Христ биднийг идэвхтэй удирддаг
«Тэр ялахын тулд ялсаар гарч ирэв» (ИЛЧ. 6:2).
1, 2. а) Христ 1914 онд хаан болсноосоо хойш үүргээ идэвхтэй гүйцэтгэж байгааг Библид хэрхэн дүрсэлсэн байдаг вэ? б) Христ хаан ширээнд заларсныхаа дараа юу хийсэн бэ?
ХРИСТ 1914 онд Еховагийн Хаанчлалын Мессиа Хаанаар өргөмжлөгдсөн билээ. Та түүнийг хэрхэн төсөөлдөг вэ? Дэлхий рүү хааяа нэг өнгийн, хурал нь ямаршуу байгааг харчихаад сэнтийдээ бодлогошрон сууж байгаагаар төсөөлдөг үү? Хэрэв тийм бол бодлоо өөрчлөх хэрэгтэй. «Дуулал» болон «Илчлэлт» номд түүнийг морь унаад, «ялахын тулд ялсаар» ирж яваа эрч хүчтэй хаан хэмээн дүрсэлсэн байдаг (Илч. 6:2; Дуу. 2:6–9; 45:1–4).
2 Христ хаан ширээнд заларсныхаа дараа хамгийн түрүүнд «Луу болон түүний тэнгэр элч нартай» тулалдаж, ялалт байгуулсан. Тэргүүн тэнгэр элч Михаел буюу Христ тэнгэрийн дайчдын хамт Сатан болон чөтгөрүүдийг тэнгэрээс хөөж, дэлхийн орчимд хаясан (Илч. 12:7–9). Дараа нь сүнслэг сүмийг шалгахаар Эцэгтэйгээ хамт ирэхдээ «гэрээний элчийн» үүрэг гүйцэтгэжээ (Мал. 3:1). Тэрбээр «Агуу Вавилоны» хамгийн их завхран гажуудсан хэсэг болсон Христ шашны ертөнцийг шүүх явцдаа олон хүний цус урсгаж, энэ ертөнцийн улс төрийн тогтолцоотой сүнслэг утгаар завхайрч байсныг нь олж илрүүлжээ (Илч. 18:2, 3, 24).
Боолоо цэвэршүүлсэн нь
3, 4. а) Еховагийн «элч» Христ ямар ажил хийсэн бэ? б) Сүнслэг сүмийг шалгах явцад юу илэрсэн бэ? Хурлын Тэргүүн Есүс хэнд, юу хариуцуулсан бэ?
3 Түүнчлэн, Ехова «элчийнхээ» хамт шалгалт хийх явцдаа сүнслэг сүмийн дэлхий дэх хашаанд жинхэнэ христианууд байгааг олжээ. Тэд Христ шашны ертөнцтэй холбогдоогүй байв. Гэлээ ч «Левийн хөвгүүд» болох эдгээр тослогдсон христианыг цэвэршүүлэх шаардлага гарчээ. Энэ тухай Малахи: «Тэр [Ехова] мөнгийг хайлуулагч ба цэвэршүүлэгч мэт сууж, Левийн хөвгүүдийг цэвэршүүлэх болно. Тэр тэднийг алт ба мөнгө шиг цэвэршүүлнэ. Тэгснээр тэд зөв шударга байдал дотор ЭЗЭНд өргөлүүдийг өргөх юм» хэмээн зөгнөжээ (Мал. 3:3). Ехова эдгээр сүнслэг израильчуудыг цэвэршүүлэх ажлыг «гэрээний элч» Христ Есүсээр хийлгэсэн.
4 Тослогдсон эдгээр христианууд итгэл нэгт ахан дүүстээ сүнслэг хоол ундыг цагт нь өгөх гэж хамаг чадлаараа хичээж байсныг Христ олж мэджээ. Тэд 1879 оноос өнөөдрийг хүртэл сайн, муу ямар ч нөхцөлд Бурхны Хаанчлалын тухай Библийн сургаалыг «Харуулын цамхаг» сэтгүүлд хэвлэн нийтэлсээр ирсэн. Есүс зөгнөсөн ёсоороо «үеийн төгсгөлд» зарц нараа шалгахаар ирэхдээ тэдэнд «цагт нь хоол ундыг» өгч байсан боолыг олж илрүүлээд «ерөөлтэй» хэмээн магтаж, «хамаг эзэмшил хөрөнгөө түүнд даатгажээ» (Мат. 24:3, 45–47). Христиан хурлын Тэргүүн Христ энэ «итгэмжит, ухаалаг боолоор» дамжуулан дэлхий дээр байгаа, Хаанчлалтай холбоотой бүхнийг удирддаг. Тэрбээр тослогдсон «зарц нар» болон тэдний хамтран зүтгэгч «өөр хонинуудад» Удирдах Зөвлөлөөр заавар өгүүлдэг (Иох. 10:16, ШГ).
Дэлхийн тариа боловсорсон нь
5. Мессиа хаан юу хийхийг элч Иохан үзэгдлээр үзсэн бэ?
5 Мессиа 1914 онд хаан ширээнд суусныхаа дараа буюу «Эзэний өдөр» өөр юу хийхийг нь элч Иохан үзэгдлээр үзсэн. Иохан: «Үзэгтүн, би нэгэн цагаан үүл харав. Тэргүүн дээрээ алтан титэмтэй, мутартаа хурц хадууртай, Хүний Хүүтэй адил нэгэн нь тэр үүлэн дээр заларч байлаа» гэж бичжээ (Илч. 1:10; 14:14). Еховагийн илгээсэн нэг тэнгэр элч энэхүү Тариа хадагчид «Дэлхийн тариа боловсорсон» тул хадаж аваач хэмээн хэлж байхыг Иохан сонсжээ (Илч. 14:15, 16).
6. Ургац хураахаас өмнө тариан талбайд юу болсон бэ?
6 «Дэлхийн тариа боловсорсон» тухай энэ үзэгдэл буудай ба зэрлэг өвсний тухай Есүсийн ярьсан ёгт үлгэрийг санагдуулдаг. Их ургац хураана гэж найдаад, талбайдаа буудайн үр суулгасан хүнтэй Есүс өөрийгөө зүйрлэсэн. Тэр буудай нь «хаанчлалын хөвгүүд» буюу өөртэй нь хамт хаанчлахаар тослогдсон жинхэнэ христиануудыг төлөөлдөг. Гэтэл шөнө дайсан «диавол» талбайд нь ирж, зэрлэг өвс буюу «хорон нэгний хөвгүүдийг» суулгажээ. Мөнөөх тариачин ургац хураатал буюу «энэ үеийн төгсгөл» хүртэл буудай, зэрлэг өвсийг хамтад нь ургуулахыг ажилчдадаа тушаадаг. Ургац хураах цаг болоход Есүс тэнгэр элчүүдээ илгээж, буудайг хогийн ургамлаас ялгуулна (Мат. 13:24–30, 36–41).
7. Христ «дэлхийн тариа» хураах ажлыг хэрхэн гүйцэтгэж байгаа вэ?
7 Иоханы үзэгдэл биелж, Есүс ургац хураах дэлхий дахины ажлыг удирдан явуулж байна. «Дэлхийн тариа боловсроход» Есүсийн ёгт үлгэрт гардаг «буудай» буюу «хаанчлалын хөвгүүд» болох 144 000-ын үлдэгсдийг цуглуулах ажил эхэлсэн. Жинхэнэ болон хуурамч христиануудын хоорондох ялгаа Дэлхийн I дайны дараа бүр тодорхой болсон. Энэ нь «дэлхийн тарианы» хоёр дахь хэсэг болох өөр хонинуудыг цуглуулах ажилд түлхэц өгсөн. Тэд «хаанчлалын хөвгүүд» биш ч Хаанчлалд дуртайяа захирагддаг «үй олон хүн» юм. «Бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтнээс» цугларсан тэд Мессиа Хаан Есүс болон түүнтэй хамт тэнгэрийн засгийн газрыг бүрдүүлэх 144 000 «ариун хүмүүст» захирагдана (Илч. 7:9, 10; Дан. 7:13, 14, 18).
Хурлуудыг удирддаг
8, 9. а) Христ хурлыг төдийгүй хурлын гишүүн бүрийн биеэ авч явах байдлыг ажигладаг нь юунаас харагддаг вэ? б) 26-р хуудасны зургийг үзвэл, бид Сатаны ямар «гүн юмсаас» зайлсхийх ёстой вэ?
8 Нэгдүгээр зуунд Христ хурлуудын сүнслэг байдлыг нэгбүрчлэн шалгасныг түрүүчийн өгүүллээр үзсэн. Өнөө үед «тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг» авсан Хаан Христ дэлхий дахины хурлуудыг болон тэдний харгалзагчдыг идэвх зүтгэлтэй удирддаг (Мат. 28:18; Кол. 1:18). Ехова «Түүнийг [тослогдогсдын] чуулганы төлөө бүх юмсын дээрх Тэргүүн болгожээ» (Ефес 1:22). Тиймд Есүс Еховагийн Гэрчүүдийн 100 000 гаруй хуралд болж буй бүхнийг харж байдаг.
9 Есүс эртний Туатейр хотын хуралд илгээсэн захидалдаа: «Галын дөл мэт нүдтэй ... Бурханы Хүү үүнийг айлдаж байна. „Би чиний ажил үйлс[ийг] ... мэднэ» хэмээжээ (Илч. 2:18, 19). Тэрбээр уг хурлын гишүүдийг садар самуун үйлддэг, дур зоргоороо амьдардаг гэж зэмлээд, «Би бол оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч. ... Би та нарын хүн нэг бүрд үйлсийнх нь дагуу өгнө» хэмээн анхааруулсан (Илч. 2:23). Үүнээс харвал, Христ хурал бүрийг төдийгүй хурлын гишүүн бүрийн биеэ хэрхэн авч явдгийг ажиглаж байдаг ажээ. Есүс Туатейр хотын тэдгээр христианыг «Сатаны гүн юмсыг мэддэггүй» хэмээн магтжээ (Илч. 2:24). Өнөөдөр ч гэсэн «Сатаны гүн юмсыг» нарийн мэдэх гэж интернет үздэггүй, хүчирхийлэл бүхий видео тоглоом тоглодоггүй, эсвэл хүний мэргэн ухааныг өөгшүүлдэггүй хөгшин, залуу бүх хүнийг магтдаг. Амьдралынхаа бүх хүрээнд өөрийнх нь удирдлагыг хайн чадах бүхнээ хийдэг, аливаа зүйлээ золиосолдог христиануудыг хараад Есүс хэчнээн их баярладаг бол оо!
10. Христ хурлын ахлагчдыг удирддагийг Библид хэрхэн дүрсэлсэн байдаг вэ? Бид ямар арга хэмжээг хүлээн зөвшөөрөх шаардлагатай вэ?
10 Христ хурлуудыг томилогдсон ахлагчдаар дамжуулан хайрын үүднээс удирддаг (Ефес 4:8, 11, 12). Нэгдүгээр зууны бүх харгалзагч сүнсээр тослогдсон хүмүүс байсан. Тэднийг «Илчлэлт» номд Христийн баруун мутарт буй долоон од болгон дүрсэлдэг (Илч. 1:16, 20). Харин өнөөгийн хурлын ихэнх ахлагч өөр хонинуудын бүлэгт багтдаг. Залбирч байгаад, ариун сүнсний удирдлагаар ахлагчдыг томилдог тул тэднийг ч бас Христээр удирдуулдаг гэж үзэж болно (Үйлс 20:28). Гэхдээ тэд Христийг, тослогдсон христиануудын жижиг бүлэг болох Удирдах Зөвлөлөөр дамжуулан дэлхий дэх шавь нараа удирдан чиглүүлдгийг хүлээн зөвшөөрдөг (Үйлс 15:6, 28–30-ийг уншина уу).
«Ирээрэй, Эзэн Есүс ээ!»
11. Бид Удирдагчаа хурдан ирээсэй гэж тэсэн ядан хүлээдгийн учир юу вэ?
11 Элч Иохан Есүсийг даруй очно гэж дахин дахин хэлж байгааг үзэгдлээр үзжээ (Илч. 2:16; 3:11; 22:7, 20). Есүс Агуу Вавилон болон Сатаны ёс бус тогтолцооны үлдсэн хэсгийг устгахаар ирэх тухайгаа хэлсэн нь эргэлзээгүй (2 Тес. 1:7, 8). Нас өндөр болсон элч Иохан тэр бүх гайхалтай үйл явдал хэрхэн биелэхийг үзэх гэж ихэд хүсэн, «Амен. Ирээрэй, Эзэн Есүс ээ!» хэмээн дуу алдсан. Ёс бус тогтолцооны эцсийн өдрүүдэд амьдарч буй бид ч гэсэн Хаан Удирдагчаа Эцгийнхээ нэрийг ариусган, хэмжээгүй эрх мэдлийг нь зөвтгөхөөр Бурхны Хаанчлалын Тэргүүний эрх мэдэлтэйгээр ирэх тэр цагийг тэсэн ядан хүлээдэг.
12. Сүйрлийн салхийг сул тавихаас өмнө Христ ямар ажил хийж дуусгах вэ?
12 Есүс Сатаны үзэгдэх байгууллагыг устгахаасаа өмнө сүнслэг Израилийн 144 000 гишүүний үлдсэн хэсгийг эцэслэн тамгална. Библид 144 000 хүнийг тамгалж дуусахаас нааш Сатаны тогтолцоог устгах салхийг сул тавихгүй гэж тодорхой хэлсэн байдаг (Илч. 7:1–4).
13. Христ залран байгаагаа «агуу их гай гамшгийн» эхний шатанд хэрхэн харуулах вэ?
13 1914 онд эхэлсэн Христийн «ирэх» буюу залран байх үеийг дэлхийн хүн төрөлхтний ихэнх нь мэдэлгүй өнгөрсөн билээ (2 Петр 3:3, 4). Гэхдээ Христ удахгүй Еховагийн шүүх ажиллагааг гардан хийж, Сатаны тогтолцоог бүрдүүлэгч бүхнийг устгахдаа өөрийнхөө залран байгааг мэдэгдэнэ. «Ёс бусын хүн» болох христ шашны ертөнцийн лам хуврагууд мөхөхөд Есүсийн «Өөрөө ирж үзэгдэх» буюу залран байгаа нь батлагдана (2 Тесалоник 2:3, 8-ыг уншина уу). Ийнхүү Есүс Еховагийн томилсон Шүүгч гэдгээ бодитойгоор батлах болно (2 Тимот 4:1-ийг уншина уу). Хуурамч шашны ёс бус ертөнцийг устгах ажил Агуу Вавилоны хамгийн их завхран гажуудсан хэсэг болох христ шашны ертөнцөөс эхэлнэ. Ехова энэ «янхныг» хоосруулах хүслийг улс төрийн удирдагчдын зүрхэнд хийнэ (Илч. 17:15–18). Энэ нь «агуу их гай гамшгийн» эхний шат байх юм (Мат. 24:21).
14. а) Агуу их гай гамшгийн эхний үеийг ямар учраас богиносгох вэ? б) «Хүний хүүгийн тэмдэг илэрхийлэгдэнэ» гэдэг нь Еховагийн ард түмний хувьд юу гэсэн үг вэ?
14 Есүс дэлхий дээр байгаа тослогдсон христиануудын үлдэгсэд буюу «сонгогдогсдын төлөө» агуу их гай гамшгийн өдрүүдийг богиносгоно гэж хэлсэн (Мат. 24:22). Ехова тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгч өөр хонинуудыг хуурамч шашинтай хамт устгагдахыг яасан ч зөвшөөрөхгүй. Есүс цааш нь, «гамшгийн тэр өдрүүдийн дараа» нар, сар, одод дээр тэмдэг үзэгдэж, дараа нь «Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэнэ» гэж хэлсэн. Үүнээс болж дэлхийн бүх үндэстэн «гашуудан уйлна». Харин тэнгэрт амьдрах найдвартай тослогдогсод болон дэлхийд амьдрах ирээдүйтэй хамтран зүтгэгчид нь «зогсож, тэргүүнээ өргөнө». «Юу гэвэл, [тэдний] аврал ойрхон» байна (Мат. 24:29, 30; Лук 21:25–27, 28, МАБ).
15. Христ ирэхлээрээ юу хийх вэ?
15 Хүний Хүү бүрэн төгс ялалт байгуулахаасаа өмнө өөр утгаар «ирнэ». Тэрбээр: «Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэр элч нарынхаа хамт ирж, Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах болно. Тэр бүх үндэстнийг өмнөө цуглуулж, хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад, хонио Өөрийн баруун талд, ямааг зүүн талд байлгана» хэмээн зөгнөжээ (Мат. 25:31–33). Энэ нь Христийг Шүүгчээр ирж, «бүх үндэстнийг» хоёр хуваах тухай хэлж байна. Нэг хэсэг нь сүнслэг ах дүүсийг нь (дэлхий дээрх тослогдсон христиануудыг) идэвхтэй дэмжих хүмүүс буюу «хонь», нөгөө хэсэг нь «бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй хүмүүс» буюу «ямаа» юм (2 Тес. 1:7, 8). «Зөвт хүмүүсийг» төлөөлдөг хонинууд дэлхий дээр мөнх амьдарна. Харин ямаанууд «мөнх шийтгэлд» орох буюу устгагдана (Мат. 25:34, 40, 41, 45, 46).
Есүс бүрэн төгс ялна
16. Манай Удирдагч Христ бүрэн ялахын тулд юу хийх вэ?
16 Христ хаад тахилч нөхдөө тамгалж дуусаад, хоньдыг аврахын тулд ямаанаас тусгаарлан, баруун гар талдаа зогсоосны эцэст бүрэн төгс ялахаар урагшлан давших болно (Илч. 5:9, 10; 6:2). Тэгээд хүчирхэг тэнгэр элчүүд болон дахин амилсан ах дүү нараа тэргүүлэн, Сатаны ертөнцийн улс төр, цэрэг дайн, худалдаа арилжааны тогтолцоог тэр чигээр нь устгана (Илч. 2:26, 27; 19:11–21). Христ Сатаны ёс бус тогтолцоог устгаснаар бүрэн ялалтаа байгуулна. Дараа нь Сатан болон чөтгөрүүдийг ёроолгүй гүнд мянган жил хорино (Илч. 20:1–3).
17. Христ Мянган жилийн засаглалынхаа үед өөр хонинуудыг хааш нь хөтлөх вэ? Бид юунд шийдвэр төгс байх хэрэгтэй вэ?
17 Агуу их гай гамшгийг эсэн мэнд давах өөр хонинуудыг бүрдүүлдэг «үй олон хүний» тухай элч Иохан: «Сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд уруу хөтлөх болно» гэж зөгнөжээ (Илч. 7:9, 17). Христ Мянган жилийн засаглалынхаа үед өөрийнх нь дуу хоолойг чин сэтгэлээсээ сонсдог өөр хонинуудыг цаашид ч удирдан, мөнх амь руу хөтөлнө (Иохан 10:16, 26–28-ыг уншина уу). Тэгэхлээр эдүгээ ч, Еховагийн амласан шинэ ертөнцөд ч хаан Удирдагчаа үнэнчээр дагаж явцгаая!
Давтах асуулт
• Христ хаан ширээнд залраад юу хийсэн бэ?
• Христ хурлуудыг хэнээр удирдуулдаг вэ?
• Манай Удирдагч Христ удахгүй ямар утгаар ирэх вэ?
• Христ шинэ ертөнцөд биднийг хэрхэн удирдах вэ?
[29-р хуудасны зураг]
Сатаны ёс бус тогтолцоо устгагдахад Христийн залран байгаа нь илэрхий болно