«Хүн бүр өөрийн ачааг үүрнэ»
«Хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно» (РОМ 14:12).
1. Гурван еврей залуу ямар асуудалтай тулгарсан бэ?
ВАВИЛОНД амьдарч байсан гурван еврей залуу ямар шийдвэр гаргахаас үхэх сэхэх нь шалтгаалах байлаа. Хөрөг барималд мөргөх үү, болих уу? Мөргөвөл хааны зарлигийг дагах байв. Эс мөргөвөл халуун зууханд хаягдах байлаа. Шадрах Мешах Абед-него гуравт хэн нэгэнтэй зөвлөлдөх цаг ч байсангүй, мөн ингэх хэрэг ч байсангүй. Тэд: «Хаан минь, бид таны бурхдад үйлчлэхгүй, мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдтүгэй» хэмээн эрс шийдэмгий хэлжээ (Даниел 3:1–18). Тэр гурав шийдвэр гаргах үүрэг буюу «ачаагаа» өөрсдөө үүрсэн.
2. Есүс Христийн талаар Пилатын гаргасан шийдвэр чухамдаа хэнийх байсан бэ? Тэглээ гээд, Ромын захирагч хариуцлагаас мултарч чадах уу?
2 Тэр цагаас хойш зургаан зууны дараа Ромын амбан захирагч шүүхийн өмнө нэгэн хүнийг хэрхэн буруутгахыг сонсож байлаа. Тэрбээр хэргийг шалгаад уг хүний гэм буруугүйг тогтоожээ. Гэвч хурсан олон түүнийг цаазлахыг шаардав. Захирагч тэдний шаардлагыг хүлээж авахгүй гэж хэсэг оролдсон ч, хариуцлагаас бултаж, олны шахалтад бууж өгчээ. Тэрбээр гараа угаагаад, «Би энэ Хүний цусанд буруугүй» хэмээн мэдэгдсэн. Дараа нь сайхь эрийг шонд хадахыг зөвшөөрчээ. Понти Пилат Есүс Христийн талаар өөрөө шийдвэр гаргах ёстой атал бусдад ачаагаа үүрүүлсэн. Гэсэн ч, гараа хэчнээн угаалаа гээд, Есүсийг шударга бусаар шийтгэснийхээ хариуцлагаас тэр мултрах аргагүй юм (Матай 27:11–26; Лук 23:13–25).
3. Яагаад өөрийнхөө өмнөөс бусдаар шийдвэр гаргуулж болохгүй вэ?
3 Шийдвэр гаргах болбол та яах вэ? Гурван еврей залуу шиг өөрөө ачаагаа үүрэх үү, аль эсвэл бусдад найдаад орхих уу? Шийдвэр гаргана гэдэг амаргүй. Зөв шийдвэр гаргахад төлөвшсөн байх шаардлагатай. Жишээ нь, бага насны хүүхдийнхээ өмнөөс эцэг эх нь зөв шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Нөхцөл байдал ярвигтай, нягталж үзэх асуудал олон байгаа үед шийдвэр гаргана гэдэг мэдээж хэцүү. Гэхдээ энэ үүрэг бол «сүнслэг» хүмүүс буюу хурлын ахлагчдаар үүрүүлэх тийм хүнд ачаа биш юм (Галат 6:1, 2). Бид өөрсдөө энэ ачааг үүрч, дор бүрнээ Бурханд тайлагнах ёстой (Ром 14:12). Тийм ч учраас Библид: «Хүн бүр өөрийн ачааг үүрнэ» гэж бичсэн байдаг (Галат 6:5). Тэгвэл яаж ухаалаг шийдвэр гаргах вэ? Юуны өмнө, ухаалаг шийдвэр гаргахад тусламж хэрэгтэй байдгийг хүлээн зөвшөөрөөд, ямар тусламж авч болохыг мэдэх нь зүйтэй.
Гол шаардлага
4. Анхны хос хувиа бодсон шийдвэр гаргасан нь бидэнд ямар чухал сургамжтай вэ?
4 Хүний түүхийн эхэнд анхны хос аймшигт үр дагаварт хүргэсэн нэгэн шийдвэр гаргажээ. Тэд сайн, мууг мэдүүлэгч модны жимсийг идэхээр шийдсэн (Эхлэл 2:16, 17). Юунаас болж тийм шийдвэр гаргасан бэ? «Тэр модны жимс идэхэд амттай, харахад тааламжтай, оюун ухааныг нь задалмаар байсныг тэр эмэгтэй үзээд, түүнээс авч иджээ. Тэр бас өөртэйгөө хамт байсан нөхөртөө өгч, тэр ч иджээ» хэмээн Библид өгүүлдэг (Эхлэл 3:6). Ева хувиа бодсондоо ийм шийдвэр гаргажээ. Адам ч бас түүнийг дагасан. Эцэст нь нүгэл, үхэл «бүх хүнд... тархав» (Ром 5:12). Бид Адам Ева хоёрын дуулгаваргүй байдлаас хүний хэр чадлын талаар чухал сургамж авах учиртай. Юу гэвэл, хүн Бурхны удирдлагаар явахгүй бол буруу шийдвэр гаргадаг ажээ.
5. Ехова биднийг яаж удирддаг вэ? Бурхны удирдлагын ач тусыг хүртье гэвэл юу хийх ёстой вэ?
5 Ехова Бурхан бидэнд удирдлага өгдөг нь ямар сайхан бэ! Библи бидэнд: «Ард чинь дуугарах „Энэ бол зам. Үүгээр алхагтун“ гэсэн үгийг та нарын чих сонсоно» гэж хэлдэг (Исаиа 30:21). Ехова өөрийнхөө Үг Библиэр бидэнтэй ярьдаг. Тиймээс бид Библийг судалж, нарийн зөв мэдлэг олж авах ёстой. Зөв шийдвэр гаргахын тулд «төлөвшсөн хүмүүст зориулагддаг бор хоол» идэхээс гадна, «мэдрэмжээ дадлагажуулж, сайн мууг ялгаж сургах» шаардлагатай (Еврей 5:14). Бурхны Үгнээс юу сурснаа ажил хэрэг болговол «мэдрэмжээ сургаж» чадна.
6. Яавал мөс чанар маань үүргээ зөв биелүүлэх вэ?
6 Шийдвэр гаргахад мөс чанар маань чухал үүрэгтэй. Хүн бүхэнд төрөлхөөс заяадаг мөс чанар нь аливааг шүүн тунгаах чадвартай бөгөөд эзнээ «буруутгадаг, эсвэл өмгөөлдөг» (Ром 2:14, 15). Мөс чанараа Библийн нарийн зөв мэдлэгт сургаж, Бурхны Үгийг амьдралдаа хэрэгжүүлэн мэдрэмтгий болговол мөс чанар маань үүргээ зөв биелүүлнэ. Мөс чанараа сургахгүй бол нутгийн ёс заншилд амархан автаж, хүрээлэн буй орчин, хүмүүсийн үзэл бодолд төөрөлдөх аюултай. Хэрэв мөс чанарынхаа юу хэлэхийг дахин дахин үл тоомсорлож, Бурхны хэм хэмжээг зөрчвөл яах вэ? Мөс чанар маань яваандаа «халуун төмрөөр тамгалагдан» сорвижсон юм шиг мэдрэмжгүй болно (1 Тимот 4:2). Харин Бурхны Үгээр сургасан мөс чанар найдвартай удирдлага болдог.
7. Ухаалаг шийдвэр гаргахын тулд, гол нь, яах хэрэгтэй вэ?
7 Тэгэхлээр, ухаалаг шийдвэр гаргахын тулд, хамгийн гол нь, Библийн нарийн зөв мэдлэгтэй болж, мэдлэгээ хэрэгжүүлж чаддаг байх хэрэгтэй. Яаран шийдвэр гаргахын оронд Библийн зарчмыг хайж олох цаг гаргаж, амьдралдаа хэрэгжүүлэх дадлага хийх нь зүйтэй. Хэрэв бид Бурхны Үгийн нарийн зөв мэдлэгтэй, мөс чанараа түүгээр сургадаг бол Шадрах Мешах Абед-него нар шиг яаралтай шийдвэр гаргах болсон ч бэлэн байна. Төлөвшилт уруу тэмүүлбэл шийдвэр гаргах чадвар хөгждөг. Үүнийг ойлгохын тулд амьдралын хоёр хүрээг авч үзье.
Найз нөхдөө хэрхэн сонгох вэ?
8, 9. а) Муу нөхдөөс зайлсхийх хэрэгтэйг ямар ямар зарчим хэлж өгдөг вэ? б) «Муу нөхөр» гэдэгт ёс журамгүй хүмүүсээс өөр юу юу орох вэ? Тайлбарлана уу.
8 «Бүү мэхлэгд. Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг» гэж элч Паул бичжээ (1 Коринт 15:33). Есүс Христ шавь нартаа: «Та нар ертөнцийнх биш» гэж хэлсэн байдаг (Иохан 15:19). Эдгээр зарчмыг мэдвэл садар самуун явдалтнууд, завхайрагчид, хулгайч нар, архичид гэх мэт хүмүүсээс хол байх хэрэгтэйн учрыг амархан ойлгоно (1 Коринт 6:9, 10). Библийн үнэний мэдлэг маань гүнзгийрэхийн хэрээр тийм хүмүүсийг кино, телевиз, компьютерийн дэлгэцээр үзэж, ном зохиолоос уншиж цагийг өнгөрөөх нь тэдэнтэй нөхөрлөснөөс өөрцгүй аюултайг ухаарна. Интернэтийн чаатлах өрөөнд «дүр эсгэгч нартай» харьцах ч бас ялгаагүй (Дуулал 26:4).
9 Тэгвэл ёс журамтай мөртлөө жинхэнэ Бурханд итгэдэггүй хүмүүстэй дотно нөхөрлөх нь ямар вэ? Библи бидэнд: «Бүх ертөнц нь муу нэгний дотор байдаг» гэж хэлдэг (1 Иохан 5:19). Муу нөхөд гэдэг бол заавал ёс бус явдалд хүлцэнгүй ханддаг юм уу ёс суртахууны завхралд автсан хүмүүс байх албагүйг ойлгох хэрэгтэй. Еховад хайртай хүмүүстэй л дотно нөхөрлөх нь ухаалаг хэрэг юм.
10. Ертөнцийнхөнтэй харьцахдаа ухаалаг шийдвэр гаргахад юу туслах вэ?
10 Ертөнцийнхөнтэй огт харьцахгүй байх аргагүй бөгөөд тэгэх ч шаардлагагүй (Иохан 17:15). Дэлгэрүүлэх ажил хийх, сургуульд сурах, ажил хөдөлмөр эрхлэхийн аль алинд ертөнцийн хүмүүстэй харьцах хэрэгтэй болдог. Гэрч биш ханьтай христиануудын тухайд бүр ч илүү байж болох юм. Гэхдээ бид сайн мууг ялгаж сурвал ертөнцийнхөнтэй тодорхой зай барьж харьцах гэдэг нэг хэрэг, харин тэдэнтэй дотно харьцаа тогтоох нь өөр хэрэг гэдгийг ойлгоно (Иаков 4:4). Тийн ойлгосон хүн хичээлээс гадуур зохиогддог спортын тэмцээн уралдаан, бүжиг наадам болон ажлын хамт олны зохион байгуулсан үдэшлэг, зоогт оролцох эсэхээ ухаалгаар шийдэж чадна.
Ажил албаа хэрхэн сонгох вэ?
11. Ажил төрлийн талаар шийдвэр гаргахдаа эхлээд юу авч үзэх хэрэгтэй вэ?
11 Христианууд бид «гэр бүлийнхээ хүмүүсийг тэтгэх» үүрэгтэй. Библийн зарчмыг ухаалгаар хэрэгжүүлбэл энэ үүргээ биелүүлэхдээ ч зөв шийдвэр гаргаж чадна (1 Тимот 5:8). Юуны түрүүнд, тухайн ажил үүргийн хүрээнд юу багтаж байна вэ гэдэг асуудлыг авч үзэх хэрэгтэй. Библид илт буруушаасан үйл ажиллагаа явуулдаг ажил сонгох нь мэдээж буруу. Тиймээс жинхэнэ христианууд садар самуун, хулгай дээрэм, цусыг зүй бусаар хэрэглэх болон Бурхны жигшдэг бусад үйл хэрэгтэй холбоотой байж болзошгүй ажил хийдэггүй. Түүнчлэн, худал хэлж, хууран мэхэл гэж ажил олгогч нь шаардсан ч биелүүлдэггүй (Үйлс 15:29; Илчлэлт 21:8).
12, 13. Ажил төрөлтэй холбоотой шийдвэр гаргахдаа ажлын үүргийг авч үзэхээс гадна өөр ямар ямар хүчин зүйлийг тооцох хэрэгтэй вэ?
12 Хэрэв тухайн ажил Бурхны ямар ч шаардлагыг шууд зөрчихөөргүй байвал яах вэ? Үнэний мэдлэгээр өсөж, сайн мууг ялгах чадвар маань хөгжихийн хэрээр, авч үзэх ёстой бусад хүчин зүйлийг ойлгодог болно. Хэрэв ажлын шаардлагаар мөрийтэй тоглоом тоглох товыг утсаар хүлээн авч, бусдад дамжуулах гэх мэтийн Библийн зарчимд харш үйлдэлд оролцохоор бол яах вэ? Ямар эх үүсвэрээс цалин олгодог вэ? Хаана байрладаг газар вэ гэдгийг ч бас бодолцох хэрэгтэй. Жишээлбэл, хувиараа хөдөлмөр эрхэлдэг христиан хүн сүмийн барилга будаж, цаагуураа хуурамч шашныг дэмжих үү? (2 Коринт 6:14–16).
13 Эсвэл ажил олгогч тань хуурамч шүтлэгийн газрыг будах гэрээ байгуулсан байвал яах вэ? Тодорхой нэг ажлаас чөлөөлөгдөх эрхтэй юү, оролцох зайлшгүй шаардлагатай бол ямар хэмжээгээр оролцох вэ гэх зэргийн асуултыг авч үзэх хэрэгтэй. Шуудан зөөх ажил хэдийгээр Библийн зарчмыг зөрчдөггүй боловч ёс бус үйл ажиллагаа явуулдаг газруудад очих нь ямар вэ? Ийм үед шийдвэр гаргахдаа Матай 5:45-д бичсэн зарчмыг авч үзэх нь зүйтэй болов уу. Гэхдээ тэр ажил мөс чанарт маань яаж нөлөөлж байгааг анхаарахгүй байж боломгүй (Еврей 13:18). Ажил төрөлтэй холбоотой ухаалаг шийдвэр гаргаж, ачаагаа өөрөө үүрэхийн тулд сайн мууг ялгах чадвараа хөгжүүлж, Бурхнаас заяасан мөс чанараа сургах шаардлагатай гэдэг нь тодорхой байна.
«Бүх замаараа Түүнийг анхаар»
14. Шийдвэр гаргахдаа ямар ямар хүчин зүйлийг анхаарах хэрэгтэй вэ?
14 Боловсрол эзэмших, тодорхой эмчилгээ хийлгэх буюу хийлгэхээс татгалзах гэх зэрэг асуудлаар шийдвэр гаргах болбол яах вэ? Ямар ч шийдвэр гаргах боллоо гэсэн тухайн асуудалд хамаатай Библийн зарчмыг олоод, хэрхэн хэрэгжүүлэх талаар оюун ухаандаа сайтар тунгаагаарай. Эртний Израилийн мэргэн ухаант хаан Соломон: «Бүх зүрхээрээ ЭЗЭНд [Еховад] итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Бүх замаараа Түүнийг анхаар. Тэр чиний замыг шулуун болгоно» хэмээн сургасан байдаг (Сургаалт үгс 3:5, 6, ШЕ).
15. Нэгдүгээр зууны христиануудаас юунд суралцаж болох вэ?
15 Гаргах шийдвэр маань ихэнхдээ бусдад ямар нэг байдлаар нөлөөлдөг учраас энэ талаар анхаарах хэрэгтэй. Жишээ нь, нэгдүгээр зууны христиануудын хувьд Мосегийн хуулиар хориглосон хоол хүнсийг цээрлэх шаардлагагүй болчихоод байсан. Тиймээс, Хуулиар хориотой ч, өөр бусад зүйлд хориглоогүй хоолыг хүнсэндээ хэрэглэж болох байв. Гэхдээ элч Паул: «Хэрэв идэх юм миний ах дүүг бүдрүүлэх шалтаг болбол ах дүүгээ бүдрүүлэхгүйн тулд би хэзээ ч дахин мах идэхгүй» хэмээн шүтээний сүмд тахил болгон өргөсөн байж болох махны тухай бичжээ (1 Коринт 8:11–13). Тэрбээр бусдыгаа бүдрүүлэхгүйн тулд мөс чанарыг нь бодолцож байхыг эртний христиануудад уриалсан аж. Ямар нэг шийдвэр гаргалаа гэхэд бусдад «бүдрэх зүйл болох» ёсгүй (1 Коринт 10:29, 32, МАБ).
Бурхны мэргэн ухааныг хайгтун
16. Шийдвэр гаргахад залбирал хэрхэн туслах вэ?
16 Шийдвэр гаргахад залбирал үнэлж баршгүй ач тустай. Шавь Иаков: «Та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурхнаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно» гэж хэлсэн байдаг (Иаков 1:5). Бид Еховад итгэлтэйгээр залбирч, зөв шийдвэр гаргах мэргэн ухаан гуйж болно. Юунд санаа зовж байгаагаа Бурхандаа хэлж, удирдлага зааврыг нь гуйвал авч үзэж байгаа Библийн зүйлүүдээ илүү сайн ойлгож, анзаараагүй өнгөрөөсөн зүйлийг сэргээн санахад ариун сүнс тусалж болох юм.
17. Шийдвэр гаргахад маань бусад хүн яаж тусалж болох вэ?
17 Шийдвэр гаргахад бусад хүн бидэнд тусалж чадах уу? Чадна. Төлөвшсөн христианууд бол Еховагаас ирдэг бас нэг тусламж юм (Ефес 4:11, 12). Хэрэв бид чухал шийдвэр гаргах гэж байгаа бол тэдэнтэй зөвлөлдөх нь зүйтэй. Сүнслэг зүйлийг сайн ойлгодог, амьдралын туршлагатай хүмүүс шийдвэр гаргахад маань тус болох Библийн зарчмуудыг бидэнд хэлж өгч, «илүү чухал юм нь юу болохыг магадлахад» тусална (Филиппой 1:9, 10, ШЕ). Гэсэн ч, өөрийнхөө өмнөөс хүнээр шийдвэр гаргуулж болохгүйг анхаарах ёстой. Шийдвэр гаргах нь бидний үүрэх ёстой ачаа юм.
Үр дүн нь үргэлж сайн байх уу?
18. Зөв шийдвэр эцэстээ юунд хүргэдэг вэ?
18 Библийн зарчмыг удирдлага болгон, мөс чанараараа гаргасан шийдвэр үргэлж сайн үр дүнтэй байх уу? Эцсийн үр дүн нь дандаа сайн байна. Гэхдээ наана нь бэрхшээлтэй тулгарах үе ч гарч болох юм. Хөрөг барималд мөргөхгүй гэсэн шийдвэр нь үхэлд ч хүргэж болзошгүйг Шадрах Мешах Абед-него гурав мэдэж байсан (Даниел 3:16–19). Бас элч нар Иудейн дээд шүүх буюу Зөвлөлд: «Хүнийг дагахаасаа илүү Бурхныг дагах ёстой» гэж хэлээд, ташуурдуулж байж суллагджээ (Үйлс 5:27–29, 40). Түүнээс гадна, ямар ч шийдвэр гаргасан «цаг үе хийгээд санамсаргүй тохиолдлоос» болоод таагүй үр дагавар амсаж болох юм (Номлогчийн үгс 9:11, ШЕ). Гэхдээ зөв шийдвэр гаргасан ч ямар нэг байдлаар зовж байгаа бол зовлонгоо тэвчихэд Ехова тусалж, эцэст нь ивээнэ гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй (2 Коринт 4:7).
19. Шийдвэр гаргах ачаагаа яавал зоригтойгоор үүрэх вэ?
19 Тэгэхлээр, шийдвэр гаргахдаа Библийн зарчмыг мэдэж, сурч мэдсэнээ амьдралдаа яаж хэрэгжүүлэхээ сайтар тунгаадаг байх хэрэгтэй. Ехова ариун сүнсээ болон хурлын маань төлөвшсөн христиануудыг тусламж болгон өгдөгт бид чин сэтгэлээсээ талархдаг! Ингэж удирдлага заавар, тусламж дэмжлэг өгдгийнх нь ачаар, ухаалаг шийдвэр гаргах ачаагаа зоригтойгоор үүрцгээе.
Юу мэдэж авсан бэ?
• Ухаалаг шийдвэр гаргахад гол нь яах хэрэгтэй вэ?
• Христиан хүн төлөвшихийн хэрээр найз нөхрөө хэрхэн сонгодог вэ?
• Ажил төрөлтэй холбоотой шийдвэр гаргахдаа ямар чухал хүчин зүйлүүдийг авч үзэх ёстой вэ?
• Шийдвэр гаргахад хаанаас тусламж авах вэ?