БҮЛЭГ 17
Залбирал бол Бурхантай дотно харьцаа тогтоох арга
Залбирах ёстойн учир юу вэ?
Бурхан ямар залбиралд хариулдаг вэ?
Бурхан залбиралд хэрхэн хариулдаг вэ?
1, 2. Бурханд залбирахыг хосгүй завшаан гэж үзэх ёстойн учир юу вэ? Залбирлын талаар Библид юу бичсэн байдгийг мэдэх нь яагаад чухал бэ?
ДЭЛХИЙ бол хязгааргүй уудам огторгуйд орчих өчүүхэн жижиг гараг билээ. Харин хүмүүс «тэнгэр газрыг бүтээгч» Еховагийн хувьд усны «дусал мэт» юм (Дуулал 115:15; Исаиа 40:15). Гэвч Ехова «Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг. Тэрбээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ. Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна» гэж Библид бичсэн байдаг (Дуулал 145:18, 19). Төгс хүчит Бүтээгч бидэнд «ойр байдаг» бөгөөд «өөрийг нь үнэнээр дуудахад» сонсдог гээд бод доо! Тийм ээ, Бурханд залбирна гэдэг үнэхээрийн хосгүй завшаан юм!
2 Гэхдээ залбирлынхаа хариуг авъя гэвэл Еховагийн таалалд нийцүүлж залбирах ёстой. Бурхны таалалд ямар залбирал нийцдэгийг хаанаас мэдэж болох вэ? Энэ тухай Библид тодорхой бичсэн байдаг. Залбирал бол Бурхантай дотно харьцаа тогтоох нэг арга учраас энэ талаар Библид юу бичсэн байдгийг мэдэх нь амин чухал юм.
БУРХАНД ЗАЛБИРАХЫН УЧИР
3. Еховад залбирахын нэг чухал учир юу вэ?
3 Ехова Бурханд залбирахын нэг чухал учир нь Ехова биднийг өөрт нь залбираасай гэж хүсдэг явдал юм. Библи: «Юунд ч бүү санаа зов. Харин хэзээ ямагт Бурханд залбир, Бурхнаас шаргуу гуй, Бурханд таларх, хүсэлтээ хэлж бай. Тэгвэл Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг Христ Есүсээр дамжуулан та нарт өгч, зүрх сэтгэл, ухаан бодлыг тань хамгаална» гэж хэлдэг (Филиппой 4:6, 7). Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн бидэнд ийм хосгүй боломж олгосныг үл тоомсорлож болно гэж үү?
4. Еховатай тогтоосон харьцаагаа бэхжүүлэхэд залбирал хэрхэн тусалдаг вэ?
4 Еховад залбирахын бас нэг учир бол түүнтэй илүү дотно болох явдал юм. Жинхэнэ андууд зовох цагтаа л нэг нэгнээ санадаг бус, харин үргэлж бие биедээ санаа тавьж, сэтгэл зүрхээ нээн, санал бодол, зовлон жаргалаа хуваалцдаг шүү дээ. Үүний дүнд, анд нөхрийн харьцаа нь улам зузаардаг. Ехова Бурхантай тогтоосон харьцааг дотнын андуудын харьцаатай зүйрлэж болох юм. Та энэ номыг үзээд Ехова Бурхны тухай, зан чанар, санаа зорилгынх нь тухай ихийг мэддэг болсон. Энэ мэдлэгийнхээ ачаар, Еховатай харьцаа тогтоох боломжтой гэдгийг ч ойлгодог болсон. Залбирал бол тэнгэрийн Эцэгтээ сэтгэлээ уудлах боломж юм. Залбирахын хэрээр Ехова Бурхантай улам дотносно (Яаков 4:8).
ЯМАР ШААРДЛАГА ХАНГАХ ЁСТОЙ ВЭ?
5. Еховагийн таалалд нийцдэггүй залбирал бас байдаг нь юунаас харагддаг вэ?
5 Залбирал болгон Еховагийн таалалд нийцдэг үү? Ехова зөнч Исаиагийн үеийн тэрслүү израйлчуудад «Та нар олонтаа залбирсан ч Би сонсохгүй. Та нарын гар цусаар бялджээ» гэж хэлсэн байдаг (Исаиа 1:15). Энэ үгийг бодвол, залбирал Бурхны таалалд нийцэх эсэх нь бидний үйл хэргээс шалтгаалах ажээ. Тэгэхлээр, залбирлаа таалалд нь нийцүүлэхийн тулд тодорхой шаардлага хангах ёстой.
6. Залбирлаа Бурхны таалалд нийцүүлэхийн тулд ямар гол шаардлага хангах ёстой вэ? Яаж хангах вэ?
6 Гол шаардлага бол итгэдэг байх (Марк 11:24-ийг уншина). Элч Паул: «Итгэдэггүй хүн Бурхны таалалд нийцэхгүй. Учир нь Бурхныг шүтэхээр ойртон очдог хэн боловч Бурхан байдаг гэдэгт, өөрийг нь цөхрөлтгүй хайдаг хүнийг шагнадаг гэдэгт итгэх ёстой» гэж бичжээ (Еврей 11:6). Гэхдээ Бурхан байдаг бөгөөд залбиралд хариу өгдөг төдийхнөөр итгэдэг хүнийг жинхэнэ ёсоор итгэдэг гэж хэлэх аргагүй. Жинхэнэ итгэл үйл хэргээр илэрдэг учир жинхэнэ итгэлтэй гэдгээ өдөр тутмын амьдралаараа батлан харуулах ёстой (Яаков 2:26).
7. а) Залбирахдаа Еховад хүндэтгэлтэй хандах ёстойн учир юу вэ? б) Даруухнаар, чин сэтгэлээсээ залбирах гэж яахыг хэлэх вэ?
7 Түүнээс гадна, даруухнаар, чин сэтгэлээсээ, хүндэтгэлтэйгээр залбирах шаардлагатай. Еховатай ярилцахдаа хэнэггүй байж болно гэж үү? Хэрэв та улсынхаа ерөнхийлөгч юм уу ерөнхий сайдтай уулзах болбол эрх мэдэлтэй тэр хүнийг хүндэтгэж харьцах нь лавтай. Тэгвэл Еховад бүр ч хүндэтгэлтэй хандах нь ойлгомжтой биз дээ? (Дуулал 138:6). Ехова бол «Төгс хүчит Бурхан» шүү дээ! (Эхлэл 17:1). Бурхны дэргэд өчүүхэн гэдгээ даруухнаар хүлээн зөвшөөрдөг хүн үүнийгээ хэрхэн залбирч байгаагаараа харуулдаг. Бас нэг л хэвийн улиг болсон зүйл хэлэхээс зайлсхийж, чин сэтгэлээсээ залбирахад даруу зан тусалдаг (Матай 6:7, 8).
8. Ам ажил хоёр зөрөх ёсгүйн учир юу вэ?
8 Залбирлынхаа хариуг авахын тулд хангавал зохих бас нэг шаардлага бол ам ажил хоёр зөрөхгүй байх явдал юм. Жишээ нь, «Өнөөдөр идэх талхыг бидэнд өгөөч» гэж гуйдаг бол ямар ч ажлыг голж шилэлгүй, чадлынхаа хэрээр хийдэг байх ёстой (Матай 6:11; 2 Тесалоник 3:10). Нүгэлт хүслээсээ ангижрахад туслахыг гуйн залбирч байгаа бол тийм хүсэл төрүүлж болзошгүй аливаа бүхнээс зайлсхийдэг байх хэрэгтэй (Колосай 3:5). Залбирлынхаа хариуг авахын тулд эдгээр үндсэн шаардлагыг хангахаас гадна анхаарах ёстой зүйл бас бий.
АНХААРАХ ЁСТОЙ БУСАД ЗҮЙЛ
9. а) Хэнд залбирах ёстой вэ? б) Яагаад Есүсээр дамжуулан залбирах ёстой вэ?
9 Хэнд залбирах ёстой вэ? Есүс: «Тэнгэрийн Эцэг минь» гэж залбирахыг шавь нартаа заасан (Матай 6:9). Тэгэхлээр, зөвхөн Ехова Бурханд залбирах ёстой. Гэхдээ Еховагийн «цорын ганц Хүү» Есүс Христийн байр суурийг бас хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Есүс хүн төрөлхтнийг нүгэл болон үхлийн боолчлолоос чөлөөлөхийн тулд амиа золиос болгон өгснийг бид 5-р бүлгээс үзсэн (Ёохан 3:16; Ром 5:12). Ехова Есүсийг Тэргүүн тахилч, Шүүгчээр томилсон (Ёохан 5:22; Еврей 6:20). Тиймээс Есүсээр дамжуулж залбирахыг Библи уриалдаг. Есүс: «Би бол зам, үнэн, амь. Надаар дамжихгүйгээр хэн ч Эцэг рүү очихгүй» гэж хэлсэн (Ёохан 14:6). Залбирлынхаа хариуг авахын тулд Есүсээр дамжуулан, зөвхөн Еховад залбирах ёстой.
10. Залбирахдаа заавал зогсох юм уу сөхрөх хэрэгтэй юү?
10 Залбирахдаа заавал зогсох юм уу сөхрөх ёстой юу? Энэ талаар нарийвчилсан заавар Библид байдаггүй. Бурхны үйлчлэгчид суух, бөхийх, сөхрөх, зогсох зэргээр янз бүрийн байрлалаас залбирдаг байжээ (Шастирын дээд 17:16; Нехемиа 8:6; Даниел 6:10; Марк 11:25). Залбирахад биеийн байрлал бус, чин сэтгэл чухал. Тиймд өдөр тутмын ажлаа хийж явахдаа, эсвэл аюул тулгарсан үед гэх зэргээр хэзээ ч, хаана ч залбирч болно. Бас дотроо залбирч болдог. Биднийг дотроо залбирч байхад эргэн тойрны хүмүүс анзаарахгүй байж болох ч Ехова тийм залбирлыг сонсдог (Нехемиа 2:1–6).
11. Юуны тухай залбирч болох вэ?
11 Юуны тухай залбирч болох вэ? Библид «Таалалд нь нийцүүлэн юу ч гуйсан, [Ехова] сонсдог гэдэгт бид итгэлтэй байдаг» гэж бичсэн байдаг (1 Ёохан 5:14). Тэгэхлээр, Бурхны таалалд нийцдэг юуны ч тухай залбирч болно гэсэн үг. Тэгвэл сэтгэл зовоож байгаа зүйлийн талаар залбирвал таалалд нь нийцэх болов уу? Нийцэлгүй яах вэ! Еховад залбирах нь дотнын андтайгаа ярилцахтай адил шүү дээ. Бурханд «зүрхээ нээн», санасан бодсоноо илэн далангүй хэлээрэй (Дуулал 62:8). Бас агуу хүч гуйж залбирах нь зүйтэй. Учир нь Бурханд таалагддаг үйл хэрэг хийхэд агуу хүч тусалдаг (Лук 11:13). Түүнээс гадна, ухаалаг шийдвэр гаргахын тулд заавар зөвлөгөө, бэрхшээлийг давахын тулд хүч гуйж болно (Яаков 1:5). Нүгэл үйлдлээ гэхэд, Христийн золиосонд үндэслэн Бурхнаас уучлал гуйх хэрэгтэй (Эфэс 1:3, 7). Гэхдээ өөрийнхөө л тухай залбираад байх нь зохисгүй. Бусдын төлөө, тухайлбал, гэр бүл, итгэл нэгтнүүдийнхээ төлөө залбирах нь зүйтэй (Үйлс 12:5; Колосай 4:12).
12. Залбирахдаа юуг чухалчлан анхаарах ёстой вэ?
12 Залбирахдаа Ехова Бурханд хамаатай асуудлыг анхаарах нь туйлын чухал. Бид Еховагийн хийдэг бүхэнд чин сэтгэлээсээ талархаж, түүнийг магтан алдаршуулах учиртай (Шастирын дээд 29:10–13). Матай 6:9–13-т Есүсийн жишээ болгон хэлсэн залбирал байдаг (Уншина). Уг залбирлаас харахад, Бурхны нэр ариусаасай, Бурхны Хаант төр захирч, хүсэл таалал нь тэнгэрт ч, газар дээр ч биелээсэй гэж залбирч байх учиртай ажээ. Есүс Еховад хамаатай эдгээр чухал асуудлыг дурдсаныхаа дараа л хувийн асуудлаа хэлсэн байдаг. Бид ч бас залбирахдаа Бурханд хамаатай асуудлыг чухалчлан анхаардаг бол хар амиа боддоггүйгээ харуулна.
13. Библийн жишээнээс үзэхэд, хэр зэрэг удаан залбирч болох вэ?
13 Хэр зэрэг удаан залбирч болох вэ? Ганцаарчлан болон олны өмнө залбирахдаа төчнөөн хугацаатай залбирна гэж заасан зүйл Библид байдаггүй. Ер нь, хоол идэхийн өмнө товч залбирдаг. Сэтгэлээ уудлан, удаан залбирах үе ч байдаг (1 Самуел 1:12, 15). Гэхдээ сүсэгтэй хүний дүр эсгэн, олны нүдэн дээр удаан залбирахыг Есүс буруушаасан байдаг (Лук 20:46, 47). Тийм залбирал Еховад таалагддаггүй. Учир нь залбирал чин сэтгэлийнх байх ёстой. Тиймээс, нөхцөл байдлаасаа шалтгаалан удаан ч залбирч болно, товчхон ч залбирч болно.
14. Библид «өдөр шөнөгүй байнга гуйж, залбир» гэж бичсэн нь юу гэсэн үг вэ? Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
14 Өдөрт хэдэн удаа залбирах ёстой вэ? Библид «байнга залбир», «тасралтгүй залбир», «өдөр шөнөгүй гуйж залбир» гэж байдаг (Лук 18:1; 1 Тесалоник 5:17; 1 Тимот 5:5). Энэ нь зогсоо зайгүй залбирах ёстой гэсэн үг биш нь ойлгомжтой. Харин бидний сайн сайхны төлөө хийдэг бүхэнд нь Еховад үргэлж талархаж, удирдлага, ухаан, тэвчээр гуйн тогтмол залбирна гэсэн үг юм. Өдөрт хэдэн удаа, хэр зэрэг удаан залбирах тоо хэмжээ тогтоогоогүй нь ямар сайн хэрэг вэ! Бурханд залбирахыг хосгүй завшаан гэж үнэхээр эрхэмлэдэг хэн боловч тэнгэрийн Эцэгтээ залбирах боломж болгоныг алдалгүй ашиглах нь дамжиггүй.
15. Залбирсны дараа яагаад «амен» гэж хэлдэг вэ?
15 Залбирлын эцэст яагаад «амен» гэж хэлдэг вэ? «Амен» гэдэг үг нь «ёсоор болтугай», «хэлснээр болог» гэсэн утгатай. Залбирсны дараа «амен» гэж хэлэх нь зүйтэйг Библийн жишээнүүд харуулдаг (Шастирын дээд 16:36; Дуулал 41:13). Ганцаарчлан залбирсны дараа «амен» гэж хэлэх нь чин сэтгэлээсээ залбирснаа баталж байгаа хэрэг юм. Хэн нэг хүн олныг төлөөлж залбирсны дараа чангаар юм уу дотроо «амен» гэж хэлэх нь залбирсан хүнтэй санал нэг байгаагаа харуулж буй хэрэг (1 Коринт 14:16).
БУРХАН ЗАЛБИРАЛД ХЭРХЭН ХАРИУЛДАГ ВЭ?
16. Юунд итгэлтэй байж болох вэ?
16 Ехова залбиралд үнэхээр хариулдаг уу? «Залбирлыг сонсдог» Ехова Бурхан сая сая хүний чин сэтгэлийн залбиралд хариулдаг гэдэгт итгэлтэй байх бүрэн үндэс бий (Дуулал 65:2). Тэрээр залбиралд олон янзаар хариулдаг.
17. Бурхан тэнгэрийн элчүүд болон дэлхий дэх үйлчлэгчдээрээ дамжуулан залбиралд хариулдаг гэж хэлэхийн учир юу вэ?
17 Ехова тэнгэрийн элчүүд болон дэлхий дэх үйлчлэгчдээрээ дамжуулан залбиралд хариулдаг (Еврей 1:13, 14). Библийг ойлгохын тулд Бурхнаас тусламж гуйж байсан хүмүүс удалгүй Еховагийн Гэрчүүдтэй уулзсан жишээ баримт олон байдаг. Энэ нь Еховагийн Гэрчүүдийг сайн мэдээ тунхаглах ажлаа хийхэд нь тэнгэрийн элчүүд тусалдгийн нотолгоо юм (Илчлэл 14:6). Заримдаа Ехова итгэл нэгтнүүдээр маань туслуулж, бидний залбиралд хариулдаг (Сургаалт үгс 12:25; Яаков 2:16).
18. Ехова агуу хүчээрээ болон Библиэрээ үйлчлэгчдийнхээ залбиралд хэрхэн хариулдаг вэ?
18 Ехова Бурхан бас агуу хүчээрээ болон өөрийн Үг буюу Библиэр үйлчлэгчдийнхээ залбиралд хариулдаг. Сорилтыг тэвчихэд туслахыг гуйхад агуу хүчээрээ удирдлага, «хэрээс хэтэрсэн хүч» өгч болох юм (2 Коринт 4:7). Ехова ихэвчлэн Библиэр заавар зөвлөгөө өгч, ухаалаг шийдвэр гаргахад тусалдаг. Та Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлийг, тухайлбал, гарт тань байгаа энэхүү номыг бие даан уншиж, судлах явцдаа тустай зөвлөгөө олж магадгүй. Цуглаан дээр анхааралтай сонсох, бидний сайн сайхныг анхаарч байдаг ахлагчдаас зөвлөгөө авах зэрэг нь залбирлынхаа хариуг авах бас нэг арга юм (Галат 6:1).
19. Залбиралд маань хариулахгүй удаад байгаа юм шиг санагдвал юу гэж бодох нь зүйтэй вэ?
19 Гэтэл Ехова залбиралд маань хариулахгүй удаад байгаа юм шиг санагдвал яах вэ? Хүсэлтийг маань биелүүлж чадахгүйдээ уддаг юм биш ээ. Харин хүсэл таалалдаа нийцүүлж, товлосон цагтаа хариу өгдөг. Бурхан бидэнд юу хэрэгтэйг, хэрэгтэй юмыг маань хэзээ, яаж өгөхөө хэнээс ч илүү сайн мэддэг. Заримдаа биднийг уйгагүй гуйгаад, хайгаад, тогшоод байгаасай гэж хүсдэг (Лук 11:5–10). Уйгагүй байвал, гуйж байгаа зүйлийнхээ чухал болохыг, Ехова залбиралд маань заавал хариулна гэж бат итгэдгээ харуулна. Түүнээс гадна, Ехова заримдаа бидний залбиралд бодож байснаас маань өөрөөр хариулдаг. Жишээ нь, сорилтыг арилгалгүй, тэвчих хүч өгдөг (Филиппой 4:13-ыг уншина).
20. Бурханд залбирах хосгүй завшаанаа яагаад бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй вэ?
20 Хязгааргүй уудам орчлонт ертөнцийг бүтээсэн Ехова таалалд нь нийцүүлэн залбирдаг бүх хүнд ойр байдагт талархаад баршгүй! (Дуулал 145:18-ыг уншина). Бурханд залбирах хосгүй завшаанаа бүрэн дүүрэн ашиглаарай. Үүний ачаар, та «залбирлыг сонсдог» Ехова Бурхантай тогтоосон харьцаагаа улам батжуулна.