдрөг сэтгэл хоёрыг хослуулдаг хүн итгэл нэгтнүүдээ сэргээж, тайвшруулдаг (1 Тес. 5:14, 15). Тэр байтугай, агуу их гай гамшгийн үеэр хүнд хэцүү юм тохиолдлоо ч аврал ойрхон байгаа учраас «цэх зогсож, тэргүүнээ өргөнө» (Лук 21:25–28).
18. Ахлагчдыг улам хайрладаг болохын тулд яах хэрэгтэй вэ?
18 «Та нарыг тэргүүлж явсан хүмүүсийг сана» (Еврей 13:7, 17-г уншина уу). Бидний төлөө нөр их хөдөлмөрлөж, цалин хөлсгүй ажилладгийг нь бодохлоор ахлагчдыг хайрлах сэтгэл улам лавширдаг. Биднээс болоод баяр баясгалангүй болоосой, санаа алдаасай гэж бид огтхон ч хүсдэггүй. Харин ч тэдэнд дуулгавартай байж, захирагддаг. Ийнхүү «ажил хөдөлмөрийнх нь төлөө ... хайр дотор тэднийг үлэмж өндрөөр үнэлдэг» (1 Тес. 5:13).
УЛАМ ИЛҮҮ ХАЙРЛАГТУН
19, 20. Ах дүүгээ улам илүү хайрласаар байхын тулд яах хэрэгтэй вэ?
19 Еховагийн Гэрчүүд бие биеэ ах дүү шигээ хайрладгаараа алдартай. I зууны үед ч мөн ялгаагүй. Гэсэн ч Паул: «Ах дүү нар аа, бүр улам илүү хайрлагтун гэж бид та нараас хичээнгүйлэн гуйж байна» хэмээн уриалжээ (1 Тес. 4:9, 10). Тийм учраас илүү их хайрладаг болохыг байнга хичээх хэрэгтэй.
20 Энэ оны уриаг жилийн турш харахдаа дараах асуултыг бодож явцгаая. «Би илүү зочломтгой болж чадах уу? Шоронд байгаа ах дүүдээ хэрхэн туслах вэ? Гэрлэлтийн талаарх Бурхны авсан арга хэмжээг зохих ёсоор үнэлдэг үү? Үргэлж сэтгэл хангалуун байхын тулд яах вэ? Яавал Еховад илүү их найддаг болох вэ? Ахлагчдад илүү дуулгавартай болохын тулд би юу хийх хэрэгтэй вэ?». Эдгээрийг хэрэгжүүлэхийг хичээвэл танхимын хананд өлгөсөн уриа маань зүгээр нэг самбар дээрх бичиг биш байх болно. Тийм ээ, бид уриагаа харах бүрдээ «ах дүүсийн хайраар хайрлахаа үргэлжлүүлэх» хэрэгтэйгээ санана (Евр. 13:1).
^ [1] (9-р догол мөр) Еховагийн ард түмэн гамшгийн үед бие биедээ хэрхэн тусалдгийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 7–9 сарын дугаарын 6, 7-р хуудас, 2006 оны 12-р сарын 1-ний дугаарын 9-р хуудаснаас тус тус үзнэ үү.