«Цаг нь болсон!»
«Энэ ертөнцөөс салж, Эцэг уруугаа очих цаг нь болсон» (ИОХАН 13:1).
1. Дээгүүр өнгөрөх баяр ойртож, Иерусалимынхны ярианы гол сэдэв юу болж байсан бэ? Яагаад?
МЭ 29 онд баптисм хүртсэнээрээ Есүс үхэл, дахин амилалт болон алдрынх нь «цаг» уруу хөтлөгч замд гарсан. МЭ 33 оны хавар боллоо. Иудейн дээд шүүх Синедрионоос Есүсийг алах шийдвэр гаргаснаас хойш дөнгөж хэдхэн долоо хоног өнгөрөөд байв. Есүс шүүхийн шийдвэрийг мэдмэгц (энэ тухай өөрт нь талтай Синедрионы гишүүн Никодемоос дуулсан байж болох юм) Иерусалимыг орхин, Иордан голын тэртээх хөдөө нутаг уруу явжээ. Дээгүүр өнгөрөх баяр ойртож, хөдөөнөөс олон хүн Иерусалим уруу ирж байсан бөгөөд хотынхны ярианы гол сэдэв нь Есүс болж байлаа. Хүмүүс өөр хоорондоо: «Та нар юу гэж бодож байна? Тэр баяр дээр ирэх болов уу?» хэмээн ярилцаж байлаа. Ахлах тахилчид болон фарисайчууд Есүсийг харсан хэн боловч хаана байгааг нь мэдэгдэх ёстой гэсэн зарлиг буулгасан нь бүр ихээр үймээн тарьж байв (Иохан 11:47–57).
2. Мариагийн ямар үйл маргаан үүсгэсэн бэ? Өгсөн хариултаас нь харахад Есүс «өөрийнх нь цаг» ойртсоныг аль хир ухаарч байна вэ?
2 Дээгүүр өнгөрөх баяраас зургаан өдрийн өмнө, нисан сарын найманд Есүс Иерусалимын ойролцоо хүрэлцэн ирэв. Тэрбээр дотнын анд нөхөд болох Марта, Мариа, Лазар нарын суудаг, Иерусалимаас ойролцоогоор гурван километр зайтай байдаг Бетан тосгонд иржээ. Есүс тэнд баасан гаригийн орой ирсэн бөгөөд бямба гаригийг Бетанд өнгөрүүлэв. Бямба гаригийн орой нь Мариа түүнийг маш үнэтэй анхилуун үнэртэй тосоор тослон үйлчлэхэд шавь нар нь дургүйцэв. Есүс тэдэнд: «Түүнийг орхи. Миний оршуулгын өдөрт зориулж Мариа үүнийг хадгалаг. Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй» гэж хэлэв (Иохан 12:1–8; Матай 26:6–13). Есүс «энэ ертөнцөөс салж, Эцэг уруугаа очих цаг нь болсныг» мэдэж байв (Иохан 13:1). Тэрбээр «Өөрийн амийг олны төлөө золиос болгон өгөхөд» таван өдөр дутуу байлаа (Марк 10:45). Үүнээс хойш Есүсийн хийж, зааж байгаа бүх л зүйлд шаардлагатай бүхнээ амжуулах гэсэн санаа тод илэрч байлаа. Энэ бол эд юмсын тогтолцооны төгсгөлийг тэсэж ядан хүлээж байгаа бидэнд хэрэгтэй сайн жишээ! Маргааш өдөр нь Есүст юу тохиолдсоныг нягтлан үзэцгээе.
Есүс Иерусалимд ялгууснаар орж ирсэн нь
3. а) Есүс нисан сарын 9-ний ням гаригт Иерусалимд ямар байдалтай орж ирсэн бэ? Цугласан хүмүүсийн ихэнх нь үүнийг хэрхэн хүлээн авсан бэ? б) Олон түмний үйлдэлд дургүйцсэн фарисайчуудад Есүс ямар хариу өгсөн бэ?
3 Нисан сарын 9-ний ням гаригт Есүс Иерусалимд ялгууснаар орж ирсэн. Түүнийг Захариа 9:9-ийг биелүүлэн, дудран унасаар хотод дөхөж ирэхэд бүчсэн хүмүүсийн ихэнх нь гадуур хувцсаа тайлан зам дээр дэвсэхэд, зарим хүн дал модны мөчир огтлон дэвсэж байв. Тэд: «Эзний [«Еховагийн», ШЕ] нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ!» хэмээн хашгиралдаж байлаа. Цугласан олны дунд байсан фарисайчууд Есүсээс шавь нараа дугай болгохыг тушаагаач гэж гуйжээ. Хариуд нь Есүс: «Би та нарт хэлье. Хэрэв тэд дуугаа хураавал, чулуунууд хашхирна шүү» гэж хэлэв (Лук 19:38–40; Матай 21:6–9).
4. Есүсийг хотод орж ирэхэд Иерусалим яагаад хөдөлгөөнд орсон бэ?
4 Энд хүрэлцэн ирсэн хүмүүсээс олон хүн хэдхэн долоо хоногийн өмнө Есүс Лазарыг хэрхэн амилуулсныг үзсэн билээ. Тэгээд тэд уг гайхамшгийн талаар бусад хүнд ярьжээ. Тийм учраас Есүсийг Иерусалимд орж ирэхэд хот тэр аяараа хөдөлгөөнд орсон юм. Хүмүүс: «Энэ хэн бэ?» гэж асууж байлаа. Хаа сайгүй л: «Энэ чинь Галилын Назар хотын зөнч Есүс байна шүү дээ» гэх хариу сонсдож байв. Болж буй үйл явдлыг харж байсан фарисайчууд: «Түүний араас бүгд дагалаа» хэмээн гашууджээ (Матай 21:10, 11, МБОХ, 1996; Иохан 12:17–19).
5. Есүсийг сүмд ирэхэд юу болсон бэ?
5 Агуу Багш Есүс Иерусалимд ирээд заншсан ёсоороо сургаал айлдахаар сүмд очив. Тэнд түүн уруу сохор, доголон хүмүүс хүрч ирэхэд тэр тэднийг эдгээжээ. Үүнийг харж, мөн сүмийн дотор хүүхдүүд: «Давидын Хүүд Хосанна» гэж хашгиралдахыг сонссон ахлах тахилчид болон фарисайчууд уур хилэнд автжээ. Шашны удирдагчид: «Та эдний юу хэлж буйг сонсож байна уу?» хэмээн эсэргүүцэл илэрхийлэв. Хариуд нь Есүс: «Тийм ээ, „Нялх, хөхүүл хүүхдүүдийн амнаас магтаалыг Та Өөрийнхөө төлөө бэлдсэн“ гэснийг та нар огт уншаагүй юм уу?» гэж хэлжээ. Есүс сургаалаа үргэлжлүүлэн заахдаа сүмийн дотор юу болж байгааг анхааралтай ажиглан харж байлаа (Матай 21:15, 16; Марк 11:11).
6. Есүсийн байдал яаж өөрчлөгдсөн бэ? Яагаад?
6 Энэ удаад Есүс жил хагасын өмнөхөөсөө огт өөр байдалтай байлаа! Тэгэхэд Есүс Майхан баярт оролцохоор Иерусалимд «ил биш, нууцаар» орж ирсэн билээ (Иохан 7:10). Амь насанд нь аюул тулгарах болгонд Есүс дайсныхаа гараас эсэн мэнд зугтан гарч амждаг байлаа. Харин энэ удаад тэрбээр өөрийг нь баривчлах тушаал тараасан хотод ил тод орж иржээ! Түүнээс гадна энэ нь Есүс өөрийгөө Мессиа хэмээн зарлан тунхагласан хэрэг биш байлаа (Исаиа 42:2; Марк 1:40–44). Тэрбээр өөрийгөө тойруулсан шуугиан дэгдээж, өөрийнхөө талаар ам дамжсан гаж мэдээлэл тараалгахыг хүсээгүй юм. Харин энэ удаад олон түмэн Есүсийг Хаан бөгөөд Аврагч Мессиа хэмээн ил тод зарлан тунхаглаж, шавь нарыг нь дуугүй болгохыг хүссэн шашны удирдагчдын гуйлтаас Есүс өөрөө зоригтойгоор татгалзжээ! Энэ өөрчлөлтийг юугаар тайлбарлаж болох вэ? Дараа өдөр нь Есүсийн зарласан «Хүний Хүүгийн алдарших цаг нь ирсэнээр» тайлбарлаж болно (Иохан 12:23).
Зоригтой үйлдэл ба амь аврах сургаал
7, 8. МЭ 33 оны нисан сарын 10-нд Есүсийн авсан арга хэмжээ МЭ 30 оны Дээгүүр өнгөрөх баяраар сүмд үйлдсэн ажиллагаатай нь юугаараа адилхан бэ?
7 Нисан сарын 10-ны өглөө Есүс сүмд ирээд урд өдөр нь харсан зүйлтэйгээ холбоотой арга хэмжээ авав. Тэрбээр «сүмд ороод, тэнд юм худалдаж байсан болон худалдан авч байсан хүмүүсийг хөөж эхлэн, мөнгө сольдог хүмүүсийн ширээнүүдийг, тагтаа зарж байсан хүмүүсийн сандлуудыг нь хөмрүүлж унагаан... сав суулга зөөж сүмээр дайрч явахыг хэнд ч зөвшөөрсөнгүй». Есүс тэдэнд сурган: «„Миний гэр бол бүх үндэстний залбирлын гэр гэж нэрлэгдэнэ“ гэж бичигдээгүй гэж үү? Гэтэл та нар түүнийг дээрэмчдийн үүр болгожээ» гэж хэлэв (Марк 11:15–17).
8 Есүсийн энэ үйл ажиллагаа нь гурван жилийн тэртээ МЭ 30 оны Дээгүүр өнгөрөх баяраар түүний хийсэн зүйлийг санагдуулж байлаа. Харин энэ удаад тэднийг эрс ширүүн буруутгаж, сүмд худалдаа хийгчдийг «дээрэмчид» хэмээн нэрлэжээ (Лук 19:45, 46; Иохан 2:13–16). Учир нь тэд тахилд өргөх амьтан худалдан авах хүмүүсээс хэтэрхий их үнэ шаардаж байсан юм. Есүсийн юу хийж байгааг ахлах тахилчид, хуулийн багш нар болон олны ахлагч нар сонсоод дахиад л түүнийг алахыг оролдов. Гэвч сургаалд нь алмайран гайхсан олон түмэн цаг үргэлж Есүсийг бүчин хүрээлж байсан учраас алах төлөвлөгөөгөө хэрхэн гүйцэлдүүлэхээ тэд мэдэхгүй байлаа (Марк 11:18; Лук 19:47, 48).
9. Есүс ямар хичээл заасан бэ? Сүмд өөрийг нь сонсож байсан хүмүүсийг юунд уриалсан бэ?
9 Есүс сүмд сургаалаа үргэлжлүүлэн айлдаж: «Хүний Хүүгийн алдарших цаг нь ирлээ» хэмээн тунхаглаж байлаа. Тийм ээ, тэр өөрт нь хүмүүний амьдралын хэдхэн өдөр үлдээд байгааг мэдэж байсан юм. Үрээ өгөхийн тулд улаан буудай үхдэг юм (энэ нь Есүс өөрөө үхээд бусад хүмүүсийг мөнх амьтай болгох хэрэгсэл болохтой адил юм) хэмээн ярин өөрийг нь сонсогчдыг: «Хэрэв Надад үйлчлэх хүн байвал, Намайг дага. Хаана Би байна, тэнд бас Миний зарц байх болно. Хэрэв хүн Надад үйлчилбэл, тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ» хэмээн уриалж байлаа (Иохан 12:23–26).
10. Удахгүй тарчлан үхэх нь Есүст ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
10 Есүс дөрөвхөн өдрийн дараа тарчлан үхэх тухайгаа бодон: «Одоо сэтгэл минь шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? „Аав аа, энэ цагаас Намайг авраач“ гэх үү?» хэмээн үргэлжлүүлэн ярив. Гэвч эдгээр нь Есүст зайлшгүй тохиолдох ёстой зүйл байлаа. Тэрбээр: «Гэвч Би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн» гэж хэлэв. Тийм ээ, Бурхны санаж сэдсэн зүйлийг бүгдийг нь Есүс зөвшөөрсөн билээ. Тэрбээр өөрийгөө тахил болгон өргөх хүртлээ Бурхны хүсэл таалалд захирагдах шийдвэр төгс байлаа (Иохан 12:27). Есүс Бурхны хүсэл таалалд бүрэн төгс захирагдахын ямар гайхамшигтай жишээг бидэнд үлдээгээ вэ!
11. Тэнгэрээс гарах дууг сонсмогцоо Есүс олон түмэнд юу заасан бэ?
11 Үхэл нь Эцгийнх нь нэр хүндийг хөндөх гэж байгаад сэтгэл нь ихээр зовсон Есүс: «Аав аа, нэрээ алдаршуулаач» хэмээн залбирав. Сүмд цугласан олны гайхшийг төрүүлсэн дуу тэнгэрээс сонсдож: «Би нэрээ алдаршуулсан. Дахин алдаршуулна» гэв. Агуу Багш энэ боломжийг хүмүүст энэ дуу ямар учраас тэнгэрээс сонсдов, түүний үхэл юунд хүргэх ёстой юм, ямар учраас тэд итгэх хэрэгтэй юм бэ гэх зэргийг ярихын тулд ашиглав (Иохан 12:28–36). Сүүлийн хоёр өдрийн турш Есүс маш их зүйл хийсэн нь эргэлзээгүй. Гэвч шийдвэрлэх өдөр хараахан болоогүй л байв.
Илчлэх өдөр
12. Нисан сарын 11-ны мягмар гаригт шашны удирдагчид Есүсийг занганд оруулж баривчлах ямар оролдлого хийсэн бэ? Энэ нь юунд хүргэсэн бэ?
12 Нисан сарын 11-ны мягмар гаригт Есүс сургаал айлдахаар сүмд дахин ирэв. Тэнд түүнийг хар санаа өвөрлөсөн сонсогчид хүлээж байлаа. Ахлах тахилчид болон олны ахлагч нар урд өдөр нь Есүсийн үйлдсэн зүйлээс санаа аван, түүнээс: «Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв?» гэж асуув. Агуу Багш өгсөн хариултаараа болон эсэргүүцэгчдийнхээ бүх л хорон санааг илчилсэн, усан үзмийн тариалангийн тухай хоёр, хуримын найрын тухай нэг, бүгд гурван сургаалт зүйрлэлээрээ тэднийг сандаргаж орхив. Сонссон зүйлдээ уур нь шатсан шашны удирдагчид Есүсийг барьж авахыг хүсэж байсан ч түүнийг зөнч гэж үзэж байсан олон түмнээс айж байлаа. Тэд түүнийг хэлсэн үгээр нь мушгин баривчлахын тулд зориуд тийм үг хэлүүлэх зальжин асуулт тавив. Есүсийн хариулт тэдний амыг таглажээ (Матай 21:23–22:46).
13. Хуулийн багш нар болон фарисайчуудын талаар сонсогчдодоо Есүс юу зөвлөсөн бэ?
13 Хуулийн багш нар болон фарисайчууд Бурхны Хуулийг ёс төдий заадаг байсан болохоор Есүс сонсогчдодоо: «Тэдний хэлсэн болгоныг та нар үйлд, сахь. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Учир нь тэд ярьдаг ч, түүнийгээ үйлддэггүй» хэмээн уриалжээ (Матай 23:1–3). Энэ бол олны өмнө тэднийг уудлан илчилсэн хэрэг байв! Гэхдээ Есүс тэдний булхайг бүгдийг нь хэлээгүй юм. Энэ нь сүмд аянга цахилгаан мэт ар араасаа цуварсан шүүмжлэлээ зоригтойгоор хэлсэн үгнүүдийнх нь сүүлчийнх байлаа.
14, 15. Есүс хуулийн багш нар хийгээд фарисайчуудыг хэрхэн илчилсэн бэ?
14 Есүс: «Хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд та нар золгүй еэ!» гэж зургаан удаа хэлсэн. Тэд «хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг» учраас Хаанчлалд орох гэсэн хүмүүст саад болдогт нь Есүс тэднийг хоёр нүүр гаргагчид гэж нэрлэсэн. Хоёр нүүр гаргагч энэ хүмүүс ядаж ганц ч болов хүнийг иудейн шашин уруу эргүүлэхийг хүсэн, далай тэнгис, эх газраар хаа сайгүй явдаг ч үүнд нь татагдсан хүн эцэстээ мөнх устгагдах тавилантай болдог. Тэд «хуулийн чухал нөхцөлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлтэй байдлыг» үл тоомсорлон, аравны нэгийг өгөх асуудалд анхаарлаа их хандуулдаг. Тэд «аяга тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг хэдий ч дотор нь дээрэм, хувийн сонирхол дүүрэн» байдаг, өөрөөр хэлбэл дотоод «үжил» ба ёс суртахууны ялзралаа гадна талдаа сүсэгтэй хүний дүр үзүүлэн халхлахыг оролддог. Түүнээс гадна хуулийн багш нар хийгээд фарисайчууд «зөнчдийн амийг бүрэлгэсэн хүмүүсийн хөвгүүд» (МБОХ, 1996) мөн хэдий ч хүмүүсийн анхаарлыг өөрсдийнхөө хийж байгаа сайн үйлд хандуулахыг чармайж, зөнчдөд бунхан барьж, түүнийг гоёж чимэхэд бэлэн байдаг байсан (Матай 23:13–15, 23–31).
15 Есүс эсэргүүцэгчдээ сүнслэг эрхэм зүйлгүй байна хэмээн зэмлэн: «Сохор газарчид аа, та нар золгүй еэ!» гэж хэлжээ. Тэд сүмийн алтанд шүтлэгийн газрын сүнслэг үнэ цэнээс илүү ач холбогдол өгдөг болохоор ёс суртахууны хувьд сохор юм. Цааш нь Есүс: «Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын [грекээр «гехенна»] шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?» хэмээн шүүмжилж, хамгийн хатуу үгээ хэлсэн. Тийм ээ, Есүсийн хэлснээр бол тэд нүгэлтний замаар явснаасаа болоод мөнхөд устгагдах болно (Матай 23:16–22, 33). Хаанчлалын тухай мэдээг дэлгэрүүлэх явцдаа хуурамч шашныг илчлэх шаардлага гарвал эр зориг гаргацгаая.
16. Есүс Чидун уулан дээр сууж байхдаа шавь нартаа ямар чухал зөгнөл хэлсэн бэ?
16 Есүс сүмийг орхин явав. Орой тийшээ нарны илч сулрахад Есүс элч нарынхаа хамт Чидун уул өөд өгсөв. Есүс уулан дээр гарч суугаад сүм устгагдах тухай зөгнөлийг, мөн тэрчлэн өөрийнхөө «залран байх хийгээд эд юмсын тогтолцооны төгсгөлийн» (ШЕ) шинж тэмдгийн тухай дүрслэн ярьж өгчээ. Эдгээр зөгнөлийн үгс бидний цаг үед хамаарах юм. Тэр өдрийнхөө орой нь Есүс шавь нартаа: «Хоёр хоногийн дараа Дээгүүр Өнгөрөх баяр болохыг та нар мэднэ. Хүний Хүү цовдлуулахаар тушаагдана» гэж хэлжээ (Матай 24:1–14; 26:1, 2).
Есүс «тэднийг эцэст нь хүртэл хайрлав»
17. а) Нисан сарын 14-ний Дээгүүр өнгөрөх баяраар Есүс шавь нартаа ямар сургамж өгсөн бэ? б) Искариотын Иудасыг явуулсны дараа Есүс ямар арга хэмжээ зохион байгуулсан бэ?
17 Дараагийн хоёр өдөр, нисан сарын 12, 13-нд Есүс сүмд олны нүдэнд ил үзэгдсэнгүй. Учир нь шашны удирдагчид өөрийг нь алахыг хичээж байсан болохоор элч нартайгаа Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэхэд нь саад болох вий гэж үзэж байв. Пүрэв гаригийн орой нар жаргаснаар Есүсийн хүн болж дэлхий дээр амьдарсны сүүлчийн өдөр, нисан сарын 14 эхлэв. Тэр өдрийн орой Есүс Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэхээр зэхчихсэн Иерусалимын нэгэн байшинд элч нарынхаа хамт цуглав. Баярын үеэр Есүс арван хоёрынхоо хөлийг угаан, тэдэнд номхон даруу байхын гайхамшигтай үлгэр жишээ үзүүлжээ. Мосегийн хуулиар өгөгдсөн боолын үнэ болох 30 мөнгөн зоосоор эзнээсээ урвахыг зөвшөөрсөн Искариотын Иудасыг явуулсны дараа Есүс өөрийнх нь үхлийг дурсан санах оройн зоог зохион байгуулжээ (Египетээс гарсан нь 21:32; Матай 26:14, 15, 26–29; Иохан 13:2–30).
18. 11 үнэнч элчдээ Есүс өөр юу заасан бэ? Удахгүй явах гэж байгаадаа тэднийг хэрхэн бэлтгэсэн бэ?
18 Оройн зоогийн ажиллагаа эхэлснээс хойш хэн нь илүү вэ гэдэг асуудлаар элч нарын хооронд маргаан үүсчээ. Есүс тэднийг харааж зүхэхийн оронд бие биедээ үйлчлэхийн чухлыг тэвчээртэйгээр тайлбарлав. Сорилтын үед өөртэй нь хамт байсныг нь харгалзан Есүс тэдэнтэй хаанчлалын төлөө хувийн гэрээ байгуулжээ (Лук 22:24–30). Мөн тэрчлэн тэдэнд өөрөө тэднийг хэрхэн хайрлаж байсан шиг бие биеэ тийн хайрлаж байхыг тушаажээ (Иохан 13:34). Тэндээ тухалсан чигтээ Есүс удахгүй тэднээс салж явах тухайгаа сануулан хэлж, сэтгэл санааг нь бэлдэж байлаа. Тэдний анд нөхөр гэдгээ батлан илэрхийлэхийн зэрэгцээ итгэлээ үргэлж бэхжүүлж байхыг уриалаад тэдэнд ариун сүнс туслах болно гэдгийг амласан (Иохан 14:1–17; 15:15). Тэндээс гарч явахаасаа өмнө Есүс Эцэгтээ хандан: «Аав аа, цаг нь ирлээ. Таныг Хүү чинь алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач» гэж гуйв. Тийм ээ, Есүс элч нарыг салж явах гэж байгаадаа бэлтгэсэн бөгөөд «тэднийг эцэст нь хүртэл хайрласан» нь эргэлзээгүй (Иохан 13:1; 17:1).
19. Гетсеманийн цэцэрлэгт Есүсийн сэтгэл яагаад шаналсан бэ?
19 Шөнө дундаас нилээд хойно Есүс үнэнч 11 элчтэйгээ Гетсеманийн цэцэрлэгт хүрч ирсэн байж магадгүй. Тэрбээр элч нартайгаа тийшээ үргэлж очдог байсан билээ (Иохан 18:1, 2). Есүс хэдхэн цагийн дараа жигшүүрт гэмт хэрэгтний адилаар үхэх ёстой байлаа. Уг үхэл нь Эцгийнх нь нэр төрд хэчнээн гутамшигтай хэрэг болохыг ойлгон Есүсийн сэтгэл маш ихээр шаналж байсан бөгөөд үүнээс болоод залбирах үед нь түүний хөлс цусны дусал адил газарт дусалж байв (Лук 22:41–44). Тэгээд Есүс элч нарт: «Цаг ирлээ... ...Намайг бариулах хүн ойртон байна» гэж хэлэв. Түүнийг үгээ хэлж дуусаагүй шахуу байхад Искариотын Иудас бамбар дэнлүү барьж, зэр зэвсэг агссан олон хүн дагуулсаар хүрч ирээд Есүсийг баривчлав. Есүс ч эсэргүүцэл үзүүлэлгүй баригдлаа. Есүс: «Тэгвэл энэ нь болох ёстой гэсэн Судар яаж биелэгдэх билээ?» гэж тайлбарлав (Марк 14:41–43; Матай 26:48–54).
Хүний Хүү алдар хүндэтгэлийг хүлээсэн!
20. а) Баривчлагдсаныхаа дараа Есүс ямар харгис явдалтай учирсан бэ? б) Үхэхийнхээ өмнөхөн Есүс ямар учраас «Энэ нь төгслөө!» хэмээн дуу алдсан бэ?
20 Баривчлагдсаных нь дараа Есүсийг хуурамч гэрч нар буруутгаж, шүүгчид тал тохой татан ял тулгаж, Понти Пилат шийтгэл оноож, лам хуврагууд болон цугласан олон басамжлан шоолж, дараа нь цэргүүд элэглэн дооглож, тамлан зовоожээ (Марк 14:53–65; 15:1, 15; Иохан 19:1–3). Баасан гаригийн үдийн алдад Есүсийг тарчлаах шонд хадсан бөгөөд биеийн жингээрээ доош дарснаас болоод гар хөлийнх нь хадагдсан шарх урагдаж, тэсэхийн аргагүй өвдөж байлаа (Иохан 19:17, 18). Үдээс хойш гурван цагийн орчим Есүс: «Энэ нь төгслөө!» хэмээн дуу алджээ. Тийм ээ, тэрбээр дэлхий дээр хийж гүйцэтгэхээр ирсэн бүх зүйлээ хийж дуусгасан. Есүс сүнсээ Бурханд даатгаад тэргүүнээ гудайлган, амьсгаа хураажээ (Иохан 19:28, 30; Матай 27:45, 46; Лук 23:46). Ехова гурван өдрийн дараа Хүүгээ дахин амилуулсан (Марк 16:1–6). Дахин амилснаасаа хойш дөчин өдрийн дараа Есүс тэнгэрт гарч, алдар хүндэтгэлийг хүлээжээ (Иохан 17:5; Үйлс 1:3, 9–12; Филиппой 2:8–11).
21. Есүсийг бид хэрхэн дуурайж болох вэ?
21 Бид хэрхэн Есүсийн «мөрөөр дагаж» болох вэ? (1 Петр 2:21). Түүний адилаар, Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх болон дагалдагч бэлтгэх ажилд хүчээ үл нөөн, Бурхны үгийг зүрх зоригтойгоор ярьцгаая (Матай 24:14; 28:19, 20; Үйлс 4:29–31; Филиппой 1:14). Ямар цаг үед амьдарч байгаагаа үл умартан, хайр ба сайн үйлсэд бие биеэ тасралтгүй урамшуулан зоригжуулцгаая (Марк 13:28–33; Еврей 10:24, 25). Үйл хэрэг маань Ехова Бурхны хүсэл таалал болон «төгсгөлийн цаг үед» амьдарч байгаагаа ухамсарлан ойлгосноор тодорхойлогдох болтугай (Даниел 12:4, ШЕ).
Та яаж хариулахсан бол?
• Үхлээ ойртсоныг мэдсэн нь Иерусалимын сүмд төгсгөлийн үйлчлэлээ явуулахад Есүст хэрхэн нөлөөлсөн бэ?
• Есүс элч нарыг «эцэст нь хүртэл хайрласан» нь юунаас харагддаг вэ?
• Амьдралынх нь сүүлчийн хэдхэн хоромд болж өнгөрсөн үйл явдал Есүсийн тухай юу хэлдэг вэ?
• Үйлчлэх ажилдаа Есүсийг хэрхэн дуурайж болох вэ?