Лукийн бичсэн сайн мэдээ
9 Ингээд Есүс 12 элчээ дуудаж, тэдэнд чөтгөрүүдийг зайлуулах, өвчин эмгэгийг эдгээх эрх мэдэл, хүч өгөөд 2 Бурхны Хаант төрийн тухай тунхаглуулахаар, өвчтэй хүмүүсийг эдгээлгэхээр илгээв. 3 Есүс тэдэнд «Замд гарахдаа юу ч бүү авч яв. Таяг, хоол хийх уут, талх, мөнгө, солих хувцас ч бүү ав. 4 Харин хаана ч очсон, нэг айлд буугаад явтлаа тэндээ бай. 5 Та нарыг хүлээж авахгүй байвал тэр хотоос гарч явахдаа хүмүүсийнх нь бурууг гэрчлэн хөлөө сэгсэрч тоосыг нь гөв*» гэж хэлжээ. 6 Тэд замд гарч, газар сайгүй сайн мэдээ тунхаглан, өвчтэй хүмүүсийг эдгээн тосгодоор явав.
7 Энэ бүх явдлын талаар дуулсан Херод* хаан* ихэд гайхаж байв. Учир нь зарим хүн Ёохан амилсан гэж, 8 зарим нь Елиа үзэгдсэн гэж, зарим нь эртний зөнчдийн нэг нь амилсан гэж ярьж байлаа. 9 Херод: «Ёоханыг би цаазалсан шүү дээ. Тэгвэл янз янзаар яригдаад байгаа энэ хүн чухам хэн бэ?» хэмээв. Херод тэр хүнийг харахыг ихэд хүсэх болжээ.
10 Элчүүд буцаж ирээд хийсэн бүхнээ тайлагнахад Есүс тэднээс өөр хэнийг ч дагуулалгүй Бетсайда хот руу явав. 11 Гэвч хүмүүс үүнийг мэдчихээд араас нь очиход Есүс тэдэнд сайхан сэтгэл гаргаж, Бурхны Хаант төрийн тухай ярьж эхэлсэн бөгөөд өвчтэйг нь эдгээлээ. 12 Орой болоход 12 элч: «Энэ хүмүүсийг явуулъя. Ойр хавийн суурин, тосгонд очоод хонох газар олж, идэх юм аваг. Энэ чинь зэлүүд газар шүү дээ» гэхэд 13 Есүс: «Та нар тэдэнд идэх юм өг» гэв. Элчүүд: «Явж, энэ бүх хүнд зориулж идэх юм авахгүй л бол бидэнд таван талх, хоёр загаснаас өөр юм алга» гэж хэлэв. 14 Тэнд 5 000 орчим эрэгтэй байлаа. Тэгтэл Есүс шавь нартаа «Хүмүүсийг тавь тавиар нь суулга» гэхэд 15 тэд тийн суулгав. 16 Есүс таван талх, хоёр загасыг авч тэнгэр өөд харан залбирав*. Тэгээд хуваасан бөгөөд хүмүүст тараалгахаар шавь нартаа өгчээ. 17 Бүх хүн идэж цадав. Үлдэгдлийг нь цуглуулахад 12 сагс дүүрлээ.
18 Хожим нь түүнийг ганцаараа залбирч байхад шавь нар нь ирэв. Есүс тэднээс «Хүмүүс намайг хэн гэж байна вэ?» гэж асуухад 19 тэд: «Баптисм хүртээгч Ёохан гэдэг. Зарим нь Елиа гэдэг. Эртний зөнчдийн нэг нь амилжээ гэх нь ч бий» гэж хариулав. 20 Есүс тэднээс «Харин та нар намайг хэн гэх вэ?» гэхэд Петр: «Бурхны Христ» гэж хэллээ. 21 Энэ талаар хэнд ч хэлэхгүй байхыг Есүс тэдэнд хатуу сануулаад 22 «Хүний Хүү их зовж, ахлагчид, ахлах тахилчид, хуулийн багш нарт хавчигдаж, алуулна. Гурав дахь өдөр нь Бурхан түүнийг амилуулна» хэмээв.
23 Есүс цааш нь «Намайг дагая гэвэл өөрийнхөө төлөө амьдрахаа больж, тарчлаах шонгоо* өдөр бүр үүрч, намайг үргэлж дага. 24 Учир нь амиа аврахыг хүсдэг хэн боловч амиа алдана. Харин надаас болж амиа алдсан хэн боловч амилна. 25 Хүн ертөнцөд байгаа бүхнийг олж авсан ч өөртөө гай тарих юм уу амиа алдвал ямар хэрэг байх билээ? 26 Учир нь хэн надаас, миний үгнээс ичнэ, хүний Хүү Эцгээсээ эрх мэдэл аваад тэнгэрийн ариун элчүүдтэй ирэхдээ тэр хүнээс ичнэ. 27 Бурхны Хаант төрийг үзтэлээ энд байгаа зарим хүн үхэхгүйг би батлан хэлье» хэмээжээ.
28 Ийн ярьснаасаа хойш найман өдрийн* дараа Есүс, Петр Ёохан Яаков гурвыг дагуулан ууланд гарч залбирчээ. 29 Залбирч байхад царай нь хувирч, хувцас нь гэрэл цацарсан цагаан өнгөтэй болов. 30 Гэнэт Есүстэй хоёр хүн ярилцаж байгаа харагдлаа. Тэд бол Мосе Елиа хоёр ажээ. 31 Тэд сүр жавхлантай харагдсан бөгөөд Есүс явах ёстойг, энэ явдал Иерусалимд болох ёстойг ярьж эхлэв. 32 Петр болон нөгөө хоёр шавь нойрмог байсан боловч сэргэж, Есүсийн цог жавхланг болон хамт зогсож байгаа хоёр хүнийг харав. 33 Өнөөх хоёр хүн Есүсийг орхиж явах гэхэд Петр: «Багш аа, бид энд байгаа нь сайн хэрэг боллоо. Танд, Мосед, Елиад нэг нэг майхан барьж өгье» гэж хэлэв. Петр юу ярьж байгаагаа ойлгохгүй байлаа. 34 Ийн ярьж байтал үүл гарч, тэднийг бүрхэж эхлэхэд тэд айв. 35 Үүлнээс дуу гарч «Энэ бол миний Хүү. Би түүнийг сонгосон юм. Түүний үгийг дагаж байгтун» гэж хэлэв. 36 Тийнхүү дуу гарахад Есүсийн ганцаараа байгааг шавь нар нь харлаа. Гэвч тэд үзсэн харснаа нэг хэсэгтээ хэнд ч хэлэлгүй, чимээгүй байжээ.
37 Маргааш нь тэднийг уулнаас бууж ирэхэд олон хүн Есүсийг тосон авав. 38 Олны дундаас нэг хүн: «Багш аа, хүүд минь туслаач. Миний ганц хүү байгаа юм. 39 Чөтгөр шүглэхэд хүү минь гэнэт хашхирдаг, татвалзаж унадаг, амнаас нь хөөс цахардаг. Чөтгөр хүүг минь зовоож тарчлааж байгаад гарч явдаг юм. 40 Тэр чөтгөрийг зайлуулахыг таны шавь нараас гуйсан боловч тэд чадсангүй» гэж хэлэв. 41 Тэгэхэд Есүс: «Энэ үеийнхэн яасан итгэдэггүй, нүгэлтэй юм бэ! Хэдий болтол та нартай хамт байж, тэвчих ёстой юм бэ? Хүүгээ нааш нь аваад ир» гэлээ. 42 Хүү Есүс рүү дөхөж явтал чөтгөр түүнийг газар унагаад байдгаар нь татвалзуулав. Тэгэхэд Есүс чөтгөрийг зэмлэж, хүүг эдгээгээд эцэгт нь өглөө. 43 Бүх хүн Бурхны хүчийг бахдан биширч байв.
Өөрийнх нь хийсэн бүхнийг хүмүүс гайхан шагшиж байхад Есүс шавь нартаа 44 «Үгийг минь анхааралтай сонсоод санаж яв. Хүний Хүү урвагчаас болж дайснуудын гарт орно» хэмээв. 45 Гэвч шавь нар хэлснийг нь ойлгосонгүй. Энэ нь тэдэнд учир битүүлэг байсан бөгөөд тэд асуухаасаа айж байлаа.
46 Хэн хамгийн агуу нь болох талаар шавь нар маргалджээ. 47 Тэдний юу бодож байгааг мэдсэн Есүс нэгэн балчир хүүхдийг дуудаж ирүүлээд хажуудаа зогсоож 48 «Миний төлөө* ийм хүүхдийг хүлээж авсан хэн боловч намайг хүлээж авсан хэрэг. Намайг хүлээж авсан хэн боловч намайг илгээсэн Нэгнийг мөн хүлээж авсан хэрэг. Өөрийгөө өчүүхэн гэж үздэг хүн та нарын дунд агуу нь байх юм» гэж ярив.
49 Тэгэхэд Ёохан: «Багш аа, нэг хүн таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байхыг бид хараад саад хийхийг оролдлоо. Тэр хүн бидэнтэй хамт таныг дагадаггүй шүү дээ» гэхэд 50 Есүс: «Тэгэх хэрэггүй. Та нарыг эсэргүүцдэггүй хэн боловч та нарын талд байгаа хэрэг» хэмээжээ.
51 Тэнгэрт гарах цаг нь ойртоход Есүс Иерусалим руу явахаар эргэлт буцалтгүй шийджээ. 52 Тэгээд хэдэн шавиа явуулахад тэд самаричуудын нэг тосгонд түрүүлж очоод бэлдэв. 53 Гэвч тосгоныхон Есүсийг хүлээж авсангүй. Учир нь Есүс Иерусалимыг зорьж байлаа. 54 Үүнээс болж Яаков Ёохан хоёр: «Эзэн, таныг хүсвэл бид тэнгэрээс гал буулгаж, тэднийг устгая» гэхэд 55 Есүс эргэж хараад тэднийг зэмлэв. 56 Тэгээд тэд өөр тосгон руу явжээ.
57 Тэднийг замд явах зуур нэг хүн: «Таныг хаашаа ч явсан, би дагана» гэхэд 58 Есүс: «Үнэг нүхтэй, шувуу үүртэй. Харин хүний Хүү толгой хоргодох оронгүй» гэжээ. 59 Есүс өөр нэг хүнд «Намайг дага» гэхэд тэр хүн: «Эзэн, би эхлээд эцгээ оршуулчихаад ирье» гэв. 60 Харин Есүс: «Үхэгсэд нь үхэгсдээ оршуулаг. Харин чи явж, Бурхны Хаант төрийн тухай мэдээ тунхагла» гэж хэлжээ. 61 Бас нэг хүн: «Эзэн, би таныг дагая. Гэхдээ эхлээд гэрийнхэнтэйгээ уулзчихаад ирье» гэхэд 62 Есүс: «Анжсан дээр гар тавьсан атлаа ард орхисноо хардаг хэн боловч Бурхны Хаант төрд орох зохисгүй» хэмээв.