Зефаниа
3 Тэрслүү, бузар, хэрцгий хот харамсалтай яа!
2 Оршин суугчид нь үг авдаггүй, сахилгажуулахад тоодоггүй,
Еховад найддаггүй, Бурхантайгаа ойр дотно байдаггүй.
3 Ноёд нь архирах арслангууд.
Шүүгчид нь шөнө ангуучлах чононууд бөгөөд
Өглөөдөө мэрэх яс ч үлдээдэггүй.
4 Зөнчид нь эрээ цээргүй, урвагч хүмүүс.
Тахилчид нь ариун юмсыг бузарлаж,
Хуулийг хэрэгсдэггүй.
5 Энэ хотод оршдог Ехова үнэнч шударга бөгөөд ямар ч буруу юм хийдэггүй.
Өдөр бүр нар манддаг шиг
Тэрбээр өглөө бүр шударга гэдгээ харуулдаг.
Харин шударга бус хүмүүс ичихээ мэддэггүй.
6 Бурхан: “Би үндэстнүүдийг устгасан, цамхгууд* нь хоосорсон.
Би гудамжнуудыг нь сүйрүүлсэн учраас нэг ч хүн түүгээр яваагүй.
Хотууд нь балгас болж, нэг ч оршин суугчгүй болов.
Учир нь би тэднийг үйлдсэн нүглээс нь болж тооцоо бодон устгахыг хүсээгүй юм.
Даанч тэд бүгд улам л завхран гажуудсан.
8 Тиймээс Ехова би:
«Олз руу дайрах* өдрийг минь хүртэл намайг хүлээ*.
Би үндэстнүүдийг цуглуулж, хаант улсуудыг чуулуулж,
Шатаж буй уур хилэнгээ тэдний дээр асгахаар шийдэв.
Миний уур хилэн газар нутгийг* бүхэлд нь түймэрдэнэ.
9 Би хүмүүсийг цэвэр хэлээр ярьдаг болгоно.
Тэгснээр тэд Ехова миний нэрээр дуудаж
Мөр зэрэгцэн* үйлчилнэ» гэж айлдаж байна.
10 Намайг шүтдэг, тарж бутарсан ард түмэн маань
Етиопын гол мөрнүүдийн хавиас надад бэлэг авчирна.
11 Тэгэхэд би та нарын дундаас бардамнан сайрхагчдыг чинь устгах учраас
Надад тэрсэлсэн бүх үйлдлээсээ болж
Тэр өдөр та нар ичгэвтэр байдалд орохгүй.
Та нар миний ариун уулан дээр дахин хэзээ ч бардамнахгүй.
12 Би та нарын дунд дөлгөөн даруу хүмүүсийг үлдээнэ.
Тэд Ехова намайг хоргодох газраа болгоно*.
13 Израйлын үлдэгсэд ямар ч шударга бус юм хийхгүй,
Худал ярихгүй, хуурч мэхэлсэн үг хэлэхгүй бөгөөд
Айх аюулгүй, бэлчээртээ идээшлэн хэвтэх хонин сүрэг мэт байна” гэж айлдсан.
14 Сионы охин оо, баярлан хашхирагтун!
Израйл аа, баярын уухай хадаа!
Иерусалимын охин оо, чин сэтгэлээсээ баярлан баясагтун!
15 Ехова та нарын ялыг хүчингүй болгосон,
Дайсныг чинь зайлуулсан.
Израйлын Хаан Ехова та нартай хамт байна.
Та нар цаашид гай зовлонгоос айхгүй.
16 Тэр өдөр Иерусалим ийм үг сонсоно.
“Сион оо, бүү ай!
Бүү зориг мох*!
17 Ехова Бурхан би та нартай хамт байна.
Хүчит Нэгний ёсоор аварна.
Би та нарыг хараад маш их баярлана.
Баярын уухай хадаана.
Та нарыг хайрлаад сэтгэл дүүрэн байна*.
18 Иерусалимаас олзлогдон явж, доромжлолын бай болсон,
Баяр наадмаасаа холдож гашуудан буй хүмүүсийг би цуглуулна.
19 Та нарыг дарладаг бүх хүнтэй би тэр үед тооцоо бодож,
Доголонг аварч,
Тараагдсаныг цуглуулна.
Би тэднийг ичгүүр шившиг болсон бүх нутагт нь
Алдар нэр, магтаал сайшаалын эзэд болгоно.
20 Тэр үед би та нарыг буцааж авчирна.
Тэр үед би та нарыг цуглуулна.
Та нарын олзлогдогсдыг нүдэн дээр чинь буцаан авчрахдаа
Та нарыг дэлхийн бүх хүний дунд алдар нэр, магтаал сайшаалын эзэд болгоно” гэж Ехова айлдаж байна».