Абрахам бол итгэлийн жишээ мөн
«[Абрахам] итгэх бүх хүний эцэг нь болсон» (РОМ 4:11).
1, 2. а) Орчин үеийн жинхэнэ христиануудад Абрахам юугаараа нэртэй вэ? б) Абрахамыг яагаад «итгэх бүх хүний эцэг» гэж нэрлэдэг вэ?
АБРАХАМ бол аугаа их үндэстний дээд өвөг, зөнч, удирдагч бөгөөд ажил хэрэгч хүн байлаа. Гэхдээ орчин үеийн христианууд түүнийг гуйвшгүй итгэлтэй хүн гэдгээр нь илүү сайн мэддэг бөгөөд энэ чанар нь Абрахамыг Ехова Бурхны анд нөхөр болгосон юм (Исаиа 41:8; Иаков 2:23). Библид Абрахамыг «итгэх бүх хүний эцэг» гэж нэрлэдэг (Ром 4:11).
2 Абрахамаас өмнө амьдарч байсан Абел Енох Ноа зэрэг бусад хүн итгэдэггүй байсан гэж үү? Итгэдэг байсан. Гэвч Ехова газар дэлхийн бүх үндэстнийг ивээх тухай гэрээг чухамхүү Абрахамтай л байгуулсан билээ (Эхлэл 22:18). Тийнхүү Абрахам амласан Үрд итгэх бүх хүний бэлэгдлийн эцэг болсон юм (Галат 3:8, 9). Абрахамын итгэл бол бидний дуурайх ёстой жишээ учраас бид түүнийг эцгээ хэмээн үзэж болно. Абрахам бүх л амьдралынхаа туршид янз бүрийн бэрхшээл сорилтыг даван туулсан бөгөөд үүгээрээ итгэлээ баталсан гэж хэлж болно. Бурхан түүнд хүү Исаакаа тахил болгон өргөхийг тушаасан бөгөөд үүнийг Абрахамын итгэлийг сорьсон сорилтын оргил гэж хэлж болно. Ингэж соригдохоосоо бүр өмнө Абрахам өчүүхэн жижиг олон зүйл дээр итгэлээ батлан харуулж байсан билээ (Эхлэл 22:1, 2). Түүний итгэлийг сорьсон том биш тэдгээр сорилтоос заримыг нь авч үзэн, өнөөгийн бидэнд ямар сургамж болж болох талаар ярилцья.
Ур хотыг орхих тушаал
3. Абрамын гарлын талаар Библид юу гэж бичсэн байдаг вэ?
3 Абрамын тухай (хожим Абрахам гэдэг нэртэй болсон) Библид анх удаа Эхлэл 11:26-д гардаг. Тэнд: «Тера далан настайдаа Абрам Нахор Харан гурвыг төрүүлжээ» гэж бичсэн буй. Абрам нь Бурхнаас эмээгч Шемийн үр удам байв (Эхлэл 11:10–24). Эхлэл 11:31-д бичсэнээр Абрамынх Евфрат мөрний зүүхэн талд байдаг байсан «Халдеин Ур» гэдэг баян хотод амьдарч байжээa. Тэгэхлээр Абрам майханд суудаг нүүдэлчин бус, харин тохилог бөгөөд хээнцэр тансаг байдалд дассан хот газрын хүн болон өссөн аж. Ур хотын барааны захаар янз бүрийн орноос авчирсан эд бараа элбэг байдаг байв. Цагаан шохойгоор будсан 14 хүртэл өрөөтэй, тэр ч байтугай ус түгээх хоолойтой том том байшингууд гудамжны дагуу эгнэн байдаг байжээ.
4. а) Жинхэнэ Бурхныг шүтдэг хүн Ур хотод амьдрахад яагаад хэцүү байсан бэ? б) Абрам Еховад хэрхэн итгэдэг болсон бэ?
4 Ур хотод амьдрахад материаллаг хангамжийн хувьд давуу хэдий ч жинхэнэ Бурханд үйлчлэх хүсэлтэй хүмүүст маш хэцүү байжээ. Хот бүхэлдээ хуурамч шүтлэг болон мухар сүсэгт автсан байв. Хотын гол байгууламж нь сарны бурхан Наннад зориулсан өндөр зиггурат (сүм) байлаа. Абрамыг энэхүү бузар булай юмсыг шүтүүлэх гэж дарамтлан шахдаг байсан нь эргэлзээгүй бөгөөд садан төрлийнх нь зарим хүн тийн даралт үзүүлдэг байсан байж магадгүй. Иудейн зарим уламжлалын дагуу Абрамын эцэг Тера хүртэл хиймэл шүтээн бүтээж байсан аж (Иошуа 24:2, 14, 15). Ямар ч байлаа гэсэн Абрам бузар булай хуурамч шүтлэгийн ажиллагаанд оролцдоггүй байв. Тэр үед Абрамын дээд өвөө Шем энх тунх байсан бөгөөд Абрамд жинхэнэ Бурхны тухай ярьдаг байсан нь эргэлзээгүй. Үүний ачаар Абрам Наннад бус, Еховад итгэдэг болжээ (Галат 3:6).
Итгэлийн сорилт
5. Абрамыг Ур хотод байхад Бурхан ямар тушаал өгч, юу амласан бэ?
5 Абрамын итгэл соригдох болсон. Бурхан түүнд үзэгдэн: «Чи төрсөн нутгаа, төрөл садангаа, эцгийнхээ гэрийг орхиж, Миний чамд зааж өгөх газар уруу яв. Би чамайг аугаа их үндэстэн болгож, чамайг ерөөн, алдар нэрийг чинь аугаа их болгоно. Тэгээд чи ерөөлийн үндэс болно. Чамайг ерөөгчдийг Би ерөөж, чамайг хараагч нэгнийг Би хараана. Газар дэлхий дээрх бүх үндэстэн чамаар дамжуулан ерөөгдөнө» хэмээн тушаажээ (Эхлэл 12:1–3; Үйлс 7:2, 3).
6. Абрам Ураас явахад жинхэнэ бат итгэлтэй байх ёстой байсны учир юу вэ?
6 Абрам өндөр настай, үр хүүхэдгүй хүн байлаа. Тэгвэл түүнээс хэрхэн «аугаа их үндэстэн» бий болох билээ? Түүний очих ёстой тэр газар хаана байсан бэ? Бурхан энэ тухай түүнд шууд хэлээгүй. Тийм учраас тохь тухтай, баян тансаг Урыг орхиж явахад Абрамд жинхэнэ бат итгэл хэрэгтэй байв. Нэгэн номд эртний хүмүүсийн амьдралын тухай: «Гэр бүлийн аль нэг гишүүн ноцтой нүгэл үйлдвэл түүнд оногдуулдаг хамгийн хатуу шийтгэл бол гэр бүлийн „гишүүн байх эрхийг“ нь хасаж, гэрээсээ хөөдөг явдал байлаа. [...] Абрам Бурхны тушаалыг даган нутгаасаа явсан төдийгүй, төрөл садангаа орхисон нь Бурханд үг дуугүй итгэж, захирагддагийн гайхамшигтай нотолгоо байсан юм» хэмээн бичжээ («Family, Love and the Bible»).
7. Өнөөгийн христианууд Абрамд тохиолдож байсан шиг сорилттой хэрхэн тулгарч болох вэ?
7 Өнөөгийн христианууд ч мөн адил тиймэрхүү сорилттой тулгарч болно. Өнөөдөр бид Абрамын үеийнх шиг материал эд баялгийн асуудлыг теократ ажил хэргийнхээ түрүүнд тавихад хүрч болох юм (1 Иохан 2:16). Бидэнд гэр бүлийн маань итгэгч бус гишүүдийн зүгээс эсэргүүцэл тулгарч болно. Ялангуяа хурлаас хөөгдсөн садан төрлийн маань хүмүүс биднийг эрүүл бус холбоонд нэгдүүлэх гэж оролдож магадгүй (Матай 10:34–36; 1 Коринт 5:11–13; 15:33). Абрам бидэнд гайхамшигтай жишээ үзүүлсэн. Түүний хувьд Еховатай нөхөрлөх нь бүхнээс чухал, тэр байтугай төрөл садангийн холбооноос ч чухал байлаа. Бурхны амлалт чухам хэзээ, хаана, хэрхэн биелэхийг Абрам мэдэхгүй байв. Тэглээ ч гэсэн эдгээр амлалтад найдан амьдралаа өөрчлөхөд бэлэн байсан юм. Энэ жишээ Хаанчлалын асуудлыг амьдралынхаа тэргүүн зэрэгт тавихад бидэнд ямар их урам зориг өгнө вэ! (Матай 6:33).
8. Абрамын итгэл ойрын төрөл садангийнханд нь хэрхэн нөлөөлсөн бэ? Еховагийн Гэрчүүд үүнээс ямар сургамж авч болох вэ?
8 Абрамын ойрын төрөл садангийнхны талаар юу хэлж болох вэ? Еховад итгэх Абрамын итгэл тэдний зүрх сэтгэлийг хөндсөн бололтой. Юу гэвэл эхнэр Сараи, өнчин дүү Лот хоёр нь Бурхны зааврыг даган, Урыг орхин явсан билээ. Хожим Абрамын ах Нахор болон түүний үр удмаас зарим нь Ураас Харан уруу нүүн суурьшжээ. Тэд тэндээ Еховаг шүтдэг байв (Эхлэл 24:1–4, 10, 31; 27:43; 29:4, 5). Тэр байтугай Абрамын эцэг Тера хүртэл хүүтэйгээ хамт явахыг зөвшөөрсөн! Тийм чучраас Канаан нутаг уруу нүүх шийдвэрийг гэрийн тэргүүн болох Тера гаргасан юм шиг Библид бичсэн байдаг (Эхлэл 11:31). Хэрэв бид үнэнийг төрөл садангийхандаа ухаалаг зөвөөр гэрчилбэл тэдний зүрх сэтгэлийг мөн хөндөж болох биш үү?
9. Замд гарахын өмнө Абрам ямар бэлтгэл базаах хэрэгтэй байсан бэ? Энэ үед эдийн засгийн талаар хохирол амссан байж болохын учир юу вэ?
9 Абрам замд гарахаасаа өмнө их зүйл хийх хэрэгтэй байлаа. Газар болон эд хөрөнгөө зарж, майхан, тэмээ, хоол хүнс болон шаардлагатай багаж зэвсэг худалдаж авчээ. Бэлтгэлээ яаруу сандруу базаасан учраас Абрам эдийн засгийн талаар хохирол амссан байж магадгүй. Гэхдээ Еховад захирагдаж байгаадаа баяртай байв. Эцэст нь бүх юм бэлэн болж, тэдний жингийн цуваа Ур хотын хэрэмнээс гадагшлан, аян замдаа гарахад бэлэн болжээ. Энэ бол гайхалтай өдөр байлаа! Жингийн цуваа Евфрат мөрний эрэг даган баруун хойт зүг хөдлөв. Хэдэн долоо хоногийн турш 1 000 орчим километр зам туулан аялсны эцэст тэд газар газрын жингийн цуваа дайран өнгөрдөг хойт Месопотамын Харан хотод хүрэлцэн иржээ.
10, 11. а) Абрам Харанд хэсэг хугацаагаар суурьшсан нь ямар учиртай байж болох вэ? б) Өндөр настай эцэг эхээ асран халамжилж байгаа Гэрчүүдийг юу урамшуулж болох вэ?
10 Абрам өндөр настай болсон эцэг Терагаа бодоод Харанд суурьшсан байж магадгүй (Левит 19:32). Мөн адил өнөөдөр олон Гэрч хөгшин настай юм уу өвчтэй эцэг эхээ асран халамжлах үүргээ биелүүлж байна. Ингэхийн тулд заримдаа амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийхэд хүрдэг. Тийм шаардлага гарлаа гэхэд Еховагийн Гэрчүүд, Бурхныг хайрлах хайрандаа хөтлөгдөн золиослох тэр зүйлс нь «Бурхны өмнө тааламжтай» гэдэгт итгэлтэй байж болно (1 Тимот 5:4).
11 Цаг хугацаа өнгөрөн одож, «Тера хоёр зуун тав наслаад, Харанд үхэв». Абрам үүнд уйтгарлан гашуудсан хэдий ч гашуудлын хугацаа дуусмагц шууд замд гарчээ. «Абрам Харанаас гарч явахдаа далан таван настай байжээ. Абрам өөрийн эхнэр Сараи, ач дүү Лот болон Харанд байхдаа цуглуулсан бүх эд юмс, олж авсан хүмүүсээ аваад явжээ. Тэгээд Канаан нутгийг зорин гарав» (Эхлэл 11:32; 12:4, 5).
12. Абрам Харанд байхдаа юу хийсэн бэ?
12 Абрам Харанд байхдаа «эд юмс» «цуглуулсан» гэдэг нь сонирхолтой. Абрам Ураас явахдаа эдийн засгийн талаар хохирол амссаныг бид санаж байгаа. Харин Харанаас баян болоод явсан байна. Бурхны ивээлээр ийм болсон нь маргаангүй (Номлогчийн үгс 5:19). Өнөөдөр Бурхан өөрийн үйлчлэгчид эд баялаг амладаггүй ч Хаанчлалын төлөө «гэр орноо, ах дүү, эгч дүүгээ» орхисон хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг анхаарахаар амласан амлалтдаа итгэмжит билээ (Марк 10:29, 30). Тэрчлэн Абрам «хүмүүсийг», өөрөөр хэлбэл, олон зарц «олж авсан». Абрам «хүмүүсийг Еховаг шүтдэг болгожээ» гэж «Иерусалимын таргум» болон «Халдеин дахин засварласан судар»-т бичсэн байдаг (Эхлэл 18:19). Танд, итгэл үнэмшлийнхээ талаар хөршийнхөн, хамт ажилладаг хүмүүс болон ангийнхандаа ярих хүсэл төрдөг үү? Абрам Бурхны тушаалыг мартан, Харанд суурьшин бэхжихийн оронд цагийг үр ашигтай өнгөрүүлсэн байна. Тэгээд цаг нь болоход «Абрам ЭЗЭНий хэлсэн ёсоор явжээ» (Эхлэл 12:4).
Евфрат мөрнийг гаталсан нь
13. Абрам Евфратыг хэзээ гаталсан бэ? Энэ үйл явдлын ач холбогдол нь юу байсан бэ?
13 Абрам дахиад л замд гарав. Жингийн цуваа Хараныг орхин өрнө зүг 90 километр явжээ. Абрам Евфрат мөрний чанад дахь эртний худалдааны төв Кархемишд буудалласан байж болох юм. Энэ газраар жингийн олон цуваа Евфратыг гаталдаг байжээb. Абрамын жингийн цуваа мөрнийг хэзээ гаталсан бэ? Библид бичсэнээр бол Египетээс иудейчүүдийн гарсан МЭӨ 1513 оны нисан сарын 14-ний өдрөөс 430 жилийн өмнө гаталсан аж. Египетээс гарсан нь 12:41-т: «Дөрвөн зуун гучин жилийн эцэст, яг энэ өдөр ЭЗЭНий бүх цэргүүд Египетийн нутгаас гарав» гэж байдаг. Тэгэхлээр Абрам Бурхны тушаалыг даган Евфратыг гаталсан МЭӨ 1943 оны нисан сарын 14-нд Абрамтай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болсон бололтой.
14. а) Абрам итгэлийн нүдээр юу харж чадсан бэ? б) Бурхны өнөөгийн ард түмэн ямар утгаар Абрамаас илүү ивээгдсэн бэ?
14 Абрам баян хотыг орхин явсан. Гэвч тэр одоо «суурь бүхий хот» буюу хүн төрөлхтнийг удирдах шударга засгийн газрыг санаадаа төсөөлж болох байв (Еврей 11:10). Тийм ээ, Абрам тун хомс мэдээлэл дээр тулгуурлан, мөхөж байгаа хүн төрөлхтнийг зольж авах Бурхны санаа зорилгыг ерөнхий утгаар нь ойлгож эхэлсэн. Абрамтай харьцуулбал бид өнөөдөр Бурхны санаа зорилгыг илүү өргөн хүрээтэй ойлгох боломжтой болж ивээгдсэн билээ (Сургаалт үгс 4:18). Абрамын хүсэн хүлээж байсан «хот» буюу Хаанчлал бодитой болж, 1914 оноос тэнгэрт оршин байх болсон. Энэ нь бидний Еховад итгэх итгэлийг бадруулахгүй гэж үү?
Амласан газар түр суурьшиж эхэлсэн нь
15, 16. а) Еховад зориулж тахилын ширээ босгоход Абрамд эр зориг хэрэгтэй байсны учир юу вэ? б) Орчин үеийн христианууд хэрхэн Абрам шиг эр зориг гаргаж болох вэ?
15 Эхлэл 12:5, 6-д: «Тэгээд тэд... тэр газартаа [Канаанд] орж ирэв. Абрам тэр газрыг туулан, Шехем нутагт байгаа Морегийн царс модонд хүрэв» гэж байдаг. Шехем нь Иерусалимаас хойшоо 50 километр зайтай, «ариун газрын диваажин» гэдэг нэртэй үржил шимтэй хөндийд байдаг аж. «Тэр үед канаанчууд тэр газарт нутаглан сууж байжээ». Тэд ёс суртахууны талаар уруутаж доройтсон байсан учраас Абрам гэрийнхнийгээ тэдний ялзруулагч нөлөөнөөс хамгаалахын тулд хичээх хэрэгтэй байв (Египетээс гарсан нь 34:11–16).
16 Ехова Абрамд хоёрдахь удаагаа үзэгдэн: «Би чиний үр хүүхдүүдэд энэ нутгийг өгье» гэж хэлсэн. Юутай сэтгэл хөдөлгөм үйл явдал бэ! Зөвхөн үр удамд нь өгөх юмны төлөө баярлахад Абрам Еховад итгэх хэрэгтэй байсан нь мэдээж. Тэр байтугай Абрам хариу болгон «өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ» (Эхлэл 12:7). Библи судлаач нэгэн хүн: «Тахилын ширээ босгосон нь үнэн чанартаа тэрээр итгэлээрээ баталгаажуулсан эрхийнхээ үндсэн дээр уг нутгийг албан ёсоор эзэмших болсныг гэрчилж байгаа хэрэг байлаа» хэмээн бичжээ. Тахилын тийм ширээ босгосон нь Абрамын эр зоригийг гэрчилсэн. Уг тахилын ширээг хожим Хуулийн гэрээнд тодорхойлсны дагуу байгалийн (засаагүй) чулуугаар хийсэн нь эргэлзээгүй (Египетээс гарсан нь 20:24, 25). Абрамын босгосон тахилын ширээ канаанчуудын тахилын ширээнээс эрс тэс ялгаатай байлаа. Үүгээрээ тэр жинхэнэ Бурхан Еховаг шүтдэгээрээ бусдаас ялгардаг гэдгээ зоригтой харуулсан төдийгүй өөртөө таагүй байдал, тэр байтугай амь насандаа аюултай нөхцлийг бий болгосон. Өнөөдөр бидний хувьд байдал ямар байна вэ? Бидний зарим нь, ялангуяа залуучууд хөршийнхөндөө юм уу ангийнхаа хүүхдүүдэд Еховаг шүтдэгээ мэдүүлэхээс айдаг байж болох уу? Еховад үйлчилдгээрээ бахархдаг болоход Абрамын үзүүлсэн эр зоригийн жишээ бидэнд урам зориг хайрлаг!
17. Абрам Бурхны нэрийг тунхаглагч байснаа хэрхэн харуулсан бэ? Энэ нь орчин үеийн христиануудад юуг сануулдаг вэ?
17 Абрам хаана ч очлоо гэсэн Еховаг шүтэх шүтлэгээ хэзээ ямагт хамгийн чухалд үзэж байлаа. «Тэндээсээ Бетелийн зүүн талын уул уруу хөдөлж, Бетелээс зүүн тийш, Аигийн баруун талд майхнаа босгожээ. Тэрээр тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээг босгож, ЭЗЭНий нэрийг дуудав» (Эхлэл 12:8). Эртний еврей хэлний «нэрийг дуудав» гэдэг хэллэг «нэрийг тунхаглав (дэлгэрүүлэв)» гэсэн утгыг бас илэрхийлдэг. Абрам эргэн тойрондоо байсан канаанчуудад Еховагийн нэрийг зоригтойгоор тунхаглаж байсан нь эргэлзээгүй (Эхлэл 14:22–24). Энэ бол өнөөдөр «Түүний нэрийг бүх үндэстэнд тунхаглах» даалгавраа хамаг чадлаараа хийхийг бидэнд сануулдаг (Еврей 13:15, ШЕ; Ром 10:10).
18. Абрам Канаан нутгийнхантай ямар харьцаатай байсан бэ?
18 Абрам нэг газраа удаан байдаггүй байлаа. «Тэгээд Абрам цааш хөдөлж, улмаар Негев уруу оджээ». Энэ нь Иудейн уулсаас өмнө зүгт оршдог гандуу нутаг байв (Эхлэл 12:9). Абрам цаг ямагт нэг газраас нөгөө уруу нүүж байсан бөгөөд Еховаг шүтдэгээ газар сайгүй ил тод илэрхийлж байлаа. Үүгээрээ Абрам болон түүний гэрийнхэн «харийн хүмүүс бөгөөд тэр нутагт түр сууж байгаагаа олон түмэнд илтгэн харуулж байв» (Еврей 11:13, ШЕ). Тэд орчин тойрныхоо харь үндэстнүүдтэй хэзээ ч ойр дотно харьцаа тогтоож байгаагүй юм. Өнөөгийн христианууд ч мөн адил «ертөнцийнх биш» байх ёстой (Иохан 17:16). Бид хөрш болон хамт ажилладаг хүмүүстэйгээ эелдэг дотно харьцдаг хэдий ч Бурхнаас хөндий байдаг ертөнцийнхний тусгадаг үйл хэрэгт татагдан орохгүйн тулд анхааралтай байх ёстой (Ефес 2:2, 3).
19. а) Абрам Сараи хоёрт нүүдлийн амьдрал яагаад хүнд байсан бэ? б) Абрам ямар сорилттой тулгарсан бэ?
19 Нүүдлийн амьдралын хүнд хэцүүд дасахад Абрам Сараи хоёрын аль алинд амаргүй байсныг мартаж болохгүй. Тэд Ур хотын том захаас хоол хүнсээ худалдан авч, идэж уудаг байсан бол малаас гарах ашиг шимээр хооллож, тохилог сайхан байшинд бус майханд амьдарч байв (Еврей 11:9). Абрам мал сүрэг ихтэй, олон зарцтай байсан болохоор мундахгүй их ажилтай байлаа. Сараи тэр үеийнхээ эмэгтэйчүүдийн адил гурил зуурч, талх барин, утас ээрч, хувцас хунар оёх зэрэг ажил эрхэлж байв (Эхлэл 18:6, 7; Хаадын дэд 23:7; Сургаалт үгс 31:19; Езекиел 13:18). Гэвч удалгүй шинэ сорилт тулгарч, Абрам болон түүний гэрийнхний амь насанд аюул заналхийлсэн нөхцөл байдал бий болох байв! Үүнийг даван туулах итгэл Абрамд байсан уу?
[Зүүлт]
a Эдүгээ Евфрат мөрөн Ур хотын байсан газраас 16 орчим километр зүүгээр урсдаг хэдий ч дээр үед уг мөрөн хотын баруун хилийг эмжин урсдаг байсныг баримт гэрчилдэг. Тийм учраас Абрамыг хожим «Евфрат мөрний чанадаас» ирсэн гэж хэлж болох байлаа (Иошуа 24:3).
b Олон зууны дараа Ассирийн хаан II Ашурнасирпал Евфрат мөрнийг Кархемишийн ойролцоо гаталга онгоцоор гаталжээ. Абрам мөрнийг гатлахдаа гатлага онгоц хэрэглэсэн үү, эсвэл жингийн цуваа нь усыг туулж гаталсан уу гэдэг талаар Библид тодорхой бичээгүй.
Та үүнийг анхаарсан уу?
• Абрамыг яагаад «итгэх бүх хүний эцэг» гэж нэрлэдэг вэ?
• Халдеин Ур хотыг орхиж явахад Абрам итгэлтэй байх ёстойн учир юу вэ?
• Еховаг шүтэх шүтлэг Абрамын амьдралд хамгийн чухал байр эзэлж байсныг тэр хэрхэн харуулсан бэ?