Ромчуудад бичсэн захидал
5 Тэгэхээр, итгэдэг учраас шударга сайнд тооцогдсон бид Эзэн Есүс Христийн ачаар Бурхантай эвтэй байдаг. 2 Бид Есүст итгэсэн учраас Бурхантай харьцаж, энэрэл нигүүлслийг нь хүртэх боломжтой болсон, одоо ч хүртдэг. Бурхан биднийг алдаршуулна гэдэгт найдаж баярладаг. 3 Түүнчлэн, зовлон эдэлдэг ч баярладаг. Бид зовохоороо тэсвэр хатуужилтай болдог. 4 Тэсвэр хатуужилтай болбол Бурхны таалалд нийцдэг. Бурхны таалалд нийцдэг хүн найдвар өвөрлөдөг. 5 Тэр найдвар талаар болохгүй гэдэгт итгэлтэй байж болно. Учир нь Бурхан бидэнд өгдөг агуу хүчээрээ хайртайгаа мэдрүүлдэг.
6 Биднийг сул дорой байхад, товлосон цагт Христ нүгэлт хүмүүсийн төлөө үхсэн. 7 Шударга сайн хүний төлөө үхэх хүн бараг байхгүй. Харин сайхан сэтгэлтэй хүний төлөө үхэхээр зориглох хүн байж болох юм. 8 Гэтэл биднийг нүгэлтэн байхад Христ бидний төлөө үхсэн нь Бурхан бидэнд хайртайг баталдаг. 9 Тиймээс Христийн цусанд үндэслэн Бурхан биднийг шударга сайнд тооцдог юм бол шийтгэлээс хэлтрүүлэх нь лавтай. 10 Бид Бурхны дайсан байхдаа өөрсдийн маань төлөө үхсэн Хүүгийнх нь ачаар Бурхантай эвлэрсэн юм бол эдүгээ амьд байгаа Хүүгийнх нь ачаар аврагдах нь гарцаагүй. 11 Түүгээр зогсохгүй, бид Эзэн Есүс Христийн ачаар Бурхантай эвлэрээд Бурхантай харьцдаг болсондоо баярладаг.
12 Нэг хүнээс болж бүх хүн нүгэлтэй болсон. Нүгэлтэйн улмаас үхдэг болсон. Ийнхүү үхэл бүх хүнд тархжээ. Яагаад гэвэл бүгдээрээ нүгэл үйлджээ. 13 Нүгэл нь ертөнцөд Хуулиас өмнө байсан. Гэхдээ хууль үгүй бол нүгэл үйлдсэн гэж хэнийг ч буруутгах аргагүй. 14 Гэвч үхэл нь Адамын үеэс Мосегийн үе хүртэл хаан мэт ноёлж, Адамын үйлдсэн шиг нүглийг үйлдээгүй хүмүүсийг ч эрхшээлдээ байлгасан. Адам ирэх нэгэнтэй төстэй байв.
15 Харин Бурхны бэлэг нүгэлтэй адилгүй. Ганц хүний нүглээс болж үхсэн хүн олон. Харин Бурхны нигүүлсэл болон бэлэг сайхан сэтгэлт Есүс Христ гэдэг ганц хүний ачаар олон хүнд бялхсан! 16 Тэр бэлгийн ач тус ганц хүний нүглийн уршгаас өөр юм. Ганц нүглээс болж олон хүн буруутан болсон ч, нүгэлтэйд тооцогдсон олон хүн бэлгийн ачаар шударга сайнд тооцогдох болсон. 17 Ганц хүний нүглээс болж, тэр хүнээр дамжсан үхэл хаан мэт ноёлсон бол Есүс Христ гэдэг ганц хүний ачаар Бурхны нигүүлслийг хүртэж, шударга сайнд тооцогдон бэлэг авсан хүмүүс амьтай болж, хаад болцгооно!
18 Тэгэхээр, ганцхан нүгэл хилэнцээс болж бүх хүн буруутан болсон бол ганцхан зөв үйлийн ачаар ямар ч хүн шударга сайнд тооцогдож амьтай болно. 19 Нэг хүн дуулгаваргүй байснаас болж олон хүн нүгэлтэй болсон бол нэг хүн дуулгавартай байсны ачаар олон хүн шударга сайнд тооцогдоно. 20 Их нүгэлтэйг нь хүмүүст ойлгуулах гэж Бурхан Хууль өгсөн. Гэхдээ хүний нүгэл их ч, Бурхны нигүүлсэл түүнээс ч илүү. 21 Ямар зорилготой юм бэ? Нүгэл болон үхэл хаан мэт ноёрхдог шиг энэрэл нигүүлсэл хаан мэт ноёрхоно. Энэ нь Эзэн Есүс Христийн ачаар хүмүүсийг шударга сайнд тооцож, мөнх амьдруулах гэснийх юм.