Ехова эртний үйлчлэгчдийнхээ «Аврагч» байсан
«Бурхан, над руу хурдан ирээч. Та бол миний тусламж, миний аврагч юм» (ДУУ. 70:5).
1, 2. а) Бурхны үйлчлэгчид ямар үед Бурхнаасаа тусламж эрдэг вэ? б) Ямар асуулт урган гарч байна вэ? Хариуг нь хаанаас олж болох вэ?
АМРАЛТААР явсан эцэг эх хоёр 23 настай охиныхоо учир битүүлгээр алга болсныг дуулжээ. Цагдаа нарт энэ явдал их сэжигтэй байлаа. Эцэг эх нь тэр даруй ачаа тээшээ бэлдэн, харихаар болж, замдаа Еховад тасралтгүй залбирч байлаа. 20 настай Гэрч залуу хүнд өвчин туссанаа, хожим нь бүрмөсөн саажна гэдгээ мэджээ. Тэрбээр тэр даруй Еховад залбирчээ. 12 настай охинтой, ганц бие эх цөхрөлтгүй хайсан боловч ажил олж чадалгүй явсаар хоолны мөнгөгүй болжээ. Тэгээд Еховад сэтгэлээ уудлан залбирав. Тийм ээ, Бурхны ард түмэнд хүнд сорилт юм уу бэрхшээл тулгарахад Бурхнаасаа тусламж эрэн, өөрийн эрхгүй залбирдаг. Та ч гэсэн тусламж гарцаагүй хэрэгтэй үед Еховад залбирч байсан уу?
2 Энэ бүхнээс үүдээд, «Тусламж гуйж залбирахад Еховаг хариулна гэдэгт үнэхээр итгэлтэй байж болох уу?» гэсэн чухал асуулт урган гарч байна. 70-р дуулал энэ асуултад итгэл бэхжүүлэм хариу өгдөг. Энэхүү сэтгэл хөдөлгөм дууллыг олон удаа хүнд сорилтод орж явсан Бурхны үнэнч үйлчлэгч Давид бичжээ. Тэрбээр Еховад: «Бурхан, [...] Та бол миний тусламж, миний аврагч юм» гэж хэлсэн байдаг (Дуу. 70:5). 70-р дууллыг анхааралтай үзвэл бид ч бас тусламж хэрэгтэй цагтаа Еховад хандаж, Еховаг «Аврагчаа» гэж бүрэн дүүрэн итгэж найдаж болохын учрыг мэдэж болдог.
«Та бол... аврагч юм»
3. а) 70-р дуулалд Давид Еховагаас юу гуйсан бэ? б) Давид юунд бат итгэлтэй байсан бэ?
3 70-р дууллын эхний болон эцсийн зүйлд Бурхнаас тусламж хүссэн Давидын чин сэтгэлийн гуйлт байдаг (Дуулал 70:1–5-ыг уншина уу). Тэрбээр: «Намайг аврахаар яараач», «хурдлаач» хэмээжээ. Тэгээд 2–4-р зүйлд таван гуйлт бичсэн байна. Эхний гурав нь өөрийг нь алах гэж байгаа хүмүүсийг Ехова ялж, ёс бус явдлынх нь хариуд ичгүүрт оруулаасай гэсэн хүсэлт байв. 4-р зүйлд бичсэн дараагийн хоёр хүсэлт нь Бурхны ард түмэнд хамаатай байлаа. Тэрбээр Еховаг эрж хайдаг хүмүүсийг баярлан баясаж, Еховаг өргөмжлөөсэй хэмээн хүсдэг тухайгаа залбирчээ. Давид Еховад хандан: «Та бол миний тусламж, миний аврагч юм» хэмээн дууллаа төгсгөжээ. Хэрэв энд, «Та миний аврагч байг» гэсэн бол өмнөх зүйлүүдэд бичсэн шигээ хүсэлтээ илэрхийлсэн хэрэг болох байсан. Гэвч бат итгэлээ харуулан, «Та бол... аврагч юм» гэж бичсэн. Тийм ээ, тэрбээр Бурхнаас тусламж авна гэдэгтээ огт эргэлздэггүй байв.
4, 5. 70-р дууллаас Давидын талаар юу мэдэж болох вэ? Бид юунд итгэлтэй байж болох вэ?
4 70-р дууллаас Давидын талаар юу мэдэж болох вэ? Дайснууд амь насыг нь хороох гэж оролдоход тэрбээр хэрэг явдлыг өөрийнхөөрөө шийдэх гэж зүтгээгүй. Цаг нь болохлоор Ехова дайснуудыг нь зохих ёсоор шийтгэнэ гэж итгэж байв (1 Сам. 26:10). Ехова өөрийг нь хайдаг хүмүүст тусалж, тэднийг авардаг гэдэгт огт эргэлздэггүй байлаа (Евр. 11:6). Бурхны үнэнч үйлчлэгчид агуу үйлсийг нь тунхаглан Бурхнаа дээдлэх, баяр хөөртэй байх бүрэн үндэстэй гэдэгт бат итгэж байсан (Дуу. 5:11; 35:27).
5 Бид ч гэсэн Давидын адилаар, Еховаг бидний Туслагч, «Аврагч» гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Тиймээс, хүнд сорилтод орсон үед эсвэл тусламж зайлшгүй хэрэгтэй болбол хурдан туслахыг Еховагаас гуйх нь зүйтэй (Дуу. 71:12). Гэхдээ Ехова бидний залбиралд яаж хариулах бол? Бидэнд хэрхэн тусалдгийг нь ярилцахаасаа өмнө тусламж гарцаагүй хэрэгтэй цагт нь Давидыг аварсан гурван тохиолдлыг үзье.
Дайснаас аварсан нь
6. Ехова зөв шударга хүнийг авардаг гэдгийг Давид хаанаас мэддэг болсон бэ?
6 Давид тухайн үед байсан Библийн номуудыг уншиж судалсныхаа ачаар зөв шударга хүн Бурхны тусламжид найдаж болохыг мэддэг болжээ. Ехова эртний ёс бус ертөнцөд Усан галав юүлүүлэхдээ өөрөөс нь эмээдэг Ноаг гэрийнхэнтэй нь хамт амьд үлдээсэн (Эх. 7:23). Бас Содом, Гоморрагийн ёс бус хүмүүсийн дээр хүхэр болон гал буулгахдаа зөвт хүн Лотыг хоёр охинтой нь аварсан билээ (Эх. 19:12–26). Бардам ихэмсэг фараоныг цэрэг армитай нь Улаан тэнгист живүүлэхдээ ард түмнээ хамгаалан, сүйрлээс аварсан түүхтэй (Ег. 14:19–28). Тэгэхлээр, Давид өөр нэгэн дуулалдаа Еховаг «авралын Бурхан» хэмээн магтсанд гайхах хэрэггүй юм (Дуу. 68:20).
7–9. а) Бурхан аврах хүчтэй гэдэгт Давид ямар учраас итгэж байсан бэ? б) Давид хэний ачаар аврагдсан гэж боддог байсан бэ?
7 Түүнээс гадна, Давид туршлагадаа үндэслэн, Ехова аврах хүчтэй гэдэгт эргэлзээгүй итгэдэг болжээ. Ехова үйлчлэгчдээ «мөнхийн мутраараа» авардгийг Давид өөрийн биеэр үзсэн (Д.хууль 33:27). Үнэхээр ч Ехова түүнийг уурлан хорссон «дайснуудаас» нь нэг бус удаа аварч байсан (Дуу. 18:17–19, 48). Нэг жишээ үзье.
8 Нэгэн удаа израиль эмэгтэйчүүд Давидыг дайнд ялаад ирэхэд нь магтан дуулахад Саул хаан ихэд атаархан хорсож, Давид руу хоёр ч удаа жадаа шиддэг (1 Сам. 18:6–9). Тэр бүрд нь Давид бултаж амждаг. Гэхдээ авхаалж самбаатай, хурдан шалмаг хөдөлгөөнтэй, туршлагатайдаа бултан зугтаж, амиа аварсан бус, харин Библид бичсэнээр, «[Ехова] Давидтай хамт байсан» учир аврагдсан ажээ (1 Самуел 18:11–14-ийг уншина уу). Хожим нь, Саул Давидыг филистчүүдийн гараар хөнөөлгөх гэсэн санаа нь бүтэлгүйтэхэд «ЭЗЭН Давидтай хамт байгааг... харж мэдсэн» (1 Сам. 18:17–28).
9 Давид хэний ачаар аврагдсан гэж бодож байсан бэ? 18-р дууллын оршилд Давидыг «Саулын гараас аварсан өдөр энэ дууны үгээр ЭЗЭНд өгүүлсэн» гэж байдаг. Тэрбээр: «ЭЗЭН [Ехова] бол миний хад, миний цайз, миний аврагч, миний Бурхан, миний хоргоддог хад» гэж дуулан, сэтгэлийнхээ үгийг хэлжээ (Дуу. 18:2). Ехова ард түмнээ аврах чадалтай гэдгийг мэдэхлээр итгэл бэхжиж байгаа биз? (Дуу. 35:10).
Өвчтөний оронд байхад тэтгэсэн нь
10, 11. Давид хэзээ хүндээр өвдсөнийг мэдэхэд юу туслах вэ?
10 Давид хаан нэгэн удаа их хүндээр өвдсөнийг 41-р дуулалд дурдсан байдаг. Хэвтэрт ортолоо хүнд өвдсөнийг нь үзээд зарим дайсан нь түүнийг «дахин босож чадахгүй» гэцгээж байжээ (7, 8-р зүйл). Хэзээ ингэж айхавтар өвдсөн юм бол оо? Уг дуулалд өгүүлсэн нөхцөл байдлыг үзвэл хүү Абсалом нь хаан ширээг нь булаахыг завдсан тэр бэрх үед өвдсөн бололтой (2 Сам. 15:6, 13, 14).
11 Давид өөртэй нь хамт талх иддэг байсан итгэлт нөхөр нь урвасныг хэлсэн байдаг (9-р зүйл). Энэ үг түүний амьдралд тохиолдсон нэг явдлыг санагдуулдаг. Хүү Абсаломынх нь дэгдээсэн үймээн самууны үеэр итгэлт зөвлөх Ахитофел нь урваж, хүүтэй нь үгсэн хуйвалддаг (2 Сам. 15:31; 16:15). Хорон төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд өөрийг нь хөнөөхийг оролдож байсан хуйвалдагчдаар хүрээлүүлсэн гэдгээ мэдэх нь хүнд өвчний эрхээр босох ч тэнхэлгүй болсон Давидад хэчнээн хэцүү байсан бол оо! (5-р зүйл).
12, 13. а) Давид юунд итгэлтэй байсан бэ? б) Бурхан Давидад ямар аргаар хүч өгсөн гэж хэлж болох вэ?
12 Гэсэн ч тэрбээр «Аврагчдаа» огтхон ч эргэлзэхгүй байлаа. Үнэнч үйлчлэгч нь өвдөж шаналлаа гэхэд «зовлонгийн өдөрт ЭЗЭН [Ехова] түүнийг аварна. ЭЗЭН [Ехова] түүнийг өвчтөний оронд хэвтэж байхад нь тэтгэнэ. Та түүнийг өвчтэй байхад нь сэргээн босгоно» гэж Давид бичжээ (Дуу. 41:1, 3). Ехова «тэтгэнэ» гэж бичсэн нь бат итгэлийг нь дахин нотолж байна. Ехова өөрийг нь аварна гэдэгт Давид бат итгэж байжээ. Тэгвэл Ехова яаж аварсан юм бол?
13 Тэрбээр Еховаг гайхамшиг үйлдэн, өвчнийг нь эдгээнэ гэж бодоогүй. Харин өвчтөний оронд хэвтэж байхад нь «тэтгэх» буюу дэмжиж, хүч өгнө гэдэгт бүрэн дүүрэн итгэж байлаа. Давидад тийм тусламж гарцаагүй хэрэгтэй байсан. Тэрбээр өвчнөөс болоод сул дорой болсон төдийгүй өөрийг нь муулдаг дайснуудаар хүрээлүүлсэн байлаа (5, 6-р зүйл). Гэхдээ Ехова түүнд сэтгэл тайвшрам зүйлийг бодуулан хүч өгч байжээ гэж хэлж болно. Давид: «Та намайг миний үнэнч байдлын дунд түшдэг» гэж хэлсэн нь анхаарал татдаг (12-р зүйл). Хэдийгээр сулран доройтож, дайснуудаараа муу хэлүүлж байсан ч Ехова өөрийг нь үнэнч хүн гэж тооцдогийг эргэцүүлж бодоод бас эрч хүч авч байсан болов уу. Эцэст нь Давид эдгэсэн. Ехова өвдөж шаналсан үйлчлэгчдээ тэтгэдэг гэдгийг мэдэхлээр итгэл бэхжиж байгаа биз? (2 Кор. 1:3).
Хэрэгцээтэй зүйлээр хангасан нь
14, 15. Давид болон түүний хүмүүс хэзээ, ямар гачигдал үзсэн бэ? Ямар тусламж авсан бэ?
14 Давид Израилийн хаан болчихоод идээ ундааны дээжийг хүртэн, олон хүнийг зочлон дайлдаг байсан (2 Сам. 9:10). Гэвч хоол ундаар гачигдахын зовлонг бас үзсэн юм. Хүү Абсалом нь самуун дэгдээн, хаан ширээг нь булаан авахыг оролдоход Давид үнэнч хүмүүстэйгээ хамт Иерусалимаас зугтан, Иордан голын зүүнтээд байх Гилеад нутаг руу явжээ (2 Сам. 17:22, 24). Арга буюу хэрэн хэсүүчилж явсан тэд удалгүй хоол хүнсээр гачигдаж, эцэж сульдаж эхлэв. Эзгүй зэлүүд газрын хаанаас хоол унд олох билээ?
15 Хожим нь, Давид хүмүүстэйгээ хамт явсаар Маханаим хотод ирдэг. Тэнд Шоби, Махир, Барзиллаи гурав тэдэнтэй уулзжээ. Тэд Бурхны томилсон хаанд туслахаар ийнхүү сайн дураараа ирсэн нь амь насаараа дэнчин тавьж, эр зориг гаргасан хэрэг байлаа. Учир нь Абсалом, хаан болчихвол Давидад тусалсан хэнийг ч болов хатуу цээрлүүлэх байсан нь гарцаагүй. Гэвч гурван үнэнч албат нь Давид хаан болон нөхдийнх нь зовлон гачигдлыг ойлгоод дэвсгэр, буудай, арвай, шар будаа, шош, буурцаг, зөгийн бал, ээдэм, хонь зэргийн зайлшгүй хэрэгцээтэй зүйл авчирж өгчээ (2 Самуел 17:27–29-ийг уншина уу). Тэднийг ийнхүү үнэнч, өгөөмөр байсанд Давид үнэхээр их баярласан нь лавтай. Тус дэмийг нь хэзээ ч мартаагүй биз ээ.
16. Давид болон түүний хүмүүст, эцсийн эцэст, хэн тусалсан бэ?
16 Гэхдээ Давид болон түүний хүмүүст, эцсийн эцэст, хэн тусалсан бэ? Давид Еховаг ард түмнээ халамжилдаг гэдэгт итгэлтэй байсан. Ехова гачигдалтай нэгэндээ туслах хүслийг үйлчлэгчдэдээ төрүүлж чаддаг. Давид Гилеадад болсон явдлыг эргэцүүлэн бодоод, зоригт гурван эрийн сайхан сэтгэл, үнэндээ, Еховагийн хайр халамжийн илэрхийлэл байсныг ойлгосон нь гарцаагүй. Тэрбээр өндөр настай болсон хойноо: «Би залуугаасаа хөгширтлөө зөв шударга хүн хаягдахыг, үр удам нь талх гуйж байхыг үзээгүй» хэмээн туулж өнгөрүүлсэн амьдралдаа үндэслэн бичжээ (Дуу. 37:25). Ехова үйлчлэгчдээ хэрэгцээтэй зүйлээр нь харамгүй хангадгийг мэдэхлээр сэтгэл уужирч байгаа биз? (Сур. 10:3).
Ехова ард түмнээ зовлонгоос хэрхэн аврахаа мэддэг
17. Ехова юуг олон удаа батлан харуулсан бэ?
17 Давид бол Еховаг Аврагч мөн гэдгийг биеэрээ үзсэн эртний олон үйлчлэгчийн зөвхөн нэг нь юм. «Эзэн өөрт нь итгэгчдийг зовлонгоос хэрхэн аврахыг [мэддэг]» хэмээсэн элч Петрийн үг үнэн болохыг Ехова Давидын үеэс хойш олон удаа батлан харуулсан билээ (2 Петр 2:9, ШГ). Хоёр жишээ үзье.
18. Ехова Хезекиагийн үед ард түмнээ хэрхэн аварсан бэ?
18 МЭӨ VIII зуунд Ассирийн хүчирхэг арми Иудаг довтлон, Иерусалим хот руу халдахаар сүрдүүлэхэд Хезекиа хаан: «Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалд ЭЗЭН болох Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг... авраач» гэж залбирдаг (Ис. 37:20). Хезекиа гол нь Еховагийн нэр гутамшиг бүү болоосой гэж бодож байсан учир тийнхүү залбирчээ. Ехова чин сэтгэлийн тэр залбиралд хариулж, тэнгэр элчээ явуулан, ганцхан шөнийн дотор ассирийн 185 000 цэргийг хиар цохиулж, үнэнч үйлчлэгчдээ аварсан билээ (Ис. 37:32, 36).
19. I зууны христианууд ямар сэрэмжлүүлгийг анхаарсныхаа ачаар сүйрлээс аврагдсан бэ?
19 Есүс үхэхээсээ хэдхэн хоногийн өмнө зөгнөлийн утгатай нэгэн сэрэмжлүүлгийг хожим нь Иудейд байх шавь нарынхаа тусын тулд хэлжээ (Лук 21:20–22-ыг уншина уу). Тэр үеэс хойш 30 гаруй жил өнгөрч байтал иудейчүүдийн бослогоос болж МЭ 66 онд Ромын арми Иерусалимд ирсэн. Цести Галлаар удирдуулсан ромын цэргүүд Иерусалим дахь сүмийн хэрмийн нэг хэсгийг нурааж эхэлснээ гэнэт буцаж явжээ. Энэ явдлыг Есүсийн зөгнөсөн сүйрлээс аврагдах боломж гэж ойлгосон үнэнч христианууд уул руу зугтсан. МЭ 70 онд ромчууд дахин иржээ. Энэ удаад тэд буцаж явалгүй, Иерусалимыг бүрмөсөн устгав. Харин Есүсийн үгийг дуулгавартай сахисан христианууд аймшигт сүйрлээс аврагдсан юм (Лук 19:41–44).
20. Еховаг «Аврагчаа» гэж итгэж болохын учир юу вэ?
20 Ехова ард түмэндээ тусалдгийг батлах иймэрхүү жишээг эргэцүүлэн бодохлоор итгэл бэхэждэг. Бурхан эртний үйлчлэгчдээ авардаг байсан нь бидний хувьд бат итгэлийн үндэс суурь болдог. Одоо эсвэл ирээдүйд ямар ч сорилт бэрхшээл тулгарсан, Еховаг «Аврагчаа» гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байж болно. Тэгвэл Ехова биднийг яаж авардаг вэ? Өгүүллийн эхэнд дурдсан хүмүүс яасан бол? Ехова тэдэнд яаж тусалсан бол оо? Дараагийн өгүүллээс мэдэж авцгаая.
Санаж байна уу?
• 70-р дууллыг үзвэл юунд итгэлтэй байж болох вэ?
• Ехова Давидыг өвчтэй байхад нь хэрхэн тэтгэсэн бэ?
• Ехова ард түмнээ дайснаас авардгийг ямар ямар түүх харуулдаг вэ?
[6-р хуудасны зураг]
Ехова Хезекиагийн залбиралд хариулсан