Тэд «махан биеийн өргөсөө» тэвчсэн
«Махан биед минь өргөс өгөгдсөн юм. Энэ нь... намайг нударгалах Сатаны элч ажээ» (2 КОРИНТ 12:7).
1. Өнөөдөр хүмүүс ямар ямар бэрхшээлтэй тулгардаг вэ?
ТА ямар нэг сорилттой тулгараад түүнтэйгээ удаан хугацаагаар тэмцэж байна уу? Хэрэв тийм бол, ганцхан танд ийм юм тохиолдоод байгаа хэрэг биш шүү. Өнөөгийн «хэцүү цагт» үнэнч христианууд хатуу эсэргүүцэл, гэр бүлийн асуудал, өвчин эмгэг, санхүүгийн хямрал, сэтгэлийн дарамт, хайртай хүнээ үхэлд алдах гээд олон л сорилтыг тэвчиж байна (2 Тимот 3:1–5). Зарим улс оронд хоол хүнсний хомсдол, дайн самуун олон хүний амь насанд аюул учруулж байна.
2, 3. Бидэнд учирдаг бэрхшээлээс ямар гутрангуй үзэл бий болж болзошгүй вэ? Энэ нь ямар аюултай вэ?
2 Тиймэрхүү бэрхшээлүүд ялангуяа, нэг зэрэг олон бэрхшээл тулгарахаар хүнд дааж давшгүй мэт санагддаг. Сургаалт үгс 24:10-т: «Хэрэв чи бэрх цагт сул дорой байваас [«сэтгэлээр унаваас», ШЕ] хүч тэнхээ чинь сул аж» гэж байдгийг санацгаая. Тийм ээ, учирсан бэрхшээлээс болоод сэтгэлээр унавал бидэнд яг хэрэгтэй байгаа тэр хүч чадал үгүй болж, эцсээ хүртэл тэсвэрлэн давах шийдвэр маань суларна. Ингэвэл ямар аюул учрах вэ?
3 Хүн сэтгэлээр унахаараа бодит байдлыг зөв дүгнэж чадахаа больдог. Тухайлбал, бэрхшээлээ хэтрүүлэн бодож, өөрөө өөрийгөө өрөвддөг. Зарим нь «Яагаад заавал надад ийм юм учруулна вэ?» гэж Бурханд гомдоллодог. Хэрэв ийм гутрангуй үзэл зүрхэнд хурвал хүн баяр баясгалан, итгэл найдвараа гээдэг. Бурхны үйлчлэгч «итгэлийн сайн тэмцлээр тэмцэхээ» болих хүртлээ сэтгэлээр унаж болох юм (1 Тимот 6:12).
4, 5. Бидэнд учирдаг зарим бэрхшээлтэй Сатан ямар холбоотой вэ? Гэсэн ч юунд итгэлтэй байж болох вэ?
4 Ехова Бурхан биднийг огт сорьдоггүй (Иаков 1:13). Бид Бурханд үнэнч байдлаа хадгалахыг хичээдгээс болоод л зарим сорилттой тулгардаг. Үнэндээ бол Еховад үйлчилдэг хүн бүр өөрийгөө түүний гол дайсан Сатан Диаволын бай болгодог. «Эд юмсын энэхүү тогтолцооны [хорон муу] бурхан» өөртөө байгаа богинохон хугацаандаа, Еховаг хайрлаж, хүсэл тааллыг нь биелүүлдэг хэнийг ч болов зогсоохыг оролддог (2 Коринт 4:4, ШЕ). Дэлхий дахины ах дүүгийн барилдлагатай биднийг аль болох их зовоох гэж Сатан чаддаг бүхнээ хийдэг (1 Петр 5:9). Бидэнд учирдаг бүх бэрхшээлийг Сатан шууд тарьдаггүй нь үнэн хэдий ч, биднийг сулруулах гэж тэдгээрийг ашиглаж чадна.
5 Сатан болоод түүний зэвсэг хэчнээн аймаар байлаа ч бид түүнийг дийлнэ ээ! Үүндээ хэрхэн итгэлтэй байж болох вэ? Учир нь Ехова Бурхан бидний төлөө тэмцдэг билээ. Тэрээр Сатаны башир аргыг үйлчлэгчдэдээ илчилсэн (2 Коринт 2:11). Үнэхээр ч Бурхны Үг жинхэнэ христиануудад тулгардаг сорилтын тухай бидэнд ихийг хэлдэг. Элч Паулын хувьд Библид «махан биеийн өргөс» гэдэг хэллэгийг ашигласан байдаг. Яагаад ингэж нэрлэсэн юм бол оо? Уг хэллэгийг Бурхны Үг хэрхэн тайлбарладгийг авч үзвэл сорилтыг ялан дийлэхэд бүгдэд маань Еховагийн тусламж хэрэгтэй гэдгийг ойлгох болно.
Сорилт өргөс адил байдгийн учир
6. «Махан биеийн өргөс» гэдгээр Паул юу илэрхийлсэн бэ? Тэр «өргөс» нь юу байсан байж болох вэ?
6 Олон хэцүү сорилтод орж байсан Паул Бурхны онгодоор хөтлүүлэн дараах үгийг бичжээ. Тэрээр: «Махан биед минь өргөс өгөгдсөн юм. Энэ нь намайг өөрийгөө хэт дөвийлгөхгүйн тулд намайг нударгалах Сатаны элч ажээ» гэсэн байна (2 Коринт 12:7). Паулын биед байсан «өргөс» гэж юу вэ? Ер нь хүний арьс маханд гүн зоогдож орсон өргөс их өвтгөдөг. Энэхүү адилтгалаас үзвэл ямар нэгэн юм Паулын биеийг, эсвэл сэтгэлийг, магадгүй аль алиныг нь зовоожээ. Паул нүд муутайгаасаа юм уу, бие махбодын өөр бусад эмгэгээсээ шаналж байсан байх. Эсвэл «өргөс» гэдэгт түүний христиан хурлын элч байх эрхийг үл ойшоож, дэлгэрүүлэх болоод заах ажлыг нь гүйцэд үнэлээгүй хүмүүсийг оруулсан байж магадгүй (2 Коринт 10:10–12; 11:5, 6, 13). Аль нь ч байлаа гэсэн, тэр «өргөсийг» авч болсонгүй, тэвчихээс өөр аргагүй байжээ.
7, 8. а) «Нударгалах» гэдэг үг ямар санаа илэрхийлдэг вэ? б) Одоо биднийг зовоодог алив «өргөсийг» тэвчих яагаад амин чухал бэ?
7 «Өргөс» Паулыг «нударгалж» байсан гэдгийг анхаарч үзье. Энд Паулын ашигласан грек үйл үг нь «хурууны үе» гэдэг үгнээс гаралтай нь сонирхол татдаг. Энэ үгийг Матай 26:67-д шууд утгаар, 1 Коринт 4:11-д шилжсэн утгаар ашиглажээ. Эдгээр зүйлээс харвал энэ үг «нударгалан зодох» гэсэн санааг илэрхийлдэг байна. Сатан Ехова болон түүний үнэнч үйлчлэгчдийг туйлаас үзэн яддаг болохоор Паулыг «нударгалж байсан өргөс» түүнийг баярлуулдаг байсан нь гарцаагүй. Өнөөдөр биднийг ч гэсэн биеийнхээ «өргөсөнд» шаналахад Сатан мөн адил баярладаг.
8 Иймээс бид Паул шиг, тийм «өргөсийг» хэрхэн тэвчихийг мэддэг байх хэрэгтэй. Энэ нь бидний амьтай шууд холбоотой! Ехова биднийг шинэ ертөнцөд мөнх амьдарч, өргөс адил зовлонг дахин бүү эдлээсэй гэж хүсдэгийг санаарай. Тэрхүү гайхамшигт шагналыг авахад маань туслах гэж Бурхан ариун Үгээрээ буюу Библиэр дамжуулан биеийнхээ «өргөсийг» амжилттай тэвчсэн үнэнч үйлчлэгчдийнхээ олон жишээг бидэнд өгчээ. Тэд яг л бидэн шиг эгэл жирийн, төгс бус хүмүүс байсан. «Гэрчүүдийн агуу үүлийн» (ШЕ) заримыг авч үзвэл «өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйхэд» бидэнд тустай (Еврей 12:1). Тэдний юу тэсвэрлэн давсныг эргэцүүлэн бодвол Сатанаас бидний эсрэг ашиглаж болзошгүй алив «өргөсийг» тэвчих итгэл зориг батажна.
Мефибошетийг зовоосон «өргөс»
9, 10. а) Мефибошет яаж биедээ «өргөстэй» болсон бэ? б) Давид хаан Мефибошетэд хэрхэн сайхан сэтгэл гаргасан бэ? Бид Давидыг хэрхэн дуурайж болох вэ?
9 Давидын сайн найз Ионатаны хүү Мефибошетийн жишээг авч үзэцгээе. Энэ явдал түүнийг таван настай байхад болжээ. Мефибошетийн аав Ионатан, өвөө нь болох Саул хаан нар алагджээ гэсэн мэдээ ирэхэд хүүгийн асрагч их сандарчээ. Тэгээд «түүнийг тэврэн зугтсан бөгөөд яарч байх үедээ хүүг унагаснаас болж хүү хөлгүй [«доголон», ШЕ] болжээ» (2 Самуел 4:4). Ингэж тахир дутуу болсон нь Мефибошет өсөж том болоод ч тэвчих ёстой хатуу «өргөс» байсан нь илэрхий.
10 Хэдэн жилийн дараа Давид хаан Ионатаныг хайрладаг байсан хайраараа Мефибошетэд хайр энэрлээ үзүүлсэн. Давид Саулын бүх газрыг түүнд эргүүлэн өгч, Саулын боол байсан Зибад тэр газрыг хариуцуулав. Түүнчлэн «Чи миний ширээнд тогтмол хооллох болно» гэж Мефибошетэд хэлсэн (2 Самуел 9:6–10). Давидын хайр энэрэл түүнийг тайтгаруулж, тахир дутуугийнхаа зовлонг бага ч гэсэн нимгэлэхэд тус болсон нь лавтай. Юутай сайхан жишээ вэ! Биеийнхээ «өргөснөөс» болоод шаналж байгаа хүмүүст бид ч бас сайхан сэтгэлээр хандах учиртай.
11. Зиба Мефибошетийг хэрхэн гүтгэсэн бэ? Зибагийн үг худал гэдгийг бид хаанаас мэдэж болох вэ? (Зүүлтийг үзнэ үү.)
11 Хожим нь Мефибошет биеийнхээ өөр нэг «өргөсийг» тэвчих хэрэгтэй болсон. Давид Абсалом хүүгийнхээ гаргасан үймээнээс болоод Иерусалимаас дүрвэж явтал Мефибошетийг зарц Зиба нь Давидад худал гүтгэн, хаант улсыг өөрийн болгох санаа өвөрлөөд тэнд урван үлдэв хэмээн хэлжээa. Давид Зибагийн гүжир үгэнд үнэмшээд, Мефибошетийн хамаг хөрөнгийг тэр худалчид өгчээ! (2 Самуел 16:1–4).
12. Мефибошет нөхцөл байдалдаа хэрхэн хандсан бэ? Бидний хувьд ямар сайн жишээ үзүүлсэн бэ?
12 Харин сүүлд Мефибошет Давидтай уулзахдаа болсон бүх явдлыг үнэн зөвөөр ярьжээ. Мефибошетийг Давидтай нэгдэхээр явах гэж байтал Зиба оронд нь явахаар болоод ийнхүү мэхэлсэн ажээ. Тэгээд Давид алдаагаа зассан уу? Бага ч гэсэн зассан. Давид хөрөнгийг тэр хоёрын дунд хувааж өгчээ. Энэ нь ахиад л Мефибошетийн биед орсон «өргөс» болж болох байв. Тэр сэтгэл дундуур байсан уу? Давидын шийдвэрийг эсэргүүцэн, шударга бус загналаа гэж гомдоллосон уу? Үгүй ээ, хааны хүслийг ёсоор болгосон. Тэр Израилийн бүрэн эрхт хааныг амар мэнд буцаж ирсэнд баярлан, хэрэг явдлын өөдрөг сайныг харж байлаа. Мефибошет тахир дутуу байдлаа, гүтгэлгийг, сэтгэл дундуур байхын хэцүүг тэсвэрлэн давахын гайхамшигтай жишээ үзүүлжээ (2 Самуел 19:24–30).
Нехемиа сорилтыг тэвчсэн нь
13, 14. Нехемиа Иерусалимын хэрмийг сэргээн босгохоор буцаж ирээд ямар «өргөсийг» тэсвэрлэн давах ёстой болсон бэ?
13 Нехемиа МЭӨ тавдугаар зуунд хана хэрэмгүй болсон Иерусалим хотод ирээд биедээ ямар «өргөстэй» болсныг бодоод үз дээ. Хот бараг хамгаалалтгүй байсан бөгөөд нутагтаа буцаж ирсэн иудейчүүд эмх журамгүй, сэтгэлээр унасан, Еховагийн нүдэнд ариун биш болсон байлаа. Нехемиа Иерусалимын хэрмийг сэргээн барих зөвшөөрлийг Артаксеркс хаанаас авсан боловч хөрш зэргэлдээ нутгийн захирагч нар үүнийг нь эрс эсэргүүцэж байлаа. «Хэн нэгэн хүн Израилийн хөвгүүдийн сайн сайхныг хайн ирсэн нь тэдэнд тун тааламжгүй байв» (Нехемиа 2:10).
14 Харийн эсэргүүцэгчид Нехемиагийн ажлыг зогсоох гэж чадах бүхнээ хийсэн. Тэд Нехемиаг айлгаж, худал гүтгэж, тагнуул илгээн сүрдүүлэх гэж оролдсон нь түүний биед бүдүүн өргөс орсноос өөрцгүй байсан. Ингэлээ гээд тэр дайснуудынхаа заль мэхэнд орсон уу? Үгүй ээ! Тэрээр Еховад бүрэн найдаж байсан бөгөөд шантраагүй юм. Ингээд Иерусалимын хэрмийг сэргээн босгох ажил амжилттай дуусаж, Нехемиагийн ажлыг Ехова дэмжиж байсан гэдгийн баттай нотолгоо болсон билээ (Нехемиа 4:1–12; 6:1–19).
15. Иудейчүүдийн ямар ямар асуудал Нехемиаг их зовоосон бэ?
15 Нехемиа иудейчүүдийн захирагч байсны хувьд Бурхны ард түмний дунд гарсан олон асуудлыг шийдэх хэрэгтэй болсон. Тэдгээр бэрхшээлтэй асуудал нь иудейчүүдийн Еховатай тогтоосон харьцаанд шууд нөлөөлж байсан болохоор Нехемиаг их зовоосон айхтар хурц өргөс мэт байлаа. Хөрөнгө чинээтэй баячууд бусдаасаа зээлийн өндөр хүү нэхдэг байсан бол ядуу зүдүү ах дүү нар нь тэдэнд өрөө, Персэд татвараа төлөхийн тулд газраа худалдаж, тэр ч байтугай үр хүүхдээ боол болгодог байжээ (Нехемиа 5:1–10). Олон хүн Амралтын өдрийг сахиж, левичүүд болоод сүмийг дэмжихээ больсон байв. Түүнчлэн, зарим иудей хүн «Ашдод, Аммон ба Моабын эмэгтэйчүүдтэй» гэрлэсэн байв. Энэ бүхэн Нехемиаг ямар их зовоосон бол оо! Гэвч ийм олон «өргөс» Нехемиаг шантрааж дийлээгүй юм. Тэрээр ямагт Бурхны шударга хуулийг чанд баримталдаг байлаа. Бид ч гэсэн Нехемиагийн адилаар бусдын буруу үйлд үл автан Еховад үнэнчээр үйлчлэхээ үргэлжлүүлье (Нехемиа 13:10–13, 23–27).
Өөр олон үнэнч хүн «өргөсөө» тэвчсэн
16-18. Исаак Ребека Давид Хосеа нар гэр бүлийн ямар зөрчлийг давсан бэ?
16 Өргөс мэт зовлонтой нөхцөл байдлыг тэвчсэн өөр олон хүний жишээ Библид байдаг. Ийм «өргөс» бий болох нэг үндэс нь гэр бүлийн бэрхшээл байжээ. Есавын хоёр эхнэр нь түүний эцэг эх «Исаак Ребека хоёрт сэтгэлийн зовлон болжээ». Ребека хүүгийнхээ хоёр эхнэрээс болж амьдрах ч дургүй боллоо гэж хэлсэн нь байдаг (Эхлэл 26:34, 35; 27:46). Ханнагийн тухай бас бодож үзье. Ханнагийн нөхрийн өөр нэг эхнэр Пенинна түүнийг хүүхэдгүй байсан болохоор «бухимдуулахын тулд өддөг байв». Ханна Пениннатай хоёулхнаа гэртээ байхдаа энэ зовлонг байнга амсдаг байсан байж магадгүй. Пенинна түүнийг олон түмний өмнө буюу Шилод болдог баярт гэр бүлээрээ оролцохоор явахад хамаатан садан, найз нөхдийнхөө өмнө зовоодог байсан байж болох юм. Энэ нь Ханнагийн биед орсон «өргөс» улам гүн шигдэхтэй адил байжээ (1 Самуел 1:4–7).
17 Давид өөрийн хадам эцэг Саул хааны утга учиргүй атаа жөтөөг хэрхэн тэсвэрлэн давсныг бодож үзье. Давид амь насаа хамгаалахын тулд Енгедийн цөлд хад агуйгаар гэр хийн, эгц цавчим, аюул осолтой асга хадаар авирах хэрэгтэй болсон. Тэрээр Саулд ямар ч гэм хийгээгүй атал ийн шударга бус хандах нь ёстой уцаар хүргэм байсан биз ээ. Олон жилийн турш хэрэн тэнэж амьдрах ёстой болсон нь Саулаас л болсон хэрэг байлаа (1 Самуел 24:14, 15; Сургаалт үгс 27:4).
18 Зөнч Хосеад учирсан гэр бүлийн зөрчилдөөнийг төсөөл дөө. Эхнэр нь завхай болжээ. Түүний завхай явдал Хосеагийн зүрхэнд шаасан өргөс адил байсан. Завхайрч яваад хоёр бутач хүүхэдтэй болоход нь тэрээр хэчнээн их шаналсан бол оо! (Хосеа 1:2–9).
19. Зөнч Микаиаг хэрхэн хавчин эсэргүүцсэн бэ?
19 Махан биеийн өөр нэг «өргөс» бол хавчин эсэргүүцэх явдал юм. Үнэнч зөнч Микаиад тохиолдсон явдлыг авч үзье. Хорон муу хаан Ахаб хуурамч зөнчдөөр хүрээлүүлчихээд ичгүүргүй худал үгэнд нь итгэж суухыг харах Микаиад сэтгэлийн зовлон болж байсан. Микаиа тэднийг «хуурдаг сүнсээр» ярьж байна хэмээн Ахаб хаанд хэлэхэд тэргүүн зөнч нь яасан бэ? «Микаиагиийн хацрыг алгадсан»! Рамот-гилеадыг эзлэх гэсэн нь бүтэлгүйтэхийг Ехова сануулахад Ахабын хэрхэн хүлээн авсан нь Микаиаг бүр ч зовоосон. Ахаб түүнийг шоронд хорьж, хоол ундыг нь хасахыг тушаасан (Хаадын дээд 22:6, 9, 15–17, 23–28). Түүнчлэн Иеремиаг, түүний туулсан бүх аймшигтай хэрцгий явдлыг санацгаая (Иеремиа 20:1–9).
20. Наоми ямар «өргөсийг» тэвчих ёстой болсон бэ? Тэрээр хэрхэн шагнуулсан бэ?
20 Биед орсон өргөс мэт зовоодог өөр нэг гашуун зовлон бол хайрт хүнээ үхэлд алдах юм. Наоми эр нөхрөө, хоёр хүүгээ алдаж, уй гашуу эдэлсэн. Энэ золгүй явдлыг сэтгэлдээ тээсээр Бетлехемд буцан ирдэг. Тэр өөрийг нь Наоми биш, Мара гэж дуудахыг найз нөхдөөсөө гуйсан. Энэ нэр амсаж туулсан гашуун зовлонг нь илэрхийлэх утгатай байжээ. Гэсэн ч Ехова эцэст нь түүнийг шагнаж, ач хүүтэй болгосон. Тэр Мессиагийн өвөг дээдсийн нэг болсон (Рут 1:3–5, 19–21; 4:13–17; Матай 1:1, 5).
21, 22. Иов ямар хагацал үзсэн бэ? Үүнд хэрхэн хандсан бэ?
21 Арван сайхан хүүхэд нь нэг дор амиа алдсан гэнэтийн таагүй мэдээг дуулаад Иов хэчнээн их цочирдсон бол оо! Тэр бас мал сүрэг, зарц боолоо алдсан юм. Ингээд түүний хувьд амьдрал хормын дотор хамаг утга учраа алдчих мэт болсон! Иов энэ бүх зовлонг туулж байтал Сатан түүнд аймшигт өвчин тусгав. Өвчнөөсөө болоод үхэх нь гэж бодсон ч байж магадгүй. Өвдөж зовох нь тэсэхийн аргагүй байсан болохоор үхэл л түүнийг энэ бүхнээс нь ангижруулна гэж боджээ (Иов 1:13–20; 2:7, 8).
22 Гэтэл энэ бүхэн яагаа ч үгүй байсан байжээ. Зовж шаналж, цөхөрч гүйцсэн эхнэр нь ирээд: «Бурхныг хараагаад үх!» гэж хэлэв. Өвдөж шаналж байсан биед нь энэ «өргөс» их нэрмээс болсон! Дараа нь Иовын гурван «найз» түүнийг тайтгаруулахын оронд, харин ч түүнийг нууцаар нүгэл үйлдсэн хэмээн буруутгаж, өөрсдийнх нь бодлоор бол чухам үүний гайгаар зовлонд уналаа гэж буруу ярьдаг. Тэд ингэж буруу тайлбарласан нь Иовын биед орсон өргөсийг улам гүн болгож байгаа мэт байлаа. Энэ бүх зовлон өөрт нь яагаад учирсныг, мөн амьд үлдэхээ ч Иов мэдэхгүй байсан гэдгийг сана даа. Гэлээ ч «энэ бүхэн болж байхад Иов нүгэл хийсэнгүй, Бурхныг ч буруушаасангүй» (Иов 1:22; 2:9, 10; 3:3; 14:13; 30:17). Олон «өргөс» нэг дор зовоосон ч тэр Еховад үнэнч байдлаа хадгалсан юм. Ямар их урам хайрласан жишээ вэ!
23. Бидний авч үзсэн үнэнч хүмүүс биедээ орсон «өргөсийг» яагаад тэсвэрлэн давах чадвартай байсан бэ?
23 Дээр дурдсан шиг өөр олон жишээг Библиэс олж болно. Тэр үнэнч үйлчлэгчид бүгдээрээ л өөр өөрийн «өргөстэй» тэмцэх хэрэгтэй болж байжээ. Тэдэнд тулгарч байсан бэрхшээл хоорондоо адилгүй байсан хэдий ч бүгдэд нь адилхан нэг зүйл байв! Тэдний хэн нь ч Еховад үйлчлэхээ болиогүй юм. Хэцүү сорилтыг үл харгалзан тэд бүгдээрээ Еховагийн өгдөг хүчээр Сатаныг ялан дийлсэн билээ. Яаж тэр вэ? Дараагийн өгүүлэл энэ асуултад хариулахын зэрэгцээ биед маань орсон өргөс мэт аливаа бэрхшээлийг хэрхэн тэвчиж болохыг харуулна.
[Зүүлт]
a Мефибошет шиг талархуу, даруу хүнээс тийм хувиа хичээсэн хорон санаа гарах огт боломжгүй юм. Тэрээр эцэг Ионатаныхаа үзүүлсэн сайн жишээг мэддэг байсан нь эргэлзээгүй. Ионатан хэдийгээр Саул хааны хүү байсан ч гэлээ Давидыг Еховагийн сонгосон Израилийн хаан хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ (1 Самуел 20:12–17). Ионатан Бурхнаас эмээдэг эцэг хүн, Давидын үнэнч анд байсны хувьд хааны эрх мэдлийн хойноос улайран хөөцөлдөхийг балчир хүүдээ сургаагүй биз ээ.
Та яаж хариулах вэ?
• Бидэнд учирдаг бэрхшээлийг биед орсон өргөс гэж үзэж болохын учир юу вэ?
• Мефибошет Нехемиа нар ямар «өргөсийг» тэвчсэн бэ?
• Биед орсон «өргөсөө» тэвчсэн, өмнө дурдсан Бурхны үйлчлэгчдийн жишээнээс хэнийх нь жишээ таны сэтгэлийг илүү хөдөлгөсөн бэ? Яагаад?