Христ шиг дуулгавартай, зоригтой байгтун
«Зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан» (ИОХ. 16:33).
1. Есүс, Бурханд хэр зэрэг дуулгавартай байсан бэ?
ЕСҮС ХРИСТ Бурхны хүсэл тааллыг ямагт биелүүлдэг байв. Тэрбээр тэнгэрийн Эцгийнхээ үгнээс зөрөх санаа агуулж байсан удаагүй (Иох. 4:34; Евр. 7:26). Гэхдээ дэлхийд байхдаа юу амсаж туулсныг нь бодвол Бурханд дуулгавартай байх нь Есүст амархан байгаагүй. Есүсийг дэлгэрүүлэх ажлаа эхлэхэд дайснууд нь, ялангуяа, Сатан үнэнч байхыг нь болиулахын тулд ятгах, дарамт үзүүлэх, бүр мэхлэх гэх зэргээр оролдож байв (Мат. 4:1–11; Лук 20:20–25). Үүнээс болж Есүс бие, сэтгэлээрээ зовж байсан. Эцэст нь, тэд Есүсийг тарчлаах шон дээр үхүүлсэн юм (Мат. 26:37, 38; Лук 22:44; Иох. 19:1, 17, 18). Гэхдээ Есүс туйлын их зовж шаналж байсан ч энэ бүхнийг үл хайхран, «үхэлд ч хүртэл дуулгавартай байсан» (Флп. 2:8).
2, 3. Есүс зовж байхдаа дуулгавартай байснаас нь юу сурч болох вэ?
2 Есүс дэлхийд хүн болж амьдрахдаа урьд нь үзээгүй тийм нөхцөлд Бурханд дуулгавартай байхыг сурчээ (Евр. 5:8). Еховад үйлчлэх тухайд Есүс бүхнийг мэддэг байсан гэлтэй. Тэрбээр тоолж баршгүй олон жил Бурхантай дотно байсан бөгөөд бүтээх ажилд «уран дархнаар» оролцсон билээ (Сур. 8:30, МБОХ, 2000). Гэхдээ хүн болж амьдран сорилтыг итгэлтэйгээр тэвчихдээ үнэнч гэдгээ бүрэн дүүрэн баталсан. Ийнхүү Бурхны Хүү Есүс сүнслэгээр өссөн. Есүсийн жишээнээс бид юу сурч болох вэ?
3 Есүс хэдийгээр төгс хүн байсан боловч өөрийнхөө хүч чадлаар төгс дуулгавартай байж чадна гэж бодоогүй. Харин ч дуулгавартай байхад туслахыг Бурхнаас гуйж залбирдаг байсан (Еврей 5:7-г уншина уу). Бид ч гэсэн дуулгавартай байя гэвэл даруу байн, Бурханд залбирдаг байх учиртай. Тиймээс элч Паул: «Христ Есүст байсан тийм бодолтой бай. ... Тэрбээр .... үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгов» гэж христиануудад зөвлөсөн (Флп. 2:5–8). Ёс бус ертөнцөд амьдарч байгаа хүн ч Бурханд дуулгавартай байж болдгийг Есүс үлгэр жишээгээрээ батлан харуулсан. Есүс төгс хүн байсан нь үнэн. Тэгвэл бидэн шиг төгс бус хүмүүсийн тухайд юу хэлж болох вэ?
Төгс бус гэлээ ч дуулгавартай байж болдог
4. Хүн сонгох эрх чөлөөтэй гэдэг нь бидний хувьд юу гэсэн үг вэ?
4 Бурхан Адам Ева хоёрыг бүтээхдээ оюун ухаан, сонгох эрх чөлөө өгсөн. Тэдний үр удам бид ч гэсэн сонгох эрхтэй. Энэ нь бид сайн муугийн алийг хийхээ өөрсдөө шийдэж чадна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид Бурханд дуулгавартай байх эсэхээ сонгох эрхтэй. Нэгэнт ийм эрх эдэлдэг учир хариуцлага хүлээж, Бурханд тайлагнах ёстой. Тэгээд ч бидний гаргах шийдвэр амь настай маань холбоотойгоос гадна эргэн тойрны маань хүмүүст хамаатай байдаг.
5. Бид бүгдээрээ ямар тэмцэл явуулдаг вэ? Амжилттай тэмцэхийн тулд яах хэрэгтэй вэ?
5 Бид төрөлхийн төгс бус учир Бурханд дуулгавартай байхын тулд өөртэйгөө тэмцэх хэрэгтэй болдог. Бурхны хуулийг дуулгавартай биелүүлэх тэр бүр амар байдаггүй. Элч Паул: «Миний эрхтнүүдэд өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг өөрийн минь эрхтнүүдэд байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна» хэмээн бичсэнийг нь үзвэл бас л өөртэйгөө тэмцэж байжээ (Ром 7:23). Юуг ч золиослох шаардлагагүй, ямар ч зовлон бэрхшээлгүй үед дуулгавартай байх амархан. Гэтэл Бурханд дуулгавартай байх гэсэн хүсэл болон «махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал» хоорондоо зөрчилдвөл яах вэ? Махан бие болон нүдний хүсэл тачаал нь төгс бус байдал хийгээд «ертөнцийн сүнс»-ний нөлөөгөөр бий болдог бөгөөд их хүчтэй (1 Иох. 2:16; 1 Кор. 2:12). Энэ муу хүсэл тачаалд автахгүйн тулд бэрхшээл, хорхой хүргэм зүйлтэй тулгарахаасаа өмнө «зүрхээ зөвт болгох» буюу бэлдэж, юу ч тохиолдсон, Еховад дуулгавартай байна гэж хатуу шийдсэн байх ёстой (Дуу. 78:8). Зүрхээ бэлдсэнийхээ ачаар төгс бус байдалтайгаа амжилттай тэмцсэн олон хүний жишээ Библид байдаг (Езра 7:10; Дан. 1:8).
6, 7. Бие даан судлах нь ухаалаг шийдвэр гаргахад хэрхэн тусалдгийг жишээгээр тайлбарлана уу.
6 Зүрхээ бэлдэх нэг арга бол Библи болон Библид үндэслэсэн хэвлэлийг хичээнгүйлэн судлах явдал юм. Таныг хувийнхаа хуваарийн дагуу бие даан судалж байгаагаар төсөөлье. Та Үгнээс нь сурч мэдсэнээ хэрэгжүүлэхэд туслахыг Еховагаас гуйж дөнгөж сая залбирчээ. Бас таны үзье гэж бодож явсан кино маргааш орой зурагтаар гарах байлаа. Тэр киног шүүмжлэгчид нааштай үнэлсэн тухай та сонсжээ. Гэхдээ уг киноны зарим хэсэгт садар самуун, хүчирхийллийн шинжтэй үйл явдал гардгийг та бас мэдэж байв.
7 Та бие даан судлах явцдаа Ефес 5:3-т байдаг: «Ариун хүмүүст үл нийцэх садар самуун, аливаа бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурсагдаг» гэсэн Паулын зөвлөгөөг эргэцүүлэн бодож байна гэнэ. Бас Филиппой 4:8-д Паулын өгсөн зөвлөгөө таны санаанд оржээ (Уншина уу). Та эдгээр зөвлөгөөг бодож байгаад «Хэрэв би зүрх сэтгэл, ухаан санаагаа иймэрхүү юмны нөлөөнд зориуд автуулбал Бурхны хуулийг чанд сахин, дуулгавартай байсан Есүсийн жишээг дуурайж байна гэж үү?» гэж өөрөөсөө асууна. Тэгээд та яаж шийдэх бол? Нөгөө киног тоох ч үгүй үзэх үү?
8. Еховагийн хэм хэмжээг сахих шийдвэрээсээ өчүүхэн ч атугай няцах ёсгүйн учир юу вэ?
8 Христиан хүн өөрийгөө муу нөхөртэй зүйрлэм хүчирхийлэл, садар самууныг сурталчилдаг кино гэх мэтийн нөлөөнд автчихаар сул дорой хүн биш гэж бодоод, Еховагийн тогтоосон хэм хэмжээг сахих шийдвэрээсээ өчүүхэн ч атугай няцах нь буруу юм. Бид өөрсдийгөө ч, үр хүүхдээ ч Сатаны үзэл бодлын илрэл болдог аливаа бүхнээс хамгаалах ёстой. Жишээ нь, компьютертэй хүн хэрэгтэй мэдээллийг нь устгаж, компьютерийнх нь хэвийн ажиллагааг гэмтээдэг, түүгээр барахгүй, уг компьютерийг эрхшээлдээ оруулаад, бусад компьютерт халддаг вирусээс хамгаалах гэж ихээхэн арга хэмжээ авдаг. Тэгвэл бид өөрсдийгөө Сатаны «заль мэхнээс» хамгаалахын тулд түүнээс ч илүү хүчин чармайлт гаргах ёстой биз дээ? (Ефес 6:11).
9. Еховад өдөр бүр дуулгавартай байна гэж шийдсэн байх ёстойн учир юу вэ?
9 Үйл хэргээ Еховагийн хэм хэмжээнд нийцүүлэх үү, үгүй юү гэдгээ шийдэх шаардлага бидэнд бараг өдөр бүр гардаг. Аврагдъя гэвэл Бурханд дуулгавартай байж, тогтоосон хэм хэмжээнийх нь дагуу амьдрах ёстой. «Үхэлд ч хүртэл дуулгавартай байсан» Есүсийн жишээг дуурайвал итгэлээ жинхэнэ гэдгийг харуулна. Биднийг үнэнч байвал Ехова шагнана. Есүс: «Эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно» гэж хэлсэн (Мат. 24:13). Тэвчихийн тулд Есүсийн адилаар зоригтой байх шаардлагатай (Дуу. 31:24).
Есүс эр зоригийн хамгийн сайн жишээ үзүүлсэн
10. Бидэнд ямар ямар дарамт шахалт тулгарч болох вэ? Яах нь зүйтэй вэ?
10 Бидний эргэн тойронд ертөнцийн үзэл бодлын дагуу биеэ авч явдаг хүмүүс байдаг учир нөлөөнд нь автахгүйн тулд эр зоригтой байх хэрэгтэй. Еховагийн зөв замаас хазайлгах аюултай ёс суртахуун, нийгэм, санхүү болон шашны дарамт шахалт христиануудад тулгардаг. Олон христианыг гэр бүлийнхэн нь эсэргүүцдэг. Зарим оронд боловсролын байгууллагууд удамшил хувьслын онолыг урьдынхаасаа илүү зааж сургадаг болж, шашингүйн үзэл улам бүр газар авч байна. Ийм нөхцөлд гараа хумхиад зүгээр сууж болохгүй. Нөлөөнд автахгүйн тулд арга хэмжээ авч, улмаар өөрсдийгөө хамгаалах ёстой. Яаж гэдгийг Есүсийн жишээнээс мэдэж авцгаая.
11. Есүсийн жишээг эргэцүүлэн бодох нь илүү их зоригтой болоход ямар ач тустай вэ?
11 Есүс шавь нартаа: «Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан» гэж хэлсэн (Иох. 16:33). Тэрбээр ертөнцийн нөлөөнд хэзээ ч автаж байгаагүй. Өөрөөр хэлбэл, ертөнцийн шахалтаар дэлгэрүүлэхээ болиогүй, Еховаг шүтэх болон биеэ авч явах хэм хэмжээгээ хэзээ ч сулруулж байгаагүй. Бид ч бас тэгэх ёсгүй. Есүс Эцэгтээ залбирахдаа шавь нарынхаа талаар: «Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш» гэсэн байдаг (Иох. 17:16). Христийн эр зоригийн жишээг судалж, эргэцүүлэн боддог бол бид ертөнцөөс тусгаар байх эр зоригтой байна.
Эр зоригтой байхыг Есүсээс сурах нь
12–14. Есүсийн чин зоригийг харуулах жишээ хэлнэ үү.
12 Есүс дэлхийд байхдаа хатан зоригтой байсан. Тэрбээр Бурхны Хүүгийн эрх мэдлээр «сүмд орж ирээд худалдаачдыг болон худалдан авагсдыг бүгдийг нь хөөн гаргаж, зоос солигчдын ширээ, тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхисон» нь эр зоригтойнх байсан юм (Мат. 21:12). Дэлхийд өнгөрүүлсэн сүүлчийн шөнө өөрийг нь баривчлахаар ирсэн цэргүүдээс айж хулчийлгүйгээр урагш гарч: «Хэрэв та нар Намайг эрж байгаа юм бол энэ хүмүүсийг явуул» хэмээдэг (Иох. 18:8). Дараахан нь тэрбээр Петрт илдээ хуйнд нь хийхийг хэлсэн нь зэр зэвсэгт бус, Еховад найддаг байсныг нь харуулдаг (Иох. 18:11).
13 Есүс тухайн үеийнхээ хуурамч багш нар болон тэдний буруу сургаалыг аймшиггүйгээр илчилж байсан. Тэрбээр тэдэнд: «Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл, та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. ... Хуулийн чухал нөхцөлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлтэй байдлыг орхигдуулдаг. ... Та нар аяга тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг хэдий ч дотор нь дээрэм, хувийн сонирхол дүүрэн аж» гэж хэлсэн (Мат. 23:13, 23, 25). Есүсийн шавь нар ч бас түүн шиг зоригтой байх хэрэгтэй байсан. Учир нь хуурамч шашны удирдагчид тэднийг хавчиж, бүр заримынх нь амийг хөнөөх ажээ (Мат. 23:34; 24:9).
14 Есүс чөтгөрөөс ч айдаггүй зүрх зоригтой хүн байв. Нэгэн удаа Есүс чөтгөрт эзэмдүүлсэн хүнтэй тааралддаг. Тэр хүн их хүчтэй байсан тул түүнийг гинжээр хүлээд ч нэмэр болдоггүй байж. Гэхдээ Есүс огтхон ч айж сүрдэлгүй, тэр хүнийг эзэмдсэн олон чөтгөрийг зайлуулсан (Марк 5:1–13). Өнөөдөр Бурхан христиануудад тийм гайхамшиг үйлдэх хүч өгдөггүй. Гэхдээ бид дэлгэрүүлэх болон заах ажил хийхдээ «үл итгэгчдийн бодол санааг сохолсон» Сатантай сүнслэг тулалдаан хийх ёстой болдог (2 Кор. 4:4). Бид ч гэсэн Есүстэй адилаар «махан биеийн» бус, «Бурханы хүчит зэвсгүүдийг» хэрэглэн, «цайзууд» буюу хүмүүсийн ухаан санаанд гүн нэвчсэн, шашны буруу сургаалыг «эвдэж нураадаг» (2 Кор. 10:4). Бид сүнслэг зэвсэг хэрэглэнгээ Есүсийн жишээнээс ихийг сурдаг.
15. Есүсийн чин зоригийн үндэс юу байсан бэ?
15 Есүс зоригтой хүний дүр эсгэдэг бус, үнэхээр чин зоригтой хүн байсан бөгөөд тэр зоригийнх нь үндэс суурь нь итгэл байсан. Бид ч бас тийм л байх учиртай (Марк 4:40). Яавал жинхэнэ итгэлтэй болох вэ? Энэ асуудлаар ч Есүсийн жишээнээс суралцах хэрэгтэй. Есүс Судрыг нарийн сайн мэддэг, Сударт бүрэн дүүрэн итгэдэг хүн байсан нь харагддаг. Тэрбээр бодит сэлэм бус, сүнсний сэлэм болох Бурхны Үгийг зэвсгээ болгодог байсан. Сургаал айлдахдаа цаг ямагт Судраас иш татан баталгаажуулж, «гэж бичигдсэн байдаг» хэмээн Бурхны Үгэнд юу гэж байдгийг олонтаа хэлсэн.a
16. Итгэлээ бэхжүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?
16 Христиан хүнд зайлшгүй тулгардаг сорилтыг тэвчихэд туслах тийм итгэлтэй болохын тулд бид Библийг өдөр бүр уншиж, судлахын зэрэгцээ цуглаанд очих ёстой. Ингэвэл итгэлийн үндэс болдог үнэн ой ухаанд хоногшино (Ром 10:17). Бас сурч мэдсэнээ зүрх сэтгэлдээ шингээхийн тулд эргэцүүлэн бодох ёстой. Гагцхүү амьд итгэлтэй хүн л зүрх зоригтой байж чаддаг (Иак. 2:17). Түүнээс гадна, итгэл бол сүнсний үр жимсний нэг хэсэг учир ариун сүнс гуйн залбирч байх ёстой (Гал. 5:22).
17, 18. Нэг Гэрч охин сургууль дээрээ хэрхэн зоригтой байсан бэ?
17 Кити гэдэг Гэрч охин жинхэнэ итгэл эр зориг өгдгийг өөрийн биеэр үзжээ. Тэрбээр «сайн мэдээнээс ичих» учиргүй гэдгээ бүр багаасаа ойлгодог байсан бөгөөд ангийнхаа хүүхдүүдэд дэлгэрүүлэхийг чин сэтгэлээсээ хүсдэг байжээ (Ром 1:16). Тэдэнд сайн мэдээ дэлгэрүүлэх гэж жил бүр мэрийж байсан ч зориг дутмагийн улмаас санасандаа хүртэл дэлгэрүүлж чаддаггүй байж. Кити хэдэн жилийн дараа өөр сургуульд шилжжээ. Тэрбээр өмнө нь алдсан боломжоо одоо л нөхөж авъя гэж шийдсэн байлаа. Кити Христийнх шиг чин зориг, хэрсүү ухаан, бас таатай боломж гуйн залбирчээ.
18 Хичээлийн анхны өдөр багш сурагчдаас өөрсдийгөө танилцуулахыг хүсжээ. Тэгэхэд өөрийгөө танилцуулсан хүүхдүүдийн зарим нь шашин шүтлэгтэй боловч ёс жаягийг нь төдийлөн сахидаггүйгээ хэлжээ. Кити үүнийг залбиралдаа дурдсан тэр таатай боломж мөн гэж боджээ. Ээлж нь болоход тэрбээр: «Би бол Еховагийн Гэрч. Би шашин шүтлэгийн болон ёс суртахууны асуудлаар Библийг удирдлага болгодог» гэж хэлсэн аж. Түүнийг цааш нь ярихад зарим сурагч таашаахгүй байгаагаа илт харуулж байсан бол зарим нь анхааралтай сонсож, дараа нь бүр асуулт асуусан байна. Багш нь Китиг итгэл үнэмшлээ хамгаалахын сайн жишээ үзүүлсэн хэмээн магтжээ. Кити мохошгүй зоригт Есүсээс суралцсандаа ихэд баяртай байгаа аж.
Христ шиг итгэлтэй, зоригтой байгтун
19. а) Бурханд жинхэнэ ёсоор итгэдэг хүн ямар байдаг вэ? б) Яавал Еховаг баярлуулах вэ?
19 Элч нар ч бас итгэлийг эр зоригийнхоо үндэс болгох учиртайг ойлгож байжээ. Тэд: «Итгэлийг маань өсгөөч» гэж Есүсээс гуйсан байдаг (Лук 17:5, 6-г уншина уу). Бурханд жинхэнэ ёсоор итгэдэг хүн Бурхныг байдаг гэдэгт итгэдгээс гадна Бурхантай бат бэх, дотнын харьцаатай байдаг. Өөрөөр хэлбэл, бид сайхан сэтгэлтэй, хайр халамжтай аавдаа итгэдэг хүүхдийн адилаар Еховад итгэдэг. Соломон онгодоор хөтлүүлэн: «Хүү минь, хэрэв зүрх чинь мэргэн байвал Миний зүрх ч гэсэн баяр жаргалтай байх болно. Мөн уруул чинь зөв зүйлсийг ярихад, Би үнэхээр баярлах болно» гэж бичсэн (Сур. 23:15, 16). Биднийг эр зоригтой байж, зөв зарчим баримтлахад Ехова баярладаг. Еховагийн баярладгийг мэдэхлээр бидэнд бүр ч их зориг ордог. Тиймээс, зөвт байдлын төлөө зоригтой зогсон, Есүсийн жишээг ямагт дуурайцгаая!
[Зүүлт]
a Жишээ болгон Матай 4:4, 7, 10; 11:10; 21:13; 26:31; Марк 9:13; 14:27; Лук 24:46, 47; Иохан 6:45; 8:17-г тус тус үзнэ үү.
Тайлбарлана уу
• Төгс бус гэлээ ч дуулгавартай байхад юу туслах вэ?
• Жинхэнэ итгэлийн үндэс юу вэ? Эр зоригтой байхад жинхэнэ итгэл яаж тусалдаг вэ?
• Христ шиг дуулгавартай, зоригтой байвал ямар үр дүнд хүрэх вэ?
[13-р хуудасны зураг]
Та хорхой хүргэм зүйлийг тэвчихийн тулд зүрхээ бэлддэг үү?
[15-р хуудасны зураг]
Бид Есүс шиг, итгэл дээр үндэслэсэн зоригтой байж чадна