2 Коринт
5 Газар дээрх гэр, энэ майхан маань нурвал хүний гараар бариагүй, тэнгэрт орших, мөнхийн гэрийг Бурхан өгөхийг бид мэддэг. 2 Бид энэ гэрт байхдаа ёолдог, тэнгэрийн гэрийг өмсөхийг ихэд хүсдэг. 3 Үүнийг өмсвөл нүцгэн байхгүй. 4 Үнэндээ, энэ майханд байдаг бид дарамтлагдаж, ёолдог. Гэхдээ бид энэ майхныг тайлах гэж хүсдэггүй ч нөгөөг нь өмсөхийг хүсдэг маань мөнх амь үхдэг биеийг залгиасай гэснийх юм. 5 Үүний төлөө биднийг бэлдсэн нэгэн бол ирээдүйд шагнахаа баталж агуу хүчээ өгсөн Бурхан юм.
6 Тиймээс бид урам зоригтой байдаг бөгөөд махан биетэй байх зуураа* Эзнээс хол байдгаа мэддэг. 7 Бид үзэгдэх юманд бус, итгэлдээ хөтлөгдөн амьдарч байна*. 8 Гэхдээ бид урам зоригтой байдаг бөгөөд энэ биеэс хол, Эзэнтэй хамт нэг гэрт байхыг илүүд үздэг. 9 Тиймээс Эзэнтэй хамт нэг гэрт байсан ч, хол байсан ч, сэтгэлд нь нийцүүлэхийг зорьдог юм. 10 Учир нь бид энэ биеэрээ үйлддэг сайн, муу бүхнийхээ хариуг авахаар Христийн шүүх сэнтийний өмнө зогсох ёстой.
11 Иймээс Бурхнаас эмээх учиртайг ойлгодог бид хүмүүсийг ятгадаг бөгөөд Бурхан ч бидний хэн болохыг мэддэг. Та нар* ч бидний хэн болохыг мэдээсэй. 12 Бид та нарт биеэ магтаад байгаа юм биш ээ. Гэхдээ биднээр бахархах юм байдгийг та нар ухаараасай гэж хүсэж байна. Тэгвэл та нар сэтгэлээрээ бус, үзэмжээрээ бахархдаг хүмүүст хэлэх үгтэй болно шүү дээ. 13 Хэрэв бид ухаанаа алдсан бол энэ нь Бурхны төлөө байсан. Хэрэв бид эрүүл ухаантай байгаа бол энэ нь та нарын төлөө юм. 14 Үхсэнтэй адил болсон бүх хүний төлөө нэг хүн үхсэн гэдгийг ойлгодог биднийг Христийн хайр албаддаг. 15 Христ бүгдийн төлөө үхсэн нь амьд хүмүүс цаашид өөрсдийнхөө төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд амилсан түүний төлөө амьдраасай гэснийх юм.
16 Тэгэхээр, бид одоо хэнийг ч хүний үзэл бодлоор үздэггүй. Урьд нь Христийг тэгж үздэг байсан ч одоо тэгэхээ больсон. 17 Тиймээс Христтэй санаа нэг болсон хүн шинэ бүтээл болсон хэрэг. Хуучин юм өнгөрөн одож, шинэ юм бий болжээ. 18 Харин бүх юм Бурхнаас ирдэг. Бурхан бидэнтэй Христээр дамжуулан эвлэрсэн. Тэгээд эвлэрүүлэх ажлыг бидэнд даалгасан билээ. 19 Өөрөөр хэлбэл, Бурхан хүмүүстэй Христээр дамжуулан эвлэрч, гэм нүглийг нь тооцохоо больсон. Эвлэрэх тухай мэдээ тунхаглах үүргийг бидэнд өгсөн.
20 Иймээс бид Христийн төлөөх элчин сайд бөгөөд зүйрлэн хэлбэл, Бурхан биднээр дамжуулан ятгадаг. Христийн төлөөх элчин сайд бид: «Бурхантай эвлэрцгээ» хэмээн гуйдаг. 21 Бурхан биднийг шударга сайн гэж тооцохын тулд нүгэлгүй Есүсийг нүгэлт бидний төлөө тахил болгосон.